Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн байгууллагатай хөл нийлүүлэн алхацгаая

Еховагийн байгууллагатай хөл нийлүүлэн алхацгаая

Еховагийн байгууллагатай хөл нийлүүлэн алхацгаая

«Амар амгалангийн Бурхан Өөрийнх нь хүслийг гүйцэтгэх аливаа сайн хэрэгт та нарыг чадвартай болгог» (ЕВРЕЙ 13:20, 21).

1. Дэлхийн хүн ам хэд вэ? Дэлхийн гол гол шашны шүтэгчдийн тоо хэд вэ?

 1999 ОНД дэлхийн хүн ам зургаан тэрбумд хүрсэн! Нэгэн бүтээлд бичсэнээр дэлхийн хүн амын 1 165 000 000 нь лалын, 1 030 000 000 нь католик, 762 000 000 нь хинди, 354 000 000 нь буддын, 316 000 000 нь протестант, 214 000 000 нь үнэн алдартны шашинтан ажээ («World Almanac»).

2. Өнөөгийн шашны байдлын талаар юу хэлж болох вэ?

2 Өнөөдрийн бие биеэсээ тусгаар, олон тооны шашинд харъяалагддаг сая сая хүн Бурхны хүсэл таалалд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг уу? Үгүй. «Учир нь Бурхан бол замбараагүй байдлын Бурхан бус, харин энх тайвны Бурхан мөн» (1 Коринт 14:33, МБОХ, 1996). Еховагийн Гэрчүүдийн олон улсын «ахан дүүсийн барилдлагааны» талаар юу хэлж болох вэ? (1 Петр 2:17). Анхааралтай нягтлан үзвэл та «амар амгалангийн Бурхан Өөрийнх нь хүслийг гүйцэтгэх аливаа сайн хэрэгт [Гэрчүүдээ] чадвартай болгож [байна]» гэдэгт итгэн үнэмших болно (Еврей 13:20, 21).

3. МЭ 33 оны Пентекостын өдрөөр Иерусалимд юу болсон бэ? Яагаад?

3 Еховагийн Гэрчүүдийг Бурхан таалдаг эсэхийн хэмжүүр нь тэдний тоо биш гэдэг нь мэдээж. Учир нь гишүүдийн олон цөөн нь Бурханд гол биш. Бурхан Израилийг «бусад үндэстнээс олон» байсан учраас сонгосон юм биш. Харин ч израильчууд бүх үндэстнээс «хамгийн цөөхөн нь» байсан юм (Дэд хууль 7:7). Гэвч израильчууд Бурханд үнэнч байдлаа хадгалж чадаагүй учраас Ехова МЭ 33 оны Пентекостын өдрөөс эхлэн Есүс Христийн дагалдагчдаас бүрдсэн шинэ ард түмнийг ивээдэг болсон. Тэр хүмүүс Еховагийн ариун сүнсээр тослогдсон бөгөөд Бурхан болоод Христийн тухай үнэнийг бусдад дэлгэрүүлэх ажлыг идэвхийлэн хийж эхэлсэн (Үйлс 2:41, 42).

Зогсолтгүй урагшилдаг

4. Нэгдүгээр зууны христиануудын хурал зогсолтгүй урагшилж байсан гэж хэлж болохын учир юу вэ?

4 Нэгдүгээр зууны христиануудын хурал дэлгэрүүлэх шинэ нутагтай болж, шавь нар бэлдэхийн сацуу Бурхны санаа зорилгын тухай ойлголтоо улам гүнзгийрүүлэн, зогсолтгүй урагшилж байлаа. Анхны христианууд Бурхны онгод оруулан бичүүлсэн захидлаар дамжуулан гүйцэтгэж байсан сүнслэг талаар гэгээрүүлэх арга хэмжээтэй хөл нийлүүлэн алхаж байв. Элч нар болон бусад ахын эргэлт үйлчлэх ажлаа хийж гүйцэтгэхэд нь тэдэнд эрч хүч өгч байв. Энэ талаар Грек Сударт тодорхой бичсэн буй (Үйлс 10:21, 22; 13:46, 47; 2 Тимот 1:13; 4:5; Еврей 6:1–3; 2 Петр 3:17, 18).

5. Өнөөдөр Бурхны байгууллага урагшлан хөгжиж байгаагийн учир юу вэ? Ямар учраас бид түүнтэй хөл нийлүүлэн явах ёстой вэ?

5 Орчин үеийн Еховагийн Гэрчүүдийн түүх нэгдүгээр зууны христиануудынх шиг даруухан эхэлсэн (Зехариа 4:8–10). XIX зууны эцсээс Еховагийн сүнс байгууллага дээрээ байнга байдаг болсон нь илэрхий болсон. Бид хүний хүчинд бус, ариун сүнсний удирдлагад найддаг болохоор Библийг ойлгох ойлголт болон Бурхны хүсэл тааллыг биелүүлэх үйлсдээ урагшлан ахисаар байна (Зехариа 4:6). «Эцсийн өдрүүд» болох өнөө үед дэвшин урагшилж байгаа Бурхны байгууллагатай хөл нийлүүлэн алхах нь хэзээ хэзээнээс илүү чухал асуудал болж байна (2 Тимот 3:1–5). Энэ нь найдвараа амьд хадгалж, энэхүү эд юмсын тогтолцоо мөхөж устахын өмнөхөн тогтсон Бурхны Хаанчлалын тухай мэдээг дэлхий даяар дэлгэрүүлэх ажилд оролцох боломжийг бидэнд олгодог (Матай 24:3–14).

6, 7. Еховагийн байгууллагын урагшаа ахиж дэвшсэн ямар гурван салбарт бид анхаарлаа хандуулах вэ?

6 Бидний дунд 1920, 30, 40-өөд оноос Еховагийн байгууллагатай амьдралаа холбосон хүмүүс бий. Байгууллага маань өнөөдөр ийм болтлоо өсөж, боловсронгуй болно гэж бодож байсан хүн тэр алс холын өдрүүдэд байсан болов уу даа? Орчин үеийн түүхийн явцдаа ямар ямар үе шатыг дамжин өнгөрснөө бодоод үзье! Теократ зохион байгуулалттай ард түмнээрээ дамжуулан Еховагийн гүйцэтгэсэн бүхнийг эргэцүүлэн бодох нь биднийг сүнслэг талаар бэхжүүлдэг.

7 Давид Еховагийн гайхамшигтай ажил үйлсийн талаар эргэцүүлэн бодоод сэтгэл нь ихэд хөдөлжээ. Тэгээд: «Би тэдгээр гайхамшгуудыг зарлан хэлье гэсэн ч тэд тоолшгүй олон юм» гэж хэлсэн байна (Дуулал 40:5). Давидад тохиолдож байсан шиг тийм бэрхшээл бидэнд бас тохиолддог. Бидний үед Еховагийн авч хэрэгжүүлж байгаа тоо томшгүй, сайн үйлс бүхнийг энд дурдах боломжгүй билээ. Гэхдээ Еховагийн байгууллагын урагшаа явсан гурван салбарт анхаарлаа хандуулъя. Үүнд: 1) сүнслэг талаар гэгээрүүлэх арга хэмжээний дэвшил; 2) дэлгэрүүлэх ажлын чанар сайжирсан ба хүрээ нь тэлсэн; 3) зохион байгуулалтын журамд цаг үеэ олж оруулсан өөрчлөлт зэрэг болно.

Сүнслэг талаар гэгээрүүлэх арга хэмжээнд талархдаг

8. Сүнслэг талаар гэгээрүүлэх арга хэмжээ Сургаалт үгс 4:18-д бичсэний дагуу Хаанчлалын талаар юу мэдэх боломж бидэнд олгосон бэ?

8 Сүнслэг талаар гэгээрүүлэх арга хэмжээний дэвшлийн тухайд Сургаалт үгс 4:18-д буй үгс үнэхээр биеллээ олжээ. Тэнд: «Шударга зөв хүмүүсийн жим болбоос үүрийн гэгээ мэт агаад, тэр нь өдрийг авчрах хүртэл улам тод гэрэлтсээр байх болно» гэж байдаг. Биднийг сүнслэг талаар гэгээрүүлэх арга хэмжээ зогсолтгүй ахин дэвшиж байгаад баярлан бахдаад баршгүй! 1919 онд АНУ-ын Огайо мужийн Сидар Пойнт хотод болсон чуулган гол анхаарлаа Бурхны Хаанчлалд хандуулсан. Ехова Хаанчлалын тусламжтайгаар нэрээ ариусгаж, хэмжээгүй эрх мэдлээ зөвтгөн хамгаалж байна. Чухамдаа сүнслэг талаар гэгээрүүлэх арга хэмжээний дүнд бид Библи «Эхлэл»-ээс авахуулаад «Илчлэлт» хүртэл Хүүгийнхээ тэргүүлдэг Хаанчлалын тусламжтайгаар нэрээ ариусгах Еховагийн санаа зорилгыг гэрчилдгийг ойлгож мэдсэн. Шударга үнэнд дуртай бүх хүний итгэл найдвар чухам үүн дээр тулгуурладаг (Матай 12:18, 21).

9, 10. 1920-иод оноос Библи Судлаачид Хаанчлал болон эсрэг тэсрэг хоёр байгууллагын талаар юу мэдэх болсон бэ? Энэ нь ямар ач холбогдолтой болсон бэ?

9 1922 онд Сидар Пойнтод болсон чуулган дээр Жозеф Рутерфорд Бурхны ард түмэнд: «Хаан болон түүний хаанчлалыг тунхаглагтун, тунхаглагтун, тунхаглагтун!» хэмээн уриалсан. «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1925 оны гуравдугаар сарын 1-ний дугаарт нийтлэгдсэн «Үндэстэн бий болсон нь» гэдэг нэртэй өгүүлэл 1914 онд Бурхны Хаанчлал тогтох тухай зөгнөсөн зөгнөлийн тухай сүнслэг ойлголтод анхаарал хандуулсан. Түүнээс гадна 1920-иод оноос Еховагийн ба Сатаны гэсэн эсрэг тэсрэг хоёр байгууллага байдгийг ойлгодог болсон. Тэдгээрийн хоорондын тэмцэл үргэлжилсээр байх бөгөөд зөвхөн Еховагийн байгууллагатай хөл нийлүүлэн алхаж байж гэмээнэ бид ялагчийн талд байх болно.

10 Сүнслэг талаар гэгээрүүлэх арга хэмжээ бидэнд яаж тусалсан бэ? Бурхны Хаанчлал болон түүний Хаан Есүс Христ «энэ ертөнцийнх биш» болохоор бид ч мөн адил «ертөнцийнх биш» байх ёстой. Муу ертөнцөөс тусгаар байснаараа бид үнэний талд байгаагаа харуулдаг (Иохан 17:16; 18:37). Энэхүү ёс бус тогтолцоо өдөр ирэх тутам хүнд хэцүү зовлон бэрхшээлийн далайд живж байгааг харах тусмаа бид Сатаны байгууллагад харъяалагддаггүйдээ бахдан баярлаж байдаг билээ! Мөн Еховагийн байгууллага дотор сүнслэг аюулгүй орчинд байдаг маань юутай их ивээл бэ!

11. 1931 онд Бурхны ард түмэн Библид үндэслэсэн ямар нэр авсан бэ?

11 1931 онд Огайо мужийн Колумбус хотод болсон чуулганаар Исаиа 43:10–12-р зүйлийг зүй зохисоор нь тайлбарласан. Библи Судлаачид «Еховагийн Гэрчүүд» гэдэг онцлог нэртэй болсон. Бусад хүмүүсээр нэрийг нь дуудуулж, тэднийг аврахын тулд Бурхны нэрийг тунхаглах нь юутай аз завшаантай хэрэг вэ! (Дуулал 83:18; Ром 10:13).

12. 1935 онд «үй олон хүний» тухай ойлголт хэрхэн тодорхой болсон бэ?

12 Бурхны ард түмэнд харъяалагдаж байсан мянга мянган хүн 1930-аад он хүртэл ирээдүйн амьдралынхаа найдварын талаар зарим нэгэн буруу ойлголттой байжээ. Тэнгэрийн амьдралын талаар боддог хүмүүс байсны зэрэгцээ диваажин дэлхийн талаарх Библийн сургаалд сэтгэл нь татагддаг хүмүүс ч байлаа. 1935 онд Вашингтон хотод болсон чуулган дээр «Илчлэлт» номын 7-р бүлэгт дурдсан «үй олон хүн» бол дэлхий дээрээ амьдрах найдвартай хүмүүс юм гэсэн сэтгэл догдлуулсан мэдээ цуурайтсан билээ. Тэр цагаас «үй олон хүнийг» цуглуулах ажил эрч далайцтайгаар урагшилж эхэлсэн. «Үй олон хүн» хэн болохыг таах гэж цаг алдахгүй болсондоо талархаж болохгүй нь юу билээ? Өнөөдөр бүх үндэстэн, овог, хэлүүдээс үй олон хүнийг цуглуулах ажил нүдэн дээр маань өрнөж байна. Энэ нь биднийг Еховагийн байгууллагатай хөл нийлүүлэн алхах алхаагаа хурдасгах үндэс, хөшүүрэг болж байна.

13. 1941 онд Сент-Луис хотод болсон чуулган ямар чухал асуудал авч хэлэлцсэн бэ?

13 1941 онд Миссури мужийн Сент-Луис хотод болсон чуулган хүний нийгэмд хамаатай нэгэн чухал асуудал дээр анхаарлаа төвлөрүүлсэн. Энэ бол бүгдийг ноёрхох ноёрхол буюу хэмжээгүй эрх мэдлийн тухай асуудал юм. Энэ асуудал удахгүй шийдэгдэх ёстой ба тэр үеэр болох агуу бөгөөд аймшигт өдөр асар хурдан ойртож байна! Тэрчлэн 1941 онд Бурхны хэмжээгүй эрх мэдлийн тухайд ямар байр суурьтай байгааг маань харуулах чин үнэнч байдлын тухай асуудал авч хэлэлцсэн.

14. 1950 онд Нью-Йорк хотноо болсон олон улсын чуулганаар Исаиа 32:1, 2-т өгүүлдэг «ноёдын» талаар Гэрчүүд юу мэдсэн бэ?

14 1950 онд Нью-Йорк хотноо болсон олон улсын чуулганаар Исаиа 32:1, 2-т өгүүлдэг «ноёд» хэн болох нь тодорхой болсон. Фредерик Френц ахыг энэ сэдвээр ярьж, шинэ ертөнцийн «ноёд» бидний дунд байгаа хэмээн тайлбарлан хэлэхийг бүх хүн амьсгалаа хураан байж чагнасан билээ. Энэ удаагийн болон дараа дараагийн чуулган дээр сүнслэг гэрлийн олон олон гялбаа гялсхийсэн билээ (Дуулал 97:11). «Жим [маань] үүрийн гэгээ мэт агаад, тэр нь өдрийг авчрах хүртэл улам тод гэрэлтсээр байх» нь юутай бахдалтай вэ!

Дэлгэрүүлэх ажил маань урагшилсаар байна

15, 16. а) 1920, 30-аад онд бид дэлгэрүүлэх ажилдаа хэрхэн ахисан бэ? б) Сүүлийн жилүүдэд ямар ямар хэвлэл христиануудыг дэлгэрүүлэх ажилд оролцоход түлхэц болсон бэ?

15 Еховагийн байгууллагын урагш ахисан хоёрдахь салбар бол манай гол ажил болох Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэх асуудал юм (Матай 28:19, 20; Марк 13:10). Энэ ажлыг гүйцэтгэхийн тулд үйлчлэлээ өргөжүүлэх нь хичнээн чухал болохыг байгууллага бидэнд байнга сануулдаг. 1922 онд дэлгэрүүлэх ажилд бүх христиан хүнийг оролцохыг уриалсан. «Гэрэлтэх» буюу үнэнийг гэрчлэх эсэхээ хүн бүр өөрөө шийддэг байв (Матай 5:14–16). 1927 онд ням гаригийг тусгайлан дэлгэрүүлэх өдөр болгон тогтоосон. 1940 оны хоёрдугаар сараас эхлэн хөл хөдөлгөөн ихтэй дүүргүүдийн гудамжаар Гэрчүүд «Харуулын цамхаг», «Тайвшрал» (одоогийн «Сэрцгээ!») сэтгүүл тараадаг болсон.

16 1937 онд «Судлах загвар» товхимлын оршил хэсэг хэвлэгдэн гарсан бөгөөд түүнд давтан уулзалт хийж, бусдад Библийн үнэнийг заах шаардлагыг онцлон тэмдэглэсэн байлаа. Дараа дараагийн жилд хүмүүстэй Библийн хичээл хийхэд онцгой анхаарсан. Үйлчлэлийн энэ хэлбэрийн ажилд оролцоход 1946 онд хэвлэгдэн гарсан «Бурхан бол итгэмжит», 1968 онд хэвлэгдсэн «Мөнхийн амь уруу хөтлөх үнэн» зэрэг ном их түлхэц болсон. Одоо бид «Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг» ном ашиглаж байна. Уг номд шавь бэлдэхэд шаардлагатай сүнслэг бат бэх суурь тавих материал багтсан байдаг юм.

Зохион байгуулалтаа сайжруулан урагшилж байна

17. Исаиа 60:17-гийн дагуу Еховагийн байгууллага яаж урагшилсан бэ?

17 Еховагийн байгууллагын урагш ахисан гуравдахь салбар бол зохион байгуулалтаа сайжруулсан явдал юм. Исаиа 60:17-д Ехова: «Би чамд зэсийн оронд алт, төмрийн оронд мөнгө, модны оронд зэс, чулууны оронд төмөр авчирч, чиний төмөр баригчдыг амар амгалан болгон, чиний харгалзагчдыг үнэн зөв болгоно» хэмээн амласан байдаг. Энэ зөгнөлийн дагуу Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэх ажлын удирдлагыг сайжруулж, сүргийг зохих ёсоор хариулахад чиглэсэн алхмуудыг авч хэрэгжүүлсэн.

18, 19. Өнгөрсөн хугацаанд зохион байгуулалтаа яаж сайжруулсан бэ?

18 1919 онд дэлгэрүүлэх үйлчлэл зохион байгуулахыг хүссэн хурал болгонд үйлчлэх ажлын удирдагч томилсон. Энэ арга хэмжээ дэлгэрүүлэх ажилд их түлхэц болсон. Ахлагч нар болон диаконуудыг сонгодог байсан ардчилсан аргаас татгалзаж, 1932 оноос уг аргыг хэрэглэхээ больсон. 1938 оноос хурлын бүх үйлчлэгч эрсийг эртний христиануудын хурлынх шиг теократ журмаар томилдог болсон нь өөр нэгэн түүхэн үе болсон (Үйлс 14:23; 1 Тимот 4:14). 1972 оноос харгалзагчид болон туслах үйлчлэгчдийг нэгдүгээр зууны христиануудын хуралд тийм үүрэг хүлээсэн хүмүүс ямар үйлчлэл гүйцэтгэдэг байсан яг тийм үүрэг гүйцэтгүүлэхээр томилдог болсон. Хурлын харгалзагчийн тоог нэг хүнээр хязгаарлахаа больж, Филиппой 1:1 болон Библийн бусад зүйлд заасны дагуу харгалзагчийн шаардлагыг хангасан ах нар ахлагч нарын зөвлөлийг бүрдүүлдэг болов (Үйлс 20:28; Ефес 4:11, 12).

19 1975 оноос Бурхны байгууллагын дэлхий дахины үйл ажиллагааг Еховагийн Гэрчүүдийн Удирдах зөвлөлийн хороод удирддаг болсон. Түүнээс гадна харъяа нутаг дэвсгэрийнхээ хүрээнд Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг удирдан зохицуулах үүрэг бүхий салбарын хороодыг томилсон. Тэр үеэс «илүү чухал юм нь юу болохыг магадлах» үүднээс Удирдах ерөнхий газар болон Харуулын Цамхаг Нийгэмлэгийн салбаруудын ажлыг аль болохоор хялбаршуулахыг хичээж байна (Филиппой 1:9, 10, ШЕ). Христийн удирдлагаар ажилладаг туслах хоньчид сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг удирдах, хуралд сургалтын асуудлыг хариуцах болон Бурхны сүргийг зохих ёсоор хариулах үүрэгтэй (1 Тимот 4:16; Еврей 13:7, 17; 1 Петр 5:2, 3).

Есүсийн удирдлага

20. Еховагийн байгууллагатай хөл нийлүүлэн алхахын тулд Есүсийн алба үүргийн талаар юуг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй вэ?

20 Дэвшин урагшилж байгаа Еховагийн байгууллагатай хөл нийлүүлэн явахын тулд «хурлын тэргүүнээр» Бурхны томилсон Есүс Христийн үүргийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй (Ефес 5:22, 23, ШЕ). Мөн Исаиа 55:4-т: «Үзэгтүн, Би [Ехова] түүнийг хүмүүсийн гэрч, хүмүүсийн удирдагч, жанжин болгоно» хэмээн бичсэн байдагт анхаарлаа хандуулах нь зүйтэй. Есүс яаж удирдахаа мэддэг нь эргэлзээгүй. Мөн хоньдоо болон тэдний үйл хэргийг мэддэг. Есүс Бага Азийн долоон хурлыг шалгахдаа: «Би чиний үйлсийг мэднэ» гэж таван удаа хэлсэн (Илчлэлт 2:2, 19; 3:1, 8, 15). Тэрчлэн Есүс Эцэг Еховагийнхаа адил бидний хэрэгцээг мэддэг. Тэрбээр: «Эцэг тань та нарт юу хэрэгтэй байгааг гуйхаас чинь өмнө мэддэг» гэж хэлсэн (Матай 6:8–13).

21. Есүс хурлуудыг хэрхэн удирддаг вэ?

21 Христ яаж удирддаг вэ? Нэг арга нь «хүн бэлгүүд» болох хурлын харгалзагчдаар дамжуулан удирддаг (Ефес 4:8, ШЕ). Илчлэлт 1:16-д бичсэнээр тослогдсон харгалзагчид Христийн «баруун мутарт» буюу түүний удирдлагад байдаг байна. Өнөөдөр Есүс ахлагч нарыг тэнгэрийн болон дэлхийн найдвартай эсэхийг нь үл харгалзан, нийтэд нь удирдаж байна. Өмнөх өгүүлэлд тайлбарласанчлан тэд Библийн шаардлагыг хангаж, ариун сүнсээр тослогдсон хүмүүс юм (1 Тимот 3:1–7; Тит 1:5–9). Нэгдүгээр зуунд ахлагч нараас бүрдсэн удирдах зөвлөл Иерусалимд байрладаг байсан бөгөөд уг зөвлөл хурлуудын үйл ажиллгаа болоод Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэх ажлыг удирдаж байв. Өнөөдөр Еховагийн байгууллага мөн тэр загварыг мөрдөн ажиллаж байна.

Хөл нийлүүлэн алхацгаая!

22. Удирдах зөвлөл яаж тусалдаг вэ?

22 Дэлхий дэх Хаанчлалын асуудлыг Еховагийн Гэрчүүдийн Удирдах зөвлөлийг төлөөлдөг «итгэмжит ухаалаг боолд» хариуцуулсан (Матай 24:45–47). Удирдах зөвлөл юуны түрүүнд бүх хуралд сүнслэг заавар өгч, тэдгээрийг удирдлагаар хангахад анхаардаг (Үйлс 6:1–6). Гэхдээ итгэл нэгтнүүд маань байгалийн гамшигт нэрвэгдэхэд хүрвэл Удирдах зөвлөл нурж гэмтсэн орон сууцны байшингууд, Хаанчлалын танхимыг сэргээн засварлахад тусламж үзүүлэх талаар арга хэмжээ авахыг нэг буюу хэд хэдэн хууль ёсны байгууллагаас хүсдэг. Хэрэв хаа нэгтээ Еховагийн Гэрчүүд харгис хэрцгий харьцаа буюу мөрдөлт хавчилтад өртөх ахуул тэднийг зоригжуулан, сүнслэг талаар дэмжих арга хэмжээ авдаг. Дэлгэрүүлэх ажлыг урагшлуулахын тулд «зовлонтой цагт» ч багагүй хүчин чармайлт гаргадаг (2 Тимот 4:1, 2, ШЕ).

23, 24. Ард түмэнд нь юу ч тохиолдож байлаа гэсэн Ехова тэднийг юугаар тогтмол хангадаг вэ? Бид ямар асуудлаар шийдвэр төгс байх ёстой вэ?

23 Ард түмэнд нь юу ч тохиолдлоо гэсэн Ехова тэднийг сүнслэг хоол унд болоод шаардлагатай удирдлагаар байнга хангаж байдаг. Түүнээс гадна теократ байгууллагыг улам цааш нь хөгжүүлж, сайжруулахад хариуцлагатай ах нарыг бэлтгэх үүднээс Бурхан тэднийг гярхай, хэрсүү ухаантай болгодог (Дэд хууль 34:9; Ефес 1:16, 17). Шавь нар бэлдэж, дэлгэрүүлэх даалгавраа биелүүлэхэд шаардлагатай бүх зүйлийг маань Ехова бүрэн дүүрэн хангаж өгдөг (2 Тимот 4:5).

24 Үнэнч ард түмнээ Ехова хэзээ ч орхихгүй гэдэгт бүрэн итгэлтэй байж болно. Удахгүй болох «үлэмж их зовлонгийн» үед Бурхан тэднийг хамгаална (Илчлэлт 7:9–14; Дуулал 94:14; 2 Петр 2:9). Христиан замын эхэнд бий болсон найдвараа эцсээ хүртэл хадгалах бүрэн үндэс бидэнд бий (Еврей 3:14). Тийм болохоор Еховагийн байгууллагатай хөл нийлүүлэн, шийдвэр төгс алхацгаая!

Та яаж хариулах вэ?

• Еховагийн байгууллага ямагт урагшилж байдаг гэж хэлж болохын учир юу вэ?

• Бурхны ард түмэн сүнслэг талаараа тасралтгүй гэгээрч байгааг юу гэрчилдэг вэ?

• Дэлгэрүүлэх ажилтай холбоотой ямар ахиц дэвшил хийсэн бэ?

• Еховагийн үйлчлэгчид дотор цаг үедээ тохируулан зохион байгуулалтын ямар ямар арга хэмжээ авсан бэ?

[Догол мөрийн асуулт]