Өнөөдөр Бурхны үйлчлэгчид хэн бэ?
Өнөөдөр Бурхны үйлчлэгчид хэн бэ?
«Тохирох эсэх маань биднийг шинэ гэрээний үйлчлэгч байхаар тохируулсан Бурхнаас хамаарна» (2 КОРИНТ 3:5, 6, ШЕ).
1, 2. Нэгдүгээр зууны христианууд ямар үүрэгтэй байсан бэ? Тэр нь цагийн аясаар яаж өөрчлөгдсөн бэ?
МАНАЙ эриний нэгдүгээр зууны христианууд сайн мэдээ дэлгэрүүлэх чухал үүрэгтэй байв. Тэд бүгд тослогдсон бөгөөд шинэ гэрээний үйлчлэгчид байсан юм. Зарим нь хуралд заах гэх зэрэг нэмэгдэл үүрэг хариуцлага хүлээдэг байв (1 Коринт 12:27–29; Ефес 4:11). Эцэг эхчүүд гэр бүлийнхээ өмнө онцгой үүрэг хүлээдэг байлаа (Колоссай 3:18–21). Гэсэн хэдий ч үндсэн бөгөөд амин чухал ажил болох дэлгэрүүлэх ажилд христианууд бүгд оролцдог байв. Грек Судрын эх бичигт энэхүү үүрэг хариуцлагыг «үйлчлэл» гэдэг утгатай диакониа гэдэг үгээр илэрхийлсэн буй (Колоссай 4:17).
2 Цагийн аясаар бүх юм өөрчлөгдсөн. Дэлгэрүүлэх буюу номлох эрхийг зөвхөн өөрсдийн өмч болгон авсан лам нарын анги бий болсон (Үйлс 20:30). Өөрсдийгөө христиан гэж нэрлэгсдийн өчүүхэн хэсэг нь лам болж, дийлэнх олонх нь «төрийн хар хүн» гэгдэх болсон. Хэдийгээр төрийн харчуудад лам нарыг дэмжихийн тулд хандив өгөх ёстой гэх мэтийг заадаг байсан боловч тэдний ихэнх нь дэлгэрүүлдэггүй, харин идэвхгүй сонсогч болсон.
3, 4. а) Христийн шашны ертөнцийн үйлчлэгч яаж болдог вэ? б) Христийн шашны ертөнцөд ямар хүнийг үйлчлэгч болгодог вэ? Еховагийн Гэрчүүдийн хувьд огт өөр байдаг нь ямар учиртай вэ?
3 Лам нар Бурхны үйлчлэгч (грекээр диаконос *) болохын хойноос хөөцөлддөг. Үүний тулд тэд шашны дээд сургууль, дамжаа дүүргэж, сахил хүртэх ёстой. Нэгэн нэвтэрхий тольд: «Сахил хүртэнэ гэдэг нь хэн нэгэн хүн тогтоосон тусгай зан үйлийг гүйцэтгэсний дараа үйлчлэгчийн эрхтэй болох буюу лам болно гэсэн үг. Тийм хүн Бурхны Үгийг номлох буюу сүсэгтэн олонд зориулан шашны ёслол үйлдэх, эсвэл аль алийг нь хийх эрхтэй болдог» гэж бичжээ («International Standard Bible Encyclopedia»). Хэн сахил хүртээдэг вэ? «Британийн шинэ нэвтэрхий толь»-д: «Хамба ламтай сүмүүдэд хамба лам л сахил хүртээдэг. Харин пресбитериан сүмүүдэд пресбитер буюу пастор нь хүртээдэг» гэж бичсэн байна («New Encyclopædia Britannica»).
4 Тэгэхлээр христийн шашны ертөнцийн сүмүүдэд хэдхэн тооны үйлчлэгч байдаг ажээ. Харин Еховагийн Гэрчүүдийн тухайд бүх юм өөр байдаг. Яагаад? Яагаад гэвэл христийн шашны ертөнцөд мөрддөг энэхүү журмыг нэгдүгээр зууны христиан хуралд мөрдөж байгаагүй.
Чухамдаа Бурхны жинхэнэ үйлчлэгчид хэн бэ?
5. Библид бичсэнээр хэн хэн Бурхны үйлчлэгчид вэ?
5 Тэнгэр болоод газарт Еховаг шүтэж байгаа бүхэн түүний үйлчлэгч мөн гэж Библид бичсэн байдаг. Тэнгэр элчүүд Есүст үйлчилж байсан (Матай 4:11; 26:53; Лук 22:43). Тэнгэр элчүүд бас «авралыг өвлөх хүмүүсийн төлөөх үйлчлэлд илгээгдсэн үйлчлэгчид» юм (Еврей 1:14; Матай 18:10). Есүс Бурхны үйлчлэгч байсан. Тэрбээр: «Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд ирсэн» гэж хэлсэн (Матай 20:28; Ром 15:8). Тэгвэл Есүс дагалдагчдаа «өөрийнхөө мөрөөр дагуулахын тулд» дуудсан болохоор тэд ч мөн үйлчлэгчид байх ёстой нь ойлгомжтой (1 Петр 2:21).
6. Дагалдагчид нь Бурхны үйлчлэгчид байх ёстойг Есүс хэрхэн илэрхийлсэн бэ?
6 Есүс тэнгэр өөд өргөгдөхийнхөө өмнөхөн шавь нартаа: «Явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа» гэж хэлсэн (Матай 28:19, 20). Есүсийн шавь нар дагалдагч бэлтгэж байсан учраас тэд үйлчлэгчид мөн байв. Шинэ дагалдагчид явж, дагалдагч бэлтгэх гэх зэрэг Есүсийн тушаасан бүгдийг сахин биелүүлж сурсан. Есүс Христийн жинхэнэ дагалдагч эрэгтэй эмэгтэй, хөгшид хүүхэд хэн ч байсан бүгд Бурхны үйлчлэгч байх ёстой (Иоел 2:28, 29).
7, 8. а) Есүсийн жинхэнэ дагалдагчид бүгд Бурхны үйлчлэгч гэдгийг Библийн ямар зүйлүүд харуулдаг вэ? б) Бурхны үйлчлэгчээр томилогдохтой холбоотой ямар асуултууд гардаг вэ?
7 Энэ шаардлагын дагуу Есүсийн эрэгтэй, эмэгтэй бүх дагалдагч МЭ 33 оны Пентекостын өдөр хамтдаа байж, «Бурхны агуу үйлсийн» тухай ярьцгаасан байна (Үйлс 2:1–11). Түүнээс гадна элч Паул: «Хүн зүрхэндээ итгэн зөвт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрөн [«олон түмэнд дэлгэрүүлэн», ШЕ] авралд хүрнэ» гэж бичсэн (Ром 10:10). Паул энэ үгээ цөөн хэдэн хүнтэй лам нарын ангид бус, харин «Ромд буй... Бурхны хайртай бүх хүнд» хандан хэлсэн билээ (Ром 1:1, 7). Тэрчлэн «[Ефест байгаа] болон Христ Есүс доторх итгэмжит ариун хүмүүс» «амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмсөх» хэрэгтэй байсан юм (Ефес 1:1; 6:15). Еврейчүүдэд илгээсэн захидлыг сонссон бүхэн «найдварынхаа тухай олон түмэнд гуйвалтгүйгээр дэлгэрүүлэхээ бат баримталцгаасан» (Еврей 10:23).
8 Тэгвэл хүн хэзээ Бурхны үйлчлэгч болдог вэ? Өөрөөр хэлбэл Бурхны үйлчлэгчээр хэзээ томилогддог вэ? Хэн томилдог вэ?
Бурхны үйлчлэгчээр хэзээ томилогддог вэ?
9. Есүс Бурхны үйлчлэгчээр хэзээ томилогдсон бэ? Хэн томилсон бэ?
9 Хүнийг Бурхны үйлчлэгчээр хэн, хэзээ томилдгийг ойлгохын тулд Есүс Христийн жишээг авч үзье. Түүнд сахил хүртээж, хэргэм зэрэг олгосон тухай бичиг баримт буюу Бурхны үйлчлэгч болохыг нь батлах шашны дээд сургууль, дамжаа дүүргэсэн гэрчилгээ байгаагүй бөгөөд Есүсийг Бурхны үйлчлэгчээр хүн томилоогүй. Тэгвэл түүнийг Бурхны үйлчлэгч байсан гэж хэлэх үндэс юу байна вэ? Үүний үндэс гэвэл: «Эзэн [«Ехова», ШЕ] Бурхны Сүнс миний дээр байна. Учир нь зовогсдод сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд Ехова намайг томилсон юм» хэмээн онгодоор хөтлүүлэн хэлсэн Исаиагийн үг түүн дээр биелсэн явдал юм (Лук 4:17–19; Исаиа 61:1). Есүс сайн мэдээ дэлгэрүүлэх даалгавар авсан байсныг эдгээр үг ямар ч эргэлзээгүй баталдаг. Хэн даалгавар өгсөн бэ? Уг ажлыг гүйцэтгүүлэхээр Еховагийн сүнс Есүсийг тосолсон болохоор Ехова Бурхан өөрөө түүнийг үйлчлэгчээр томилсон нь тодорхой. Энэ үйл явдал хэзээ болсон бэ? Баптисм хүртээд уснаас гарч ирэхэд нь Еховагийн сүнс Есүс дээр бууж ирсэн (Лук 3:21, 22). Тэгвэл Есүс баптисм хүртэх үедээ Бурхны үйлчлэгчээр томилогдсон ажээ.
10. Христиан үйлчлэгчийг хэн үйлчлэгч болгон «тохируулдаг» вэ?
10 Нэгдүгээр зууны Есүсийн дагалдагчдын талаар юу хэлж болох вэ? Тэд Бурхны үйлчлэгчийн эрхийг мөн л Еховагаас хүлээн авчээ. Паул: «Тохирох эсэх маань биднийг шинэ гэрээний үйлчлэгч байхаар тохируулсан Бурхнаас хамаарна» гэж хэлсэн (2 Коринт 3:5, 6, ШЕ). Ехова шүтэгчдээ үйлчлэгч байхаар яаж тохируулдаг вэ? «Христийн [тухай] сайн мэдээнд Бурхны үйлчлэгч» хэмээн Паулын нэрлэсэн Тимотын жишээг авч үзье (1 Тесалоник 3:2, МАБ).
11, 12. Бурхны үйлчлэгч болохын тулд сүнслэгээр өсөхөд нь Тимотод юу тусалсан бэ?
11 Тимотод хандан: «Чи хэнээс сурснаа мэдэж, юунд итгэсэн болон юу сурсан дотроо байнга бай. Христ Есүст итгэх итгэлээр дамжуулан авралд хүргэх мэргэн ухааныг чамд өгөх чадалтай Ариун Бичээсүүдийг чи бага наснаасаа мэдэх болсон» гэж хэлсэн энэ үг түүнийг хэрхэн Бурхны үйлчлэгч болсныг ойлгоход бидэнд тусална (2 Тимот 3:14, 15). Тимотыг олон түмэнд дэлгэрүүлэхэд түлхсэн итгэлийнх нь үндэс бол Ариун Судраас олж авсан мэдлэг байжээ. Үүнд дан ганц бие даан унших нь хангалттай юу? Хангалтгүй. Нарийн зөв мэдлэгтэй болж, уншсан зүйлээ сүнслэгээр ойлгоход нь Тимотод тусламж хэрэгтэй байсан (Колоссай 1:9). Тийм байдлаар Тимот сурсан зүйлдээ «итгэсэн». Тимот Судрыг «бага наснаасаа» мэдсэн гэж байгаа болохоор түүний анхны багш юуны түрүүнд ээж эмээ хоёр нь байсан нь эргэлзээгүй. Эцэг нь христиан биш байсан бололтой (2 Тимот 1:5).
12 Гэхдээ Тимотыг Бурхны үйлчлэгч болоход өөр олон зүйл нөлөөлсөн. Тэдгээрийн нэг бол ойролцоох хурлуудын итгэл нэгтнүүдтэйгээ харьцаатай байсан явдал бөгөөд энэ нь түүний итгэлийг бэхжүүлсэн. Үүнийг бид хаанаас мэдэж болох вэ? Паул анх Тимоттой уулзахад тэр «Лустр болон Икониумын ах дүүсийн дотор сайнаар яригддаг» сайн залуу байснаас харагддаг (Үйлс 16:2). Түүнээс гадна тэр үед зарим ах тэднийг бэхжүүлэхийн тулд хурлуудад захиа бичдэг байв. Мөн явуулын харгалзагч нар хуралд нь зочлон ирж, тэднийг урамшуулдаг байжээ. Энэ бүхэн бол Тимот мэтийн христиануудыг сүнслэгээр өсөхөд тус болсон (Үйлс 15:22–32; 1 Петр 1:1).
13. Тимот хэзээ Бурхны үйлчлэгчээр томилогдсон бэ? Үүгээр түүний сүнслэг өсөлт зогсоогүй гэж хэлж болохын учир юу вэ?
13 Матай 28:19, 20-д бичигдсэн Есүсийн тушаалд анхаарлаа хандуулж явсан Тимотыг итгэл нь Есүсийг дуурайн баптисм хүртэхэд хүргэсэн нь эргэлзээгүй (Матай 3:15–17; Еврей 10:5–9). Энэ нь Тимот хамаг зүрх сэтгэлээсээ Бурханд өөрийгөө зориулсныг бэлэгдэл болсон. Баптисм хүртсэнээр Тимот Бурхны үйлчлэгч болсон. Тэр үеэс хойш түүний амьдрал, хүч чадал болон түүнд байсан бүх юм Бурхны мэдлийнх болсон. Энэ бол «ариун үйлчлэл» буюу Бурхныг шүтэх шүтлэгийнх нь салшгүй хэсэг байсан юм. Гэхдээ Тимот түүнээс хойш санаа амран суугаагүй билээ. Сүнслэг байдлаараа тасралтгүй өсөж, боловсорсон үйлчлэгч болсон. Тимотыг ийм болоход Паул мэтийн боловсорсон христиануудтай дотно харьцаатай байж, бие даан судалж байсан хийгээд идэвх зүтгэлтэйгээр дэлгэрүүлж байсан нь нөлөөлсөн (1 Тимот 4:14; 2 Тимот 2:2; Еврей 6:1).
14. Өнөөдөр «мөнх амийг хүртэхээр шийдсэн» хүмүүс Бурхны үйлчлэгч болоход шаардлагатай ахиц дэвшлийг хэрхэн гаргадаг вэ?
14 Өнөөдөр Бурхны үйлчлэгчдийг дээрхийн адилаар томилдог. «Мөнх амийг хүртэхээр шийдсэн» хүмүүст Еховагийн тухай болон Бурхны санаа зорилгын талаар мэдэхэд нь Библи судлалаар дамжуулан тусалдаг (Үйлс 13:48, МАБ). Уг хүн Библийн зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлж, Бурхандаа хандан, утга учиртайгаар залбирч сурдаг (Дуулал 1:1–3; Сургаалт үгс 2:1–9; 1 Тесалоник 5:17, 18). Тэр хүн бусад итгэл нэгтнүүдтэйгээ харьцаж, «итгэмжит ухаалаг боолын» өгч, зохион байгуулсан бүхнээс ашиг тусыг хүртдэг (Матай 24:45–47; Сургаалт үгс 13:20; Еврей 10:23–25). Тийнхүү зохион байгуулалттай явуулдаг сургалтын арга хэмжээ нь түүнийг сүнслэг байдлаараа өсөхөд нь тусалдаг.
15. Баптисм хүртсэнээр юу болдог вэ? (Тэрчлэн зүүлтийг харна уу.)
15 Эцсийн эцэст Еховаг хайрлаж, золих тахилд бат итгэсэн Библи судлагч өөрийгөө тэнгэрийн Эцэгтээ зориулахаар эргэлт буцалтгүйгээр шийддэг (Иохан 14:1). Өөрийгөө Бурханд зориулахдаа ганцаарчлан залбирч андгайлдаг бөгөөд дараа нь энэхүү шийдвэрээ олон түмэнд мэдүүлэх бэлэгдэл болгон баптисм хүртдэг. Баптисм хүртээх ёслол нь сахил хүртээж буй хэрэг юм. Учир нь яг тэр мөчөөс уг хүнийг Бурханд өөрийгөө бүрмөсөн зориулсан Еховагийн үйлчлэгч буюу диаконос боллоо гэж хүлээн зөшөөрдөг. Бурхны үйлчлэгч ертөнцөөс тусгаар байх ёстой (Иохан 17:16; Иаков 4:4). Бурхны үйлчлэгч болж байгаа хүн ямар ч нөхцөл болзолгүйгээр өөрийгөө бүхэлд нь «Бурханд тааламжит амьд, ариун тахил болгон» өгдөг (Ром 12:1). * Тийнхүү Христийн адил Бурхны үйлчлэгч болдог.
Христиануудын үйлчлэл гэж юу вэ?
16. Бурхны үйлчлэгчийнх нь хувьд Тимотын үүрэгт юу юу ордог байсан бэ?
16 Тимотын үйлчлэлд юу орж байсан бэ? Тэрбээр явуулын ажилд Паулыг дагалдан явдаг онцгой үүрэгтэй байв. Тимот ахлагч болсныхоо дараа итгэл нэгтнүүддээ хичээл зүтгэл гарган зааж, тэднийгээ урамшуулан зоригжуулдаг байв. Гэхдээ түүний үйлчлэлийн гол нь Есүс Паул нарынх шиг сайн мэдээ дэлгэрүүлж, дагалдагч бэлтгэх ажил байлаа (Матай 4:23; 1 Коринт 3:5). Паул Тимотод: «Чи бүхний дотор саруул ухаантай бай. Мууг тэвч, сайн мэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцээ» гэж бичсэн (2 Тимот 4:5).
17, 18. а) Христианууд ямар үйлчлэлд оролцдог вэ? б) Бурхны үйлчлэгчид дэлгэрүүлэх ажил аль хир чухал бэ?
17 Өнөөдрийн христиануудын үйлчлэл үүнтэй адил юм. Тэд олон түмэнд үйлчлэхийн зэрэгцээ Есүсийн золих тахилын ачаар боломжтой болох авралд хүмүүсийн анхаарлыг хандуулан, номхон даруу хүмүүсийг Еховагийн нэрийг дуудахад сурган, сайн мэдээ дэлгэрүүлэхэд оролцдог (Үйлс 2:21; 4:10–12; Ром 10:13). Тэд зовж зүдэрсэн хүн төрөлхтний цорын ганц найдвар бол Хаанчлал мөн гэдгийг Библиэс нотлон харуулахын зэрэгцээ Бурхны зарчмын дагуу амьдарвал одоо ч гэсэн амьдралаа сайжруулж болдгийг харуулдаг (Дуулал 15:1–5; Марк 13:10). Гэхдээ Бурхны үйлчлэгч «нийгмийн евангелийг» дэлгэрүүлдэггүй. Харин «одоогийн болон ирэх амийн төлөөх амлалт бүхий бурханлаг байдлыг» заадаг (1 Тимот 4:8).
18 Нөхцөл байдлаас шалтгаалаад Бурхны үйлчлэгчид өөр өөрөөр үйлчилдэг нь мэдээж хэрэг. Ихэнх нь гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэгтэй байдаг (Ефес 5:21–6:4). Ахлагч нар болон туслах үйлчлэгчид хуралд тодорхой үүрэг хүлээсэн байдаг (1 Тимот 3:1, 12, 13; Тит 1:5; Еврей 13:7). Хаанчлалын танхим барих ажилд олон үйлчлэгч тусалдаг. Зарим нэгэнд нь Харуулын Цамхаг Нийгэмлэгийн аль нэгэн салбарт сайн дураараа ажиллах завшаан тохиолддог. Хэдий тийм боловч Бурхны үйлчлэгчид бүгдээрээ сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд оролцдог. Үүнээс чөлөөлөгдөх арга байхгүй. Чухам энэ үйл ажиллагаагаар л жинхэнэ үйлчлэгч мөн эсэх нь танигдах болно.
Бурхны үйлчлэгчийн сэтгэлгээний төлөв
19, 20. Бурхны үйлчлэгчид сэтгэлгээний ямар төлөвтэй байх ёстой вэ?
19 Христийн шашны ертөнцийн ихэнх лам сүсэгтэн олноор өөрсдийгөө хүндлүүлж, «гэгээнтэн», «гэгээн эцэг» гэх мэтийн цол гуншинтай болохыг хүсдэг. Тэгвэл Бурхны үйлчлэгч, эрхэм дээд хүндэтгэлийг зөвхөн Ехова л хүлээх ёстой гэдгийг мэддэг (1 Тимот 2:9, 10). Еховагийн үйлчлэгч нэр алдар, цол хэргэмийн хойноос хөөцөлддөггүй (Матай 23:8–12). Диакониа гэдэг үг нь «үйлчлэл» гэдэг гол утгатайг жинхэнэ христиан мэддэг. Энэ үгтэй холбоотой үйл үг Библид заримдаа хоол зөөгч мэтийн ганц нэг хүнд үйлчилдэг үйлчилгээтэй холбоотой зүйлд хэрэглэгддэг (Лук 4:39, МАБ; 17:8; Иохан 2:5). Энэ үйл үг христиануудын үйлчлэлд хэдийгээр илүү хүндтэй утгаар хэрэглэгддэг ч гэсэн диаконос бол үйлчлэгч хэвээрээ л байдаг.
20 Тийм учраас Бурхны үйлчлэгчийн хувьд өөрийгөө мундаг хүн гэж үзэх үндэс байдаггүй. Жинхэнэ үйлчлэгчид хуралд онцгой үүрэг гүйцэтгэдэг байлаа ч бүгд адилхан «боолууд» юм. Есүс: «Та нарын дунд хэн чинь агуу нэгэн болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог. Та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь та нарын боол болог» гэж хэлсэн (Матай 20:26, 27). Сэтгэлгээний ямар төлөвтэй байх ёстойг нь шавь нартаа үзүүлэхийн тулд Есүс тэдний хөлийг угааж, дорд боол хүний ажлыг хийж гүйцэтгэсэн (Иохан 13:1–15). Үйлчлэлийн юутай даруу жишээ вэ! Тийм учраас христианууд Ехова Бурханд болон Есүс Христэд даруухнаар үйлчилдэг юм (2 Коринт 6:4; 11:23). Мөн тэд бие биедээ үйлчлэн, даруу байдлаа харуулдаг. Харин тэд амин хувиа хичээлгүйгээр, сайн мэдээ дэлгэрүүлэн, итгэгч биш хүмүүст үйлчилдэг (Ром 1:14, 15; Ефес 3:1–7).
Бурханд үйлчлэхдээ тэвчээртэй байгтун
21. Үйлчлэлдээ тэвчээртэй байснаар Паул ямар шагнал хүртсэн бэ?
21 Үйлчлэгч байхын тулд Паулд тэвчээр хэрэгтэй болсон. Өөрсдөд нь сайн мэдээ дэлгэрүүлэхдээ их зовлон эдэлсэн тухайгаа Паул колоссайн христиануудад хэлсэн (Колоссай 1:24, 25). Гэвч түүний тэвчээрийн ачаар олон хүн сайн мэдээ хүлээн авч, Бурхны үйлчлэгчид болцгоосон. Тэд Бурхны хөвгүүд болон төрсөн ба хожим Есүс Христтэй хамт тэнгэрт байх сүнсэн бүтээл болох найдвартай ах дүүс нь болсон. Тэвчээртэй байвал тийм агуу шагнал хүртэх ажээ!
22, 23. а) Өнөөдөр Бурхны үйлчлэгчдэд тэвчээр яагаад хэрэгтэй вэ? б) Христиануудын тэвчээр ямар гайхамшигтай үр жимс авчрах вэ?
22 Өнөөдөр ч гэсэн Бурхны жинхэнэ үйлчлэгчдэд тэвчээр хэрэгтэй. Олон үйлчлэгч өвчин эмгэг хийгээд хөгшин настай болсноос болоод өдөр бүр зовж шаналж байна. Эцэг эхчүүд, ялангуяа ганц бие эцэг эх үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхэд их хүч хөрөнгө зарцуулдаг. Хүүхдүүд сургууль дээрээ муу нөлөөний эсрэг эр зориг гарган тэмцдэг. Олон христиан хүн эдийн засгийн хүнд бэрхшээлтэй тулгарч байна. Цөөнгүй хүн өнөөгийн «хэцүү цагт» мөрдлөг хавчлагын зовлон эдэлж байна! (2 Тимот 3:1). Тийм ээ, өнөөдөр бараг зургаан сая Гэрч: «Бид... үлэмж хүлцэл, зовлон, гачигдал, дарамтан дотор... өөрсдийгөө Бурхны үйлчлэгчид хэмээн бүхний дотор баталдаг юм» гэж хэлсэн Паулын үгийг давтан хэлж чадна (2 Коринт 6:4). Бурхны үйлчлэгчид бууж өгдөггүй. Тэдний тэвчээр зүй ёсоор магтагддаг юм.
23 Түүнээс гадна тэвчээр нь Паулын хүртсэн шиг гайхамшигтай үр жимсийг өгдөг. Тэвчээр гаргаснаар бид Еховатай харьцах дотно харьцаагаа хадгалж, түүний зүрхийг баярлуулдаг (Сургаалт үгс 27:11). Бид итгэлээ бэхжүүлж, дагалдагчид бэлтгэн, христиан ах дүүсийнхээ хүрээг тэлдэг (1 Тимот 4:16). Энэхүү эцсийн өдрүүдэд Ехова үйлчлэгчдэдээ туслан, үйлчлэлийг нь ивээдэг. Үүний үр дүнд 144 000-аас үлдэгсэд цуглаж, харин сая сая өөр хүмүүс диваажин дэлхий дээр мөнх амьдрах бат найдвартай болдог (Лук 23:43; Илчлэлт 14:1). Үнэндээ христиануудын үйлчлэл бол Еховагийн энэрэнгүй сэтгэлийн илэрхийлэл юм (2 Коринт 4:1). Бүгдээрээ үүнийг эрхэмлэн үзэж, үр жимс нь үүрд мөнх үргэлжлэх учраас үүнд баяр талархалтайгаар хандацгаая (1 Иохан 2:17).
[Зүүлт]
^ Диаконос гэдэг грек үгнээс «диакон» буюу ламын (пасторын) туслах гэдэг үг бий болжээ. Зарим сүмд диаконы үүргийг эмэгтэйчүүд гүйцэтгэдэг ба тэднийг «диаконис» гэдэг ажээ.
^ Ром 12:1 нь юун түрүү тослогдсон христиануудад хамаатай хэдий ч зарчим нь «өөр хонинуудад» ч хамаатай юм (Иохан 10:16, МБОХ, 1996). Тэд «Эзэнд [«Еховад», ШЕ] үйлчилж, Эзний [«Еховагийн», ШЕ] нэрийг хайрлан, Түүний зарц болохын тулд Түүнтэй нэгддэг» (Исаиа 56:6).
Та хариулж чадах уу?
• Нэгдүгээр зууны христианууд ямар үүрэг хүлээж байсан бэ?
• Бурхны үйлчлэгчээр хэзээ томилогддог вэ? Хэн томилдог вэ?
• Бурхны үйлчлэгч сэтгэлгээний ямар төлөвтэй байх ёстой вэ?
• Бурхны үйлчлэгч аливаа бэрхшээлийн өмнө тэвчээртэй байх ёстойн учир юу вэ?
[Догол мөрийн асуулт]