Skip to content

Гарчиг руу орох

Сэргээн босгосон ард түмэн нь Еховаг дэлхий даяар магтан алдаршуулж байна

Сэргээн босгосон ард түмэн нь Еховаг дэлхий даяар магтан алдаршуулж байна

Сэргээн босгосон ард түмэн нь Еховаг дэлхий даяар магтан алдаршуулж байна

«Би ард түмнүүдэд ариусгагдсан уруулыг [«цэвэр хэл», ШЕ] өгнө. Тэгснээр тэд бүгд мөр зэрэгцэн Түүнд үйлчлэхээр Еховагийн нэрийг дуудах юм» (ЗЕФАНИА 3:9) *.

1. Яллах тухай Бурхны мэдэгдэл Иуда болон бусад үндэстэн дээр биелсний учир юу вэ?

 ЗЕФАНИАГААР дамжуулан хэлсэн Еховагийн мэдэгдэл юутай хатуу вэ! Яллах тухай энэхүү мэдэгдэл нь Иудагийн ард түмэн болон түүний нийслэл Иерусалим дээр биелсэн билээ. Учир нь удирдагчид болон ард түмний аль аль нь үндсэндээ Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэггүй байсан аж. Түүнчлэн Филист Моаб Аммон зэрэг хөрш зэргэлдээх үндэстнүүд ч Бурхны уур хилэнг амсах ёстой байв. Ямар учраас? Тэд олон зууны турш Еховагийн ард түмний эсрэг харгислал үйлдэж байсан юм. Тийм шалтгааны улмаас Ассирийн эзэнт гүрэн газрын хөрснөөс үүрд арчигдах ёстой байв.

2. Зефаниа 3:8-д бичсэн үгс хэнд хандсан байж болох вэ?

2 Гэвч эртний Иудад зөв зүрх сэтгэлтэй хүмүүс байсан. Тэд ёс бус хүмүүсийг шүүх Бурхны өдрийг тэсэж ядан хүлээж байсан бөгөөд «„Би олзонд босож ирэх өдөр Намайг хүлээ“ гэж Ехова тунхаглаж байна. „Үнэхээр үндэстнүүдийг цуглуулж, хаанчлалуудыг чуулуулж, Миний шатаж буй бүх уурыг, Миний зэвүүцлийг тэдэн дээр асгах нь Миний шийдвэр юм. Учир нь бүх дэлхий Миний зүтгэлийн галаар цөлмөгдөх болно“» хэмээсэн эдгээр үгс тэдэнд зориулагдсан бололтой (Зефаниа 3:8).

Ехова хэнд «цэвэр хэл» өгсөн бэ?

3. Ехова Зефаниагаар итгэл найдварын ямар мэдээ дамжуулсан бэ?

3 Тийм ээ, Зефаниа Еховагийн яллах мэдэгдлийг тунхагласан. Үүний зэрэгцээ Еховад үнэнч хэвээрээ байсан хүмүүсийг тайвшруулах, итгэл найдварын сайхан мэдээг зөнч бас дамжуулсан. Ехова Бурхан Зефаниа 3:9-д: «Дараа нь Би ард түмнүүдэд ариусгагдсан уруулыг [«цэвэр хэл», ШЕ] өгнө. Тэгснээр тэд бүгд мөр зэрэгцэн Түүнд үйлчлэхээр Еховагийн нэрийг дуудах юм» хэмээн тунхаглажээ.

4, 5. а) Ёс бус хүмүүсийг яах вэ? б) Энэ нь хэнд ашигтай вэ? Яагаад?

4 Гэхдээ Ехова цэвэр хэлийг бүх хүнд өгөхгүй. Зефаниагийн зөгнөлд: «Би та нарын дундаас бардам, хөөрүү хүмүүсийг чинь зайлуулна» хэмээн бичжээ (Зефаниа 3:11). Бурхны хуулийг үл тоомсорлон, ёс бусыг үйлдэгч бардам хөөрүү хүмүүсийг устгах ажээ. Тэгвэл энэ нь хэнд ашигтай юм бэ? Зефаниа 3:12, 13-т: «Би [Ехова] та нарын дунд даруу болон дорд хүмүүсийг үлдээж, тэд Еховагийн нэрд хоргодох болно. Израилийн үлдэгдэл ямар ч бурууг үйлдэхгүй, ер худал ярихгүй. Тэдний аманд мэхлэгч хэл олдохгүй. Учир нь тэднийг чичрүүлэх хэн ч байхгүй бөгөөд тэд хооллож, хэвтэх болно» гэжээ.

5 Энэ нь эртний Иудад үлдсэн үнэнч хүмүүст ашигтай байлаа. Яагаад гэвэл тэд: «Дэлхийн бүхий л даруу хүмүүс ээ, Еховаг хай. Түүний захирамжийг тээж ирсэн хүмүүс ээ, зөв шударгыг хай, төлөв байдлыг хай. Магадгүй Еховагийн уурын өдөр та нар нуугдсан байх болно» гэсэн үгийг сахин мөрдөж байсан юм (Зефаниа 2:3).

6. Зефаниагийн зөгнөл анх удаагаа биелэхэд юу болсон бэ?

6 Зефаниагийн зөгнөлийн эхний биелэлээр Ехова МЭӨ 607 онд Иудаг ялж, хүмүүсийг нь олзлон авч явахыг Вавилоны эзэнт гүрэнд зөвшөөрөн, итгэл эвдэгч ард түмнийг шийтгэсэн. Зөнч Иеремиа гэх мэтийн зарим хүн амь хэлтэрсэн ба олзонд байхдаа ч Еховад үнэнч байдлаа хадгалсаар үлдсэн хүмүүс байсан билээ. МЭӨ 539 онд меде ба персүүд Кореш хааны удирдлагаар Вавилоныг ялсан. Үүнээс хойш хоёр орчим жилийн дараа Кореш үлдсэн иудейчүүдийг эх орондоо буцахыг зөвшөөрсөн тушаал гаргажээ. Аажимдаа Иерусалимын сүмийг сэргээн босгож, тахилчид урьдынх шигээ ард олонд Бурхны Хууль заадаг болжээ (Малахи 2:7). Эх нутагтаа буцан буцталаа үнэнч хэвээрээ байсан үлдэгсдэд Ехова тийнхүү ивээл хишгээ хайрласан билээ.

7, 8. Зефаниа 3:14–17-д бичигдсэн зөгнөл хэнд хамаатай вэ? Та яагаад тэгж хариулж байна вэ?

7 Уг сэргээн босголтыг үзээд баясан хөөрөх хүмүүсийн талаар зөнч Зефаниа: «Сионы охин оо, баяр хөөртэйгөөр хашхир! Израиль аа, уухай хадаа! Иерусалимын охин оо, баясан, бүх зүрхээрээ баярла! Ехова чиний шийтгэлүүдийг зайлуулжээ. Тэр дайснуудыг чинь зайлуулсан. Израилийн Хаан, Ехова та нарын дунд байна. Чи цаашид өвчнөөс айхгүй. Тэр өдөр Иерусалимд хандан „Сион оо, бүү ай. Гараа бүү унжуул. Чиний Бурхан Ехова, аврагч дайчин та нарын дунд байна. Тэр та нарын дээр баясал хөөртэйгөөр баярлана. Тэр Өөрийн хайр дотроо чимээгүй байна. Тэр та нарын дээр баярын уухайгаар баясах болно“» хэмээн бичжээ (Зефаниа 3:14–17).

8 Зөгнөлийн эдгээр үг Вавилоны олзноос эх нутагтаа ирж, цуглаж нэгдсэн үлдэгсдэд хамаатай юм. Үүнийг Зефаниа 3:18–20-р зүйлд бичсэн үг гэрчилдэг. Тэнд: «„Товлосон найр наадмуудын талаар гашуудагсдыг Би цуглуулах болно. Тэд чамаас ирсэн, Сион оо! Цөллөгийн зэмлэл нь тэдний дээрх ачаа юм. Харагтун, Би тэр цагт та нарын бүх дарлагч нартай тооцоо хийх гэж байна. Би доголонг аварч, хөөгдөгсдийг цуглуулж, бүх дэлхийд тэдний ичгүүрийг магтаал болон яруу алдраар солино. Тэр цагт буюу Би та нарыг хамтад нь цуглуулах цагт Би та нарыг оруулна. Үнэхээр Би дэлхийн бүх ард түмнүүдийн дунд та нарт яруу алдар болон магтаалыг өгнө. Тэр үед Би та нарын нүдний өмнө амжилтыг чинь сэргээх болно“ гэж Ехова айлдаж байна» хэмээн бичжээ.

9. Иудатай холбоотойгоор Ехова нэрээ хэрхэн алдаршуулсан бэ?

9 Бурхны ард түмэнд дайсагнан ханддаг байсан Иудагийн эргэн тойрны үндэстнүүд хэрхэн алмайрч хоцорсныг төсөөлөөд үзэгтүн! Иудагийн оршин суугчдыг хүчирхэг Вавилон олзлон аваад явсан нь тэднийг эргэж ирнэ хэмээн төсөөлөхийн аргагүй зүйл байлаа. Түүнээс гадна нутаг орон нь эзгүйрэн хоосорсон байлаа. Гэвч тэд Бурхны тусламжаар 70 жилийн дараа эх нутагтаа эргэж ирсэн бөгөөд харин тэгэхэд дайсагнагч үндэстнүүд нь мөхлөө хүлээж байв. Ехова үнэнч үлдэгдлийг чөлөөлөн, алдар нэрээ юутай ихээр дуурсгаа вэ! Тэрбээр «дэлхийн бүх ард түмнүүдийн дунд [үлдэгдлийг] яруу алдар ба магтаал» болгосон юм. Энэхүү сэргээн босголт Еховад болон нэрийг нь зүүж яваа хүмүүст юутай алдар сууг авчраа вэ!

Еховаг шүтэх шүтлэг өргөмжлөгдсөн нь

10, 11. Сэргээн босголтын тухай Зефаниагийн зөгнөл хэзээ өргөн хүрээтэй биелэх ёстой байсан бэ? Үүнийг бид хаанаас мэдэж болох вэ?

10 Бурхныг жинхэнээр шүтүүлэхийн тулд Есүс Христ Израилийн үлдэгдлийг цуглуулж эхэлсэн МЭ I зуунд өөр нэгэн сэргээн босголт бий болсон. Сэргээн босголтын талаарх зөгнөлийн илүү өргөн хүрээтэй биелэл нь ирээдүйд болох учраас нэгдүгээр зууны үйл явдлууд нь ирээдүйн тухай ойлголтыг өгсөн. Микагийн зөгнөлд: «Эцсийн өдрүүдэд Эзний [«Еховагийн», ШЕ] өргөөний уул нь уулсын тэргүүнээр тохоогдон, толгодын дээгүүр өргөгдөнө. Ард түмнүүд түүн уруу цутгана» гэж байдаг (Мика 4:1).

11 Энэ үйл явдал хэзээ болох ёстой вэ? Зөгнөлд бичсэнээр «эцсийн өдрүүдэд» буюу бидний амьдарч буй цаг үед болох ёстой аж (2 Тимот 3:1). Энэ үйл явдал нь үндэстнүүд хуурамч бурхдыг шүтсээр байх өнөөгийн ёс бус тогтолцооны төгсгөлийн өмнөхөн болох ёстой. Мика 4:5-д: «Бүх ард түмэн тус бүр өөрийн бурхны нэр дор алхана» гэж бичжээ. Бурхны жинхэнэ шүтэгчдийн талаар юу хэлж болох вэ? Микагийн зөгнөл үүний хариуг өгдөг. Уг зөгнөлд: «Бид үүрд мөнх өөрсдийн Бурхан Эзний [«Еховагийн», ШЕ] нэр дотор алхана» гэж байдаг.

12. «Эцсийн өдрүүдэд» жинхэнэ шүтлэг яаж өргөмжлөгдсөн бэ?

12 Тэгэхлээр энэхүү «эцсийн өдрүүдэд Еховагийн өргөөний уул нь уулсын тэргүүнээр тохоогджээ». Еховаг шүтэх эрхэм дээд жинхэнэ шүтлэг бол хамгийн өндөр уултай зүйрлэм бөгөөд уг шүтлэг сэргээн босгогдсоныхоо дараа бусад бүх шашнаас дээш өргөмжлөгдсөн байр сууриа баттай эзэлсэн. Микагийн зөгнөн хэлснээр «ард түмнүүд түүн уруу цутгаж байна». Өнөөдөр жинхэнэ щашныг шүтэж байгаа хүмүүс «үүрд мөнх өөрсдийн Бурхан Еховагийн нэр дотор алхах» болно.

13, 14. Энэхүү ертөнцийн «эцсийн өдрүүд» хэзээ эхэлсэн бэ? Тэр үеэс эхлэн жинхэнэ шүтлэгтэй холбоотой юу болсон бэ?

13 Библийн зөгнөлийн дагуу биелж байгаа үйл явдлууд энэ ертөнцийн «эцсийн өдрүүд» 1914 онд эхэлснийг гэрчилдэг (Марк 13:4–10). Ехова жинхэнэ шүтлэгт зориулж, тэнгэрт амьдрах найдвартай тослогдогсдын үнэнч үлдэгдлийг цуглуулж эхэлснийг түүх харуулдаг. Үүний дараа «үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс... үй олон хүнийг» цуглуулах ажил залгасан. Энэ хүмүүс дэлхий дээрээ мөнх амьдрах найдвартай бөлгөө (Илчлэлт 7:9).

14 Дэлхийн нэгдүгээр дайнаас хойш Еховагийн нэрийг зүүж яваа хүмүүсийн шүтлэг өөрийнх нь удирдлагаар урагшаа их ахисан. Дэлхийн нэгдүгээр дайны дараа Еховаг шүтэгчдийн тоо хэдхэн мянга байсан бол эдүгээ дэлхийн 235 орны 91 000 орчим хуралд зургаан сая орчим Гэрч цуглажээ. Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэгч энэ хүмүүс бүх үндэстэнд Бурхныг магтан алдаршуулахад жил бүр тэрбум гаруй цаг зориулж байна. Еховагийн Гэрч энэ хүмүүс Есүсийн: «Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ» хэмээн зөгнөн хэлсэн үгийг биелүүлж байгаа нь тов тодорхой (Матай 24:14).

15. Зефаниа 2:3 өнөөдөр хэрхэн биелж байна вэ?

15 Зефаниа 3:17-д: «Чиний Бурхан Ехова, аврагч дайчин, та нарын дунд байна» гэж байдаг. Энэхүү «эцсийн өдрүүдэд» Еховагийн үйлчлэгчид сүнслэг талаараа цэцэглэн хөгжиж байгаа нь Төгс хүчит Бурхан Ехова «тэдний дунд байгаатай» шууд холбоотой юм. МЭӨ 537 онд эртний Иудагийн хаанчлал дахин сэргэсэн нь дээрхтэй яг адил юм. «Дэлхийн бүхий л даруу хүмүүс ээ, та нар Еховаг хай» хэмээн бичсэн Зефаниа 2:3 бидний цаг үед өргөн цар хүрээтэй биелж байгааг бид өнөөдөр харж байна. «Бүх» гэдэг үгээр МЭӨ 537 онд олзноос эргэж ирсэн иудейчүүдийн үлдэгдлийг хэлжээ. Харин одоо бол энэ үг нь хаа сайгүй дэлгэрүүлж байгаа Хаанчлалын тухай мэдээг уриалгахан хүлээн авч, «Еховагийн өргөөний уул» уруу цутган ирж байгаа дэлхийн бүх үндэстний номхон даруу хүмүүсийг хэлж байгаа юм.

Жинхэнэ шүтлэг цэцэглэн хөгжиж байна

16. Өнөөдөр Еховагийн үйлчлэгчдийн амжилтад эсэргүүцэгчид нь яаж хандаж байна вэ?

16 МЭӨ 537 оноос хойш Бурхны үйлчлэгчид эх нутагтаа эргэн ирж, жинхэнэ шүтлэгийг дахин сэргээсэнд Иудагийн эргэн тойрны олон үндэстний хүмүүс гайхаж хоцорчээ. Гэхдээ энэхүү сэргээн босголтын цар хүрээ харьцангуй бага байсан юм. Харин та өнөөдөр ажиглагчид, тэр дундаа Бурхны ард түмнийг эсэргүүцэгчид Еховагийн байгууллагын гайхамшигтай өсөлт, амжилт, хөгжил дэвшлийг хараад юу ярьдагийг төсөөлж чадах уу? Тэр эсэргүүцэгчдийн заримд олон түмэн Есүс уруу хошуурч байсныг хараад фарисайчуудад төрж байсан шиг бодол төрдөгт эргэлзэхгүй байж болно. Фарисайчууд: «Харцгаа, Түүний араас бүгд дагалаа» хэмээн уулга алдаж байсан билээ (Иохан 12:19).

17. Нэгэн зохиолч Еховагийн Гэрчүүдийн талаар юу хэлсэн бэ? Гэрчүүдийн тоо хэрхэн өссөн бэ?

17 Профессор Чарлз Браден «Тэд ч бас итгэдэг» гэдэг номдоо: «Еховагийн Гэрчүүд гэрчлэлээрээ бүх дэлхийг үнэхээр эзэлжээ. Хаанчлалын тухай сайн мэдээг дэлгэрүүлэхэд Еховагийн Гэрчүүд шиг хичээл зүтгэл гарган, шаргуу ажилладаг шашны өөр нэг ч бүлэг байхгүй гэж зоригтойгоор хэлж болно. Энэ хөдөлгөөн цаашид ч улам хүч аван урагшлах нь огт эргэлзээгүй» гэж бичжээ («These Also Believe»). Түүний үг юутай үнэн байж вэ! Зохиогч энэ үгээ 50 жилийн тэртээ бичсэн бөгөөд тэр үед дэлхий даяар дөнгөж 300 000 Гэрч дэлгэрүүлж байжээ. Сайн мэдээ дэлгэрүүлэгчдийн тоо 20 дахин нэмэгдэж, зургаан сая орчим болоод байгаа өнөөдөр тэр хүн юу хэлэх байсан бол оо?

18. «Цэвэр хэл» гэж юу вэ? Түүнийг Бурхан хэнд өгсөн бэ?

18 Бурхан зөнчөөрөө дамжуулан: «Дараа нь Би ард түмнүүдэд ариусгагдсан уруулыг [«цэвэр хэл», ШЕ] өгнө. Тэгснээр тэд бүгд мөр зэрэгцэн Түүнд үйлчлэхээр Еховагийн нэрийг дуудах юм» хэмээн амласан (Зефаниа 3:9). Энэхүү «эцсийн өдрүүдэд» хайрын бат бэх холбоогоор гагнагдан, Бурханд «мөр зэрэгцэн үйлчилж» байгаа Еховагийн Гэрчүүд л Еховагийн нэрийг дуудаж байна. Ехова чухам тэдэнд л «цэвэр хэл» өгсөн билээ. «Цэвэр хэл» гэдэг нь Бурхны тухай болон санаа зорилгынх нь тухай үнэнийг зөв ойлгоно гэсэн үг юм. Энэ ойлголтыг зөвхөн Ехова л ариун сүнснийхээ тусламжаар өгдөг билээ (1 Коринт 2:10). Ехова хэнд ариун сүнс өгдөг вэ? Зөвхөн «Түүнийг дагагсдад» өгдөг (Үйлс 5:32). Тэгвэл зөвхөн Еховагийн Гэрчүүд л бүх зүйлд Бурханд хүлцэнгүйгээр захирагддаг. Тэд Бурхны сүнсийг авч, Еховагийн тухай болон гайхамшигтай санаа зорилгынх нь тухай үнэнийг буюу «цэвэр хэлээр» ярьдагийн учир нь энэ бөлгөө. Тэд энэхүү «цэвэр хэлээр» Еховаг дэлхий даяар магтан алдаршуулж байна.

19. «Цэвэр хэлээр» ярих гэдэгт юу юу багтдаг вэ?

19 «Цэвэр хэлээр» ярих гэдэг нь зөвхөн үнэнд итгэж, түүнийг бусдад заах төдийгөөр хязгаарлахгүй өөрөө Бурхны хууль, зарчмуудын дагуу амьдарна гэсэн үг юм. Еховаг хайж, «цэвэр хэлээр» ярих ажлыг тослогдсон христианууд удирдан зохион байгуулдаг. Ямар амжилтад хүрснийг харагтун! Эдүгээ 8 700 хүрэхгүй тослогдсон христиан үлдсэн хэдий ч зургаан сая орчим хүн Еховаг хайж, «цэвэр хэлээр» ярин, тэдний итгэлийг дуурайж байна. Тэд бол үндэстэн бүрээс Есүсийн золих тахилд итгэн, Бурхны сүнслэг сүмийн дэлхийн хашаанд ариунаар үйлчилдэг, өсөн нэмэгдэж буй «үй олон хүн» бөгөөд өнөөгийн ёс бус ертөнц дээр удахгүй буух «үлэмж их зовлонг» эсэн мэнд давах юм (Илчлэлт 7:9, 14, 15).

20. Тослогдсон үнэнч христианууд ба «үй олон хүний» ирээдүй ямар байх вэ?

20 «Үй олон хүн» Бурхны зөв шударга шинэ ертөнцөд амьдарна (2 Петр 3:13). Есүс Христ ба түүнтэй хамт хаад, тахилчид болон үйлчлэх, тэнгэрт амьдрахаар дахин амилсан 144 000 тослогдсон христиан дэлхийг бүхэлд нь захирах шинэ засгийн газрыг бүрдүүлнэ (Ром 8:16, 17; Илчлэлт 7:4; 20:6). «Агуу их гай гамшгийг» эсэн мэнд давсан хүмүүс дэлхийг Диваажин болгох ажлыг эхлэх бөгөөд Бурхнаас авсан «цэвэр хэлээрээ» үргэлжлүүлэн ярих болно. «Чиний бүх хөвгүүд [бас охид байх нь ойлгомжтой] Эзнээр [«Еховагаар», ШЕ] сургагдаж, чиний хөвгүүдийн эв найр нь аугаа их болно. Үнэн зөв дотор чи байгуулагдана» гэсэн эдгээр үг зарчмын хувьд тэдэнд хамаатай юм (Исаиа 54:13, 14).

Түүхэн дэх хамгийн агуу их сургалтын ажил

21, 22. а) Үйлс 24:15-д бичсэнээр хэнийг «цэвэр хэлээр» яриулж сургах вэ? б) Дэлхий дээр сургалтын ямар хосгүй ажлыг Хаанчлал удирдан явуулах вэ?

21 Үйлс 24:15-д (МБОХ, 1996): «Зөв ба зөв бус хүмүүсийн хэн хэн нь амилна» гэж байдаг нь шинэ ертөнцөд «цэвэр хэлээр» ярьж сурах боломжтой хүмүүсийн тухай ажээ. Өнгөрсөн хугацаанд амьдарч байсан олон тэрбум хүн Еховагийн тухай нарийн зөв мэдэж амжилгүй нас барсан. Ехова тэднийг дэс дараатай дахин амилуулна. Тэгээд дахин амилсан тэр хүмүүсийг «цэвэр хэлээр» яриулж сургах хэрэгтэй болно.

22 Энэхүү агуу их сургалтын ажилд оролцох нь туйлын аз жавшаантай хэрэг! Энэ бол хүн төрөлхтний түүхэн дэх соён гэгээрүүлэх хамгийн том ажил байх бөгөөд энэ нь Есүс Христийн ач буянтай хаанчлалын удирдлагаар явагдана. Эцсийн эцэст хүн төрөлхтөн Исаиа 11:9-д: «Далай усаар дүүрдэг шиг дэлхий Эзний [«Еховагийн тухай», ШЕ] мэдлэгээр бялхана» гэж бичсэн үг хэрхэн биелэхийг үзнэ.

23. Еховагийн ард түмэнд харъяалагдахыг хосгүй аз завшаантай хэрэг гэж хэлж болохын учир юу вэ?

23 Энэхүү «эцсийн өдрүүдэд» Еховагийн тухай мэдлэгээр дэлхийг бялхаах тэр ажилд бэлтгэгдэж байгаа бид юутай азтай вэ! Зефаниа 3:20-д бичсэн зөгнөлийн үгс өнөөдөр Бурхны ард түмэнд өргөн цар хүрээтэй биелж байгаа бөгөөд бид тэр ард түмэнд харъяалагдаж байгаа нь юутай завшаантай хэрэг вэ! Тэнд Ехова: «Би дэлхийн бүх ард түмнүүдийн дунд та нарт яруу алдар болон магтаалыг өгнө» хэмээн батлан илэрхийлжээ.

[Зүүлт]

^ Энэ өгүүллийн үндэс болсон «Зефаниа» номын ишлэлийг «Ариун Библи» (МБОХ, 2000) орчуулгаас ашигласан бөгөөд уг орчуулгад Бурхны оноосон нэрийг ЭЗЭН гэдэг цол гуншингаар орлуулсныг бид еврей эх бичигт нь байдаг ЕХОВА гэдэг нэрээр сольсон болно.

Та яаж хариулах вэ?

• Сэргээн босголтын талаарх Зефаниагийн зөгнөл хэрхэн биелсэн бэ?

• Жинхэнэ шүтлэг өнөөгийн «эцсийн өдрүүдэд» хэрхэн хөгжиж байна вэ?

• Шинэ ертөнцөд ямар агуу их сургалтын ажил зохион явуулах вэ?

[Догол мөрийн асуулт]