Skip to content

Гарчиг руу орох

«Еховагийн үг түгэн түгсээр байлаа»

«Еховагийн үг түгэн түгсээр байлаа»

«Еховагийн үг түгэн түгсээр байлаа»

«Тэр Өөрийн тушаалыг дэлхийд илгээдэг. Түүний үг маш хурдан тархдаг» (ДУУЛАЛ 147:15).

1, 2. Есүс шавь нартаа ямар даалгавар өгсөн бэ? Үүнд нь юу юу багтах вэ?

 БИБЛИЙН нэгэн гайхамшигтай зөгнөл «Үйлс» номын 1:8-д бичигдсэн байдаг. Есүс тэнгэрт гарахынхаа өмнөхөн үнэнч дагалдагчдадаа: «Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олж... энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно» хэмээн хэлсэн. Тэдний өмнө ямар их ажил байж вэ!

2 Бурхны үгийг дэлхий даяар тунхаглах энэхүү даалгавар шавь нарынх нь айдсыг төрүүлсэн биз ээ. Уг даалгаварт юу юу багтах вэ? Тэд Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг ойлгоход хүмүүст туслах ёстой байв (Матай 24:14). Есүсийг гэрчлэх гэдэг бол Есүсийн сургаалыг бусдад дэлгэрүүлж, Еховагийн санаа зорилгод түүний гүйцэтгэх үүргийг тайлбарлана гэсэн үг юм. Түүнээс гадна шавь нар бэлдэж, тэдэнд баптисм хүртээх хэрэгтэй байлаа. Энэ бүх ажлыг дэлхий даяар гүйцэтгэх учиртай байв! (Матай 28:19, 20).

3. Есүс дагалдагчдадаа юу батлан хэлсэн бэ? Тэд даалгавраа хэрхэн биелүүлсэн бэ?

3 Гэхдээ даалгавраа биелүүлэхэд нь тэдэнтэй хамт ариун сүнс байх болно гэдгийг Есүс дагалдагчдадаа батлан хэлсэн. Тийм учраас даалгаврын цар хүрээ өргөн, дайснууд нь өөрсдийг нь дуугүй болгох гэж хайр найргүй, харгис ширүүн оролдож байсан хэдий ч Есүсийн эртний шавь нар Эзнийхээ тушаалыг амжилттай биелүүлж чадсан билээ. Энэ бол түүхийн маргашгүй баримт мөн.

4. Дэлгэрүүлж, заах даалгавар өгснөөр Бурхны хайр хэрхэн илэрдэг вэ?

4 Дэлхий даяар явуулах дэлгэрүүлэх хийгээд сургалтын кампанит ажил нь Бурхныг мэдэхгүй хүмүүст үзүүлсэн түүний хайрын илрэл байсан юм. Хүмүүс Еховад ойртож, нүглээ уучлуулах боломжтой болсон (Үйлс 26:18). Түүнээс гадна Бурхан дэлгэрүүлэх, заах даалгавар өгснөөрөө үгийг нь дэлгэрүүлсэн хүмүүст үзүүлэх хайраа илэрхийлсэн ба уг даалгаврыг биелүүлснээрээ тэд Еховад үнэнч байдлаа болон бусдыг хайрлах хайраа харуулах боломжтой болох юм (Матай 22:37–39). Элч Паул христиан үйлчлэлийг «баялаг» хэмээн нэрлэж байсан нь түүнийг хэрхэн үнэлдэг байсны гэрч бөлгөө (2 Коринт 4:7).

5. а) Эртний христиануудын тухай найдвартай түүх хаана байдаг вэ? Тэнд ямар өсөлтийн талаар өгүүлсэн байдаг вэ? б) «Үйлс» ном Бурхны орчин үеийн үйлчлэгчдэд яагаад ач холбогдолтой вэ?

5 Эртний христиануудын дэлгэрүүлсэн ажлын талаарх найдвартай түүхийг шавь Лук онгодоор хөтлүүлэн «Үйлс» номд бичсэн байдаг. Уг номд дэлгэрүүлэх ажлын гайхалтай бөгөөд эрчимтэй өсөлтийн тухай бичсэн буй. Бурхны Үгийн мэдлэгийн энэхүү өсөлт буюу тархалтын талаар Дуулал 147:15-д: «[Ехова] Өөрийн тушаалыг дэлхийд илгээдэг. Түүний үг маш хурдан тархдаг» хэмээн сануулдаг. Ариун сүнсний хүч авсан нэгдүгээр зууны христиануудын түүх бол өнөөдрийн бидний хувьд сонирхолтойн дээр туйлын ач холбогдолтой билээ. Еховагийн Гэрчүүд өнөөдөр дэлгэрүүлэх хийгээд шавь нар бэлдэх тэр л ажлыг мөн адил хийж байгаа бөгөөд тэгэхдээ цар хүрээ нь илүү өргөн аж. Бидэнд нэгдүгээр зууны христиануудад тохиолдож байсан шиг тийм бэрхшээлүүд мөн адил тулгардаг. Эртний христиануудыг Ехова хэрхэн ивээж, хүч өгч байсныг тунгаан бодвол биднийг ч мөн адил дэмжиж тусална гэдэгт итгэлтэй байж болно.

Дагалдагчдын тоо өссөн нь

6. Өсөлттэй холбоотой ямар өгүүлбэр «Үйлс» номд гурван удаа гардаг вэ? Энэ нь юу гэсэн үг вэ?

6 Үйлс 1:8-д бичсэн зөгнөл хэрхэн биелснийг шалгах нэг арга бол хоорондоо ялимгүй ялгаатайгаар Библид гуравхан удаа, тэгэхдээ «Үйлс» номд гардаг, «Еховагийн үг түгэн түгсээр байлаа» гэсэн өгүүлбэрийг нягтлан үзэх явдал юм (Үйлс 6:7; 12:24; 19:20, ШЕ). Эдгээр зүйлд гардаг «Еховагийн үг» буюу «Бурхны үг» гэдэг нь сайн мэдээ юм. Энэ мэдээ бол Бурхнаас хүмүүст хэлүүлсэн үнэн бөгөөд хүмүүсийг хөдөлгөх чадалтай ажээ. Энэ үг хүлээн авсан хүмүүсийнхээ амьдралыг өөрчилж чаддаг амьд, хүчтэй үг юм (Еврей 4:12).

7. Үйлс 6:7-д гардаг өсөлт юутай холбоотой вэ? МЭ 33 оны Пентекостын өдөр юу болсон бэ?

7 Бурхны үгийн түгэлтийн талаар бичсэн өгүүлбэр эхлээд Үйлс 6:7-д гардаг. Тэнд: «Бурхны үг түгэн тархсаар Иерусалим дахь дагалдагчдын тоо үлэмж ихээр үргэлжлэн нэмэгдсээр байсан бөгөөд тахилч нараас маш олон хүн итгэлд дуулгавартай болж байлаа» гэж байдаг. Энд бичсэн өсөлт бол шавь нарын тоо өссөнтэй холбоотой юм. Эхлээд МЭ 33 оны Пентекостын өдөр Бурхны ариун сүнс дээд тасалгаанд цугласан 120 орчим шавь дээр асгарсан. Дараа нь элч Петрийн хэлсэн сэтгэл хөдлөм үгийг сонсоод тэр өдөртөө 3 000 орчим хүн итгэгч болжээ. Ойролцоогоор тавин өдрийн өмнө гэмт хэрэгтэн хэмээн шонд хадуулан үхсэн Есүсийн нэрээр баптисм хүртэхээр мянга мянган хүн Иерусалим болон түүний ойролцоох цөөрөм уруу цувах болсон нь ямар сэтгэл хөдөлгөм үйл явдал болсныг төсөөлөөд үзэгтүн! (Үйлс 2:41).

8. МЭ 33 оны Пентекостын өдрөөс хойш шавь нарын тоо яаж өссөн бэ?

8 Үнэндээ энэ бол зөвхөн эхлэл байлаа. Дэлгэрүүлэх ажлыг зогсоох гэсэн иудейн шашны удирдагчдын цөхрөлтгүй оролдлого амжилт олохгүй байв. Шашны удирдагчид цөхрөнгөө барж байсны зэрэгцээ «Эзэн [«Ехова», ШЕ] тэдэн дээр аврагдагсдын [шавь нарын] тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа» (Үйлс 2:47). Удалгүй «тэдний тоо таван мянгад хүрчээ». Үүний дараа «Эзэнд улам олон хүн итгэж, эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэдэн дээр тогтмол нэмэгдэж байлаа» (Үйлс 4:4; 5:14). Хожуухан үеийн талаар: «Бүх Иудей, Галил, Самари даяар чуулган [«хурал», ШЕ] босгон байгуулагдаж, амар тайван байлаа. Ингэхдээ Эзнээс эмээх айдас болон Ариун Сүнсний тайтгарал дотор явцгаан, тооны хувьд өссөөр байв» гэж бичсэн байдаг (Үйлс 9:31). Нилээд хэдэн жилийн дараа, МЭ 58 оны орчим «итгэсэн хүмүүс хичнээн олон мянга байгаа» тухай дурдсан байдаг (Үйлс 21:20). Тэр үед бас еврей биш итгэгчид ч олон болсон байв.

9. Эртний христиануудыг хэрхэн дүрслэн бичиж болох вэ?

9 Шинэ хүн олноороо итгэж байсан учраас христианы тоо тийнхүү хурдан өсөж байлаа. Христиануудын шашин залуу байсан боловч үйл ажиллагаагаа маш идэвхтэй явуулж байв. Өнөөдрийн «христ шашны» сүмүүдийн идэвхгүй шүтлэгтнүүдээс ялгаатай нь эртний шавь нар Ехова болон түүний Үгийн төлөө хамаг хүч чадал, зүрх сэтгэлээрээ зүтгэж байсан бөгөөд тэдний зарим нь харгис ширүүн мөрдлөг хавчлагад байсан хүмүүсээс үнэнийг мэдэж авчээ (Үйлс 16:23, 26–33). Тэд сайтар эргэцүүлэн бодож, ул суурьтай хандсаны үндсэн дээр христиан болж байв (Ром 12:1). Итгэгчдийг Бурхны замд сургаж байсан бөгөөд үнэн тэдний зүрх сэтгэл, оюун ухаанд байдаг байлаа (Еврей 8:10, 11). Итгэлийнхээ төлөө тэд үхэхэд ч бэлэн байв (Үйлс 7:51–60).

10. Эртний христианууд ямар үүрэгтэй байсан бэ? Өнөөдөр үүнтэй ижил төстэй зүйл юу байна вэ?

10 Христийн сургаалыг хүлээн авсан хүмүүс үнэнийг бусадтай хуваалцах ёстойгоо ойлгож байлаа. Энэ нь итгэгчдийн цаашдын өсөлтөд шууд нөлөөлж байв. Библи судлагч нэг хүн: «Итгэлийг түгээх ажил бол зөвхөн хамгийн идэвх зүтгэлтэй христиан юм уу сайн мэдээг дамжуулахаар тусгайлан томилогдсон хүний гүйцэтгэх онцгой эрх гэж үзэхгүй байв. Сайн мэдээ дэлгэрүүлэх ажил бол Сүмийн [христиан хурлын] гишүүн бүрийн давуу эрх ба үүрэг нь байсан юм. [...] Христийн дагалдагчид бүр анхнаасаа дэлгэрүүлэх ажилд нэг ч хүн үлдэлгүй бүгдээрээ сайн дураараа оролцож байсан нь христиануудын хөдөлгөөнд хүчирхэг түлхэц болсон билээ» гэж бичжээ. Тэрээр цааш нь: «Эртний христиануудын тухайд сайн мэдээ дэлгэрүүлэх ажил бол амьдралынх нь гол зорилго болж байв» хэмээн тэмдэглэжээ. Орчин үеийн жинхэнэ христиануудын хувьд ч мөн адил бөлгөө.

Нутаг дэвсгэрийн хувьд өссөн нь

11. Үйлс 12:24-т ямар өсөлтийн талаар бичсэн бэ? Энэ нь хэрхэн явагдсан бэ?

11 Бурхны үгийн өсөлтийн талаар хоёрдахь удаад Үйлс 12:24-т: «Еховагийн үг түгэн түгсээр байлаа» (ШЕ) гэж байдаг. Энд нутаг дэвсгэрийн «түгэлтийн» талаар өгүүлжээ. Төр засгийн зүгээс эсэргүүцэл үзүүлж байсан хэдий ч христиануудын ажил амжилттай явагдаж байлаа. Ариун сүнс эхлээд Иерусалимд асгарсан ба Бурхны үг тэндээс цааш хурдан тархсан. Иерусалимд мөрдлөг хавчлага эхэлсний улмаас шавь нар Иуда болон Самари нутгаар тархан оджээ. Тэгээд яасан бэ? «Тархсан хүмүүс явсан зүг бүрдээ үгийг тунхагласаар байв» (Үйлс 8:1, 4). Нэгэн хүнд дэлгэрүүлэх зааврыг Филипт өгсөн ба тэр хүн баптисм хүртсэнийхээ дараа Этиопт сайн мэдээ хүргэж ирсэн юм (Үйлс 8:26–28, 38, 39). Лудда, Шарон болон Иоппад үнэн түргэн тархсан (Үйлс 9:35, 42). Хожим нь Паул тэнгис болон хуурай газраар олон мянган километр зам туулан аялж, Газрын дундад тэнгис хавийн олон оронд хурлуудын үндсийг тавьсан. Элч Петр Вавилон уруу явсан (1 Петр 5:13). МЭ 33 оны Пентекостын өдөр ариун сүнс асгарснаас хойш 30 орчим жилийн дараа Паул сайн мэдээ «тэнгэрийн доорх бүх бүтээлд тунхаглагдсан», өөрөөр хэлбэл, магадгүй тэр үеийн хүмүүсийн нийтээрээ мэддэг байсан нутаг оронд тархсан хэмээн бичсэн (Колоссай 1:23).

12. Христиан шашныг эсэргүүцэгчид Бурхны үг нутаг дэвсгэрээ тэлэн түгэж байгааг хэрхэн хүлээн зөвшөөрсөн бэ?

12 Бурхны үг Ромын эзэнт гүрэн даяар түгэн тархсаныг христиан шашныг эсэргүүцэгчид хүртэл хүлээн зөвшөөрсөн. Жишээ нь: Грекийн хойд хэсэгт байдаг Тесалоник хотын эсэргүүцэгчид хэрхэн хашгиралдаж байсныг Үйлс 17:6-д: «Дэлхийг үймүүлсэн эдгээр хүмүүс энд бас хүрч ирсэн байна» хэмээн бичжээ. Хожим МЭ II зууны эхээр Бага Плиний Битинд байхдаа Ромын эзэн хаан Траяанд христиан шашны талаар: «[Энэ шашин] зөвхөн хотуудаар тархаад зогсоогүй ойр хавийн тосгон, суурингуудаар халдвараа тараасан байна» хэмээн унтууцан бичжээ.

13. Бурхны үг нутаг дэвсгэрээ тэлэн түгсэн нь хүн төрөлхтөнд үзүүлсэн түүний хайрыг хэрхэн тусгасан бэ?

13 Бурхны үг ийнхүү нутаг дэвсгэрийн хувьд хүрээгээ тэлэн түгсэн нь золиосын шаардлагатай болсон хүн төрөлхтнийг хайрлах Еховагийн аугаа хайрын илрэл байсан билээ. Еврей бус үндэстэн Корнел дээр ариун сүнс асгарахыг хараад Петр: «Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг гэдгийг би үнэхээр сайн ойлгов» гэж хэлсэн (Үйлс 10: 34, 35). Тийм ээ, сайн мэдээ бүх үндэстэнд зориулагдсан бөгөөд Бурхны үг нутаг дэвсгэрээ тэлэн түгсэнээр хүмүүс Еховагийн хайрыг хаа сайгүй хүртэх боломжтой болсон. XXI зуунд Бурхны үг үнэхээр бүх дэлхий даяар түгсэн.

«Үлэмж хүчтэй тархсан» нь

14. Үйлс 19:20-д ямар өсөлтийн талаар бичсэн бэ? Бурхны үг юунаас илүүгээр «үлэмж хүчтэй тархсан» бэ?

14 Бурхны үгийн тархалтын талаар гуравдахь удаад Үйлс 19:20-д: «Ийн Эзний [«Еховагийн», ШЕ] үг үлэмж хүчтэй тархан бэхжсээр байлаа» хэмээн бичсэн байдаг. «Үлэмж хүчтэй» гэж орчуулсан грек эх үг нь «хүч, бяр» гэсэн санааг илэрхийлдэг ажээ. Өмнөх зүйлүүдэд Ефес хотынхноос олон хүн итгэгч болж, ид шид үзүүлдэг байсан зарим хүн ном хэрэгслээ олны нүдэн дээр шатаасан тухай өгүүлдэг. Тийнхүү Бурхны үг хуурамч шашин шүтлэгээс илүүгээр «үлэмж хүчтэй тархсан». Сайн мэдээ хавчлага гэх мэтийн саад бэрхшээлд сааталгүй «үлэмж хүчтэй тархсан». Түүний тархалтыг юу ч зогсоож чадахгүй байлаа! Үүнтэй гайхалтай адил үйл явдал орчин үеийн жинхэнэ христиануудын дунд буй болж байна.

15. а) Нэгэн Библи судлаач, түүхч эртний христиануудын талаар юу гэж бичсэн бэ? б) Шавь нар өөрсдийнхөө амжилтыг хэнийх гэж үзэж байсан бэ?

15 Элч нар болон бусад эртний христианууд Бурхны үгийг идэвхийлэн тунхаглаж байв. Нэгэн Библи судлаач, түүхч тэдний талаар ажигласан зүйлээ: «Хүмүүс Эзнийхээ тухай ярихыг хүсвэл яаж л бол яаж ярьж чаддаг байв. Үнэндээ тэдгээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хөдөлгөж байсан хүчин зүйл нь хэрэглэдэг байсан аргаас нь илүүгээр бидний гайхлыг төрүүлж байна» хэмээн бичжээ. Тийм хэдий ч эртний христианууд дэлгэрүүлэх ажлынх нь амжилт тэдний дан ганц идэвх зүтгэлээс хамаараагүйг хүлээн зөвшөөрч байсан. Сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг тэдэнд Бурхан өгсөн бөгөөд мөн туслан дэмжиж байв. Сүнслэг өсөлт Бурхнаас хамааралтай байсан юм. Коринт хотын хуралд бичсэн захидалдаа Паул үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэрбээр: «Би тарьсан, Апол усалсан. Харин Бурхан ургуулсан юм. Учир нь бид Бурхны хамтран зүтгэгчид» хэмээн бичжээ (1 Коринт 3:6, 9).

Ариун сүнсний тусламж

16. Ариун сүнс шавь нарт зоригтойгоор ярих хүч өгч байсныг хаанаас мэдэж болох вэ?

16 Ариун сүнс Бурхны үгийн өсөлтөд тодорхой үүрэг гүйцэтгэж, шавь нарт дэлгэрүүлэх ажил хийх хүч өгөх болно хэмээн Есүсийн батлан илэрхийлж байсныг санацгаая (Үйлс 1:8). Энэ амлалт яаж биелсэн бэ? Пентекостын өдөр ариун сүнс асгарснаас хойш тун удалгүй Петр Иохан хоёр иудейн дээд шүүх буюу Зөвлөлийн өмнө үг хэлсэн. Зөвлөлийн шүүгчид Есүс Христийг цаазлан хороосны хариуцлагыг хүлээх ёстой хүмүүс байлаа. Элч нар тийм сүрлэг бөгөөд дайсагнасан уур амьсгалтай чуулганы өмнө айн чичирсэн үү? Огт үгүй! Ариун сүнс Петр Иохан хоёрт хүч өгсөн бөгөөд тэд дайснууд нь алмайран гайхаж, «Есүстэй хамт байсныг нь мэдтэл» зоригтой ярьжээ (Үйлс 4:8, 13). Стефан ч мөн адил ариун сүнсний хүчээр Зөвлөлийн өмнө зоригтойгоор гэрчилсэн билээ (Үйлс 6:12; 7:55, 56). Үүнээс өмнө ариун сүнс шавь нарт зоригтойгоор дэлгэрүүлэх хүч өгч байв. «Залбирч байтал тэдний цугларан байсан газар нь доргин чичэрхийлэв. Тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, Бурхны үгийг зоригтойгоор ярьж эхлэв» хэмээн Лук бичжээ (Үйлс 4:31).

17. Шавь нарын үйлчлэх ажилд ариун сүнс өөр ямар замаар тусалдаг байсан бэ?

17 Ехова хүчирхэг ариун сүнснийхээ тусламжтайгаар дахин амилсан Есүстэй хамт дэлгэрүүлэх ажлыг удирдаж байсан (Иохан 14:28; 15:26). Ариун сүнс Корнел болон түүний төрөл садан, дотны андууд дээр асгарахад элч Петр хөвч хөндүүлээгүй еврей бус хүмүүс ч гэсэн Есүс Христийн нэрээр баптисм хүртэх шаардлагыг хангаж болдгийг ойлгосон (Үйлс 10:24, 44–48). Хожим Барнаб болон Саулыг (элч Паул) миссионерийн ажилд томилоход ариун сүнс гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд хаашаа явах хэрэгтэй ба хаашаа явж болохгүйг тэдэнд сүнс зааж байлаа (Үйлс 13:2, 4; 16:6, 7). Мөн Иерусалим дахь элч нар болон ахлагчдыг шийдвэр гаргахад нь сүнс удирдаж байв (Үйлс 15:23, 28, 29). Түүнээс гадна христиан хурлын харгалзагчдыг томилох ажлыг ариун сүнс удирдаж байлаа (Үйлс 20:28).

18. Эртний христианууд хайраа хэрхэн илэрхийлж байсан бэ?

18 Түүнээс гадна ариун сүнс христиануудад хайр гэх мэтийн Бурханд таалагддаг чанаруудыг бий болгон үйлчилж байв (Галат 5:22, 23). Шавь нарт хайр бие биеэ туслан дэмжих хөшүүрэг болсон. Жишээ нь: МЭ 33 оны Пентекостын өдрөөс хойш Иерусалимын шавь нар материаллаг хэрэгцээгээ хангах тусгай сан байгуулсан байна. Энэ тухай Библид: «Гачигдаж дутагдсан хүн тэдний дунд байсангүй. Учир нь газар, орон байр эзэмшигчид нь цөмөөрөө тэд бүгдээ худалдсан өртгийг нь авчирж, элч нарын хөлд тавихад, тэд хүн бүрд хэрэгцээнийх нь хэрээр хуваарилдаг байлаа» хэмээн өгүүлсэн байдаг (Үйлс 4:34, 35). Христианууд бие биеэ хайрлаад зогсоогүй, итгэгч биш хүмүүст сайн мэдээ дэлгэрүүлж, сайн үйл үйлдэн хайраа илэрхийлж байлаа (Үйлс 28:8, 9). Дагалдагчид нь амь биеэ үл хайрлах хайраараа ялгарах болно гэж Есүс хэлсэн (Иохан 13:34, 35). Хамгийн гол чанар болох энэхүү хайр нь хүмүүсийг Бурхан уруу татаж, Бурхны үг нэгдүгээр зуунд ч, орчин үед ч түгэн тархахад нөлөөлсөн нь дамжиггүй (Матай 5:14, 16).

19. а) Нэгдүгээр зуунд Бурхны үг ямар гурван чиглэлээр өссөн бэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

19 «Ариун сүнс» гэдэг үг «Үйлс» номд нийтдээ 41 удаа гардаг. Нэгдүгээр зууны жинхэнэ христиануудын өсөлт ариун сүнсний хүч болоод удирдлагатай холбоотой байсан нь эргэлзээгүй. Шавь нарын тоо өсөж, Бурхны үг өргөн уудам нутагт, тэр үеийн шашин болоод гүн ухааны сургаалаас илүүгээр «үлэмж хүчтэй тархаж» байлаа. Орчин үеийн Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагаа нэгдүгээр зууны үеийн өсөлттэй адил хэмжээнд явагдаж байгаа билээ. Дараагийн өгүүллэгээр бид орчин үед Бурхны үг нэгдүгээр зууныхаас дутуугүй гайхалтай өсөж байгаа талаар үзэх болно.

Та санаж байна уу?

• Нэгдүгээр зуунд шавь нарын тоо хэрхэн өссөн бэ?

• Бурхны үг нутаг дэвсгэрт ямар байдлаар тархсан бэ?

• Нэгдүгээр зуунд Бурхны үг яаж «үлэмж хүчтэй тархсан» бэ?

• Бурхны үг түгэн тархахад ариун сүнс ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

[Догол мөрийн асуулт]