Skip to content

Гарчиг руу орох

Таны хайр аль хир хүртээмжтэй вэ?

Таны хайр аль хир хүртээмжтэй вэ?

Таны хайр аль хир хүртээмжтэй вэ?

«Чи хөршөө өөрийн адил хайрла» (МАТАЙ 22:39).

1. Хэрэв бид Еховаг хайрладаг бол бас хөршөө хайрлах ёстойн учир юу вэ?

 ХУУЛЬ дахь агуу тушаал нь юу вэ гэж асуухад нь Есүс: «Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа Өөрийн Бурхан Эзнээ [«Еховаг», ШЕ] хайрла» гэж хариулжээ. Дараа нь эхнийхтэй төстэй хоёрдахь тушаалыг иш татан: «Чи хөршөө өөрийн адил хайрла» гэж хэлэв (Матай 22:37, 39). Өөр орчуулгад: «Бусдыг өөрийн адил хайрла» гэж байдаг (МБОХ, 1996). Тийм ээ, бусдыг хайрлах хайр бол жинхэнэ христиан хүнийг таних шинж тэмдэг юм. Тэгэхлээр бид Еховаг хайрладаг л юм бол бас «хөршөө» буюу бусдыг хайрлах ёстой. Яагаад? Яагаад гэвэл бид Бурханд хайртайгаа Үгэнд нь захирагдаж байгаагаараа харуулдаг. Тэгвэл Бурхны үг биднийг бусдыг хайрла гэж тушаадаг. Тийм учраас хэрэв бид итгэл нэгтнүүдээ эс хайрлах аваас Бурхныг хайрлах хайр маань жинхэнэ хайр биш байж таарна (Ром 13:8; 1 Иохан 2:5; 4:20, 21).

2. Бид бусдыг ямар хайраар хайрлах ёстой вэ?

2 Бусдыг хайрлах тухай хэлсэн Есүсийн энэ үг жирийн найрамдал нөхөрлөлийг бодвол илүү гүн утга агуулсан юм. Түүний хэлсэн хайр бол төрөл садан хүмүүс болон нөхөр эхнэрийн хооронд байдаг жам ёсны хайр биш, харин өөрт нь өөрийгөө зориулсан үйлчлэгч нараа хайрлах Еховагийн хайр юм уу, эсвэл өөрийг нь хайрлах тэдний хайрын тухай юм (Иохан 17:26; 1 Иохан 4:11, 19). Есүсийн ажигласнаар нэгэн хуулийн багш иудей хүн Бурхныг «бүх зүрх, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлах» ёстой гэдэг дээр Есүстэй санал нийлж, ухаалаг зүйл хэлсэн (Марк 12:28–34). Түүний зөв байсан. Бурхнаа болон бусдыг хайрладаг христиан хайр бол сэтгэл зүрх хийгээд оюун ухааны аль алинтай холбоотой байдаг. Энэ хайр бол зүрх сэтгэлд мэдрэгдэж, оюун ухаанаар удирдуулдаг.

3. а) «Хөрш» нь хэн бэ гэдэгт өргөн хүрээтэй хандах ёстойг Есүс хуульчид хэрхэн үзүүлсэн бэ? б) Есүсийн жишээг өнөөгийн христианууд яаж ашиглах ёстой вэ?

3 «Хөршөө» хайрлах ёстой гэж хэлсэн Есүсийн үгийг «нэгэн хуульч» сонсоод: «Миний хөрш гэдэг чинь хэн бэ?» хэмээн асуусан тухай Лук бичсэн. Хариуд нь Есүс сургаалт зүйрлэл ярьжээ. Нэгэн хүнийг зодож жанчин, дээрэмдэн тоноод, замын хажууд амьтай төдий орхижээ. Түүний дэргэдүүр эхлээд нэгэн тахилч, дараа нь нэгэн леви хүн өнгөрөн явжээ. Тэдний хэн хэн нь түүнийг тоосонгүй. Эцэст нь замаар явж байсан нэгэн самари хүн мөнөөх шархадсан хүнийг үзээд, түүнд сайхан сэтгэлээр хандан, сувилан арчилжээ. Энэ гурвын хэн нь шархадсан хүний «хөрш» вэ? Хариулт нь тодорхой байлаа (Лук 10:25–37). Тахилч болон леви хүнийг бодвол самари хүн илүү сайн «хөрш» нь гэж хэлсэн Есүсийн үгийг сонсоод хуульч цочирдсон байх аа. Бусдыг хайрлах хайр нь илүү хүртээмжтэй байх ёстой гэдгийг ойлгоход Есүс хуульчид туслахыг хүссэн нь тодорхой. Христианууд «хөршөө» буюу бусдыг чухам тийн хайрладаг билээ. Одоо, христианууд хэн хэнийг хайрладаг вэ гэдэгт анхаарлаа хандуулъя.

Гэр бүлийн доторх хайр

4. Христиан хүний хайр юуны түрүүнд хаана илэрдэг вэ?

4 Христианууд гэр бүлийнхнийгээ, тухайлбал, нөхөр нь эхнэрээ, эхнэр нь нөхрөө, эцэг эх нь үр хүүхдээ хайрладаг (Номлогчийн үгс 9:9; Ефес 5:33, ШГ; Тит 2:4). Ихэнх гэр бүлийг жам ёсны ураг төрлийн хайр холбож байдаг нь үнэн. Хэдий тийм ч салж сарнисан гэр бүлийн тоо, ханилсан хосуудын бие биедээ хатуу харгис ханддаг байдал болон халамж анхаарлын гадна зөндөө хаягдсан хүүхдийн тоог аваад үзэх юм бол өнөөдөр гэр бүл хэцүү байдалтай байгаа нь тодорхой байна. Эндээс гэр бүлийг бүрэн бүтэн байлгахад зөвхөн жам ёсны ураг төрлийн хайр хангалтгүй гэдэг нь тодорхой харагдаж байна (2 Тимот 3:1–3). Гэр бүлээ жинхэнэ аз жаргалтай байлгахын тулд христианууд Ехова болон Есүсийнх шиг хайр илэрхийлэх хэрэгтэй (Ефес 5:21–27).

5. Христиан эцэг эхчүүд үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхдээ хэнээс тусламж эрдэг вэ? Олон хүнд үүний үр дүн ямар байсан бэ?

5 Христиан эцэг эхчүүд үр хүүхдээ Бурхнаас өөрсдөд нь итгэн өгсөн үнэт өв гэж үзэн, тэднийг өсгөж хүмүүжүүлэхдээ Еховагаас тусламж эрдэг (Дуулал 127:3–5; Сургаалт үгс 22:6). Тийм байдлаар тэд залуусыг эрхшээлдээ оруулах чадвартай ялзруулах нөлөөнөөс үр хүүхдээ хамгаалах христиан хайрыг хөгжүүлдэг. Үүний ачаар олон христиан эцэг эх Нидерландын нэгэн эхийн эдэлсний адил баяр баясгалан эдэлсэн. Түүний хүү өнгөрсөн онд Нидерландад баптисм хүртсэн 575 хүний нэг нь болсон. Уг үйл явдлын дараагаар тэр эх: «Би 20 жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг амслаа. Зарцуулсан цаг зав, хүч чармайлт, зовлон гуниг бүхэн минь мартагдав» гэж бичжээ. Хүү нь хүсэл сэтгэлдээ хөтлөгдөн Еховад үйлчлэх болсонд тэр эмэгтэй хагартлаа баярласан нь ойлгомжтой. Өнгөрсөн онд Нидерландад дэлгэрүүлэгчдийн дээд тоо 31 089-д хүрсэн бөгөөд тэднээс олон хүнд Еховад хайртай болоход нь эцэг эх нь тусалжээ.

6. Гэр бүлийн холбоог бэхжүүлэхэд христиан хайр хэрхэн тусалдаг вэ?

6 Паул хайрыг «эв нэгдлийн төгс холбоо» гэж нэрлэсэн бөгөөд энэ нь хамгийн хүнд хэцүү цагийг ч гэсэн давж гарахад нь гэр бүлд гол хүч болдог (Колоссай 3:14, 18, 19; 1 Петр 3:1–7). Таити арлаас 700 км зайтай байдаг Руруту гэдэг жижигхэн арлын нэгэн оршин суугч Еховагийн Гэрчүүдтэй Библи судалж эхлэхэд нь эхнэр нь шургуу эсэргүүцэж байлаа. Эцэстээ эхнэр нь хүүхдүүдээ аваад Таитид амьдрахаар нөхрөө орхин явжээ. Гэтэл нөхөр нь тэдэнд байнга мөнгө илгээхийн зэрэгцээ эхнэр уруугаа утасдаж, өөрт нь болон хүүхдүүдэд нь юу хэрэг болж байгаа талаар асууж, хайраа илэрхийлдэг байлаа. Тийнхүү тэр эр христиан хүний үүргээ чадлынхаа хирээр гүйцэтгэж байв (1 Тимот 5:8). Тэрбээр гэр бүлтэйгээ дахин хамтдаа амьдрах хүслээ илэрхийлэн байнга залбирч байсан бөгөөд эцсийн эцэст эхнэр нь буцаж иржээ. Эхнэрээ эргэж ирэхэд нөхөр нь «хайр, тэвчээр ба дөлгөөн зангаар» угтсан байна (1 Тимот 6:11). Тэр эр 1998 онд баптисм хүртсэн ба хожим эхнэр нь Библи судлах болсон нь түүнийг маш ихээр баярлуулжээ. Таитийн салбарт харъяалагддаг нутаг оронд өнгөрсөн жил нийтдээ 1 351 Библи судлал байсан байна.

7. Германы нэгэн хүний хэлснээр түүний гэр бүлийг юу бэхжүүлсэн бэ?

7 Германд нэгэн эр эхнэрээ Библийн сургаалыг сонирхон судлахад нь дургүйцэн саад хийж байсан ба Еховагийн Гэрчүүд эхнэрийг нь мэхэлж байна гэдэгт итгэлтэй байв. Гэвч хожим нь тэр эр эхнэрт нь анх үнэнийг хэлж өгсөн Гэрчид: «Эхнэрийг минь Еховагийн Гэрчүүдтэй танилцуулж өгсөн танд баярлалаа. Тэдний талаар муу юм их дуулж байсан учраас эхлээд санаа минь зовж байлаа. Харин би одоо эхнэртэйгээ хамт явдаг цуглаанд явдаг болсноор маш ихээр төөрөлдөж явснаа ойлголоо. Би тэнд үнэнийг сонсож байна гэдгээ мэдэж байгаа бөгөөд энэ нь гэр бүлийг маань улам бат бөх болгосон» гэж бичсэн байна. Германы 162 932, Таитийн салбарт харъяалагддаг арлуудын 1 773 Гэрчийн дотор христиан хайраар нэгдсэн гэр бүл цөөнгүй байгаа.

Итгэл нэгтнүүдээ хайрлах нь

8, 9. а) Итгэл нэгтнүүдээ хайрлахад хэн биднийг сургадаг вэ? Хайр биднийг ямар үйлд хөтлөдөг вэ? б) Бие биеэ дэмжихэд нь хайр хэрхэн тусалдгийн жишээ хэлнэ үү.

8 Паул Тесалоник хотын христианудад: «Та нар өөрсдөө бие биеэ хайрлахад Бурхнаар заалгасан байна» гэж хэлсэн (1 Тесалоник 4:9). Тийм ээ, «Еховагаар сургагдсан» хүмүүс бие биеэ хайрладаг (Исаиа 54:13, ШЕ). «Бие биедээ хайраар үйлчил» гэж хэлсэн Паулын үгнээс харахад тэдний хайр үйлсээр илэрдэг байна (Галат 5:13; 1 Иохан 3:18). Тэд өвчтэй байгаа итгэл нэгтнүүдээ эргэж тойрох, сэтгэл санаагаар унасан нэгнээ урамшуулан зоригжуулах юм уу сул дорой нэгэндээ тусламж дэмжлэг үзүүлэх зэргээр энэ үгийг мөрдөн сахидаг (1 Тесалоник 5:14). Бид бүхний жинхэнэ христиан хайр сүнслэг диваажингаа өргөжүүлэн тэлэхэд маань тусалдаг.

9 Эквадорын 544 хурлын нэг болох «Анкон» хурлынхан хайраа үйл хэргээрээ харуулжээ. Санхүүгийн хямралаас болоод ажилгүй болж, амьдрах аргагүй болсон дэлгэрүүлэгчид нутгийн загасчдыг шөнийн ангаасаа буцаж ирэхэд нь туслан, амьдралаа залгуулахаар шийджээ. Энэ ажилд хүүхэд шуухад гэлтгүй бүх Гэрч оролцжээ. Тэд шөнийн нэг цагаас эхлэн хоол цайгаа бэлтгэж, загасчдыг өглөөний дөрвөн цагт буцаж ирэхэд нь бэлэн угтдаг байлаа. Олсон мөнгөө ах нар хэрэгцээгээрээ хуваарилдаг байв. Тийнхүү харилцан бие биедээ тусалдаг нь жинхэнэ христиан хайрын илэрхийлэл болдог.

10, 11. Нүүр тулан таньж мэдэхгүй итгэл нэгтнүүддээ хайраа хэрхэн илэрхийлж болох вэ?

10 Гэхдээ бид зөвхөн таньж мэддэг итгэл нэгтнээ хайрлаад зогсдоггүй. Элч Петр: «Ахан дүүсийн холбоонд байдаг хүн нэг бүрийг хайрла» гэж хэлжээ (1 Петр 2:17, ШЕ). Итгэл нэгт ах дүүс маань бүгд Ехова Бурхныг шүтдэг учраас бид тэднийг бүгдийг нь хайрладаг. Хүнд бэрх цагт тийм хайраа илэрхийлэх боломж гардаг. Жишээ нь: 2000 оны үйлчлэлийн жилд Мозамбик их үерийн гамшигт нэрвэгдсэний зэрэгцээ Анголд болж байгаа иргэний дайнаар олон хүн эд хөрөнгөнөөсөө хагацжээ. Дээрх гамшгуудад Мозамбикийн 31 725, Анголын 41 222 Гэрчээс олон хүн өртжээ. Гэтэл ӨАБНУ-ын Гэрчүүд эдгээр хөрш орны итгэл нэгтнүүдийнхээ зовлон гамшгийг хуваалцах үүднээс их хэмжээний хоол хүнсний зүйл илгээсэн байна. Шаардлагатай болсон итгэл нэгтнүүддээ «элбэг дэлбэгээр» хандивлахад бэлэн байгаа нь ӨАБНУ-ын Гэрчүүдийн хайрыг илчлэн харуулсан юм (2 Коринт 8:8, 13–15, 24).

11 Олон улс орны Гэрчүүд бага буурай хөгжилтэй орнуудад Хаанчлалын болон Чуулганы танхим барихад зориулж хөрөнгө мөнгө хандивладаг нь тэдний хайрыг мөн илтгэдэг. Үүний нэг жишээ бол Соломоны арлуудад барьсан Чуулганы танхим юм. Соломоны арлуудад үймээн самуун их байсан хэдий ч өнгөрсөн онд дэлгэрүүлэгчдийн тоо 6 хувиар өсч, дээд тоо нь 1 697-д хүрчээ. Тэд Чуулганы танхим барихаар төлөвлөсөн байна. Арлын олон мянган оршин суугч улс орноо орхин дүрвэж явсан хэдий ч танхим барихад нь туслахаар Автралиас сайн дурынхан хүрэлцэн иржээ. Эцэст нь тэдгээр сайн дурынхан нутаг буцсан хэдий ч буцахаасаа өмнө нутгийн итгэл нэгтнүүдээ барилгынхаа суурь тавьж дуусгахад нь сургаж амжсан байна. Танхимын хэлхээ яс болох ганг Австралиас авчирсан бөгөөд улс орны хэмжээгээр барилгын ажил зогсчихоод байсан тэр үед уг танхимыг барьж дуусгасан нь Еховагийн нэр болоод христиан хайрын сайхан гэрчлэл болсон билээ.

Бурхны адилаар бид «ертөнцийг» хайрладаг

12. Итгэл үнэмшил нь өөр хүмүүст хандахдаа бид Еховаг хэрхэн дуурайдаг вэ?

12 Бид зөвхөн гэр бүлийнхэн, төрөл төрөгсөд болон итгэл нэгтнүүдээ л хайрладаг уу? Хэрэв бид «Бурхныг дуурайгчид» л юм бол тэгэх ёсгүй. Есүс: «Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм» гэж хэлсэн (Ефес 5:1; Иохан 3:16). Итгэл үнэмшил нь өөр байлаа ч бид Ехова Бурхны адилаар бүх хүнд буюу ертөнцөд хайрынхаа үүднээс ханддаг (Лук 6:35, 36; Галат 6:10). Үүний илрэл бол Хаанчлалын тухай сайн мэдээ болон хүмүүст үзүүлдэг Бурхны агуу их хайрын талаар дэлгэрүүлдэг ажил маань юм. Үүний үр дүн гэвэл уг мэдээг сонссон хүн аврагдах боломжтой болно (Марк 13:10; 1 Тимот 4:16).

13, 14. Ихээхэн хүндрэл бэрхшээл байсан хэдий ч дэлгэрүүлэгчдийн, Гэрч биш хүмүүсийг хайрласан ямар ямар жишээ байна вэ?

13 Балбын дөрвөн тусгай эхлэгчийн жишээг авч үзье. Тэд нутгийн баруун өмнөд хэсэгт оршдог хотод ажиллахаар томилолт аван очсон бөгөөд эдүгээ уг хотод болон хот орчмын тосгодоор тэвчээр заан дэлгэрүүлж, хайраа илэрхийлсээр таван жил болж байна. Дэлгэрүүлэх ажлаа гүйцэтгэхийн тулд 40 хэмийн халуунд дугуйгаар олон цаг явах шаардлага байнга гардаг ажээ. Тэдний хайр болон «сайныг үйлдэхдээ тэвчээртэй» байсан нь сайхан үр жимс өгч, нэгэн тосгонд ном судлалын хэсэг бий болсон байна (Ром 2:7). 2000 оны гуравдугаар сарын нийтийн цуглаанд дүүргийн харгалзагч илтгэл тавьсан бөгөөд уг цуглаанд 32 хүн ирсэн байна. Өнгөрсөн онд Балбад дэлгэрүүлэгчдийн дээд тоо 430-д хүрч, 9 хувиар өсжээ. Энэ орны ах дүү нарын хүчин чармайлт болон хайрыг Ехова ивээдэг нь илэрхий.

14 Колумбийн түр зуурын тусгай эхлэгч нар Вайю овгийн индиан хүмүүст дэлгэрүүлэх зорилгоор иржээ. Зорилгоо биелүүлэхийн тулд тэд шинэ хэл сурах шаардлагатай болсон бөгөөд хүмүүсийг хайрласан чин сэтгэлийн хайр нь ивээгдэж, ширүүн усан бороо орж байсан хэдий ч нийтийн цуглаанд 27 хүн ирсэн байна. Хайрандаа хөтлөгдсөн эдгээр эхлэгчийн хүчин зүтгэл Колумбийн дэлгэрүүлэгчдийн тоо 5 хувиар өсч, дээд тоо нь 107 613-т хүрэхэд хувь нэмэр болсон билээ. Данийн нэгэн өндөр настай Гэрч эмэгтэй тахир дутуу ч гэсэн сайн мэдээг бусдад хүргэхийг хүссэн байна. Зориг тэвчээртэй тэр эмэгтэй захиа бичин, сонирхогч хүмүүстэй холбоо тогтоожээ. Эдүгээ тэр Гэрч 42 хүнтэй захидлаар харилцаж, 11 Библийн хичээл удирдаж байна. Өнгөрсөн онд Данид тайлангаа өгсөн дэлгэрүүлэгчдийн дээд тоо 14 885 болжээ.

Дайснуудаа хайрлагтун

15, 16. а) Есүсийн хэлснээр бидний хайр аль хир хүртээмжтэй байх ёстой вэ? б) Еховагийн Гэрчүүдийн талаар буруу мэдээ нийтэлсэн хүнтэй хариуцлагатай ах нар хэрхэн хайрын үүднээс харьцсан бэ?

15 Есүс хуульчид «хөрш» нь самари хүн байж болно гэдгийг хэлсэн. Харин «Ууланд айлдсан номлол»-доо: «„Хөршөө хайрла, дайснаа үзэн яд“ гэж хэлснийг та нар сонссон. Харин Би та нарт хэлье. Дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир. Тэгснээрээ та нар тэнгэр дэх Эцгийнхээ хүүхдүүд болно» гэж хэлснээрээ илүү гүн санаа илэрхийлсэн юм (Матай 5:43–45). Хэн нэгэн эсэргүүцэн тэмцлээ ч бид «бузар мууг сайнаар дийлэхийг» хичээдэг (Ром 12:19–21). Бид тэдэнтэй хамгийн үнэтэй зүйл болох үнэнийг боломжийнхоо хирээр хуваалцдаг.

16 Украины «Кременчугийн мэдээ» сонинд Еховагийн Гэрчүүд бол шашны аюултай бүлэг гэж бичжээ. Энэ нь хор уршиг тарихаар зүйл байлаа. Учир нь Европын орнуудад зарим хүн Еховагийн Гэрчүүдийг дээрхийн адил нэрлэн, манай нийгэмлэгийн үйл ажиллагааг хязгаарлах юм уу бүр мөсөн хориглох шаардлагатай гэдэгт хүмүүсийг итгүүлэхийг хичээдэг аж. Тийм учраас орон нутгийн Гэрчүүд сонины редакторт хандан, уг мэдээгээ залруулж нийтлэхийг хүссэн байна. Редактор уг хүсэлтийг зөвшөөрсөн боловч залруулж мэдээлэхийн оронд харин ч уг мэдээ бол баримтад үндэслэсэн юм хэмээн нотлон бичжээ. Тэгэхлээр нь хариуцлагатай ах нар түүнтэй дахин уулзаж, тодорхой тайлбарласан байна. Эцсийн дүнд редактор уг өгүүллийн алдаатай болохыг ойлгож, залруулга нийтэлжээ. Ах нар түүнтэй илэн далангүй, сайхан сэтгэлээр харьцсан бөгөөд энэ нь асуудлыг хайрын үүднээс шийдэж, сайн үр дүнд хүрэхэд нөлөөлжээ.

Хайраа яаж хөгжүүлэх вэ?

17. Бусдыг хайрлах нь тэр болгон амаргүй гэдэг нь хаанаас харагддаг вэ?

17 Хүүхдээ төрөхөд эцэг эх нь шууд л хайрлаж эхэлдэг. Гэтэл насанд хүрсэн хүнийг хайрлах хайр тэр болгон хар аяндаа бий болчихдоггүй. Чухам ийм учраас Библи бие биеэ хайрлахыг бидэнд нэг биш удаа сануулдаг биз ээ. Энэ бол бид бүхний хөгжүүлэх ёстой чанар ажгуу (1 Петр 1:22; 4:8; 1 Иохан 3:11). Есүс «ах дүүгээ дал дахин долоон удаа» уучлах ёстой гэж хэлэхдээ бидний хайр соригдох болно гэдгийг мэдэж байлаа (Матай 18:21, 22). Паул бас «нэг нэгнийгээ хүлцэж» байхыг бидэнд уриалсан (Колоссай 3:12, 13). Библи бидэнд: «Та нар хайрыг мөшгөгтүн» гэж тушаасан нь гайхах зүйл биш ээ! (1 Коринт 14:1). Яаж «мөшгөх» вэ?

18. Бусдыг хайрлах хайраа хөгжүүлэхэд бидэнд юу тусалах вэ?

18 Нэгдүгээрт: Ехова Бурхнаа хайрладаг гэдгээ бид ямагт санаж явах ёстой. Энэ хайр бол бусдыг хайрлах хүчирхэг хөшүүрэг болдог. Яагаад? Яагаад гэвэл хэрэв бид бусдыг хайрлах аваас энэ нь тэнгэрийн Эцэг Еховаг маань тольдон илэрхийлж, түүнд алдар хүндэтгэл, магтаал сайшаалыг авчирдаг (Иохан 15:8–10; Филиппой 1:9–11). Хоёрдугаарт: Бүхнийг Еховагийн нүдээр харахыг хичээж болно. Бид нүгэл үйлдэх болгондоо Еховагийн эсрэг нүгэл үйлддэг хэдий ч Ехова биднийг дахин дахин уучилж, урьдын адил хайрласаар л байдаг (Дуулал 86:5; 103:2, 3; 1 Иохан 1:9; 4:18). Хэрэв бид Еховагийнх шиг тийм үзэл бодлыг хөгжүүлэх аваас бусдыг хайрлах хийгээд өөрсдөд маань таагүй хандсан хүмүүсийг уучлах сэтгэлгээний төлөвтэй болно (Матай 6:12). Гуравдугаарт: Бусад хүнийг өөртэйгөө хэрхэн харьцахыг хүсдэгчлэн бид ч бусадтай мөн адил харьцаж болно (Матай 7:12). Бид төгс бус учраас уучлуулах хэрэг дандаа хийдэг. Жишээ нь: Хэрэв ярьж хэлсэн зүйл маань бусдыг гомдооход хүрвэл хэн ч байсан заримдаа үг яриан дээрээ алддагийг нөгөө хүн ойлгодог гэдэгт бид найддаг (Иаков 3:2). Бусдаар өөрсдийгөө хайрлуулахыг хүсэж байгаа бол бид бусдыг мөн адил хайрлах ёстой.

19. Хайраа хөгжүүлэхэд шаардлагатай ариун сүнсний тусламжийг хаанаас хайх хэрэгтэй вэ?

19 Дөрөвдүгээрт: Хайр бол сүнсний үр жимсний хэсэг учраас бид ариун сүнсний тусламжийг хайж болно (Галат 5:22, 23). Найз нөхөд, төрөл садангуудын хоорондох болон янаг амрагийн хайр нь гол төлөв хар аяндаа бий болдог. Харин Еховагийнх шиг эв нэгдлийн төгс холбоо болох хайрыг хөгжүүлэхэд бидэнд Еховагийн сүнсний тусламж хэрэгтэй. Бурхны онгод оруулан бичүүлсэн Библи уншин, ариун сүнсний тусламж хайж болно. Жишээ нь: Амьдралынх нь түүхийг судалснаар бид Есүс хүмүүстэй хэрхэн харьцаж байсныг мэдэх бөгөөд энэ нь түүнийг дуурайхад бидэнд тус болно (Иохан 13:34, 35; 15:12). Түүнээс гадна бид ариун сүнсийг Еховагаас өөрөөс нь гуйж болно. Ялангуяа бусдыг хайрлах тал дээр бэрхшээл дутагдал байгаа үедээ ингэж гуйх нь маш чухал (Лук 11:13). Эцэст нь хэлэхэд Еховагийн Гэрчүүдийн хуралтай нягт харьцаатай байвал хайрын зарчмыг мөрдөн дагаж болно. Хайртай дотно итгэл нэгтнүүдийнхээ дунд байх нь хайраа хөгжүүлэхэд бидэнд тусалдаг юм (Сургаалт үгс 13:20).

20, 21. 2000 оны үйлчлэлийн жилд Еховагийн Гэрчүүд хайраа хэрхэн үнэмшилтэйгээр харуулсан бэ?

20 Өнгөрсөн онд сайн мэдээ дэлгэрүүлэгчдийн дээд тоо дэлхий нийтийн хэмжээгээр 6 035 564-д хүрсэн байна. Хүмүүст сайн мэдээний тухай ярихын тулд Еховагийн Гэрчүүд бүгд 1 171 270 425 цаг зарцуулжээ. Аагим халуун зун, асгарах бороотой намар, тасхийм хүйтэн өвлөөс үл шантран дэлгэрүүлэх ажлаа гүйцэтгэхэд нь тэдэнд хайр тусалсан юм. Тэднийг ангийнхаа хүүхдүүдэд, хамт ажиллагсдадаа, гудамж талбай болон бусад газар үл таних хүмүүс дээр очоод ярихад хүргэсэн зүйл бол өнөөх л хайр юм. Гэрчүүдийн уулзсан хүмүүсээс олон хүн хайхрамжгүй хандаж, мөн зарим хүн эсэргүүцэж байлаа. Гэхдээ сонирхсон хүмүүс байсан. Тийм учраас Еховагийн Гэрчүүд 433 454 049 давтан уулзалт хийж, 4 766 631 Библи судлал явуулжээ.

21 Энэ бүхэн бол Еховагийн Гэрчүүд Бурхнаа болон «хөршөө» хэрхэн хайрладгийг тод харуулж байгаа юм! Энэ хайр хэзээ ч хөрөхгүй. 2001 оны үйлчлэлийн жилд хүн төрөлхтөнд бүр ч илүү гэрчлэл өгөгдөнө гэдэгт бид итгэлтэй байна. «Үйлдэл бүхнээ хайр дотор хийхийг» чармайж байдаг үнэнч хичээнгүй шүтэгчдээ Ехова улам улам ивээх болтугай! (1 Коринт 16:14).

Та тайлбарлаж чадах уу?

• Бусдыг хайрлахдаа бид хэнийг дуурайх хэрэгтэй вэ?

• Бидний хайр аль хир хүртээмжтэй байх ёстой вэ?

• Христиан хайрыг илэрхийлсэн ямар ямар жишээ байна вэ?

• Христиан хайрыг бид яаж хөгжүүлж болох вэ?

[Догол мөрийн асуулт]