Skip to content

Гарчиг руу орох

Уншиж, судлахад цагийг «зольж авагтун»

Уншиж, судлахад цагийг «зольж авагтун»

Уншиж, судлахад цагийг «зольж авагтун»

«Энэ өдрүүд нь ёс бус учир өөртөө зохистой цагийг зольж авагтун» (ЕФЕС 5:16, ШЕ).

1. Цагаа төлөвлөх нь яагаад зөв бэ? Цагаа хэрхэн зарцуулж байгаа маань юу харуулдаг вэ?

 ТӨЛӨВЛӨНӨ гэдэг бол цаг хэмнэх гэсэн үг болох нь ойлгомжтой. Хэрэгцээтэй зүйлдээ тодорхой цаг хугацаа зориулж чаддаг хүний ажил үйлс илүү бүтэмжтэй байдаг. Мэргэн ухаант хаан Соломон: «Тэнгэрийн доорх бүх юмс цаг хугацаатай бөгөөд бүх юм тогтоогдсон цаг мөчтэй ажээ» гэж бичжээ (Номлогчийн үгс 3:1). Бид бүгдийн мэдэлд адилхан хэмжээний цаг хугацаа байдаг хэдий ч түүнийг яаж зарцуулахаа хүн бүр өөрөө шийддэг. Тэргүүн зэрэгт юугаа тавьж, цагаа хэрхэн ашиглаж байгаагаас маань бидний хувьд чухам юу эрхэм байдаг нь тодорхой харагдана (Матай 6:21).

2. Ууланд айлдсан номлолоороо Есүс бидний сүнслэг хэрэгцээний талаар юу гэж хэлсэн бэ? б) Бид өөрийгөө яаж шалгах хэрэгтэй вэ?

2 Идэж, унтах бол бие махбодын маань хэрэгцээ учраас үүнд цаг зарцуулахгүй байх аргагүй. Харин сүнслэг хэрэгцээний талаар юу хэлж болох вэ? Энэ хэрэгцээг бас хангах хэрэгтэй гэдгийг бид мэддэг. Ууланд айлдсан номлолоороо Есүс: «Сүнслэг хэрэгцээгээ мэдэрдэг хүмүүс жаргалтай» гэж хэлжээ (Матай 5:3, ШЕ). Библи уншиж, судлахад цаг гаргахын хичнээн чухал болохыг «итгэмжит ухаалаг боол» бидэнд байнга сануулдгийн учир ийм байна (Матай 24:45). Та Библи уншиж, судлахын чухлыг ухааран ойлговч, түүнд зориулах цаг байхгүй юм шиг санагдаж болох юм. Хэрэв тийм бол Бурхны Үгийг уншиж, бие даан судалж, түүнийг эргэцүүлэн бодоход цаг хэрхэн гаргаж болдгийг үзье.

Библи уншиж, судлахад цаг яаж гаргах тухай

3, 4. а) Элч Паул цаг ашиглахтай холбоотой ямар зөвлөгөө өгсөн бэ? Үүнд юу юу багтдаг вэ? б) Паул бидэнд «өөртөө зохистой цагийг зольж авахыг» зөвлөсөн нь юу гэсэн үг вэ?

3 Ямар цаг үед амьдарч байгаагаа тооцон бид бүгдээрээ: «Тиймээс та нар мэргэн бус хүмүүс шиг биш, харин мэргэн хүмүүсийн адилаар хэрхэн алхаж буйгаа хянаж бай. Цагийг авар [«өөртөө зохистой цагийг зольж авагтун», ШЕ]. Яагаад гэвэл өдрүүд нь бузар булай аж. Тийм учраас бүү мунхаг бай. Харин Эзний [«Еховагийн», ШЕ] хүсэл юу болохыг ухаар» гэж хэлсэн Паулын үгийг мөрдөх хэрэгтэй (Ефес 5:15–17). Энэ зөвлөгөө бол бидний христиан амьдралын бүх л салбарт хамаатай нь мэдээж бөгөөд үүний дотор залбирах, судлах, цуглаанд оролцох болон «Хаанчлалын тухай энэхүү сайн мэдээг» дэлгэрүүлэх ажилд аль болох боломжийнхоо хирээр оролцоход цаг гаргах явдал орно (Матай 24:14, ШЕ; 28:19, 20).

4 Өнөөдөр Еховагийн олон үйлчлэгчийн тухайд Библи уншиж, гүнзгийрүүлэн судлахад цаг гаргах асуудал хүнд байгаа нь харагддаг. Нэгэнт бид хоногийн цагийг нэмэх боломжгүй болохоор Паулын зөвлөгөө өөр утгатай болох нь ойлгомжтой. Грек хэлний «зохистой цагийг зольж авах» гэсэн энэхүү хэллэг нь «нэг юмыг нөгөө юмаар худалдан авах» гэсэн утгатай ажээ. У. Е. Вайн үүнийг толь бичигтээ тайлбарлан: «Нэгэнт алдсан боломжийг эргүүлэх аргагүй учир боломж бүрийг хамгийн үр ашигтайгаар, дээд зэргээр ашиглах хэрэгтэй гэсэн үг» гэжээ («Expository Dictionary»). Библи уншиж, судлахад зохистой цагийг бид хаанаас, юунаас зольж авч болох вэ?

Бид тэргүүн зэрэгт тавих юмаа тогтоох ёстой

5. Бид «илүү чухал юм нь юу болохыг магадлах» ёстойн учир юу вэ? Яаж магадлах вэ?

5 Бидэнд ертөнцийн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ сүнслэг асуудлаар анхаарах зүйл их байдаг. Еховад өөрийгөө зориулсан үйлчлэгчийн хувьд бид «Эзний үйл хэрэгт үргэлж бялхаж байх» хэрэгтэй (1 Коринт 15:58). Тиймд Паул филиппойн христиануудад «илүү чухал юм нь юу болохыг магадлахыг» уриалсан (Филиппой 1:10, ШЕ). Энэ нь тэргүүн зэрэгт тавих юмаа тогтооно гэсэн үг. Сүнслэг асуудлыг материаллаг зүйлсээс цаг ямагт дээгүүр тавих ёстой (Матай 6:31–33). Гэхдээ бид сүнслэг үүргээ гүйцэтгэхдээ тэнцвэрт байдлыг хангах шаардлагатай. Христиан амьдралын янз бүрийн асуудалд бид цагаа хэрхэн хуваарилдаг вэ? Христиануудын хувьд анхаарвал зохих «илүү чухал юм» нь гэвэл гол төлөв тэдний үл ойшоодог бие даасан судлал ба Библи унших явдал гэж явуулын харгалзагч нар мэдэгдсэн.

6. Ертөнцийн болон гэр орны ажил хэрэгтэйгээ уялдуулан зохистой цагийг хэрхэн «зольж авч» болох вэ?

6 Бидний ойлгосноор «зохистой цагийг зольж авахын» тулд «боломж бүрийг хамгийн үр ашигтайгаар, дээд зэргээр ашиглах» хэрэгтэй болж байна. Тиймд хэрэв Библи уншиж, судалж байгаа байдал маань хангалтгүй юм шиг санагдвал цагаа чухам юунд зарцуулж байгаагаа эргэн харах нь зүйтэй. Хэрэв бид ертөнцийн ажил хэрэгтээ дэндүү их цаг, хүч зарцуулж байгаа бол энэ талаар Еховад залбирч хэлэх хэрэгтэй (Дуулал 55:22). Магадгүй бид Библи уншиж, судлах зэрэг Еховаг шүтэхтэй холбоотой чухал ажил хэрэгт илүү их цаг зарцуулах зохистой өөрчлөлт хийж болох юм. Эмэгтэйчүүд хэзээ ямагт ажил ихтэй байдгийг хэн хүн андахгүй. Тийм болохоор христиан эгч нар тэргүүн зэрэгт тавих юмаа тогтоон, Библи уншиж, нухацтай судлахад тусгай цаг гаргах ёстой.

7, 8. а) Уншиж, судлахад цагийг ямар үйл ажиллагаанаас «зольж авч» болох вэ? б) Амралтын зорилго юу вэ? Үүнийг тооцон үзвэл бид тэргүүн зэрэгт тавих зүйлээ хэрхэн тодорхойлж болох вэ?

7 Ерөнхийдөө бидний ихэнх нь ач холбогдлоор бага зүйлд зарцуулдаг цагаасаа Библи судлахад «зохистой цагийг зольж авч» болно. «Би ертөнцийн сонин сэтгүүл унших, телевиз үзэх, хөгжим сонсох, видео тоглоом тоглох зэрэгт хичнээн цаг зарцуулдаг вэ? Библи уншдагаас олон цагийг компьютерийн өмнө сууж өнгөрөөдөг үү?» гэж өөрөөсөө асууж болох юм. Паул: «Бүү мунхаг бай. Харин Эзний [«Еховагийн», ШЕ] хүсэл юу болохыг ухаар» гэж хэлсэн (Ефес 5:17). Олон Гэрч Библи уншиж, судлахад хангалттай цаг зарцуулдаггүйн нэг гол шалтгаан бол удаан хугацаагаар телевиз үздэг явдал байдаг (Дуулал 101:3; 119:37, 47, 48).

8 «Би бас амрах хэрэгтэй учраас цаг үргэлж судлаад байж чаддаггүй» гэж хэн нэг нь хэлж болно. Энэ нь үнэхээр тийм гэлээ ч амралт, чөлөөт цагтаа зориулдаг цагаа Библи уншиж, судлахад зориулдаг цагтайгаа харьцуулж үзэх нь зүйтэй. Тэгвэл гайхмаар үзүүлэлт гарч болох юм. Амралт, чөлөөт цаг шаардлагатай хэдий ч тэдгээр нь зохих байраа эзэлдэг байх ёстой. Тэдгээрийн зорилго бол сүнслэг үйл ажиллагаа явуулахад маань шинэ хүч өгөх явдал юм. Телевизийн нэвтрүүлэг, видео тоглоом зэрэг нь маш их ядраадаг байхад Бурхны Үгийг уншиж, судлах нь хүч өгч, урам зориг хайрладаг (Дуулал 19:7, 8).

Зарим хүн судлалд зориулж цаг хэрхэн гаргадаг тухай

9. 1999 оны «Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь» товхимлын зөвлөгөөг дагах нь яагаад ашигтай вэ?

9 1999 оны «Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь» товхимлын оршилд: «Өглөө болгон энэ товхимлын сэдвийг шүүн хэлэлцэж, тайлбарыг уншихын ач холбогдлыг хэтрүүлэн үнэлж болохгүй. «Агуу Багш», Ехова сургаалаараа өөрийг тань сэрээж байгаа юм шиг сэтгэгдэл танд төрнө. „Тэр [Ехова] өглөө бүр сэрээн, шавь мэт сонсгохын тулд Миний чихийг нээнэ“ хэмээн Есүс Христ өглөө бүр Еховагийн сургаалд анхаарлаа хандуулж байх тухай зөгнөсөн байдаг. Тийм сургаалын ачаар Есүс „шавийн хэлтэй“ болж, „ядарсан хүнд үгээр тусалж“ чадсан юм (Исаиа 30:20, ШЕ; 50:4; Матай 11:28–30). Өглөө болгон Бурхны Үгийн зөвлөгөөгөөр сэрсэн та хүндрэл бэрхшээлээ шийдвэрлээд зогсохгүй, бусдад туслах „шавийн хэлтэй“ болно» гэж бичсэн байна.

10. Библи уншиж, судлахад зарим хүн яаж цаг гаргадаг вэ? Энэ нь тэдэнд ямар ач холбогдолтой байдаг вэ?

10 Олон христиан энэ зөвлөгөөг мөрдөн, өдөр бүр тухайн өдрийн сэдэв болон түүний тайлбарыг уншдагийн зэрэгцээ өглөө эрт Библиэ уншиж, судалдаг байна. Францын нэгэн эхлэгч эгч өдөр болгон өглөө эрт босож, Библиэ 30 минут уншдаг хэвшилтэй болжээ. Олон жилийн турш ингэж ажиллахад түүнд юу тусалсан бэ? Тэр эгч: «Надад ингэж унших бүрэн үндэс байдаг бөгөөд юу ч болж байсан унших хуваариа хатуу баримталдаг юм!» гэж хэлжээ. Ямар ч асуудал гарлаа гэсэн хуваариа баримтлах нь чухал. Европ болон Хойд Африкт 40 гаруй жил эхлэгчээр үйлчилсэн Рене Мика: «Би 1950 онд жил болгон Библиэ уншиж дуусгаж байх зорилт тавьсан бөгөөд өнөөдөр гэхэд 49 дэх удаагаа уншаад байна. Үүнийг би Бүтээгчтэй тогтоосон ойр дотно харьцаагаа хадгалахад туйлын чухал зүйл гэж үздэг. Бурхны Үгийг эргэцүүлэн бодох нь Еховагийн шударга чанар болон бусад чанарыг улам сайн ойлгоход надад тусалдаг бөгөөд үргэлж урам зориг хайрладаг юм» гэж хэлжээ. *

«Цагт нь хоол унд»

11, 12. а) «Итгэмжит ухаалаг нярав» сүнслэг ямар «хоол ундыг» өгдөг вэ? б) «Хоол ундыг» зохистой цагт нь өгч байна гэж хэлэхийн учир юу вэ?

11 Хоол ундыг тогтмол идэж уух нь биеийн эрүүл мэндэд тустай. Харин Библийг хуваарийн дагуу тогтмол уншиж, судлахад сүнслэг талаараа эрүүл байхад тустай. «Лук» номд Есүсийн хэлсэн: «Зарц нарт цагт нь хоол ундыг өгүүлэхээр эзнийхээ зарц нарын дээр тавигдах итгэмжит ухаалаг нярав нь хэн бэ?» хэмээсэн үг байдаг (Лук 12:42). «Харуулын цамхаг» сэтгүүл болон Библид үндэслэсэн бусад хэвлэлээр дамжуулан 120 гаруй жилийн турш хүмүүст «цагт нь хоол ундыг» өгч байна.

12 «Цагт нь» гэсэн үгэнд анхаарлаа хандуулъя. «Агуу Багш», Ехова, Хүүгээрээ болон боолын ангиар дамжуулан сургаал хийгээд биеэ хэрхэн авч явах асуудлаар шаардлагатай цагт нь өөрийн хүмүүсийг удирдан чиглүүлсэн. Бидэнд хандан: «Та нар баруун тийшээ эргэсэн ч, зүүн тийшээ эргэсэн ч, ард чинь дуугарах „Энэ бол зам. Үүгээр алхагтун“» гэж хэлсэн үгийг бид хамтдаа сонсож байгаа мэт болдог (Исаиа 30:20, ШЕ, 21). Түүнээс гадна хүмүүс Библи болон Библид үндэслэсэн хэвлэлүүдийг бие даан анхааралтай уншихдаа тэнд тусгагдсан санаанууд чухам л өөрсдөд нь хамаатай болохыг мэдэрдэг. Тийм ээ, Бурхны удирдлага, зөвлөгөө бидний хувьд зохистой цагт ирж, сорилтыг даван, зөв мэргэн шийдвэр гаргахад маань тусалдаг.

Зөв хооллож хэвшигтүн

13. Сүнслэг хоол ундыг буруу идэж уух ямар зуршил байдаг вэ?

13 Зохистой цагт нь өгч байгаа «хоол унднаас» илүү их ашиг хүртэхийн тулд зөв хооллож хэвших хэрэгтэй. Библи уншиж, бие даан судлах цагийн хуваарь гарган, түүнийгээ мөрдөж ажиллах нь чухал. Та сүнслэг хоол ундаа зөв идэж уун, тогтмол хугацаанд бие даан гүнзгийрүүлэн судалж хэвшсэн үү? Эсвэл та бидэнд зориулж нямбайлан бэлдсэн материалыг хоолоо яаруу сандруу идэж байгаа юм шиг өнгөцхөн гүйлгэн унших юм уу, эсвэл зарим хоолоо ерөөсөө огт иддэггүй шиг заримыг нь уншилгүй өнгөрдөг үү? Буруу хооллодгоосоо болоод зарим хүний итгэл суларсан төдийгүй, зарим нь үнэнээс бүр мөсөн холдон явсан ажээ (1 Тимот 1:19; 4:15, 16).

14. Сайн мэддэг юм шиг санагдсан материалыг ч гэсэн хянамгай судлах нь яагаад ашигтай вэ?

14 Хэн нэг нь өөрийгөө үндсэн сургаалуудыг аль хэдийн мэдчихсэн ба сүүлийн үеийн өгүүллүүдэд цоо шинэ зүйл гарахгүй гэж боддог байж болох юм. Тийм учраас нарийн дэглэмээр хичээллэж, цуглаануудад тогтмол очих шаардлагагүй гэж үздэг. Гэтэл сурч мэдсэн зүйлээ эргэн санаж байх шаардлагатайг Библи хэлдэг (Дуулал 119:95, 99; 2 Петр 3:1; Иуда 5). Үндсэн хэдэн материалаар янз бүрийн сайхан хоол хийж чаддаг сайн тогооч лугаа адил «итгэмжит ухаалаг боол» биднийг төрөл бүрийн шим тэжээлтэй сүнслэг хоол ундаар хангадаг. Тэр ч байтугай урд нь өөр өгүүллүүдээр нэг биш удаа хэлэлцчихсэн сэдвүүдэд ч гэсэн алдаж боломгүй нарийн санаанууд байдаг. Уншсан материалаас ямар үр ашиг олж авах нь түүнийг судлахад хичнээн цаг, зүтгэл гаргаснаас ихээхэн хамаарна.

Уншиж, судалснаас гарах сүнслэг ашиг тус

15. Библийг уншиж, судлах нь Бурхны Үгийн илүү чадварлаг үйлчлэгч болоход бидэнд хэрхэн тусалдаг вэ?

15 Библи уншиж, судлах нь олон талын ашигтай. Бид христианы үндсэн үүргийнхээ нэгийг биелүүлэхийн тулд, тухайлбал, хүн бүр «ичих явдалгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч» болохын тулд тусламж авдаг (2 Тимот 2:15). Библийг хичнээн их уншиж, судална бидний оюун ухаан Бурхны санаагаар төдийчинээ дүүрнэ. Тэр цагт бид Еховагийн санаа зорилгын талаарх гайхамшигтай үнэнийг Паул шиг «[хүмүүст] Судраас ухуулан... тайлбарлан нотолж» ярьж чаддаг болно (Үйлс 17:2, 3). Бидний багшлах ур чадвар хийгээд үг яриа, сургаал зөвлөгөө маань сүнслэг талаараа улам илүү сайжрах болно (Сургаалт үгс 1:5).

16. Бурхны Үгийг уншиж, судалснаар хүн бүр ямар үр ашиг олох вэ?

16 Түүнээс гадна Бурхны Үгийг судлахад зориулж байгаа цаг маань амьдралаа Еховагийн замд илүү ойр болгох боломжийг бидэнд олгоно (Дуулал 25:4; 119:9, 10; Сургаалт үгс 6:20–23). Мөн номхон даруу, үнэнч шударга зан зэрэг сүнслэг чанарыг маань бэхжүүлж, баяр баясгаланг маань нэмэгдүүлнэ (Дэд хууль 17:19, 20; Илчлэлт 1:3). Хэрэв бид Библи уншиж, судлах явцдаа олж авсан мэдлэгээ амьдралдаа хэрэгжүүлэх аваас Бурхны сүнсний нөлөөг мэдрэх ба хийсэн үйлдсэн бүхэнд маань сүнсний үр жимс ихээр илрэх болно (Галат 5:22, 23).

17. Библийг хэрхэн уншиж, судалж байгаа маань Еховатай харьцах харьцаанд маань яаж нөлөөлдөг вэ?

17 Хамгийн чухал нь Бурхны Үгийг уншиж, судлахад зориулж, бусад юмнаас «зольж авсан» цаг Бурхантай тогтоосон харьцаагаа бэхжүүлэхэд маань асар их тус хүргэнэ. Паул итгэл нэгтнүүдээ «бүх сүнслэг мэргэн ухаан хийгээд ойлголт дотор Түүний [Бурхны] жинхэнэ [«нарийн зөв», ШЕ] мэдлэгээр бялхаасай... ...Эзэнд [«Еховад», ШЕ] зохистойгоор явж, бүх талаар Түүнд таалагдаасай» гэж залбирч байсан (Колоссай 1:9, 10). «Еховад зохистойгоор явахын» тулд бид ч мөн «бүх сүнслэг мэргэн ухаан хийгээд ойлголт дотор Түүний нарийн зөв мэдлэгээр бялхах» хэрэгтэй. Еховагаас ивээл хишиг, сайшаал магтаал авах эсэх маань Библийг бие даан уншиж, судалж байгаа байдлаас маань их хэмжээгээр хамаарах нь тодорхой.

18. Иохан 17:3-т бичсэн Есүсийн үгийг мөрдсөнөөр бид ямар ивээл хүртэх вэ?

18 «Цорын ганц үнэн Бурхан таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн» (Иохан 17:3). Энэ бол Бурхны Үгийг судлахын чухал болохыг хүмүүст ойлгуулахын тулд Еховагийн Гэрчүүдийн байнга ашигладаг зүйлүүдийн нэг юм. Мөн бидний хувьд ч гэсэн өөрсдөө Библийг бие даан судлах нь багагүй чухал гэдэг нь мэдээж. Бид мөнх амьдрах уу, үгүй юү гэдэг нь Ехова болон түүний Хүү, Есүс Христийн тухай мэдлэгийн маань өсөлтөөс хамаарна. Энэ нь чухам юу гэсэн үг вэ гэдгийг сайн бодоорой! Энэ нь Еховагийн тухай шинэ шинэ зүйл мэдэхэд төгсгөл байхгүй учир түүний тухай эцэс төгсгөлгүйгээр мэдсээр байх болно гэсэн үг! (Номлогчийн үгс 3:11; Ром 11:33).

[Зүүлт]

^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1995 оны 5-р сарын 1-ний дугаарын 20, 21-р хуудаснаас «Тэд Библийг хэзээ уншдаг ба энэ нь тэдэнд ямар ач тус өгдөг тухай» нэртэй өгүүллийг үзнэ үү (англи, орос).

Давтах асуулт

• Цагаа хэрхэн ашигладаг маань юуг харуулдаг вэ?

• Библи уншиж, судлахад цагийг юунаас «зольж авч» болох вэ?

• Сүнслэг «хоол унд» хэрхэн идэж ууж байгаагаа хянах хэрэгтэйн учир юу вэ?

• Ариун Судрыг уншиж, судлах нь ямар ач холбогдолтой вэ?

[Догол мөрийн асуулт]