Skip to content

Гарчиг руу орох

Бэлгийн харьцааны талаарх Бурханд таалагддаг үзэл бодол

Бэлгийн харьцааны талаарх Бурханд таалагддаг үзэл бодол

Бэлгийн харьцааны талаарх Бурханд таалагддаг үзэл бодол

«Би бол чиний Бурхан Эзэн мөн. Би чамд тустайг сурган, чамайг явах ёстой замаар чинь удирддаг» (ИСАИА 48:17).

1, 2. а) Бэлгийн харьцааны асуудлаар хүмүүсийн баримталдаг нийтлэг үзэл бодол юу вэ? б) Христианууд бэлгийн харьцааны асуудлаар ямар үзэл бодолтой байдаг вэ?

 ӨНӨӨДӨР бэлгийн харьцааны асуудлыг дэлхийн олон улс оронд хүний хувийн хэрэг гэж үздэг болсон байна. Хүмүүсийн үзэл бодлоор бол бэлгийн харьцаа нь байгалиас заяасан хайр сэтгэлийн илрэл бөгөөд уг харьцаанд заавал эхнэр нөхөр гэхгүйгээр хүссэн үедээ хэзээ ч орж болох ажээ. Хэрэв бусдад хохирол учруулахгүй л бол биеэ яаж авч явахаа хүн өөрөө шийдэх нь хэвийн зүйл гэж тэд үздэг. Тэдний үзэл бодлоор ёс суртахууны, ялангуяа бэлгийн амьдралтай холбоотой асуудлыг хэн ч шүүх ёсгүй ажээ.

2 Еховагийн тухай мэдлэгтэй болсон хүмүүс энэ талаар өөр үзэл бодолтой байдаг. Тэд Еховаг хайрлаж, түүнд таалагдахыг хүсдэг учраас Библийн зарчмыг сахиж мөрдөхдөө баяртай байдаг. Ехова өөрсдийг нь хайрладаг бөгөөд тэдэнд тустай, аз жаргалын үндэс болдог удирдлага өгдөг гэдгийг тэд ойлгодог (Исаиа 48:17). Бурхан бол амийн Эх булаг учраас биеэ хэрхэн авч явах талаар түүний удирдлагыг сахиж мөрдөх нь ухаалаг хэрэг болох бөгөөд ялангуяа энэ нь үр удмаа үлдээхтэй нягт холбоотой бэлгийн харьцааны асуудалд онцгой ач холбогдолтой юм.

Бүтээгчийн бэлэг

3. Христийн шашны ертөнцийн олон шүтэгч бэлгийн харьцааны асуудлаар ямар сургаал заадаг ба энэ нь Библийн сургаалтай хир зохицдог вэ?

3 Өнөөгийн сүсэггүйчүүдээс христийн шашны ертөнцийнхний ялгагдах ялгаа нь гэвэл тэдний зарим төлөөлөгчид бэлгийн харьцааг ичгүүртэй, нүгэлт хэрэг мөн бөгөөд Еден цэцэрлэгт үйлдсэн «анхны нүгэл» бол Ева Адамыг бэлгийн харьцаанд уруу татсан явдал юм гэж сургадаг. Ийм үзэл бодол Бурхны онгод оруулан бичүүлсэн Судартай зөрчилддөг. Библид анхны хүмүүн хосыг «хүн ба түүний эхнэр» гэж тэмдэглэсэн байдаг (Эхлэл 2:25). Бурхан тэднийг хүүхэдтэй болохыг тушаан: «Өсөн нэмэгдэж, өнөр өтгөн бол» хэмээн зарлиг буулгасан (Эхлэл 1:28). Хэрэв Бурхан эхлээд Адам Ева хоёрыг хүүхэдтэй бол гэж тушаачихаад, дараа нь уг тушаалыг нь биелүүлсний төлөө тэднийг шийтгэвэл утгагүй хэрэг болно (Дуулал 19:8).

4. Бурхан ямар учраас хүмүүсийг бэлгийн харьцааны шаардлагатайгаар бүтээсэн бэ?

4 Бидний өвөг дээдэст эхэлж өгөөд дараа нь Ноа болон түүний хөвгүүдэд дахин давтан өгсөн уг зарлигаас бэлгийн харьцааны гол зорилго бол хүүхэдтэй болох явдал юм гэдэг нь харагдаж байна (Эхлэл 9:1). Гэвч гэр бүл болсон Бурхны үйлчлэгчид зөвхөн ийм зорилгоор л бэлгийн харьцаанд ордоггүйг түүний Үг харуулдаг. Уг харьцаа нь хос хоёрын сэтгэл санаа болон бие махбодын хэрэгцээ шаардлагыг зохих ёсоор хангахын зэрэгцээ тэдэнд таашаал өгдөг. Энэ бол тэдний хувьд бие биедээ хамгийн нандин сэтгэлээ илэрхийлэх арга юм (Эхлэл 26:8, 9; Сургаалт үгс 5:18, 19; 1 Коринт 7:3–5).

Бурхнаас тогтоосон хязгаарлалт

5. Бэлгийн амьдралын асуудал дээр Бурхан ямар хориг тавьсан бэ?

5 Бэлгийн дур хүсэл бол Бурхнаас өгсөн бэлэг боловч энэ нь хэмжээ хязгааргүй байх ёсгүй. Энэ зарчим нөхөр эхнэр хоёрын хувьд ч хамаатай (Ефес 5:28–30; 1 Петр 3:1, 7). Гэр бүлийн гадуурх бэлгийн харьцааг хориглодог. Библи үүнд онцгой анхаарал хандуулсан байдаг. Бурхнаас израильчуудад өгсөн хуульд: «Чи бүү завхайр» гэж байдаг (Египетээс гарсан нь 20:14). Хожим, Есүс зүрхэнд үүдэн бий болж, хүнийг бузарладаг «хорон муу бодолд» «садар самуун явдал» хийгээд «завхайрлыг» оруулсан (Марк 7:21, 22). Онгодоор хөтлүүлсэн элч Паул: «Садар самуун явдлаас зугтан явагтун» хэмээн Коринтын христиануудад анхааруулж хэлсэн (1 Коринт 6:18). Мөн еврейчүүдэд бичсэн захидалдаа Паул: «Гэр бүл олны дунд нэр хүндтэй байг. Ор дэр нь ч бузартаагүй байг. Учир нь садарлагчид болон завхайрагчдыг Бурхан шүүнэ» гэж бичжээ (Еврей 13:4, ШЕ).

6. Библид бичсэнээр «садар самуун явдал» гэдэг үг хэллэг өөр ямар утгатай байж болох вэ?

6 «Садар самуун явдал» гэж юу вэ? Энэ бол зарим тохиолдолд гэр бүл болоогүй хүмүүсийн хоорондох бэлгийн харьцааг илэрхийлдэг порнея гэдэг грек үг юм (1 Коринт 6:9). Матай 5:32 болон 19:9 гэх мэтийн өөр газар энэ үг хэллэг нь ханийн итгэл эвдэх, цус холилдох болон малтай хурьцах зэрэг илүү өргөн утга илэрхийлсэн байдаг. Порнея гэдэгт гэр бүл болоогүй хүмүүс хоорондоо амаар болон хошногоор секс хийх юмуу нөгөө хүнийхээ бэлэг эрхтнийг илж таалах зэрэг сексийн бусад оролдлого, үйл ажиллагаа бас ордог. Энэ бүх үйл ажиллагааг Бурхны Үг шууд ба шууд бусаар буруушаан шүүсэн байдаг (Левит 20:10, 13, 15, 16; Ром 1:24, 26, 27, 32).

Бэлгийн харьцаатай холбоотой Бурхны хуулийн ач холбогдол

7. Бэлгийн ёс суртахууны цэвэр байдлаа хадгалах нь ямар ач холбогдолтой вэ?

7 Төгс бус хүмүүс бэлгийн харьцааны асуудлаар Еховагийн удирдлагыг дагахад амаргүй байж болох юм. XII зууны еврейн нэрт гүн ухаантан Маймонид: «Бүх Торад [Мосегийн хуульд] хамтын амьдралын хориглосон хэлбэр, хууль бус бэлгийн харьцаа зэргийн хорио цээрийг мөрдөхөөс хэцүү хорио цээр байхгүй» гэж бичжээ. Гэвч Бурхны удирдлагыг сахих нь их ач холбогдолтой (Исаиа 48:18). Жишээ нь: Энэ асуудалд дуулгавартай хандах юм бол бэлгийн замаар халдварладаг өвчнөөс өөрийгөө хамгаалж болно. Ийм өвчний дотор үл эмчлэгддэг, үхэлд хүргэдэг өвчин ч байдаг. * Мөн гэр бүлээсээ гадуур жирэмслэх бэрхшээл тохиолдохгүй. Түүнээс гадна асуудалд Бурханд таалагдах мэргэн ухаанаар хандах аваас мөс чанар маань цэвэр ариун үлдэнэ. Тийн хандсанаар бид өөрсдийгөө хүндэтгэхийн зэрэгцээ бусдын хүдэтгэлийг, тэр дундаа төрөл төрөгсөд, хань ижил, үр хүүхдийнхээ болон итгэл нэгтнүүдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээх болно. Тэрчлэн бид Бурханд тааламжит мэргэн ухааныг мөрдсөнөөр бэлгийн харьцааны асуудалд эрүүл саруул, эерэг сэтгэлээр хандах бөгөөд энэ нь гэр бүл аз жаргалтай байхад сайнаар нөлөөлнө. Нэгэн христиан эмэгтэй: «Бурхны Үгийн үнэн бол хамгийн сайн хамгаалагч юм. Би нөхөрт гарах цагаа хүлээж байгаа бөгөөд гэрлэх үедээ христиан нөхөртөө цэвэр ариун гэдгээ бахархалтайгаар хэлнэ» гэж бичжээ.

8. Цэвэр ариун байдал маань жинхэнэ шүтлэгт хэрхэн тус нэмэр болох вэ?

8 Түүнээс гадна бид ариун байдлаа хадгалснаараа жинхэнэ шүтлэгийн талаарх буруу төсөөллийг арилгаж, өөрсдийнхөө шүтдэг Бурхан уруу хүмүүсийн анхаарлыг хандуулах болно. Элч Петр: «Харь үндэстнүүдийн дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг хорон мууг үйлдэгчид гэж гүтгэвч, эцэст нь та нарын сайн үйлсийг хараад... Бурхныг алдаршуулах болно» хэмээн бичжээ (1 Петр 2:12). Еховад үйлчилдэггүй хүмүүс бидний ариун байдлыг хүлээн зөвшөөрч, сайшаан дэмжихгүй байлаа ч тэнгэрийн Эцэг маань удирдлагыг нь сахин мөрдөх гэсэн бидний зүтгэлийг харж, сайшаахаар барахгүй бүр талархана гэдэгт эргэлзэхгүй байж болно (Сургаалт үгс 27:11; Еврей 4:13).

9. Бурхны удирдамж зааврын учир шалтгааныг бүрэн ойлгоогүй ч гэсэн бид түүнд ямар учраас итгэх ёстой вэ? Тайлбарлана уу.

9 Бурханд итгэх гэдэг бол ямар нэгэн юм хийхийг тушаасных нь учрыг бүрэн сайн мэдэхгүй ч гэсэн бидэнд юу нь илүү сайн болохыг мэдэх түүнээс өөр нэгээхэн ч үгүй гэдэгт эргэлзэхгүй байх гэсэн үг юм. Мосегийн хуулийг жишээ болгон авъя. Цэргийн хуарантай холбоотой нэг заавар бол ялгадсаа хуарангийн гадна, газар ухаж булах явдал байлаа (Дэд хууль 23:13, 14). Энэхүү зааврын учир шалтгааныг израильчууд бүрэн ойлгохгүй, зарим нь илүүц зүйл гэж үзэж байсан байж болох юм. Гэвч энэ хууль, ундны усны эх булгийг бохирдлоос хамгаалж, шавьжаар дамжин халдварладаг олон өвчнөөс сэргийлэхэд ач тустай болох нь анагаах ухаанд хожим тодорхой болсон. Үүнтэй нэгэн адил эр эмийн бэлгийн амьдралын асуудлаар Бурхны тавьсан хэмжээ хязгаар нь оюун санааны, нийгмийн, сэтгэлийн, бие махбодын болон сэтгэл зүйн зэрэг учир шалтгаантай юм. Бэлгийн ёс суртахууны ариун байдлаа хадгалсан зарим хүний тухай Библийн зарим жишээнээс үзье.

Цэвэр ариун байдлаа хадгалсных нь төлөө Иосефийг ивээсэн нь

10. Хэн Иосефийг уруу татахыг оролдсон ба Иосеф хэрхэн хариулсан бэ?

10 Иаковын хүү Иосефийн түүхийг та лав сайн мэдэх байх аа. Тэрбээр 17 настай байхдаа Египетийн Фараоны бие хамгаалагчдын ахлагч Потифарт зарцлагдах болсон. Ехова Иосефийг ивээж, удалгүй тэрбээр Потифарын гэрийн даамлаар тохоон томилогдсон. 20 насандаа Иосеф «чийрэг сайхан биетэй, үзэсгэлэнтэй сайхан эр» болжээ. Потифарын эхнэрийн нүд Иосеф дээр унаж, түүнийг уруу татахыг оролдох болов. Хэрэв гуйлтыг нь биелүүлэх аваас эзнээсээ урвах төдийгүй «Бурхандаа нүгэл үйлдэх болно» хэмээн байр сууриа Иосеф түүнд тодорхой тайлбарлажээ (Эхлэл 39:1–9). Ингэх шалтгаан Иосефт юу байв?

11, 12. Садар самуун явдлыг хориглосон Бурхны хууль хараахан бичигдэж гараагүй байсныг тооцвол Иосефийн зан байдлыг хэрхэн тайлбарлаж болох вэ?

11 Иосеф хүмүүсээс айсандаа тийм шийдвэр гаргаагүй нь ойлгомжтой. Иосефийн гэр орныхон алс хол байсан бөгөөд аав нь түүнийг үхсэн хэмээн үзэж байв. Хэрэв Иосеф тэр эмэгтэйтэй унтаад садар явдал үйлдчихвэл гэр орныхон нь түүнийг хэзээ ч мэдэхгүй байх байв. Түүнээс гадна тийм нүгэл зарим үед гэрээс гараад явчихдаг байсан Потифар болон зарц нарт нь мэдэгдэхгүй байх боломжтой байлаа (Эхлэл 39:11). Гагцхүү тийм хэргийг Бурхнаас нуух боломжгүй гэдгийг Иосеф мэдэж байсан юм.

12 Иосеф Еховагийн тухай мэдэх зүйлээ эргэцүүлэн бодох ёстой байв. Еден цэцэрлэгт Еховагийн: «Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу» хэмээн тунхагласныг тэр мэдэж байсан нь эргэлзээгүй (Эхлэл 2:24). Түүнээс гадна өндөр эмээ Сараг нь уруу татах гэсэн филистиний хаанд Ехова юу хэлснийг Иосеф мэдэж байсан нь лавтай. Ехова хаанд: «Чи өөрийн авсан энэ эмэгтэйгээсээ болож үхнэ. Учир нь тэр эмэгтэй гэрлэсэн эмэгтэй гэв. ...Би чамайг мөн өөрийн эсрэг гэм хийлгээгүй. Тийм учраас Би чамайг түүнтэй ойртуулаагүй юм» (Эхлэл 20:3, 6). Тийнхүү тэр үед Еховагийн хууль бичигдээгүй байсан хэдий ч гэр бүлийн талаарх түүний санаа тодорхой байсан юм. Бэлгийн харьцааны талаарх Иосефийн ойлголт хийгээд Еховад таалагдах гэсэн хүсэл нь түүнийг садар самуун явдлаас татгалзахад хүргэжээ.

13. Иосеф Потифарын эхнэртэй өдөр бүр тааралдаж байсны учир юу байж болох вэ?

13 Гэвч Потифарын эхнэр «өдөр бүр» шургуу гуйж байсан боловч Иосеф түүнтэй унтсангүй. Иосеф түүнтэй өдөр бүр тааралддаг байсны учир юу вэ? Тэрбээр боол хүний хувьд янз бүрийн үүрэг даалгавар гүйцэтгэх ёстой байсан бөгөөд өөрт нь тохиолдсон нөхцөл байдлыг өчүүхэн төдий ч өөрчлөх боломжгүй байсан юм. Археологийн олдворыг судалж үзэхэд Египетийн байшингууд нь агуулах өрөөндөө зөвхөн гэрийн гол хэсгээр дамжин хүрэх зохион байгуулалттайгаар баригдсан нь харагддаг. Тийм болохоор Иосефт Потифарын эхнэртэй өдөр бүр тааралдахгүй байх ямар ч боломж байгаагүй ажээ (Эхлэл 39:10).

14. а) Потифарын эхнэрээс зугтан гарснаас хойш Иосефт юу тохиолдсон бэ? б) Үнэнч байсных нь төлөө Ехова Иосефийг яаж ивээсэн бэ?

14 Нэгэн удаа тэр хоёр гэрт хоёулхнаа үлджээ. Потифарын эхнэр, Иосефийг барьж аваад: «Надтай унтаач» гэж хашхирчээ. Иосеф зугтав. Хүсэлтийг нь үл зөвшөөрөн урмыг нь хугалсанд хорссон Потифарын эхнэр хүчиндэхийг завдлаа хэмээн Иосефийг буруутгажээ. Энэ гүтгэлэг юунд хүргэсэн бэ? Ехова үнэнч байсных нь төлөө Иосефийг шууд л шагнасан уу? Үгүй ээ. Түүнийг гав гинжээр дөнгөлөөд шоронд хорьсон (Эхлэл 39:12–20; Дуулал 105:18). Ехова энэхүү шударга бус явдлыг харсан ба эцэст нь Иосефийг шоронгоос ордонд аваачин өргөмжилжээ. Тэрбээр Египетийн хоёр дахь том хүн болсон бөгөөд эхнэр хүүхэдтэй болон ивээгдсэн (Эхлэл 41:14, 15, 39–45, 50–52). Түүнээс гадна Бурхны үйлчлэгчдэд санамж болгох үүднээс Иосеф хэрхэн цэвэр ариун байдлаа хадгалсан түүхийг 3 500 жилийн тэртээ бичиж үлдээжээ. Бурхны шударга хуулийг чанд баримтлагчдын тухайд юутай сайхан ивээл вэ! Түүнтэй нэгэн адил өнөөдөр бид цэвэр ариун байсныхаа үр өгөөжийг тэр болгон шууд хүртдэггүй ч гэсэн Ехова биднийг ажиглан харж, цаг нь болоход ивээнэ гэдэгт эргэлзэхгүй байж болно (Шастирын дэд 16:9).

Иов «нүдтэйгээ гэрээ хийсэн» нь

15. Иов «нүдтэйгээ гэрээ хийсэн» нь ямар утгатай байсан бэ?

15 Еховад үнэнч өөр нэгэн хүн бол Иов байлаа. Диаволын учруулсан сорилтын явцад Иов өнгөрүүлсэн амьдралаа эргэн санаад хэрэв аливаа асуудалд, тухайлбал бэлгийн амьдралын асуудлаар Еховагийн хуулийг зөрчсөн байх аваас би ямар ч хатуу цээрлэлийг хүлээхэд бэлэн гэж хэлсэн. Түүний хэлсэн нь: «Би нүдтэйгээ гэрээ хийсэн билээ. Тэгвэл би онгон охиныг хэрхэн бодож зүрхлэх байсан бэ?» (Иов 31:1). Үүгээр Иов, Бурханд үнэнч байдлаа хадгалах шийдвэр төгс байдал нь түүнийг эмэгтэй хүн уруу тачаадан харахыг зөвшөөрдөггүй байсныг хэлэхийг хүсжээ. Мэдээжээр Иов эмэгтэй хүнийг өдөр бүр харж байсан ба шаардлагатай үед тэдэнд тусалж байсан нь дамжиггүй. Гэвч янаглан амраглах зорилготойгоор эмэгтэй хүнийг «бодож зүрхлэх» нь хэмээс хэтэрсэн зүйл гэж Иов үзэж байв. Сорилт эхлэхээс өмнө Иов их эд хөрөнгөтэй бөгөөд «дорны бүх хүмүүсийн дундаас хамгийн агуу нэгэн байжээ» (Иов 1:3). Хэдий тийм боловч тэрбээр эд баялгаа бүсгүйчүүдийн дурыг булаах зорилгод ашигладаггүй байв. Иов хэзээ нэгэн цагт залуу охидтой цээртэй бэлгийн харьцаанд орно гэсэн бодлоор өөрийгөө зугаацуулж байгаагүй гэдэг нь ил харагддаг.

16. а) Христиан нөхөр эхнэрүүдэд Иов ямар учраас сайхан жишээ болсон бэ? б) Малахийн үед амьдарч байсан эрчүүдийн зан байдал Иовынхоос юугаараа ялгаатай байсан ба өнөөдрийн байдлын тухайд юу хэлж болох вэ?

16 Тийнхүү Иов цэвэр ариун байдлаа, тайван болоод хүнд бэрх цагийн аль алинд нь хадгалсан. Ехова үүнийг харсан бөгөөд түүнийг арвин ихээр ивээсэн (Иов 1:10; 42:12). Христиан нөхөр эхнэрүүдэд Иов ямар сайхан жишээ үзүүлсэн байна вэ! Ехова түүнд тийм хайртай байсанд гайхаад байх зүйл алга! Өнөөгийн хүмүүсийн зан байдал нь Малахийн өдрүүдийнхтэй илүү адилхан болоод байна. Зөнч, гол төлөв залуу бүсгүйтэй гэрлэх шалтгаанаар эхнэрээ орхин явж байсан эрчүүдийг эрс шүүмжилсэн. Еховагийн тахилын ширээ хаягдсан эхнэрүүдийн нулимсаар дүүрсэн бөгөөд Бурхан амьдралынхаа ханийн «эсрэг тэрсэлсэн» тэднийг зэмлэн буруушаасан (Малахи 2:13–16).

Онгон залуу бүсгүй

17. Шуламмит бүсгүй юугаараа «цоожлогдсон цэцэрлэгтэй» адил байсан бэ?

17 Цэвэр ариун байдлаа хадгалсан гурав дахь хүн бол Шуламмит бүсгүй билээ. Үзэсгэлэн төгөлдөр залуу бүсгүйд хоньчин хархүү төдийгүй Израилийн баян хаан Соломон хүртэл сэтгэл алдран дурлажээ. «Соломоны дуун» номд өгүүлдэг гайхалтай сонин түүхийн туршид Шуламмит бүсгүй орчин тойрныхоо хүмүүст нэр хүнд олохын оронд онгон хэвээрээ үлддэг. Бүсгүйд гологдсон Соломон түүхийг нь бичихээр онгодоор хөтлүүлжээ. Дурлалт хархүү нь бас л түүний ариун явдлыг бишрэн хүндэлсэн. Нэгэн газар тэр хархүү Шуламмит бүсгүйг «цоожлогдсон цэцэрлэгтэй» зүйрлэсэн байдаг (Соломоны дуун 4:12). Эртний Израилийн үзэсгэлэнт цэцэрлэгүүдэд олон төрлийн дур булаам жимс ногоо, анхилуун үнэртэй цэцэгс хийгээд сүрлэг сайхан модод ургадаг байжээ. Гол төлөв тийм цэцэрлэгийг гадуур нь хайс буюу ханаар хашсан байдаг ба дотогшоогоо зөвхөн цоожтой хаалгаар л орох боломжтой байв (Исаиа 5:5). Шуламмитын цэвэр ариун байдал хийгээд дур булаам үзэсгэлэн нь хоньчин хархүүгийн хувьд тийм ер бусын үзэсгэлэн төгөлдөр цэцэрлэгтэй зүйрлэм байжээ. Шуламмит бүсгүй бүх л талаараа цэвэр ариун байлаа. Түүний энхрий ялдам бүхэн нь зөвхөн ирээдүйнх нь нөхөрт л хүртээлтэй зүйл байсан юм.

18. Иосеф Иов Шуламмит нарын түүх бидэнд юун тухай сануулдаг вэ?

18 Шуламмит бүсгүй цэвэр ариун байдлаа хадгалах талаар өнөөгийн христиан эмэгтэйчүүдэд гайхалтай жишээ үзүүлсэн билээ. Ехова Шуламмит бүсгүйн эрхэм чанарыг харж үнэлэн, түүнийг Иосеф Иов хоёрыг ивээсэн шигээ ивээсэн. Бидэнд удирдамж болгох үүднээс тэдний шударга ариун явдлыг Бурхны Үгэнд бичжээ. Хэдийгээр өнөөдөр цэвэр ариун байдлаа хадгалах гэсэн хичээл зүтгэлийг маань Библид бичээгүй ч гэсэн хүсэл тааллыг нь биелүүлэхийг чармайдаг хүмүүсийн тухай «дурсгалын ном» Еховад байдаг. Хэрэв бид бэлгийн амьдралын талаарх Бурхны хуулийг биелүүлэх гэж чин сэтгэлээсээ хичээн зүтгэх аваас Ехова «анхаарал тавьж», баярладаг гэдгийг санаж явъя (Малахи 3:16).

19. а) Бэлгийн ёс суртахууны хувьд цэвэр ариун байдлын талаарх бидний хандлага ямар байх ёстой вэ? б) Дараагийн өгүүллэгээр ямар асуудал хэлэлцэх вэ?

19 Үл итгэгчид биднийг дооглон тохуурхаж болох боловч хайрт Бүтээгчдээ дуулгавартай байдагтаа бид баяр баясгалантай байдаг. Бид ёс суртахууны илүү хатуу буюу Бурханд таалагддаг ёс суртахууны хэм хэмжээг баримталдаг. Энэ бол бахархаж болохын зэрэгцээ эрхэмлэх ёстой зүйл юм. Бэлгийн ёс суртахууны хувьд цэвэр ариун байдлаа хадгалснаараа бид Еховагийн ивээлийг хүртэн баярлаж, ирээдүйд эцэс төгсгөлгүй ивээл хишиг хүртэнэ хэмээн найдаж болно. Харин цэвэр ариун байдлаа хадгалахын тулд юу хийх хэрэгтэй вэ? Энэ чухал асуудлыг дараагийн өгүүллээр хэлэлцэнэ.

[Зүүлт]

^ Харамсалтай нь, гэм буруугүй христианууд Бурхны хуулийг сахин биелүүлдэггүй итгэгч биш хань ижлээсээ бэлгийн замаар дамжин халдварладаг өвчин авах тохиолдол байдаг.

Тайлбарлаж чадах уу?

• Бэлгийн харьцааны асуудлаар Библи юу гэж заадаг вэ?

• Библид бичсэнээр «садар самуун явдал» гэдэг үг ямар утгатай вэ?

• Бэлгийн амьдралын хувьд цэвэр ариун байхын ач холбогдол юу вэ?

• Иосеф Иов Шуламмит нар өнөөгийн христиануудад сайн жишээ болдогийн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]