Хайр хэлбэржүүлдэг
Хайр хэлбэржүүлдэг
«Чи бүх зүрх бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа Бурхан Эзнээ хайрла» (МАТАЙ 22:37).
1. а) Христиан хүний хөгжүүлбэл зохих ямар ямар чанар байдаг вэ? б) Христиан хүний хамгийн чухал чанар нь юу вэ? Яагаад?
БУРХАНД үр өгөөжтэй үйлчлэхийн тулд христиан хүн олон чанар хөгжүүлэх хэрэгтэй болдог. «Сургаалт үгс» номд мэдлэг, ойлголт хийгээд мэргэн ухааны чухлыг онцлон тэмдэглэсэн байдаг (Сургаалт үгс 2:1–10). Элч Паул бат бөх итгэл, найдвар хэрэгтэй гэж бичсэн (Ром 1:16, 17; Колоссай 1:5; Еврей 10:39). Тэвчээр хийгээд өөрийгөө захирах чанар ч бас л амин чухал (Үйлс 24:25; Еврей 10:36). Түүнээс гадна өөр нэгэн чанар байдаг бөгөөд түүнгүйгээр бусад чанар нь үнэ цэнээ хагас юм уу, тэр байтугай бүр мөсөн алддаг. Энэ бол хайр юм (1 Коринт 13:1–3, 13).
2. Хайр чухал гэдгийг Есүс яаж харуулсан бэ? Үүнтэй уялдан ямар ямар асуулт гардаг вэ?
2 Есүс: «Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь мөн гэдгийг мэдэх болно» гэж хэлснээрээ хайр хичнээн чухал болохыг харуулсан (Иохан 13:35). Хэрэв хайр (ялангуяа сүнслэг ах дүүсээ хайрлах хайр) жинхэнэ христиан хүний ялгарах шинж юм бол: Хайр гэж чухам юу вэ? Есүсийн хэлснээр дагалдагчдыг нь тодорхойлоход хайр бусад чанараас яагаад илүү чухал байдаг вэ? Хайрыг яаж хөгжүүлэх вэ? Бид хэнийг хайрлах ёстой вэ? гэсэн асуулт зайлшгүй гарч ирнэ. Одоо эдгээр асуултыг авч үзье.
Хайр гэж юу вэ?
3. Хайрыг хэрхэн тодорхойлж болох вэ? Хайр ухаан санаа хийгээд зүрх сэтгэлтэй холбоотойн учир юу вэ?
3 «Өөр бусдад ихэд дасаж, дур сэтгэлтэй болохыг» хайр гэж тодорхойлсон нь байдаг. Хүнийг бусдын сайн сайхны төлөө хөдөлгөдөг энэ чанар заримдаа том золиосонд ч хүргэдэг. Библид тодорхойлон бичсэн хайр бол ухаан санаа, зүрх сэтгэлийн аль алинтай нь холбоотой юм. Хайранд ухаан санаа буюу оюун санаа хамаардаг гэдгийн учир гэвэл хайрлагч хүний нүд нь нээлттэй байдаг. Өөрөөр хэлбэл хайрлагч хүн өөрт нь болон хайрлаж байгаа хүнд нь дутагдалтай болоод сайн чанарууд байдгийг мэддэг гэсэн үг. Оюун санаа хайртай холбоотой байдгийн өөр нэг шалтгаан бол заримдаа христиан хүн өөрийнхөө төрөлх хүсэл сонирхлын эсрэг бусдыг хайрлах шаардлагатай болдог. Учир нь Бурхан тийн хүсдгийг Библиэс уншиж мэддэг ажгуу (Матай 5:44; 1 Коринт 16:14). Гэсэн хэдий ч хайр үндсэндээ зүрх сэтгэлээс гардаг. Жинхэнэ хайр зөвхөн оюун ухаанаас хэзээ ч гардаггүй гэдгийг Библи бидэнд хэлж өгдөг. Жинхэнэ хайр бол хувиршгүй үнэн сэтгэл хийгээд чин сэтгэлийн дур хүсэлтэй салшгүй холбоотой (1 Петр 1:22).
4. Хайр ямар утгаар эв нэгдлийн төгс холбоос болдог вэ?
4 Хайрлагч хүн бусдын сонирхлыг өөрийнхөөсөө дээгүүр тавьдаг учраас аминч үзэлтэй хүмүүс жинхэнэ хайраар хайрлах нь ховор байдаг (Филиппой 2:2–4). «Авахаасаа өгөх нь илүү жаргалтай» гэж хэлсэн Есүсийн үг чухам хайрынхаа үүднээс өгч байгаа тохиолдолд туйлаас үнэн бөлгөө (Үйлс 20:35, ШЕ). Хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм (Колоссай 3:14). Хайрыг дандаа найрамдал дагалдаж байдаг боловч хайрын холбоо бол найрамдлынхаас хүчтэй байдаг. Нөхөр эхнэр хоёрын хоорондох янаг амрагийн харьцааг мөн адил хайр гэдэг. Гэхдээ Библийн дагуу хөгжүүлэх ёстой тэр хайр бол царайны сайханд болдог хайраас хамаагүй удаан үргэлжилдэг. Жинхэнэ хайртай амраг хосууд нас нь ахиж, чалх нь буурснаас бие биедээ ойртох чадваргүй болсон ч хамтдаа л үлддэг.
Хайр бол хамгийн гол чанар
5. Хайр ямар учраас христиан хүний хамгийн гол чанар байдаг вэ?
5 Христиан хүний хувьд хайр ямар учраас хамгийн гол чанар байдаг вэ? Нэгдүгээрт: Есүс дагалдагч нартаа бие биеэ хайрлахыг тушаасан. Тэрбээр: «Хэрэв та нар Миний тушаасныг хийвэл, та нар Миний нөхөд мөн. Би та нарт үүнийг тушаая. Та нар бие биеэ хайрлагтун» гэж хэлсэн (Иохан 15:14, 17). Хоёрдугаарт: Ехова бол хайрын Бурхан учраас шүтэгчид нь түүнийг дуурайх ёстой (Ефес 5:1; 1 Иохан 4:16). Библид бичсэнээр Ехова болон Есүсийн тухай мэдлэгтэй болох нь мөнхийн амьтай боллоо гэсэн үг юм. Бурхныг дуурайхыг хичээхгүй байгаа мөртлөө би Бурхныг мэддэг гэж охэлж болох уу? Элч Иохан: «Хайрладаггүй нэгэн нь Бурхныг мэддэггүй. Учир нь Бурхан бол хайр билээ» гэж хэлсэн (1 Иохан 4:8).
6. Амьдралд тохиолдох янз бүрийн асуудалд дүн нуруу алдахгүй байхад хайр хэрхэн нөлөөлдөг вэ?
6 Гуравдугаарт: Хайр амьдралдаа тохиолддог янз бүрийн асуудалд дүн нуруу алдахгүй байж, ямарваа юмыг зөв сэтгэлээр хийхэд маань тусалдаг. Жишээ нь: Бурхны Үгээс байнга мэдлэг олж авах нь христиан хүнд амин чухал зүйл бөгөөд энэ нь түүний хувьд хоол гэсэн үг. Христиан хүнийг төлөвшиж, үйл ажиллагаагаа Бурхны хүсэл тааллын дагуу явуулахад нь мэдлэг тусалдаг (Дуулал 119:105; Матай 4:4; 2 Тимот 3:15, 16). Гэхдээ Паул: «Мэдлэг ихэрхэг болгодог, харин хайр хэлбэржүүлдэг» гэж анхааруулсан (1 Коринт 8:1, ШЕ). Нарийн зөв мэдлэгтэй байхад буруу юм гэж ер байхгүй. Гол асуудал юунд байдаг вэ гэвэл бид нүгэл үйлдэх хандлагатай байдагт байгаа юм (Эхлэл 8:21). Дүн нуруу алдахгүй байхад хайр нөлөөлдөггүйсэн бол мэдлэгтэй болохоороо хүн их зантай болж, өөрийгөө бусдаас дээгүүрт үзэж болно. Хэрэв биднийг юуны түрүүнд хайр хөтөлдөг бол ийм юм гарахгүй. «Хайр... бардам зан гаргадаггүй, ихэрхдэггүй» (1 Коринт 13:4). Хайраар хөтлөгддөг христиан хүн их мэдлэгтэй болсон ч ер бардамнадаггүй. Даруу байдлаа хадгалж, өөрийгөө дөвийлгөхгүй байхад нь хайр нөлөөлдөг (Дуулал 138:6; Иаков 4:6).
7, 8. Илүү чухал юм нь юу вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлэхэд маань хайр хэрхэн тусалдаг вэ?
7 Паул Филиппой хотын христиануудад: «Та нарын хайр нарийн зөв мэдлэг ба бүх ойлгоцоор улам бүр бялхсаар байж, илүү чухал юм нь юу болохыг магадлах болтугай гэж би үргэлж залбирна» гэж бичсэн (Филиппой 1:9, 10, ШЕ). Илүү чухал юм нь юу болохыг магадалж мэдэхэд тустай энэ уриалгыг даган мөрдөхөд христиан хайр бидэнд тусална. Жишээ нь, Паул Тимотод: «Хэрэв хэн нэгэн нь харгалзагч болохыг эрмэлзвэл, тэр сайн ажлыг хүсдэг байна» гэж бичсэн (1 Тимот 3:1). 2000 оны үйлчлэлийн жил дэлхий даяар хурлын тоо 1 502-оор нэмэгдэж, нийтдээ 91 487 хуралтай болсон байна. Тэгэхлээр илүү олон ахлагч хэрэгтэй боллоо гэсэн үг бөгөөд тийм үйлчлэгч болох хүсэл зорилготой хүмүүс магтаал хүртэх учиртай.
8 Хэдий тийм ч ахлагч болох зорилт тавьж байгаа тэр хүмүүс тийм үйлчлэгч байх шаардлагыг санан, дүн нуруу алддаггүй. Хариуцлагатай үүрэг гүйцэтгэж, бүгдэд танил байх нь чухал зүйл биш. Еховад таалагддаг ахлагч нар бол түүнд болоод итгэл нэгтнүүддээ хайрын үүднээс ханддаг. Тэд албан тушаал буюу нэр төр хөөцөлддөггүй. Элч Петр хурлын ахлагч нарт сэтгэлгээний зөв төлөвтэй байх талаар зөвлөгөө өгснийхөө дараа «даруу» байхыг онцлон тэмдэглэсэн. Петр хурлын бүх гишүүдэд: «Бурхны хүчирхэг мутрын дор өөрсдийгөө даруу байлга» хэмээн сургамжилсан (1 Петр 5:1–6). Нэмэлт үүрэг хүлээх хүсэл зорилготой хүмүүс хөдөлмөрч, даруу байдлаараа хурлыг ивээж байдаг бүх дэлхийн үй олон ахлагч нарын жишээг анхааралтай судлах нь чухал (Еврей 13:7).
Зөв санаа тэвчээртэй байхад тусалдаг
9. Еховагийн амласан ивээл хишгийг христианууд яагаад ухаан санаандаа дандаа хадгалж явдаг вэ?
9 Хайранд хөтлөгдөхийн зайлшгүй чухлын өөр нэгэн шалтгаан байдаг. Хайрынхаа үүднээс Бурханд чин үнэнч байдлаа хадгалсан хүнийг одоо бол элбэг дэлбэгээр, харин ирээдүйд ухаан санаанд багтамгүй гайхамшигтайгаар ивээх болно гэдгийг Библи амладаг (1 Тимот 4:8). Энэ амлалтад болон «Өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдог» гэдэгт хатуу итгэдэг христиан хүний итгэл нь бат бөх байдаг (Еврей 11:6). Бидний ихэнх нь Бурхны амлалт болон элч Иоханы: «Амен. Ирээрэй, Эзэн Есүс ээ!» гэж хэлсэн үгийн хэрэгжих өдрийг тэсэж ядан хүлээж байна (Илчлэлт 22:20). Тийм ээ, хэрэв бид итгэлээ хадгалан, ирээдүйд хүртэх ивээл хишгийнхээ талаар эргэцүүлэн бодох аваас энэ нь «Өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө» тэвчээртэй байхад нь Есүст тусалсан шиг бидэнд бас тэвчих хүч өгнө (Еврей 12:1, 2).
10, 11. Хайранд хөтлөгдөх нь тэвчээртэй байхад маань хэрхэн тусалдаг вэ?
10 Хэрэв бид зөвхөн шинэ ертөнцөд амьдрах хүсэлдээ хөтлөгдөн Еховад үйлчилдэг бол яах вэ? Тийм тохиолдолд бэрхшээл юм уу, эсвэл бидний бодож байгаагүй буюу бодоогүй цагт таагүй явдал тохиолдох аваас бид амархан тэвчээр алдаж, цөхрөх болно. Тэгээд бид «урсаад явчих» ноцтой аюултай тулгарна (Еврей 2:1; 3:12). Паул хамтран зүтгэгч нь байснаа өөрийг нь орхиод явсан Дем гэдэг хүний талаар ярьсан. Дем яагаад түүнийг орхих болсон бэ? Учир нь тэр «өнөөгийн эд юмсын тогтолцоог хайрлажээ» (2 Тимот 4:10, ШЕ). Еховад үйлчлэхдээ зөвхөн хар амиа бодсон хэнд ч болов тийм аюул тулгарч болно. Ертөнцийн нүд хуурсан дур булаам байдал тэдний анхаарлыг татаж болох бөгөөд ирээдүйн ивээл хишгийнхээ төлөө зохих зүйлийг золиослох чадваргүй болж болох юм.
11 Ирээдүйн ивээл хишиг хүртэх хийгээд гай зовлонгоос ангижрахыг хүсэх нь зүй ёсны хэрэг боловч амьдрлынхаа хамгийн гол зүйл юу болохыг үнэлэхэд маань хайр тусалдаг. Хамгийн чухал нь бидний хүсэл бус, харин Еховагийн хүсэл юм (Лук 22:41, 42). Тийм ээ, хайр биднийг хэлбэржүүлдэг. Хайрын ачаар бид Бурхнаа тэвчээртэйгээр хүлээж, өгсөн ивээл болгонд нь сэтгэл хангалуун байхын зэрэгцээ цаг нь болохоор түүний амласан бүхнийг, тэр ч байтугай түүнээс ч ихийг хүртнэ гэдэгт итгэлтэй байдаг (Дуулал 145:16; 2 Коринт 12:8, 9). Түүнээс гадна хар амиа бодохгүйгээр Бурханд үйлчлэхэд маань хайр тусалдаг. Учир нь «хайр... өөрийн ашгийг эрдэггүй» (1 Коринт 13:4, 5, МАБ).
Христиан хүн хэнийг хайрлах ёстой вэ?
12. Есүсийн хэлснээр бид хэнийг хайрлах ёстой вэ?
12 Есүс Мосегийн хуулиас хоёр зүйл иш татахдаа хэнийг хайрлах ёстой вэ гэдэг талаар ерөнхий зарчим хэлж өгсөн. Тэрбээр: «Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзнээ [«Еховагаа», ШЕ] хайрла». Мөн, «Чи хөршөө өөрийн адил хайрла» гэж хэлсэн (Матай 22:37–39).
13. Ехова нүдэнд харагддаггүй ч гэсэн түүнийг хэрхэн хайрлаж сурах вэ?
13 Юуны түрүүнд бид Еховаг хайрлах ёстой гэдэг нь Есүсийн үгээс тодорхой байна. Гэвч бид Еховад бүрэн төгс хайртай болчихоод төрдөггүй. Тийм болохоор хайрыг хөгжүүлэх шаардлагатай. Бурхны тухай анх сонсоход түүний чанарууд нь бидний анхаарлыг татсан. Аажимдаа бид хүн төрөлхтөнд зориулж Бурхан дэлхийг хэрхэн бүтээснийг мэдэж авсан (Эхлэл 2:5–23). Мөн хүмүүст хэрхэн хандаж байсныг, ертөнцөд анх нүгэл орж ирэхэд хүн төрөлхтнийг орхиогүй, харин ч тэр нүглийн боолчлолоос чөлөөлөх арга хэмжээ авсныг нь олж мэдсэн (Эхлэл 3:1–5, 15). Бурхан үнэнч байсан хүмүүст сайн хандаж байсан бөгөөд эцэстээ бидний нүглийг уучлахын тулд цорын ганц Хүүгээ өгсөн (Иохан 3:16, 36). Еховагийн тухай мэдлэг нэмэгдэхийн хирээр түүнд талархах сэтгэл маань нэмэгдсэн (Исаиа 25:1). Хайрын сэтгэлээр анхаарал халамж тавьдагт нь Давид хаан Еховаг хайрладаг байсан (Дуулал 116:1–9). Өнөөдөр ч гэсэн Ехова биднийг удирдан, бэхжүүлж, урамшуулан зоригжуулж, анхааран халамжилдаг. Түүний тухай мэдэх тусам бидний хайр улам гүнзгийрдэг (Дуулал 31:23; Зефаниа 3:17; Ром 8:28).
Хайраа хэрхэн илэрхийлж болох вэ?
14. Бурхныг жинхэнэ ёсоор хайрладгаа хэрхэн илэрхийлэх вэ?
14 Бурхныг хайрладаг гэж ярьдаг хүн олон байдаг боловч үйл хэрэг нь өөр юм хэлдэг. Еховаг үнэхээр хайрладаг эсэхээ бид яаж мэдэх вэ? Түүнд хандан залбирч, хайртай гэдгээ хэлж болно. Мөн түүнд хайртайгаа үйл хэргээрээ харуулж болно. Элч Иохан: «Түүний үгийг сахьдаг хэний ч дотор Бурхны хайр үнэхээр төгс болгогджээ. Үүгээрээ бид Түүний дотор байгаагаа мэднэ» гэж хэлсэн (1 Иохан 2:5; 5:3). Бурхны Үг биднээс олон зүйл шаарддагийн дотор хамтдаа цуглаж, ёс суртахууны цэвэр ариун хэм хэмжээг сахин амьдрахыг зөвлөдөг. Бид нүүр тал хардаггүй бөгөөд үнэнийг ярьж, бодол санаагаа ямагт цэвэр байлгадаг (2 Коринт 7:1; Ефес 4:15; 1 Тимот 1:5; Еврей 10:23–25). Бид бас шаардлагатай хүмүүст материаллаг тусламж үзүүлэн хайраа илэрхийлдэг (1 Иохан 3:17, 18). Түүнээс гадна Еховагийн тухай мэдсэн зүйлээ бусдаас нуудаггүй. Тийм учраас бид Хаанчлалын тухай сайн мэдээг дэлхий даяар дэлгэрүүлэх ажилд оролцдог (Матай 24:14; Ром 10:10). Дээрх асуудлуудаар Бурхны Үгэнд дуулгавартай байх нь Еховаг жинхэнээр хайрлаж байгаагийн нотолгоо болдог.
15, 16. Еховаг хайрлах хайр нь өнгөрсөн жил олон хүний амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?
15 Еховаг хайрлах хайр зөв шийдвэр гаргахад хүнд тусалдаг. Өнгөрсөн жил Бурхныг хайрлах хайр 288 907 хүнийг өөрсдийгөө түүнд зориулж, үүнийхээ бэлэгдэл болгон усаар баптисм хүртэхэд хүргэжээ (Матай 28:19, 20). Өөрийгөө Бурханд зориулах нь гүн гүнзгий утгатай билээ. Амьдралаа өөрчилнө гэсэн үг. Жишээ нь: Газменд Албанийн сагсан бөмбөгийн шилдэг оддын нэг байв. Тэрбээр эхнэрийнхээ хамт хэдэн жилийн турш Библи судалсны дүнд бэрхшээл саадыг даван туулж, эцэстээ дэлгэрүүлэгчид болжээ. Газменд өнгөрсөн жил баптисм хүртэж, 2000 оны үйлчлэлийн жил Албанид 366 хүн баптисм хүртсэний нэг нь болсон юм. Нэгэн сонинд түүний тухай өгүүлэл нийтлэгдсэн бөгөөд тэнд: «Тэр амьдралын утга учрыг мэддэг болсон бөгөөд үүний ачаар гэр бүл нь урьд байгаагүй аз жаргалтай сайхан амьдарч байна. Түүний хувьд одоо чухам хэдийг авах вэ гэдэг нь чухал биш, харин бусдын төлөө хэдийг өгч болох вэ гэдэг нь чухал болжээ» гэж бичсэн байна.
16 Гуам арлын газрын тос боловсруулах компанид ажилтай нэгэн Гэрч эмэгтэй хорхой хүргэм нэгэн санал хүлээн авчээ. Тэр эмэгтэй баптисм хүртээд удаагүй байсан аж. Энэ саналыг хүлээн авахаас өмнө олон жилийн турш түүний тушаал дандаа ахиж байсан бөгөөд энэ удаад компанийн дэд захирал болгох санал байлаа. Тэр эмэгтэй компанийн түүхэнд анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч болох байв. Гэвч тэр эгч өөрийгөө Еховад зориулсан байсан учир нөхөртэйгөө сайтар зөвлөлдсөний эцэст уг албан тушаалаас татгалзсан бөгөөд ирээдүйд эхлэгч (бүрэн цагийн үйлчлэгч) болохоо бодоод хагас өдрөөр ажиллах гэрээ байгуулсан байна. Еховаг хайрлах хайр нь түүнд энэхүү ертөнцийн бизнесийн сонирхолд хөтлөгдөн явахын оронд эхлэгчээр үйлчлэх хүсэл төрүүлсэн байна. 2000 оны үйлчлэлийн жилд Бурхныг хайрлах хайр нь 805 205 хүнийг янз бүрийн шатны эхлэгчээр үйлчлэхэд хүргэжээ. Эдгээр эхлэгч ямар их хайр, итгэл илэрхийлээ вэ!
Есүсийг хайрлах нь
17. Бид Есүсээс хайрын ямар сайхан жишээ мэддэг вэ?
17 Хайраа илэрхийлэх гэдэг чухам юу вэ гэдгийг Есүс гайхамшигтайгаар харуулсан. Тэрбээр бүр хүн болохоосоо өмнө Эцгээ болон хүн төрөлхтнийг хайрладаг байсан. «Сургаалт үгс» номд «мэргэн ухаан» болон дүрслэгдсэн Есүс: «Би Түүний [Еховагийн] хажууд уран дархан мэт байв. Би Түүний өдөр тутмын баяр бахдал байсан бөгөөд Түүний өмнө үргэлж баярлаж байв. Түүний газар болох дэлхийд баярлан, хүмүүсийн хөвгүүдээр бахдан байв» хэмээн хэлжээ (Сургаалт үгс 8:30, 31). Хайр Есүсийг тэнгэрийн амьдралаа орхиж, дэлхийд арчаагүй бяцхан хүүхэд болон төрөхөд хүргэсэн. Тэрбээр тэвчээр заан, номхон даруу, ядуу гуйлгачин хүмүүст сайхан сэтгэлээр хандаж байсан бөгөөд Еховагийн дайснуудын гарт тарчлал зовлон амссан. Эцэстээ бүх хүн төрөлхтний төлөө тарчлаах шонд хадуулж үхсэн (Иохан 3:35; 14:30, 31; 15:12, 13; Филиппой 2:5–11). Энэ бол зөв сайн санааны жишээ мөн!
18. а) Есүсийг хайрлах хайраа бид яаж хөгжүүлэх вэ? б) Есүсийг хайрлаж байгаагаа бид яаж харуулах вэ?
18 Чин сэтгэлтэй хүмүүс Библиэс Есүсийн амьдралын талаар уншиж, Бурханд үнэнч байдлаа хадгалж байсан нь тэдэнд ямар ивээл авчирсан талаар эргэцүүлэн бодоход Есүсийг хайрлах хайр нь улам гүнзгийрдэг. Бид бол нэгэн цагт Петрийн: «Та нар Түүнийг хараагүй боловч Түүнийг хайрладаг» хэмээн хэлсэн тэр хүмүүстэй адил хүмүүс билээ (1 Петр 1:8). Есүст итгэж, амь биеэ үл хайрлах тэр чанарыг нь дуурайснаараа бид түүнийг хайрлаж байгаагаа харуулна (1 Коринт 11:1; 1 Тесалоник 1:6; 1 Петр 2:21–25). 2000 оны дөрөвдүгээр сарын 19-нд Христийн үхлийг дурсан санах үдэшлэгт хүрэлцэн ирсэн 14 872 086 хүнд Есүсийг хайрлах шалтгаанаа тэр цуглаан сануулсан билээ. Энэ бол бага тоо биш ээ! Төчнөөн олон хүн Есүсийн золих тахилын ачаар боломжтой болох авралд хүрэхийг хүсэж байгааг мэдэх нь ямар их баяр вэ! Тийм ээ, биднийг хайрлах Ехова Есүс Христ хоёрын хайр, мөн тэднийг хайрлах бидний хайр л биднийг хэлбэржүүлдэг.
19. Дараагийн өгүүллээр ямар ямар асуултын талаар ярилцах вэ?
19 Бид Еховаг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлах ёстой гэж Есүс хэлсэн. Бас «хөршөө өөрийн адил хайрлах» хэрэгтэй гэсэн (Марк 12:29–31). Бидний «хөрш» гэж хэн бэ? Хөршөө хайрлах хайр дүн нуруу алдахгүй, зөв санаатай байхад маань хэрхэн тусалдаг вэ? Эдгээр асуултыг дараагийн өгүүллээр хэлэлцэх болно.
Та санаж байна уу?
• Хайр ямар учраас хамгийн гол чанар вэ?
• Бид Еховаг хэрхэн хайрлаж сурах вэ?
• Еховад хайртай гэдгийг бидний үйл ажиллагаа хэрхэн баталдаг вэ?
• Есүсийг хайрладгаа бид хэрхэн харуулдаг вэ?
[Догол мөрийн асуулт]