Skip to content

Гарчиг руу орох

Еховад тааламжтай магтаалын тахилууд

Еховад тааламжтай магтаалын тахилууд

Еховад тааламжтай магтаалын тахилууд

«Өөрсдийн биеийг Бурханд тааламжит амьд, ариун тахил болгон өргөгтүн» (РОМ 12:1)

1. Мосегийн хуулиар өргөхийг шаарддаг байсан тахилуудын харьцангуй үнэ цэнийн талаар Библи юу хэлдэг вэ?

 «ХУУЛЬД ирэх сайн юмсын жинхэнэ дүр нь бус, харин сүүдэр нь байдаг тул Хууль жил бүр байнга өргөдөг өнөөх л тахилуудаар, ойртон ирэгчдийг хэзээ ч төгс болгож чадахгүй» (Еврей 10:1). Тийнхүү, «Хууль» буюу Мосегийн хуулиар өргөхийг шаарддаг байсан тахилууд нь хүмүүсийн аврагдахад нөлөө бүхий урт хугацаагаар үргэлжлэх үнэ цэнгүй юм гэдгийг элч Паул батлан илэрхийлсэн (Колоссай 2:16, 17).

2. Мосегийн хуулинд буй өргөл, тахилын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй сайн ойлгох гэсэн хичээл зүтгэл яагаад дэмий хоосон зүйл болдоггүй вэ?

2 Энэ нь «Таван номд» («Эхлэл», «Египетээс гарсан нь», «Левит», «Тооллого», «Дэд хууль») байдаг өргөл, тахилын талаарх мэдээлэл орчин үеийн христиануудын хувьд ямар ч үнэ цэнгүй гэсэн үг үү? Еховагийн Гэрчүүдийн хурлуудын Теократ үйлчлэлийн сургуульд бүртгүүлсэн хүмүүс саяхан дэлхий даяар Библийн эхний таван номыг бүтэн жилийн турш уншиж судалсан билээ. Эдгээр номыг бүгдийг дэлгэрэнгүй сайн ойлгоход зарим хүнд амаргүй байсан байх. Тэгвэл тэдний хичээл зүтгэл дэмий хоосон өнгөрсөн юм биш үү? «Эрт үед бичигдсэн аливаа зүйлс нь биднийг сургахын тулд бичигдсэн юм. Ингэснээр Судруудын тэвчээр болон урамшуулалтаар [«тайвшралаар», ШЕ] дамжуулан бидэнд найдвар байх» учраас дэмий хоосон өнгөрөөгүй гэдэг нь эргэлзээгүй (Ром 15:4). Өргөл ба тахилуудын талаар Мосегийн хуулинд бичигдсэн зүйлээс ямар «сургамж» ба «тайвшралыг» авч болох вэ? гэсэн асуулт гарч ирдэг.

Бидний авах сургамж ба тайвшрал

3. Бидний амин чухал шаардлага юу вэ?

3 Хэдийгээр бид Хуульд заасан тахилуудыг тэр ёсоор нь өргөх шаардлагагүй ч гэсэн нүглээ уучлуулах хийгээд Бурхны ивээлийг хүртэх, өөрөөр хэлбэл израильчуудын өргөж байсан өргөлүүдээс ямар нэгэн хэмжээгээр өргөх шаардлагатай болдог. Нэгэнт бид тахилыг бодит байдлаар өргөх шаардлагагүй болсон болохоор нүглээ хэрхэн уучлуулж, Бурхны ивээлийг хэрхэн хүртэх билээ? Амьтдаар өргөх өргөлийн ач холбогдол хязгаарлагдмал болохыг заан Паул: «Тэр [Христ] ертөнцөд ирэхдээ „Та өргөл ба тахилыг хүсээгүй. Харин Та Надад бие бэлдсэн. Нүглийн төлөөх бүх шатаалт тахил ба өргөлийг Та таалаагүй. Тэгээд Би: „Үзэгтүн. Бурхан минь, Таны хүслийг үйлдэхээр Би ирлээ. Миний тухай хуйлмал номд бичигдсэн гэж хэлсэн“» гэж хэлжээ (Еврей 10:5–7).

4. Дуулал 40:6–8-г Паул Есүс Христийн тухайд хэрхэн хэрэглэсэн бэ?

4 Паул Дуулал 40:6–8-аас иш татан, Есүс «тахил болон идээн өргөлийг», «шатаалт тахил болон нүглийн төлөөх тахилыг» мөнхжүүлэхийн тулд ирээгүй гэдгийг тодорхойлж хэлсэн. Паулыг еврейчүүдэд захидал бичиж байх тэр үед тэр бүх өргөл, тахилууд Бурханд таалагдахаа больчихсон байсан юм. Есүс тэнгэрийн Эцгийнхээ бүтээж өгсөн биетэй ирсэн бөгөөд энэ нь Адамыг бүтээхдээ Бурхны түүнд бэлдэж өгсөн биетэй бүх талаараа адилхан байв (Эхлэл 2:7; Лук 1:35; 1 Коринт 15:22, 45). Бурхны төгс Хүү болохын хувьд Есүс Эхлэл 3:15-д (ШЕ) зөгнөсөн эмэгтэйн «үрийн» үүрэг гүйцэтгэсэн. Хэдийгээр Есүс өөрөө «өсгийгөө няцлуулах» ёстой байсан ч гэсэн Сатаны «толгойг няцлах» арга хэмжээ авах учиртай байлаа. Тийнхүү Есүс Абелын үеэс эхлээд итгэгч хүмүүсийн хүлээж байсан бөгөөд хүн төрөлхтнийг аврахад Еховагийн олгосон тэрхүү хэрэгсэл болсон билээ.

5, 6. Христиануудын хувьд Бурханд ойртох ямар илүү сайн арга байдаг вэ?

5 Есүсийн энэхүү онцгой үүргийн талаар Паул: «Тэр [Бурхан] нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө нүгэл болгосон юм. Тэгснээр бид Түүний дотор Бурхны хүртээх зөв байдал болох юм» гэж бичжээ (2 Коринт 5:21). Илч Иохан: «Тэр Өөрөө бидний нүглийн төлөөх эвлэрүүлэл [«эвлэрүүлэх тахил», ШЕ] бөгөөд зөвхөн бидний нүглийн төлөө бус, бас бүх ертөнцийн нүглийн төлөө билээ» гэж хэлсэн (1 Иохан 2:2). Өөрөөр хэлбэл израильчуудын хувьд тахил нь Бурханд ойртох түр зуурын хэрэгсэл болж байсан бол христиануудын хувьд түүнд хүрч очих илүү сайн үндэс болох Есүс Христийн тахил байсан юм (Иохан 14:6; 1 Петр 3:18). Хэрэв бид Бурхны олгосон золих тахилд итгэж, түүнд захирагдах юм бол нүглээ уучлуулж болохын зэрэгцээ Бурхны ивээл хишгийг хүртэх боломжтой болно (Иохан 3:17, 18). Ийм юм биднийг тайвшруулахгүй гэж үү? Гэвч золих тахилд итгэх итгэл маань чухам юугаар илрэх ёстой вэ?

6 Паул «Еврей» номынхоо 10-р бүлгийн 22–25-р зүйлд христиануудын тухайд Бурханд ойртоход илүү сайн үндэс байдаг ба Бурхны энэхүү бэлгэнд итгэх итгэл болон талархлаа илэрхийлэх гурван арга байдгийг заан тэмдэглэсэн. Хэдийгээр Паул эдгээр үгээ «ариун газарт» орох хүмүүст, өөрөөр хэлбэл тэнгэрийн дуудлагатай тослогдсон христиануудад хандан хэлсэн ч Христийн «эвлэрүүлэх тахилаас» ач тусыг хүртэх хүсэлтэй бүх хүн сүнсээр хөтлөгдөн бичсэн Паулын үгст анхаарлаа хандуулах хэрэгтэй (Еврей 10:19).

Бузартаагүй бөгөөд цэвэр тахил өрөгтүн

7. а) Тахил өргөх үед юу хийдэг байсныг Еврей 10:22-т хэрхэн тусгасан бэ? б) Тахилыг Бурханд тааламжтай болгохын тулд юу юу хийх шардлагатай байсан бэ?

7 Паул юуны түрүүнд христиануудад: «Бузар мөс чанараас цэвэрлэгдэхийн тулд өөрсдийн зүрхэндээ цацуулж, биеэ ариун усаар угаалган, үнэн зүрхээрээ ойртон очицгооё» хэмээн уриалсан (Еврей 10:22). Энд тахил өргөх үйл ажилагаа нь гол төлөв Мосегийн хуулинд бичсэн ёсоор болж байсныг хэлсэн нь эргэлзээгүй. Тахилыг зохих ёсоор нь байлгахын тулд түүнийг цэвэр бөгөөд бузартаагүй зүйлээр, цэвэр сэтгэлийнхээ үүднээс өргөхийг шаарддаг байсан болохоор энэ нь зүйн хэрэг юм. Тахилын амьтдыг «цэвэр амьтад» болох «согоггүй» бог, бод малаас сонгодог байлаа. Хэрэв шувуугаар тахил өргөх болбол тэр нь хүүрзгэнэ буюу залуу тагтаа байх ёстой байв. Энэ бүх нөхцөлийг сахин мөрдсөнөөр тахил өргөгч «хүлээн авагдаж, эвлэрлийг» олно (Левит 1:2–4, 10, 14; 22:19–25). «Идээн өргөлд» завхрал гажуудлын бэлэгдэл болсон хөрөнгө байхгүй байх ёстой байв. Мөн исгэх үйлчилгээтэй «зөгийн бал» буюу жимсний сироп агуулах ёсгүй байв. Амьтдын болон идээн тахилыг тахилын ширээн дээр өргөх үедээ түүндээ муудуулахгүй бодис болох давс нэмдэг байлаа (Левит 2:11–13).

8. а) Тахил өргөхөөр ирж байгаа хүнээс юу шаарддаг байсан бэ? б) Шүтлэг маань Еховад таалагддаг байхын тулд бид юу хийх хэрэгтэй вэ?

8 Тахил өргөхөөр ирж байгаа хүний тухайд юу гэж байдаг вэ? Ехова уруу ирж байгаа хэн боловч цэвэр бөгөөд бузартаагүй байх ёстой гэж Хуульд бичигдсэн байдаг. Ямар нэгэн шалтгаанаар бузартсан хэн ч байлаа гэсэн Бурхны өмнө дахин цэвэр болохын тулд эхлээд «нүглийн болон гэмийн төлөөх тахилыг» өргөх хэрэгтэй болдог. Тэгсэн цагт түүний «шатаах тахил» юм уу «эвийн тахилыг» Бурхан хүлээн авах боломжтой болно (Левит 5:1–6, 15, 17). Иймд Еховагийн өмнө цаг ямагт цэвэр байх нь хичнээн чухал болохыг ойлгоход түвэггүй биз дээ? Хэрэв бид шүтлэгийг маань Бурхан хүлээж аваасай гэж хүсэж байгаа бол хуулийг нь зөрчсөн алив тохиолдолд түүнийг аль болох хурдан хугацаанд засаж залруулах ёстой. Тийм тохиолдолд «хурлын ахлагчийн» болон «бидний нүглийн төлөөх эвлэрүүлэх тахил» буюу Есүс Христийн хэлбэрээр Бурхны олгосон тусламж уруу яаралтай очих хэрэгтэй (Иаков 5:14, ШЕ; 1 Иохан 2:1, 2, ШЕ).

9. Еховад болон хуурамч бурханд өргөдөг тахилуудын нэг гол онцлог юу вэ?

9 Еховад өргөдөг тахилууд цэвэр байдгийн ач холбогдол нь гэвэл Израилийн эргэн тойронд амьдарч байсан үндэстнүүдийн хуурамч бурхдад өргөдөг тахилуудаас Еховад өргөдөг тахилыг ялгаатай болгож байсанд оршино. Мосегийн хуулиар өгөгдсөн тахилуудын ялгагдах онцлогийн талаар нэгэн лавлах бичигт: «Ид шид буюу мэргэ төлөгтэй ямар ч холбоогүйг, шашны ямар ч догшин зэрлэг явдал болон өөрийгөө зэрэмдэглэх буюу шашин шүтлэгийн янханчлал байхгүйг; харин сэтгэлийн хөөрөлд автан, дур зоргоороо авирлах зан үйлийг хатуу хориглодгийг; хүнээр тахил өргөх юм уу бүрлээчид зориулж тахил өргөх явдал огт байхгүйг бид мэдэж болно» гэж тэмдэглэжээ. Энэ бүхнээс үзэхэд Ехова бол ариун Бурхан бөгөөд нүгэл ба бузар явдлыг ямар ч байдлаар өөгшүүлдэггүй гэдэг нь харагдаж байна (Хабаккук 1:13). Түүнд зориулж байгаа шүтлэг, өргөж байгаа өргөлүүд нь бие махбод, ёс суртахуун болон сүнслэг талаараа бузартаагүй, цэвэр байх ёстой (Левит 19:2; 1 Петр 1:14–16).

10. Ром 12:1, 2-р зүйлд Паулын бичсэнээр бид ямар зүйл дээр өөртөө онцгой хяналт тавих хэрэгтэй вэ?

10 Иймээс бид үйлчлэлээ Еховагийн таалалд нийцүүлэхийн тулд амьдралынхаа бүх л хүрээнд өөрсдөдөө хяналт тавьж байх шаардлагатай. Цуглаануудад болон дэлгэрүүлэх ажилд ямар нэгэн хэмжээгээр оролцож л байгаа бол түүнээс гадуурх хувийнхаа амьдралд яаж ч байсан хамаагүй гэж бодож ер болохгүй. Түүнээс гадна христианы үйл ажиллагаанд оролцох нь Бурхны хуулийг амьдралынхаа бусад хүрээнд мөрдөхгүй байх эрх олгож байгаа мэтээр үзэж болохгүй (Ром 2:21, 22). Хэрэв бид бодол санаа, үйл хэргээ Бурхны нүдэнд цэвэр бус болгохыг ямар нэгэн цэвэр бус, бузарлагдсан юманд зөвшөөрөх аваас түүнээс ивээл хишиг хүртэх гэсэн горьдлого маань талаар болно. «Ах дүү нар аа, өөрсдийн биеийг Бурханд тааламжит амьд, ариун тахил болгон өргөхийг Бурхны өршөөлөөр та нараас хичээнгүйлэн гуйя. Энэ нь та нарын сүнслэг мөргөл [«ариун үйлчлэл», ШЕ] нь мөн. Энэ үеийн [«эд юмсын тогтолцооны», ШЕ] явдалд бүү нийцэгтүн. Харин Бурхны хүсэл юу болохыг, тухайлбал сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батлахын тул оюун ухаанаа шинэчлэн өөрчлөгдөгтүн» гэж хэлсэн Паулын үгийг санаж яваарай (Ром 12:1, 2).

«Магтаалын тахилыг» сэтгэл зүрхнийхээ угаас өргөгтүн

11. Еврей 10:23-т байгаа «бүх нийтэд тунхаглах» гэдэгт ямар ойлголт багтдаг вэ?

11 Еврейчүүдэд илгээсэн захидалдаа Паул бидний шүтлэг мөргөлийн бас нэгэн чухал талыг онцолж: «Найдварынхаа талаар бүх нийтэд тунхаглах ажлаа гуйвж дайвахгүйгээр хийхийн тулд хатуу байцгаая. Учир нь амлагч итгэмжит билээ» хэмээн бичсэн (Еврей 10:23, ШЕ). «Бүх нийтэд тунхаглах» гэсэн энэхүү үг хэллэг нь үгчилбэл «нүглээ наманчлах» гэсэн утгатай юм. Түүнээс гадна Паул «магтаалын тахилын» тухай хэлсэн (Еврей 13:15). Энэ нь Абел, Ноа, Абрахам гэх мэтийн хүмүүсийн өргөж байсан тахилуудыг санагдуулдаг.

12, 13. «Шатаах тахил» өргөснөөрөө израиль хүн юуг хүлээн зөвшөөрдөг байсан бэ? Тийм сэтгэлгээг бид хэрхэн тусгаж болох вэ?

12 Израиль хүн «шатаах тахил» өргөхдөө «Еховагийн өмнө өөрийнхөө хүслээр» хийдэг байжээ (Левит 1:3, ШЕ). Тийн өргөхдөө Ехова бол өөрийн ард түмнийг элбэг дэлбэг ивээж, чин үнэнчээр хайрладаг гэдгийг хүлээн зөвшөөрөх буюу бүх нийтэд тунхагладаг байлаа. Тахилын ширээн дээр тахилын амьтныг бүгдийг нь шатаадаг байсан «шатаах тахилын» ялгарах шинжийг эргэн саная. Энэ бол Бурханд өөрийгөө бүр мөсөн зориулсан хийгээд чин үнэнч байхын бэлэгдэлд тохирох юм. Үүний дагуу бид Еховад «уруулын жимс буюу магтаалын тахилыг» сэтгэл зүрхнийхээ угаас, баяр хөөртэйгөөр өргөн, Христийн золих тахилд итгэж байгаагаа болон энэхүү бэлэгт талархаж байгаагаа илэрхийлдэг билээ.

13 Христианууд амьтдын болон идээн тахилыг бодитойгоор өргөдөггүй ч гэлээ Хаанчлалын тухай сайн мэдээг дэлгэрүүлж, Есүс Христийн шавь нарыг бэлдэх үүргийг хүлээсэн байдаг юм (Матай 24:14; 28:19, 20). Дуулгавартай хүмүүст зориулан Бурхны бэлдсэн тэр гайхамшигтай зүйлийн талаар бүр олон хүнд мэдүүлэхийн тулд Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг бүх нийтэд зарлан тунхаглах ажилд оролцох боломжийг та алддаггүй биз дээ? Сонирхогч хүмүүст заах болон тэднийг Есүс Христийн шавь болоход шаардлагатай тусламж үзүүлэхдээ та цаг зав, хүч авьяасаа дуртайяа зориулдаг уу? Үйлчлэлд хичээл зүтгэлтэйгээр оролцдог маань шатаах тахилын анхилам үнэр шиг Бурханд маш тааламжтай байдаг ажээ (1 Коринт 15:58).

Бурхантай болон хүмүүстэй харьцан жаргагтун

14. Паул Еврей 10:24, 25-д «эвийн тахилыг» юутай холбож хэлсэн бэ?

14 Төгсгөлд нь Паул Бурхныг шүтэгч бид бүхний анхаарлыг итгэл нэгтнүүдтэйгээ ямар харьцаатай байх вэ гэдэгт хандуулсан билээ. Тэрбээр: «Хайр болон сайн үйлсэд бие биеэ хэрхэн хөхүүлэн урамшуулахыг бодоцгооё. Ингэхдээ зарим хүмүүсийн зуршил шиг хамтран цуглахаа умарталгүй, харин тэр өдрийг ойртох тусам нэг нэгнээ зоригжуулъя» гэж хэлсэн (Еврей 10:24, 25). «Хайр ба сайн үйлсэд... хөхүүлэн урамшуулах», «цуглах», «нэг нэгнээ зоригжуулах» зэрэг үг хэллэг нь израильчууд «эвийн тахилыг» Бурхны ард түмэнд зориулан өргөдөг байсныг санагдуулдаг.

15. «Эвийн тахил» ба цуглаануудын хооронд ямар холбоо байдаг вэ?

15 «Эвийн тахил» гэсэн энэ хэллэгт байгаа «эв» гэдэг еврей үг нь олон тоон дээр байдаг бөгөөд энэ нь тийм тахилд оролцох нь Бурхан болон итгэл нэгтнүүдийн аль алинтай нь эв найрамдалтай болгодог гэсэн үг байж болох юм. «Эвийн тахилтай» холбогдуулан нэгэн эрдэмтэн: «Энэ нь үнэндээ Гэрээний Бурхантай харьцах жаргалтай цаг байдаг байв. Тэрбээр тахилын зоог дээр Зочин нь болж, Израильд өршөөл үзүүлэх үедээ израильчуудын хувьд ямагт Эзэн нь хэвээрээ байдаг байв» гэж тэмдэглэжээ. Энэ үг Есүсийн: «Хоёр буюу гурван хүн Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна» гэж хэлсэн амлалтыг санагдуулдаг (Матай 18:20). Цуглаан болгон дээрээ бид ах дүүстэйгээ элэгсэг дотно харьцаж, бусдаасаа их зүйл сурч мэдэхийн зэрэгцээ тэнд Эзэн Есүс Христ маань бидэнтэй хамт байгаа шүү дээ гэх бодол сэтгэлийг маань дулаацуулдаг. Энэ бүхний ачаар цуглаан асар их баяр хөөр авчирч, итгэлийг бэхжүүлдэг.

16. Хэрэв «эвийн тахилтай» харьцуулах юм бол цуглааныг чухам юу баяр хөөртэй болгодог вэ?

16 Еховад «эвийн тахил» өргөхдөө бүх өөх, тэр дундаа дотор өөх, хоёр бөөр, элгийг хучсан сэмж болон ууцны өөхийг, мөн тэрчлэн хонины сүүл зэргийг бүгдийг тахилын ширээн дээр тавин шатаан уугиулдаг байлаа (Левит 3:3–16). Өөхийг амьтны хамгийн сайн бөгөөд тэжээлтэй хэсэг гэж үздэг байв. Тийм учраас өөх өргөх нь Еховад хамгийн сайныгаа өргөж байна гэсэн үг байсан юм. Цуглаануудаас хичээл сургамж авдаг төдийгүй, тэнд Еховаг магтан алдаршуулдаг маань уг цуглаануудыг онцгой баяр хөөртэй болгодог. Энэ нь бидний даруухан ч гэсэн дуугаа чин сэтгэлээсээ дуулж, цуглааны арга хэмжээг анхааралтай сонсож, боломж олдвол асуултанд хариу тайлбар өгөх байдлаар илэрдэг. «Эзнийг [«Еховаг», ШЕ] магтагтун! Эзэнд [«Еховад», ШЕ] шинэ дууг, бурханлаг хүмүүсийн чуулганд [«хуралд», ШЕ] Түүний магтаалыг дуулагтун» хэмээн дуулалч нэгэнтээ дуу алджээ (Дуулал 149:1).

Биднийг Еховагийн элбэг баян ивээл хишиг хүлээж байна

17, 18. а) Иерусалимын Дуганы нээлтийн ёслолын үеэр Соломон ямар агуу их өргөл өргөсөн бэ? б) Дуганы нээлтийн ёслолын ажиллагаа нь ард түмэнд ямар ивээл хишиг авчирсан бэ?

17 МЭӨ 1026 оны долдугаар сард Иерусалимын Дуганыг нээх ёслолын ажиллагааны үеэр Соломон хаан «шатаах тахил, идээн өргөл ба эвийн тахилын өөх» өргөн, «Еховагийн өмнө агуу их өргөл өргөв». «Идээн өргөлийн» зэрэгцээ нийтдээ 22 мянган бод, 120 мянган бог өргөжээ (Хаадын дээд 8:62–65, ШЕ).

18 Тэр ёслолын ажиллагаанд хичнээн их зардал, хичнээн их хөдөлмөр зарцуулсныг төсөөлж байна уу, та? Тэглээ ч гэсэн Израилийн хүртсэн ивээл хишиг зарлагаас нь хол давжээ. Ёслолын ажиллагаа дуусмагц Соломон «ард түмнийг буцаан явуулахад, тэд хааныг ерөөв. Эзэн [«Ехова», ШЕ] Өөрийн боол Давид болон Өөрийн ард түмэн Израильд үзүүлсэн бүхий л сайн сайханд баярласан сэтгэлтэй, жаргалтайгаар хүмүүс тус тусын майхнууд уруу харьцгаалаа» (Хаадын дээд 8:66). «Эзний ерөөл [«Еховагийн ивээл хишиг», ШЕ] баян болгодог бөгөөд Тэр харууслыг эс авчирна» гэж Соломон үнэн хэлсэн ажээ (Сургаалт үгс 10:22).

19. Бид Еховагаас одоо ба ирээдүйд агуу их ивээл хишиг хүртэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

19 Бид «ирэх сайн юмсын... сүүдэр нь» тэдгээрийн «жинхэнэ дүр нь» болон хувирсан үед амьдарч байгаа билээ (Еврей 10:1). Есүс Христ, үлгэр загвараар дүрсэлж байсан агуу Тэргүүн тахилч болон, аль хэдийн тэнгэрт өөрт нь орсон бөгөөд тахилд нь итгэсэн бүх хүнийг зольж авахын тулд өөрийнхөө цусны үнэ цэнийг өргөн барьжээ (Еврей 9:10, 11, 24–26). Энэхүү агуу тахилын үндсэн дээр, мөн тэрчлэн Бурханд цэвэр бөгөөд бузарлагдаагүй магтаалын тахил өргөж байгаа нөхцөлд бид Еховагаас элбэг баян ивээл хишиг горьдон, «зүрх сэтгэлээрээ баясан цэнгэж», урагшаа алхах болно (Малахи 3:10).

Та хэрхэн хариулахсан бол?

• Тахил ба өргөлтэй холбоотой Мосегийн хуулийн мэдээллүүд бидэнд ямар хичээл сургамж, тайвшралыг өгч болох вэ?

• Тахил зүй ёсоороо байхын тулд юуны түрүүнд ямар шаардлага хангасан байхыг шаарддаг вэ? Энэ нь бидний хувьд ямар ач холбогдолтой вэ?

• Сайн дурын «шатаах тахилтай» зүйрлэм юуг бид өргөж болох вэ?

• Цуглаанууд ямар байдлаараа «эвийн тахил» өргөхтэй төстэй вэ?

[Догол мөрийн асуулт]