Skip to content

Гарчиг руу орох

Та Еховагийн сануулгад хэмжээлшгүй их хайртай юу?

Та Еховагийн сануулгад хэмжээлшгүй их хайртай юу?

Та Еховагийн сануулгад хэмжээлшгүй их хайртай юу?

«Сэтгэл минь Таны сануулгыг сахьдаг бөгөөд би тэдэнд хэмжээлшгүй их хайртай» (ДУУЛАЛ 119:167).

1. Библийн ямар номд Еховагийн сануулга олон удаа бичэгдсэн байдаг вэ?

 ЕХОВА өөрийн ард түмнийг жаргалтай байлгахыг хүсдэг. Жинхэнэ аз жаргалтай байя гэвэл «Еховагийн хуулиар явж», тушаалуудыг нь сахин мөрдөх шаардлагатай нь мэдээж хэрэг. Үүний тулд Бурхан бидэнд сануулга өгдөг. Энэ талаар Ариун Сударт, ялангуяа Иудейн хаан сэнтийний залуу залгамжлагч Езекиагийн зохиосон байж болох 119-р дуулалд нэг биш удаа бичсэн байдаг. Энэхүү сайхан дуу: «Явдал үйл нь гэм зэмгүй, Еховагийн хуулиар явагч хүмүүс юутай жаргалтай вэ! Түүний сануулгыг сахин, түүнийг бүхий л зүрхээрээ хайгч хүмүүс юутай жаргалтай вэ!» гэсэн үгээр эхэлдэг (Дуулал 119:1, 2, ШЕ).

2. Еховагийн сануулга аз жаргалтай байхад ямар хамаатай вэ?

2 Бид Бурхны Үгийн нарийн зөв мэдлэгтэй болж, түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлснээр «Еховагийн хуулиар явах» болно. Нэгэнт төгс бус болохоор бидэнд сануулга хэрэгтэй. Монгол Библид «гэрчлэлүүд» гэж орчуулсан еврей үгийг «сануулга» гэж орчуулах нь зөв ажээ. * Энэхүү еврей үг нь Ехова хууль, тушаал, дүрэм, зарлиг, тогтоолоо бидний ой ухаанд сануулдаг гэдгийг заан илэрхийлдэг (Матай 10:18–20). Еховагийн сануулгад анхаарлаа байнга хандуулж байсан цагт л аз жаргалтай байх болно. Учир нь уг сануулга гай зовлон, уйтгар гуниг чирж ирдэг сүнслэг урхи занганаас зайлсхийхэд бидэнд тусалдаг юм.

Еховагийн сануулгаас зуурч авагтун

3. Дуулал 119:60, 61 дээр үндэслэн юунд итгэлтэй байж болох вэ?

3 «Би Таны тушаалуудыг сахин биелүүлэхээр яаравчилсан бөгөөд үүнийгээ хойшлуулаагүй юм. Хорон муу хүний уяанууд намайг хэрсэн, гэвч би Таны хуулийг мартаагүй билээ» гэж дуулсан дуулалчид Бурхны сануулга үнэтэй байлаа (Дуулал 119:60, 61). Тэнгэрийн Эцэг маань дайсны хүлээсийг тасчин хаяж чадна гэдэгт бид итгэдэг учраас мөрдөлт хавчлагыг даван гарахад Еховагийн сануулга бидэнд тусалдаг. Замд маань тулгардаг элдэв бэрхшээлийг Ехова тухайн цагт нь арилгадаг учраас бид Хаанчлаллын тухай мэдээ дэлгэрүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэж чаддаг (Марк 13:10).

4. Бурхны сануулгад хэрхэн хандах ёстой вэ?

4 Еховагийн сануулга заримдаа биднийг засаж залруулдаг. Дуулалчийн адилаар тийм залруулгыг дандаа талархалтайгаар хүлээн авч байя. Дуулалч Бурханд хандан: «Таны сануулга мөн миний баясал... Би Таны сануулгад хайртай» хэмээн залбирчээ (Дуулал 119:24, 119). Тэр дуулалчийг бодвол бидэнд Бурхны сануулга илүү олон бий. Еврей Судраас Грек Сударт иш татсан олон зуун ишлэл нь Мосегийн хуулийн доор байсан Бурхны ард түмэнд хандсан Еховагийн сургамжийг төдийгүй христиануудын хурлын талаарх Бурхны санаа зорилгыг бидэнд сануулдаг. Бурхан, хуультай нь холбоотой зүйлийн талаар бидэнд сануулах хэрэгтэй гэж үзвэл түүнийг бид талархалтайгаар хүлээн авдаг. Бид Еховагийн «сануулгаас зууран», Бүтээгчийн маань дургүйг хүргэж, харин бидний баяр баясгаланг үгүй болгодог нүглийн өгөөшнүүдээс зайлсхийж чаддаг (Дуулал 119:31).

5. Еховагийн сануулгад яаж хэмжээлшгүй их хайртай болох вэ?

5 Еховагийн сануулгад аль хир хайртай байх ёстой вэ? Дуулалч: «Сэтгэл минь Таны сануулгыг сахьдаг бөгөөд би тэдэнд хэмжээлшгүй их хайртай» хэмээн дуулжээ (Дуулал 119:167). Еховагийн сануулгыг бидний төлөө жинхэнэ ёсоор санаа зовдог Эцгийн сургамж хэмээн үзэж, хүлээн авсан тохиолдолд л бид сануулгыг хэмжээлшгүй их хайрлах болно (1 Петр 5:6, 7). Түүний сануулга бидэнд хэрэгтэй бөгөөд ашиг тусыг нь үзэх тусмаа бид сануулгыг нь улам илүү хайрлах болно.

Бурхны сануулга хэрэгтэй байдгийн учир

6. Еховагийн сануулга хэрэгтэй байдгийн нэг шалтгаан юу вэ? Тэр сануулгыг эргэн санахад юу туслах вэ?

6 Еховагийн сануулга хэрэгтэйн нэг шалтгаан бол бидний мартамхайтай холбоотой. Нэгэн нэвтэрхий тольд: «Хүн ёс юм шиг юмыг аажимдаа мартдаг. [...] Хүний нэр юм уу ямар нэг мэдээллийг дөнгөж саяхан сонссон хирнээ эргээд санахгүй байх тохиолдол танд байдаг л байх. [...] Энэ мэт ховор биш үзэгдлийг ой тогтооцын түр зуурын саатал гэж нэрлэж болно. Эрдэмтэд үүнийг тасалгаанд байгаа эмх замбараа нь алдагдсан юман дотроос ямар нэг юмыг эрж олох гэж байгаа оролдлоготой харьцуулдаг. [...] Ямар нэгэн мэдээллийг бөх бат тогтоох сайн арга бол тэр талаар сайн мэдье гэж шийдсэнийхээ дараа түүнийг удаан хугацаагаар судлах явдал юм» гэжээ («The World Book Encyclopedia»). Хичээл зүтгэлтэйгээр судалж, давтах нь Бурхны сануулгыг эргэн санаж, өөрийнхөө тусын тулд тэр сануулгын дагуу үйл ажиллагаа явуулахад маань тус болно.

7. Өнөөдөр Бурхны сануулга урьд хожид байгаагүй ихээр шаардагдаж байгаагийн учир юу вэ?

7 Өнөөдөр бидний хувьд Еховагийн сануулга урьд өмнө байгаагүй чухлаар шаардагдаж байна. Учир нь ёс бус байдал өнөөдрийнх шиг түвшинд хэзээ ч хүрч байгаагүй билээ. Хэрэв бид Еховагийн сануулгад анхаарлаа хандуулах аваас урхинд орж, энэ ертөнцийн ёс бус зам уруу хальтран орохоос сэргийлэх шаардлагатай мэргэн ухааныг олж авна. Дуулалч: «Таны сануулга миний бясалгал учир би бүх багш нараасаа илүү ухаалаг болсон. Таны тушаалуудыг сахин биелүүлсэн учраас би настангуудаас ч илүү ойлгон ухаардаг. Би Таны үгийг сахин биелүүлэхийн тулд бүх бузар замаас хөлөө татсан юм» гэж хэлсэн (Дуулал 119:99–101). Бурхны сануулгуудыг амьдралдаа хэрэгжүүлснээр бид «бүх бузар замаас» зайлсхийж, «оюун ухаандаа харанхуй болж, Бурхны аминаас хөндийрсөн» хүмүүс шиг болохгүй (Ефес 4:17–19).

8. Итгэлийн сорилтыг амжилттай даван туулахад юу тусалдаг вэ?

8 Түүнээс гадна энэхүү «төгсгөлийн цаг үед» тулгарч байгаа элдэв сорилт бэрхшээлийг давж гарах хүчийг бидэнд өгдөг учраас Бурхны сануулга шаардлагатай байдаг (Даниел 12:4, ШЕ). Тийм сануулга байхгүй бол бид «мартамхай сонсогч» болохсон биз ээ (Иаков 1:25). Харин Библийг «итгэмжит ухаалаг боолын» хэвлэлийн тусламжтайгаар бие дааж, эсвэл цуглаанаар идэвхийлэн судлах нь итгэлийн сорилтыг амжилттай давж туулахад бидэнд тусална (Матай 24:45–47). Эдгээр сүнслэг арга хэмжээний ачаар бид хүнд нөхцөлд Еховад тааламжтай байдлаар яаж үйл ажиллагаа явуулахаа мэддэг болдог.

Цуглааны маань амин чухал үүрэг

9. «Хүн бэлгүүд» гэж хэн бэ? Тэд итгэл нэгтнүүддээ хэрхэн тусалдаг вэ?

9 Бид Бурхны сануулгын зарим хэсгийг томилогдсон ах нарын хичээл сургалт явуулдаг Еховагийн Гэрчүүдийн цуглаануудаас авдаг. Есүс «өндөрт гарахдаа олон хоригдол олзолж, хүн бэлгүүдийг өгсөн» (ШЕ) гэж элч Паул бичсэн. Тэрээр цааш нь: «[Христ] заримыг нь элч, заримыг нь эш үзүүлэгч, заримыг нь сайн мэдээг тунхаглагч, заримыг нь хоньчин ба багш болгожээ. Эдгээр нь ариун хүмүүсийг үйлчлэлийн ажилд бэлтгэж, Христийн биеийг байгуулахын тулд юм» гэж бичсэн (Ефес 4:8, 11, 12). Шүтлэг мөргөлөө үйлдэхээр цуглах тэр цагт эдгээр «хүн бэлгүүд» болох ахлагч нар Еховагийн сануулгад анхаарлыг маань хандуулдагт талархахгүй байж яахин болох билээ!

10. Еврей 10:24, 25-ын гол санаа нь юу вэ?

10 Бурхнаас бидэнд зориулан авч явуулдаг арга хэмжээнүүдийг бодохлоор долоо хоног бүрийн таван цуглаанд явах хүсэл өөрийн эрхгүй төрнө. Тогтмол цуглаж байх шаардлагын талаар Паул онцлон тэмдэглэсэн. Тэрбээр: «Хайр болон сайн үйлсэд бие биенийгээ хэрхэн хөхүүлэн урамшуулахыг бодоцгооё. Ингэхдээ зарим хүмүүсийн зуршил шиг хамтран цуглахаа умарталгүй, харин тэр өдрийг ойртох тусам нэг нэгнээ зоригжуулъя» гэж бичжээ (Еврей 10:24, 25).

11. Цуглаан болгон ямар ач холбогдолтой вэ?

11 Эдгээр таван цуглаан танд юу өгдөгийг үнэлж үздэг үү? Долоо хоног бүрийн «„Харуулын цамхаг“ судлал» нь итгэлийг маань бэхжүүлж, Еховагийн сануулгын дагуу амьдрахад тусалдаг бөгөөд «ертөнцийн сүнсийг» эсэргүүцэх хүчийг өгдөг (1 Коринт 2:12; Үйлс 15:31). «Нийтийн цуглаан» дээр илтгэгчид Бурхны Үгээс тухайн цаг үетэй холбоотой сэдвээр илтгэл тавьдаг бөгөөд Еховагийн сануулга болон Есүсийн «мөнх амийн үгсийг» ярьдаг юм (Иохан 6:68; 7:46; Матай 5:1–7:29). «Теократ үйлчлэлийн сургуулиар» бид багшлах урлагт суралцдаг. Сайн мэдээг айлаар дэлгэрүүлэх, давтан уулзалт хийх, Библийн хичээл явуулах болон бусад хэлбэрээр үйлчлэх ажлынхаа чанарыг сайжруулахад «үйлчлэх цуглаан» үнэлж баршгүй ач холбогдолтой. Харин цөөн хүний бүрэлдэхүүнтэй явагддаг «ном судлалын цуглаан» дээр Бурхны сануулгатай холбоотой тайлбар, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж илүү байдаг.

12, 13. Азийн нэг оронд Еховагийн Гэрчүүд цуглааныг эрхэмлэдгээ хэрхэн харуулсан бэ?

12 Цуглаанд тогтмол оролцвол Бурхны тушаалуудыг байнга эргэн санаж, дайн байлдаан, эдийн засгийн бэрхшээл болон итгэлийн бусад сорилт байдаг хэдий ч сүнслэг талаараа хүчтэй бат бөх байхад маань тус болдог. Орон гэрээ орхин ойн гүнд амьдрахаас өөр аргагүй болсон Азийн нэг орны 70 орчим Гэрч цуглаан аль хир чухал болохыг онцгой мэдэрсэн байна. Хамтдаа тогтмол цуглаж байхаар хатуу шийдсэн тэд дайнд сүйдсэн хотдоо буцан ирж, Хаанчлалын танхимаас үлдсэн хэсгийг задлан буулгаж аваачаад, ширэнгэ ойд танхимаа сэргээн барьжээ.

13 Олон жилийн турш дайн дажин болж байгаа энэ орны өөр хэсэгт Еховагийн үйлчлэгчид идэвх зүтгэл гарган, үргэлжлүүлэн үйлчилсээр байна. Тэр дүүргийн нэг ахлагчаас: «Гэрчүүдийг хамтад нь байлгахад юу бүхнээс илүү тусалсан бэ?» гэж асуухад тэр ахлагч: «19 жилийн туршид бид нэг ч цуглаан таслаагүй. Заримдаа бөмбөгдөлтөөс юм уу өөр бусад бэрхшээлээс болоод илтгэл тавих ёстой ах нараас хэн нэг нь цуглаандаа ирж амждаггүй байв. Тэглээ ч гэсэн бид цуглаанаа хойшлуулж байгаагүй» гэж хариулсан байна. Дотнын хайртай эдгээр ах дүүс маань «хамтран цуглахаа умарталгүй» гэдэг зарчмын чухлыг үнэлж, эрхэмлэдэг нь эргэлзээгүй.

14. Өндөр настай Аннагийн жишээнээс бид ямар сургамж авч болох вэ?

14 84 настай бэлэвсэн эмэгтэй Анна «сүмийг хэзээ ч орхиж» байгаагүй билээ. Тийм ч учраас бяцхан Есүсийг төрснийх нь дараахан сүмд авчрахад тэр тэнд байсан юм (Лук 2:36–38). Та цуглаан таслахгүй байх зорилт тавьдаг уу? Та чуулганы бүх хөтөлбөрт оролцохыг үнэхээр хичээдэг үү? Эдгээр цуглаанаас бидний олж авдаг сүнслэг ашигтай сургамжууд нь тэнгэрийн Эцэг маань хүмүүсийнхээ төлөө санаа тавьж байдгийн маргаангүй баталгаа мөн (Исаиа 40:11). Түүнээс гадна тийм үйл явдал баяр баясгалан нэмдэг бөгөөд цуглаанд оролцсоноороо бид Еховагийн сануулгыг эрхэмлэн үздэгээ харуулдаг билээ (Нехемиа 8:5–8, 12).

Ёс бус ертөнцөөс тусгаарлагдагсад

15, 16. Еховагийн сануулгыг сахих нь үйл ажиллагаанд маань хэрхэн нөлөөлдөг вэ?

15 Еховагийн сануулгыг сахин биелүүлэх нь энэхүү ёс бус ертөнцөөс тусгаар байхад бидэнд тусалдаг. Жишээ нь: Бурхны сануулгад анхаарлаа хандуулснаараа бид садар самуун явдалд холбогдохоос сэргийлж чаддаг (Дэд хууль 5:18; Сургаалт үгс 6:29–35; Еврей 13:4). Бурхны сануулгыг хэрэгжүүлснээр худал хэлэх, шударга бус явах, хулгай хийх зэрэг муу зуршлаас амжилттай салж болно (Египетээс гарсан нь 20:15, 16; Левит 19:11; Сургаалт үгс 30:7–9; Ефес 4:25, 28; Еврей 13:18). Еховагийн сануулгыг мөрдөх нь өшөө авах, муу санах, бусдыг гүтгэх зэргээс мөн хамгаалдаг (Левит 19:16, 18; Дуулал 15:1, 3).

16 Бурхны сануулгад анхаарлаа хандуулснаараа бид түүнд үйлчлэхдээ ариун буюу тусгаар үлддэг. Ёс бус ертөнцөөс тусгаар байх нь юутай чухал бэ! Есүс дэлхий дээрх амьдралынхаа сүүлчийн шөнө Еховад хандан залбирахдаа: «Би Таны үгийг тэдэнд өгсөн. Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш тул ертөнц тэднийг үзэн ядсан юм. Би Танаас тэднийг ертөнцөөс аваач гэж гуйхгүй, харин тэднийг муугаас хамгаалаач гэж гуйж байна. Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш. Үнэн дотор тэднийг ариусгаач. Таны үг бол үнэн мөн» хэмээн дагалдагч нарынхаа төлөө шаргуу гуйсан билээ (Иохан 17:14–17). Бурханд ариунаар үйлчлэхэд биднийг ертөнцөөс тусгаарладаг Бурхны Үгийг улам ихээр эрхэмлэн үнэлцгээе.

17. Хэрэв Бурхны сануулгыг огоорвол юу болох вэ? Үүнээс сэргийлэхийн тулд яах хэрэгтэй вэ?

17 Еховагийн үйлчлэгчдийн хувьд бид хүсэл тааллынх нь дагуу үйлчлэхийг хүсдэг. Гэвч, хэрэв Бурхны сануулгыг огоорвол ертөнцийнхэнд хэвшил болсон үг яриа, үйл ажиллагаа болон хэвлэл ном, зугаа цэнгэлээр илэрдэг ертөнцийн санаа буюу сэтгэлгээний төлөв биднийг эзэмдэн авч болох юм. Бид мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, үл талархагч, шударга бус, харгис, зоргоороо авирлагч, бардамнагч, Бурхныг хайрлахаасаа илүү зугаа цэнгэлийг хайрлагчид байхыг хүсдэггүй нь мэдээж. Эдгээр нь Бурхнаас хөндийрсөн хүмүүсийг илчилдэг чанаруудын зөвхөн нэгээхэн хэсэг нь билээ (2 Тимот 3:1–5). Энэхүү ёс бус тогтолцооны эцсийн өдрүүдийн төгсгөл ойртож байгаа болохоор цаашид Еховагийн сануулгын дагуу «үгийг [нь]... сахин» амьдрахын тулд Бурхнаас тусламж гуйн цөхрөлтгүй залбирч байя (Дуулал 119:9).

18. Еховагийн сануулгыг санаж явбал бид ямар сайн үйл хийх вэ?

18 Еховагийн сануулга нь зөвхөн болохгүй зүйлийн талаар бидэнд сануулаад зогсдоггүй. Хэрэв бид сануулгыг нь байнга санаж явах аваас Еховад бүрэн төгс итгэж, түүнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлах болно (Дэд хууль 6:5; Дуулал 4:5; Сургаалт үгс 3:5, 6; Матай 22:37; Марк 12:30). Түүнээс гадна Бурхны сануулга нь бидэнд бусдыг хайрлах үндэс болдог (Левит 19:18; Матай 22:39). Бурхныг болон «хөршөө» хайрлах бидний хайр Бурхны хүсэл тааллыг гүйцэлдүүлж, амь өгдөг «Бурхны [тухай] мэдлэгийг» бусадтай хуваалцахад улам тод илэрдэг (Сургаалт үгс 2:1–5).

Еховагийн сануулгыг сахих нь амь мөн!

19. Еховагийн сануулгад анхаарлаа хандуулах нь зөв бөгөөд ашигтай гэдгийг бусдад хэрхэн харуулж болох вэ?

19 Хэрэв бид Еховагийн сануулгыг сахихын зэрэгцээ энэхүү сануулгыг сахихад нь бусдад тусалбал өөрийнхөө болон сонсогчийнхоо амийг аварна (1 Тимот 4:16). Еховагийн сануулгад анхаарлаа хандуулах нь үнэхээрийн зөв бөгөөд ашигтай гэдгийг бусдад хэрхэн харуулж болох вэ? Үүнийг бид Библийн зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлснээр харуулж болно. Энэ нь Бурхны Үгэнд заасан зам бол хамгийн сайн зам юм байна гэдэгт итгэхэд нь «мөнх амийг хүртэхээр шийдсэн» хүмүүст нотолгоо болно (Үйлс 13:48, МАБ). Түүнээс гадна тэд «Бурхан үнэхээр [бидний] дунд байгааг» харах бөгөөд энэ нь Хэмжээгүй эрхт Эзэн Еховаг шүтэх шүтлэгт бидэнтэй нэгдэхэд тэдэнд түлхэц болно (1 Коринт 14:24, 25).

20, 21. Еховагийн сануулга болон ариун сүнсний ачаар бид яах боломжтой вэ?

20 Бид Ариун Судрыг үргэлжлүүлэн судалж, сурч мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэн, Еховагийн сүнслэг арга хэмжээнүүдийг бүрэн ашигласнаар түүний сануулгыг хэмжээлшгүй их хайрлах болно. Бурхны сануулгад анхаарлаа хандуулах аваас Ехова «зөвт байдал болон үнэний ариун байдал дотор Бурхны дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмсөхөд» бидэнд тусална (Ефес 4:20–24). Еховагийн сануулга болон ариун сүнсний ачаар бид Сатаны эрхшээлд байдаг энэ ертөнцийнхний онцлог шинжүүдээс эрс ялгардаг хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал зэрэг чанаруудыг илэрхийлэх боломжтой болно! (Галат 5:22, 23; 1 Иохан 5:19). Тийм учраас Библийн хичээл, ахлагч нар, цуглаанууд болон чуулганаас Еховагийн шаардлагын талаарх сануулгыг авахдаа бид баярлан талархдаг билээ.

21 Бид Еховагийн сануулгыг сахиж явдаг учраас шударга үнэнээр амьдарсныхаа төлөө зовлон эдлэхдээ хүртэл баярладаг (Лук 6:22, 23). Хамгийн аюултай нөхцөл байдалтай тулгарлаа ч гэсэн Бурхан аварна гэдэгт бид найддаг. Энэ нь «Төгс хүчит Бурхны агуу өдрийн дайн» болох Хармагедонд бүх ард түмэн хамтдаа цуглаж байгаа өнөө үед онцгой чухал бөлгөө (Илчлэлт 16:14–16).

22. Еховагийн сануулгын талаар бидний шийдвэр ямар байх ёстой вэ?

22 Хэрэв бид ивээлээр мөнх амийн бэлэг авахыг хүсэж байгаа бол Еховагийн сануулгыг хэмжээлшгүй ихээр хайрлаж, түүнийг чин сэтгэлээсээ сахин мөрдөж байх ёстой. «Таны сануулга мөнхөд зөв шударга ажгуу. Намайг амьд байлгахын тулд надад ухаарлыг хайрлаач» гэж дуулсан дуулалчийн санаа бидэнд ч байх болтугай (Дуулал 119:144). Мөн дуулалчийн: «Би Танд [Еховад] хандан хашхирсан. Намайг авраач. Тэгвэл би Таны сануулгыг биелүүлэх болно» хэмээн дуулсан үгэнд нь илэрсэн шийдвэртэй байдлыг илэрхийлж байя (Дуулал 119:146). Тийм ээ, Еховагийн сануулгыг үнэхээр хэмжээлшгүй их хайрладагаа үг ба үйл хэргээрээ нотолцгооё.

[Зүүлт]

^ Бид Библиэс татсан бүх ишлэлд «гэрчлэлүүд» гэдэг үгийн оронд «сануулга» гэдэг үгийг хэрэглэсэн болно.

Та хэрхэн хариулах вэ?

• Еховагийн сануулгад дуулалч хэрхэн ханддаг байсан бэ?

• Еховагийн сануулга яагаад хэрэгтэй вэ?

• Манай цуглаанууд Бурхны сануулгад ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

• Еховагийн сануулга биднийг ёс бус ертөнцөөс яаж тусгаарладаг вэ?

[Догол мөрийн асуулт]