Бидний үнэт өв. Таны хувьд энэ нь юу гэсэн үг вэ?
Бидний үнэт өв. Таны хувьд энэ нь юу гэсэн үг вэ?
«Миний Эцгээр ерөөгдөгсөд өө, та нар нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай» (МАТАЙ 25:34).
1. Хүн төрөлхтөн юу өвөлж авсан бэ?
ХҮН БҮР өвлөсөн ямар нэг юмтай байдаг. Зарим нэг нь баян чинээлэг амьдрал өвлөсөн байхад нөгөө зарим нь ядуу зүдүү байх жишээтэй. Амсаж өнгөрүүлсэн буюу дуулж сонссон зүйлээсээ болоод нэгэн үеийнхэн дараагийн үеийнхэндээ аль нэгэн угсаатны бүлгийг үзэн ядах үзэл дамжуулах тохиолдол байдаг. Гэвч бид бүгдийг ямар нэгэн ерөнхий зүйл нэгтгэдэг. Анхны хүн Адамаас бид бүгдээрээ нүглийг өвлөн авсан. Энэ өв эцэстээ үхэлд хүргэдэг (Номлогчийн үгс 9:2, 10; Ром 5:12).
2, 3. Адам Ева хоёрын үр удам Еховагаас ямар өв хүлээн авах боломжтой байсан бэ? Түүнийг тэд ямар учраас өвлөн авч чадаагүй вэ?
2 Тэнгэрийн хайртай Эцгийн хувьд Ехова хүмүүст бүр эхнээсээ огт өөр өвийг санал болгосон билээ. Энэ бол Диваажинд мөнх амьдрах төгс амь байлаа. Бидний өвөг дээдэс Адам Ева хоёрт нүгэлгүй төгс эхлэл өгчээ. Ехова Бурхан хүн төрөлхтөнд газар дэлхийг бэлэглэсэн (Дуулал 115:16). Дэлхий бүхэлдээ ямар болохын үлгэр загвар болгож Бурхан Еден цэцэрлэгийг бэлдэж өгсөн. Түүний зэрэгцээ Ехова өвөг дээдэст маань гайхалтай, сонин даалгавар өгчээ. Тэд хүүхэд төрүүлж, газар дэлхий болон түүн дээрх олон төрөл зүйл ургамал амьтныг арчлан, хамгаалахын чацуу Диваажингийн хил хязгаарыг өргөжүүлэн тэлж, яваандаа бүх дэлхийгээ диваажин болгох ёстой байлаа (Эхлэл 1:28; 2:8, 9, 15). Энэ бүхэнд тэдний үр удам оролцох учиртай байв. Тэд ямар гайхалтай өвийн эзэн болох байв аа!
3 Гэвч энэ бүх сайн сайхныг хүртэхийн тулд Адам Ева хоёр болон тэдний үр удам Бурхантай сайн харьцаатай байх ёстой байсан юм. Еховагаас хүлээн авсан бүх зүйлийнхээ төлөө тэд түүнийг хайрлаж, үгийг нь дуулах үүрэгтэй байв. Гэвч Адам Ева хоёр Бурхны өгсөн зүйлийг үнэлж үзээгүй ба зарлиг тушаалыг нь дагаж биелүүлээгүй. Тэд өөрсдийн гэр болох Диваажин болон Бурхны санал болгосон гайхамшигтай ирээдүйг алджээ. Ингэснээр тэд тэр бүгдийг үр удамдаа дамжуулан өгч чадахгүй болсон (Эхлэл 2:16, 17; 3:1–24).
4. Адамын алдсан өвийг бид хэрхэн авч болох вэ?
4 Нигүүлсэнгүй сэтгэлийнхээ үүднээс Ехова Адамын алдсан өвийг Адам Ева хоёрын үр удамд хүргэх боломжтой болгох талаар санаа тавьсан. Яаж? Бурхны тогтоосон цагт түүний Хүү Есүс Христ Адамын үр удмын төлөө төгс хүний амиа өгсөн. Тийнхүү Христ тэднийг бүгдийг нь олж авсан. Гэхдээ тэд өвийг автоматаар хүлээгээд авчихгүй. Үүний тулд нүглийг золих Есүсийн тахилын үнэ цэнд итгэж, энэхүү итгэлээ дуулгавартай байдлаараа харуулж байж Бурханд сайн нэртэй болох шаардлагатай (Иохан 3:16, 36; 1 Тимот 2:5, 6; Еврей 2:9; 5:9). Бурхны энэ бэлгийг үнэлж байгаагаа та өөрийнхөө амьдралын хэв маягаар харуулдаг уу?
Абрахамаар дамжсан өв
5. Еховатай харьцах харьцаа түүний хувьд их үнэ цэнтэй гэдгийг Абрахам хэрхэн харуулсан бэ?
5 Ехова газар дэлхийн талаарх санаа зорилгоо биелүүлэн, Абрахамтай онцгой холбоо тогтоосон. Бурхан энэхүү үнэнч эрийг төрсөн нутгаа орхиод өөрийнх нь зааж өгсөн газар очихийг тушаажээ. Бурхны тушаалыг Абрахам үг дуугүй дагасан. Түүнийг тэнд ирэхэд уг нутгийг Абрахам бус, харин түүний үр удам өвлөн авах болно гэж Ехова хэлжээ (Эхлэл 12:1, 2, 7). Абрахам үүнийг хэрхэн хүлээж авсан бэ? Тэрбээр үр удамдаа уг өвийг өвлүүлэхийн тулд Бурхны зааж өгсөн газар, хий гэснийг нь хийж, Еховад үйлчлэхэд бэлэн байсан. Абрахам үхэн үхтлээ, 100 жилийн турш хүний нутагт байж, Еховад үйлчилжээ (Эхлэл 12:4; 25:8–10). Харин та тэгж чадахсан болов уу? Ехова Абрахамыг өөрийн «найз» хэмээжээ (Исаиа 41:8).
6. а) Хүүгээрээ тахил өргөхөд бэлэн байснаараа Абрахам юу харуулсан бэ? б) Абрахам үнэтэй ямар өвийг үр удамдаа өвлүүлсэн бэ?
6 Энхрий хайртай хүү Исаакаа Абрахам олон жил хүлээжээ. Хүүг өсөж, нас бие гүйцсэнээс нь хойш түүгээр тахил өргөхийг Ехова Абрахамд тушаасан. Хүүгээ тахил болгон өргөх Бурхны арга хэмжээг зөгнөн харуулах болсноо ч үл мэдэн, Абрахам Еховагийн тушаалыг биелүүлж, Исаакийг тахил болгон өргөх гэтэл тэнгэр элч түүнийг болиулжээ (Эхлэл 22:9–14). Үүнээс өмнө Бурхан Абрахамд өгсөн амлалтаа Исаакаар дамжуулан биеүүлэх болно гэдгээ хэлчихсэн байлаа. Тэгэхлээр, урд нь ийм юм ер болж байгаагүй ч гэсэн шаардлагатай үед Бурхан Исаакийг дахин амилуулна гэдэгт Абрахам итгэж байсан хэрэг юм (Эхлэл 17:15–18; Еврей 11:17–19). Абрахам төрсөн хүүгээ ч харамлаагүй болохоор Ехова: «Газар дэлхийн бүх үндэстэн чиний үрсээр дамжуулан ерөөгдөх болно» гэж айлджээ (Эхлэл 22:15–18). Энэ нь томилогдсон Чөлөөлөгч, «Эхлэл» номын 3:15-д дурдсан Үр Абрахамын удмаас гарна гэдгийг заажээ. Ямар гайхамшигтай өв бэ!
7. Абрахам, Исаак, Иаков нар өв хүлээн авсандаа хэрхэн талархлаа илэрхийлсэн бэ?
7 Тэр үед Еховагийн хийж байсан зүйлийн утга учрыг Арахам ч, «амлалтыг хамтран өвлөгчид» болсон хүү Исаак, ач хүү Иаков нь ч ойлгоогүй юм. Гэхдээ тэд бүгдээрээ Еховад итгэж байлаа. Тэд тэр нутгийн хот-улсын аль нэгэнд суурьшаагүй. Учир нь тэд «үлэмж дээр нутгийг» эрж байв. Тэр нь «суурь бүхий хот» бөгөөд «хотын уран барилгачин ба барилгачин нь Бурхан мөн» (Еврей 11:8–10, 13–16). Гэвч Абрахамаар дамжуулан хүртэх байсан тэр өв хичнээн үнэ цэнтэй болохыг Абрахамын үр удам бүгдээрээ ухаарч ойлгосон уу гэвэл тийм биш ээ.
Тэд өвийг үнэлээгүй юм
8. Өвөө хичнээн үнэтэй болохыг ойлгоогүйгээ Есав яаж харуулсан бэ?
8 Исаакийн том хүү Есав ууган байх эрхээ эрхэмлэж үзээгүй. Тэрбээр ариун юмыг үнэлээгүй юм. Нэгэн өдөр Есав учиргүй өлссөнөөсөө болоод дүү Иаковдаа ууган байх эрхээ худалджээ. Юугаар? Талх болон зармын бантангаар! (Эхлэл 25:29–34; Еврей 12:14–17). Абрахамд амласан Бурхны амлалт өөрсдөөр нь дамжин биелэх тэр үндэстний дээд өвөг бол нэрийг нь Бурхан Израиль гэж сольсон Иаков болжээ. Энэ өв тэдний өмнө ямар боломжийг нээсэн бэ?
9. Иаков буюу Израилийн үр удам өөрсдийнхөө сүнслэг өвийн ачаар юунаас, яаж чөлөөлөгдсөн бэ?
9 Өлсгөлөн болж, Иаков гэрийнхнийгээ аваад Египетэд нүүн ирсэн. Тэнд тэд өсөж үржин, маш олон болсон. Гэвч хожим тэд боол болжээ. Гэхдээ Ехова Абрахамтай байгуулсан гэрээгээ мартаагүй. Тогтоосон цагаа болохоор Бурхан «Израилийн хөвгүүдийг» боолчлолын талхинаас чөлөөлж, Абрахамд амласан газар болох «сүү балаар бялхсан сайхан уудам нутаг уруу» тэднийг аваачих санаа зорилгоо мэдүүлсэн (Египетээс гарсан нь 3:7, 8; Эхлэл 15:18–21).
10. «Израилийн хөвгүүдийн» өвтэй холбоотой өөр ямар гайхамшигтай үйл явдал Синай ууланд болсон бэ?
10 «Израилийн хөвгүүдийг» амласан нутаг уруу явах замд Ехова тэднийг Синай уулын бэлд цуглуулаад: «Одоо хэрэв та нар Миний дуу хоолойг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахивал та нар бүх ард түмнүүдийн дундах Миний эзэмшил болно. Учир нь бүх дэлхий Минийх. Та нар Надад тахилч нарын хаанчлал, ариун үндэстэн болно» гэж хэлжээ (Египетээс гарсан нь 19:5, 6). Үүнийг ард олон сайн дураараа, нэгэн дуугаар хүлээн авсны дараа Ехова урьд нь ямар ч үндэстэнд өгөөгүй Хуулиа израильчуудад өгсөн (Дуулал 147:19, 20).
11. «Израилийн хөвгүүдийн» сүнслэг өв нь өөртөө ямар үнэт зүйлийг багтааж байсан бэ?
11 Шинэ ард түмэн ямар агуу их сүнслэг өвтэй болсон бэ! Тэд цорын ганц жинхэнэ Бурхныг шүтдэг болсон. Тэр Бурхан тэднийг Египетийн боолчлолоос чөлөөлсөн бөгөөд тэд Синайн ууланд Хууль өгсөн гайхалтай үйл явдлын гэрч болцгоосон. Зөнчдөөр дамжуулан «Бурхны үгсийг» үргэлжлүүлэн сонссоноор тэдний өв улам нэмэгдсэн (Ром 3:1, 2). Ехова тэднийг өөрийнхөө гэрч болгон сонгон авсан (Исаиа 43:10–12). Энэ үндэстнээс амласан Үр гарах ёстой байлаа. Энэхүү Үр нь чухам хэн байж болохыг таниулах зорилгоор Хуулинд урьдчилан заасан байсан бөгөөд тэгснээрээ энэ нь зайлшгүй хэрэгтэй юм шүү гэдгийг ухааран ойлгоход нь израильчуудад тусалсан (Галат 3:19, 24). Түүнээс гадна тэд тахилчдын хаант улс ба ариун ард түмэн болж, амласан Үртэй хамт үйлчлэх боломжийг олж авах байв (Ром 9:4, 5).
12. Израильчууд Амласан нутаг уруу орсон хэдий ч юунд хүрч чадаагүй вэ? Яагаад?
12 Ехова амласнаараа израильчуудыг «сүү балаар бялхсан» нутагт авчирсан. Гэвч тэдний итгэлгүй байдлаас болоод тэр нутаг тэдний хувьд «амралтын» газар болж чадаагүйг хожим элч Паул бичсэн. Тэд үндэстэн байдлаар Бурхны «амралт» уруу ороогүй. Учир нь Адам Ева хоёрыг бүтээсний дараа эхэлсэн Бурхны амралтын өдрийн зорилгыг ойлгоогүй бөгөөд энэ зорилгын дагуу яваагүй юм (Еврей 4:3–10).
13. Сүнслэг өвөө үнэлээгүйгээсээ болоод үндэстний хувьд Израиль юу алдсан бэ?
13 Мессиагийн тэнгэрийн Хаанчлалд Мессиатай хамт тахилчдын хаант улс ба ариун ард түмэн болон захирах тэр хүмүүс бүгдээрээ жинхэнэ Израилиас сонгогдох бүрэн боломжтой байлаа. Гэвч израильчууд өөрсдийнхөө үнэт өвийг үнэлээгүй юм. Мессиаг хүрч ирэхэд жинхэнэ израильчуудаас цөөхөн хүн түүнийг мөн гэж хүлээн авсан. Үүний дүнд зөгнөн хэлсэн тахилчдын хаант улсын бүрэлдэхүүнд жинхэнэ израильчуудаас зөвхөн цөөн хэдэн хүн оржээ. Хаанчлалыг жинхэнэ Израилиас салган авч, «түүний [Хаанчлалын] үр жимсийг нь ургуулах үндэстэнд» өгсөн (Матай 21:43). Энэ юун үндэстэн бэ?
Тэнгэр дэх өв
14, 15. а) Есүсийг үхсэний дараа үндэстнүүд Абрахамын «үрээр» дамжуулан хэрхэн ивээгдэж эхэлсэн бэ? б) «Бурхны Израилийн» гишүүд өв болгон юу авах вэ?
14 Хаанчлал өгөгдсөн үндэстэн бол Есүс Христийн, сүнсээр төрсөн 144 000 шавиас бүрддэг «Бурхны Израиль» буюу сүнслэг Израиль юм (Галат 6:16; Илчлэлт 5:9, 10; 14:1–3). Эдгээр 144 000 дотор жинхэнэ иудей хүмүүс байсан хэдий ч ихэнх нь өөр үндэстэн юм. Тийнхүү, «үрээр» нь дамжуулан бүх үндэстнийг ивээх болно гэж Абрахамд амласан Еховагийн амлалт биелж эхэлсэн (Үйлс 3:25, 26; Галат 3:8, 9). Амлалтын анхдагч биелэлтийн үеэр олон үндэстний хүмүүс ариун сүнсээр тослогдсон ба Ехова Бурхан тэднийг өөрийнхөө сүнслэг хөвгүүд, Есүс Христийн ах дүүс болгон хүлээн авсан. Тийнхүү тэд мөн энэхүү «үрийн» хоёрдугаар зэргийн хэсэг нь болцгоосон (Галат 3:28, 29).
15 Үхэхийнхээ өмнөхөн Есүс энэхүү шинэ үндэстний ирээдүйн гишүүд болох зарим иудей хүнтэй шинэ гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь Есүсийн өөрийнх нь цусаар батлагдах ёстой байв. Гэрээг баталсан энэхүү тахилд итгэх итгэлийн үндсэн дээр уг гэрээнд нэгдэн орсон хүмүүс «үүрд төгс» болох байв (Еврей 10:14–18). Тэд «зөв хэмээн зарлагдаж», нүглээ уучлуулах боломжтой байлаа (1 Коринт 6:11, ШЕ). Энэ утгаар тэд Адамын нүгэл үйлдэхээс өмнөх үетэй адил болох байв. Гэхдээ тэд диваажин дэлхийд амьдрахгүй юм. Тэдэнд тэнгэрт орон байр бэлдсэн гэж Есүс хэлсэн (Иохан 14:2, 3). Тэд өөрсдөд нь зориулж «тэнгэрт хадгалагдсан өвийг» авахын тулд дэлхийн ирээдүйгээс татгалздаг (1 Петр 1:4). Тэд тэнгэрт юу хийдэг вэ? «Би та нарт [хаанчлалыг] өгнө» гэж Есүс хэлсэн (Лук 22:29).
16. Тослогдсон христианууд ямар гайхамшигтай даалгавар биелүүлэх вэ?
16 Христтэй хамт тэнгэрээс захирах хүмүүсийн хийх ажлын зарим нь гэвэл Еховагийн захиргааг эсэргүүцсэн самуун явдлаас үүдэн бий болсон бүх хор уршгийг дэлхийгээс устган зайлуулахад туслах явдал юм (Илчлэлт 2:26, 27). Абрахамын сүнслэг үрийн хоёрдугаар зэргийн хэсэг болохын хувьд тэд бүх үндэстний хүмүүст мөнх амийн ивээлийг бэлэглэхэд оролцох болно (Ром 8:17–21). Тэд ямар үнэтэй өвийг эзэмшинэ вэ! (Ефес 1:16–18).
17. Тослогдсон христианууд дэлхий дээр байхдаа өвөө ямар байдлаар ашиглах вэ?
17 Гэхдээ Есүсийн тослогдсон дагалдагчид өвөө зөвхөн ирээдүйд л авах юм биш. Есүс цорын ганц жинхэнэ Бурхан Еховаг таньж мэдэхэд нь тэдэнд тусалсан бөгөөд энэ нь өөр хэн ч үзүүлж үл чадах тус юм (Матай 11:27; Иохан 17:3, 26). Тэрбээр «Эзэнд итгэх» ба түүнд дуулгавартай байх гэж юу болохыг өөрийн үг, жишээгээр тэдэнд заасан (Еврей 2:13; 5:7–9). Есүс тэднийг Бурхны санаа зорилгын талаарх үнэний мэдлэгтэй болгож, Бурхны хүсэл тааллыг илүү төгс ойлгоход ариун сүнс туслах болно гэдэгт тэднийг итгүүлсэн (Иохан 14:24–26). Тэрбээр Бурхны Хаанчлалын чухлыг хамаг оюун ухаан, зүрх сэтгэлээрээ ойлгоход нь тэдэнд тусалсан (Матай 6:10, 33). Тэрчлэн Есүс тэдэнд Иерусалим, Иудей, Самари болон дэлхийн хамгийн зах хязгаарт оршин суудаг хүмүүст гэрчилж, дагалдагчид бэлдэх даалгавар өгсөн (Матай 24:14; 28:19, 20; Үйлс 1:8).
Үй олон хүний үнэт өв
18. Бүх үндэстэн Абрахамын «үрээр» дамжин ивээгдэх болно гэсэн Еховагийн амлалт өнөөдөр хэрхэн биелж байна вэ?
18 «Өчүүхэн сүрэг» болох сүнслэг Израилийн бүх гишүүнийг сонгож авах ажиллагаа аль хэдийн дууссан (Лук 12:32). Эдүгээ Ехова үндэстэн бүрээс үй олон хүнийг цуглуулах ажилд анхаарлаа хандуулсаар хэдэн арван жил болж байна. Тийнхүү Абрахамын «үрээр» дамжин бүх үндэстэн ивээгдэх болно гэсэн Еховагийн амлалт өргөн цар хүрээтэйгээр биелж байна. Ивээгдсэн энэ хүмүүс аврал нь Бурхны Хурга, Есүс Христэд итгэх итгэлээс хамаарна гэдгийг хүлээн зөвшөөрч, Еховад үйлчлэх ариун үйлчлэлийг баяр хөөртэйгөөр гүйцэтгэж байна (Илчлэлт 7:9, 10). Энэхүү аз жаргалтай хүмүүстэй нэгдэхийг урьж байгаа Еховагийн сайхан сэтгэлийн урилгыг та хүлээж авсан уу?
19. Одоо үед бусад үндэстний ивээгдсэн хүмүүс ямар өв авна гэж найддаг вэ?
19 Өчүүхэн сүрэгт хамаардаггүй хүмүүст Ехова үнэтэй ямар өвийг санал болгож байна вэ? Энэ бол тэнгэрийн өв биш. Энэ бол Адамаас үр удамдаа дамжуулах ёстой байсан диваажин дахь мөнхийн төгс амь юм. Адам аажимдаа дэлхийг бүхэлд нь диваажин болгох ёстой байв. Тэр ертөнцөд «үхэл байхгүй болно; гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно» (Илчлэлт 21:4). Тийм учраас энэ хэсэгт Бурхны Үг: «Эзэнд [Еховад, ШЕ] итгэж, сайныг үйлд. Газар нутагт оршин сууж, итгэлтэй байдлыг хоол хүнсээ болго. Эзэнд [Еховад, ШЕ] баярлагтун. Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө. Тун удахгүй хорон санаатан үгүй болно... Харин даруу хүн газар нутгийг өвлөж, элбэг амар амгалангаар баярлана. Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» хэмээн чухамдаа танд ханджээ гэж хэлж болно (Дуулал 37:3, 4, 10, 11, 29).
20. «Өөр хонин сүрэг» тослогдсон христиануудын эзэмшдэг сүнслэг өвийн нилээд хэсгийг мөн адил эзэмшдэг гэж хэлж болохын учир юу вэ?
20 Есүсийн «өөр хонин сүрэгт» тэнгэрийн Хаанчлалын дэлхий дэх салбарт өв бэлтгэгдсэн (Иохан 10:16а). Хэдийгээр тэд тэнгэрт гарахгүй ч гэсэн тослогдогсдын эзэмшиж байгаа тэрхүү сүнслэг өвийн нилээд хэсэг нь тэдэнд оногдох юм. Чухамдаа тослогдогсдын хэсэг болох «итгэмжит ухаалаг боолоор» дамжин Бурхны Үгэнд байгаа тэдгээр эрхэм амлалтыг ойлгох ойлголт өөр хонин сүрэгт нээгддэг (Матай 24:45–47; 25:34). Тослогдогсод болон өөр хонин сүргийн аль аль нь цорын ганц жинхэнэ Бурхан Еховаг таньж мэддэг бөгөөд түүнийг хамтдаа шүтдэг (Иохан 17:20, 21). Нүглийг золих Есүсийн тахилын төлөө тэд хамтдаа Бурханд талархан баярлаж байдаг. Тэд нэг Хоньчин болох Есүс Христийн хариулга дор нэгэн сүрэг болж, хамтдаа үйлчилдэг (Иохан 10:16б). Тэд бүгдээрээ бүх дэлхийн ах дүүгийн барилдлагаар нэгддэг. Тэд Ехова болон түүний Хаанчлалын Гэрч байх нэр төртэй үүргийг хамтдаа хүлээдэг. Тийм ээ, хэрэв та Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртсэн үйлчлэгч болсон бол энэ бүхэн тань таны сүнслэг өв болно.
21, 22. Сүнслэг өвөө үнэлж байгаагаа бид хэрхэн харуулж болох вэ?
21 Энэхүү сүнслэг өв таны хувьд аль хир үнэтэй вэ? Бурхны хүсэл тааллыг биелүүлэх нь амьдралын хамгийн чухал хэрэг гэж үзэн, энэ өвийг та эрхэмлэдэг үү? Хэрэв тийм гэж үздэг бол та христианы хурлын бүх цуглаанд тогтмол ирж байхыг уриалдаг Бурхны Үг болон Бурхны байгууллагын уриа дуудлагыг дагаж мөрддөг үү? (Еврей 10:24, 25). Энэ өв таны хувьд ямар ч хүндрэл бэрхшээл тулгарлаа гэсэн түүнийг үл тоон, Бурханд үйлчлэх санаа зориг төрүүлдэг үнэтэй зүйл мөн үү? Түүнд талархах талархал тань уг өвийг алдахад хүргэж болох зам уруу хальтарч орохоос өөрийг тань хамгаалахуйц хангалттай гүнзгий юү?
22 Бурхнаас бидэнд өгсөн сүнслэг өвийг үнэлэн хүндэтгэцгээе. Ирээдүйн Диваажин уруу нүд салгалгүй ширтэн, Еховагаас бидэнд бэлэглэсэн бүхнийг бүрэн дүүрэн ашиглацгаая. Хэрэв бидний амьдрал, үйл ажиллагаа түүнтэй байнгын харьцаатайгаар явагдаж байгаа бол энэ нь Бурхнаас өгсөн өвийг өндрөөр үнэлж байдгийг маань эргэлзээгүйгээр гэрчилж байгаа хэрэг болно. Бүгдээрээ: «Өө, Хаан болох Бурхан минь, би Таныг өргөмжилж, Таны нэрийг үүрд мөнхөд магтана» хэмээн тунхаглагч хүмүүсийн хэсэг нь болцгооё (Дуулал 145:1).
Та хэрхэн тайлбарлахсан бол?
• Хэрэв Адам Бурханд үнэнч хэвээрээ байсан бол бидэнд ямар өв өвлүүлэх байсан бэ?
• Өөрсдөд нь өвлүүлсэн өвд Абрахамын үр удам хэрхэн хандсан бэ?
• Христийн тослогдсон дагалдагчдын өвд юу юу ордог вэ?
• Үй олон хүн ямар өвтэй вэ? Тэд өвийг үнэлж байгаагаа хэрхэн харуулж болох вэ?
[Догол мөрийн асуулт]