Skip to content

Гарчиг руу орох

Теократ журмаар томилогдсон харгалзагчид ба туслах үйлчлэгчид

Теократ журмаар томилогдсон харгалзагчид ба туслах үйлчлэгчид

Теократ журмаар томилогдсон харгалзагчид ба туслах үйлчлэгчид

«Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь» (ҮЙЛС 20:28).

1, 2. Исаиа 60:22 хэрхэн биелж байна вэ?

 ТӨГСГӨЛИЙН цаг үед гайхамшигтай үйл явдал болно гэдгийг Ехова олон зуун жилийн тэртээ зөгнөн хэлсэн. Тэрбээр зөнч Исаиагаар дамжуулан: «Хамгийн өчүүхэн нэгэн нь мянга болж, хамгийн бага нэг нь хүчирхэг үндэстэн болно. Эзэн [«Ехова», ШЕ] Би үүнийг тухайн цагт нь яаравчлах болно» гэж хэлжээ (Исаиа 60:22).

2 Энэ зөгнөл өнөөдөр биелж байна гэж хэлж болох уу? Тийм ээ, ямар ч эргэлзээгүй биелж байна! 1870-аад онд АНУ-ын Пенсильвани мужийн Аллегейни хотод Еховагийн ард түмний анхны ганц хурал үүсэн бий болжээ. Энэхүү өчүүхэн жижиг цэгээс олон арван мянган хурал эх аван бий болж, дэлхий даяар цэцэглэн хөгжиж байна. «Хүчирхэг үндэстэн» болох Хаанчлалыг тунхагладаг олон сая дэлгэрүүлэгч өнөөдөр дэлхийн 235 орны 91 000 гаруй хуралд нэгдэж байна. Энэ бол тун удахгүй болох «агуу их гай гамшиг» эхлэхээс өмнө Ехова үнэнч үйлчлэгчдээ яаравчлан цуглуулж байгааг маргашгүйгээр харуулж байна (Матай 24:21; Илчлэлт 7:9–14).

3. «Эцэг, Хүү, ариун сүнсний нэрээр» баптисм хүртэх гэдэг нь ямар утгатай вэ?

3 Энэ олон сая хүн Есүсийн тушааснаар бүгд өөрийгөө Еховад зориулан, «Эцэг, Хүү, ариун сүнсний нэрээр» баптисм хүртэцгээсэн (Матай 28:19, ШЕ). «Эцгийн нэрээр» баптисм хүртэх гэдэг нь Бурханд өөрийгөө зориулсан хүн Еховаг тэнгэрийн Эцэг бөгөөд амь Өгөгч хэмээн хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ түүний хэмжээгүй эрх мэдэлд захирагдана гэсэн үг юм. «Хүүгийн нэрээр» баптисм хүртэж байгаа хүмүүс Есүс Христийг Золигч, Удирдагч бөгөөд Хаан гэдгийг хүлээн завшөөрч байгаагаа харуулж байгаа хэрэг. Тэрчлэн тэд Бурхны ариун сүнс буюу үйлдэх хүчийг өөрсдийнх нь амьдралыг чиглүүлэгч хэмээн хүлээн зөвшөөрдөг. Тийм учраас тэднийг «ариун сүнсний нэрээр» баптисм хүртдэг гэж хэлж болох юм.

4. Хүн христиан үйлчлэгчээр хэрхэн томилогддог вэ?

4 Шинэ шавь нар баптисм хүртэх үедээ Ехова Бурхны үйлчлэгчээр томилогддог. Тэднийг хэн томилдог вэ? Зарчмын хувьд 2 Коринт 3:5-д (ШЕ): «Тохирох эсэх маань [үйлчлэгчид] Бурхнаас хамаарна» гэж бичсэн энэ үг дээрх асуултын хариу болдог. Тэдний хувьд Ехова Бурхнаас өөрөөс нь томилолт хүлээж авахаас илүү эрхэм нэр төртэй зүйл байхгүй! Баптисм хүртсэнийхээ дараа тэд Бурхны сүнсний удирдлагыг хүлээн зөвшөөрч, Үгийнх нь дагуу амьдрах аваас «сайн мэдээ» дэлгэрүүлэгчийн хувьд сүнслэг талаараа өссөөр байх болно (Матай 24:14; Үйлс 9:31).

Бурхны үйлчлэгчдийг теократ журмаар томилдог

5. Еховагийн Гэрчүүдийн харгалзагчид болон туслах үйлчлэгчдийг ардчилсан журмаар сонгодог уу? Тайлбарлана уу.

5 Байнга өсөн нэмэгдэж байгаа Бурхны идэвхтэй үйлчлэгчдийн сүнслэг хэрэгцээг хангахад туршлагатай харгалзагч нарын боловсронгуй удирдлага хийгээд туслах үйлчлэгчдийн чадварлаг тусламж хэрэгтэй болдог (Филиппой 1:1). Эдгээр сүнслэг хүмүүсийг хэрхэн томилдог вэ? Энд христийн шашны ертөнцийнхөний аргыг хэрэглэдэггүй. Жишээ нь: Еховагийн Гэрчүүдийн харгалзагчдыг ардчилсан журмаар буюу хурлын гишүүдийн олонхийн саналаар сонгодоггүй. Тэднийг теократ журмаар томилдог. Энэ нь юу гэсэн үг вэ?

6. а) «Теократи» гэж юу вэ? б) Харгалзагч нар болон туслах үйлчлэгчдийг теократ журмаар томилдог гэдгийн учир юу вэ?

6 Товчоор хэлбэл «теократи» гэдэг нь Бурхны удирдлага гэсэн үг юм. Еховагийн Гэрчүүд бол Бурханд сайн дураараа захирагдан, түүний хүсэл тааллыг гүйцэлдүүлэхийн тулд хамтран ажилладаг хүмүүс юм (Дуулал 143:10; Матай 6:9, 10). Еховагийн Гэрчүүдийн харгалзагч буюу ахлагч нар, туслах үйлчлэгчдийг теократ журмаар томилдог. Учир нь тэдгээр хариуцлагатай эрчүүдийг санал болгож, томилох ажиллагаа нь Ариун Сударт Бурхны бичүүлж, тэмдэглүүлсэн зааврын дагуу болдог. Нэгэнт Ехова «бүхний тэргүүн» учир дэлхий дэх байгууллага нь үйл ажиллагаагаа яаж явуулахыг тодорхойлон зааварчлах бүрэн эрхтэй бөлгөө (Шастирын дээд 29:11; Дуулал 97:9).

7. Еховагийн Гэрчүүдийн удирдлагын хэлбэр ямар вэ?

7 Христийн шашны ертөнцийн урсгалуудаас ялгаатай нь Еховагийн Гэрчүүд сүнслэг удирдлагын бүтэц, хэлбэрээ өөрсдөө тогтоодоггүй. Эдгээр чин үнэнч христианууд Еховагийн хэм хэмжээг баримтлахыг хичээдэг. Еховагийн Гэрчүүдийн харгалзагчдыг конгрегационал, пресвитериан болон шатлан захирах ёс бүхий бусад сүмүүдийнхтэй ижил журмаар томилдоггүй. Хэрэв энэ ертөнцийнхөн хариуцлагатай үүрэг хүлээх хүмүүсийг томилох үйл ажиллагаанд хутгалдан оролцохыг оролдвол Еховагийн үйлчлэгчид түүнийг огт хүлээн зөвшөөрдөггүй. Тэд нэгдүгээр зууны элч нарын: «Хүнийг дагахаасаа илүү Бурхныг дагах ёстой» хэмээн илэрхийлж байсан байр суурийг хатуу баримталдаг юм (Үйлс 5:29). Ер нь Еховагийн Гэрчүүд бүх зүйл дээр Бурханд захирагддаг (Еврей 12:9; Иаков 4:7). Теократ журмыг мөрдсөнөөрөө бид Бурхны сайшаалыг хүртдэг.

8. Ардчилсан хийгээд теократ аргууд ямар ялгаатай вэ?

8 Агуу Теократч Еховагийн үйлчлэгчид бид теократ болон ардчилсан аргын ялгааг санах хэрэгтэй. Ардчилсан арга нь ямар нэг албан тушаалд тэнцүү тооны нэр дэвшигчийг өрсөлдүүлдэг. Нэр дэвшигчид сонгуулийн өмнөх кампанит ажил зохион явуулдаг бөгөөд олонхийн санал авсан нэг нь уг албан тушаалын эзэн болдог. Теократ арга бол түүнээс огт өөр. Еховагийн Гэрчүүдийн харгалзагчдыг хүн болон ямар нэгэн хуулийн байгууллага томилдоггүй. Элч Паул өөрийг нь Есүс болон Ехова «Харь үндэстнүүдийн элчээр» томилсон гэдгийг дурсан, би «хүмүүсээс биш, хүнээр биш, харин Есүс Христээр ба Түүнийг үхэгсдээс амилуулсан Эцэг Бурхнаар» томилогдсон юм хэмээн Галатын христиануудад хэлсэн (Ром 11:13; Галат 1:1).

Ариун сүнсээр томилогдсон эрчүүд

9. Христиан харгалзагчдыг томилох талаар Үйлс 20:28-д юу гэж байдаг вэ?

9 Өөрсдийг нь Бурхан ариун сүнсээр томилсон гэдгийг Паул Ефес хотын харгалзагчдад сануулсан. Тэрбээр: «Бурхан хурлыг Хүүгийнхээ цусаар худалдаж авсан бөгөөд түүнийг хариулгахаар ариун сүнс та нарыг харгалзагчаар томилсон учир та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь» гэж хэлсэн (Үйлс 20:28, ШЕ). Эдгээр христиан харгалзагчид Бурхны сүргийг хариулах үүргээ биелүүлэн, цаашид ч ариун сүнсэнд захирагдах хэрэгтэй байлаа. Хэрэв хуралд хариуцлагатай үүрэг гүйцэтгэж байгаа хүн Бурхны хэм хэмжээг хангахаа боливол ариун сүнс түүнийг үүргээс нь чөлөөлнө.

10. Теократ журмаар томилоход ариун сүнс чухал үүрэг гүйцэтгэдгийн учир юу вэ?

10 Ариун сүнс тийм чухал үүрэг гүйцэтгэдгийн учир юу вэ? Юуны түрүүнд сүнслэг удирдлага гүйцэтгэх хүмүүст зориулсан Библийн шаардлагуудыг ариун сүнсээр онгод оруулан бичүүлсэнд байгаа юм. Тимот болон Титэд бичсэн захидалдаа Паул харгалзагчид болон туслах үйлчлэгчдийн хангавал зохих шаардлагуудыг бичсэн. Нийт 16 шаардлага хангах ёстойг дурдсан байна. Жишээ нь: Харгалзагч нь гэм зэмгүй, муу зуршлыг тэвчдэг, хэрсүү ухаантай, төлөв томоотой, зочломтгой, заах чадвартай, үлгэр жишээ гэрийн тэргүүн байх ёстой. Мөн согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэдэг, мөнгөнд дурладаггүй, биеэ барьж чаддаг байх ёстой. Туслах үйлчлэгч болох хүсэлтэй хүмүүст ч мөн адил өндөр шаардлага тавигддаг (1 Тимот 3:1–10, 12, 13; Тит 1:5–9).

11. Хуралд хариуцлагатай үүрэг хүлээхийг хичээж байгаа хүнд ямар ямар шаардлага тавигддаг вэ?

11 Эдгээр шаардлагыг харгалзан үзэх аваас Еховаг шүтэх шүтлэгийг удирдлага болгосон хүмүүс биеэ үлгэр жишээ авч явах ёстой гэдэг нь харагдаж байна. Хуралд хариуцлагатай үүрэг хүлээхийг эрмэлзэж байгаа эрчүүд ариун сүнсний үйлчлэлд дуулгавартай гэдгээ харуулах ёстой (2 Тимот 1:14). Бурхны сүнс тэдэнд «хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирахын» үр жимс бий болгосон нь илэрхий харагдах ёстой (Галат 5:22, 23). Тэд итгэл нэгтнүүдтэйгээ болон бусад хүмүүстэй хэрхэн харьцаж байгаагаар энэ үр жимс илрэх болно. Хэн нэгэнд сүнсний зарим нэгэн үр жимс илүү тод илэрч байхад нөгөө нэг нь харгалзагчийн бусад шаардлагад илүү ихээр тохирч байж болох нь маргаангүй. Гэхдээ харгалзагч юм уу туслах үйлчлэгчээр томилогдох найдвартай хэн боловч Бурхны Үгийн шаардлагыг биелүүлдэг төлөвшсөн христиан хүн гэдгээ амьдралынхаа бүх хүрээнд харуулах ёстой.

12. Хэнийг ариун сүнсээр томилогдсон гэж үзэж болох вэ?

12 Паул «мөрөөрөө дагуулахын тулд бидэнд үлгэр дуурайлал үлдээсэн» Есүс Христийг дуурайсан учраас өөрийг нь дуурайхыг бусдад нүүр бардам уриалсан (1 Петр 2:21; 1 Коринт 11:1). Тийм учраас Ариун Судрын шаардлага хангасан хүмүүсийг харгалзагч юм уу туслах үйлчлэгчээр томилохдоо ариун сүнсээр томилогдлоо гэж хэлж болно.

13. Хэн нэгнийг хурлын үйлчлэгч болгохоор санал дэвшүүлэхэд нь ахлагч нарт ариун сүнс яаж тусалдаг вэ?

13 Харгалзагч болгохоор санал дэвшүүлэх буюу харгалзагчаар томилоход ариун сүнс хэрхэн холбогддогийг харуулах өөр нэгэн хүчин зүйл байдаг. «Тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй» гэж Есүс хэлсэн (Лук 11:13). Тийм учраас хурлын ахлагч нар хэн нэгэнд хариуцлагатай үүрэг гүйцэтгэхийг санал болгохоор цуглахдаа ариун сүнсээрээ удирдахыг гуйн, Бурханд хандан залбирдаг. Тэд саналаа Бурхны онгод оруулан бичүүлсэн Үгэнд нь байгаа зүйлд тулгуурладаг бөгөөд санал болгож байгаа хүн Библийн шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг тодорхойлох боломжийг тэдэнд ариун сүнс олгодог. Хэн нэгнийг хариуцлагатай үүрэгт томилуулахаар санал болгож байгаа хүмүүс шийдвэр гаргахдаа нөгөө хүнийхээ гадаад байдал, боловсролын түвшин, авъяас чадвар зэргийн нөлөөнд автаж болохгүй. Юуны түрүүнд уг хүний сүнслэг талаараа төлөвшсөн байдал хийгээд хурлын гишүүдэд Библийн дагуу зөвлөгөө, сургамж өгч чадах эсэхийг нь голлон анхаарах ёстой.

14. Үйлс 6:1–3-р зүйлээс бид юу мэддэг вэ?

14 Ах нарыг ахлагч юм уу туслах үйлчлэгч болгох асуудлыг ахлагч нарын зөвлөл явуулын харгалзагч нартай хамт хэлэлцдэг бөгөөд чухам томилох асуудлыг нэгдүгээр зуунд тогтоосон загварын дагуу гүйцэтгэдэг. Нэгэнт чухал үүрэг гүйцэтгүүлэх гэж байгаа болохоор уг хүмүүс сүнслэг талаараа төлөвшсөн байх ёстой. «Сүнс болон мэргэн ухаанаар дүүрэн, нэр хүнд бүхий долоон эрийг та нар дундаасаа сонго. Тэгээд энэхүү үүргийг тэдэнд хариуцуул» гэсэн зөвлөгөөг Удирдах зөвлөл өгчээ (Үйлс 6:1–3). Нөхцөл байдлыг сайн мэдэх хүмүүс санал мэдүүлж, харин Иерусалим дахь хариуцлагатай ах нар томилдог байжээ. Өнөөдөр үүнтэй ижил загварыг мөрддөг.

15. Ах нарыг томилоход Удирдах зөвлөл яаж оролцдог вэ?

15 Еховагийн Гэрчүүдийн Удирдах зөвлөл салбарын Хорооны бүх гишүүнийг шууд томилдог. Тийм чухал үүргийг итгэн хүлээлгэх шийдвэр гаргахдаа Удирдах зөвлөл Есүсийн: «Хэнд их нь өгөгдсөн байна, түүнээс ихийг шаардана. Хэнд их нь даалгагдсан байна, түүнээс ихийг шаардана» гэж хэлсэн үгийг тооцон харгалздаг (Лук 12:48). Удирдах зөвлөл салбарын Хорооны гишүүдээс гадна Бетелийн ахлагч нар хийгээд явуулын харгалзагч нарыг томилдог. Гэхдээ Удирдах зөвлөл томилох өөр олон арга хэмжээг хариуцлагатай ах нараар гүйцэтгүүлдэг. Ингэхдээ мөн адил Библийн жишээ дагадаг.

«Миний чамд зааварласны дагуу хот болгонд ахлагчдыг томил»

16. Паул Титийг ямар зорилгоор Кретэд үлдээсэн бэ? Энэ нь өнөөдрийн теократ томилолтод ямар хамаатай вэ?

16 Паул өөрийн хамтран зүтгэгч Титэд: «Би чамайг Кретэд үлдээсэн учир нь чи дутуу зүйлийг гүйцээж, миний чамд зааварласны дагуу хот болгонд ахлагчдыг томилохын тулд юм» хэмээн бичжээ (Тит 1:5). Дараа нь Паул тийм хариуцлагатай үүрэг гүйцэтгүүлэхээр санал болгох эрчүүдээс Титийн харгалзан үзвэл зохих зан чанарын жагсаалт бичсэн байна. Тийм учраас өнөөдөр салбаруудад үйлчлэх ах нарыг Удирдах зөвлөл томилдог бөгөөд салбарын ах нар ахлагч нар болон туслах үйлчлэгчдийг Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс томилдог. Эдгээр томилолтыг Библийн зааврын дагуу гүйцэтгэдгийг төлөөлөгчдөдөө сайн ойлгуулж, мөрдүүлэх талаар Удирдах зөвлөл үргэлж анхаарч байдаг. Тийнхүү дэлхий даяар Еховагийн Гэрчүүдийн хурлуудад үйлчлэх, тохирох эрсийг Удирдах зөвлөлийн удирдлагаар томилдог юм.

17. Харгалзагч болон туслах үйлчлэгчээр томилуулах саналыг салбарын ах нар яаж авч үздэг вэ?

17 Харгалзагч болон туслах үйлчлэгчээр томилуулах саналыг Харуулын Цамхаг Нийгэмлэгийн салбар уруу явуулдаг ба тэнд туршлагатай ах нар Бурхны сүнсний удирдлагад түшиглэн шийдвэр гаргадаг. Тэдгээр ах ’бусдын нүгэлд оролцохгүйн тулд хэн дээр ч яаран гараа тавихгүй’ байх сануулгыг санан, дээрх ажлын бүх хариуцлагыг ухамсарлан ойлгодог юм (1 Тимот 5:22).

18, 19. а) Зарим томилолтыг ямар байдлаар мэдээлдэг вэ? б) Санал дэвшүүлэх хийгээд томилох ажиллагаа хэрхэн явагддаг вэ?

18 Зарим тохиолдолд ах нарыг томилсон тухай мэдээг хууль ёсны байгууллагын батламж тамга бүхий захиагаар илгээдэг. Тийм захиагаар хурлын хэд хэдэн ахын томилолтыг мэдэгдэж болно.

19 Теократ томилолтыг Ехова өөрийн Хүү болон дэлхий дэх Бурхны үзэгдэх суваг болох «итгэмжит ухаалаг боол» хийгээд тэр «боолын» Удирдах зөвлөлөөр дамжуулан гүйцэтгэдэг (Матай 24:45–47). Санал дэвшүүлэх хийгээд томилох бүх үйл ажиллагаа ариун сүнсний удирдлагаар гүйцэтгэгддэг. Ингэж үзэхийн үндэс гэвэл зохих шаардлагууд ариун сүнсээр онгод оруулан бичүүлсэн Бурхны Үгэнд байдаг бөгөөд томилогдож байгаа хүмүүст уг сүнсний үр жимс илэрсэн байдагт юм. Тийм учраас ариун сүнс томилдог гэж үзэх хэрэгтэй. Өнөөдөр ах нарыг нэгдүгээр зууны харгалзагчид болон туслах үйлчлэгчдийг томилж байсан тэр л теократ журмаар томилдог.

Еховагийн удирдлагад талархдаг

20. Дуулал 133:1-д бичсэн Давидын сэтгэлийг бид ямар учраас хуваалцдаг вэ?

20 Манай байгууллага цэцэглэн хөгжиж, Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажил өргөжин тэлж байгаа өнөө үед харгалзагчид болон туслах үйлчлэгчдийг Ехова томилдог нь бидний хувьд баярлан талархах ёстой үйл явдал юм. Библиэр тогтоосон энэхүү журам нь шударга ёсны талаарх Бурхны өндөр хэм хэмжээг сахин мөрдөхөд Еховагийн Гэрчүүд бидэнд тусалдаг. Түүнээс гадна эдгээр харгалзагч, туслах үйлчлэгчдийн христиан сэтгэлгээ болон чин сэтгэлийн хөдөлмөр зүтгэл нь Еховагийн үйлчлэгчдийн энх тайван, эв нэгдэлд асар их тус дэм болдог. «Харагтун, ах дүүсийн хувьд хамтдаа нэгдмэлээр амьдрах нь хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ!» хэмээн дуулалч Давидын хэлсэн үгийг өөрийн эрхгүй дуу алдан давтмаар болдог билээ (Дуулал 133:1).

21. Исаиа 60:17-д бичсэн үгс өнөөдөр хэрхэн биелж байна вэ?

21 Ехова Үг болон ариун сүнсээрээ дамжуулан биднийг удирддаг нь юутай талархалтай вэ! Тийм ээ, «Би чамд зэсийн оронд алт, төмрийн оронд мөнгө, модны оронд зэс, чулууны оронд төмөр авчирч, чиний төмөр баригчдыг амар амгалан болгон, чиний харгалзагчдыг үнэн зөв болгоно» хэмээн Исаиа 60:17-д бичсэн эдгээр үг үнэхээр гүн гүнзгий утга агуулгатай ажээ. Еховагийн Гэрчүүд теократ журмыг улам өргөн хүрээтэй ашигладаг болж, үүний ачаар Бурхны дэлхийн байгууллага, дээр дурдсан ивээлийг бүх талаар хүртэн эдэлж байна.

22. Бид юуны учир баярлан талархдаг вэ? Юунд шийдвэр төгс байх ёстой вэ?

22 Үйл ажиллагаанд маань мөрдөгддөг теократ журамд бид гүн талархалтайгаар ханддаг. Мөн бид теократ журмаар томилогдсон харгалзагчид болон туслах үйлчлэгчдийн үр өгөөжтэй, нөр их хөдөлмөрийг маш их хүндэтгэдэг юм. Байгууллагыг маань цэцэглэн хөгжүүлж, биднийг өгөөмрөөр ивээдэг тэнгэрийн хайрт Эцгээ бид хамаг зүрх сэтгэлээсээ магтан дуулдаг билээ (Сургаалт үгс 10:22). Тиймд Еховагийн байгууллагатай хөл нийлүүлэн алхах шийдвэр төгс байцгаая. Хамгийн гол нь Еховагийн агуу бөгөөд ариун нэрэнд магтаал хүндэтгэл өргөн, түүнд нэгэн санаа зорилготойгоор үйлчлэх ажлаа үргэлжлүүлцгээе.

Та хэрхэн хариулах вэ?

• Харгалзагчид болон туслах үйлчлэгчдийг ардчилсан журмаар бус, харин теократ журмаар томилдог гэж хэлж болохын учир юу вэ?

• Хурлын хариуцлагатай ах нар ариун сүнсээр хэрхэн томилогддог вэ?

• Ахлагч нар болон туслах үйлчлэгчдийг томилоход Удирдах зөвлөл яаж оролцдог вэ?

• Теократ томилолттой холбогдуулаад Еховад талархах ёстойн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]