Skip to content

Гарчиг руу орох

Бурхны Хаанчлал бол дэлхийг удирдах шинэ засгийн газар юм

Бурхны Хаанчлал бол дэлхийг удирдах шинэ засгийн газар юм

Бурхны Хаанчлал бол дэлхийг удирдах шинэ засгийн газар юм

«[Хаанчлал]... бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм» (ДАНИЕЛ 2:44).

1. Библиэс юу мэдэж болох вэ?

 БИБЛИ бол Бурхнаас хүмүүст өгсөн илчлэлт юм. Элч Паул: «Та нар биднээс Бурхны захиасын үгийг хүлээн авахдаа үүнийг хүний үг бус, харин үнэхээр байгаагаар нь буюу итгэдэг та нарын дотор бас ажлаа хийдэг Бурхны үг хэмээн хүлээн авсан» гэж бичжээ (1 Тесалоник 2:13). Библид Бурхны чанар, санаа зорилго болон түүнээс бидэнд тавьдаг шаардлага зэрэг Бурхны тухай мэдэж болох хэрэгтэй бүх зүйл байдаг. Бас гэр бүлийн амьдрал болон биеэ хэрхэн авч явахтай холбоотой хамгийн сайн зөвлөгөө байдаг. Мөн яг таг биелчихсэн хийгээд одоо биелж байгаа, ирээдүйд биелэх олон зөгнөл байдаг. Тийм ээ, «Судар бүр Бурхны амьсгалснаар байгаа [«онгод оруулан бичүүлсэн», ШГ] бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөв байдал дотор чиглүүлэхэд тустай. Энэ нь Бурхны хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм» (2 Тимот 3:16, 17).

2. Библийн гол сэдвийг Есүс хэрхэн онцлон тэмдэглэсэн бэ?

2 Библийн хамгийн чухал зүйл бол түүний сэдэв юм. Энэ нь юу вэ гэвэл Бурхны тэнгэрийн засгийн газар буюу «хаанчлалын» тусламжтайгаар түүний хэмжээгүй эрх мэдлийг (захирах эрхийг) зөвтгөх явдал юм. Есүс үүнийг үйлчлэлийнхээ гол зүйл болгож байсан. «Тэр цагаас эхлэн Есүс: Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал ойрхон байна гэж тунхаглаж эхлэв» (Матай 4:17). «Хаанчлал» бидний амьдралд ямар байр суурь эзэлж байх ёстойг заан тэрбээр: «Эхлээд Түүний [Бурхны] хаанчлал болон Түүний зөвийг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно» гэж хэлсэн (Матай 6:33). Есүс шавь нартаа: «Таны [Бурхны] хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай» гэж Бурхнаас гуйхыг заан, Хаанчлал хичнээн чухал болохыг онцлон тэмдэглэсэн (Матай 6:10).

Дэлхийг удирдах шинэ засгийн газар

3. Бурхны Хаанчлал бидэнд ямар учраас туйлын чухал бэ?

3 Бурхны Хаанчлал ямар учраас хүмүүст тийм их чухал бэ? Учир нь уг засгийн газар удахгүй энэ дэлхийн удирдлагыг үүрд өөрчлөх үйл ажиллагаа явуулах юм. Даниел 2:44-т бичсэн зөгнөлд: «Тэдгээр хаадын үед [өнөөдөр дэлхийд захирч байгаа] хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд тэр хаанчлалын эрх мэдэл нь бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь тэдгээр бүх хаанчлалыг [дэлхийн засгийн газрууд] бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм» гэж бичжээ. Бурхны тэнгэрийн Хаанчлал бүрэн захирдаг болсон тэр цагт хүмүүс дахин хэзээ ч ноёрхохгүй. Хагалан бутаргадаг бөгөөд шаардлага хангадаггүй хүний захиргаа үүрд ул болон үлдэнэ.

4, 5. а) Тэнгэрийн засгийн газрын Тэргүүн байхад хамгийн илүү тохирсон нь Есүс болохын учир юу вэ? б) Есүс мөдхөн ямар даалгавар хүлээж авах вэ?

4 Есүс Христ бол Еховагийн шууд удирдлагаар ажилладаг, тэнгэрийн засгийн газрын Тэргүүн нь бөгөөд энэ үүргийг түүнээс илүү сайн гүйцэтгэх нэгэн огтхон ч үгүй билээ. Бурхны бүх бүтээлийн анхных болох тэрбээр дэлхийд ирэхээсээ өмнө Бурхны «уран дархан» болон тэнгэрт амьдарч байсан (Сургаалт үгс 8:22–31). «Тэр бол үл үзэгдэгч Бурхны дүр мөн бөгөөд бүх бүтээлийн Ууган нь мөн. Учир нь Түүн дотор [«түүний тусламжтайгаар», ШЕ] тэнгэр ба газар дахь бүх юмс... бүтээгдсэн» (Колоссай 1:15, 16). Бурхан Есүсийг дэлхий уруу илгээсэн бөгөөд тэрбээр Бурхны хүслийг ямагт биелүүлж байсан. Тэрбээр хамгийн хүнд сорилтыг давсан бөгөөд эцсээ хүртэл Эцэгтээ үнэнч байсаар үхсэн (Иохан 4:34; 15:10).

5 Үхэн үхтлээ Бурханд үнэнч байсныхаа төлөө Есүс шагнал хүртсэн. Бурхан Есүсийг тэнгэрийн амьдралд дахин амилуулж, түүнд Бурхны Хаанчлалын Хааны эрх өгсөн (Үйлс 2:32–36). Бурхан, Хаанчлалын Хааных нь хувьд Есүс Христэд тоо томшгүй олон хүчирхэг сүнсэн бүтээлийг удирдан, дэлхийгээс хүний удирдлагыг зайлуулж, муу бүхнийг устгах сүрдэм даалгавар мөдхөн өгнө (Сургаалт үгс 2:21, 22; 2 Тесалоник 1:6–9; Илчлэлт 19:11–21; 20:1–3). Дараа нь Христ тэргүүтэй Бурхны тэнгэрийн Хаанчлал бүх дэлхийг захирах цорын ганц шинэ засгийн газар болно (Илчлэлт 11:15).

6. Шинэ Захирагч яаж захирах вэ?

6 Бурхны Үг шинэ Захирагчийн талаар: «Түүнд эрх мэдэл, сүр жавхлан ба хаанчлал өгөгдөж, бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэн Түүнд үйлчлэв» гэж хэлдэг (Даниел 7:14). Есүс Бурхны хайрыг дуурайх учраас түүний засаглалын үед энх амгалан хийгээд аз жаргал бялхан байх болно (Матай 5:5; Иохан 3:16; 1 Иохан 4:7–10). «Шударга ёс, үнэн зөвийг үеийн үед тогтооход Түүний засаглал болон энх амгалан нь одоогоос үүрд мөнхөд байх болно» (Исаиа 9:7). Хайр, шударга ёс ба үнэн зөвөөр удирдах Захирагч байх нь юутай ивээл вэ! Тиймээс 2 Петр 3:13-т: «Түүний амлалтын дагуу бид зөв байдал оршдог шинэ тэнгэр [Бурхны тэнгэрийн Хаанчлал], шинэ газрыг [дэлхийн шинэ нийгэм] хүлээн байна» гэж зөгнөжээ.

7. Өнөөдөр Матай 24:14 хэрхэн биелж байна вэ?

7 Бурхны Хаанчлал бол үнэнд дуртай хүмүүст юунаас ч илүү үнэтэй мэдээ гэдэг нь эргэлзээгүй. Тийм учраас Есүс энэхүү ёс бус тогтолцооны «эцсийн өдрүүдэд» амьдарч байгааг маань гэрчлэх нэгэн шинж тэмдгийг дүрслэн: «Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ» хэмээн зөгнөн хэлжээ (2 Тимот 3:1–5; Матай 24:14). Өнөөдөр зургаан сая орчим Еховагийн Гэрч дэлхийн 234 улс орны хүн ардад Бурхны Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэхэд жил тутам тэрбум гаруй цаг зарцуулж байгаагаар энэ зөгнөл биелж байна. Дэлхий дахины 90 000 орчим хурал цуглан, шүтлэг мөргөлөө явуулдаг тэр газрыг «Хаанчлалын танхим» гэж нэрлэсэн нь зүйн хэрэг ажээ. Хүмүүс ирээдүйн засгийн газрын тухай мэдэхээр тэнд ирдэг юм.

Христийн хам захирагчид

8, 9. а) Христийн хам захирагчдыг ямар хүмүүсээс сонгох вэ? б) Хаан болон түүний хам захирагчдын засаглалын тухайд юунд итгэж болох вэ?

8 Бурхны тэнгэрийн Хаанчлалд Христээс гадна хам захирагчид байх юм. 144 000 хүнийг «хүмүүсийн дундаас худалдан авч», тэнгэрийн амиар дахин амилуулна гэж Илчлэлт 14:1–4-т зөгнөсөн байдаг. Тэдгээр нь бусдаар өөртөө үйлчлүүлж байгаагүй, харин өөрсдөө Бурханд болон бусдад номхон хүлцэнгүйгээр үйлчилж байсан эрэгтэй эмэгтэй хүмүүс юм. «Тэд Бурхны ба Христийн тахилч нар болцгоож, Түүнтэй [Христтэй] хамт мянган жилийн турш хаанчлах болно» (Илчлэлт 20:6). Тэд энэ тогтолцооны төгсгөлийг эсэн мэнд давж гарах, «үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн» «хэн ч... тоолж чадамгүй» «үй олон хүнээс» хавьгүй цөөн байх юм. Энэ хүмүүс бас л «өдөр шөнөгүй Түүнд [Бурханд] үйлчилдэг» ч тэнгэрт амьдрахгүй юм (Илчлэлт 7:9, 15). Тэд Бурхны тэнгэрийн Хаанчлалын харъяат албатын хувьд «шинэ газрын» цөмийг бүрдүүлнэ (Дуулал 37:29; Иохан 10:16).

9 Ехова, Христтэй хамт тэнгэрээс захирах хүмүүсийг амьдралдаа элдэв зовлон бэрхшээлийг үзэж туулсан үнэнч хүмүүсээс шилж сонгосон. Эдгээр хаан-тахилч нь хүмүүст тохиолддог бүхнийг өөрийн биеэр амсаж эдэлсэн билээ. Тэд дэлхий дээр амьдарч байсны хувьд хүмүүсийг сайн удирдах болно. Есүс ч өөрөө «зовсон зүйлээсээ дуулгавартай байдалд суралцсан» (Еврей 5:8). Элч Паул түүний тухай: «Бидэнд байгаа нь бидний мөхөс байдлыг хуваалцаж чаддаггүй тэргүүн тахилч бус, харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон Нэгэн билээ» гэж хэлжээ (Еврей 4:15). Бурхны зөв шударга шинэ ертөнцөд хүмүүсийг хайр халамжаар дүүрэн, энэрэнгүй хаад, тахилчид захирах болно гэдгийг мэдэх нь юутай таатай вэ!

Бурхны санаа зорилгод Хаанчлал орж байсан болов уу?

10. Бурхны анхны санаа зорилгод тэнгэрийн Хаанчлал яагаад ороогүй вэ?

10 Адам Ева хоёрыг бүтээх үеийн Бурхны анхны санаа зорилгод тэнгэрийн Хаанчлал орж байсан болов уу? Бүтээлийн тухай өгүүлдэг «Эхлэл» номд хүн төрөлхтнийг захирах Хаанчлалын тухай санаа огтхон ч байдаггүй. Хүмүүсийн Захирагч нь Ехова өөрөө байсан бөгөөд тэд түүнд захирагдаж байгаа тохиолдолд өөр захиргааны шаардлага байхгүй байлаа. «Эхлэл» номын 1-р бүлгээс Ехова тэнгэрийн, ууган Хүүгээрээ дамжуулан Адам Ева хоёртой харьцаж байсан болов уу гэдэг нь харагддаг. Библид «Бурхан... тэдэнд... айлдав» гэх мэтийн үг хэллэг хэрэглэсэн байдаг (Эхлэл 1:28; Иохан 1:1).

11. Хүн төрөлхтөн ямар төгс эхлэлтэй байсан бэ?

11 «Бурхан Өөрийнхөө бүтээсэн бүгдийг харахад нэн сайхан байжээ» гэж Библид бичсэн байдаг (Эхлэл 1:31). Еден цэцэрлэгт байсан бүхэн туйлын төгс байлаа. Адам Ева хоёр Диваажинд амьдарч байв. Тэдний ухаан хийгээд бие нь төгс байлаа. Тэд Бүтээгчтэйгээ, Бүтээгч нь тэдэнтэй харьцаж чаддаг байв. Хэрэв тэд Еховад үнэнч байвал, төгс хүүхэд төрүүлэх байв. Тэдэнд тэнгэрийн шинэ засгийн газар хэрэггүй байв.

12, 13. Төгс хүн олон боллоо ч гэсэн Бурхан тэдэнтэй харьцаж чадах байсны учир юу вэ?

12 Хүн олшроход Бурхан хүн болгонтой яаж харьцах байсан юм бол оо? Жишээ болгон оддыг авч үзье. Одод галактик нэртэйгээр хэсэг хэсгээрээ бөөгнөрсөн байдаг. Зарим галактик тэрбум одноос тогтсон байхад зарим нь триллион одноос тогтсон байдаг. Гэтэл эрдэмтдийн тооцоолсноор Орчлонт ертөнцөд 100 тэрбум галактик байдаг ажээ! Тэглээ ч Бүтээгч: «Нүдээ өндөрт өргөн тэдгээрийг хэн бүтээснийг харагтун. Тэдгээр оддын эздийг тоогоор нь аврагч Нэгэн тэднийг бүгдийг нь нэрээр нь дууддаг юм. Түүний агуу их сүр жавхлангийн улмаас тэдгээрээс нэг нь ч алдагдаагүй» гэж хэлдэг (Исаиа 40:26).

13 Хэрэв Бурхан тэнгэрийн эрхсийг бүгдийг санаандаа байлгадаг юм бол эдгээрээс өчнөөн дахин цөөн хүмүүст анхаарлаа хандуулах нь түүнд хэцүү биш гэдэг нь ойлгомжтой. Эдүгээ гэхэд л түүний олон сая Гэрч өдөр бүр түүнд залбирч байна. Тэдний залбирал Бурханд агшин зуур хүрдэг. Тэр тусмаа төгс хүмүүстэй харьцах нь түүнд бэрхшээл учруулахгүй байх байсан. Тэднийг харж хандахад түүнд тэнгэрийн Хаанчлал хэрэггүй байв. Захирагч нь Ехова байж, хүмүүс түүнтэй шууд харьцан, хэзээ ч үхэхгүйгээр диваажин дэлхий дээрээ мөнх амьдрах хэтийн төлөвтэй байсан нь юутай гайхамшигтай хэрэг байж вэ!

«Хүнд... хамаарахгүй»

14. Хүмүүст ямар учраас Еховагийн удирдлага дандаа хэрэгтэй вэ?

14 Гэвч хүмүүст, тэр байтугай төгс хүнд Еховагийн удирдлага хэзээд хэрэгтэй байсан. Яагаад? Ехова тэднийг өөрийнх нь удирдлагагүйгээр зөв явах боломжгүйгээр бүтээжээ. Энэ нь хүн төрөлхтөнд зориулсан хууль байсан бөгөөд үүнийг зөнч Иеремиа хүлээн зөвшөөрч: «Ехова минь, дэлхийн хүнд зам нь түүнийх биш гэдгийг би сайн мэднэ. Явж байгаа хүнд ч мөн адил алхаагаа чиглүүлэх нь хамаарахгүй. Ехова минь, намайг залруулаач» хэмээн хэлжээ (Иеремиа 10:23, 24, ШЕ). Хүмүүс Еховагийн тусламжгүйгээр нийгмийг амжилттай удирдаж чадна гэж үзэх нь тэнэг хэрэг байлаа. Энэ бол өөрсдийнх нь бүтээгдсэн зорилгын эсрэг зүйл болох байв. Еховагийн захиргаанаас хараат бус байдал нь хувиа хичээх, үзэн ядах болон харгислал, хүчирхийлэл, дайн, үхэлд өөрийн эрхгүй хүргэсэн. «Хүн хүнээ захирснаар хор хөнөөлд хүргэх» байсан юм (Номлогчийн үгс 8:9, ШЕ).

15. Өвөг дээдсийн маань буруу сонголтын үр дагавар юу байсан бэ?

15 Харамсалтай нь өвөг дээдэс маань Бурхны удирдлагыг үл хэрэгсэн, түүнээс хараат бус амьдрахыг илүүд үзжээ. Үүний үр дүн нь гэвэл Бурхан тэднийг төгс хэвээр нь үлдээгээгүй явдал ажээ. Тэд хүчдэлийн эх булгаас салсан цахилгаан хэрэгсэлтэй адил болсон. Яваандаа тэдний «хурд удааширч», эцэстээ «зогссон». Өөрөөр хэлбэл үхсэн. Тэд хонхойж ёнхойсон хэв шиг болж, үр удамдаа зөвхөн тийм л байдлыг дамжуулдаг болсон (Ром 5:12). «Хад [Ехова], түүний үйл хэрэг төгс төгөлдөр. Учир нь түүний бүх зам шударга үнэн. [...] Тэд өөрсдөө хөнөөлт хэрэг үйлдсэн учраас түүний хүүхдүүд байхаа больсон. Энэ согог нь тэдний өөрсдийнх» (Дэд хууль 32:4, 5, ШЕ). Адам Ева хоёрт Сатан болж урван тэрсэлсэн сүнсэн бүтээл нөлөөлсөн нь үнэн боловч тэр хоёр төгс оюун ухаантай байсан болохоор Сатаны буруу саналаас татгалзаж болох байсан (Эхлэл 3:1–19; Иаков 4:7).

16. Бурхнаас тусгаар байх нь юунд хүргэдгийг түүх хэрхэн гэрчилсэн бэ?

16 Бурхнааас тусгаар байсан нь юунд хүргэснийг түүх тов тодорхой гэрчилдэг. Олон мянган жилийн турш хүн төрөлхтөн хүний засаглалын болоод нийгмийн байгууламжийн боломжийн бүх хэлбэр, эдийн засгийн боломжийн бүх тогтолцоог туршиж үзсэн. Гэсэн хэдий ч хорон муу хүмүүс «улам муу болдог» (2 Тимот 3:13, ШГ). Үүнийг ХХ зуун нотолсон. Түүхийн өөр аль ч үед тийм улайрсан үзэн ядалт, хүчирхийлэл, дайн, өлсгөлөн, ядуурал, зовлон зүдүүр байгаагүй юм. Анагаах ухаан гялалзсан амжилтад хүрлээ ч хүмүүс эрт орой хэзээ боловч үхдэг (Номлогчийн үгс 9:5, 10). Хүмүүс алхаагаа бие даан чиглүүлэх гэж оролдохдоо өөрсдийгөө Сатан болон чөтгөрүүдийн олз болгон өгсөн. Тиймээс ч Сатаныг Библид «энэ үеийн бурхан» гэж нэрлэжээ (2 Коринт 4:4).

Хүсэл зоригийн эрх чөлөө

17. Хүсэл зоригийн эрх чөлөөг яаж ашиглах ёстой байсан бэ?

17 Ехова хүмүүст өөрийнхөө замаар явахыг яагаад зөвшөөрсөн бэ? Яагаад гэвэл тэрбээр хүмүүсийг дураараа сонгох хүсэл зоригийн эрх чөлөөтэйгөөр бүтээсэн юм. Энэ бол түүний гайхамшигтай бэлэг байлаа. «Эзний [«Еховагийн», ШЕ] Сүнс хаана байна, тэнд эрх чөлөө байдаг» гэж элч Паул хэлсэн (2 Коринт 3:17). Юу хэлж, юу хийхээ хором тутам өөр хэн нэгнээр хэлүүлдэг робот байхыг нэг ч хүн хүсдэггүй. Гэвч Ехова хүсэл зоригийн эрх чөлөөг ухаалаг хариуцлагатай ашиглахыг; хүсэл тааллыг нь биелүүлж, түүний захиргаанд байхын ач холбогдлыг мэргэн ухаанаар цэгнэж харахыг хүмүүсээс шаарддаг (Галат 5:13). Тэгэхлээр эрх чөлөөг туйлшруулж болохгүй бөгөөд хэрэв тэгвэл эмх журамгүй байдалд хүргэдэг. Хүний эрх чөлөө нь Бурхны, сайн санааныхаа үүднээс гаргасан хуулийн хүрээнд зохицуулагдах ёстой байжээ.

18. Хүмүүст чөлөөтэй сонгохыг зөвшөөрснөөрөө Бурхан юу харуулсан бэ?

18 Хүн төрөлхтөнд сонгосон замаараа явахыг нь зөвшөөрснөөрөө бидэнд өөрийнх нь захиргаа хэрэгтэй гэдгийг Бурхан нэг мөсөн харуулсан. Түүний захирах арга зам, дээд эрх мэдэл бол цорын ганц зөв хэлбэр мөн. Үүний үр шим нь гэвэл элбэг баян аз жаргал, сэтгэл хангалуун байдал хийгээд хөгжил дэвшил юм. Энэ нь Ехова өөрийнх нь хуультай зохицож байсан тохиолдолд илүү сайн ажиллаж байхаар бидний оюун ухаан хийгээд бие махбодыг бүтээсэнтэй холбоотой юм. «Би бол чиний Бурхан Эзэн [«Ехова», ШЕ] мөн. Би чамд тустайг сурган, чамайг явах ёстой замаар чинь удирддаг» (Исаиа 48:17). Бурхны хуулийн хүрээнээс халиагүй чөлөөт сонголт бол хүмүүст дарамт болохгүй, харин олон янзын хоол хийж, олон янзын байшин барьж, олон янзын урлагийн бүтээл туурвиж, олон янзын хөгжим зохиох боломжийг тэдэнд олгох байсан. Хүсэл зоригийн эрх чөлөөг зөв ашигласан бол диваажин дэлхийд гайхамшигтай, эцэс төгсгөлгүй амьдрал үргэлжлэх боломжтой байсан юм.

19. Хүмүүсийг өөртэйгөө эвлэрүүлэхэд Бурхан ямар хэрэгсэл ашигладаг вэ?

19 Гэвч хүмүүс буруу сонгосноосоо болоод Еховагаас өөрсдийгөө холдуулан, төгс байдлаа алдаж, доройтон муудаж, үхдэг болсон. Тиймд тэдэнд энэхүү хөөрхийлөлтэй байдлаас гарч, Бурхны хөвгүүд охид болон, түүнтэй зохих ёсны харьцаагаа сэргээх шаардлага бий болсон. Бурхан энэ зорилгыг хэрэгжүүлэх хэрэгслээр Хаанчлалыг, харин Аврагчаар Есүс Христийг сонгосон (Иохан 3:16). Энэ арга хэмжээний ачаар үнэнхүү гэмшсэн хүмүүс, Есүсийн сургаалт зүйрлэлийн самуун хүүгийн адилаар, Бурхантай эвлэрч, эргээд хүүхэд нь болж болно (Лук 15:11–24; Ром 8:21; 2 Коринт 6:18).

20. Хаанчлал Бурхны санаа зорилгыг хэрхэн биелүүлэх вэ?

20 Еховагийн хүсэл таалал дэлхий дээр эгнэгт биелэх болно (Исаиа 14:24, 27; 55:11). Христ тэргүүтэй Хаанчлалынхаа тусламжтайгаар Бурхан бидний Хэмжээгүй эрхт Эзэн байх эрхээ бүрэн дүүрэн зөвтгөх буюу нотлох болно. Хаанчлал дэлхийг удирддаг хүмүүсийн болон чөтгөрүүдийн засаглалыг төгсгөж, тэнгэрээс ганцаараа мянган жилийн турш захирах болно (Ром 16:20; Илчлэлт 20:1–6). Харин энэ цаг үед Еховагийн засаглалын давуу тал хэрхэн харагдах вэ? Мөн мянган жилийн дараа Хаанчлал ямар үүрэг гүйцэтгэх вэ? Эдгээр асуултыг дараагийн өгүүллээр үзнэ.

Давтах асуулт

• Библийн гол сэдэв нь юу вэ?

• Дэлхийг удирдах шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд хэн орох вэ?

• Бурхнаас тусгаар хүний засаглал яагаад амжилт олдоггүй вэ?

• Хүсэл зоригийн эрх чөлөөг яаж ашиглах хэрэгтэй вэ?

[Догол мөрийн асуулт]