Бурхны гайхамшигт үйлсэд анхаарлаа хандуулагтун
Бурхны гайхамшигт үйлсэд анхаарлаа хандуулагтун
«Миний Бурхан Ехова *, Таны үйлдсэн гайхамшгууд болоод биднийг бодсон Таны бодол санаанууд олон юм. Тантай эн зэрэгцэхүйц хэн ч байхгүй» (ДУУЛАЛ 40:5).
1, 2. Бурхны гайхамшигт үйлсийг юу гэрчилдэг вэ? Энэ нь бидэнд хэрхэн нөлөөлөх ёстой вэ?
Бурхан өөрийнхөө ард түмэн болох эртний израильчуудад зориулан үйлдсэн гайхамшигт зүйлсийн тухай бид Библиэс мэдэж авдаг (Иошуа 3:5; Дуулал 106:7, 21, 22). Хэдийгээр Ехова өнөөдөр хүмүүсийн үйл хэрэгт тиймэрхүү байдлаар хутгалдан оролцдоггүй ч гэсэн бидний эргэн тойронд байгаа ертөнц түүний гайхамшигт үйлсийг тод гэрчилдэг. Тийм болохоор бид «өө, Ехова, Таны үйлс хичнээн их вэ! Мэргэн ухаанаар Та тэд бүхнийг бүтээсэн. Газар дэлхий Таны баялгаар дүүрэн юм» хэмээн хэлсэн дуулалчтай санал нэг байдаг (Дуулал 104:24; 148:1–5).
2 Өнөөдөр Бүтээгчийн ажлыг гэрчлэх нотолгоонууд маргахын аргагүй байсаар атал олон хүн үл тоомсорлох буюу хүлээн зөвшөөрдөггүй (Ром 1:20). Харин бидний хувьд Бурхны гайхамшигт үйлсийн талаар эргэцүүлэн бодох нь их ашигтай. Энэ нь Бүтээгчийн өмнө ямар байр суурь эзэлдэгээ ойлгож, хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлахад бидэнд тусалдаг юм. «Иов» номын 38–41-р бүлэгт энэ талаар их тустай зүйл байдаг бөгөөд энд Ехова өөрийнх нь зарим гайхамшигт үйлсэд анхаарлаа хандуулахыг Иовд уриалсан байдаг. Одоо үүнтэй холбогдуулан Бурхнаас Иовд тавьсан зарим чухал асуултыг авч үзье.
Хүчирхэг бөгөөд гайхамшигт үйлс
3. «Иов» номын 38:22, 23, 25–29-д бичсэнээр Бурхан ямар ямар асуулт тавьсан бэ?
3 Бурхан Иовоос: «Миний, зовлонт цагийн төлөө дайн тулааны өдөрт зориулан нөөцөлсөн цасны агуулахуудад орж, эсвэл мөндрийн агуулахуудыг харсан уу, чи?» хэмээн асуужээ. Дэлхийн олон оронд цас, мөндөр бол цаг агаарын хэвийн үзэгдэл байдаг. Бурхан цааш үргэлжлүүлэн: «Үерийн сувгийг, эсвэл аянгын мөрийг хэн татсан бэ? Энэ нь хүмүүсгүй газарт, нэг ч хүнгүй цөл дээр бороо авчрахын тулд бөгөөд эзгүй хоосон газрыг хангаж, өвсний үрнүүдийг соёолуулахын тулд болой. Бороонд эцэг бий юү? Эсвэл хэн шүүдрийн дуслуудыг олсон бэ? Хэний хэвлийгээс мөс гарсан бэ? Тэнгэрийн хярууг хэн төрүүлсэн бэ?» хэмээн асуусан байна (Иов 38:22, 23, 25–29).
4-6. Хүмүүс цасны талаар яагаад бүгдийг мэддэггүй вэ?
4 Амьдралын хэмнэл нь хурдан нийгэмд амьдардаг зарим хүн цасыг хөдөлгөөнд саад болдог гэж үздэг байж болох юм. Гэтэл өвлийг үзэсгэлэнтэй сайхан болгохын зэрэгцээ өөр олон сайхан сонирхолтой ажил явдал бий болгодогт нь олон хүн цасанд дуртай байдаг. Гэхдээ Бурхны асуултыг эргэн санахын зэрэгцээ, цасны талаар бид аль хир сайн мэдэх вэ? Ерөөсөө цас ямар бүтэцтэй вэ? гэх зэрэг асуулт тавин хариулахыг хичээе. Уул талыг бүрхсэн цасыг бид өөрийн нүдээр юм уу гэрэл зургаас үзэж мэдсэн. Харин цасан ширхэгийг нэг нэгээр нь үзсэн үү? «Агуулахад» нь орж судлан шинжилж, ямархуу бүтэцтэйг нь мэдсэн хүн та бидний дунд байна уу?
5 Зарим хүн цасан ширхэгийг судалж, гэрэл зургийг нь авахад олон арван жил зориулсан. Цасны нэг ширхэг гэхэд л янз бүрийн хэлбэртэй гайхалтай сайхан зуун жижигхэн мөсөн талстаас тогтсон байж болох юм. Нэгэн номд: «Цасан ширхэг нь хязгааргүй олон янз байдаг нь тодорхой бөгөөд цасан ширхэгүүд өөр хоорондоо адил байхад байгалийн нэг ч хууль саад болохгүй гэдгийг эрдэмтэд баталдаг хэдий ч яг адилхан хоёр цасан ширхэг байхыг нэг ч хүн үзээгүй. Цар хүрээний хувьд хамгийн том судалгаа хийсэн... Уилсон А. Бентли цасан ширхэгийг 40 гаруй жил судалж, микроскопоор гэрэл зургийг нь авсан хэдий ч яг адилхан хоёр цасан ширхэг байхыг үзээгүй байна» гэж бичжээ («Atmosphere»). Гэхдээ ер бусын тохиолдлоор адилхан хоёр цасан ширхэгийг илрүүллээ гэхэд энэ нь цасан ширхэгийн тоо томшгүй олон янзын гайхамшгийг үнэндээ өөрчлөх үү?
6 Бурхан: «[Чи] цасны агуулахуудад орсон уу?» хэмээн асуусныг эргэн саная. Үүлийг хүмүүс цасны агуулах гэж үздэг. Тэр «агуулахад» орж, хязгааргүй олон янзын цасан ширхэг хэрхэн бий болдогийг судлахын зэрэгцээ тэднийг дүрслэн бичиж болно хэмээн төсөөлж болох уу? Нэгэн шинжлэх ухааны нэвтэрхий тольд: «Үүлэн дотор усны дуслууд мөсжихөд ойролцоогоор −40°C хэрэгтэй бөгөөд мөсөн талст яаж үүсдэг хийгээд үүний мөн чанар нь одоо хир танигдаагүй байна» хэмээн бичжээ (Дуулал 147:16, 17; Исаиа 55:9, 10).
7. Борооны талаарх хүмүүсийн мэдлэг аль хир өргөн бэ?
7 Борооны тухайд юу хэлж болох вэ? Бурхан: «Бороонд эцэг бий юү? Эсвэл хэн шүүдрийн дуслуудыг олсон бэ?» хэмээн Иовоос асуусан. Мөнхүү нэвтэрхий тольд: «Агаар мандал дахь хөдөлгөөн нарийн төвөгтэй байдаг хийгээд агаарын чийг болон жижиг хэсгийн агуулга маш их өөрчлөгдөмтгий байдгаас болоод үүл бүрэлдэн бий болох хийгээд тундас үүсэх шалтгааныг тайлбарлах ерөнхий онол боловсруулах боломжгүй юм» хэмээн бичжээ («McGraw-Hill Encyclopedia of Science & Technology»). Энэ асуудлаар эрдэмтэд янз бүрийн онол дэвшүүлдэг хэдий ч бороо хэрхэн үүсдэгийг чухамдаа бүрэн гүйцэд тайлбарлаж чаддаггүй. Тэгсэн хэдий ч үүл бороогоо оруулсаар, газар дэлхийг маань усалж, ургамлын амьдралыг тэтгэн, бидэнд амьдрал бэлэглэхийн зэрэгцээ амьдралыг маань тааламжтай сайхан болгосоор л байна.
8. Үйлс 14:17-д бичсэн Паулын үг яагаад зөв бэ?
8 Элч Паулын дүгнэлтээс зөрөх хэн байх билээ? Паул эдгээр гайхамшигт үйлс нь тэдгээрийг Бүтээгчийг гэрчилдэг гэдэгт анхаарлаа хандуулахыг бусдад уриалсан. Паул Ехова Бурхны талаар: «Тэр Өөрийгөө гэрчгүйгээр орхиогүй билээ. Та нарт сайныг үйлдэн, тэнгэрээс хур бороо оруулж, үр жимстэй улирлыг хайрлаж, зүрхийг тань хоол хүнс, баяр баяслаар цатгадаг» хэмээн хэлсэн (Үйлс 14:17; Дуулал 147:8).
9. Бурхны гайхамшигт үйлс нь түүний агуу хүчийг хэрхэн илэрхийлдэг вэ?
9 Эдгээр гайхамшигтай бөгөөд ашиг тустай үйлсийг Бүтээгч агуу их мэргэн ухаан хийгээд хүчтэй гэдэгт хэн ч эргэлзэхгүй биз ээ. Өдөр бүр ойролцоогоор 45 000, жилд 16 сая гаруй цахилгаан цахидаг нь түүний хүч ямар болохыг харуулдаг. Энэ нь дэлхий даяар нэг агшинд 2 000 орчим цахилгаан цахина гэсэн үг юм. Нэг удаагийн цахилгаан цахиулдаг үүлний бөөгнөрөл нь Дэлхийн хоёрдугаар дайны үед хэрэглэсэн атомын арав юм уу түүнээс илүү тооны бөмбөгтэй тэнцэхүйц энергийг агуулдаг ажээ. Энэ энергийн зарим нь цахилгаан цахих хэлбэрээр гардагийг та мэднэ. Цахилгаан цахих нь айдас төрүүлэхийн зэрэгцээ азот үүсэхэд нөлөөлдөг бөгөөд азот нь газрын хөрсөнд бууж, ургамал ногоонд байгалийн бордоо болдог. Тэгэхлээр цахилгаан нь энергийн үзэгдэх хэлбэр төдийгүй бас ашиг тусыг авчирдаг байна (Дуулал 104:14, 15).
Та ямар дүгнэлтэд хүрэх вэ?
10. Иов 38:33–38-д тавьсан асуултад та хэрхэн хариулах вэ?
10 Төгс хүчит Бурхны асуулт тавьж байгаа Иовын оронд та өөрийгөө тавиад үз дээ. Ихэнх хүн Бурхны гайхамшигт үйлст анхаарлаа бага хандуулдаг гэдэгтэй та санал нэг байх буй заа. Ехова «Иов» 38:33–38-д: «Чи тэнгэрийн тогтоолуудыг мэдэж, тэдгээрийн газар дэлхий дээрх хуулиудыг тохируулж чадах уу? Асар их усаар бүрхүүлэхийн тулд үүлс уруу хандан чи дуугаа өндөрсгөж чадах уу? „Бид энд байна“ хэмээн чамд илтгээд явахаар чи аянга гялбааг урагш илгээж чадах уу? Дотоод зүрхэнд хэн мэргэн ухааныг оруулж, оюун ухаанд хэн ойлголтыг өгсөн бэ? Хэн мэргэн ухаанаар үүлсийг тоолж чадах вэ? Эсвэл тоос нягтран цул болж, шавар хоорондоо зууралдахад тэнгэрийн усны савнуудыг хэн тогтоож чадах вэ?» хэмээн асуужээ.
11, 12. Бурхан бол гайхамшигт үйлсийг Бүтээгч гэдгийг нотлох юу юу байдаг вэ?
11 Елихугийн Иовтой ярилцсан ярианаас бид хэдхэн санааг товч авч үзсэн ба дараа нь Еховагаас «хүн шиг» Иовд тавьсан зарим асуултад анхаарлаа хандуулсан билээ (Иов 38:3). Энд «зарим» гэж хэлсний учир бол «Иов» номын 38, 39-р бүлэгт Ехова бүтээлүүдийнхээ өөр бусад онцлог талуудад анхаарал хандуулсан. Жишээ нь: Тэнгэрийн эрхсийн бүх хууль дүрмийг хэн мэддэг вэ? (Иов 38:31–33). Ехова Иовын анхаарлыг арслан болон хэрээ, янгир болон хулан, зэрлэг үхэр болон тэмээн хяруул, морь болон бүргэд зэрэг амьтдад хандуулсан. Үнэндээ, Ехова Иовоос эдгээр амьтдын онцлог шинж, ааш авир болон амьдралыг нь бүрэн дүүрэн судалсан эсэхийг нь асуусан ажээ. Та, ялангуяа адуу болон бусад амьтанд хайртай бол, эдгээр бүлгийг бие даан судалж болохгүй нь юу билээ (Дуулал 50:10, 11).
12 Та бас 40, 41-р бүлгийг судалж болох бөгөөд энд тодорхой хоёр амьтны талаарх асуултад хариулахыг Ехова Иовоос дахин хүссэн байдаг. Энэ хоёр амьтны нэг нь аварга том биетэй усны үхэр, нөгөөдөх нь Нил мөрний аймшигт матар (Левиатан) юм. Аль аль нь бидний анхаарлыг татахуйц гайхамшигтай бүтээл билээ. Одоо ямар дүгнэлтэд хүрэхээ үзэцгээе.
13. Бурхны тавьсан асуултууд Иовд хэрхэн тусалсан бэ? Эдгээр асуулт бидэнд яаж нөлөөлөх ёстой вэ?
13 Бурхны тавьсан асуултууд Иовд хэрхэн тусалсныг «Иов» номын 42-р бүлэг бидэнд хэлж өгдөг. Урьд нь Иов өөртөө болон бусдад хэтэрхий их анхаарал тавьдаг байсан. Гэвч асуултаар илэрхийлэн хэлсэн Еховагийн сургамжийг хүлээн авснаар Иов бодлоо өөрчилсөн. Иов буруугаа ойлгон: «Та [Ехова] бүх юмыг үйлдэж чаддаг бөгөөд Таны төлөвлөсөн зүйлсийн нэг нь ч бүтэлгүйтдэггүй гэдгийг би мэддэг. „Мэдлэггүйгээр зөвлөгөөг хаацайлдаг энэ нь хэн юм бэ?“ Тийм учраас би ойлгоогүйгээ буюу миний мэдэхгүй, миний хувьд дэндүү гайхамшигтай зүйлсийг би тунхагласан билээ» хэмээн хэлсэн (Иов 42:2, 3). Тийм ээ, Иов Бурхны гайхамшигт үйлсэд анхаарлаа хандуулахдаа тэдгээрийг өөрийнхөө хувьд «дэндүү гайхамшигтай зүйлс» хэмээн нэрлэсэн. Бидний авч үзсэн бүтээлийн гайхамшгуудад тусгагдсан Бурхны аугаа мэргэн ухаан хийгээд хүч нь бидэнд Иовоос дутуугүй сэтгэгдэл төрүүлэх ёстой. Үүний үр дүн ямар байх вэ? Бид Еховагийн агуу хүч болон сүр жавхланг зөвхөн бишрээд л болох уу? Эсвэл ямар нэгэн зүйлд тэмүүлдэг болох уу?
14. Бурхны гайхамшигт үйлс Давидад яаж нөлөөлсөн бэ?
14 Үүнтэй төстэй санаа «Дуулал» номын 86-р бүлэгт байдаг. Энэ номынхоо бүр эхний бүлгүүдэд Давид: «Тэнгэр нь Бурхны сүр жавхланг зарлаж, огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, шөнөөс шөнөд мэдлэгийг илчилдэг» хэмээн бичжээ (Дуулал 19:1, 2). Түүнээс нилээн хойно буюу Дуулал 86:10, 11-д: «Та бол агуу бөгөөд гайхамшигт үйлсийг үйлддэг. Та ганцаараа л Бурхан юм. Өө, Ехова, Өөрийн замыг надад зааж өгөөч. Би Таны үнэнээр явах болно. Таны нэрээс эмээхээр зүрхийг нэгтгээч» хэмээжээ. Гайхамшигт үйлс Бүтээгчийг алмайран гайхсан Давид өөрийн эрхгүй сүсэглэн бишрэх айдаст автсан. Яагаад гэдгийн учир бүрэн ойлгомжтой. Давид тийм гайхамшигт үйлсийг бүтээх чадвартай Нэгэнд үл таалагдахаас эмээсэн. Бид ч мөн адил тийм байх ёстой.
15. Давид Еховагаас сүрдэн айх болсны учир юу вэ?
15 Бурхан агуу хүчтэй учраас шийтгэл хүлээх ёстой хүмүүсийн эсрэг түүнийгээ ашиглаж чадна гэдэг нэгэн чухал зүйлийг Давид ойлгох ёстой байв. Энэ бол тэдний хувьд сайн ёр биш билээ. Бурхан Иовоос: «Миний, зовлонт цагийн төлөө дайн тулааны өдөрт зориулан нөөцөлсөн цасны агуулахуудад орж, эсвэл мөндрийн агуулахуудыг харсан уу, чи?» хэмээн асуусныг санаж байна уу? Цас, мөндөр, аадар бороо, хуй салхи, аянга цахилгаан бол бүгдээрээ Бурхны зэвсгийн сан юм. Эдгээр нь байгалийн ямар агуу гайхамшигтай хүч билээ дээ! (Иов 38:22, 23).
16, 17. Бурхны аймшигт хүчийг юу харуулдаг вэ? Тэр хүчээ Бурхан урьд нь хэрхэн ашигласан бэ?
16 Цасан шуурга, тайфун, хар салхи, мөндөр болон үерийн улмаас нутаг оронд ямар гай гамшиг тохиолддогийг та нар мэдэх байх аа. Жишээ нь: 2000 оны эхээр Европын баруун өмнөд нутгаар энгийн хүн байтугай мэргэжлийн хүмүүсийн гайхшийг төрүүлсэн хүчтэй салхи шуурга болж өнгөрсөн. Салхины хурд 200 км/цаг хүрч, олон мянган барилгын дээврийг хуулан, өндөр хүчдэлийн шон унагааж, ачааны машин хөмрүүлсэн байна. Тэр салхинд 270 сая мод үндсээрээ булгаран унасны дотор зөвхөн Парис хотын ойролцоо байдаг Версалийн цэцэрлэгт гэхэд л 10 000 мод унажээ. Олон сая байшин гэрэлгүй болсны зэрэгцээ ойролцоогоор 100 хүн нас баржээ. Энэ бол түр зуур үргэлжилсэн салхины үр дагавар. Үнэхээрийн агуу их хүч бус уу!
17 Тийм үзэгдлийг хүмүүс «цаг агаарын ааш аяг» буюу «удирдлага хяналтнаас гадуурх байгалийн хүчин» гэж үздэг. Хэрэв гайхамшигт үйлсийг бүтээдэг, бүхнээс хүчит Нэгэн эдгээр хүчийг тодорхой зорилгоор ашиглавал юу болох вэ? Тэрбээр Абрахамын үед ийм зүйлийг үйлдсэн билээ. Содом Гоморра гэдэг хоёр хотын оршин суугчдын гэм нүгэл хир их байгааг бүх дэлхийг Шүүгч цэгнэн шүүснийг Абрахам харж байсан. Хашхираан нь Бурханд хүрэх хүртэл тэд завхарсан байлаа. Гэхдээ Бурхан бүх зөв хүнийг ялд унасан хотоос гаргах талаар санаа тавьсан. Түүхэн баримтад: «Ехова Содом, Гоморра дээр хүхэр болон галыг тэнгэрээс буюу Еховагаас буулгажээ» гэж байдаг. Энэ бол зөв хүмүүсийг аварч, засрашгүй нүгэлтнүүдийг устгах Бурхны бас нэгэн гайхамшигт үйл байсан юм (Эхлэл 19:24).
18. «Исаиа» номын 25-р бүлэг ямар гайхамшигт зүйлст анхаарал хандуулдаг вэ?
18 Хожим Бурхан эртний хот Вавилоны эсрэг шүүх ажиллагаагаа явуулсан бөгөөд «Исаиа» номын 25-р бүлэгт энэ тухай бичсэн байж болох юм. Вавилон эвдэрхий балгас болохыг зөгнөж, Бурхан: «Та хотыг овоо, бэхлэгдсэн хотыг балгас болгов. Харийнхны шилтгээн нь хот байхаа больж, хэзээ ч дахин сэргээгдэхгүй» хэмээн зөгнөн хэлсэн (Исаиа 25:2). Эдгээр үгийн үнэн болохыг Вавилоны буурин дээр очсон хүмүүс баталдаг. Вавилоны сүйрэл нь тохиолдлын хэрэг байж болох уу? Үгүй ээ. «Ехова, Та бол миний Бурхан. Би Таныг өргөмжлөн, Таны нэрд талархал өргөнө. Учир нь Та өнө эрт төлөвлөсөн гайхамшгуудаа төгс итгэмжтэйгээр гүйцэтгэв» хэмээн хэлсэн Исаиагийн үгэнд бид итгэж болно (Исаиа 25:1).
Ирээдүйн гайхамшигт үйлс
19, 20. Исаиа 25:6–8-д бичсэн зөгнөл хэрхэн биелсэн ба биелэх вэ?
19 Дээр дурдсан зөгнөлийг Бурхан улиран өнгөрсөн нэгэн цагт биелүүлсэн бөгөөд ирээдүйд мөн адил гайхамшигт үйлийг хийх юм. «Исаиа» номд Бурхны «гайхамшгууд» буюу «гайхамшигт зүйлсийн» (ШЕ) тухай өгүүлсэн хэсгийн хам сэдвүүдийг нягтлан үзэхэд Вавилонд шийтгэл болон биелсэн шиг ирээдүйд тийн биелэх ёстой зөгнөл байгаа нь харагддаг. Энэ зөгнөлд ямар «гайхамшигт зүйлийг» амласан бэ? Исаиа 25:6-д: «Түмэн цэргийн Ехова энэхүү уулан дээрх бүх хүмүүст хуучин дарс, хамгийн сайн мах ба дарс бүхий элбэг дэлбэг найрыг хийхээр бэлтгэнэ» гэж байдаг.
20 Энэ зөгнөл Бурхны амласан, удахгүй болох шинэ ертөнцөд ямар ч эргэлзээгүйгээр биелнэ. Тэр цагт хүн төрөлхтөн, эдүгээ хүмүүсийг дарамтлан байгаа тэр зовлон бэрхшээлээс эгнэгт ангижирна. Үнэндээ, Исаиа 25:7, 8-д байдаг: «Тэр үхлийг мөнхөд залгина. Хэмжээгүй эрхт Эзэн Ехова бүх нүүрнээс нулимсыг арчин, Өөрийн хүмүүсийн зэмлэлийг бүх дэлхийгээс зайлуулна. Учир нь Ехова үүнийг айлдсан юм» хэмээсэн зөгнөлийн үг бол гайхамшигт бүх үйлсээсээ хамгийн чухлыг нь биелүүлэхийн тулд Бурхан бүтээлч хүчээ ашиглах болно гэдгийг батлан илэрхийлдэг. Хожим элч Паул энэ зөгнөлийг иш татаж, үхэгсдийг дахин амилуулах Бурхны үйлийн талаар хэлсэн. Энэ үнэхээрийн «гайхамшигт үйл» биш гэж үү! (1 Коринт 15:51–54).
21. Үхэгсдийн тухайд Бурхан ямар гайхамшигт үйлс хийх вэ?
21 Уй гашуугийн нулимс арилах бас нэгэн шалтгаан бол хүмүүс өвчин эмгэггүй болох явдал юм. Есүс дэлхий дээр байхдаа өвчтэй олон хүнийг эдгээн, сохрыг хардаг, дүлийг сонсгодог, зэрэмдэгийг эрүүл болгож байсан. Иохан 5:5–9-д саа өвчнөөр өвдөөд 38 жил болсон хүнийг эдгээсэн тухай байдаг. Түүнийг үзсэн хүмүүс гайхамшиг буюу гайхамшигт үйл гэж үзэж байлаа. Үнэхээр тийм л байсан! Гэвч Есүс тэдэнд үхэгсдийг дахин амилуулах бүр илүү гайхамшгийн тухай: «Үүнд бүү гайхагтун. Учир нь булшинд байгчид бүгдээрээ Түүний дууг сонсон, гарч ирэх цаг ирж байна. Сайн үйлийг үйлдсэн хүмүүс нь амийн амилалт уруу, муу үйлийг үйлдсэн хүмүүс нь ялын амилалт уруу гарч ирнэ» хэмээн хэлсэн (Иохан 5:28, 29).
22. Үгээгүйчүүд болон дарлагдагсад юунд найдаж болох вэ?
22 Энэ бол Еховагийн санаа зорилго учраас гарцаагүй биелнэ. Бурхан агуу сэргээн тэнхрүүлэх хүчээ тодорхой зорилго чиглэлтэйгээр ашигласан цагт үр дүн нь гайхалтай байна гэдэгт бид итгэлтэй байж болно. «Дуулал» номын 72-р бүлэгт Ехова Хүүгээрээ дамжуулан үйл хэргээ явуулах тухай өгүүлсэн байдаг. Тэр үед зөв хүн өөдлөн дэвжинэ. Энх амгалан элбэг дэлбэг болно. Бурхан үгээгүйчүүдийг болон дарлагдагсдыг аварна. Тэрбээр: «Уулсын оргил дээрх газарт үр тариа элбэг дэлбэг байх болтугай. Түүний үр жимс [эртний] Ливаны хуш шиг найгана. Хотод суугчид газрын ургамал мэт урган цэцэглэх болтугай» хэмээн амладаг (Дуулал 72:16).
23. Бурхны гайхамшигт үйлс биднийг юунд урамшуулах ёстой вэ?
23 Тийм ээ, бидний хувьд урьд өмнө нь үйлдчихсэн, одоо үйлдэж байгаа хийгээд удахгүй үйлдэхээр амлаж байгаа Еховагийн бүх гайхамшигт үйлсэд анхаарлаа хандуулах шалтгаан байдаг юм. «Ганцаараа гайхамшгуудыг үйлддэг Израилийн Бурхан, Ехова Бурхан магтагдах болтугай. Түүний сүр жавхлант нэр мөнхөд магтагдах болтугай. Бүх дэлхий Түүний алдраар дүүртүгэй. Амен, Амен» (Дуулал 72:18, 19). Бид эдгээр «гайхамшгууд» буюу «гайхамшигт үйлсийн» (ШЕ) талаар төрөл төрөгсдөдөө болон бусад хүмүүст урам зоригтойгоор ярих ёстой. Тийм ээ, «Түүний алдрыг үндэстнүүдийн дунд, Түүний гайхамшигт үйлсийг бүх ард түмнүүдийн дунд тунхаглацгаая»! (Дуулал 78:3, 4; 96:3, 4).
[Зүүлт]
^ Энэ өгүүллийн ишлэлүүдийг «Ариун Библи» (МБОХ, 2000) орчуулгаас авсан бөгөөд уг орчуулгад Бурхны оноосон нэрийг ЭЗЭН гэдэг цол гуншингаар орлуулсныг бид еврей эх бичигт байдаг ЕХОВА гэдэг нэрээр сольсон болно (орч.).
Та хэрхэн хариулах вэ?
• Иовд тавьсан асуултууд хүний мэдлэг хязгаарлагдмал болохыг хэрхэн харуулдаг вэ?
• «Иов» номын 37–41-р бүлэгт бичигдсэн Бурхны гайхамшигт үйлсээс аль нь таны сэтгэлийг илүү ихээр хөдөлгөсөн бэ?
• Бурхны гайхамшигт үйлс биднийг юунд урамшуулах ёстой вэ?
[Догол мөрийн асуулт]