Skip to content

Гарчиг руу орох

Хүлээх чадвараа харуулагтун!

Хүлээх чадвараа харуулагтун!

Хүлээх чадвараа харуулагтун!

«Би авралынхаа Бурхныг хүлээх чадвараа харуулна. Миний Бурхан намайг сонсох болно» (МИКА 7:7, ШЕ).

1, 2. а) Буруу санаанаасаа болоод израильчууд цөлд хэрхэн зовсон бэ? б) Зөв санаа хөгжүүлээгүй христиан хүнд юу тохиолдож болох вэ?

 СЭТГЭЛГЭЭНИЙХЭЭ төлөв байдлаас хамаараад бид амьдралдаа олон зүйлийг эсвэл эергээр, эсвэл сөргөөр харж болдог. Израильчууд цөлд байхдаа гайхамшгаар маннатай болсон. Тэд эргэн тойрныхоо амьдралгүй орчныг ажиглан хараад, хоол хүнстэй болгосонд нь Еховад сэтгэлийнхээ угаас талархах ёстой байсан юм. Энэ нь зөв санааны илэрхийлэл болох байлаа. Харин тэд Египетэд байхдаа идэж байсан янз бүрийн хоолоо дурсан санаж, маннаг амтгүй хэмээн гомдоллож байв. Үүгээрээ тэд маш муухай санаатай болохоо харуулсан! (Тооллого 11:4–6).

2 Түүнтэй нэгэн адил өнөөдөр христианууд санаа нь ямар вэ гэдгээсээ шалтгаалан аливаа зүйлийг эсвэл гэрэлтэйгээр, эсвэл сүүдэртэйгээр хардаг. Санаа нь буруу байвал христиан хүн баяр баясгалангаа амархан алдаж болно. Тийм байдал тохиолдвол, энэ нь их ноцтой хэрэг болно. Учир нь Нехемиа: «Эзний [«Еховагийн», ШЕ] баяр баясгалан бол та нарын хүч чадал юм» гэж хэлжээ (Нехемиа 8:10). Санаа маань эерэг бөгөөд баяр баясгалантай байвал бид хүч чадалтай, хурал маань эв нэгдэлтэй, тайван амгалан байхад тустай (Ром 15:13; Филиппой 1:25).

3. Хүнд хэцүү цагт зөв санаа Иеремиад хэрхэн тусалсан бэ?

3 Иеремиа хэдийгээр хүнд хэцүү цагт амьдарч байсан ч гэсэн зөв санаагаа хадгалан үлдэж чадсан. МЭӨ 607 онд Иерусалимын эзлэгдэх аюумшгийг харсан хэдий ч тэрбээр илүү сайныг харж чадсан билээ. Энэ нь юу байсан бэ гэвэл, Ехова Израилийг мартахгүй бөгөөд ард түмнээ хамгаалах явдал байсан юм. Зөнч Иеремиа «Иеремиагийн гашуудал» номдоо: «Эзний [«Еховагийн», ШЕ] хайр энэрэл үнэндээ хэзээ ч дуусахгүй. Учир нь Түүний өршөөл хэзээ ч унахгүй. Тэдгээр нь өглөө бүр шинэ юм. Таны итгэлтэй байдал агуу ажээ» гэж бичжээ (Иеремиагийн гашуудал 3:22, 23). Бурхны үйлчлэгчид хамгийн хүнд хэцүү нөхцөл байдлын үед ч гэсэн сэтгэлгээний эерэг, тэр ч байтугай баяр баясгалантай төлөвийг хадгалахыг бүх л түүхийн туршид хичээн чармайж байсан билээ (Иаков 1:2; 2 Коринт 7:4; 1 Тесалоник 1:6).

4. Есүс ямар санаатай байсан бэ? Энэ нь түүнд хэрхэн тусалсан бэ?

4 Иеремиагаас хойш зургаан зуун жилийн сорилтыг давахад нь зөв санаа Есүст тусалсан. Библид: «Тэр Өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг [«тарчлаах шонг», ШЕ] тэвчсэн бөгөөд Бурхны сэнтийний баруун гарт заларсан юм» гэж байдаг (Еврей 12:2). Ямар ч эсэргүүцэл буюу мөрдлөг хавчилттай тулгарсан, тэр ч байтугай тарчлаах шонд хадагдан тарчилж байхдаа ч гэсэн Есүс «өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн» тухай бодож байв. Энэ баяр баясгалан нь Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг зөвтгөж, нэрийг нь ариунаар дуурсгах, мөн тэрчлэн дуулгавартай хүмүүст ирээдүйд элбэг баян ивээл хишиг хүртээх явдал байсан юм.

Хүлээх чадвартай бологтун

5. Ямар байдалд хүлээх чадвар асуудлыг зөвөөр харахад бидэнд туслах вэ?

5 Хэрэв бид Есүсийнх шиг сэтгэлгээний төлөв хөгжүүлж чадвал, хүсэн хүлээсэн зүйл маань бидний хүссэнээр, хүлээж байсан цагт маань болоогүй тохиолдолд ч гэсэн Еховагийн өмнө баяр баясгалантай байдлаа алдахгүй байж чадна. Зөнч Мика: «Харин миний хувьд би Эзнийг [«Еховаг», ШЕ] хүлээн харуулдах болно. Би авралынхаа Бурхныг хүлээнэ [«хүлээх чадвараа харуулна», ШЕ]. Миний Бурхан намайг сонсох болно» гэж хэлжээ (Мика 7:7; Иеремиагийн гашуудал 3:21). Бид ч гэсэн хүлээх чадвараа харуулж болно. Яаж? Янз бүрээр. Жишээ нь: Хариуцлагатай үүрэг хүлээсэн нэгэн ах алдаа гаргасан бөгөөд тэр байдлыг яаралтай засах шаардлагатай нь бидэнд мэдэгдсэн байж болох юм. Хэрэв бид хүлээх чадвартай бол дараах асуултуудыг өөртөө тавьж болно. Үүнд: Энэ ах үнэхээр алдаа гаргав уу, эсвэл би буруу ойлгов уу? Хэрэв тэр үнэхээр алдсан бол энэ нь Ехова засаж залруулах эрс тэс арга хэмжээ авалгүйгээр тэр хүнийг сайжруулах үүднээс зориуд зөвшөөрөн өнгөрөөсөн үйл явдал юм биш үү? гэх мэт.

6. Хувьдаа тохиолдсон бэрхшээлтэй тэмцэж байгаа хүнд хүлээх чадвар нь хэрхэн туслах вэ?

6 Амин хувьд маань ямар нэгэн бэрхшээл тохиолдоод байгаа үед юм уу, эсвэл аль нэгэн дутагдалтайгаа тэмцэх үед маань хүлээх чадвар бидэнд тусалдаг. Еховагаас гуйж залбирсан ч гэсэн бэрхшээл маань бахь байдгаараа л байгаад байна гэж бодъё. Тэгвэл яах вэ? Түүнийг шийдвэрлэхийн тулд өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийхийн зэрэгцээ «Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ» гэж хэлсэн Есүсийн үгэнд итгэх хэрэгтэй (Лук 11:9). Үргэлжлүүлэн залбирч, Еховаг хүлээгээрэй. Цаг нь болохоор Ехова сонгосон аргаараа залбиралд тань хариулах болно (1 Тесалоник 5:17).

7. Библийн асуултууд аажуухан тодорч байгааг зөвөөр үзэхэд маань хүлээх чадвар хэрхэн туслах вэ?

7 Библийн зөгнөлүүд биелж, Библийг ойлгох ойлголт маань улам гүнзгийрч байна. Гэхдээ хэн нэгэн хүн аль нэг асуултыг тайлбарлах явдал оройтож байна гэж бодож болох юм. Хэрэв уг асуудлыг хүсэн хүлээсэн цаг үед маань тайлбарлаагүй бол түүнийг бид хүлээхэд бэлэн үү? Ехова «Христийн нууцыг» дөрвөн мянга орчим жилийн турш алхам алхмаар илчлэх хэрэгтэй гэж үзэж байсныг санаарай (Ефес 3:3–6). Үүнийг авч үзэх аваас тэвчээр алдах үндэс шалтгаан бидэнд байна уу? Еховагийн ард түмэнд «цагт нь хоол ундыг» нь өгөхийн тулд «итгэмжит ухаалаг боол» томилогдсон гэдэгт бид эргэлздэг үү? (Матай 24:45). Бүх юм эцсээ хүртэл ойлгомжтой болоогүй байна гэдэг шалтгаанаар Бурханд тааламжит баяр баясгаланг өөрөөсөө зайлуулах хэрэг юу байна? «Нууцыг» хэзээ, яаж илчлэхээ Ехова өөрөө шийддэг гэдгийг санаарай (Амос 3:7).

8. Еховагийн тэвчээр олон хүнд хэрхэн тус болсон бэ?

8 Бурханд өчнөөн олон жил үнэнчээр үйлчилсэн мөртлөө «Эзний [«Еховагийн», ШЕ] агуу, аймшигт өдрийг» хүртэл амьд байж чадахгүй нь хэмээн бодон хэн нэгнийх нь урам хугарч болох юм (Иоел 2:30, 31). Гэвч тийм хүмүүс хэрэг явдлын сайн талуудыг хараад баяр баясгалан эдэлж болно. Петр: «Бидний Эзний тэвчээрийг аврал гэж тооц» хэмээн сургасан (2 Петр 3:15). Еховагийн тэвчээр нь зөв зүрх сэтгэлтэй өөр олон сая хүнд үнэнийг таньж мэдэх боломж олгосон. Ийм юм баярлаж талархахын үндэс биш гэж үү? Түүнээс гадна Ехова хэдийчинээ удаан тэвчнэ, бидний хувьд «өөрсдийн авралыг айдас ба чичрэлээр биелүүлэхэд» төдийчинээ цаг хугацаа гарах болно (Филиппой 2:12; 2 Петр 3:11, 12).

9. Еховад үйлчлэх үйлчлэлд маань хязгаарлал бий боллоо гэхэд түүнийг тэвчихэд хүлээх чадвар бидэнд хэрхэн туслах вэ?

9 Эсэргүүцэлтэй тулгарч, өвчин эмгэг тусах юмуу нас хөгширснөөс, эсвэл өөр бусад бэрхшээлийн улмаас Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэх боломж муудах үед сэтгэл санаагаар унахгүй байхад маань хүлээх чадвар тусалдаг. Ехова биднээс хамаг зүрх сэтгэлийнхээ угаас үйлчлэхийг хүсдэг (Ром 12:1). Гэхдээ «ядуус ба гачигдагсдыг өршөөдөг» Бурхны Хүү, биднээс хирээс маань хэтэрсэн зүйлийг шаарддаггүй. Ехова ч мөн адил тийм юм шаарддаггүй (Дуулал 72:13). Тийм болохоор бид өнөөгийн эд юмсын тогтолцоонд ч юм уу, эсвэл ирээдүйд нөхцөл байдал өөрчлөгдөх хүртэл тэвчээртэйгээр хүлээн, чадах бүхнээ хийх урам зориг дүүрэн байдаг. «Бурхан бол та нарын ариун хүмүүст үйлчилсэн бөгөөд одоо ч үйлчлэн байгаагаараа Өөрийнх нь нэрийн төлөөх та нарын үйл хэргийг болон хайрыг тань мартахаар шударга бус биш» гэдгийг санаарай (Еврей 6:10).

10. Хүлээх чадвар Бурханд тааламжгүй ямар байдлаас зайлсхийхэд тусалж болох вэ? Тайлбарлана уу.

10 Түүнээс гадна хүлээх чадвар биеэ тоохоос зайлсхийхэд маань бидэнд тусалдаг. Тэрслэгчид бологчдын зарим нь хүлээхийг хүсээгүй юм. Магадгүй тэд Библийн ойлголт юм уу зохион байгуулалтын эмх журамд ямар нэгэн өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзсэн байж болох юм. Гэвч өөрчлөлтийг бидний үзэл бодлын үүднээс бус, харин Бурхны үзэл бодлын үүднээс хийх болсон тэр цагт Еховагийн сүнс «итгэмжит ухаалаг боолоор» хийлгэх болно гэдгийг тэд хүлээн зөвшөөрөөгүй юм. Тэгээд ч алив өөрчлөлт бидний санаанд бус, харин Еховагийн хүсэл таалалд нийцэх ёстой. Тэрслэгчид болсон тэр хүмүүс биеэ тоосон сэтгэлгээндээ бодол санаагаа эзэмдүүлж, өөрсдийгөө бүдрүүлжээ. Гэвч хэрэв тэд Христийн сэтгэлгээний төлөвийг хүлээн авч, дуурайсан бол баяр баясгалангаа хадгалан, Еховагийн ард түмний дунд үлдэж болохоор байсан (Филиппой 2:5–8).

11. Хүлээх цаг хугацааг хэрхэн ашиглаж болох вэ? Үүнд хэний жишээг дуурайж болох вэ?

11 Хүлээх чадвар гэдэг нь залхуурах юм уу гараа элгэндээ эвхээд суугаад байхын нэр биш гэдэг нь ойлгомжтой. Бидэнд хийх юм зөндөө бий. Жишээ нь: Библиэ бие даан гүнзгийрүүлэн судалж, тэгснээрээ үнэнч зөнчдийн, тэр ч байтугай тэнгэр элчүүдийн илэрхийлж байсан шиг сүнслэг асуудалд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ талаар элч Петр: «Энэхүү авралын тухайд гэвэл, та нарт ирэх нигүүлслийн тухай эш үзүүлцгээсэн эш үзүүлэгчид анхааралтай судалж, лавлан... ...Тэнгэр элч нар ч эдгээр зүйлсийг харахыг хүсдэг» гэж хэлжээ (1 Петр 1:10–12). Бид бие даан судлаад зогсохгүй, цуглаанд тогтмол оролцож, залбирч байх хэрэгтэй. Түүнгүйгээр амжилтад хүрэхгүй (Иаков 4:8). Сүнслэг хэрэгцээгээ ойлгон, сүнслэг хоолыг тогтмол хүртэж, итгэл нэгтнүүдтэйнээ харьцдаг тэр хүмүүс Христийн сэтгэлгээний төлөвийг дуурайснаа харуулдаг (Матай 5:3).

Бодитойгоор харагтун

12. а) Адам Ева хоёр хэнээс хараат бус байх гэж тэмүүлсэн бэ? б) Адам Ева хоёрын мөрөөр орсон хүн төрөлхтөн юунд хүрсэн бэ?

12 Анхны хүмүүн хосыг бүтээхдээ юу нь сайн, юу нь муу гэдгийг шийдэх эрхийг Бурхан өөртөө үлдээсэн (Эхлэл 2:16, 17). Адам Ева хоёр Бурхнаас хараат бус байхыг хүссэн бөгөөд үүний үр дүнд бидний эргэн тойронд байгаа ертөнц бий болсон. Элч Паул: «Тиймээс нүгэл нь ганц хүнээр ертөнцөд орсны адил үхэл нь нүглээр дамжин орж ирэв. Тэрчлэн бүгд нүгэл үйлдсэн тул бүх хүнд үхэл тархав» гэж хэлсэн (Ром 5:12). Адамаас хойших хүн төрөлхтний зургаан мянган жилийн түүх нь «Ехова минь, дэлхийн хүнд зам нь түүнийх биш гэдгийг би сайн мэднэ. Явж байгаа хүнд ч мөн адил алхаагаа чиглүүлэх нь хамаарахгүй» гэж хэлсэн Иеремиагийн үгийн үнэн болохыг баталсан (Иеремиа 10:23, ШЕ). Иеремиагийн үгийг зөвшөөрөх нь бууж өгч байгаа хэрэг биш юм. Энэ бол үнэнийг бодитойгоор харж байна гэсэн үг. Зөнчийн энэ үг нь олон зууны турш «бусдыг хорлох замаар эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүн байдгийн» учрыг хүн төрөлхтөн Бурхнаас хамааралгүй захирч байгаагаар тайлбарладаг (Номлогчийн үгс 8:9).

13. Еховагийн Гэрчүүд хүмүүсийн боломжийг хэрхэн бодитойгоор хардаг вэ?

13 Еховагийн Гэрчүүд хүн төрөлхтний явж орсон нөхцөл байдлыг тооцон харгалзаад, энэхүү эд юмсын тогтолцоонд хязгаар бий гэдгийг ойлгодог. Эерэг санаатай байх нь баяр баясгалангаа хадгалахад маань тусалдаг хэдий ч бүх бэрхшээлийг шийдэхгүй. 1950-иад оны эхээр америкийн нэгэн санваартан «Зөв сэтгэлгээний хүч» («The Power of Positive Thinking») гэж нэртэй ном хэвлүүлсэн нь хамгийн сайн гүйлгээтэй байжээ. Тэр номд бичсэнээр аливаа саад бэрхшээлд эерэг эерэг санаагаар хандвал түүнийг даван гарч болох ажээ. Зөв сэтгэлгээ бол гайхамшигтай зүйл гэдэг нь маргаангүй. Гэхдээ аливаа зүйлийг хийж, туулъя гэхэд мэдлэгийн хэмжээ, мэргэжлийн түвшин, материал хэрэгсэл болон бусад олон хүчин зүйлээр дутагдан гачигдаж, хязгаарлагдаж байдаг маань амьдрал дээр харагддаг. Харин хүн төрөлхтөн нийтээрээ хэчнээн зөв сэтгэлгээтэй байлаа ч гэсэн тэдэнд тулгарч байгаа дэлхийн хэмжээний бэрхшээлүүдийг амжилттай шийдвэрлэе гэхэд тэр нь дэндүү их юм даа!

14. Еховагийн Гэрчүүдийг сөргүү санаатай гэж хэлж болох уу? Тайлбарлана уу.

14 Эдгээр асуултыг Еховагийн Гэрчүүд бодитойгоор хардаг болохоор тэднийг сөргүү санаатай байна гэж заримдаа буруутгадаг. Тэд амьдралыг түр хугацаагаар бус, харин үүрд мөнх сайжруулж чадах Нэгний тухай хүмүүст ярьж, ойлгуулахыг хичээдэг. Ингэхдээ Гэрчүүд Христийн сэтгэлгээний төлөвийг дуурайдаг (Ром 15:2). Түүнээс гадна тэд Бурхантай сайн харьцаатай болоход нь хүмүүст идэвхтэй тусалдаг. Ийм үйл хэрэг эцэстээ хамгийн сайн сайханд хүргэнэ гэдийг тэд мэддэг (Матай 28:19, 20; 1 Тимот 4:16).

15. Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааны үр дүнд хүмүүсийн амьдрал хэрхэн сайжирдаг вэ?

15 Еховагийн Гэрчүүд эргэн тойрныхоо нийгмийн амьдрал дахь бэрхшээлүүд, ялангуяа хүмүүсийг бузарлаж байгаа Хорт зуршлуудад хайнга ханддаггүй. Сонирхогч хүн Еховагийн Гэрч болохоосоо өмнө өөрчлөгдөн шинэчлэгдэх ёстой. Тэгэхдээ Бурханд үл таалагддаг, махан биеийнхээ хүслийн эсрэг шаргуу тэмцэх шаардлага гарах нь цөөнгүй (1 Коринт 6:9–11). Еховагийн Гэрчүүд Библийн мэдээнд нааштай хандан, сонирхсон олон арван хүнд архидан согтуурах, мансууруулах бодис хэрэглэх, садар самуун явдлаар явах болон мөрийтэй тоглоомд толгойгоо мэдүүлэх зэрэг хорт зуршлаа орхиход нь тусалсан. Шинэ амьдрал эхэлсэн энэ хүмүүс шударгаар хөдөлмөрлөн, гэр бүлийнхээ хэрэгцээг хангах асуудалд хариуцлагатай ханддаг болсон (1 Тимот 5:8). Еховагийн Гэрчүүд олон хүн, олон гэр бүлийг шинэчлэгдэн өөрчлөгдөхөд нь тусалснаар нийгмийн бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулдаг. Үүний дүнд мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо буурах, гэр бүлийн хүрээн дэх хүчирхийлэл багасах гэх мэтийн сайн талын ахиц дэвшил их гардаг. Еховагийн Гэрчүүд хуулийг дуулгавартайгаар биелүүлдэг иргэд бөгөөд амьдралаа сайжруулахад нь бусдад тусалж, нийгмийн асуудал эрхэлдэг албадын дарамтаас хөнглөлцдөг.

16. Еховагийн Гэрчүүд ямар учраас шинэчлэл хөдөлгөөнд оролцдоггүй вэ?

16 Тэгвэл Еховагийн Гэрчүүд энэ ертөнцийнхний ёс суртахууны байдалд нөлөөлсөн гэж хэлж болох уу? Та өөрөө тунгаагтун. Арван жилийн тэртээ Еховагийн Гэрчүүдийн тоо 3 800 000 хүрэхтэй үгүйтэй байсан бол одоо бараг 6 000 000 болжээ. Өөрөөр хэлбэл тэдний тоо бараг 2 200 000-аар нэмэгдсэн байна гэсэн үг. Тэгэхдээ христиан болохын тулд тэднээс олон хүн амьдралын буруу хэв маягаа орхиход хүрсэн. Олон мянган хүний амьдрал сайжирсан! Гэхдээ энэ хугацаанд 875 саяар өссөн дэлхийн хүн амын өсөлттэй харьцуулбал энэ тоо өчүүхэн бага юм. Еховагийн Гэрчүүд дэлхийн бүх оршин суугчдаас цөөхөн хүн амийн замаар замнах болно гэдгийг ойлгодог ч гэсэн чин үнэнийг эрж, хүсдэг хүмүүст туслан баяр жаргал эдэлдэг билээ (Матай 7:13, 14). Дэлхий дахиныг нийтэд нь хамарсан сайн сайхан өөрчлөлтийг зөвхөн Бурхны тусламжтайгаар хийх боломжтой гэдэгт итгэдэг Гэрчүүд эхлээд сайн сайхан санаа зорилго өвөрлөн гарч ирдэг ч, яваандаа цөхрөл, тэр ч байтугай хүчирхийлэлд хүргэдэг шинэчлэл хөдөлгөөнд үл оролцдог (2 Петр 3:13).

17. Бусдад туслахын тулд Есүс юу хийдэг байсан бэ? Тэрбээр юу хийгээгүй вэ?

17 Еховагийн Гэрчүүд тийн хандахдаа Есүс дэлхий дээр байхдаа Еховад хэрхэн итгэдэг байсан шиг түүнд мөн адил итгэдэг. Нэгдүгээр зуунд Есүс гайхамшгаар өвчтэй хүн эдгэрүүлж байсан (Лук 6:17–19). Тэр ч байтугай үхсэн хүнийг дахин амилуулж байв (Лук 7:11–15; 8:49–56). Гэхдээ бүр мөсөн өвчин эмгэггүй болгож, үхлийг үүрд устгаагүй. Ингэх цаг нь болоогүй гэдгийг Есүс мэдэж байв. Есүс бол ер бусын чадвартай төгс хүн байсан учраас улс төр болон нийгмийн ноцтой бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд их зүйл хийж чадах нь эргэлзээгүй. Есүсийн үед амьдарч байсан зарим хүн түүгээр засаг төр бариулж, бүх бэрхшээлийг сайн сайхнаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан байх. Гэвч Есүс тэдний хүсэлтээс татгалзсан. Библид: «Хүмүүс Есүсийн үйлдсэн тэмдгийг үзээд: „Ертөнцөд ирэх ёстой өнөөх Эш үзүүлэгч үнэхээр энэ мөн“ гэж ярилцах болжээ. Тэд ирж, Өөрийг нь хүчлэн хаан болгохыг хүсэж байгааг Есүс мэдээд, зайлж ганцаараа дахин уул уруу явлаа» гэж байдаг (Иохан 6:14, 15).

18. а) Есүс хүлээх чадвараа хэрхэн харуулсан бэ? б) Есүсийн байдал 1914 онд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

18 Бүх хүнийг эдгээхээр хааны эрх мэдлийг авах цаг нь болоогүй гэдгийг мэдэж байсан болохоор Есүс улс төрийн хэрэгт оролцож, цэвэр нийгмийн асуудал эрхэлдэггүй байв. Тэр ч байтугай Есүс үхэшгүй мөнхийн сүнсэн бодгаль болон тэнгэрт гарсан хойноо ч Еховагийн тогтоож өгсөн, үйл ажиллагаагаа эхлэх цаг болтол хүлээхэд бэлэн байв (Дуулал 110:1; Үйлс 2:34, 35). Гэвч, Есүс 1914 онд Бурхны Хаанчлалын сэнтийд заларсан тэр цагаас «ялахын тулд ялсаар гарч ирсэн» (Илчлэлт 6:2; 12:10). Өөрсдийгөө христийнхэн гэж нэрлэдэг бусад хүмүүс Хаанчлалын тухай сургаалыг мэдэхгүй хэвээрээ үлдэхийг илүүд үздэг байхад харин бид Христийн хаанчлалд захирагддаг маань юутай аз завшаантай вэ!

Хүлээх нь уй гашуу хийгээд баяр баясгалангийн алиных нь эх булаг вэ?

19. Хүлээх нь ямар үед «зүрхийг өвчлүүлж», ямар үед баяр баясгаланг авчирдаг вэ?

19 Хүлээх нь уй гашууд хүргэж болдгийг Соломон мэдсэн. Тэрбээр: «Хүлээгдсэн итгэл найдвар зүрхийг өвчлүүлдэг» хэмээн бичжээ (Сургаалт үгс 13:12). Хэрэв хүн ямар ч үндэсгүй юманд итгэж найдах аваас цөхрөл гомдлоосоо болоод зүрх нь «өвчилж» болно. Харин хурим найр, эсвэл хүүхдийнхээ төрөх цаг юм уу хайртай дотно хүмүүстэйгээ уулзах мөч зэрэг аз жаргалтай үйл явдлыг хүлээхэд хүсэн хүлээсэн цаг мөчийг иртэл зүрх сэтгэл маань хүлээхийн жаргалаар бялхан байдаг. Хэрэв бид ирээдүйн үйл явдалдаа бэлдэн, хүлээх цагаа ухаалаг зөв ашиглах аваас бүр ч их баяр баясгалантай байх болно.

20. а) Ямар ямар гайхамшигтай үйл явдлыг бид итгэлтэйгээр хүлээж болох вэ? б) Еховагийн санаа зорилго биелэхийг хүлээж байгаа үед баяр баясгалантай байхад маань бидэнд юу туслах вэ?

20 Хэрэв бид хүлээсэн цаг мөчөө чухам хэзээ болохыг яг таг мэдэхгүй ч гэсэн гарцаагүй биелнэ гэдэгт бүрэн итгэлтэй байвал хүлээх тэр цаг хугацаа «зүрхийг [маань] өвчлүүлэх» ёсгүй. Христийн Мянган жилийн засаглал эхлэх цаг ойрхон байгааг Бурхны үнэнч үйлчлэгчид мэдэж байгаа. Тэд үхэл болоод өвчний төгсгөлийг үзнэ гэдэгтээ итгэлтэй байдаг. Мөн олон тэрбум хүнийг, тэр дундаа өөрсдийнхөө ойр дотно хүмүүсийг дахин амилна гэдэгт итгэн, баяр хөөрт умбан байдаг (Илчлэлт 20:1–3, 6; 21:3, 4). Одоо экологийн хямрал болж байгаа хэдий ч дэлхий дээр гарцаагүй дахин сэргээгдэх Диваажингийн тухай тэд баяр хөөртэйгөөр боддог юм (Исаиа 35:1, 2, 7). Тиймээс «Эзний үйл хэрэгт үргэлж бялхан», хүлээх цагаа мэргэн зөвөөр ашиглах нь хичнээн ухаалаг хэрэг болох вэ! (1 Коринт 15:58). Сүнслэг хоол ундаа тасралтгүй үргэлжлүүлэн хүлээж авагтун. Еховад улам ойртогтун. Еховад үйлчлэх чин үнэнч зүрх сэтгэлтэй хүмүүсийг эрж хайгтун. Итгэл нэгтнүүдээ урамшуулан зоригжуулагтун. Еховагийн үлдээсэн цагийг хамгийн сайн үр өгөөжтэй ашиглагтун. Тэгвэл та «зүрхээ өвчлүүлэлгүйгээр» Еховаг хүлээх болно. Зүрх тань өвчлөх нь бүү хэл, харин ч баяр баясгалангаар бялхах болно!

Та яаж хариулахсан бол?

• Хүлээх чадвараа Есүс хэрхэн харуулсан бэ?

• Христиануудад ямар ямар тохиолдолд хүлээх чадвар шаардагддаг вэ?

• Еховагийн Гэрчүүд ямар учраас Еховаг хүлээхэд бэлэн байдаг вэ?

• Еховаг хүлээхдээ хэрхэн баяр баясгалантай байж болох вэ?

[Догол мөрийн асуулт]