Библи унших нь ашигтай бөгөөд тааламжтай
Библи унших нь ашигтай бөгөөд тааламжтай
«Та үүнийг өдөр шөнөгүй... унших ёстой» (ИОШУА 1:8, ШЕ).
1. Ер нь ном унших нь, тэр дундаа Библи унших нь ямар ач тустай вэ?
ХЭРЭГТЭЙ материал унших нь ашиг тустай ажил юм. Францын гүн ухаантан, улс төрч Шарль Луи Монтескью: «Миний хувьд суралцах нь ямагт амьдралын санаа зовинолоос болдог ядаргааг эмчлэх хамгийн сайн эм болдог. Бүтэн цагийн турш уншихад сарниж алга болдоггүй сэтгэлийн зовлон гэж байдаггүй юм» хэмээн бичжээ. Үүнийг Библи уншихтай холбож үзэх нь зүйд нийцнэ. Онгодоор хөглүүлсэн дуулалч: «Эзний [«Еховагийн», ШЕ] хууль нь төгс төгөлдөр, сэтгэлийг сэргээдэг. Эзний [«Еховагийн», ШЕ] гэрчлэл нь баттай, гэнэнийг ухаантай болгодог. Эзний [«Еховагийн», ШЕ] сургаал нь зөв, зүрхийг баярлуулдаг» гэж бичжээ (Дуулал 19:7, 8).
2. Ехова юуны учир олон зууны турш Библийг хамгаалан хадгалсан бэ? Тэрбээр ард түмнээсээ юу хүсдэг вэ?
2 Төр болоод шашныхны зүгээс Библийг устгах гэж олон зууны турш хичээн оролдсон хэдий ч Библийн Зохиолч, Ехова Бурхан түүнийг хамгаалан хадгалсан юм. Бурхан «бүх хүмүүсийг аврагдаасай, үнэний [«нарийн зөв», ШЕ] мэдлэг уруу ирээсэй гэж хүсдэг» тул өөрийнхөө Үгийг бүх хүн төрөлхтөнд хүргэх талаар санаа тавьсан (1 Тимот 2:4). Дэлхийн хүн амын 80 орчим хувь нь 100 хэлийн тусламжтайгаар харилцаж болж байна. Библийг бүтнээр нь 370 хэлээр орчуулсан бөгөөд харин Ариун Судрын хэсэгчилсэн орчуулгыг өөр 1 860 хэл, аялгуугаар унших боломжтой билээ. Ехова ард түмэндээ өөрийнхөө Үгийг уншуулахыг хүсдэг. Тэрбээр Үгэнд нь анхаарлаа хандуулж, өдөр бүр уншдаг үйлчлэгчдээ ивээдэг (Дуулал 1:1, 2).
Библи унших нь харгалзагч нарт тавигдах шаардлага мөн
3, 4. Ехова Израилийн хаадаас юу шаарддаг байсан бэ? Энэ шаардлага өнөөгийн хурлын ахлагч нарт ч гэсэн хүчин төгөлдөр болох ямар шалтгаан байна вэ?
3 Израилийн ард түмэн дундаасаа томилогдох хаантай болохтой холбогдуулан Ехова: «Тэрээр хаан ширээнд залрангуутаа Леви овгийн тахилч нарын өмнө байдаг энэ номоос энэ хуулийг өөртөө хуйлмал ном дээр хуулан бичиж аваад, өөртөө хадгалж түүнийгээ амьдралынхаа бүхий л өдрүүдийн турш унших ёстой. Энэ нь тэр хүн энэ хуулийн бүх үгсийг, эдгээр зарлигийг хянан сахьснаараа өөрийн Бурхан Эзнээс [«Еховагаас», ШЕ] айн эмээхийг сурахын тулд бөгөөд түүний зүрх нь ах дүү нараасааа дээгүүр өргөгдөхгүйн тулд, хууль дүрмээс баруун тийш ч, зүүн тийш ч хазайхгүйн тулд юм» гэж хэлсэн (Дэд хууль 17:18–20).
4 Ехова Израилийн хаан болох хүнээс Хуулийг өдөр бүр уншиж байхыг шаардах болсны учир гэвэл: 1) «тэр хүн энэ хуулийн бүх үгсийг, эдгээр зарлигийг хянан сахьснаараа өөрийн Бурхан Еховагаас айн эмээхийг сурахын тулд»; 2) «зүрх нь ах дүү нараасааа дээгүүр өргөгдөхгүйн тулд»; 3) «хууль дүрмээс баруун тийш ч, зүүн тийш ч хазайхгүйн тулд юм». Өнөөдөр хурлын харгалзагч нар Еховагаас эмээж, түүний хуульд захирагдаж, ах дүү нараасаа дээгүүр өргөмжлөгдөх болон Еховагийн тушаалуудаас хазайхаас зайлсхийх хэрэггүй гэж үү? Тэдний хувьд Библийг өдөр бүр унших нь Израилийн хаадын уншдаг байснаас ч багагүй чухал гэдэг нь эргэлзээгүй.
5. Саяхан Удирдах зөвлөл салбаруудын хороодын гишүүдэд юу бичсэн бэ? Энэ зөвлөгөөг дагах нь ахлагч нарт яагаад ашигтай вэ?
5 Өнөөдөр хурлын ахлагч нарын ажлын цагийн хуваарь маш шахуу байдаг учраас Библийг өдөр бүр унших нь тэдэнд тийм ч амар биш байдаг. Жишээ нь: Еховагийн Гэрчүүдийн Удирдах зөвлөлийн гишүүд, мөн салбарын хорооны гишүүд маш их ажилтай хүмүүс. Гэвч саяхан Удирдах зөвлөлөөс салбаруудын хороодод захидал илгээж, Библийг өдөр бүр уншиж, тогтмол судалж байхын чухлыг онцлон тэмдэглэсэн байна. Энэ нь Еховаг хайрлах хайр, үнэнд дурлах дурыг маань нэмэгдүүлэхэд, мөн тэрчлэн «алдарт төгсгөл хүртэл итгэл, баяр баясгалан хийгээд тэвчээрээ хадгалахад» маань туслах болно гэж захидалд тэмдэглэжээ. Еховагийн Гэрчүүдийн хурлын ахлагч нар бүгд үүний чухлыг ухамсарлан ойлгодог. Ариун Судрыг өдөр бүр унших нь «мэргэн ухаанаар үйлдэхэд» (ШЕ) тэдэнд туслах болно (Иошуа 1:7, 8). Библи унших нь «заахад, зэмлэхэд, залруулахад, зөв байдалд чиглүүлэхэд» нь ахлагч нарт онцгой тустай (2 Тимот 3:16).
Залуучууд настайчуудын хэн хэнд нь хэрэгтэй
6. Еховагийн хуулийн үгийг Иошуа ямар учраас Израилийн цугласан овгууд болон харийнхны өмнө уншсан бэ?
6 Дээр үеийн хүмүүст өөрийн гэсэн Ариун Судрын хувь байдаггүй байсан учраас Библийг цугласан олны өмнө уншдаг байлаа. Иошуа Еховагийн тусламжаар Аи хотыг даран, ялалт байгуулсныхаа дараа Израилийн овгуудыг Ебал болон Геризим ууланд цуглуулав. Тэгээд яасан бэ гэвэл: «Иошуа уг хуулийн бүх үгсийг буюу ерөөл ба хараалыг хуулийн номд бичигдсэн ёсоор нь уншив. Мосегийн тушаасан бүхнээс бүх Израилийн чуулган, эмэгтэйчүүд, хүүхэд багачууд хийгээд тэдний дунд амьдрагч харийнхны өмнө Иошуагийн уншаагүй нэг ч үг байсангүй» (Иошуа 8:34, 35). Ямар үйл ажиллагаанд Ехова ивээл хишгээ хүртээж, ямарт нь уурлан хилэгнэдгийг залуу ч бай, хөгшин ч бай; израиль ч бай, цагаач ч бай хэн боловч ой ухаандаа тогтоож, зүрхнийхээ толинд бичиж авах хэрэгтэй байлаа. Библийг тогтмол унших нь үүнийг анхааралдаа авахад бидэнд тусална.
7, 8. а) Өнөөдөр хэн «харийн хүмүүстэй» адил вэ? Тэд Библийг өдөр бүр унших хэрэгтэйн учир юу вэ? б) Еховагийн ард түмний дунд байгаа «хүүхэд багачууд» Есүсийн жишээг хэрхэн дуурайж болох вэ?
7 Өнөөдөр Еховагийн олон сая үйлчлэгч сүнслэг утгаар «харийн хүмүүс» адил юм. Нэгэн цагт тэд энэ ертөнцийн жамаар амьдарч байсан боловч харин одоо шинэ амьдрал эхлээд байгаа билээ (Ефес 4:22–24; Колоссай 3:7, 8). Тэд Ехова юуг сайн, юуг муу гэж үздэгийг байнга санаж байх хэрэгтэй (Амос 5:14, 15). Бурхны үгийг тогтмол унших аваас тэд энэ талаар газардахгүй (Еврей 4:12; Иаков 1:25).
8 Еховагийн хуульд эцэг эхээсээ суралцсан ч гэсэн Бурхны хүсэл тааллын зөвийг өөрсдийн биеэр үзэж батлах хэрэгтэй «хүүхэд багачууд» Еховагийн ард түмний дунд цөөнгүй байдаг (Ром 12:1, 2). Тэд үүнийг хэрхэн хийж болох вэ? Израилийн тахилчид болон ахлагч нар: «Та нар энэ хуулийг уншиж, бүх Израильд сонсго. Ард түмнийг, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд багачууд, танай хотод байгаа харийн хүмүүсийг цуглуул. Тэдэнд түүнийг сонсгон, зааж, өөрийн Бурхан Эзнээс [«Еховагаас», ШЕ] айн эмээж, энэ хуулийн бүх үгийг сахин мөрддөг болго. ...Энэ хуулийг мэддэггүй хүүхдүүддээ түүнийг сонсгож, Эзэн [«Ехова», ШЕ] Бурхнаасаа айн эмээхийг сурга» гэсэн заавартай байлаа (Дэд хууль 31:11–13). Есүс Мосегийн хуулинд захирагдан амьдарч байсан бөгөөд бүр 12 настай байхдаа Эцгийнхээ хуулийг ойлгох асуудал дээр онцгой анхаарал тавьж байв (Лук 2:41–49). Хожим синагогт Судар уншихыг сонсож, мөн Судраас уншихад оролцох нь түүний хувьд хэвшил болжээ (Лук 4:16; Үйлс 15:21). Өнөөгийн хүүхдүүд Есүсийн жишээг дуурайх нь, өөрөөр хэлбэл өөрсдөө Бурхны Үгийг өдөр бүр уншихын зэрэгцээ Библийг уншиж судалдаг цуглаануудад тогтмол оролцох нь ашигтай.
Библи уншихыг эн тэргүүнд тавих хэрэгтэй
9. а) Унших зүйлээ сонгохдоо хянамгай байх хэрэгтэйн учир юу вэ? б) Энэ сэтгүүлийг үндэслэгч, редактор Библи судлахад зориулсан гарын авлагын талаар юу гэж хэлсэн бэ?
9 Мэргэн хаан Соломон: «Их ном зохиоход төгсгөл үгүй ба үлэмж их унших нь биенд халтай» гэж бичжээ (Номлогчийн үгс 12:12). Өнөөдөр хэвлэгдэн гарч байгаа олон номыг «унших нь биенд халтай» төдийгүй шуудхан хэлэхэд оюун санаанд аюултай гэдгийг үүн дээр нэмээд хэлж болно. Тийм учраас унших зүйлээ сонгохдоо хянамгай байх нь чухал. Библи судлахад зориулсан Нийгэмлэгийнхээ ном хэвлэлийг уншихын зэрэгцээ эх Библиэ унших хэрэгтэй. Энэ сэтгүүлийг үндэслэгч, редактор уншигчдад хандан: «Бидний эх хэмжүүр бол Библи бөгөөд Бурхнаас тусламж болгон өгч байгаа гарын авлага бол „гарын авлага“ л бөгөөд Библийг орлож чадахгүй гэдгийг хэзээ ч мартаж болохгүй» хэмээн тэмдэглэн хэлжээ. Тийм учраас бид Библид үндэслэсэн хэвлэлүүдийг үл ойшоохгүй байхын зэрэгцээ эх Библиэ унших хэрэгтэй.
10. Библи уншихын чухлыг «итгэмжит ухаалаг боол» хэрхэн онцлон тэмдэглэсэн бэ?
10 «Итгэмжит ухаалаг боол» энэхүү шаардлагыг харгалзан үзээд Библи унших хуваарийг бүх хурлын Теократ үйлчлэлийн сургуулийн хөтөлбөрт оруулсаар олон жил болж байна (Матай 24:45). Библи унших одоогийн хөтөлбөрийг баримтлах аваас Библийг ойролцоогоор долоон жилийн хугацаанд уншиж дуусгах болно. Энэ хуваарь бол бүх хүнд, ялангуяа Библиэ бүрэн уншиж дуусгаагүй байгаа шинэ хүмүүст ашигтай. «Гилеад» миссионерийн сургууль болон Үйлчлэл дээшлүүлэх сургуульд суралцагчдад, мөн тэрчлэн Бетелийн шинэхэн гишүүдэд Библийг нэг жилийн дотор уншиж дуусгах шаардлага тавьдаг. Бие даах юм уу, эсвэл гэр бүлээрээ гэх мэтээр ямар ч хуваарь мөрдлөө гэсэн Библи уншихыг эн тэргүүнд тавих хэрэгтэй.
Унших хэвшил тань юуг харуулдаг вэ?
11. Еховагийн санаагаар өдөр бүр хэрхэн «хооллож» болох вэ? Ямар учраас ингэх хэрэгтэй вэ?
11 Хэрэв та хуваарийн дагуу Библиэ уншиж амжихгүй байгаа бол өөрөөсөө: «Уран зохиолын ном уншиж, телевиз үздэг зуршил маань Еховагийн Үгийг унших чадварт минь хэрхэн нөлөөлж байна вэ?» гэж асууж болох юм. «Хүн зөвхөн талхаар бус, харин Бурхны амнаас гарах үг бүрээр амьдарна» гэж Мосегийн бичиж, Есүсийн давтан хэлсэн үгийг санагтун (Матай 4:4; Дэд хууль 8:3). Тамир тэнхээтэй байхын тулд бид талх буюу бусад хоол ундыг өдөр бүр идэж ууж байх шаардлагатай бол сүнслэг хэрэгцээгээ хангахын тулд өдөр бүр Еховагийн санааг «шингээх» хэрэгтэй. Ариун Судрыг уншсанаар бид Бурхны санаагаар өдөр бүр «хооллож» болно.
12, 13. а) Бурхны үгэнд дурлах ёстойг элч Петр ямар жишээгээр харуулсан бэ? б) Паулын хэрэглэсэн сүүтэй адилтгасан жишээ Петрийнхээс юугаараа ялгаатай вэ?
12 Хэрэв Библийг «хүний үг бус, харин үнэхээрийн... Бурхны үг» хэмээн үнэлэх аваас нярай хүүхэд эхийнхээ сүүнд дурладаг шиг бид ч мөн адил Библид дурлах болно (1 Тесалоник 2:13). «Нялх хүүхдүүд шиг үгийн цэвэр сүүг хүс. Ингэснээр та нар авралд өсөх юм. Хэрэв та нар үнэхээр Эзний энэрлийг амссан юм бол...» хэмээн элч Петр дээрхтэй адил харьцуулалт хийсэн (1 Петр 2:2, 3). Хэрэв бид өөрийн биеэр «Эзний энэрлийг» амталж мэдрэх аваас Библи унших хүсэл маань улам оргилох болно.
13 Энд Петрийн сүүтэй адилтгасан зүйрлэл бол элч Паулын хэрэглэснээс ялгаатай гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Сүү бол нярай хүүхдэд зайлшгүй хэрэгтэй тэжээл болдог. Петрийн дурдсан жишээнээс харахад Бурхны Үгэнд «авралд өсөхөд» шаардлагатай бүх зүйл байдаг байна. Гэтэл сүүний хэрэгцээ шаардлагын тухай жишээгээрээ Паул сүнслэг байдлаараа насанд хүрсэн гэж өөрийгөө үздэг зарим хүн муу хооллодгийг үлгэрлэн үзүүлжээ. Паул еврей христиануудад бичсэн захидалдаа: «Энэ цагт та нар багш байх ёстой боловч та нарт Бурхны үгсийн эхний үндэснүүдийг заахын тулд дахин та нарт хэн нэг нь хэрэгтэй аж. Та нарт бор хоол бус, харин сүү хэрэгтэй болсон байна. Учир нь сүүгээр амьдрагч хүн бүр зөв байдлын үгэнд гаршаагүй байдаг. Яагаад гэвэл тэр хүн балчир ажээ. Харин бор хоол нь төлөвшсөн хүмүүст зориулагддаг. Тэд дадлагажуулдаг учраас мэдрэмж нь сайн мууг ялгахад суралцжээ» гэжээ (Еврей 5:12–14). Библийг анхааралтай унших нь «мэдрэмжээ» хөгжүүлэхэд маань их тустай бөгөөд биднийг сүнслэг хоолонд дуртай болгоно.
Библийг хэрхэн унших нь
14, 15. а) Библийн Зохиолч бидэнд ямар завшааныг санал болгодог вэ? б) Бурхны мэргэн ухаанаас бид яаж ашиг гаргах вэ? (Жишээ татна уу.)
14 Библиэ уншиж эхлэхээсээ өмнө залбирвал үр өгөөж нь илүү сайн байдаг. Залбирал бол юутай ч зүйрлэшгүй аз завшаан юм. Энэ нь та ямар нэгэн гүн гүнзгий утга агуулгатай ном уншиж эхлэхдээ учрыг нь ойлгохын тулд зохиолчоос нь тусламж гуйж байгаатай адил бөлгөө. Энэ бол үнэхээрийн завшаантай хэрэг! Библийн Зохиолч, Ехова тийм завшааныг ашиглахыг танд санал болгодог билээ. Нэгдүгээр зууны удирдах зөвлөлийн нэгэн гишүүн: «Та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурхнаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно. Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг» хэмээн итгэл нэгтнүүддээ бичжээ (Иаков 1:5, 6). Өнөөгийн Удирдах зөвлөл биднийг Библиэ залбиран уншиж байхыг үргэлж уриалдаг билээ.
15 Мэргэн ухаан гэдэг бол мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх чадвар юм. Тийм учраас Библиэ нээхээсээ өмнө Еховад хандан, уншсан зүйлээсээ амьдралдаа хэрэглэж болох зарчмыг ойлгоход туслахыг гуйгаарай. Шинээр мэдэж авсан зүйлээ урьд нь мэддэг байсан зүйлтэйгээ холбож үзээрэй. Шинээр мэдэж авсан энэ зүйл урьд нь таны эзэмшсэн «эрүүл үгсийн жишээний» хэсэг болог (2 Тимот 1:13). Дээр үед амьдарч байсан Еховагийн үйлчлэгчдэд тохиолдсон үйл явдлыг эргэцүүлэн бодож, түүнтэй төстэй нөхцөл байдалд орвол би яах вэ гэж өөрөөсөө асуугаарай (Эхлэл 39:7–9; Даниел 3:3–6, 16–18; Үйлс 4:18–20).
16. Библийг илүү үр ашигтайгаар уншихад ямар ямар зөвлөгөө тустай вэ?
16 Бидний зорилго бол зөвхөн тодорхой тооны хуудас унших явдал биш байх ёстой. Яарах хэрэггүй. Уншсан зүйлээ эргэцүүлэн бодоорой. Ямар нэгэн санаа сонирхлыг тань гойд татлаа гэхэд, хэрэв тэр нь өөр газар байгаагаар Библид тань заагдсан бол түүнийг олж уншаарай. Хэрэв санааг нь бүрэн дүүрэн ойлгож чадахгүй бол дараа дахин үзэхийн тулд тэмдэглэл хийх хэрэгтэй. Унших явцдаа онцгойлон тогтоох шаардлагатай зүйл гарвал тэр зүйлийг зурж тэмдэглэх юм уу, эсвэл тэмдэглэлийнхээ дэвтэрт бичиж аваарай. Захын зайд тэмдэглэл хийж, өөр газар байгаа адил зүйлийг зааж болно. Хэрэв та ямар нэгэн зүйл дэлгэрүүлэх ажилд юм уу, эсвэл хичээл хийхэд тохиромжтой гэж үзвэл Библийнхээ төгсгөлд байгаа жагсаалтад түлхүүр үг нь байгаа эсэхийг хараарай.
Библи уншихийг баяр бахдал болгох нь
17. Библи унших нь баяр бахдал болох ёстойн учир юу вэ?
17 Дуулалч «Еховагийн хуульд баярлан бахдаж, түүний хуулийг нам дуугаар өдөр шөнөгүй уншдаг» жаргалтай хүний талаар бичжээ (Дуулал 1:2, ШЕ). Библи унших маань албадлага бус, харин баяр бахдал байх ёстой. Ийм байлгахын тулд уншиж мэдсэн зүйлийнхээ ач холбогдол нь юу болохыг үргэлж эргэцүүлэн бодох хэрэгтэй. Мэргэн ухаант Соломон хаан: «Мэргэн ухааныг олдог хүн... ерөөлтэй еэ [«жаргалтай» ШЕ]. Мэргэн ухааны зам нь тааламжит бөгөөд бүх жим нь амар тайван. Түүнээс зуурагсдад тэр нь амийн мод. Түүнийг тэр даруй барьж авах хүн бүр ерөөлтэй [«жаргалтай», ШЕ]» гэж бичжээ (Сургаалт үгс 3:13, 17, 18). Мэргэн ухаантай болоход хичээл зүтгэл хэрэгтэй нь эргэлзээгүй. Мэргэн ухааны зам нь тааламжит, амар тайван, аз жаргалтай бөгөөд эцэстээ аминд хүргэдэг.
18. Библи уншихын зэрэгцээ юу хийх хэрэгтэй вэ? Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
18 Тийм ээ, Библи унших нь ашигтай бөгөөд тааламжтай. Тэгээд л боллоо гэж үү? Христийн шашны ертөнцийн сүмийн гишүүд Библийг олон зууны турш уншиж байгаа хэдий ч тэд «үргэлж суралцавч, үнэний мэдлэгт хэзээ ч хүрч чаддаггүй» (2 Тимот 3:7). Библи уншихыг үр өгөөжтэй болгохын тулд уншиж мэдсэн зүйлээ амьдралдаа болон дэлгэрүүлэх, заах ажилдаа хэрхэн хэрэглэх талаар бодох хэрэгтэй (Матай 24:14; 28:19, 20). Үүний тулд хичээл зүтгэл болон судалгааны сайн арга хэрэгтэй. Энэ талаар дараагийн өгүүлэлд үзэх бөгөөд энэ нь мөн ялгаагүй таатай бөгөөд үр ашиг өгдөг юм.
Давтах асуулт
• Израилийн хаадад өгч байсан ямар зөвлөгөөг өнөөгийн харгалзагч нар хэрэглэж болох вэ? Яагаад?
• Өнөөдөр «харийн хүмүүс» ба «хүүхэд багачууд» хэн байж болох вэ? Тэд өдөр бүр Библи унших хэрэгтэйн учир юу вэ?
• Библи тогтмол уншихад «итгэмжит ухаалаг боолын» ямар зөвлөгөө бидэнд тусалдаг вэ?
• Библи уншсанаар жинхэнэ ач тус ба баяр бахдалыг хэрхэн олж болох вэ?
[Догол мөрийн асуулт]