Бэлгийн амьдралын талаар цэвэр ариун байдлаа хадгалж болно!
Бэлгийн амьдралын талаар цэвэр ариун байдлаа хадгалж болно!
«Түүний айлдваруудыг сахих явдал нь Бурхныг хайрлах хайр мөн» (1 ИОХАН 5:3, МБОХ 1996).
1. Өнөөдөр хүмүүсийн үйл хэрэгт ямар ялгаа ажиглагддаг вэ?
БУРХНЫ ард түмний үйл хэрэг нь Бурханд үйлчилдэггүй хүмүүсийнхээс эрс ялгарах цаг ирнэ хэмээн дээрээс онгод авсан зөнч Малахи олон жилийн өмнө зөгнөсөн. Зөнч: «Та нар зөв шударга ба хорон муугийн хоорондохыг, Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний хоорондохыг дахин ялгадаг болно» хэмээн бичжээ (Малахи 3:18). Энэ зөгнөл өнөөдөр биелж байна. Бурхны зарлигийг, тэр дундаа бэлгийн амьдралын талаар цэвэр ариун байхтай холбоотой шаардлагуудыг сахин мөрдөх нь ухаалаг бөгөөд зөв зүйтэй хэрэг юм. Гэхдээ энэ нь тэр болгон амар хялбар байдаггүй. Аврагдахын тулд христианууд их хүчин чармайлт гаргах хэрэгтэй хэмээн Есүсийн хэлсэн нь дэмий үг биш ээ (Лук 13:23, 24).
2. Бэлгийн амьдралын талаар цэвэр ариун байдлаа хадгалахад гадны ямар нөлөө бэрхшээл учруулдаг вэ?
2 Бэлгийн амьдралын талаар цэвэр ариун байдлаа хадгалахад яагаад тийм хэцүү байдаг вэ? Нэг шалтгаан нь гадны нөлөө юм. Зугаа цэнгэлийн ертөнц нь хууль бус бэлгийн харьцааг ямар нэгэн дур булаасан, тааламжтай хэрэг явдал ба нас бие гүйцсэний нотолгоо мэтээр үзүүлдэг бөгөөд ингэхдээ хорт үр дагаврыг нь үндсэндээ үл хэрэгсдэг байна (Ефес 4:17–19). Гол төлөв гэр бүл болоогүй хүмүүсийн хоорондох бэлгийн харьцааг үзүүлдэг. Кино болон телешоугаар тохиолдлын чанартай бэлгийн харьцааг дүрслэн харуулах нь элбэг байдаг. Ихэвчлэн бие биеэ хүндэтгэсэн халуун дулаан уур амьсгал байдаггүй. Тийм зүйлийг олон хүн хүүхэд байхаасаа л үздэг. Түүнээс гадна орчны хүмүүс өнөөгийн сексийн эрх чөлөөт ертөнцөд хөл нийлүүлэн алхахыг шаарддаг бөгөөд тэгээгүй хүнийг шоолох юм уу тэр ч байтугай доромжлох ч явдал байдаг (1 Петр 4:4).
3. Хүмүүс ямар шалтгаанаар садар самуун явдалд орооцолддог вэ?
3 Бэлгийн амьдралын талаар цэвэр ариун байдлаа хадгалахад хүний төрөлх чанар мөн саад болдог. Ехова хүнийг бэлгийн дур хүсэлтэйгээр бүтээсэн бөгөөд уг дур хүсэл хүчтэй байж болох юм. Дур хүсэл бодлоос маань ихээхэн хамаардаг бөгөөд садар самуун явдал Еховагийн бодол санаатай нийцгүй зүйл бодохтой холбоотой байдаг (Иаков 1:14, 15). Жишээ нь: Анагаах ухааны нэгэн сэтгүүлд саяхан нийтлэгдсэн судалгааны дүнгээс харахад анх бэлгийн харьцаанд орохдоо хүмүүсийн ихэнх нь сонирхолдоо хөтлөгдсөн байдаг ажээ. Нөгөө зарим нь болохоор өөрийнхөө үеийн ихэнх залуусыг бэлгийн амьдралд орчихсон гэж үзээд өөрөө бас охин насаа орхихыг хүссэнээс болдог аж. Харин гурав дахь нь дур тачаалаасаа, эсвэл «тэр үед жаахан согтуу байснаас» болсон гэж хэлжээ («British Medical Journal»). Хэрэв бид Бурханд таалагдахыг хүсвэл өөрөөр бодох ёстой. Бэлгийн амьдралын талаар цэвэр ариун байдлаа хадгалахад бидэнд ямар бодол туслах вэ?
Хатуу итгэл хэрэгтэй
4. Бэлгийн амьдралын талаар цэвэр ариун байдлаа хадгалахын тулд яах ёстой вэ?
4 Бэлгийн амьдралын талаар цэвэр ариун байдлаа хадгалах нь их үнэ цэнтэй зүйл гэдгийг бид ойлгох ёстой. Энэ бол элч Паулаас ромын христиануудад: «Бурхны хүсэл юу болохыг, тухайлбал сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батал» хэмээн бичсэнтэй тохирдог (Ром 12:2). Бэлгийн амьдралын цэвэр ариун байдлын үнэ цэнийг ухаарна гэдэг бол садар самуун явдлыг (ёс бус сексийг) Бурхны Үгэнд шүүмжилдэг гэдгийг мэдэх төдийгүй, шүүмжилдэгийн учир шалтгаан нь чухам юу вэ, үүнээс зайлсхийх нь ямар ач холбогдолтой вэ гэх зэргийг ойлгоно гэсэн үг юм. Эдгээрийн зарим шалтгааныг урьдах өгүүллээр хэлэлцсэн билээ.
5. Бэлгийн амьдралын хувьд христианууд цэвэр ариун байхыг хүсдэгийн хамгийн гол шалтгаан юу вэ?
5 Чухамдаа, жинхэнэ христианууд садар самуун явдлаас зайлсхийдгийн хамгийн гол шалтгаан бол Бурхантай тогтоосон тэдний харьцаа юм. Бидэнд юу нь хамгийн сайн болохыг Бурхан л мэддэгийг бид мэддэг. Түүнийг хайрлах хайр бузар мууг үзэн ядахад бидэнд тусалдаг (Дуулал 97:10). «Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлгийг» Бурхан өгдөг (Иаков 1:17). Тэр бидэнд хайртай. Түүнд дуулгавартай байснаараа бид түүнийг хайрлаж, бидний төлөө хийж байгаа бүхнийг нь үнэлж байгаагаа харуулдаг (1 Иохан 5:3). Бид Еховагийн шударга тушаалуудыг зөрчин, урмыг нь хугалж, өрийг нь өвтгөхийг хүсдэггүй (Дуулал 78:41). Бид түүнийг шүтэх ариун бөгөөд зөв шүтлэгийг муу хэлүүлэхээр биеэ авч явахыг хүсдэггүй (Тит 2:5; 2 Петр 2:2). Бэлгийн амьдралын хувьд цэвэр ариун байснаараа бид Бурхныг баярлуулдаг (Сургаалт үгс 27:11).
6. Сексийн асуудлаар баримталдаг үзэл бодлоо бусдад мэдэгдэх нь яагаад ашигтай вэ?
6 Бэлгийн амьдралын талаар цэвэр ариун байдлаа хадгалахаар нэгэнтээ шийдсэн бол уг шийдвэрээ бусдад мэдэгдэх хэрэгтэй. Энэ нь цаашид биднийг хамгаалах болно. Хүмүүст Еховагийн үйлчлэгч бөгөөд түүний өндөр хэм хэмжээг шийдвэртэйгээр дэмжин сахидаг гэдгээ мэдэгдэх хэрэгтэй. Энэ бол таны сонголт. Үүнээс таны амь, биеийн эрүүл мэнд хийгээд бидний маш ихээр эрхэмлэдэг тэнгэрийн Эцэгтэйгээ тогтоосон харьцаа хамаарна. Тийм учраас та гэм нүгэл үйлдэхгүй, шулуун шударга амьдрахаар санаа шулуудсанаа бусдад сайтар ойлгуулагтун. Бурхны зарчмыг дагаж мөрдөн, түүнийг төлөөлж байгаагаараа бид бахархаж болно (Дуулал 64:10). Сексийн талаарх өөрийн итгэл үнэмшлийг бусадтай ярилцахдаа ичих хэрэггүй. Хэрэв та энэ талаар илэн далангүй яривал энэ нь таныг бэхжүүлж хамгаалах ба бусад хүн таны жишээг дагаж дуурайхад түлхэц болно (1 Тимот 4:12).
7. Цэвэр ариун байх шийдвэрээ бид хэрхэн хадгалж болох вэ?
7 Бэлгийн ёс суртахууны өндөр хэм хэмжээг сахин мөрдөхөөр шийдэн, уг байр сууриа бусдад мэдүүлсэнийхээ дараа бид шийдвэртээ тохирсон арга хэмжээ авч хэргэжүүлэх ёстой. Үүнийг хэрэгжүүлэх нэг арга зам бол найз нөхдөө сонгохдоо маш хянамгай байх явдал юм. «Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно» гэж Библид байдаг. Таны эрхэмлэдэг ёс суртахууны ач холбогдлыг ойлгодог хүмүүстэй харьцаа тогтоох хэрэгтэй. Тийм хүмүүс танд эрч хүч нэмнэ. Энэ зүйлд бас: «Харин мунхаг хүмүүстэй нөхөрлөгч нь хохирол амсана» гэж бичсэн буй (Сургаалт үгс 13:20). Шийдвэрийг тань сулруулж болохоор хүмүүсээс аль болохоор зайлсхийж байгаарай (1 Коинт 15:33).
8. а) Оюун санаагаа ашигтай зүйлсээр тэжээх хэрэгтэйн учир юу вэ? б) Юунаас зайлсхийх хэрэгтэй вэ?
8 Түүнээс гадна бид үнэн, чухал, шударга, ариун, тааламжтай, сайнаар хэлэгдэх, буянтай, магтууштай зүйлээр оюун санаагаа тэжээх хэрэгтэй (Филиппой 4:8). Үзэж, уншиж, сонсож байгаа зүйлээ зөв сонгосноороо бид энэ шаардлагыг хангадаг. Садар самууныг сурталчилсан ном хэвлэл гаж нөлөө үзүүлэхгүй гэж хэлэх нь ёс суртахууны өндөр хэм хэмжээтэй ном хэвлэл ямар ч сайн нөлөө үзүүлэхгүй гэж хэлэхтэй адил болой. Төгс бус хүн садар самуун явдал уруу амархан хальтирч ордогийг санаарай. Бэлгийн сэрэл хөдөлгөдөг ном, сэтгүүл, кино, хөгжим зэрэг нь эцэстээ нүгэл үйлдэхэд хүргэж болохоор буруу хүсэл төрүүлдэг. Бэлгийн амьдралын талаар цэвэр ариун байдлаа хадгалахын тулд бид оюун санаагаа Бурханд таалагддаг мэргэн ухаанаар дүүргэх ёстой (Иаков 3:17).
Садар самуун явдал уруу хөтөлдөг алхмууд
9—11. Соломоны хэлснээр залуу хархүүг садар самуун явдал уруу ямар алхмууд аажим аажмаар хөтлөн аваачсан бэ?
9 Садар самуун явдал уруу хөтөлдөг алхмуудыг таньж тогтоох нь ихэнхдээ хэцүү биш байдаг. Алхам бүр нь буцах замыг хүнд хэцүү болгодог. Үүнийг Сургаалт үгс 7:6–23-т тэмдэглэсэн байдаг. Соломон «зүрхний дутагдалтай залууг» (ШЕ), өөрөөр хэлбэл муу явдалтай залууг ажигласан. Өнөөх залуу «тэр эмэгтэйн [янхны] гэрт ойр байдаг гудамжийг хөндлөн гарч, гэр уруу нь зүглэв. Ингэхдээ үдшийн бүрий ба оройн цагаар, шөнө дунд, харанхуйгаар ажээ». Энэ нь түүний анхны алдаа юм. Үдшийн бүрийгээр «зүрх» нь түүнийг ямар нэгэн гудамж уруу бус, харин янхан бүсгүйтэй учирч болдог өөрийнх нь мэддэг тэр гудамж уруу хөтөлжээ.
10 Цааш нь: «Эмэгтэй ч түүнийг угтан гарч ирлээ. Янхан мэт хувцасласан ба зүрх нь зальхай байлаа» гэж бичсэн байдаг. Тэгээд тэр түүнийг харав! Залуу буцаад гэр уруугаа явж болох байсан ч одоо нэгэнт ёс суртахууны талаар цэвэр байх сэтгэлийн тэнхээгүй болсон учир энэ нь түүнд амаргүй болжээ. Бүсгүй түүнийг барьж аваад үнсэв. Үнсэхэд нь мансуурч согтсон тэр, бүсгүйн: «Надад эвийн тахил бий. Би өнөөдөр ам тангаргаа биелүүллээ» гэж хэлсэн уруу татсан уран цэцэн үгийг сонсов. Эвийн тахилд мах, гурил, тос, дарс ордог байв (Левит 19:5, 6; 22:21; Тооллого 15:8–10). Тэр эмэгтэй дээрх үгээрээ өөрийгөө сүнслэг талаар ядуу биш гэдгээ мэдүүлэх гэсний зэрэгцээ гэрт нь янз бүрийн амтат хоол, унд байгааг мэдүүлэх гэсэн байж болох юм. «Ирээч. Өглөө хүртэл хайр дурлалаа бүрэн эдэлье» гэж бүсгүй түүнийг ятгав.
11 Энэ бүхэн юугаар төгссөнийг таахад хэцүү биш. «Тэр олон уран үгээрээ мөнөөх эрийг уруу татав». Залуу эр «нядлагдах гэж буй шар мэт», «урхинд орохоор яаран байгаа жигүүртэн мэт» бүсгүйн араас даган гэрт нь оров. Соломон: «Үүнийг амиараа төлнө гэдгээ тэр эс мэднэ» хэмээн дүгнэж хэлсэн нь эргэцүүлж бодох ёстой үг юм. «Садарлагчид болон завхайрагчдыг Бурхан шүүх» учраас амь нь урхинд орсон хэрэг ажээ (Еврей 13:4, ШЕ). Эрэгтэй эмэгтэй гэлгүй бид бүгдэд юутай сургамжтай үг вэ! Бид Бурхны хайр хишгийг алдах зам уруу хөтөлдөг анхдагч алхам бүрээс цээрлэх хэрэгтэй.
12. а) «Зүрхний дутагдалтай» гэдэг үг ямар утгатай вэ? б) Ёс суртахууны талаар бат бөх байхад юу хэрэгтэй вэ?
12 Дээр дурдсан залуу хархүү «зүрхний дутагдалтай» байсан гэдэгт анхаарлаа хандуулагтун. Энэ үг залуугийн бодол санаа, хүсэл сонирхол, зүрхний тэмүүлэл, сэтгэл хөдлөл, амьдралын зорилго зэрэг нь Бурхны таалдаг зүйлтэй тохирохгүй байсныг харуулж байна. Ёс суртахууны доголдол нь эмгэнэлт үр дагавар авчирсан. Өнөөгийн хэцүү «эцсийн өдрүүдэд» ёс суртахууны талаар бат бөх байхад хичээл зүтгэл хэрэгтэй (2 Тимот 3:1). Энэ талаар Бурхан бидэнд тусалдаг. Тэрбээр, зөв замаар замнахыг урамшуулан зоригжуулдаг бөгөөд зорилго нэгтэй хүмүүстэйгээ харьцаж байх боломж олгодог Еховагийн Гэрчүүдийн цуглаанууд зохион байгуулж явуулах талаар санаа тавьж тусалдаг (Еврей 10:24, 25). Еховагийн Гэрчүүдийн дунд биднийг хариулж, зөв замд сургадаг ахлагч нар байдаг (Ефес 4:11, 12). Бид Бурхны Үг, Библитэй бөгөөд энэ нь бидэнд удирдамж заавар болдог (2 Тимот 3:16). Түүнээс гадна бид туслуулахаар дуртай цагтаа Бурхны сүнсийг гуйн залбирах боломжтой (Матай 26:41).
Давидын нүглээс суралцах нь
13, 14. Давид хаан хэрхэн ноцтой нүгэл үйлдсэн бэ?
13 Харамсалтай нь Бурхны гарамгай үйлчлэгчид хүртэл садар самуун явдалд орооцолдсон байдаг. Тийм хүмүүсийн нэг нь Еховад олон арван жил үнэнч үйлчилсэн Давид хаан байлаа. Тэрбээр Бурханд хязгааргүй хайртай байсан нь эргэлзээгүй. Гэвч тэрбээр нүглийн зам уруу яваад орчихжээ. Давид, Соломоны бичсэн залуу хархүүгийн адил нүгэлд хүргэсэн алхмууд хийсэн бөгөөд дараа нь түүнийг улам лавшруулсан юм.
14 Тэр үед Давид 50-иас нэг их хэтрээгүй, дунд хирийн настай байсан бололтой. Тэрбээр ордныхоо дээвэр дээрээс угаал үйлдэж буй үзэсгэлэнт бүсгүй Батшебаг харжээ. Тэгээд түүний талаар лавлан сонирхож, хэн болохыг нь мэдэв. Мөн түүний нөхөр Уриа Аммоны хот Раббаг бүслэх тулалдаанд оролцож байгааг ч тодруулав. Давид бүсгүйг ордондоо авчруулан, түүнтэй унтжээ. Дараа нь асуудал хүндэрсэн. Юу гэвэл Батшеба Давидаас хүүхэдтэй болсноо мэджээ. Уриа эхнэртэйгээ нэг шөнийг ч болов өнгөрүүлэх болов уу гэж найдан түүнийг дайны талбараас дуудуулав. Энэ нь Уриа бол Батшебагийн хүүхдийн эцэг гэсэн сэтгэгдэл төрүүлэх гэсэн зорилготой байлаа. Гэвч Уриа гэртээ харьсангүй. Нүглээ нуух гэж аргаа барсан Давид Уриаг Рабба уруу буцаан явуулахдаа түүгээр цэргийн жанжинд захиа илгээсэн байна. Уг захидалд, Уриаг аюултай хэцүү газар тавихыг тушаажээ. Уриа алагдсан бөгөөд Батшебаг жирэмсэн болсныг нь олон түмэн мэдэхээс өмнө Давид түүнтэй гэрлэжээ (2 Самуел 11:1–27).
15. а) Давидын нүгэл хэрхэн илэрсэн бэ? б) Уран аргаар илэрхийлсэн Натаны зэмлэлийг Давид хэрхэн хүлээж авсан бэ?
15 Давид нүглээ нууж чадлаа гэж бодсон байх. Хэдэн сар өнгөрч, хүү төрөв. Хэрэв Давид «Дуулал» номын 32-р бүлэгт энэ тухай бичсэн бол эндээс түүний сэтгэл шаналж байсан нь харагддаг (Дуулал 32:3–5). Хэдий тийм ч Бурхнаас нүгэл нуух боломжгүй байв. Библид: «Давидын үйлдсэн хэрэг нь Эзний [«Еховагийн», ШЕ] өмнө бузар муу байв» гэж бичсэн байдаг (2 Самуел 11:27). Ехова үйлдсэн нүглийг нь уран аргаар ойлгуулсан зөнч Натаныг Давид уруу илгээсэн. Давид шууд л гэмшиж байгаагаа илэрхийлэн, өршөөхийг гуйн Еховад хандан залбирсан. Чин сэтгэлээсээ гэмшсэн нь түүнийг Бурхантай эвлэрэх боломж олгосон (2 Самуел 12:1–13). Зэмлэхэд нь Давид гомдоогүй. Харин ч Дуулал 141:5-д: «Зөв шударга хүн намайг энэрэн цохиж, намайг зэмлэг. Энэ нь толгойн тос мэт билээ. Толгойг минь үүнээс бүү татгалзуулаач. Учир нь миний залбирал хорон муу үйлсийнх нь эсрэг хандсаар байна» хэмээн бичсэнчлэн сэтгэл санаатай байв.
16. Соломон гэм нүгэлтэй холбоотой ямар сануулга, зөвлөгөө өгсөн бэ?
16 Давид Батшеба хоёрын хоёр дахь хүү Соломон эцгийнхээ амьдралд тохиолдсон энэхүү гунигт түүхийг эргэцүүлэн бодсон биз ээ. Тэрбээр хожим: «Гэм нүглээ нуун далдлагч хэзээ ч амжилтад хүрэхгүй. Харин гэм нүглээ хүлээн зөвшөөрч, тэдгээрийг мартдаг хүн хайр энэрлийг хүртэнэ» хэмээн бичсэн (Сургаалт үгс 28:13). Хэрэв бид ноцтой нүгэл үйлдэх аваас сануулга ба зөвлөгөөний аль аль нь болох Бурхнаас өгсөн энэхүү сургамжийг мөрдөх шаардлагатай. Тийм тохиолдолд гэмшиж байгаагаа Еховад илэрхийлээд, хурлын ахлагч нараас тусламж гуйх хэрэгтэй. Ахлагч нарын гол үүргүүдийн нэг нь нүгэл үйлдсэн хүмүүст туслах явдал юм (Иаков 5:14, 15).
Нүглийн үр дагаврыг тэсэж гарах нь
17. Ехова нүглийг уучилдаг ч юунаас хамгаалдаггүй вэ?
17 Ехова Давидыг уучилсан. Яагаад? Яагаад гэвэл Давид шулуун шударга, бусдад энэрэнгүй сэтгэл гаргадаг, үйлдсэн нүгэлдээ чин сэтгэлээсээ гэмшдэг хүн байсан. Гэсэн хэдий ч үйлдсэн нүглийнх нь гунигт үр дагавар Давидыг тойроогүй (2 Самуел 12:9–14). Үүнтэй адил зүйл өнөөдөр ч гэсэн болдог. Ехова нүглээ наманчилсан хүмүүст хэдийгээр муу юм хийдэггүй ч гэсэн буруу хэргийнх нь үр дагавраас тэднийг хамгаалдаггүй (Галат 6:7). Садар самуун явдлын үр дагавар гэвэл гэр бүл салж сарних, хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замаар халдварладаг өвчин тусах, итгэл болоод нэр хүндээ алдах зэрэг байж болно.
18. а) Паул бэлгийн ёс суртахууны ноцтой алдаа гаргасан хүнийг хэрхэх тушаал Коринт хотын хуралд өгсөн бэ? б) Ехова нүгэлтэнд хайр ба энэрлээ хэрхэн үзүүлдэг вэ?
18 Хэрэв бид ноцтой нүгэл үйлдвэл үйлдсэн нүглийнхээ үр дагавраас болоод сэтгэл санаагаар амархан унадаг. Хэдий тийм ч нүглээ наманчилж, Бурхантай эвлэрэхэд маань биднийг арагш нь чангаах юу ч байх ёсгүй. Нэгдүгээр зууны үед Паул коринтчуудад цус холилдохтой холбоотой нүгэл үйлдсэн хүнийг хурлаас хөөхийг шаардсан захидал бичиж байсан (1 Коринт 5:1, 13). Тэр хүнийг чин сэтгэлээсээ нүглээ наманчилсных нь дараа Паул «түүнийг уучилж, тайвшруулах» тушаалыг хуралд өгсөн (2 Коринт 2:5–8). Бурхнаас өгсөн энэхүү сургамжаас гэмшсэн нүгэлтнийг Ехова хэрхэн энэрч хайрладаг нь харагдаж байна. Нүгэлтэн гэмшихэд тэнгэр элчүүд ч баярлацгаадаг (Лук 15:10).
19. Буруу явдалдаа зохих ёсоор харамсах нь ямар үр ашиг өгч болох вэ?
19 Буруу замаар явах нь гунигт хэрэг мөн боловч хийсэн зүйлдээ харамсах нь «болгоомжтой байж, бузар муу уруу [дахин] эргэхгүй» байхад бидэнд тусалдаг (Иов 36:21). Үнэндээ, нүглийн гашуун үр дагавар нь алдаагаа давтахаас биднийг хамгаалах ёстой. Түүнээс гадна бусдыг сургамжлахын тулд Давид нүгэлт үйл хэргийнхээ гунигт түүхийг ашигласан байдаг. Тэрбээр: «Би нүгэлтнүүдэд Таны замуудыг заах бөгөөд нүгэлтнүүд Тан уруу буцаж эргэх болно» гэж бичсэн (Дуулал 51:13).
Еховад үйлчилсэнээр жаргал эдэлдэг
20. Бурхны зөв шударга шаардлагыг сахин мөрдөх нь ямар ач холбогдолтой вэ?
20 «Бурхны үгийг сонсоод сахигчид нь илүү ерөөлтэй еэ! [«жаргалтай яа!», ШЕ] гэж Есүс хэлсэн (Лук 11:28). Бурхны зөв шударга шаардлагыг сахих нь эдүгээ цагт ч, мөнхийн ирээдүйд ч аз жаргал авчирна. Хэрэв бид өнөөдрийг хүртэл бэлгийн амьдралын талаар цэвэр байдлаа хадгалсаар ирсэн бол бидэнд туслахад зориулан Еховагаас олгож байгаа бүхнийг ашиглан энэ замаараа цааш үргэлжлэн замнаж болно. Хэрэв бид садар самуун явдалд холбогдсон бол чин үнэнээсээ гэмшсэн хүнийг Ехова уучлахад бэлэн байдаг гэдгийг мэдэх учраас тайвширч, ийм нүгэл дахин давтан үйлдэхгүй байхаар хатуу шийдэцгээе (Исаиа 55:7).
21. Элч Петрийн ямар сануулга бэлгийн амьдралын талаар цэвэр байдлаа хадгалахад маань тусалдаг вэ?
21 Тун удахгүй энэхүү ёс бус ертөнц бүх садар самуун үзэл бодол, үйл хэргийнхээ хамт үгүй болно. Бэлгийн амьдралын талаар цэвэр ариун байдлаа хадгалах нь одоо ба ирээдүйн аль алинд бидэнд тустай. Элч Петр: «Тиймээс хайртууд минь, та нар эдгээрийг хүлээж буй учраас амар амгалан дотор болон толбогүй бөгөөд гэм зэмгүйгээр Түүнд олдохыг хичээгтүн. ...Та нар үүнийг урьдаас мэдэж, өөрсдийгөө сэргийл. Эс тэгвэл та нар ёс зарчимгүй хүмүүсийн төөрөгдөлд автаж, тогтвортой байдлаа алдчих вий» гэж бичсэн (2 Петр 3:14, 17).
Та тайлбарлаж чадах уу?
• Бэлгийн амьдралын талаар цэвэр байдлаа хадгалахад яагаад хэцүү байдаг вэ?
• Ёс суртахууны өндөр хэм хэмжээг шийдвэр төгс мөрдөхөд маань юу юу тусалдаг вэ?
• Соломоны дурссан залуу хархүүгийн үйлдсэн нүгэл бидэнд ямар сургамж болох вэ?
• Давидын жишээ гэмшихтэй холбоотой асуудлаар бидэнд ямар сургамж өгдөг вэ?
[Догол мөрийн асуулт]