Skip to content

Гарчиг руу орох

Ехова ядарсан хүнд тэнхээ өгдөг

Ехова ядарсан хүнд тэнхээ өгдөг

Ехова ядарсан хүнд тэнхээ өгдөг

«[Ехова] ядарсанд тэнхээ өгч, чадал дутагдсанд нь хүч нэмдэг» (ИСАИА 40:29).

1. Бурхны бүтээлүүд ямар хүчтэйг жишээгээр үзүүлнэ үү.

 ЕХОВАГИЙН хүч хязгааргүй. Түүний бүтээсэн юмс юутай их хүчтэй вэ! Бүх юмсын «тоосго» болдог атом нь усны ганц дусалд зуун ингэмэл (квинтильон) байдаг өчүүхэн жижиг зүйл билээ. * Манай гариг дээрх амьдрал нарны дотор явагддаг дулаан цөмийн урвалын дүнд үүсдэг энергийн ачаар оршин тогтнож байдаг. Гэвч дэлхий дээрх амьдралыг тэтгэхэд нарны энерги хэдий хир шаардлагатай вэ? Нарнаас гардаг энергийн өчүүхэн жижиг хэсэг нь (олон тэрбум хуваасны нэг нь) дэлхийд хүрч ирдэг. Математикийн эрдэмтэн Фред Хойл, номдоо: «Дэлхийд хүрч ирдэг нарны энергийн тэр өчүүхэн жижиг хэсэг нь... дэлхийн бүх үйлдвэрийн хэрэглэдэг энергийн хэмжээнээс ойролцоогоор 100 000 дахин их юм» гэж бичжээ («Astronomy»).

2. Исаиа 40:26-д Еховагийн хүчний талаар юу хэлдэг вэ?

2 Өчүүхэн жижиг атом хийгээд хязгааргүй уудам Орчлонт ертөнцийн алийг нь ч эргэцүүлэн бодлоо гэсэн Еховагийн сүрлэг агуу хүч өөрийн эрхгүй гайхаш төрүүлнэ. Ехова: «Нүдээ өндөрт өргөн тэдгээрийг хэн бүтээснийг харагтун. Тэдгээр оддын эздийг тоогоор нь авчрагч Нэгэн тэднийг бүгдийг нь нэрээр нь дууддаг юм. Түүний агуу их хүч, сүр жавхлангийн улмаас тэдгээрээс нэг нь ч алдагдаагүй» гэж хэлсэн нь гайхаад байх зүйл биш ээ (Исаиа 40:26). Тийм ээ, Ехова «агуу их хүчтэй» бөгөөд тэрбээр өөрөө Орчлонт ертөнцийг бий болгосон хүчний Эх булаг юм.

Хирээс хэтэрсэн хүч хэрэгтэй

3, 4. а) Биднийг тамирдуулж болох ямар хүчин зүйлүүд байдаг вэ? б) Авч үзвэл зохих ямар асуулт байна вэ?

3 Бурхны хүч хязгааргүй байдаг бол, харин хүн ядардаг. Ядарсан хүмүүстэй хаана ч тааралдаж болно. Тэд өглөө ядаргаа нь тайлагдаагүй хэвээрээ сэрж, тэр чигтээ ажил, сургуульдаа явах юм уу, эсвэл орой нь ихэд ядарч сульдсан байдалтай гэртээ ирээд бушуухан л орондоо орох явдал байдаг. Зарим нэг нь хаа нэг тийшээ явж, бага ч гэлээ амрахын хүслэнд автдаг. Еховагийн үйлчлэгчид бид ч гэсэн бас ядардаг. Учир нь цаг ямагт Бурхандаа үнэнч байх гэсэн хүчин чармайлт маань их ачааллыг шаарддаг (Марк 6:30, 31; Лук 13:24; 1 Тимот 4:8). Түүнээс гадна тамир тэнхээг маань барагдуулдаг өөр олон хүчин зүйл байдаг.

4 Бид хэдийгээр христиан хүмүүс гэлээ ч бусад хүнд тохиолддог бэрхшээлүүдээс бүрэн дүүрэн ангид байдаггүй (Иов 14:1). Өвчин эмгэг, санхүүгийн болон амьдралын ердийн бусад бэрхшээл зэрэг нь урам зоригийг маань мохоож, хүчийг маань сульдуулдаг. Эдгээр хүндрэл бэрхшээлийн зэрэгцээ зарим христиан зөв шударга үйл хэргийнхээ төлөө хавчлага мөрдөлтөд өртдөг (2 Тимот 3:12; 1 Петр 3:14). Ертөнцийн зүгээс өдөр бүр учруулж байдаг дарамт болон Хаанчлалын тухай мэдээг дэлгэрүүлэх ажилд учирч байгаа саад бэрхшээлүүд нь хэн нэгнийг Еховад үйлчлэх үйлчлэлээ сулруулахад хүртэл туйлдуулж болох юм. Түүнээс гадна Бурханд үнэнч байдлыг маань эвдэн бусниулахын тулд Сатан Диавол өөрийнхөө мэдэлд байгаа бүхнийг ашигладаг. Сульдан ядарч, бууж өгөхгүйн тулд хэрхэн сүнслэг хүчтэй болж болох вэ?

5. Бурханд үйлчлэхэд зөвхөн хүний өөрийнх нь хүч яагаад хангалтгүй вэ?

5 Сүнслэг хүчийг бид хамгаас хүчит Бүтээгч Еховагаас авах хэрэгтэй. Төгс бус хүмүүс хирээс хэтэрсэн хүчгүйгээр Еховад үйлчилж чадахгүй гэдэгт элч Паул анхаарал хандуулсан байдаг. Тэрбээр: «Хүчний давамгайлал [«хирээс хэтэрсэн хүч», ШЕ] нь биднээс биш, харин Бурхных байхын тулд бид энэхүү баялгийг шавар савнуудад тээдэг» гэж бичжээ (2 Коринт 4:7). Тослогдсон христианууд дэлхийд мөнх амьдрах найдвартай хамсаатнууддаа туслахдаа «эвлэрлийн үйлчлэлийг» гүйцэтгэдэг (2 Коринт 5:18; Иохан 10:16; Илчлэлт 7:9). Нэгэнт бид төгс бус хүмүүс учраас Бурхны хэргийг гүйцэлдүүлэх явцдаа тохиолдсон хавчлага бэрхшээлийг зөвхөн өөрсдийн хүчээр даван шийдвэрлэх боломжгүй юм. Ехова бидэнд ариун сүнсээрээ тусалдаг бөгөөд тийнхүү бидний сул дорой байдал Бурхны хүч чадлыг тодруулдаг. «Зөв шударга хүнийг Эзэн [«Ехова», ШЕ] дэмждэгийг» мэдэх нь юутай тайвшрал бэ! (Дуулал 37:17).

«Ехова бол бидний хүч чадал»

6. Ехова бол бидний хүч чадлын Эх булаг гэдгийг Ариун Судар хэрхэн илэрхийлдэг вэ?

6 Тэнгэрийн Эцэг маань «агуу их хүчтэй» бөгөөд хүчийг бидэнд ямар ч бэрхшээлгүйгээр өгч чадна. Библид: «[Ехова] ядарсанд тэнхээ өгч, чадал дутагдсанд нь хүч нэмдэг. Залуу хүн ч ядарч сульдан, идэр хөвгүүд ч бүдэрдэг. Харин Эзэнд найдагчдын хүч нь шинэчлэгдэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элэн халина. Тэд гүйхдээ үл ядран, алхахдаа үл цуцна» гэж байдаг (Исаиа 40:29–31). Амьдралын өсөн нэмэгдэж байгаа дарамтаас болоод бид заримдаа сөхрөөд суучих гэж байгаа гүйгч тамирчин шиг болж болох юм. Гэхдээ барианы шугам урд маань байгаа болохоор амийн төлөө гүйхээ больж хэрхэвч болохгүй (Шастирын дэд 29:11). Биднийг Эсэргүүцэгч Диавол гүйхийг маань болилуулахыг хүсэн, «архирах арслан» мэт хэрэн явж байна (1 Петр 5:8). Ехова бол «бидний хүч чадал, бидний бамбай» бөгөөд «ядарсанд тэнхээ өгөхийн» тулд шаардлагатай зүйлс элбэг дэлбэг өгдгийг санаж явъя (Дуулал 28:7).

7, 8. Давид, Хабаккук, Паул нарт Ехова хүч өгч байсныг гэрчлэх ямар баримт байдаг вэ?

7 Том саадыг давж гарахад нь шаардлагатай хүчийг Ехова Давидад өгсөн. Тийм учраас Давид: «Бурхнаар дамжуулаад бид зоригтой [«хүч чадалтай», ШЕ] байх бөгөөд бидний өстнүүдийг гишгэчих нэгэн бол Тэр билээ» хэмээн бүрэн итгэлтэйгээр бичжээ (Дуулал 60:12). Зөнчийн үүрэг даалгавраа бүрэн төгс биелүүлэг гэж Ехова Хабаккукт бас хүч өгсөн. Хабаккук 3:19-д: «Эзэн Бурхан [«Хэмжээгүй эрхт Эзэн Ехова», ШЕ] бол миний хүч чадал. Тэрээр миний хөлийг согооны хөл мэт болгож, намайг өндөр газруудаар минь явуулсан билээ» гэж байдаг. «Надад хүч өгөгч Түүгээр [Бурхнаар] би бүгдийг хийж чадна» гэж хэлсэн Паулын жишээ ч бас анхаарал татдаг (Филиппой 4:13).

8 Биднийг хүч чадалтай болгох, мөн аврах Бурхны чадварт Давид, Хабаккук, Паул нар шиг итгэх ёстой. Тэгэхээр одоо бид Хэмжээгүй эрхт Эзэн Ехова бол «хүч чадлын» маань Эх булаг мөн гэдгийг мэдсэн болохоор Бурхнаас бидэнд элбэг дэлбэгээр өгсөн тэр зүйлсээс сүнслэг хүчийг хэрхэн олж авах зарим арга замын тухай авч үзье.

Биднийг бэхжүүлдэг сүнслэг арга хэмжээнүүд

9. Еховагийн Гэрчүүдийн хэвлэл бидний хоол хүнсэнд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

9 Еховагийн Гэрчүүдийн хэвлэлийн тусламжтайгаар Библийг хичээнгүйлэн судлах нь тустай бөгөөд биднийг бэхжүүлдэг. Дуулалч: «Жаргалтай хүн... Еховагийн хуульд баярлан бахдаж, түүний хуулийг нам дуугаар өдөр шөнөгүй уншдаг. Тэрээр урсгал усны дэргэд тарьсан мод адил билээ. Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөд навчис нь ч хатдаггүй. Тэр хүний үйлс бүхэн нь өлзийтэй» хэмээн дуулжээ (Дуулал 1:1, 2, ШЕ, 3). Бие эрүүл, хүч чадалтай байхын тулд хоол унд хэрэгтэй. Харин сүнслэг талаараа эрүүл бөгөөд хүчтэй байхын тулд бид Үгээрээ болон Еховагийн Гэрчүүдийн хэвлэлээр дамжуулан өгч байгаа Бурхны сүнслэг хоол ундыг идэж уух хэрэгтэй. Тийм учраас Библи болоод түүнд үндэслэсэн ном хэвлэлийг анхааралтай уншиж, уншсан зүйлээ эргэцүүлэн бодох нь чухал ач холбогдолтой.

10. Хэзээ судалж, эргэцүүлэн бодож болох вэ?

10 «Бурхны гүн юмсын» талаар эргэцүүлэн бодох нь үнэхээр ашигтай (1 Коринт 2:10). Гэвч хэзээ эргэцүүлэн бодох нь зөв бэ? Абрахамын хүү Исаак «үдэш болж байхад... бясалгал хийхээр хээр гарчээ» (Эхлэл 24:63–67). Дуулалч Давид «шөнөжин... [Бурхны] тухай тунгаан боддог» (Дуулал 63:6). Бурхны Үгийг өглөө, орой, шөнийн аль тохиромжтой цагт, хэзээ ч судалж, эргэцүүлэн бодож болно. Тийн судалж, эргэцүүлэн бодохын өмнө сүнслэг хүч чадал өгдөг Еховагийн өөр нэгэн арга хэмжээ бол залбирал юм.

11. Тогтмол залбирах нь ямар учраас чухал ач холбогдолтой вэ?

11 Бурханд тогтмол залбирах нь хүчтэй болоход маань тустай. Тийм учраас «цөхрөлтгүй залбирах» хэрэгтэй (Ром 12:12, ШЕ). Заримдаа ямар нэгэн сорилт бэрхшээлийг даван туулахын тулд Бурхнаас мэргэн ухаан, хүч гуйн шургуу залбирах хэрэг гардаг (Иаков 1:5–8). Тэрчлэн Бурхны санаа зорилго биелж байгааг, эсвэл үйлчлэлээ үргэлжлүүлэхэд маань туслан, хүч чадал өгч байгааг нь харахдаа түүнд магтаал талархлаа илэрхийлж байя (Филиппой 4:6, 7). Хэрэв бид Еховад тогтмол залбирч байх аваас тэр биднийг хэзээ ч орхихгүй. Давид: «Харагтун, Бурхан бол миний туслагч» хэмээн дуулсан (Дуулал 54:4).

12. Бурхнаас ариун сүнс гуйхын учир юу вэ?

12 Тэнгэрийн Эцэг маань «Ариун Сүнс» буюу үйлдэх хүчээрээ бидэнд хүч чадал, тамир тэнхээ өгч байдаг. Паул: «Иймд би Эцгийн өмнө өвдөг сөгдөж... Тэр Өөрийн алдрын баялгийн дагуу Өөрийн Сүнсээр дамжуулан хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчтэй болгон соёрхох болтугай» гэж бичсэн буй (Ефес 3:14–16). Бид ариун сүнс гуйн залбирах хэрэгтэй бөгөөд Ехова үүнийг өгнө гэдэгт итгэлтэй байх ёстой. Хэрэв хүүхэд нь загас өгөөч гэж гуйвал хайртай эцэг нь түүнд могой өгөх үү? гэсэн асуултыг Есүс тавьсан. Мэдээжээр үгүй. Эндээс Есүс: «Хэрэв та нар [нүгэлтэй учраас их бага ямар нэг хэмжээгээр] бузар атлаа хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй» гэсэн дүгнэлт хийсэн (Лук 11:11–13). Итгэлтэйгээр залбирч, Бурхны үнэнч үйлчлэгчид ариун сүнсээр «хүчтэй болон соёрхогдоно» гэдгийг ямагт санаж явъя.

Хурал бол бидний түшиг тулгуур

13. Еховагийн Гэрчүүдийн цуглаанд хэрхэн хандах ёстой вэ?

13 Ехова Гэрчүүдийнхээ цуглаануудаар дамжуулан бидэнд хүч өгдөг. Есүс: «Хоёр буюу гурван хүн Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна» гэж хэлсэн (Матай 18:20). Есүс энэхүү амлалтаа хуралд удирдах үүрэг хүлээсэн хүмүүст зориулсан ажээ (Матай 18:15–19). Хэдий тийм ч Есүсийн энэ үг зарчмын хувьд, нэрийг нь дурдсан залбирлаар эхэлдэг бөгөөд дуусдаг манай бүх цуглаан, чуулганд хамаатай (Иохан 14:14). Тийм учраас Еховагийн Гэрчүүдийн цуглаанд оролцож байгаа хүний тоо олон цөөн байх нь гол биш, харин аль болохоор цуглаанд оролцох нь л завшаан юм. Биднийг сүнслэг талаар бэхжүүлж, хайр болоод сайн үйлсэд урин дууддаг эдгээр цуглааныг зохион байгуулдагт нь Еховад талархлаа илэрхийлье (Еврей 10:24, 25).

14. Хурлын ахлагч нарын хөдөлмөр зүтгэл бидэнд ямар ач холбогдолтой вэ?

14 Хурлын ахлагч нар сүнслэг тусламж үзүүлж, урам зориг хайрладаг (1 Петр 5:2, 3). Паул, өнөөгийн явуулын харгалзагч нар шиг, олон хуралд тусалж, урам зориг хайрладаг байсан. Түүнээс гадна Паул харилцан бие биеэ урамшуулан бэхжүүлэхийн тулд итгэл нэгтнүүдтэйгээ хамт байхыг маш их хүсдэг байлаа (Үйлс 14:19–22; Ром 1:11, 12). Сүнслэг талаар бэхжихэд маань их үүрэг гүйцэтгэдэг хурлынхаа ахлагч нар болон бусад харгалзагч нарыг үргэлж хүндэтгэн үнэлж байя.

15. Хурлын маань итгэл нэгтнүүд хэрхэн «түшиг гулгуур» болдог вэ?

15 Хурлын маань итгэл нэгт ах дүүс бидэнд «түшиг тулгуур» болдог (Колоссай 4:10, 11, ШЕ). Анд нөхдийн маань хувьд хүнд бэрх цаг тулгарахад тэд бидэнд тусалдаг (Сургаалт үгс 17:17). Жишээ нь: 1945 онд Заксенхаузены бөөнөөр хорих лагериас Бурхны 220 үйлчлэгч нацист харгалзагчдын хяналтан дор 200 километр зам туулах болжээ. Тэд олон бүлэгт хуваагдсан бөгөөд хүчтэй нэг нь хамгийн сул доройгоо хэдхэн жижиг түрдэг тэргэнд суулгаад авч явсан байна. Үр дүн нь ямар байсан бэ? Уг хорих лагерийн 10 000 гаруй хоригдлын амийг авч одсон энэхүү үхлийн аяны турш Еховагийн Гэрчүүдээс нэг ч хүн үхээгүй байна. «Еховагийн Гэрчүүдийн жил тутмын ном» *, «Еховагийн Гэрчүүд бол Бурхны Хаанчлалыг тунхаглагчид мөн» * зэрэг Харуулын Цамхаг Нийгэмлэгийн хэвлэлүүдэд бичигдсэн дээрхтэй төстэй тохиолдлууд нь Бурхан үйлчлэгчдэдээ хүч чадал өгдөг, тийм ч учраас тэд бууж өгдөггүй юм гэдгийг нотолдог (Галат 6:9).

Дэлгэрүүлэх ажил биднийг бэхжүүлдэг

16. Дэлгэрүүлэх ажилд тогтмол оролцох нь биднийг сүнслэг талаар хэрхэн бэхжүүлдэг вэ?

16 Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд тогтмол оролцох нь биднийг сүнслэг талаар бэхжүүлдэг. Энэ үйл ажиллагаа Бурхны Хаанчлалд анхаарлаа төвлөрүүлэхэд болон мөнхийн амь, ирээдүйн ивээлийг оюун санаандаа байнга хадгалж явахад маань бидэнд тусалдаг (Иуда 20, 21). Дэлгэрүүлэх ажлаар явах үедээ бидний ярьдаг Библийн амлалтууд бидэнд итгэл найдвар өгдөг бөгөөд биднийг «бид үүрд мөнх өөрсдийн Бурхан Эзний [«Еховагийн», ШЕ] нэр дор алхана» гэж хэлсэн зөнч Мика шиг шийдэмгий болгодог (Мика 4:5).

17. Гэрээр Библийн хичээл явуулахтай холбоотой ямар зөвлөгөө өгдөг вэ?

17 Бид бусдыг сургах ажилдаа Библийг өргөн ашиглаж, Еховатай тогтоосон харьцаагаа улам бэхжүүлдэг. Жишээ нь: «Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг» номоор Библийн хичээл явуулахдаа Библиэс иш татсан зүйлүүдээс уншиж, шүүн ярилцах нь их чухал. Ингэх нь суралцаж байгаа хүнд маань ашигтай төдийгүй сүнслэг ойлголтоо бэхжүүлэхэд бидэнд тустай. Хэрэв суралцагч хүн Библийн аль нэг сургаал буюу тайлбарыг сайн ойлгохгүй байгаа бол «Мэдлэг» номын нэг бүлгийг хэд хэд хуваан үзэж болох юм. Бусад хүнийг Бурханд ойртоход нь туслахын тулд сайтар бэлтгэн, хичээл зүтгэл гарган ажиллах нь бидний хувьд асар их баяр баясгалан байдаг билээ!

18. «Мэдлэг» номыг хэрхэн үр ашигтай ашигладгийг жишээгээр тайлбарлана уу.

18 «Мэдлэг» номыг үр ашигтай ашигласнаар жил бүр олон мянган хүн өөрсдийгөө Еховад зориулж, үйлчлэгч нь болж байна. Тэдний дунд урьд нь Библийн талаар ямар ч төсөөлөлгүй байсан хүн олон бий. Жишээлбэл: Шри Ланкийн нэгэн хинди шашинтан хүн хүүхэд байхдаа диваажингийн тухай ярьсан нэгэн Гэрч эмэгтэйн үгийг санамсаргүй сонсжээ. Хэдэн жилийн дараа тэр хүн мөнөөх эмэгтэйтэй уулзсан ба удалгүй эмэгтэйн нөхөртэй Библи судалж эхэлсэн байна. Тэгээд тэр залуу өдөр бүр хичээллэж, «Мэдлэг» номыг харьцангуй богино хугацаанд судалж дуусжээ. Тэр залуу хуучин шашнаасаа холбоогоо тасалж, бүх цуглаанд явж эхэлсэн ба удалгүй дэлгэрүүлэгч болжээ. Тэрбээр баптисм хүртэхээсээ бүр өмнө танил хүнтэйгээ Библи судалж эхэлсэн байна.

19. «Эхлээд Хаанчлалыг хайхдаа» бид юунд итгэлтэй байж болох вэ?

19 «Эхлээд Хаанчлалыг хайснаараа» бид өөрсдийгөө бэхжүүлдэг баяр баясгаланг олж авдаг (Матай 6:33). Бид янз бүрийн зовлон бэрхшээлтэй тулгардаг хэдий ч сайн мэдээг баяр баясгалантай, идэвх зүтгэлтэй тунхагласаар байдаг (Тит 2:14). Бидний дундаас олон хүн бүрэн цагийн эхлэгчээр үйлчилдэг ба зарим нь дэлгэрүүлэгч илүү ихээр шаардагдаж байгаа газар очиж дэлгэрүүлдэг. Хаанчлалын тусын тулд бүрэн цагийн үйлчлэгчээр үйлчилж байна уу, үгүй юү гэдгээс үл хамааран нэрээр нь илэрхийлж байгаа бидний хүч хөдөлмөр, хайр хүндэтгэлийг Ехова мартахгүй гэдэгт бүрэн итгэлтэй байж болно (Еврей 6:10–12).

Еховагаас хүч аван ажиллагтун

20. Еховагийн хүчинд итгэдгээ хэрхэн харуулж болох вэ?

20 Еховад найдаж, хүчинд нь итгэдгээ бүх талаар харуулцгаая. Үүнийг, «итгэмжит ухаалаг боолоор» дамжуулан Бурхны өгдөг бүх сүнслэг арга хэмжээг хэрхэн ашиглаж байгаагаараа харуулж болно (Матай 24:45). Биеэ даагаад юм уу цуглаанаар Библид үндэслэсэн хэвлэл ашиглан, Бурхны Үгийг судлах; чин сэтгэлээсээ залбирах; ахлагч нараас үзүүлдэг сүнслэг тусламж; үнэнч христиануудын сайн жишээ болон дэлгэрүүлэх үйлчлэлд тогтмол оролцох зэрэг бол бидэнд Еховатай тогтоосон харьцаагаа бэхжүүлэх боломж олгодог Бурхны зохион байгуулдаг арга хэмжээнүүдийн зарим хэсэг нь бөгөөд үргэлжлүүлэн ариунаар үйлчлэхэд маань хүч чадлын эх булаг болдог юм.

21. Бурхны хүч шаардагддагийг элч Петр Паул нар яаж илэрхийлсэн бэ?

21 Хүмүүс бид сул дорой хэдий ч Еховагийн тусламжид итгэвэл хүсэл тааллыг нь биелүүлэхэд тэр биднийг бэхжүүлнэ. Тийм тусламж хэрэгтэйг ойлгосон элч Петр: «Үйлчилдэг хүн нь Бурхнаас тэтгэгддэг хүчээр үйлдэг» гэж бичжээ (1 Петр 4:11). Паул: «Христийн төлөө мөхөс байдал, доромжлол, гачигдал, хавчлага, хүнд байдал дотроо би баяртай байна. Учир нь би хэзээ мөхөс байна, тэр үед хүчтэй байдаг» гэж бичин, Бурхны хүчинд итгэдгээ бас илэрхийлсэн (2 Коринт 12:10). Тийм итгэлтэй байж, ядарсан хүнд тэнхээ өгдөг Хэмжээгүй эрхт Эзэн Еховагаа магтан алдаршуулцгаая (Исаиа 12:2).

[Зүүлт]

^ Энэ тоо бол 1·1020-тэй тэнцүү юм.

^ Монгол хэлээр байхгүй.

^ Монгол хэлээр байхгүй.

Та яаж хариулах вэ?

• Еховагийн ард түмэнд ямар учраас хирээс хэтэрсэн хүч хэрэгтэй байдаг вэ?

• Бурхан үйлчлэгчдээ хүч чадал өгдгийг Библи хэрхэн гэрчилдэг вэ?

• Биднийг бэхжүүлэхийн тулд Еховагийн авч хэрэгжүүлдэг зарим сүнслэг ямар арга хэмжээ байдаг вэ?

• Бурхны хүчинд итгэдгээ хэрхэн харуулж болох вэ?

[Догол мөрийн асуулт]