Skip to content

Гарчиг руу орох

Сүнсний бодол санаатай байж, амьдрагтун!

Сүнсний бодол санаатай байж, амьдрагтун!

Сүнсний бодол санаатай байж, амьдрагтун!

«Сүнсний бодол санаа бол амь» (РОМ 8:6).

1, 2. Библид «махан бие» ба «сүнс» хэрхэн эсрэг тэсрэгээр тавигдсан байдаг вэ?

 МАХАН биеийн хүслийг хөөрөгдөн дэвэргэдэг завхарсан нийгэмд амьдарч байгаа нөхцөлд Бурхны нүдэнд ёс суртахууны хувьд цэвэр байна гэдэг амаргүй хэрэг. Хэдий тийм боловч Ариун Сударт «махан бие» ба «сүнс» эсрэг тэсрэгээр тавигдсан байдаг бөгөөд нүгэлт махан биеийн хүсэлд хөтлөгдөн явсны аймшигт үр дагавар ба Бурхны ариун сүнсэнд дуулгавартай байсны ивээлт үр жимсний хоорондох тод зааг ялгаа харагддаг.

2 Жишээ нь: «Сүнс бол амь өгдөг, мах [«махан бие», ШЕ] бол ашиггүй юм. Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба амь билээ» хэмээн Есүс Христ хэлсэн (Иохан 6:63). Паул Галатын христиануудад: «Махан бие Сүнсний эсрэг хүсдэг, Сүнс махан биеийн эсрэг хүсдэг юм. Яагаад гэвэл... нэг нэгнээ эсэргүүцдэг ажээ» гэж бичсэн (Галат 5:17). Тэрчлэн Паул: «Өөрийнхөө махан биед таригч нь махан биеэсээ ялзралыг хурааж авна. Харин Сүнсэнд таригч нь Сүнснээс мөнх амийг хурааж авна» хэмээн хэлсэн (Галат 6:8).

3. Буруу юм хийх хүсэл болон хандлагаасаа чөлөөлөгдөхийн тулд яах хэрэгтэй вэ?

3 Еховагийн ариун сүнс буюу үйлдэх хүчний тусламжтайгаар цэвэр бус «махан биеийн хүсэл тачаалууд» болон нүгэлт махан биеийнхээ уршигт ноёрхлоос амжилттай ангижирч болно (1 Петр 2:11). Буруу юм хийх хандлагын боолчлолоос чөлөөлөгдөхийн тулд Паулын: «Махан биеийн бодол санаа бол үхэл, Сүнсний бодол санаа бол амь ба амар тайван болой» гэж хэлсэн ёсоор Бурхны сүнсний тусламж авах нь маш чухал (Ром 8:6). «Сүнсний бодол санаа» гэж юу вэ?

«Сүнсний бодол санаа»

4. «Сүнсний бодол санаатай» байх гэж юу гэсэн үг вэ?

4 Паул «сүнсний бодол санааны» талаар бичихдээ «сэтгэлгээний болон оюун санааны төлөв... санаа зорилго, хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл» зэргийг илэрхийлдэг грек үг ашигласан. Энэ үгтэй ижил төстэй өөр нэгэн үйл үг «бодох, тодорхой байдлаар ойлгох» гэсэн утгыг илэрхийлдэг. Тэгэхлээр «сүнсний бодол санаатай» байх гэдэг нь Еховагийн үйлдэх хүчинд захирагдан, түүний нөлөөгөөр үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг юм. Энэ нь бид бодол санаа, чиг хандлага, хүсэл эрмэлзлэлээ Бурхны ариун сүнсний нөлөөнд сайн дураараа бүрэн захируулна гэсэн үг.

5. Ариун сүнсний нөлөөнд бид хэр зэрэг захирагдах ёстой вэ?

5 Паул «сүнсний... дотор боол» байх хэрэгтэй гэж хэлэхдээ биднийг ариун сүнсний нөлөөнд хэр зэрэг захирагдах хэрэгтэйг онцлон тэмдэглэсэн (Ром 7:6, ШЕ). Христианууд Есүсийн золих тахилд итгэх итгэлийн үндсэн дээр нүглийн ноёрхлоос чөлөөлөгдсөн ба тэгснээрээ тэд нүглийн хувьд «үхсэн» буюу нүглийн боол байхаа больсон (Ром 6:2, 11). Дүрслэн хэлбэл эдгээр үхсэн хүмүүс эдүгээ бодит байдал дээрээ бол амьд бөгөөд «зөвт байдлын боолууд» болон Христийн араас чөлөөтэй дагадаг юм (Ром 6:18–20).

Огцом өөрчлөлт

6. «Зөвт байдлын боолууд» болсон хүмүүс хэрхэн өөрчлөгдсөн бэ?

6 «Нүглийн боолууд» байхаа больж, «зөвт байдлын боолууд» болон Бурханд үйлчилж эхэлснээр христианууд огцом өөрчлөгддөг. Тийм огцом өөрчлөлт хийсэн хүмүүсийн талаар Паул: «Эзэн Есүс Христийн нэрээр болон бидний Бурхны Сүнс дотор та нар угаагдсан, та нар ариусгагдсан, та нар зөвтгөгдсөн юм» гэж бичсэн (Ром 6:17, 18; 1 Коринт 6:11).

7. Аливаа зүйлийг Еховагийн нүдээр харах нь яагаад чухал бэ?

7 Тийнхүү гайхамшигтайгаар өөрчлөгдөхийн тулд юуны түрүүнд аливаа зүйлд Бурхан хэрхэн ханддагийг мэдэх хэрэгтэй. Олон зууны тэртээ дуулалч Давид Бурхнаас: «Надад Өөрийнхөө замыг мэдүүлээч... Өөрийнхөө үнэнээр намайг дагуулж, намайг сургаач» хэмээн шаргуу гуйж байсан (Дуулал 25:4, 5). Давидын гуйлтыг Ехова сонссон ба өнөөдөр ч гэсэн үйлчлэгчдийнхээ тийн гуйвал хариулахад бэлэн байгаа билээ. Бурхны зам болоод үнэн нь цэвэр, ариун учраас тэдгээрийг эргэцүүлэн бодох нь махан биеийн цэвэр бус хүслээ хангахаар уруу татагдах үед бидэнд тустай.

Бурхны Үгийн амин чухал үүрэг

8. Библи судлах нь яагаад зайлшгүй чухал бэ?

8 Өөрийн Үг, Библийг Ехова сүнсээрээ бичүүлсэн. Тийм учраас ариун сүнсний тусламжийг авахыг хүсэж байгаа бол бид аль болохоор өдөр бүр Библи уншиж, судлах нь юунаас ч илүү чухал болой (1 Коринт 2:10, 11; Ефес 5:18). Хэрэв бид оюун ухаан, зүрх сэтгэлээ Библийн үнэнээр дүүргэж, Библийн зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлэх аваас сүнслэг байдал уруу маань довтолсон довтолгоог хялбар сөрөх болно. Тийм ээ, садар самуунтай холбоотой хорхой хүргэм зүйл тохиолдоход үйл хэргээ Еховагийн хүсэл тааллын дагуу явуулах шийдвэр төгс байдлаа бэхжүүлэхэд маань туслахуйц Библийн зөвлөгөө ба зарчмуудыг Бурхны сүнс бидэнд сануулдаг (Дуулал 119:1, 2, 99; Иохан 14:26). Тийм учраас бид мэхлэгдэж, буруу замаар ордоггүй (2 Коринт 11:3).

9. Еховатай тогтоосон харьцаагаа хамгаалах шийдвэр төгс байдлаа бэхжүүлэхэд маань Библи судлал хэрхэн тусалдаг вэ?

9 Библид үндэслэсэн ном хэвлэлийн тусламжтайгаар Ариун Судрыг чин сэтгэлээсээ, хичээл зүтгэл гарган судалснаараа бид оюун ухаан, зүрх сэтгэлдээ нөлөөлөхийг Бурхны сүнсэнд зөвшөөрдөг ба энэ нь Еховагийн хэм хэмжээнд хүндэтгэлтэйгээр хандах хандлагыг маань улам гүнзгийрүүлдэг. Бурхантай тогтоосон харьцаа бол бидний амьдралд хамгийн чухал нь юм. Уруу татахаар хорхой хүргэм зүйлтэй учирлаа гэхэд бид авчирж болох таашаалын талаар бус, харин юуны түрүүнд Еховагийн өмнө цэвэр ариун байдлаа яаж хадгалан үлдэхийгээ л боддог. Хэрэв бид түүнтэй тогтоосон харьцаагаа бүхнээс эрхэмлэн үздэг бол түүнд сэв суулгах юм уу түүнийг бүрмөсөн эвдэх гэсэн аливаа хандлагын эсрэг хатуу тэмцэх болно.

«Таны хуулийг би ямар их хайрладаг вэ!»

10. «Сүнсний бодол санаатай» хүн Еховагийн хуулинд дулгавартай байх ёстойн учир юу вэ?

10 Бурхны Үгийг зүгээр нэг мэдэх нь «сүнсний бодол санаатай» байхад хангалттай бус. Соломон хаан Еховагийн хэм хэмжээг маш сайн мэддэг байсан хэдий ч амьдралынхаа төгсгөлд түүнээс ухарсан билээ (Хаадын дээд 4:29, 30; 11:1–6). Хэрэв бид «сүнсний бодол санаатай» бол Библийн хэлж байгаа зүйлийг мэдэх төдийгүй Бурхны хуульд хамаг зүрх сэтгэлээсээ дуулгавартай байх хэрэгтэйг ойлгох болно. Үүний тулд Еховагийн хэм хэмжээг анхааран судалж, түүнийг хичээнгүйлэн сахин мөрдөх хэрэгтэй. Дуулалч Бурхны Үгэнд чухам тэгж ханддаг байсан. Тэрээр: «Өө, Таны хуулийг би ямар их хайрладаг вэ! Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг» хэмээн дуулжээ (Дуулал 119:97). Хэрэв бид Бурхны хуулийг сахин мөрдөхийг үнэхээр хүсэж байвал Бурханд таалагдах чанаруудыг илэрхийлэхийг эрмэлзэх болно (Ефес 5:1, 2). Буруу юманд арчаагүй байдлаар уруу татагдахын оронд бид «сүнсний үр жимсийг» илэрхийлдэг ба Бурханд таалагдах гэсэн хүсэл маань биднийг «махан биеийн [булай] үйлсээс» татгалзахад хүргэдэг (Галат 5:16, 19–23; Дуулал 15:1, 2).

11. Садар явдлыг хориглосон Еховагийн хууль биднийг хэрхэн хамгаалдгийг тайлбарлана уу.

11 Еховагийн хуулийг яавал илүү ихээр хүндэтгэж, хайрладаг болох вэ? Нэг арга бол түүний ямар ач холбогдолтойг сайтар судалж, эргэцүүлэх явдал юм. Жишээ нь: Бэлгийн харьцааг зөвхөн гэр бүл болсон хүмүүсийн хүрээнд зөвшөөрсөн хийгээд садар самуун, завхай явдлыг хориглосон Бурхны хуулийг бодож үзэх нь маш ухаалаг хэрэг болно (Еврей 13:4). Энэ хуулийг сахин биелүүлснээр бид ямар нэгэн сайн сайхан юмнаасаа салж хагацдаг уу? Тэнгэрийн хайртай Эцэг маань бидэнд ямар нэгэн ашиг тустай зүйлээсээ хагацах хууль өгөх байсан уу даа? Үгүй гэдэг нь мэдээжийн хэрэг! Еховагийн ёс суртахууны хэм хэмжээг сахин мөрддөггүй хүмүүсийн амьдралд юу тохиолддогийг авч үзье. Хүсээгүй жирэмслэлт нь үр хөндөхөд юм уу аргагүйн эрхэнд хэтэрхий эрт бөгөөд аз жаргалгүй гэр бүл болоход хүргэх нь цөөнгүй байдаг. Олон хүн үр хүүхдээ ганц биеэрээ өсгөх болдог. Түүнээс гадна садар явдалтай хүмүүст бэлгийн замын халдварт өвчнөөр өвдөх аюул нүүрлэж байдаг (1 Коринт 6:18). Хэрэв Еховагийн үйлчлэгч садар самуун явдалд холбогдвол энэ нь түүнд сэтгэл санааны хүнд цохилт болдог. Сэтгэлийн зовлонгоосоо болоод шөнөжингөө нойргүй, энэлэн шаналж болох юм (Дуулал 32:3, 4; 51:3). Тэгэхлээр садар явдлыг хориглосон Еховагийн хууль биднийг хамгаалдаг нь илэрхий бус уу? Тийм ээ, ёс суртахууны хувьд цэвэр ариун байдлаа хадгалах нь үнэхээрийн их ач тустай!

Еховагаас тусламж гуйгтун

12, 13. Нүгэлт хүсэл салахгүй байгаад байвал залбирах нь яагаад зөв бэ?

12 «Сүнсний бодол санаатай» байхын тулд чин сэтгэлээсээ залбирах хэрэгтэй нь эргэлзээгүй. Есүс: «Хэрэв та нар... хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй» гэж хэлсэн болохоор Бурхны сүнсний тусламжийг гуйх нь бүрэн зохимжтой (Лук 11:13). Бид сул дорой байдалтайгаа тэмцэхэд сүнс хэчнээн чухал болохыг илэрхийлэн залбирч болно (Ром 8:26, 27). Хэрэв бид нүгэлт хүсэл юм уу сэтгэлгээний муу төлөвт автаж байгаагаа мэдвэл, эсвэл итгэл нэгтнүүд маань энэ талаар санаа тавин анхааруулж байгаа бол энэ бэрхшээлийнхээ тухай тодорхой хэлэн залбирч, уг хандлагаа даван туулахад туслахыг Бурхнаас гуйх нь зөв.

13 Зөв шударга, цэвэр ариун, ач тустай хийгээд магтан сайшаавал зохих зүйлд анхаарлаа хандуулахад маань Ехова тусалдаг. Зүрх сэтгэл, оюун ухаанаа «Бурхны амар тайвнаар» хамгаалуулахыг Бурхнаас гуйн залбирах нь туйлын зөв! (Филиппой 4:6–8). Тэгэхлээр «зөв байдал, бурханлаг байдал, итгэл, хайр, тэвчээр ба дөлгөөн занг эрхэмлэхэд» туслахыг Еховагаас гуйцгаая! (1 Тимот 6:11–14). Тэнгэрийн Эцгийн маань тусламжийн ачаар сэтгэлийн түгшүүр болон хорхой хүргэм зүйл хэзээ ч хараа хяналтнаас гартлаа тийм хүчтэй болохгүй. Харин ч Бурхан амьдралыг маань тайван амгалан болгоно.

Ариун сүнсийг бүү гонсойлгогтун

14. Бурхны сүнс ямар учраас цэвэр байдал уруу тэмүүлдэг болгодог вэ?

14 «Сүнсийг бүү бөхөө» гэж хэлсэн Паулын зөвлөгөөг Еховагийн төлөвшсөн үйлчлэгчид амьдралдаа хэрэгжүүлдэг (1 Тесалоник 5:19). Бурхны сүнс бол «ариун байдлын сүнс» учраас бүх талаараа цэвэр, ариун бөлгөө (Ром 1:4). Тиймд энэ сүнс үйлчлэхдээ биднийг ариун буюу цэвэр байдал уруу тэмүүлдэг болгодог. Өөрөөр хэлбэл Бурханд дуулгавартай байдлаараа ялгардаг цэвэр ариунаар амьдрахад маань тусалдаг (1 Петр 1:2). Ариун бус аливаа үйл ажиллагаа бол Бурхны сүнсийг үл ойшоосон хэрэг бөгөөд энэ нь аюултай үр дагаварт хүргэж болно. Ямар байдлаар?

15, 16. а) Бид Бурхны сүнсийг яавал гонсойлгох вэ? б) Еховагийн сүнсийг гонсойлгохгүйн тулд бид яах ёстой вэ?

15 «Бурхны Ариун Сүнсийг бүү гомдоо [«гонсойлго», ШЕ]. Золилтын өдрийн төлөө та нар Түүгээр тамгалуулсан билээ» гэж Паул бичсэн (Ефес 4:30). Еховагийн сүнсийг Ариун Сударт тамга буюу тослогдсон үнэнч христиануудын хүсэн хүлээдэг ирээдүйн «барьцаатай» зүйрлэсэн байдаг. Энэ бол үхэшгүй мөнхийн тэнгэрийн амины тухай хэлж байгаа юм (2 Коринт 1:22; 1 Коринт 15:50–57; Илчлэлт 2:10). Бурхны сүнсний удирдлагаар тослогдогсод болон дэлхийд амьдрах найдвартай тэдний хамтран зүтгэгчид үнэнч байдлаа хадгалан, нүгэлт үйл хэргээс зайлсхийж чаддаг.

16 Худал хэлэх, хулгай хийх, биеэ зүй бусаар авч явах гэх мэтийн эсрэг тэмцэхийг элч Паул анхааруулсан. Хэрэв бид тийм юмст тэмүүлэхийг өөрсдөдөө зөвшөөрөх аваас энэ нь онгодоор хэлүүлсэн Бурхны Үгийн зөвлөгөөний эсрэг хэрэг болохсон билээ (Ефес 4:17–29; 5:1–5). Ингэснээрээ бид наад зах нь Бурхны сүнсийг ямар нэгэн хэмжээгээр гонсойлгоход хүрэх бөгөөд ийм зүйлийг бид огтхон ч хүсдэггүй нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл Еховагийн Үгийн зөвлөгөөг ямар нэг хэлбэрээр үл ойшоох нь санаатайгаар нүгэл үйлдэж, Бурхны ивээл хишгийг бүр мөсөн алдахад хүргэх сэтгэлгээний төлөв хийгээд зан чанартай болохын анхны алхам байж болох юм (Еврей 6:4–6). Тэр ч байтугай бид одоогоор нүгэл үйлдээгүй байгаа хэдий ч ийм зам дээр аль хэдийн гараад зогсчихсон байж болох юм. Сүнсний удирдлагын эсрэг үйл ажиллагааг тасралтгүй явуулаад байвал бид түүнийг гонсойлгоход хүрнэ. Түүнээс гадна бид ариун сүнсний эх булаг болсон Еховаг өөрийг нь эсэргүүцэж, гонсойлгосон болно. Ингэхийг Бурхандаа хайртай бид хэзээ ч хүсдэггүй. Сүнсийг нь гонсойлгохгүй, харин юуны түрүүнд «сүнсний бодол санаатай» байж, ариун нэрийг нь хүндэтгэж явахад туслахыг Еховагаас гуйн залбирах нь зүйтэй.

Цаг ямагт «сүнсний бодол санаатай» байгтун

17. Өөртөө ямар ямар сүнслэг зорилт тавьж болох вэ? Түүнд хүрэхийн төлөө тэмцэх нь яагаад ухаалаг хэрэг болох вэ?

17 Сүнслэг зорилтууд тавин, түүнийгээ биелүүлэхийн төлөө чармайх явдал бол «сүнсний бодол санаатай» байх нэг арга бөгөөд үүнд анхаарлаа хандуулах нь зүйтэй. Шаардлага хийгээд нөхцөл байдлаа тооцон үзсэний үндсэн дээр Библи судлалынхаа чанарыг сайжруулж, дэлгэрүүлэх ажилд илүү идэвхтэй оролцох юм уу, эсвэл бүрэн цагийн эхлэгч, Бетелийн үйлчлэгч, миссионер гэх мэтийн аль нэгэн онцгой үйлчлэлийн хэлбэрт оролцох зорилт тавьж болох юм. Тэгвэл бид сүнслэг асуудлын талаар үргэлж боддог болохын зэрэгцээ хүмүүний сул дорой байдалтайгаа амжилттай тэмцэж чадна. Түүнчлэн бид хөрөнгө мөнгөний сонирхолд автан, эд юмсын өнөөгийн тогтолцооны нийтлэг шинж болсон Библийн зарчимд харш замаар явах дур хүсэлд автагддаггүй. Есүс: «Газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа. Тэнд хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэг, хулгайч эвдэж ороод хулгайлан авдаг аж. Харин тэнгэрт эд баялгийг өөрсдөдөө хураа. Учир нь тэнд хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэггүй, хулгайч эвдэж ордоггүй, хулгайлдаггүй» хэмээн сургасан болохоор сүнслэг зорилтын төлөө тэмцэх нь үнэхээрийн ухаалаг хэрэг мөн (Матай 6:19–21).

18. Өнөөгийн «эцсийн өдрүүдэд» байнга «сүнсний бодол санаатай» байх нь яагаад чухал бэ?

18 Эдүгээ болж байгаа «эцсийн өдрүүдэд» «сүнсний бодол санаатай» байж, ертөнцийн хэв шинж болсон хүсэл сонирхолд автахгүй байх нь хамгийн ухаалаг хэрэг гэдэг нь эргэлзээгүй (2 Тимот 3:1–5). Эцсийн эцэст «ертөнц хийгээд түүний хүсэл тачаал өнгөрнө, харин Бурхны хүслийг үйлддэг нэгэн нь мөнхөд оршно» (1 Иохан 2:15–17). Тэгэхлээр хэрэв залуу христиан хүн бүрэн цагийн үйлчлэгч болох зорилт тавих аваас энэ нь түүний хувьд гал халуун залуу насных нь зүгийг заагч алтан гадас од, төлөвшсөн христиан болох алтан шар замынх нь эхэн байх болно. Хэрэв зөв замаас нь гаргах гэсэн ямар нэгэн дарамт шахалт тохиолдлоо гэхэд өмнөө сүнслэг зорилт тавьсан христиан Еховад үйлчилснээр юунд хүрэхээ сайн мэдэж байдаг. Сэтгэлгээний тийм төлөвтэй хүн сүнслэг зорилтуудаа материаллаг сонирхлоор солих юм уу нүгэлт хүслээсээ доогуур тавихыг ухаалаг бус тэнэг хэрэг гэж үздэг. Сүнслэг талаараа эрийн цээнд хүрсэн Мосе «нүглийн цаг зуурын жаргалыг эдэлснээс Бурхны хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр» гэж үзсэнийг санагтун (Еврей 11:24, 25). Бид залуу, хөгшин гэлгүй махан биеийн бус, «сүнсний бодол санаатай» байх аваас энэ нь дээрхтэй адил сонголт хийж байгаа хэрэг болно.

19. Байнга «сүнсний бодол санаатай» байвал ямар ач холбогдолтой вэ?

19 «Махан биеийн бодол санаа бол Бурхны эсрэг дайсагнал», харин «сүнсний бодол санаа бол амь ба амар тайван болой» (Ром 8:6, 7). Хэрэв бид байнга «сүнсний бодол санаатай» байдаг бол хамгийн эрхэм чухал «амар тайван» байдлыг эдлэн жаргана. Мөн зүрх сэтгэл, оюун ухаанаа нүгэлт биеийнхээ нөлөөнөөс илүү сайн хамгаалж, буруу үйл хийхэд түлхсэн хорхой хүргэм зүйлийг илүү сайн тэвчих болно. «Махан бие» болоод «сүнсний» хооронд тасралтгүй үргэлжлэх тэмцлийг даван туулахад маань Бурхан тусална.

20. «Махан бие» ба «сүнсний» хоорондын тэмцэлд ялан дийлэх боломжтой хэмээн итгэлтэй хэлж болохын учир юу вэ?

20 Бид байнга «сүнсний бодол санаатай» байж л амь болон ариун сүнсний эх булаг болсон Еховатай тогтоосон амин чухал холбоогоо хамгаалж чадна (Дуулал 36:9; 51:11). Ехова Бурхантай тогтоосон харьцааг маань эвдэн бусниулахын тулд Сатан Диавол болон түүний талынхан чадах бүхнээ хийдэг. Хэрэв бид тэдний нөлөөнд автах ахул энэ нь эцсийн дүндээ Бурхны эсрэг дайсан болж хувирах бөгөөд үхэлд хүргэх болно гэдгийг мэддэг учраас тэд бидний оюун ухааныг эзэмдэхийг хичээн чармайдаг. Гэхдээ бид «махан бие» болоод «сүнсний» хооронд явагддаг тэмцэлд ялан дийлж чадна. Паул үүнийг амьдралаасаа мэдэх болсон билээ. Тэрбээр хэрхэн тэмцэж байсан тухайгаа бичихдээ: «Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ?» хэмээн асуусан байна. Дараа нь үүнээс ангижрах боломжтой гэдгийг илэрхийлэн: «Бидний Эзэн Есүс Христээр Бурханд талархал байх болтугай» гэж хэлсэн (Ром 7:21–25). Бидний хувьд ч гэсэн хүмүүний сул дорой байдлаа ялан дийлж, байнга «сүнсний бодол санаатай» байж, мөнх амьдрах гайхамшигтай найдвартай болоход маань Есүс Христээр дамжуулан тусалсанд Бурханд талархах үндэс мөн адил байдаг билээ! (Ром 6:23).

Та санаж байна уу?

• «Сүнсний бодол санаа» гэж юу вэ?

• Бид Еховагийн сүнсний үйлчлэлийг хэрхэн авч болох вэ?

• Нүглийн эсрэг тэмцэхэд Библи судалж, Еховагийн хуулийг сахин биелүүлж, залбирахын чухалыг тайлбарлана уу.

• Амийн зам дээр зогсон үлдэхэд маань сүнслэг зорилтууд хэрхэн тусалдаг вэ?

[Догол мөрийн асуулт]