Skip to content

Гарчиг руу орох

Гэрэл сонгосон хүмүүс аврагдана

Гэрэл сонгосон хүмүүс аврагдана

Гэрэл сонгосон хүмүүс аврагдана

«Ехова бол миний гэрэл болон миний аврал юм. Хэнээс би эмээх юм бэ?» (ДУУЛАЛ 27:1) *.

1. Ехова амь өгөх ямар арга хэмжээ авсан бэ?

 ЕХОВА бол нарны гэрлийн Эх булаг бөгөөд нарны гэрлийн ачаар дэлхийд амьдрал байдаг бөлгөө (Эхлэл 1:2, 14). Түүнээс гадна Ехова бол Сатаны ертөнцийн үхлийн харанхуйг гийгүүлэгч сүнслэг гэрлийн Бүтээгч нь юм (Исаиа 60:2; 2 Коринт 4:6; Ефес 5:8–11; 6:12). Гэрлийг сонгосон хүмүүс «Ехова бол миний гэрэл болон миний аврал юм. Хэнээс би эмээх юм бэ?» хэмээн дуулсан дуулалчийн энэ үгийг хэлж чадна (Дуулал 27:1а). Харин харанхуйг сонгосон хүмүүст Есүсийн амьдарч байсан үеийн хүмүүст тохиолдсон шиг зөвхөн шийтгэл л оногдоно (Иохан 1:9–11; 3:19–21, 36).

2. Дээр үед Еховагийн гэрлээс татгалзсан хүмүүст юу тохиолдсон бэ? Түүнд дуулгавартай байсан хүмүүс яасан бэ?

2 Исаиагийн өдрүүдэд Еховатай гэрээ байгуулсан ард түмний ихэнх нь гэрлээс татгалзсан байлаа. Энэ нь Израилийн хойт хаант улсыг мөхөлд хүргэсэн бөгөөд Исаиа уг үйл явдлын гэрч болжээ. Мөн МЭӨ 607 онд Иерусалимыг сүмийнх нь хамт нураан устгасан бөгөөд Иудагийн оршин суугчдыг олзлон авч явжээ. Гэвч Еховад дуулгавартай хүмүүс тэр үеийн тэрслүү явдлыг эсэргүүцэх хүч чадалтай байсан юм. Ехова МЭӨ 607 онтой холбогдуулан, өөрт нь дуулгавартай байсан хүмүүсийг эсэн мэнд үлдээнэ гэж амласан (Иеремиа 21:8, 9). Гэрэлд дуртай бид өнөөдөр эрт дээр үед болж өнгөрсөн үйл явдлаас багагүй сургамж авч болно (Ефес 5:5).

Гэрэлд алхдаг хүмүүсийн жаргал

3. Өнөөдөр бид юунд найддаг ба ямар «шударга зөв үндэстэнд» хайртай вэ? Энэ «үндэстэн» ямар «хүчирхэг хоттой» вэ?

3 «Бидэнд хүчирхэг хот байна. Авралд зориулан Тэрээр [Бурхан] хэрэм, бэхлэлт босгосон. Дааман хаалгаа нээн, итгэмжит байдлыг сахигч нэгнийг болон шударга зөв үндэстнийг оруул» (Исаиа 26:1, 2). Энэ бол Еховад найддаг байсан хүмүүсийн хөөр баярын үг юм. Исаиагийн өдрүүдэд үнэнч иудейчүүд аюулгүй байдлын цорын ганц Эх булаг бол нутаг нэгтнүүдийнх нь найддаг байсан хуурамч бурхад биш, харин Ехова гэж үзэж байв. Өнөөдөр бид ч гэсэн мөн үүнд итгэдэг. Түүнээс гадна бид Еховагийн «шударга зөв үндэстэн» буюу «Бурхны Израильд» хайртай (Галат 6:16; Матай 21:43). Энэ «үндэстэн» Еховад «итгэмжит байдлыг сахьдаг» учраас Ехова ч бас тэдэнд хайртай. Еховагийн ивээснээр «Бурхны Израильд» өөрийг нь дэмжиж, хамгаалж байдаг хот адил байгууллага буюу «хүчирхэг хот» байдаг.

4. Бид сэтгэлгээний ямар төлөвтэй байх хэрэгтэй вэ?

4 Энэ хотод оршин суугчид «[Еховад] итгэдэг учраас бодол санаагаар бат зогсогч хүнийг [Ехова] төгс амар тайван дотор хамгаалдгийг» сайн ойлгодог. Ехова өөрт нь хатуу итгэж, зөв шударга зарчмуудыг нь сахин мөрддөг хүмүүсийг дэмждэг. Иудагийн үнэнч хүмүүс Исаиагийн: «Үүрд Еховад итгэгтүн. Учир нь Ях Ехова дотор мөнхийн Хад бий» хэмээн уриалан дуудсаныг хүлээн авсны учир энэ ажгуу (Исаиа 26:3, 4; Дуулал 9:10; 37:3; Сургаалт үгс 3:5). Сэтгэлгээний тийм төлөвтэй хүмүүс «Ях Еховаг» цорын ганц найдвартай Хад гэж үздэг. Тэд Бурхантай «төгс амар тайван дотор» амьдардаг (Филиппой 1:2; 4:6, 7).

Бурхны дайснууд шалдаа буусан нь

5, 6. а) Эртний Вавилон хэрхэн шалдаа буусан бэ? б) «Агуу Вавилон» хэрхэн шалдаа буусан бэ?

5 Еховад найддаг хүмүүст гай зовлон тохиолдвол яах вэ? Айх хэрэггүй ээ. Ехова тийм явдлыг түр зуур хүлцэн зөвшөөрдөг хэдий ч эцэстээ тэдэнд тусалж, гай зовлон учруулсан хүмүүсийг шийтгэдэг (2 Тесалоник 1:4–7; 2 Тимот 1:8–10). «Халдашгүй хотод» юу тохиолдсоныг үзье. Исаиа: «Өндөрт залрагчдыг Тэрээр [Ехова] номхотгож, халдашгүй хотыг доройтуулан, газарт унаган шороонд шиднэ. Түүнийг зүдрэгсэд, ядуусын хөл гишгэлж дэвсэлнэ» гэж хэлсэн (Исаиа 26:5, 6). «Халдашгүй хот» гэж Вавилоныг хэлсэн байж болох юм. Энэ хот Бурхны ард түмэнд багагүй гай тарьсан нь эргэлзээгүй. Харин Вавилон яасан бэ? МЭӨ 539 онд Вавилоныг меде ба персүүд эзэлсэн. Юутай доромжлол бэ!

6 Исаиагийн энэхүү зөгнөл нь бидний үед буюу 1919 оноос «агуу Вавилонд» юу тохиолдсоныг маш тодорхой дүрсэлсэн байна. Тэр жил мөнөөх «халдашгүй хот» маань шалдаа буун унасан бөгөөд Еховагийн ард түмнийг сүнслэг олзноос өөрийн эрхгүй чөлөөлсөн (Илчлэлт 14:8). Дараа нь болсон үйл явдал түүнийг бүр ч шалд нь буулгажээ. Энэ бол христиан хүмүүсийн жижигхэн бүлэг урьд нь өөрсдийг нь олзож байсан булаан эзлэгчдээ „гишгэлэн дэвсэлсэн“ явдал байлаа. Тэд 1922 оноос Илчлэлт 8:7–12-т дөрвөн тэнгэр элчийн бүрээ үлээн зарласан, христ шашны ертөнцийн ойртон ирж байгаа төгсгөлийн тухай болон Илчлэлт 9:1–11:15-д гардаг гурван «гай тотгорын» талаар тунхаглаж эхэлсэн.

«Зөв шударгын зам нь дардан ажээ»

7. Еховагийн гэрэл уруу ирэгч хүмүүс ямар удирдлага авдаг вэ? Тэд хэнд найддаг ба юуг эрхэмлэдэг вэ?

7 Ехова өөрийнх нь гэрэл уруу ирэгч хүмүүсийг авардаг бөгөөд тийм хүмүүсийн замыг удирдан чиглүүлдгийг Исаиагийн дараах үг харуулж байна. Исаиа: «Зөв шударгын зам нь дардан ажээ. Өө, Зөвт Нэгэн ээ, зөв хүний замыг тэгшхэн тавиач. Ехова минь. Таны шүүлтийн замаар алхахдаа бид Таныг хүсэн хүлээнэ. Таны нэр, тэр ч байтугай Таны дурсамж бол бидний сэтгэлийн хүсэл болой» хэмээн бичжээ (Исаиа 26:7, 8). Ехова бол зөв шударга Бурхан бөгөөд шүтэгчид нь түүний зөв шударга хэм хэмжээг сахих ёстой. Тэгэх аваас Ехова тэдний замыг чиглүүлж, жимийг тэгшилж өгдөг. Эдгээр номхон даруу хүмүүс удирдлагыг нь дуулгавартай дагаж мөрдсөнөөр Еховад найддаг ба түүний «дурсамж» буюу нэрийг чин сэтгэлээсээ эрхэмлэдэг гэдгээ батлан харуулдаг (Египетээс гарсан нь 3:15).

8. Исаиа даган дуурайвал зохих ямар жишээ үзүүлсэн бэ?

8 Исаиа Еховагийн нэрийг эрхэмлэдэг байсан нь түүний дараах үгнээс тодорхой харагддаг. Тэрбээр: «Шөнөөр миний сэтгэл Таныг хүсэмжлэн, үнэхээр миний сүнс өөрийнхөө дотор Таныг шаргуу эрэлхийлнэ. Дэлхий Таны шүүлтийг эдлэх үед ертөнцийн суугчид зөв явдалд суралцана» гэж хэлсэн (Исаиа 26:9). Исаиа «сэтгэлээрээ» буюу хамаг ахуйгаараа Еховаг хүсэмжилж байсан. Зөнч шөнийн нам гүм цагаар Еховад хандан залбирч, сэтгэлийнхээ үгийг нээн, удирдлагыг нь шаргуу гуйж байна гээд төсөөлөөд үзье. Энэ бол үнэхээрийн сайхан жишээ! Түүнээс гадна Еховагийн шүүх үйл ажиллагаанаас Исаиа «зөв явдалд» суралцсан. Энэ бүхэн бол Еховагийн хүсэл таалал гэж чухам юу вэ гэдгийг таньж мэдэн, цаг үргэлж сонор сэрэмжтэй байхыг бидэнд сануулдаг юм.

Зарим хүн харанхуйг сонгодог

9, 10. Ехова үнэнч бус ард түмэндээ сайхан сэтгэлээ хэрхэн үзүүлж байсан бэ? Ард түмэн нь үүнд хэрхэн хандаж байсан бэ?

9 Ехова Иудагийн ард түмнийг маш их хайрлаж, тэдэнд сайхан сэтгэлээр хандаж байсан боловч түүнийг бүгдээрээ адилхан ойлгож, хүлээж авдаггүй байсан нь харамсалтай. Тэдний ихэнх нь Еховагийн үнэний гэрэлд явахын оронд байсхийгээд л самуун, тэрслүү замыг сонгодог байлаа. Исаиа: «Нүгэлтэн энэрэл хайрыг үзэвч зөв явдлыг сурдаггүй. Зөв шударгын газарт тэрээр бурууг үйлдэн, Еховагийн цог жавхланг мэдэрдэггүй» гэж хэлсэн (Исаиа 26:10).

10 Еховагийн мутар Иудаг дайснуудаас нь хамгаалж байсан Исаиагийн үед иудейчүүдийн ихэнх нь үүнийг хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Ехова ард түмнээ тайван амгалангаар ивээхэд тэд талархдаггүй байв. Тиймд Ехова тэднийг «өөр эздэд» үйлчлүүлэхээр өгсөн ба эцсийн эцэст МЭӨ 607 онд иудейчүүдийг олзлон авч явахыг Вавилонд зөвшөөрсөн (Исаиа 26:11–13). Тэгсэн хэдий ч тэднээс гэмшсэн үлдэгдэл нь хожим эх нутагтаа буцаж ирсэн.

11, 12. а) Иудаг олзлогчдын ирээдүй ямар байсан бэ? б) Еховагийн тослогдсон үйлчлэгчдийг олзолж байсан этгээдүүдийн ирээдүй 1919 оноос хойш ямар болсон бэ?

11 Иудаг олзлогчид яасан бэ? Исаиа зөгнөн: «Тэд үхсэн. Тэд амьдрахгүй. Үхэлд автсан тэд босохгүй. Тиймээс Та тэднийг шийтгэн устгаж, тэдний тухай аливаа дурсамжийг арилгахад анхаарлаа хандуулсан» гэж хариулсан (Исаиа 26:14, ШЕ). Тийм ээ, Вавилон МЭӨ 539 онд унаснаасаа хойш ирээдүйгүй болсон. Цагийн урсгалд хот газрын хөрснөөс бүр мөсөн арчигдан алга болсон. Хот «үхэлд автан», агуу их эзэнт гүрэн нь түүх болон үлдсэн. Энэ бол ертөнцийн хүчтнүүдэд найддаг хүмүүсийн орой уруу орох сануулга мөн!

12 Энэ зөгнөлийн зарим нь Бурхан 1918 онд тослогдсон үйлчлэгчдээ сүнслэгээр олзлуулахыг зөвшөөрөөд, дараа нь 1919 онд тэднийг чөлөөлсөн бидний цаг үед биелсэн. Тэр цагаас хойш Бурхны ард түмнийг олзолж байсан этгээдүүдийн, ялангуяа христ шашны ертөнцийн, ирээдүй баргар болж, харин Еховагийн ард түмэн ивээл хишгийг үнэхээр элбэг дэлбэг хүртсэн.

«Та үндэстнийг олшруулсан»

13, 14. Еховагийн тослогдсон үйлчлэгчид 1919 оноос ямар элбэг дэлбэг ивээл хүртсэн бэ?

13 Бурхны тослогдсон үйлчлэгчид гэмшиж байгаагаа илэрхийлэн, үйл хэргээ засаж залруулсан ба 1919 онд Ехова тэднийг ивээж, ард түмнээ олшруулсан. Эхлээд «Бурхны Израилийн» сүүлчийн гишүүдийг цуглуулахад анхаарсан ба дараа нь «өөр хонин сүргийн» «үй олон хүнийг» цуглуулж эхэлсэн (Илчлэлт 7:9; Иохан 10:16). Эдгээр ивээл хишгийн талаар Исаиа: «Ехова минь, Та үндэстнийг олшруулж, үндэстнийг өсгөж, Та алдаршлаа. Газрын бүх хязгаарт Та хүрсэн. Ехова минь, тэд шаналахдаа Таныг эрсэн. Таны гэсгээлт тэдний дээр байхад тэд зөвхөн шивнэн залбирч л чадна» хэмээн зөгнөсөн (Исаиа 26:15, 16).

14 Өнөөдөр «Бурхны Израилийн» «хязгаар» дэлхий даяар тархаж, энэ «үндэстэнтэй» нэгдсэн «үй олон хүн» зургаан сая орчим болоод байгаа ба тэд бүгдээрээ сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд идэвхийлэн оролцож байна (Матай 24:14). Энэ бол Еховагийн ивээл мөн! Энэ бол түүний нэрийг асар ихээр алдаршуулж байгаа явдал мөн! Энэ нэр өнөөдөр дэлхийн 235 оронд цуурайтаж байгаа нь Еховагийн амлалт гайхамшигтайгаар биелж байгаагийн илэрхийлэл эргэлзээгүй мөн.

15. 1919 онд бэлэгдлийн ямар дахин амилалт болсон бэ?

15 Вавилоны олзноос мултрахад Иудад Еховагийн тусламж хэрэгтэй байсан. Тэд өөрсдийнхөө хүчээр мултарч чадахгүй байв (Исаиа 26:17, 18). Тийнхүү 1919 онд «Бурхны Израиль» чөлөөлөгдсөн нь Ехова тусалсны нотолгоо болсон. Түүнгүйгээр тэд чөлөөлөгдөж чадахгүй байв. Тэдний байдалд гарсан өөрчлөлтийг Исаиа дахин амилалттай зүйрлэсэн бөгөөд энэ нь үнэхээр гайхалтай өөрчлөлт байв. Исаиа: «Таны үхэгсэд амилж, тэдний цогцос босно. Тоосонд хэвтэгчид ээ! Бос, баярлан хашхирагтун. Таны шүүдэр нь гэрлүүдийн шүүдэр мэт билээ. Газар нь сүнс сүгүүдийг [«үхэлд автагдагсдыг», ШЕ] гаргана» гэж хэлсэн (Исаиа 26:19; Илчлэлт 11:7–11). Тийм ээ, «үхэлд автагдагсад» үйл ажиллагаагаа шинэчлэхийн тулд, зүйрлэж хэлбэл, дахин амилах ёстой байлаа!

Аюултай цагийн хамгаалалт

16, 17. а) МЭӨ 539 онд Вавилоныг унах үеэр амьд гарахын тулд иудейчүүд яах хэрэгтэй байсан бэ? б) «Өрөөг» өнөөдөр юу төлөөлж болох вэ? Энэ нь бидэнд ямар тустай вэ?

16 Еховагийн үйлчлэгчдэд түүний хамгаалалт дандаа шаардлагатай байдаг. Тэрбээр Сатаны ертөнц уруу удахгүй мутраа сунгах ба тэр үед шүтэгчдэд нь өөрийнх нь тусламж хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй болно (1 Иохан 5:19). Ехова тэр аюултай цагийн талаар сануулж: «Миний ард түмэн ээ, ирцгээ. Өрөөндөө ороод хаалгаа хаагтун. Уур хилэн өнгөртөл, түр зуур нуугдагтун. Учир нь Ехова дэлхийн оршин суугчдыг нүглийнх нь төлөө шийтгэхээр Өөрийнхөө газраас ирэх гэж байна. Дэлхий асгарсан цусыг илчлэн, алагдагсдыг дахин далдлахгүй» хэмээсэн (Исаиа 26:20, 21; Зефаниа 1:14). Энэ сануулга МЭӨ 539 онд Вавилоныг унах үед хэрхэн амьд гарахыг иудейчүүдэд зааж өгсөн. Энэ үгийг анхаарч, гудамжаар эргүүл хийгч эзлэн түрэмгийлэгчидтэй тааралдахаас сэргийлэн, гудамжинд гаралгүй гэртээ байсан хүмүүс амьд үлдсэн.

17 Энэ зөгнөлд хэлсэн тэр «өрөө» бол өнөөдрийн тухайд дэлхий дахинд байгаа Еховагийн ард түмний олон арван мянган хурал байж болох юм. Эдгээр хурал одоо ч хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Тэнд христианууд итгэл нэгтнүүдийнхээ дунд, бас ахлагч нарын хайр халамжинд айх аюулгүй амар тайван байдаг (Исаиа 32:1, 2; Еврей 10:24, 25). Энэхүү эд юмсын тогтолцооны төгсгөл ойртсон өнөө үед дээрх зөгнөлийн үгсийг анхааралдаа авах нь онцгой чухал. Учир нь амьд үлдэх эсэх маань аль хир дуулгавартай байснаас хамаарна (Зефаниа 2:3).

18. Ехова «далайн лууг» яах вэ?

18 Исаиа тэр цагийг зөгнөн: «Тэр зугтагч могой Левиатан, мушгиа могой Левиатаныг Ехова Өөрийн уур хилэн болон их хүчит илдээр шийтгэнэ. Тэр далайн лууг ална» гэж хэлсэн (Исаиа 27:1). Өнөө үед «Левиатан» нь хэн бэ? «Эртний могой» Сатан болон «Бурхны Израилийн» эсрэг тэмцэхдээ ашигладаг түүний эд юмсын ёс бус тогтолцоо болох нь илэрхий (Илчлэлт 12:9, 10, 17; 13:14, 16, 17). 1919 онд «Левиатан» Бурхны ард түмнийг захирах эрх мэдлээ алдсан. Тэр байтугай «Левиатан» бүрмөсөн алга болох цаг ирнэ (Илчлэлт 19:19–21; 20:1–3, 10). Ехова «далайн лууг ална». Тэр болтол Еховагийн ард түмний эсрэг чиглэсэн «Левиатаны» нэг ч оролдлого амжилт олохгүй (Исаиа 54:17). Юутай сайхан сэтгэл тайвшрам мэдээ вэ!

«Оргилуун дарсны усан үзмийн тариалангийн талбай»

19. Өнөөдөр үлдэгдэл ямар байдалтай байна вэ?

19 Еховагийн энэ бүх гэрэл бидний хувьд баярлах шалтгаан болохгүй гэж үү? Бололгүй яахав! Исаиа Еховагийн ард түмний баяр баясгаланг яруу сайхнаар дүрслэн: «[«Оргилуун дарсны», ШЕ] усан үзмийн тариалангийн талбайн тухай дуулагтун. Ехова Би түүний хамгаалагч. Би түүнийг эгшин бүрд усалдаг. Хэн ч түүнийг бүү гэмтээг гэсэндээ Би түүнийг өдөр шөнөгүй хамгаална» гэж бичжээ (Исаиа 27:2, 3). Ехова өөрийнхөө «усан үзмийн тариалангийн талбай» болох «Бурхны Израилийн» үлдэгдэл болон хичээл зүтгэлтэй хамтран зүтгэгчдийнх нь төлөө анхаарал халамж тавьдаг (Иохан 15:1–8). Үүний үр дүнд Еховагийн нэрийг магтан алдаршуулсан үр жимс ургасан бөгөөд энэ нь дэлхий дэх үйлчлэгчдэд нь асар их баяр баясгалан авчирдаг.

20. Христиануудын хурлыг Ехова яаж хамгаалдаг вэ?

20 Тослогдсон үйлчлэгчдэдээ уурлан, 1918 онд сүнслэгээр олзлогдохыг нь зөвшөөрч байсан Еховагийн уур хилэн намжсанд бид баярлах учиртай. Ехова өөрөө: «Надад хилэн байхгүй. Нохойн хошуу, эсвэл өргөсийг Миний эсрэг тулалдуулахаар босговол Би тэднийг гишгэж, нэгмөсөн шатаах байсан. Эсвэл тэр Миний хамгаалалтад түшиг. Тэр Надтай энхийг тогтоог. Тэр Надтай энхийг тогтоог» гэж хэлсэн (Исаиа 27:4, 5). Ехова усан үзмийн талбайгаасаа «оргилуун дарс» арвин ихээр гаргаж авахын тулд тариаланг нь сүйтгэж болохоор хогийн ургамал мэт аливаа нөлөөг устгана гэдэгт итгэлтэй байж болно. Тэгэхлээр христиануудын хурлын сайн сайханд хэн ч аюул бүү учруулаг! Еховагийн ивээл, хамгаалалтад байхын тулд бүгдээрээ түүний «хамгаалалтыг түшье». Тийнхүү бид Бурхантай «энхийг тогтоодог» билээ. Ингэж «энхийг тогтоох» нь туйлаас чухал бөгөөд энэ талаар Исаиа хоёр удаа дурссан буй (Дуулал 85:1, 2, 8; Ром 5:1).

21. Дэлхий «жимсээр» хэрхэн дүүрэх вэ?

21 Ивээл хишиг үргэлжлэн асгарч, «ирэх өдрүүдэд Иаков үндэслэж, Израиль нахиалан цэцэглээд, бүх ертөнцийг [дэлхийг] жимсээр дүүргэнэ» (Исаиа 27:6). Энэ зөгнөл 1919 оноос Еховагийн хүчний гайхамшигтай нотолгоо болон биелж байна. Тослогдсон христианууд дэлхийг «жимсээр» буюу шим тэжээл сайтай сүнслэг хоол ундаар дүүргэсэн. Энэ хүмүүс ёс бус ертөнцийнхний дунд амьдардаг хэдий ч Бурхны өндөр хэм хэмжээг баяр баясгалантайгаар сахин мөрддөг юм. Тэгээд ч Ехова тэднийг үргэлжлүүлэн ивээж, өөрийгөө шүтэгчдийг олшруулж байна. Үүний ачаар «өөр хонинууд» болох тэдний сая сая хамтран зүтгэгчид «өдөр шөнөгүй Түүнд [Бурханд] үйлчилж» байна (Илчлэлт 7:15). Бүгдээрээ тэр «жимснээс» хүртэж, түүнийгээ бусадтай хуваалцах хосгүй боломжоо хэзээ ч алдахгүй байцгаая!

22. Гэрэл хүлээн авдаг хүмүүст ямар ямар ивээл хишиг ирдэг вэ?

22 Дэлхийг харанхуй бүрхэн, үндэстнүүдийг гүн харанхуй нөмөрсөн өнөөгийн энэ хэцүү цагт Ехова ард түмэндээ сүнслэг гэрэл өгдөгт нь бид баярлахгүй байж болох уу? (Исаиа 60:2; Ром 2:19; 13:12). Энэ гэрлийг хүлээн авч байгаа бүх хүн одоо ч гэсэн сэтгэл санааны хувьд тайван амгалан болж, баяр баясгаланг эдэлдэг төдийгүй ирээдүйд бүр мөнх амьдрах найдвартай болдог. Тийм учраас гэрэлд хайртай бид бүхэнд Еховаг хамаг зүрх сэтгэлээсээ магтаж, дуулалчтай хамт «Ехова бол миний амийн хамгаалалт юм. Хэнээс би айх юм бэ? Еховаг хүсэн хүлээгтүн. Хүчтэй байж, зүрхээ зоригтой болгогтун. Тийм ээ, Еховаг хүсэн хүлээгтүн» гэж хэлэх бүрэн үндэс бий билээ (Дуулал 27:1б, 14).

[Зүүлт]

^ Энэ өгүүллийн ишлэлийг «Ариун Библи» (МБОХ, 2000) орчуулгаас авсан бөгөөд уг орчуулгад Бурхны оноосон нэрийг ЭЗЭН гэдэг цол гуншингаар орлуулсныг бид еврей эх бичигт байдаг ЕХОВА нэрээр сольсон болно.

Та санаж байна уу?

• Еховагийн ард түмнийг дарлан зовоодог хүмүүсийн ирээдүй ямар байх вэ?

• Исаиа ямар өсөлтийн талаар зөгнөсөн бэ?

• Бид ямар «өрөөнд» байх хэрэгтэй вэ? Яагаад?

• Еховагийн ард түмний байдал ямар учраас Бурханд магтаал авчирдаг вэ?

[Догол мөрийн асуулт]