Skip to content

Гарчиг руу орох

Еховад зохистойгоор явахад нь бусдад туслагтун

Еховад зохистойгоор явахад нь бусдад туслагтун

Еховад зохистойгоор явахад нь бусдад туслагтун

«Та нар [аливаа сайн ажилд үр дүн гарган,] Эзэнд [«Еховад», ШЕ] зохистойгоор явж, бүх талаар Түүнд таалагдаасай гэж гуйхаа зогсоогүй» (КОЛОССАЙ 1:9, 10).

1, 2. Хүмүүст аз жаргал, сэтгэлийн таашаалыг чухам юу авчирдаг вэ?

 «МАНАЙХ хөдөө, чиргүүлэн гэрт суудаг айл. Эгэл жирийн амьдарч, нутгийн оршин суугчидтай сайн мэдээ хуваалцахад ихэнх цагаа зарцуулдаг. Бурхан өгөөмрөөр ивээсний ачаар бид олон хүнийг амьдралаа Ехова Бурханд зориулахад нь тусалсан» хэмээн ӨАБНУ-ын бүрэн цагийн үйлчлэгч, нөхөр эхнэр хоёр ярьсан юм.

2 Бусдад туслах нь жаргал байдгийг та лав хүлээн зөвшөөрөх биз ээ. Өвчин хуучтай, ядуу зүдүү, ганц бие хүмүүст туслан, түүнээсээ сэтгэлийн таашаал хүртдэг хүн байдаг. Ехова Бурхан болон Есүс Христийн тухай мэдлэгийг бусадтай хуваалцах нь тэдэнд үзүүлж байгаа хамгийн том тусламж гэдэгт жинхэнэ христианууд итгэдэг. Зөвхөн үүний тусламжтайгаар хүмүүс Христийн золиосыг хүлээн авч, Бурхантай сайн харьцаа хөгжүүлэх боломжтой болох ба мөнх амийн найдвартай болж болно (Үйлс 3:19–21; 13:48).

3. Ямар төрлийн тусламж бидний анхаарлыг татдаг вэ?

3 Харин христианы «Замаар» замнан, аль хэдийнээс Бурханд үйлчилж байгаа хүмүүст туслах талаар юу хэлж болох вэ? (Үйлс 19:9). Тэдний төлөө та нар маш их санаа тавьдаг нь эргэлзээгүй боловч тэдэнд бүр ихээр юм уу, эсвэл яаж байнга туслахаа мэдэхгүй байж болох юм. Эсвэл итгэл нэгтнүүддээ тусалъя гэтэл нөхцөл байдал тань хязгаарладмал юм шиг санагдаж, түүнээсээ болоод сэтгэлийн таашаал бага хүртэж болох юм (Үйлс 20:35). Энэ хоёр үзэл бодлын тухайд Колоссай хотын христиануудад илгээсэн захидлаас («Колоссай» ном) бидэнд сурах юм бий.

4. а) Паул ямар нөхцөл байдалд байхдаа Колоссайн христиануудад захидал бичсэн бэ? б) Епафрыг юу Паултай холбосон бэ?

4 Колоссайн христиануудад захидал бичих үедээ элч Паул Ромд гэрийн хорионд байсан бөгөөд гэртээ хүн хүлээн авах эрхтэй байжээ. Тэгэхлээр Паул Бурхны Хаанчлалын тухай дэлгэрүүлэхийн тулд хязгаарлагдмал боломжоо ашигладаг байжээ (Үйлс 28:16–31). Итгэл нэгтнүүд нь Паул дээр ирдэг байсан бөгөөд тэр ч байтугай зарим нь түүнтэй хамт ямар нэг хугацаагаар хоригдож байсан бололтой (Колоссай 1:7, 8; 4:10). Тэдний нэг нь Бага Азийн (одоогийн Турк) Ефес хотоос зүүн тийш оршдог тэгш өндөр газар болох Фригиа нутгийн Колоссай хотоос ирсэн, сайн мэдээг идэвхийлэн дэлгэрүүлэгч Епафр байв. Епафр Колоссай хотын хурлыг үүсгэн байгуулахад гар бие оролцсон бөгөөд хөрш зэргэлдээх Лаодик болон Хиерапол хотын хурлынхны төлөө анхаарал тавин тэмцэж байсан билээ (Колоссай 4:12, 13). Епафр юунд Ром уруу Паул дээр очсон ба Паул түүнийг хэрхэн хүлээн авсан байдлаас бид ямар сургамж авч болох вэ?

Колоссайн христиануудад тусалсан нь

5. Паул Колоссайн христиануудад захидал бичих болсны учир юу вэ?

5 Епафр Колоссайн хуралд бий болсон нөхцөл байдлын талаар Паултай зөвлөлдөхөөр Ром орох хүнд бэрх аянд гарсан юм. Епафр Колоссайн христиануудын итгэл болоод хайрын талаар, мөн сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд олсон ололт амжилтынх нь талаар Паулд ярьжээ (Колоссай 1:4–8). Тэрчлэн Колоссайн христиануудын сүнслэг байдалд заналхийлж байгаа сөрөг муу нөлөөний талаар санал бодлоо хуваалцах ёстой байв. Үүний хариуд Бурхан Паулд онгод оруулан захидал бичүүлсэн бөгөөд уг захидлаар тухайн үед хуурамч багш нарын тарааж байсан үзэл бодлыг няцаасан байна. Паул Есүс Христийн гүйцэтгэх ёстой гол үүрэгт онцгой анхаарал хандуулсан. Гэхдээ түүний тусламж зөвхөн Библийн гол үнэнийг цохон тэмдэглэснээр хязгаарлагдсан уу? Бусдад туслахад маань сургамж болохоор өөр ямар тусламжийг Паул Колоссайн христиануудад үзүүлсэн бэ?

6. Колссайн христиануудад илгээсэн захидалдаа Паул чухам юунд онцгой анхаарал хандуулсан бэ?

6 Захидлынхаа эхэнд Паул бусдад туслах ажилдаа бидний анзааралгүй орхиж болох аргын талаар дурджээ. Энэ бол алс хол байгаа хүмүүст туслахад хэрэглэж болох арга. Тэр үед Паул Епафр хоёр Колоссай хотод байгаагүй ажээ. Паул: «Бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурханд бид та нарын төлөө үргэлж залбиран талархал өргөдөг» гэж бичсэн. Тийм ээ, энэ бол Колоссайн христиануудад тусгайлан зориулсан залбирал байсан юм. Паул цааш нь: «Тиймээс бид сонссон өдрөөсөө хойш та нарын төлөө залбирч, та нарыг бүх сүнслэг мэргэн ухаан хийгээд ойлголт дотор Түүний хүслийн жинхэнэ мэдлэгээр бялхаасай гэж гуйхаа зогсоосонгүй» гэжээ (Колоссай 1:3, 9).

7, 8. Ганцаарчлан болон цуглаан дээрээ бид байнга хэний тухай залбирдаг вэ?

7 Ехова бол «залбирлыг сонсдог Нэгэн» гэдгийг мэддэг учраас хүслийнх нь дагуу гуйсан залбирлыг маань дуртайяа сонсоно гэдэгт эргэлзэхгүй байж болно (Дуулал 65:2; 86:6; Сургаалт үгс 15:8, 29; 1 Иохан 5:14). Харин бусдын төлөө залбирах залбирлын маань талаар юу хэлж болох вэ?

8 Бид «дэлхийд буй [бүх] ах дүү нарынхаа» талаар байнга бодож, залбирч болно (1 Петр 5:9). Мөн байгалийн гай гамшиг буюу сүйрэл тохиолдсон нутаг оронд байгаа итгэл нэгтнүүд болон бусад хүмүүсийн төлөө Еховагаас гуйн залбирч болно. Нэгдүгээр зууны үед дагалдагчид Иудейд болсон өлсгөлөнгийн тухай сонсоод сүнслэг ах дүүстээ тусламж илгээх хүртлээ тэдний төлөө олон дахин залбирах ёстой байсан бололтой (Үйлс 11:27–30). Одоо үед бид бүх дэлхийн итгэл нэгтнүүдийнхээ төлөө юм уу, эсвэл томоохон бүлэг ах дүүсийнхээ төлөө цуглааныхаа үед байнга залбирдаг бөгөөд түүнд оролцсон хүмүүс «амен» гэж хэлэхийн тулд хэний тухай залбирч байгааг ойлгох хэрэгтэй (1 Коринт 14:16).

Залбирал тодорхой байх ёстой

9, 10. а) Тодорхой хүмүүсийн төлөө зарбирах нь зүйтэй гэдгийг ямар жишээ харуулдаг вэ? б) Паулын төлөө хэн залбирдаг байсан бэ?

9 Гэхдээ Библид бусдын төлөө илүү тодорхой, хувийнх нь онцлогийг тусган залбирсан жишээнүүд байдаг. Мөн ганц нэг хүний төлөө залбирсан залбирлын жишээ ч байдаг. Лук 22:31, 32-т тэмдэглэсэн Есүсийн үгийг эргэцүүлэн бодоцгооё. Үнэнч 11 элч нь түүнийг хүрээлж байв. Тэднийг хүнд бэрх цаг хүлээж байсан учраас тэдэнд Бурхны тусламж хэрэгтэй байсан. Тийм ч учраас Есүс тэдний төлөө залбирсан ажээ (Иохан 17:9–14). Гэтэл Есүс Петрийг бусдаас нь ялган, түүний төлөө онцгойлон гуйсан. Өөр нэг жишээ гэвэл: Елиша тодорхой хүн буюу зарцынхаа төлөө Бурхнаас гуйсан (Хаадын дэд 6:15–17). Элч Иохан Гайосыг бие махбодь болоод сүнслэг талаараа эрүүл байхыг хүсэн залбирч байсан (3 Иохан 1, 2). Мөн тодорхой бүлэг хүмүүсийн төлөө залбирсан залбирал байдаг (Иов 42:7, 8; Лук 6:28; Үйлс 7:60; 1 Тимот 2:1, 2).

10 Паулын захидлууд залбирал тодорхой байх асуудал дээр ихээхэн анхаарал хандуулсан байдаг. Тэрбээр өөрийнхөө болон хамтран зүтгэгчдийнхээ төлөө залбирахыг гуйдаг байсан. Колоссай 4:2, 3-т: «Өөрсдийгөө залбиралд зориул. Ингэхдээ түүн дотор талархалтайгаар сэрэмжтэй байгтун. Үгэнд зориулсан хаалгыг Бурхан нээж өгөг гэж бидний төлөө нэг цагт залбирагтун. Тэгвэл бид Христийн нууцыг ярих болно. Би үүний төлөө хоригдсон билээ» гэж байдаг. Үүнтэй адил жишээнүүд дараах зүйлүүдэд байдаг. Үүнд: Ром 15:30; 1 Тесалоник 5:25; 2 Тесалоник 3:1; Еврей 13:18.

11. Епафр Ромд байхдаа хэний төлөө залбирдаг байсан бэ?

11 Ром дахь Паулын хамтран зүтгэгчид ч дээрхтэй адил байсан. «Та нарын нэг... Епафр та нарт мэнд хүргэж, та нарын төлөө үргэлж залбиран тэмцэлдэж байна» (Колоссай 4:12). «Тэмцэлдэж» гэж орчуулсан уг үг нь дээр үед гимнастикч хүн биеийн тамирын тэмцээнд оролцохдоо гаргаж байсан тэмцэл, хүчин чарайлтын талаарх санааг өөртөө агуулдаг ажээ. Ер нь Епафр дэлхийн болон Бага Азийн бүх итгэгчдийн төлөө залбирсан уу? Епафр чухамдаа Колоссайн христиануудын төлөө залбирсан нь Паулын үгээс харагддаг. Тэдний нөхцөл байдлыг Епафр мэддэг байлаа. Колоссайн христиануудад ямар бэрхшээл тулгараад байсныг болон тэднийг бүгдийг нь нэрээр нь мэддэггүй ч гэсэн зарим зүйлийг төсөөлөн бодохыг оролдоод үзье. Тэр үед ноёлж байсан гүн ухааны нөлөөг сөрөн тэмцэхэд залуу Линд амаргүй байсан, харин хуучин мөрдөж байсан еврейн шашны (иудаизмийн) ёс заншлаа сэргээх гэсэн дур хүслдээ бууж өгөхгүй байхад нь Руфт хүч хэрэгтэй болсон байж болох юм. Хүүхдүүдээ Эзний сургаалаар хүмүүжүүлэхэд христиан биш нөхөртэй Персист тэвчээр, мэргэн ухаан хэрэгтэй, харин эдгэшгүй өвчнөөр өвдсөн Асинкритэд сэтгэл засах үг онцгой шаардлагатай байхгүй гэж үү? Тийм ээ, Епафр төрөлх хурлынхаа гишүүдийг сайн мэдэж байсан ба Паул тэр хоёрын аль аль нь Бурханд үнэнч эдгээр хүмүүс Еховад зохистойгоор яваасай гэж хүсэж байсан учраас тэдний төлөө шургуу залбирч байсан билээ.

12. Ганцаарчилсан залбирал хэрхэн илүү тодорхой байж болох вэ?

12 Бусдад хэрхэн тусалж болохыг эдгээр жишээнээс та мэдэж авсан уу? Дээр тэмдэглэснээр Еховагийн Гэрчүүдийн цуглаанууд дээр олон хүн оролцдог учраас тэнд залбирах залбирал ерөнхий байдаг. Гэхдээ ганцаарчилсан болон гэр бүлийн залбирал маш тодорхой байж болно. Заримдаа бид явуулын харгалзагч нар болон сүнслэг хоньчдын төлөө Бурхнаас ивээл, удирдлага гуйн залбирах нь мэдээж. Гэхдээ зарим нэг зүйл дээр тодорхой байдаггүйн учир юу вэ? Жишээ нь: Бид зочлон ирсэн дүүргийн харгалзагчийнхаа төлөө, эсвэл ном судлалын хэсгийн удирдагчийнхаа төлөө яагаад нэрийг дуудан залбирдаггүй вэ? Филиппой 2:25–28 болон 1 Тимот 5:23-д бичсэнээр Паул чухамдаа Тимот болон Епафродитын эрүүл мэндийн талаар санаа тавьсан нь харагддаг. Өвчтэй байгаа, нэрийг нь мэддэг христиануудын төлөө дээрхийн адилаар санаа тавьж болох уу?

13. Ганцаарчилсан залбирлаараа ямар юмны тухай гуйх нь зүйд нийцэх вэ?

13 Бусдын хэрэг явдалд хөндлөнгөөс оролцох хэрэггүй нь ойлгомжтой боловч өөрсдийнхөө танил болоод дотно хайртай хүмүүсийнхээ төлөө чин сэтгэлээсээ санаа тавьж байгаагаа илэрхийлэн залбирах нь зүйд нийцнэ (1 Тимот 5:13; 1 Петр 4:15). Хэн нэгэн итгэл нэгт маань ажилгүй болчихлоо гэхэд бид өөр ажил олж өгөх боломжгүй байна гэж бодъё. Гэхдээ ганцаарчилсан залбирлаараа түүнийг нэрээр нь нэрлэн, учирсан бэрхшээлийнх нь талаар тодорхой хэлэн гуйж болно (Дуулал 37:25; Сургаалт үгс 10:3). «Зөвхөн Эзэн дотор» гэрлэх шийдвэр төгс байдлаасаа болоод нас нь болчихсон хэдий ч нөхөр, хүүхэдгүй яваа ганц бие Гэрч эмэгтэйг та мэдэх үү? (1 Коринт 7:39). Ганцаарчилсан залбирлаараа Еховад хандан, түүнийг ивээж, чин үнэнчээр үйлчлэх ажлаа үргэлжлүүлэхэд нь туслахыг гуйж болохгүй нь юу билээ? Өөр нэг жишээ гэвэл: Алдаа гаргасан ахад хоёр ахлагч сургамж өгчээ. Хоёр ахлагч ганцаарчилсан залбирлаараа түүний нэрийг үе үе дурсаж яагаад болохгүй гэж?

14. Бусдад туслахад тодорхой залбирал ямар хамаатай вэ?

14 Ганцаараа залбирахдаа Еховагийн тусламж, тайтгаруулал, мэргэн ухаан болон ариун сүнс буюу сүнсний ямар нэгэн үр жимс шаардагдсан хүмүүсийн тухай үргэлж дурсаж болно. Алс хол нутагладгаасаа болоод юм уу, эсвэл өөр нөхцөл байдлаас болоод та тэдэнд материалын буюу шууд тусламж үзүүлж чадахгүй байж болох юм. Гэхдээ сүнслэг ах дүүсийнхээ төлөө залбирахаа мартаж болохгүй. Тэд Еховад зохистойгоор явахыг хүсдэг хэдий ч дандаа ийм байхад нь тусламж хэрэгтэй гэдэг нь тодорхой. Тэдэнд туслах нэг арга бол бидний залбирал юм (Дуулал 18:2; 20:1, 2; 34:15; 46:1; 121:1–3).

Бусдад түшиг тулгуур бологтун

15. Колоссайчуудад илгээсэн захидлын төгсгөлийн хэсэгт анхаарлаа хандуулах ёстойн учир юу вэ?

15 Шургуу бөгөөд тодорхой залбирсан залбирал бол бусдад, ялангуяа төрөл төрөгсөд, ойр дотныхондоо үзүүлэх цорын ганц арга биш ээ. Энэ нь «Колоссай» номоос тодорхой харагддаг. Олон эрдэмтний үздэгээр Паул захиандаа сургаал болон ашигтай зөвлөгөө айлдсаныхаа дараа захидлаа зүгээр л мэндчилгээгээр төгсгөсөн ажээ (Колоссай 4:7–18). Гэхдээ энэхүү захидлын төгсгөлийн хэсэгт мэндчилгээний зэрэгцээ үнэтэй сургамж байгааг бид аль хэдийн тодруулсан билээ.

16, 17. Колоссай 4:10, 11-т дурдсан христиануудын талаар юу хэлж болох вэ?

16 Паул: «Надтай хамт хоригдож буй Аристарх та нарт мэнд хүргэж байна. Мөн Барнабын үеэл Марк болон (Та нар түүний талаарх заавар авсан. Хэрэв тэр та анр уруу очвол хүлээж аваарай) Иуст гэж нэрлэгддэг Есүс нар та нарт мэнд хүргэж байна. Зөвхөн эдгээр хүмүүс л хөвч хөндөх ёслолын хүмүүсээс Бурхны хаанчлалын төлөөх хамтран зүтгэгчид юм. Тэд намайг тайтгаруулсан [«надад түшиг тулгуур болсон», ШЕ]» гэж бичжээ (Колоссай 4:10, 11).

17 Эдгээр зүйлд Паул анхаарал хандуулбал зохих ах нарыг нэрлэсэн байна. Тэднийг хөвч хөндүүлэх ёслолын буюу иудей гаралтай хүмүүс гэж хэлжээ. Ромд хөвч хөндүүлсэн иудей хүн олон байсан бөгөөд тэдний зарим нь христиан болсон ажээ. Харин Паулын нэр дурдсан тэр хүмүүс түүнд туслахаар ирсэн аж. Тэд еврей биш христиануудтай харьцахаасаа ичээгүй бөгөөд Паултай хамт еврей бус хүмүүст баяртайгаар дэлгэрүүлж байсан бололтой (Ром 11:13; Галат 1:16; 2:11–14).

18. Өөртэйгөө хамт байсан зарим хүнийг Паул хэрхэн сайшаасан бэ?

18 Эдгээр ахын талаар Паул: «Зөвхөн эдгээр хүмүүс л... надад түшиг тулгуур болсон» гэж бичжээ. Паулын ашигласан грек үг Библид зөвхөн энд л гардаг. Олон орчуулагч түүнийг «тайвшрал» гэж орчуулдаг. Гэхдээ гол төлөв өөр грек үгийг (паракалео) «тайвшрал» гэж орчуулдаг ажээ. Колоссайчуудад илгээсэн мөнхүү захидалдаа Паул тэр үгийг ашигласан бөгөөд тэгэхдээ 4-р бүлгийн 11-р зүйлээс өөр зүйлд ашиглажээ (Матай 5:4; Үйлс 4:36; 9:31; 2 Коринт 1:4; Колоссай 2:2, ШЕ; 4:8).

19, 20. а) Ромд өөрт нь тусалж байсан ах нарт холбогдолтой хэрэглэсэн Паулын үг ямар утгатай вэ? б) Тэр ах нар Паулд яаж тусалдаг байсан байж болох вэ?

19 Паулын нэр дурдсан хүмүүс түүнийг зөвхөн үгээрээ тайвшруулаагүй бололтой. Колоссай 4:11-д «түшиг тулгуур» (ШЕ) гэж орчуулсан грек үгийг заримдаа шашны бус ном зохиолд тайвшруулах үйлчилгээтэй эмийн утгаар хэрэглэсэн байдаг. «Шинэ Гэрээс» (монгол-англи Библи, 1993) орчуулгад: «[Тэд] надад амруулал болсон юм» гэж орчуулжээ. Өөр орчуулгад: «Тэд надад маш их тусалсан» гэж орчуулсан буй («Today’s English Version»). Паулын ойр хавьд амьдардаг байсан христиан ах дүүс түүнд ямар тусламж үзүүлж байсан бэ?

20 Паул өөр дээр нь ирсэн хүмүүсийг хүлээн авах зөвшөөрөлтэй байсан хэдий ч хоол хүнс, өвлийн хувцас гэх мэтийн нэн чухал зүйлсээ худалдан авч бэлдэх зэрэг олон юм хийж чадахгүй байлаа. Паул судлалдаа зориулсан хуйлаасан бичээс болон бичгийн хэрэгслээ хэрхэн олж авч байсан байж таарах вэ? (2 Тимот 4:13). Шаардлагатай эд зүйлсийг худалдан авчирж, даалгаврыг нь биелүүлэх зэргээр Паулыг гол хэрэгцээгээ хангахад нь тэр ах нар тусалж байжээ хэмээн үзэж болохгүй юу? Паул аль нэг хурлын ажил хэрэг ямар байгааг мэдэж, түүнийг урамшуулахыг хүсэж байсан байж болох юм. Гэхдээ тэр хорионд байсан болохоор тэгэх боломж түүнд байхгүй байв. Харин тэр ах нар түүний оронд уг хуралд очиж, хэлэх гэсэн үгийг нь дамжуулаад, буцаж ирэхдээ мэдээ тайлангаа тавьдаг байлаа. Ямар сайхан «түшиг тулгуур» болж байж вэ!

21, 22. а) Колоссай 4:11-д анхаарлаа хандуулах ёстойн учир юу вэ? б) Паулын хамтран зүтгэгчдийн ямар жишээг бид дагаж болох вэ?

21 Өөрт нь «түшиг тулгуур» болж байсан ах нарын тухай Паулын бичсэн зүйл бусдад яаж тусалж болохыг ойлгоход бидэнд тусалдаг. Итгэл нэгтнүүд маань Бурханд таалагдах ёс суртахууны хэм хэмжээг мөрдөн, цуглаанд явж, дэлгэрүүлэх ажилд оролцон, Еховад захистойгоор явдаг. Үүнийх нь төлөө тэднийг магтан сайшаадаг билээ. Бид Паултай хамт байсан ах нарыг дуурайн «түшиг тулгуур» нь байхын тулд тэдний төлөө илүү ихийг хийж болохгүй юу?

22 1 Коринт 7:37-гийн зарчмыг мэргэн ухаанаар сахин мөрддөг бөгөөд гэр орноосоо хол амьдардаг Гэрч эмэгтэйг та мэддэг бол түүнийг гэр бүлийнхээ үйл ажиллагаанд урьж болохгүй нь юу билээ? Үдийн болон оройн хоолныхоо аль нэгэнд юм уу найз нөхөд, төрөл төрөгсдийнхөө хүрээнд зохион байгуулах цомхон арга хэмжээндээ урьж болохгүй гэж үү? Бас танай гэр бүлийнхэн түүнийг чуулганд юм уу амралтаараа явахдаа хамт авч явж болохгүй нь юу билээ? Эсвэл тохиромжтой үед хамт дэлгүүрээр явж хоол хүнсээ цуглуулахыг санал болгоорой л доо. Бэлэвсэн болон чадал тэнхээ нь барагдсан итгэл нэгтнүүдэд дээр дурдсанчлан хандаж болно. Урьд нь тэдний туулж өнгөрүүлсэн түүх юм уу, эсвэл чихэр жимс, хүүхдийн хувцас сонгож авах мэтийн маш энгийн зүйлийн талаарх тэдний мэдлэг танд маш үнэ цэнтэй зүйл болж болох юм (Левит 19:32; Сургаалт үгс 16:31). Та тэдэнтэй бүр илүү ойртон нөхөрлөж болно. Тэгвэл эмийн сангаас эм авах мэтийн шаардлага гарсан үед тэд танаас цэрвэхгүйгээр тусламж гуйдаг болно. Ромын ах нар Паулын ажил явдалд туслан, түүнд «түшиг тулгуур» болж байсан. Та ч гэсэн бусдадаа «түшиг тулгуур» болох боломжтой. Энэ нь хайрын холбоог бэхжүүлж, хамтдаа Еховад үнэнчээр үйлчлэх шийдвэр төгс байдлаа хадгалахад тусалдаг. Дээр үед тийм байсан, одоо ч тийм байна.

23. Бид цагаа юунд зарцуулах ёстой вэ?

23 Энэ өгүүлэлд бичигдсэн жишээнүүдийг хүн бүр сайтар эргэцүүлэн бодох хэрэгтэй. Эдгээр нь ердийн жишээ боловч итгэл нэгтнүүддээ «түшиг тулгуур» болж болох бүрэн бодитой нөхцөл байдлын талаар бидэнд сануулах болно. Гэхдээ бид хүмүүнлэгийн арга хэмжээнд хамаг анхаарлаа хандуулна гэсэн үг биш ээ. Колоссай 4:10, 11-д дурдсан ах нарын хувьд ч гол зорилго нь энэ байгаагүй. Тэд «Бурхны хаанчлалын төлөөх хамтран зүтгэгчид» байсан юм. Тэд Паулд «түшиг тулгуур» болж байсан нь чухамдаа шууд үүнтэй холбоотой ажгуу. Бидний хувьд ч бас тийм байх ёстой.

24. Бусдын төлөө залбирч, тэдэнд «түшиг тулгуур» байхыг хичээдгийн маань гол шалтгаан юу вэ?

24 Ганцаарчилсан залбирлаараа бусдын нэрийг дурдан, тэдэнд «түшиг тулгуур» байхыг хичээдгийн маань шалтгаан бол итгэл нэгтнүүд маань Еховад «зохистойгоор явж, бүх талаар Түүнд таалагдахыг» чармайдаг гэдэгт итгэдэг бидний итгэл юм (Колоссай 1:10). Гэхдээ бүх зүйл ингээд болчихож байгаа хэрэг биш. Паулын хэлснээр Епафр Колоссайн христиануудын төлөө залбирахдаа тэднийг «Бурхны бүх хүсэл дотор... гүйцэд болж, төгс зогсож байхыг» гуйсан байна (Колоссай 4:12). Үүнийг хүн болгон яаж биелүүлэх вэ? Энэ тухай дараа үзье.

Та анзаарав уу?

• Ганцаарчилсан залбирлынхаа тусламжтайгаар бусдад яаж илүү их тус хүргэж болох вэ?

• Зарим христиан Паулд «түшиг тулгуур» болж байсан гэдэг нь юу гэсэн үг вэ?

• Ямар нөхцөл байдалд бид «түшиг тулгуур» болж болох вэ?

• Итгэл нэгтнүүдийнхээ төлөө залбирч, тэдэнд «түшиг тулгуур» болохыг хичээхдээ бид ямар зорилго тавьдаг вэ?

[Догол мөрийн асуулт]