Гайхамшигт зүйлс Бүтээгчийг харагтун!
Гайхамшигт зүйлс Бүтээгчийг харагтун!
«Зогсоод Бурхны гайхамшигт үйлсэд анхаарлаа хандуул» (ИОВ 37:14, ШЕ).
1, 2. 1922 онд ямар гайхамшигтай нээлт хийсэн бэ? Энэ нээлт ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?
АРХЕОЛОГЧ Говард Картер, Английн лорд Карнарвон нар хамтран олон жилийн турш эрдэнэс хайжээ. Эцсийн эцэст тэд 1922 оны арван нэгдүгээр сарын 26-нд «Хаадын хөндий» гэж алдаршсан Египетийн фараонуудын оршуулгын газраас фараон Тутанхамены булшийг олжээ. Тэр хоёр лацдаж битүүмжилсэн хаалгыг нь сайтар нягтлан судалсны эцэст нүхлэн цоолсон байна. Тэгээд Картер цоолсон нүхээрээ лаа оруулан, доторхыг нь ажиглан харжээ.
2 Хожим Картер: «Дуугаа хураасныг минь хараад санаа нь зовсон лорд Карнарвон тэсэж ядан: „Ямар нэгэн юм байна уу?“ гэж асууж билээ. Би хариуд нь: „Тэгэлгүй яахав. Гайхамшигтай зүйлс байна!“ гэж хэлсэн бөгөөд энэ бол миний аман дээр гарч ирсэн ганц хариулт байсан юм» хэмээн дурсжээ. Булшин дахь олон мянган эрдэнэсийн дунд цэвэр алтаар хийсэн нэгэн авс байв. Эдгээр «гайхамшигтай зүйлсийн» заримыг та гэрэл зургаас юм уу музейд үзсэн байж магадгүй. Музейн эдгээр үзмэр хэдийгээр гайхалтай сонин байлаа ч таны амьдралтай холбоогүй байж болох юм. Тийм учраас одоо бүгдээрээ амьдралтай маань шууд холбоотой бөгөөд бидний хувьд онцгой эрхэм тэр гайхамшигт зүйлсийн талаар авч үзье.
3. Бидний хувьд үнэ цэнтэй гайхамшигт зүйлсийн тухай мэдээлэл хаана байдаг вэ?
3 Жишээ нь: Олон зуун жилийн тэртээ амьдарч байсан бөгөөд одоогийн кино болон спортын аль ч одноос, эсвэл ямар ч хаан язгууртнаас илүү нэгэн хүнийг эргэн санацгаая. Түүнийг «дорны бүх хүний дундаас хамгийн агуу нэгэн» хэмээсэн байдаг. Тэр хүнийг та Иов гэж мэднэ. Библийн бүхэл бүтэн нэг номд түүний тухай өгүүлсэн буй. Иовын үед амьдарч байсан Елиху гэдэг нэгэн залуу түүнийг засаж залруулах нь зүйтэй хэмээн үзжээ. Елихугийн хэлснээр Иов өөртөө болон эргэн тойрныхоо хүмүүст дэндүү их анхаарал тавьдаг ажээ. «Иов» номын 37-р бүлэгт бидэнд үнэхээр үнэтэй мэргэн ухаалаг зөвлөгөө байдаг (Иов 1:1–3; 32:1–33:12).
4. Иов 37:14-т бичсэн үг хэлэхэд Елихуг юу түлхсэн бэ?
4 Иовын гурван хуурамч найз түүнийг бодол санаа болон ажил хэрэг дээрээ алдаж байна хэмээн үзэн, удаан хугацаагаар шүүмжлэн зэмлэсэн (Иов 15:1–6, 16; 22:5–10). Елиху яриа дуусахыг тэвчээртэйгээр хүлээсэн. Дараа нь тэрээр хэрсүү бөгөөд мэргэн ухаалаг үг хэлсэн. Түүний хэлсэн үгэнд үнэтэй чухал санаа олон байсан хэдий ч тэдгээрээс: «Иов оо, үүнийг сонс. Зогсоод Бурхны гайхамшигт үйлсэд анхаарлаа хандуул» хэмээсэн гол зүйлийг анхааран авч үзье (Иов 37:14, ШЕ).
Гайхамшигт үйлс Бүтээгч
5. Елихугийн анхаарлаа хандуулсан Бурхны гайхамшигт үйлсэд юу юу ордог вэ?
5 Елихугийн үгээр бол Иов өөртөө болон Елихуд, мөн өөр бусад хэнд ч анхаарлаа хандуулах хэрэггүй аж. Харин Ехова Бурхны гайхамшигт үйлсэд анхаарлаа хандуулахыг Иов болон та бидэнд мэргэн ухаалгаар уриалсан байна. «Бурхны гайхамшигт үйлс» гэдэг үг хэллэгт юу юу ордог байх гэж та бодож байна вэ? Түүнээс гадна эрүүл мэнд, эдийн засаг, ирээдүй хойч болон гэр бүл, найз нөхөд, хаяа хөршийнхөндөө санаа тавихдаа бид Бурхны үйлсэд анхааралтай байх хэрэгтэйн учир юу вэ? Ехова Бурхны гайхамшигт үйлс нь түүний мэргэн ухааныг болон Бурхан өөрөө бидний эргэн тойронд байгаа бүх материаллаг бүтээлийг захирдаг болохыг маргаангүй баталдаг (Нехемиа 9:6; Дуулал 24:1; 104:24; 136:5, 6). Үүнийг тодорхой ойлгох үүднээс «Иошуа» номоос товч авч үзье.
6, 7. а) Мосе болон Иошуагийн үед Ехова ямар ямар гайхамшигт үйл бүтээсэн бэ? б) Хэрэв бид Мосе болон Иошуагийн үеийн гайхамшигт үйлсээс аль нэгийг нь үзсэн бол ямар сэтгэгдэл төрөх байсан бол оо?
6 Эртний Израилийг Мосегоор удирдуулан боолчлолоос чөлөөлөхийн тулд Ехова Египетэд олон гамшиг учруулсан ба дараа нь Улаан тэнгисийг хуваасан (Египетээс гарсан нь 7:1–14:31; Дуулал 106:7, 21, 22). «Иошуа» номын гуравдугаар бүлэгт үүнтэй ижил төстэй үйл явдал бичигдсэн буй. Мосег залгамжлагч Иошуа өөр нэгэн усан саадыг гаталж, Бурхны ард түмнийг Амласан газар нутагт оруулахаар бэлдэж байхдаа: «Өөрсдийгөө ариусгацгаа. Учир нь маргааш Эзэн [«Ехова», ШЕ] та нарын дунд гайхамшигт зүйлсийг хийх болно» хэмээн хэлсэн (Иошуа 3:5). Ямар «гайхамшигт зүйлс» вэ?
7 Энд бичсэнээр Ехова усан саад буюу Иордан голын урсгалыг тогтоон хуурайшуулж, олон мянган эрэгтэй эмэгтэй болон хүүхдэд гол гатлах боломж олгосон (Иошуа 3:7–17). Хэрэв бид гол гатлах зам хэрхэн нээгдэж, түүгээр төчнөөн олон хүн явж өнгөрөхийг харсан бол гайхан алмайрснаасаа болоод хөшөөд зогсчих байсан биз ээ! Энэ бол Бурхан бүтээлээ захирдгийн илэрхийлэл юм. Өнөөдөр ч гэсэн та бидний нүдэн дээр үүнтэй адилтгаж болохоор гайхамшигт зүйлс зөндөө л болдог шүү дээ. Чухам юу болдог хийгээд үүнд бид ямар учраас анхаарлаа хандуулах шаардлагатайг Иов 37:5–7-р зүйлээс үзъе.
8, 9. Иов 37:5–7-д ямар гайхамшигт үйлсийн тухай байдаг вэ? Бид ямар учраас эдгээрийн талаар эргэцүүлэн бодох хэрэгтэй вэ?
8 Елиху: «Бурхан бидний ухаарч чадахгүй агуу зүйлсийг үйлдэн, Өөрийн дуу хоолойгоор гайхамшигтайгаар аянга буулгадаг болой» хэмээн хэлсэн. Бурхны «гайхамшигтайгаар» үйлддэг зүйлс гэж Елиху юуг хэлсэн бэ? Тэрбээр цас болон ширүүн бороог хэлжээ. Ширүүн бороо асгах юм уу цас нэвсийтэл ороод унавал тариачин хүн талбайн ажлаа зогсоохоос өөр аргагүй болдог. Тэр нь Бурхны үйлсийн талаар эргэцүүлэн бодох цаг ба шалтгаан болно. Бид газар тариалан эрхэлдэггүй байлаа ч гэсэн цас борооны аль аль нь амьдралд маань нөлөөлж болох юм. Хаана амьдарч байгаагаас маань хамаарч цас бороо ажил хэрэгт маань бас саад болж болно. Тэр үед бид эдгээр үзэгдлийн цаана хэн байдаг хийгээд эдгээр нь ямар учиртай болохыг боддог бил үү? Та хэзээ нэгэн цагт энэ талаар эргэцүүлэн бодож үзсэн үү?
9 Сонирхолтой нь «Иов» номын 38-р бүлэгт Ехова Бурхан Иовд гүнзгий утгатай асуулт тавин дээрхтэй адил бодлыг өөрөө эргэцүүлсэн байдаг. Бүтээгч маань тэдгээр асуултыг Иовд тавьсан хэдий ч тэдгээр нь амьдралыг үзэх бидний үзэл бодол, бидний оршин ахуй хийгээд ирээдүйтэй хамаатай бөлгөө. Тэгэхлээр Бурхан юун тухай асуусныг мэдэж, юу хэлэх гэснийг нь эргэцүүлэн бодоцгооё. Тийм ээ, Иов 37:14-ийн мэргэн үгийг авч үзэцгээе.
10. «Иов» номын 38-р бүлэг бидэнд ямар сургамж өгдөг вэ? Үүнтэй холбоотой ямар ямар асуулт гарч ирдэг вэ?
10 38 дугаар бүлэг: «Шуурган дундаас [Ехова] Иовд хариулан: „Мэдлэггүй үгсээр зөвлөгөөг гуйвуулагч тэр нь хэн юм бэ? Одоо хүн шиг ууц нуруугаа бүсэл. Учир нь Би чамаас асуух бөгөөд чи надад заавар өг [«хариул», ШЕ]“» гэж эхэлдэг (Иов 38:1–3). Энэ бол цаашид өрнөх харилцан ярианы эхлэл юм. Эдэээр үгс бодол санаагаа орчлонт ертөнцийг Бүтээгчийн өмнө байдаг бодит байдалдаа тохируулж байх хийгээд бүхнээ түүнд тайлагнах ёстойгоо ойлгоход нь Иовд тусалсан. Эдгээр үг бидэнд болон бидний үеийнхэнд мөн адил сургамжтай юм. Дараа нь Бурхан Елихугийн хэлсэн үгтэй холбогдуулан: «Би газар дэлхийн суурийг тавихад чи хаана байв аа? Хэрэв чамд ойлголт байгаа юм бол Надад хэлээч, түүний хэмжүүрүүдийг хэн тогтоодог вэ? Чи мэддэгээс хойш. Надад хэл. Түүний дээр хэн зураас татсан бэ? Юун дээр түүний сууриуд тогтсон бэ? Түүний булангийн чулууг хэн тавьсан юм бэ?» хэмээн Иовоос асуусан (Иов 38:4–6).
11. Иов 38:4–6-г уншихад бидэнд юу тодорхой болдог вэ?
11 Газар дэлхий бий болж байх үед Иов болон бид бүгдээрээ хаана байсан билээ? Дэлхийн загвар зохиоход биднээс хэн нэг нь зохион бүтээгчээр оролцож, шугам ашиглан түүний хэмжээсүүдийг тавилцсан уу? Үгүй гэдэг нь мэдээж! Тэр үед хүн төрөлхтөн байгаагүй юм. Бурхан манай Дэлхийг аварга том барилгатай зүйрлээд: «Түүний булангийн чулууг хэн тавьсан юм бэ?» хэмээн асуусан. Дэлхий Нар хоёрын хоорондох зай нь дэлхий дээр амьдрал байх хамгийн аятай нөхцөл бүрдүүлдгийг бид мэддэг. Түүнээс гадна Дэлхийн хэмжээсүүд ч гэсэн амьдрал оршин байхад хамгийн тохиромжтой юм. Хэрэв Дэлхий их том байсан бол агаар мандалд ус төрөгч ихээр хуримтлагдаж, манай гариг дээр амьдрал байх боломжгүй байх байсан. Гэхдээ «булангийн чулууг» хэн нэгэн зохих газар нь тавьсан нь тодорхой. Үүнийг Иов тавьсан байж болох уу? Эсвэл бид нар уу? Эсвэл Ехова Бурхан тавьсан уу? (Сургаалт үгс 3:19; Иеремиа 10:12).
Хүн ямар хариулт өгдөг вэ?
12. Иов 38:6-гийн асуулт бидэнд ямар бодол төрүүлдэг вэ?
12 Тэрчлэн Бурхан: «Юун дээр түүний сууриуд тогтсон бэ?» хэмээн асуусан. Сайн асуулт биш гэж үү? Иовын мэддэггүй байсан «таталцал» гэдэг нэр томъёог бид бүгд мэддэг байх ёстой. Дэлхий бол асар их жинтэй Нарны татах хүчний тусламжтайгаар нэгэн байрандаа байдгийг, өөрөөр хэлбэл, «түүний сууриуд тогтдогийг» бидний ихэнх нь мэддэг. Гэвч таталцлын тухай бүрэн төгс мэддэг хүн бий юү?
13, 14. а) Таталцлын талаар юуг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй вэ? б) Иов 38:6-д бичсэн зүйлд бид яаж хандах ёстой вэ?
13 Саяхан хэвлэгдсэн «Орчлонт ертөнц тодорхой болсон нь» гэдэг нэгэн номд: «Таталцал бол байгалийн хүчнүүдээс хамгийн их танил мөртөө хамгийн ойлгомжгүй нь юм» гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Уг номд цааш нь: «Таталцлын хүч хоосон огторгуйн дундуур ямар нэгэн тодорхойгүй байдлаар хоромхон зуур тархдаг юм шиг санагддаг. Гэвч сүүлийн үед физикчид таталцал нь гравитон гэж нэрлэгддэг хэсгээс тогтсон долгион хэлбэрээр тархдаг гэсэн таамаглал дэвшүүлсэн... Гэхдээ үүнийг байдаг гэдэгт нэг ч хүн бүрэн дүүрэн итгэдэггүй юм» хэмээн бичжээ («The Universe Explained»). Энэ нь чухам юу гэсэн үг болохыг эргэцүүлэн бодоцгооё.
14 Ехова Иовд эдгээр асуултыг тавьснаас хойш шинжлэх ухаан 3 000 жилийн турш хөгжжээ. Гэхдээ амьдрал оршин байхад зайлшгүй шаардлагатай нөхцлийг бүрдүүлдэг тойрог замд Дэлхийг тогтоон барьж байдаг таталцлыг физикч эрдэмтэд болон бидний хэн нь ч бүрэн дүүрэн тайлбарлаж чаддаггүй билээ (Иов 26:7; Исаиа 45:18). Үүнийг дурсдагийн учир гэвэл таталцлын нууцыг таньж мэдэхийн тулд бүгдээрээ түүнийг гүн гүнзгий судлах хэрэгтэй гэж уриалах гэсэн хэрэг биш юм. Харин бид Бурхны гайхамшигт үйлсийн ядаж нэг л зүйлд анхаарлаа хандуулж, тэгснээрээ Бурханд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй гэдэг үүднээс юм. Эндээс үүдэн Бурхны мэргэн ухаан хийгээд түүний мэдлэгийн аугааг бишрэх сэтгэл маань улам нэмэгдэж, түүний хүсэл тааллыг бүр их мэдэх сонирхол төрөхгүй гэж үү?
15-17. а) Иов 38:8–11-р зүйл юунд анхаарал хандуулсан бэ? Үүнээс үүдэн ямар ямар асуулт гарч ирэх вэ? б) Далай тэнгис болон дэлхийн гадаргуугаар тэдгээрийн байрласан талаар бид юу мэддэгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй вэ?
15 Бүтээгч асуултаа цааш үргэлжлүүлэн: «Далай хэвлийгээс сад тавин гадагш оргилон гарахад, Би үүлийг түүний хувцас, түнэр харанхуйг түүний өлгий болгож байхад, мөн түүнд хил тогтоож, хаалга түгжээг тавьж, „Энэ хүртэл чи ирэгтүн, харин цаашилж болохгүй. Энд чиний бардам давалгаанууд зогсох болно“ хэмээн Намайг айлдаж байхад далайг хаалгаар хэн хязгаарласан юм бэ?» хэмээжээ (Иов 38:8–11, ШЕ).
16 Энд дурдсан хязгаарлагдсан далай гэдэгт эх газар, далай тэнгис болон далайн түрлэг, татлага хамаарах юм. Энэ бүхнийг хүн ямар хугацаанд судалж байгаа билээ? Олон мянган жил судалж байгаа хэдий ч сүүлийн зуунд л илүү амжилтанд хүрсэн билээ. Өнөөдрийн байдлаар энэ бүхэн бараг бүгдээрээ тодорхой болсон байх ёстой юм шиг санагдаж болох юм. Гэвч, хэрэв та энэ 2001 онд дээрх асуудлаар сүүлийн үеийн мэдээ баримт олж авахын тулд дэлхийн хамгийн том номын сангийн материал болон Интернэтийг ашигласан бол ямар амжилтад хүрэх байсан бол?
17 Нэгэн нэр хүндтэй лавлах бичигт: «Дэлхийн гадаргуугаар эх газар хийгээд далайнуудын байрласан байдал хийгээд хуурай газрын үндсэн хэлбэр дүрс нь шинжлэх ухаанд судалгааны болон онолын маш урт хугацааны нууц бөгөөд сонирхолтой асуулт хэвээрээ байсаар байна» хэмээн бичжээ («The New Encyclopædia Britannica-Micropædia»). Дараа нь уг нэвтэрхий тольд боломжийн дөрвөн тайлбарыг дурдсан хэдий ч энэ бол «олон тооны гипотез буюу таамаглалын» зарим нь юм гэдгийг тайлбарлажээ. Толь бичигт тайлбарласнаар «гипотез» гэдэг нь «...байх гэж таамаглах, таавар, таамаглал» гэсэн утгатай ажээ.
18. Иов 38:8–11-ээс та ямар дүгнэлт хийж байна вэ?
18 Иов 38:8–11-д тавигдсан асуулт цагаа олсон чухал асуулт биш гэж үү? Манай гариг дээрх бүх зүйлийг бид зохицуулж байрлуулаагүй нь ойлгомжтой. Бид татах хүчээр нь далайн түрлэг татлагыг бий болгох гэж, тэгэхдээ түрлэгийн үеэр далайн ус хүн амьдардаг газар орныг авахгүй байхаар тооцоолж Сарыг байрлуулаагүй. Харин бид энэ бүх гайхамшигт зүйлсийг бүтээсэн Бүтээгчийг мэддэг билээ (Дуулал 33:7; 89:9; Сургаалт үгс 8:29; Үйлс 4:24; Илчлэлт 14:7).
Еховад зохих хүндэтгэлийг үзүүлэгтүн
19. Иов 38:12–14-т физикийн үзэгдлийг яаж уран сайхнаар дүрсэлсэн бэ?
19 Хүний хөдөлмөрийн үр дүнд Дэлхий эргэдэг болоогүй. Дэлхий эргэдгийн улмаас өдөр болгоныг угтан гайхамшигтай сайхан өглөө болдог ба энэ тухай Иов 38:12–14-т бичжээ. Нар мандахад газар дэлхий маань шавар дээр тамганы мөр гарах шиг тод болдог. Дэлхийн хөдөлгөөнд бага зэрэг анхаарлаа хандуулбал дэлхий тийм ч хурдан эргэдэггүй нь бидний гайхлыг төрүүлэх ба хэрэв хурдан эргэдэг байсан бол хөнөөлт үр дагавартай байх байсан. Харин дэлхий хэтэрхий удаан эргэдэг байсан бол өдөр шөнө удаан үргэлжилж, хүйтэн халуунаас болоод амьдрал байх боломжгүй байхсан. Дэлхийн эргэх хурдыг хүн биш Бурхан тогтоосон нь юутай сайн хэрэг байж вэ! (Дуулал 148:1–5).
20. Иов 38:16, 18-д тавьсан асуултад та яаж хариулахсан бол?
20 Одоо Бурхнаас бидэнд цааш нь үргэлжлүүлэн тавьсан асуултыг бодож үзье. Тэрбээр: «Чи далайн ундарга уруу нэвтэрч, гүний хөндийнүүдэд алхсан уу?» хэмээн асуусан. Үүнд далай судлаач ч төгс хариу өгч чадахгүй! «Газар дэлхийн өргөнийг чи ойлгосон уу? Хэрэв чи энэ бүгдийг мэддэг бол хэлээч» (Иов 38:16, 18). Бүх дэлхийг тойрч, бүгдийг нь эс гэхэд ядахдаа ихэнх хэсгийг нь судлан шинжилсэн хүн байна уу? Манай дэлхийн бүх гайхамшиг хийгээд үзэсгэлэнтэй сайхан газрыг бүгдийг нь судалж мэдье гэвэл хүний амьдралын хэдэн үе шаардагдах бол оо? Тэр цаг юутай гайхамшигтай байх бол оо!
21. а) Иов 38:19-д бичигдсэн асуултад шинжлэх ухаан яаж хариулдаг вэ? б) Нарны гэрлийн тухай мэдлэг бидэнд яаж нөлөөлөх ёстой вэ?
21 Иов 38:19-д: «Гэрлийн оршихуй уруу хүрэх зам хаана байна вэ? Мөн харанхуй, түүний газар хаана байна вэ?» хэмээсэн амаргүй асуулт тавьжээ. Эрдэмтэд гэрлийг цөөрмийн мандлаар тархдаг мяралзаа шиг долгион хэлбэрээр тархдаг хэмээн олон жил үзэж байсныг та лав мэдэх байх. Дараа нь гэрэл бол энергийн багц буюу жижиг хэсэг гэсэн таамаглалыг Альберт Эйнштейн 1905 онд дэвшүүлсэн. Эйнштейний тайлбарыг төгс үнэн гэж үзэж болох уу? Саяхан хэвлэгдсэн нэгэн нэвтэрхий тольд: «Гэрэл нь долгион уу, эсвэл жижиг хэсэг үү?» гэсэн асуулт тавьжээ. Тэгээд: «Үзтэл, [гэрэл] аль нь ч биш ажээ. Учир нь энэ хоёр [долгион ба жижиг хэсэг] хоорондоо дэндүү ялгаатай юм. Үнэнийг хэлэхэд аль нь ч зөв хариу биш» хэмээн хариулсан байна («The World Book Encyclopedia», 1992 он). Тэгэхлээр энэ асуудлаар хүн Бурхны үйлсийг бүрэн тайлбарлаж чадахгүй нь харагдаж байна. Тэглээ ч гэсэн нарны гэрэл биднийг шууд ба шууд бусаар ээсэн хэвээр байна. Түүний ачаар ургамал ногоо ургаж, бид хоол хүнстэйгээ залган, хүчилтөрөгчөөр амьсгалдаг билээ. Гэрлийн ачаар бид ном уншиж, хайртай дотно хүмүүсийнхээ нүүр царайг харж, нар жаргах үеийн болон өөр олон гайхамшигтай сайхан үзэгдлийг харан баясдаг билээ. Энэ бүхэнд Бурхны гайхамшигт үйлс харагддаггүй гэж үү? (Дуулал 104:1, 2; 145:5; Исаиа 45:7; Иеремиа 31:35).
22. Бурхны гайхамшигт үйлсэд Давид хэрхэн ханддаг байсан бэ?
22 Гэвч Еховагийн гайхамшигт үйлсийн талаар эргэцүүлэн бодоход зөвхөн шагшин гайхах, бишрэн сүрдэх хийгээд тансаг сайхныг нь магтан дуулах сэтгэгдэл төрөөд л болох нь тэр үү? Огт үгүй ээ. Дээр үед дуулалч Давид Бурхны бүх үйлсийг ойлгож, тайлбарлах боломжгүйг хүлээн зөвшөөрсөн. Тэрбээр: «Миний Бурхан Эзэн [«Ехова», ШЕ], Таны үйлдсэн гайхамшгуудыг... [би] зарлан хэлье гэсэн ч тэд тоолшгүй олон юм» хэмээн бичжээ (Дуулал 40:5). Давид Бурхны гайхамшигт үйлсийн талаар чимээгүй байна гэж хэлээгүй нь тодорхой. Үүнийг Дуулал 9:1-д: «Би бүх зүрхээрээ Эзэнд [«Еховад», ШЕ] талархах болно. Би Таны бүх гайхамшгуудыг тунхаглана» хэмээн хэлсэн шийдвэр төгс үгээрээ гэрчилдэг.
23. Бурхны гайхамшигт үйлс танд ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ? Та бусдад ямар тусламж үзүүлж болох вэ?
23 Энэ бүхэн бидний зүрх сэтгэлийг хөнддөггүй гэж үү? Бидний эргэн тойронд байгаа Бурхны гайхамшигтай үйлс нь Бүтээгчийн талаар, түүний хийсэн хийгээд хийх зүйлийн талаар ярих хүслийг төрүүлэхгүй гэж үү? Бид «түүний алдрыг үндэстнүүдийн дунд, түүний гайхамшигт үйлсийг бүх ард түмнүүдийн дунд тунхаглах» ёстой гэж хариулах нь тодорхой (Дуулал 96:3–5). Тийм ээ, Бүтээгчийн талаар мэдсэн зүйлээ бусад хүмүүстэй хуваалцсанаараа бид Бурхны гайхамшигт үйлсийг гүн хүндэтгэж байгаагаа харуулдаг. Тэр хүмүүс шашингүйн үзлээр хүмүүжсэн байлаа ч бидэнд байгаа ойлгомжтой бөгөөд үнэмшилтэй баримтууд тэднийг Бурхан байдагт итгүүлж болох юм. Түүнээс гадна тэд «бүх юмсыг» хэн бүтээснийг илүү их мэдэж, гайхамшигт үйлсийг Бүтээгч, Еховад үйлчлэх хүсэлтэй болж болох юм (Илчлэлт 4:11).
Та яаж хариулах вэ?
• Иов 37:14-т бичсэн уриалгыг уншаад та Бурхны ямар үйлсийн талаар боддог вэ?
• «Иов» номын 37, 38-р бүлэгт бичсэн ямар ямар үзэгдлийг шинжлэх ухаан бүрэн тайлбарлаж чаддаггүй вэ?
• Бурхны гайхамшигт үйлсийн тухай эргэцүүлэн бодоход танд ямар сэтгэгдэл төрдөг вэ? Тийнхүү эргэцүүлэн бодох нь танд ямар нөлөө үзүүлдэг вэ?
[Догол мөрийн асуулт]