Христианууд үйлчлэхдээ жаргал эдэлдэг
Христианууд үйлчлэхдээ жаргал эдэлдэг
«Өгөх нь авахаасаа илүү жаргалтай» (ҮЙЛС 20:35, ШЕ).
1. Өнөөдөр ямар буруу хандлага газар аваад байна вэ? Энэ нь ямар учраас хортой вэ?
ӨНГӨРӨГЧ зууны сүүлийн арваад жил «би» гэх үзэл газар авсан. «Би» гэх үзэл нь үнэн чанартаа «би л болж байвал бусад хүн хамаагүй» гэсэн амин хувиа хичээсэн, сувдаг шунахай зан юм. 2000 онд «би» гэх үзэл багасахгүй нь эргэлзээгүй. «Энэ надад юу өгөх юм бэ?» гэх юм уу, эсвэл «Үүнээс надад ямар ашиг гарах вэ?» гэх зэрэг асуултыг хэдий болтол сонсох вэ? Үнэндээ амин хувиа хичээх үзэл нь хүнийг аз жаргалтай болгодоггүй. Тийм үзэл бол Есүсийн: «Өгөх нь авахаасаа илүү жаргалтай» хэмээн томёолсон зарчимд харш юм (Үйлс 20:35, ШЕ).
2. Өгснөөр жаргал эдэлдгийн жишээг хаанаас харж болох вэ?
2 Өгөх нь авахаасаа илүү жаргалтай гэдэг үнэн үү? Үнэн. Ехова Бурхны тухай бодоод үзье. Түүнд «амийн эх булаг» байдаг (Дуулал 36:9). Тэрбээр аз жаргалтай амьдарч, үр ашигтай ажиллаж хөдөлмөрлөхөд шаардлагатай бүх зүйлийг бидэнд өгдөг. Үнэндээ тэр бол «аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлгийн» Эх булаг юм (Иаков 1:17). Ехова бол байнга өгч байдаг «жаргалтай Бурхан» мөн (1 Тимот 1:11, ШЕ). Тэрбээр бүтээсэн хүмүүстээ хайртай бөгөөд тэдэнд өчнөөн их юм өгдөг билээ (Иохан 3:16). Хүмүүний гэр бүлийг аваад үзье л дээ. Хэрэв та хүүхэдтэй бол түүнийг өсгөж хүмүүжүүлэхэд хэчнээн юм золиосолж, юу өгдөгийг мэднэ. Гэтэл хүүхэд олон жилийн турш юу золиосолдгийг тань ойлгодоггүй. Авах ёстой юмаа авч байна л гэж боддог. Тэглээ ч гэсэн амь биеэ үл хайхран, хүчин чармайсныхаа ачаар хүүхдээ сайн сайхан явахыг хараад та жаргалтай байдаг. Яагаад? Яагаад гэвэл та түүнд хайртай.
3. Ехова болон итгэл нэгтнүүддээ үйлчлэх нь яагаад баяр хөөр авчирдаг вэ?
3 Дээрхийн адил жинхэнэ христиануудын тухайд өгөх нь хайр дээр үндэслэдэг бөгөөд тэдний онцлог шинж байдаг. Бид Ехова болон итгэл нэгтнүүддээ хайртай учраас тэдэнд өөрийгөө зориулж, үйлчлэхдээ баяр хөөртэй байдаг (Матай 22:37–39). Аминчхан үзлийн үүднээс Бурхныг шүтдэг хүмүүс эцсийн эцэст жинхэнэ баяр баясгалан эдэлдэггүй. Харин авахаасаа илүү өгөх зүйлийнхээ талаар үргэлж бодон, хувиа хичээлгүй үйлчилдэг хүмүүс жинхэнэ аз жаргал эдэлдэг. Хэрэв шүтлэгтэй маань холбоотой зарим үгийг Библид хэрхэн хэрэглэдгийг авч үзэх ахуул энэ үнэн тодорхой болно. Өнөөдрийн болон дараагийн өгүүллээр тийм гурван үгийн тухай ярилцах болно.
Олон түмэнд үйлчилдэг Есүсийн үйлчлэл
4. Христийн шашны ертөнцийнхний «олон түмэнд үйлчлэх үйлчлэл»-ийн мөн чанар юу вэ?
4 Шүтлэгтэй маань холбоотой эртний грек хэлний нэг чухал үг бол литургиа юм. Энэ үгийг монгол Библид «үйлчлэх» буюу «үйлчлэл», харин «Шинэ Ертөнцийн орчуулга»-д «олон түмэнд үйлчлэх» буюу «олон түмэнд үйлчлэх үйлчлэл» гэж орчуулжээ («New World Translation of the Holy Scriptures»). Христийн шашны ертөнцийхний хэрэглэдэг «литурги» гэдэг үг энэ үгнээс гаралтай бөлгөө. * Гэвч христийн шашны ертөнцийнхний нэр төдий литурги нь жинхэнэ ашигтай, олон түмэнд үйлчлэх үйлчлэл биш юм.
5, 6. а) Израильд олон түмэнд зориулан ямар үйлчлэл гүйцэтгэдэг байсан бэ? Үүний ач холбогдол юу байв? б) Израильд олон түмэнд үзүүлдэг байсан үйлчлэл өөр ямар гайхамшигтай үйлчлэлээр солигдсон бэ? Яагаад?
5 Элч Паул Израилийн тахилчдын талаар литургиа үгтэй холбоотой грек үгийг хэрэглэжээ. Тэрбээр: «Тахилч болгон өдөр бүр үйлчлэн [литургиа-гийн нэгэн хэлбэр], нүглийг хэзээ ч зайлуулж үл чадах өнөөх л тахилуудаа дахин дахин өргөсөөр зогсдог» (Еврей 10:11). Израильд тахилчдын гүйцэтгэж байсан олон түмэнд үйлчлэх үйлчлэл нь туйлын үнэ цэнтэй зүйл байсан юм. Тэд Бурхны хууль зааж, хүмүүсийн нүглийг бүтээх тахил өргөдөг байв (Шастирын дэд 15:3; Малахи 2:7). Тахилчид болон ард олон Еховагийн хуулийг сахин мөрдөж байсан тохиолдолд израильчууд баяр хөөртэй байх үндэстэй байлаа (Дэд хууль 16:15).
6 Мосегийн хуулийн дагуу Израилийн тахилчдын олон түмэнд үзүүлж байсан үйлчлэл нь үнэхээр нэр хүндтэй үйл байсан билээ. Гэтэл Израиль үнэнч бус байдлаасаа болоод Бурханд гологдсоноос хойш тахилчдын үйлчлэл ямар ч үнэ цэнгүй болсон (Матай 21:43). Харин Ехова үүний оронд өөр нэгэн гайхамшигтай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Энэ нь агуу Тэргүүн Тахилч Есүсээр гүйцэтгүүлдэг олон түмэнд үйлчлэх үйлчлэл юм. Есүс Христийн тухай Библид: «Тэр мөнхөд байдаг тул Өөрийн тахилчийн үүргийг байнга барьдаг. Тиймээс Тэр Өөрөөр нь дамжуулан Бурханд ойртогсдыг бүрэн төгс аврах чадвартай. Учир нь Тэр тэдний төлөө зуучлан залбирахын тулд үргэлж амьд байдаг» гэж бичсэн байна (Еврей 7:24, 25).
7. Есүсийн олон түмэнд үйлчлэх үйлчлэл яагаад хосгүй ач холбогдолтой вэ?
7 Есүс тахилчаар үүрд үйлчлэх бөгөөд түүнд залгамжлагч хэрэггүй. Тийм учраас хүмүүсийг зөвхөн тэр л бүрэн төгс аварч чадна. Тэрбээр олон түмэнд үйлчлэх энэхүү хосгүй үүргээ хүний гараар бүтээсэн сүмд бус, харин шүтлэгт зориулж Еховагийн бүтээсэн агуу байгууламж болох ер бусын сүмд гүйцэтгэдэг. Энэ байгууламж үйл ажиллагаагаа МЭ 29 онд эхэлсэн билээ. Эдүгээ Есүс тэнгэрт, уг сүмийн «ариунаас ариун газар»-т байн үйлчилж байна. «Тэрээр ариун газрын болон жинхэнэ асрын үйлчлэгч [литургос] болсон юм. Уг асрыг хүн бус, харин Эзэн [«Ехова», ШЕ] босгожээ» (Еврей 8:2; 9:11, 12). Есүс тийм өндөр албан тушаалыг авсан ч гэсэн «үйлчлэгч» хэвээр байх юм. Тэрбээр агуу их эрх мэдлээ, авахын тулд бус, харин өгөхийн тулд ашигладаг. Тийнхүү өгөх нь түүнд баяр баясгалан авчирдаг. Энэ бол дэлхий дээр амьдарч байхад нь бүхий л бэрхшээлийг тэвчих хүч өгсөн «өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийнх» нь хэсэг юм (Еврей 12:2).
8. Хуучин гэрээг халахын тулд Есүс олон түмэнд яаж үйлчилсэн бэ?
8 Есүсийн олон түмэнд үйлчлэх үйлчлэл бас өөрөөр илэрдэг. Паул: «[Есүс] гойд сайн үйлчлэлийг [литургиа] хүлээн авсан бөгөөд тийнхүү илүү сайн амлалтууд дээр тогтоосон илүү сайн гэрээний зууч юм» гэж бичсэн (Еврей 8:6). Мосе израильчуудын Еховатай харьцах харьцааны үндэс болсон гэрээний зууч байсан (Египетээс гарсан нь 19:4, 5). Есүс олон үндэстнээс «Бурхны Израиль» хэмээх нэртэй шинэ ард түмний үүсэн бий болох боломж олгосон шинэ гэрээний зууч болсон. Энэ ард түмэн бол ариун сүнсээр тослогдсон христианууд юм (Галат 6:16; Еврей 8:8, 13; Илчлэлт 5:9, 10). Энэ бол олон түмэнд үйлчлэх хосгүй сайхан үйлчлэл! Еховаг зохих ёсоор шүтэх боломж олгодог, үйлчлэгч Есүсийг мэдэх нь бидний хувьд юутай баяр бахдал бэ! (Иохан 14:6).
Христианууд ч бас олон түмэнд үйлчилдэг
9, 10. Христиануудаас олон түмэнд үзүүлдэг ямар ямар үйлчлэл байдаг вэ?
9 Олон түмэнд үйлчлэх тийм эрхэм дээд үйлчлэлийг Есүс шиг гүйцэтгэх хүн ер байхгүй. Гэхдээ тослогдсон христианууд тэнгэрийн шагнал хүлээн авахдаа Есүсийн дэргэд очиж, олон түмэнд үйлчилдэг үйлчлэлд нь тэнгэрийн хаад ба тахилчдын байдлаар оролцдог (Илчлэлт 20:6; 22:1–5). Христианууд ч мөн адил олон түмэнд үйлчилдэг бөгөөд энэ нь тэдэнд асар их баяр жаргал авчирдаг. Жишээ нь: Палестинд өлсгөлөн болоход элч Паул Иудейн еврей христиануудад туслахын тулд Европын ах дүү нараас цуглуулсан хандивыг авчирж өгч байжээ. Энэ бол олон түмэнд үйлчлэх үйлчлэл байсан юм (Ром 15:27; 2 Коринт 9:12). Христианууд өнөөдөр ч мөн адил ах дүүст нь гай зовлон, байгалийн гамшиг болон бусад сүйрэл тохиолдоход яаралтай тусламж үзүүлэн, дээрхийн адил үйлчлэлийг сэтгэл харамгүй гүйцэтгэдэг (Сургаалт үгс 14:21).
10 «Хэрэв би та нарын итгэлийн үйлчлэл [литургиа] ба тахил дээр ундаан өргөл болон асгагдаж байгаа ч баярлаж, өөрийн баяр хөөрөө та бүхэнтэй хуваалцана» гэж бичихдээ Паул үйлчлэлийн өөр нэг хэлбэрийн тухай хэлжээ (Филиппой 2:17). Паул филиппойчуудын сайн сайхны төлөө нөр их хөдөлмөрлөхдөө хайрын сэтгэлээр, хичээл зүтгэл гарган олон түмэнд үйлчилсэн билээ. Өнөөдөр, ялангуяа «итгэмжит ухаалаг боол» болсон тослогдсон христианууд сүнслэг хоол ундыг цагт нь өгч дээрхийн адилаар олон түмэнд үйлчилж байна (Матай 24:45–47). Түүнээс гадна тэд бол бүхэлдээ «Есүс Христээр дамжуулан Бурханд тааламжит сүнслэг тахилуудыг өргөж», «харанхуйгаас [тэднийг] Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний давуу чанаруудыг... тунхаглах» даалгавар авсан «ариун тахилчид» (ШЕ) юм (1 Петр 2:5, 9). Паулын адилаар тэд энэхүү нэр хүндтэй даалгавраа биелүүлэхдээ өөрсдийгөө «асган», баяр хөөртэйгөөр гүйцэтгэдэг. Тэдэнтэй «өөр хонинууд» нэгдэн, Ехова болон түүний санаа зорилгын талаар хүмүүст ярихад нь тэдэнд тусалдаг * (Иохан 10:16, МБОХ, 1996; Матай 24:14). Олон түмэнд зориулсан юутай агуу бөгөөд баяр бахдалтай үйлчлэл бэ! (Дуулал 107:21, 22).
Ариунаар үйлчлэгтүн
11. Анна христиануудад ямар сайн жишээ үзүүлсэн бэ?
11 Бидний шүтлэгт хамаатай өөр нэг грек үг бол монгол Билид «үйлчлэх» буюу «үйлчлэл», харин «Шинэ Ертөнцийн орчуулга»-д «ариунаар үйлчлэх» буюу «ариун үйлчлэл» гэж орчуулсан латреиа гэдэг үг юм. Ариунаар үйлчлэх нь шүтлэгтэй холбоотой үйл ажиллагаа бөлгөө. Жишээ нь: 84 настай, зөнч, бэлэвсэн эмэгтэй Аннагийн талаар «мацаг барилт болон залбирлаар өдөр шөнөгүй үйлчлэн [латреиа гэдгээс гаралтай грек үг], сүмийг хэзээ ч орхисонгүй» гэж бичсэн байдаг (Лук 2:36, 37). Анна Еховаг байнга шүтдэг байв. Тэр эмэгтэй залуу хөгшин, эрэгтэй эмэгтэй гэлгүй бүгдэд маань сайхан жишээ болдог. Анна Еховад шаргуу залбирч, сүмд тогтмол мөргөл үйлддэг байсан. Ариунаар үйлчлэхэд маань мөн адил залбирал болон цуглаанд оролцох явдал орох ёстой (Ром 12:12; Еврей 10:24, 25).
12. Ариун үйлчлэлийн маань чухал онцлог юу вэ? Үүнийг бас олон түмэнд үйлчлэх үйлчлэл гэж хэлж болохын учир юу вэ?
12 Элч Паул: «Түүний Хүүгийн [тухай] сайн мэдээний дотор миний сүнсээрээ үйлчилдэг [латреиа] Бурхан та нарыг хэр их тасралтгүй дурсдагийг маань гэрчилнэ» хэмээн бичиж, бидний ариун үйлчлэлийн чухал онцлогийг тэмдэглэсэн (Ром 1:9). Тийм ээ, сайн мэдээ дэлгэрүүлэх нь үгийг маань сонсдсог олон түмэнд үйлчилж байгаа төдийгүй Ехова Бурхныг шүтэж байгаа хэрэг юм. Дэлгэрүүлэх ажил бол хүмүүсийн хүлээж авсан эсэхээс үл хамааран, Ехова Бурханд үйлчилж байгаа ариун үйлчлэл юм. Тэнгэрийн хайртай Эцгийнхээ гайхамшигтай чанар болоод санаа зорилгын талаар бусдад ярьж хэлэх гэсэн хүчин чармайлт маань бидэнд асар их баяр баясгалан авчирдаг нь эргэлзээгүй (Дуулал 71:23).
Бид хаана ариунаар үйлчилдэг вэ?
13. Еховагийн сүнслэг сүмийн дотор талын хашаанд ариунаар үйлчилдэг хүмүүс ямар ирээдүйтэй вэ? Тэдэнтэй хамт хэн баярладаг вэ?
13 Паул тослогдсон христиануудад хандан: «Бид үл ганхах хаанчлалыг авсан тул талархлаа илэрхийлцгээе. Үүгээр хүндлэл, айдас бүхий тааламжит үйлчлэлийг [латреиа] Бурханд өргөх юм» хэмээн бичжээ (Еврей 12:28). Хаанчлалыг өвлөхөөр итгэлтэй хүлээж байгаа тослогдсон христианууд Хамгийн Дээд Бурхныг шүтэн, итгэлээрээ ер гуйвдаггүй. Зөвхөн тэд Еховагийн сүнслэг сүмийн «ариун газар» болон дотор талын хашаанд ариунаар үйлчилдэг бөгөөд Есүстэй хамт «ариунаас ариун газар» буюу тэнгэрт үйлчлэх тэр цагийг тэсэж ядан хүлээж байдаг билээ. Мөн, анд нөхөд нь болох «өөр хонинууд» тэдний гайхамшигтай ирээдүйд баярлаж байдаг (Еврей 6:19, 20; 10:19–22).
14. Олон түмэнд үйлчилдэг Есүсийн үйлчлэл «үй олон хүнд» ямар ач холбогдолтой вэ?
14 «Өөр хонинууд»-ын талаар юу хэлж болох вэ? Элч Иоханд үзэгдсэнээр бидний амьдарч байгаа эцсийн өдрүүдэд «Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгосон» «өөр хонинуудын» «үй олон хүн» бий болсон (Илчлэлт 7:14). Энэ бол, сүнсээр тослогдсон итгэл нэгтнүүдийнхээ адил тэд хүн төрөлхтний төлөө төгс амиа өгөн, олон түмэнд үйлчилсэн Есүсийн үйлчлэлд итгэдэг гэсэн үг юм. Түүнчлэн олон түмэнд үйлчилдэг Есүсийн үйлчлэл нь өөр хонинуудыг «[Еховагийн] гэрээг чанд мөрдөгч» болоход нь тусалдаг (Исаиа 56:6). Шинэ гэрээг тэдэнтэй байгуулаагүй хэдий ч тэд өөрсдөд нь хамаарах хуулиудад захирагдан, уг гэрээгээр зохицуулагддаг бүхнийг дэмжин, гэрээг чанд мөрддөг. Тэд «Бурхны Израиль»-тай нэгдсэн бөгөөд гишүүдтэй нь хамт хөдөлмөрлөн, Бурханд тааламжит сүнслэг тахил өргөн, түүнийг алдаршуулж, нэгэн ижил сүнслэг ширээнээс хооллодог (Еврей 13:15).
15. «Үй олон хүн» Еховад хаана ариунаар үйлчилдэг вэ? Энэ ивээл тэдэнд яаж нөлөөлдөг вэ?
15 Тийнхүү үзэгдэлд «үй олон хүн» «сэнтийний өмнө болон Хурганы өмнө зогсож» харагдсан. Түүнээс гадна «тэд Бурхны сэнтийний өмнө байдаг бөгөөд Түүний сүм дотор өдөр шөнөгүй Түүнд үйлчилдэг [латреиа] юм. Сэнтийд Залрагч асраараа тэднийг дээгүүр нь бүрхэнэ» (Илчлэлт 7:9, 15). Эртний Израильд иудагийн шашныг хүлээн авсан харь үндэстнүүд Соломоны сүмийн гаднах хашаанд мөргөл үйлддэг байв. Үүний адилаар «үй олон хүн» Еховад сүнслэг сүмийнх нь гаднах хашаанд үйлчилдэг. Уг үйлчлэл тэдэнд баяр баясгалан авчирдаг (Дуулал 122:1). Тослогдогсдоос сүүлчийнх нь тэнгэр дэх өвөө авлаа ч гэсэн тэд Еховагийн ард түмний хувьд түүнд үйлчлэх ариун үйлчлэлээ үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байх болно (Илчлэлт 21:3).
Зүй зохистой ариун үйлчлэл
16. Ариун үйлчлэлтэй холбоотой ямар сануулга өгөгдсөн бэ?
16 Эртний Израильд ариун үйлчлэлийг Еховагийн хуулийн дагуу явуулах ёстой байв (Египетээс гарсан нь 30:9; Левит 10:1, 2). Тэрчлэн өнөөдөр ч мөн адил ариун үйлчлэл маань Еховагийн хүслийн дагуу зүй зохистой байхын тулд тодорхой шаардлага хангасан байх ёстой. Чухам энэ учир шалтгаанаар колоссайчуудад илгээсэн захидалдаа Паул: «Бид... та нарын төлөө залбирч, та нарыг бүх сүнслэг мэргэн ухаан хийгээд ойлголт дотор Түүний хүслийн жинхэнэ [«нарийн зөв», ШЕ] мэдлэгээр бялхаасай гэж гуйхаа зогсоосонгүй. Мөн та нар Эзэнд [«Еховад», ШЕ] зохистойгоор явж, бүх талаараа Түүнд таалагдаасай гэж гуйхаа зогсоосонгүй. Ингэхдээ аливаа сайн ажилд үр дүн гарган, Бурхны жинхэнэ [«нарийн зөв», ШЕ] мэдлэгээр өсөгтүн» хэмээн бичжээ (Колоссай 1:9, 10). Бурхныг яаж зөв шүтэхээ бид тогтоох ёсгүй. Библийн нарийн зөв мэдлэг, сүнслэг ойлголт болон Бурханд таалагдах мэргэн ухаан бол амин чухал зүйл юм. Үүнээс гадуур бол буруу замаар будаа тээх болно.
17. а) Мосегийн үед ариун үйлчлэл хэрхэн бузартсан бэ? б) Өнөөдөр ариун үйлчлэл хэрхэн буруу замаар орж болох вэ?
17 Мосегийн үеийн израильчуудыг эргэн саная. Библид: «Бурхан нүүр буруулж, тэднийг тэнгэрийн эрхэст үйлчлүүлэхээр [латреиа] тушаасан» гэж бичсэн байдаг (Үйлс 7:42). Израильчууд өөрсдийнх нь төлөө үйлдсэн Бурхны хүчирхэг үйлсийг үзэцгээсэн. Гэвч тэд өөрсдөдөө ашигтай гэж үзсэн үедээ өөр бурхдад ханддаг байсан. Тэд Бурханд чин үнэнч байж чадаагүй юм. Хэрэв бид Еховад үнэнч бус байвал ариун үйлчлэл маань Бурханд таалагдахгүй болно (Дуулал 18:25, ШЕ). Өнөөдөр хэн нэг нь одод юм уу алтан тугалд мөргөхөөр Еховагаас нүүр буруулах нь юу л бол. Гэхдээ шүтээн шүтэх байдлаар буруулж болно. Есүс «эд баялагт» үйлчлэхээс болгоомжлуулж байсан бол Паул шунахайрлыг шүтээн шүтэх явдал мөн гэж үзсэн (Матай 6:24; Колоссай 3:5). Сатан өөрийгөө бурхан болгон шүтүүлэхийг хүсдэг (2 Коринт 4:4). Шүтээний тиймэрхүү хэлбэрүүд өргөн тархсан бөгөөд тэдгээр нь урхи болдог. Жишээ нь: Хэн нэгэн хүн өөрийгөө Есүсийг дагаж байна гэж бодовч үнэн хэрэгтээ баяжих гэж улайрах юм уу өөртөө болон үзэл бодолдоо найдаж болох юм. Тэгвэл тэр хүн мөн чанартаа хэнд үйлчилдэг байж таарах вэ? Тийм хүн, Еховагийн нэрээр тангаргалсан мөртөө түүний агуу их үйл хэргийг ариун бус шүтээнийх болгосон Исаиагийн үеийн иудейчуудаас юуны нь ялгаа байх билээ? (Исаиа 48:1, 5).
18. Ариун үйлчлэл буруу болж байсан хийгээд өдгөө буруутаж байгаагийн шалтгаан юу вэ?
18 Есүс: «Та нарыг алах хүн бүр өөрийгөө Бурханд үйлчилж [латреиа] байна гэж бодох цаг ирж байна» хэмээн урьдчилан сануулж хэлсэн (Иохан 16:2). Хожим элч Паул болсон Саул Стефаныг «алахыг сайшааж», «Эзний дагалдагчдыг алж хядна гэж заналхийлж» байхдаа өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж бодож байсан нь эргэлзээгүй (Үйлс 8:1; 9:1). Өнөөдрийн, үндэс угсаагаа цэвэр байлгах гэж аймаглан устгах бодлого явуулдаг цус асгаруулан тэмцэгчид ч гэсэн өөрсдийгөө Бурханд үйлчилж байна гэж боддог. Олон хүн тийн боддог боловч үнэн хэрэгтээ тэд үндсэрхэг үзлийн болон овгийн байгууллын бурхдыг шүтэж, өөрийгөө болон эд баялаг гэх мэтийн бусад юмыг бурхан болгодог ажээ.
19.а) Ариун үйлчлэлдээ бид хэрхэн ханддаг вэ? б) Ариун үйлчлэл ямар тохиолдолд бидэнд баяр баясгалан авчрах вэ?
19 Есүс: «Чи өөрийн Бурхан Эзэндээ [«Еховадаа», ШЕ] мөргөж, зөвхөн Түүнд үйлчил [латреиа]» гэж хэлсэн (Матай 4:10). Тэрбээр энэ үгийг Сатанд хандан хэлсэн боловч үүнд анхаарлаа хандуулах нь хэчнээн амин чухал болохыг бид анхаарах ёстой! Орчлонт ертөнцийн Хэмжээгүй эрхт Эзэнд ариунаар үйлчлэх нь нэр төртэй бөгөөд аз завшаантай хэрэг мөн. Тэгвэл бидний шүтлэгтэй холбоотой олон түмэнд үйлчлэх асуудлын талаар юу хэлж болох вэ? Үүнийг бид бусдын сайн сайхны тулд хийдэг бөгөөд энэ нь бидэнд асар их баяр баясгалан авчирдаг (Дуулал 41:1, 2; 59:16). Гэхдээ тийм үйлчлэлийг зөвхөн хамаг зүрх сэтгэлийнхээ угаас, зөв гүйцэтгэж байгаа тохиолдолд л бид жинхэнэ баяр баясгалан эдлэх болно. Бурхныг зүй зохисоор нь шүтэж байгаа хэн байна вэ? Хэний ариун үйлчлэлийг Ехова хүлээн авдаг вэ? Шүтлэгтэй маань холбоотой Библид гардаг гурав дахь үгийг авч үзвэл эдгээр асуултын хариуг авах болно. Энэ үгийн талаар дараагийн өгүүллээр ярилцъя.
[Зүүлт]
^ Христийн шашны ертөнцийнхний литурги нь Ромын католик шашны сүм дуганд үйлддэг хурал юм уу эсвэл «евхарист» (рашаан хүртээх) мэтийн зан үйл юм.
^ Антиохын зөнчид болон багш нар Еховад «үйлчилж» (литургиа гэдгээс гаралтай грек үг) байхад гэж Үйлс 13:2-т бичсэн байдаг. Уг үйлчлэлд олон түмнийг хамарсан дэлгэрүүлэх ажил орж байсан бололтой.
Та хэрхэн хариулах вэ?
• Есүс олон түмэнд ямар агуу үйлчлэл гүйцэтгэсэн бэ?
• Христианууд олон түмэнд яаж үйлчилдэг вэ?
• Христиануудын ариун үйлчлэл гэж юу вэ? Тэд хаана ариунаар үйлчилдэг вэ?
• Бурханд таалагдахуйцаар ариунаар үйлчлэхийн тулд бид яах ёстой вэ?
[Догол мөрийн асуулт]