Агуу үйлсийнх нь төлөө Еховаг магтагтун!
Агуу үйлсийнх нь төлөө Еховаг магтагтун!
«Сэтгэл минь Эзнийг [«Еховаг», ШЕ] дээдэлнэ... Учир нь Хүчит Нэгэн миний төлөө агуу үйлсийг хийв» (ЛУК 1:46–49).
1. Ямар агуу үйлсийнх нь төлөө бид Еховаг зүй ёсоор магтдаг вэ?
ЕХОВА агуу үйлсийнхээ төлөө магтаал хүлээх ёстой. Зөнч Мосе израильчууд Египетээс чөлөөлөгдөхөд юу юу болсныг тоочоод, дараа нь: «Та нар Эзний [«Еховагийн», ШЕ] үйлдсэн энэ бүх агуу үйлсийг нүдээрээ үзсэн билээ» хэмээн хэлсэн (Дэд хууль 11:1–7). Тэнгэр элч Габриел онгон эмэгтэй Мариад Есүсийн төрөх тухай хэлэхэд тэр эмэгтэй: «Сэтгэл минь Эзнийг [«Еховаг», ШЕ] дээдэлнэ... Учир нь Хүчит Нэгэн миний төлөө агуу үйлсийг хийв» гэж хэлжээ (Лук 1:46–49). Еховагийн Гэрчүүд бид мөн адил Израилийг Египетийн боолчлолоос чөлөөлсөн хийгээд хайртай Хүүгээ гайхамшгаар Мариагийн хэвлийд бүрэлдүүлсэн зэрэг агуу үйлсийнх нь төлөө Еховаг магтан алдаршуулдаг.
2. а) Бурхны «мөнхийн зорилго» дуулгавартай хүмүүсийн хувьд юу гэсэн үг вэ? б) Патм арал дээр Иоханд юу тохиолдсон бэ?
2 Еховагийн олон агуу үйл дуулгавартай хүмүүсийг Мессиа болон Хаанчлалаараа дамжуулан ивээх «мөнхийн зорилготой» нь холбоотой (Ефес 3:8–13). Хөгшин настай болсон элч Иохан үзэгдэлд тэнгэрийн нээлттэй хаалгаар шагайх боломж олдоход дээрх зорилго үе шаттайгаар биелж байгаа нь харагдсан. Иохан: «Наашаа гараад ир. Үүний дараа юу тохиолдох ёстойг Би чамд үзүүлье» хэмээн бүрээнийх шиг дуу сонссон (Илчлэлт 4:1). Ромын засаг төр «Бурхны үг болоод Есүсийн мэдүүлсэн үнэнийг тунхагласан учир» Иоханыг Патм арал дээр цөлсөн бөгөөд энэ үед түүнд «Есүс Христийн илчлэлт» өгөгджээ. Элчийн үзэж, сонссон зүйл Бурхны «мөнхийн зорилгын тухай» олон юмыг илчилсэн бөгөөд энэ нь бүх үнэнч христиануудыг сүнслэг талаар нь гэгээрүүлж, цаг тухайд нь урамшуулан зоригжуулсан юм (Илчлэлт 1:1, 9, 19).
3. Иоханы үзэгдлээр үзсэн 24 ахлагч хэнийг төлөөлдөг вэ?
3 Ио хан толгойдоо титэм өмсөөд сэнтийдээ залран байгаа хаад лугаа адил 24 ахлагчийг тэнгэрийн нээлттэй хаалгаар харсан. Тэд Бурхны өмнө сөгдөн мөргөөд: «Бидний Эзэн [«Ехова», ШЕ] ба Бурхан минь, Та алдар, хүндэтгэл, хүчийг авах нь зохистой. Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас тэдгээр нь оршсон бөгөөд бүтээгдсэн юм» хэмээн хэлэх ажээ (Илчлэлт 4:11). Эдгээр ахлагч бол өөрсдөд нь Бурхны амласан тэр өргөмжит байрыг эзлээд байгаа дахин амилсан тослогдсон христиануудыг төлөөлдөг юм. Тэд бүтээлтэй холбоотой агуу үйлсийнх нь төлөө Еховаг магтан дуулдаг билээ. Бид ч мөн адил Еховагийн «мөнх хүч ба хосгүй Бурхан болохыг» нь гэрчлэх зүйлсийг хараад бишрэн гайхдаг (Ром 1:20, ШЕ). Бид Еховаг хэдийчинээ сайн мэднэ агуу үйлсийнх нь төлөө түүнийг төдийчинээ магтан алдаршуулах учиртай болно.
Еховагийн магтууштай үйлсийг тунхаглагтун!
4, 5. Давид Еховаг хэрхэн магтаж байсан жишээнүүдээс дурдана уу.
4 Дуулалч Давид агуу үйлсийнх нь төлөө Бурхныг магтдаг байсан. Жишээ нь: «Сионд оршигч Эзэнд [«Еховад», ШЕ] магтаалыг дуулагтун. Түүний үйлсийг хүмүүсийн дунд зарлагтун. Эзэн [«Ехова», ШЕ], намайг өршөөгөөч. Үхлийн дааман хаалганаас намайг босгодог Та намайг үзэн ядагчдаас ирдэг зовлон зүдүүрийг минь хараач. Тэгвэл би Таны бүх магтаалыг [«магтууштай үйлсийг», ШЕ] зарлах бөгөөд Сионы охины дааман хаалганд би Таны авралд баясна» хэмээн дуулжээ (Дуулал 9:11, 13, 14). Давид хүү Соломондоо сүмийн зургийг өгөхдөө Бурхныг: «Өө, Эзэн [«Ехова», ШЕ] минь, агуу сүр, хүч чадал, яруу алдар, ялалт, цог жавхлан... ноёрхол ч Таных бөгөөд Та Өөрийгөө бүхний тэргүүнээр өргөмжилдөг билээ. [...] Иймээс одоо, Бурхан минь ээ, бид Танд талархаж, Таны цог жавхлант нэрийг магтья» хэмээн ерөөж магтсан (Шастирын дээд 29:10–13).
5 Ариун Судар биднээс Бурхныг Давид шиг магтахыг шаргуу урин дуудаж, шахан шаарддаг. «Дуулал» номд Бурханд хандсан магтаалын үг олон байдаг бөгөөд эдгээр дууны хагас орчмыг нь Давид бичсэн ажээ. Давид Еховаг байнга магтан дуулж, талархдаг байсан (Дуулал 69:30). Түүнээс гадна, бүр дээр үеэс Давид болон бусад хүний онгодоор хөтлүүлэн бичсэн бүтээлүүд Еховаг магтан дуулахад зориулагдаж байсан.
6. Бурхнаар хөтлүүлэн бичигдсэн «Дуулал» ном бидэнд ач тустай нь юунаас харагддаг вэ?
6 «Дуулал» ном Еховагийн үйлчлэгчдэд их ач тустай билээ! Бидэнд зориулсан бүх агуу үйлсийнх нь төлөө Бурханд талархах хүсэл төрвөл «Дуулал» номын гайхамшигтай үгсэд анхаарлаа хандуулах нь зүйтэй. Жишээ нь, бид өглөө сэрээд: «Өө, Хамгийн Дээд Нэгэн, Эзэнд [«Еховад», ШЕ] талархлыг өргөн, Таны нэрд магтан дуулах нь сайн юм. Өглөө Таны хайр энэрлийг, шөнөөр Таны итгэлтэй байдлыг... тунхаглах нь ч сайн. Учир нь Эзэн [«Ехова», ШЕ] Та хийсэн зүйлсээрээ намайг баярлуулсан бөгөөд би Таны гарын үйлсийн улмаас баясгалантайгаар дуулна» гэсний адилаар магтан дуулах хүсэл төрж болох юм (Дуулал 92:1–4). Сүнслэг талаараа өсөхөд маань саад болж байгаа зүйлийг даван туулахдаа: «Ирэгтүн, Эзэнд [«Еховад», ШЕ] баясгалантайгаар дуулцгаан, авралынхаа хаданд баяртайгаар хашхирцгаая. Түүний өмнө талархалтайгаар ирж, Түүнд дууллуудаар баяртайгаар хашхирцгаая» хэмээн дуулсан дуулалчийн адилаар баяр талархлаа илэрхийлэн залбирах хүсэл төрж болох юм (Дуулал 95:1, 2).
7. а) Христиануудын дуулдаг олон дуу юугаараа анхаарал татдаг вэ? б) Цуглаанд эртхэн ирж, дуустал нь байхын нэг шалтгаан нь юу байдаг вэ?
7 Бид гол төлөв хурлын цуглаан болон чуулган дээр хамтдаа Еховаг магтан дуулдаг. Олон дуу «Дуулал» номын онгодоор хэлүүлсэн санаанууд дээр үндэслэсэн байдаг нь анхаарал татдаг. Бид өнөөдөр Еховаг магтан дуулах орчин үеийн, сэтгэл догдлом дууны цомогтой байгаа маань юутай завшаан бэ! Бурхнаа магтан дуулах нь цуглаандаа эртхэн ирж, цуглаан дуусахаас өмнө гараад явчихдаггүйн нэг гол шалтгаан болдог. Учир нь бид цуглааныхаа эхэн ба төгсгөлд итгэл нэгтнүүдийнхээ хамт Еховаг магтан дуулж, залбирдаг билээ.
«Ягийг магтагтун!»
8. «Халлелуяа» гэдэг үг ямар утгатай вэ?
8 «Ягийг магтагтун!» гэсэн утгатай эртний еврей хэллэгийг галиглан бичсэн «Халлелуяа» гэдэг үгэнд Еховаг магтах санаа байдаг. Жишээ нь: Дуулал 135:1–3-т: «Эзнийг [«Ягийг», ШЕ] магтагтун! Эзний [«Еховагийн», ШЕ] нэрийг магтагтун. Эзний [«Еховагийн», ШЕ] зарц нар аа, магтагтун, Эзний [«Еховагийн», ШЕ] өргөөнд, бидний Бурхны өргөөний хашаанд зогсогчид оо, та нар Эзнийг [«Ягийг», ШЕ] магтагтун. Учир нь Эзэн [«Ехова», ШЕ] бол сайн. Түүний нэрд магтан дуулагтун. Учир нь тэр сайхан юм» гэсэн сэтгэл зүрхнээсээ хичээнгүйлэн гуйсан уриалга байдаг.
9. Еховаг магтахад бидэнд юу нөлөөлдөг вэ?
9 Бурхны гайхамшигтай бүтээлүүд болон бидний төлөө хийсэн бүх үйлсийг нь сайтар тунгаан бодоход түүнийг чин зүрхнээсээ хүндэтгэн магтах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг. Ард түмнийхээ төлөө Еховагийн хийж байсан гайхамшигт зүйлсийн талаар эргэцүүлэхэд түүнийг өөрийн эрхгүй магтан алдаршуулмаар санагддаг. Мөн ирээдүйд Еховагийн хийх агуу үйлсийн талаар эргэцүүлэн бодоход түүнийг магтан талархах хүсэл аяндаа төрдөг.
10, 11. Амьд ахуй байгаа маань Еховаг магтах шалтгаан болдгийн учир юу вэ?
10 Бидний амьд ахуй байгаа маань ч Еховаг магтах шалтгаан болдог. Давид: «Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул Танд [Еховад] талархал өргөнө. Таны үйлс бол гайхалтай бөгөөд миний сэтгэл ч үүнийг маш сайн мэддэг юм» хэмээн дуулжээ (Дуулал 139:14). Тийм ээ, бид үнэхээр «гайхамшигтай бүтээгдсэн» бөгөөд харах, сонсох, бодож сэтгэх гэх мэтийн гайхамшигтай бэлгийг бидэнд өгчээ. Энэ нь Бүтээгчээ магтан алдаршуулахаар амьдрах хүслийг бидэнд төрүүлэхгүй гэж үү? Паул: «Та нар идэж уухдаа, эсвэл юу ч хийсэн Бурхны алдрын төлөө бүхнийг хий» хэмээн хэлэхдээ чухам ийм санаа илэрхийлсэн юм (1 Коринт 10:31).
11 Хэрэв бид Еховад хайртай бол бүхнийг түүний алдрын төлөө хийх болно. Есүс анхны тушаалаа: «Чи өөрийн Бурхан Эзнийг [«Еховаг», ШЕ] бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлагтун» гэж илэрхийлсэн (Марк 12:30; Дэд хууль 6:5). Бид Еховаг хайрлаж, түүнийг Бүтээгч маань бөгөөд «аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлгийг» Бэлэглэгч хэмээн магтан алдаршуулж байх хэрэгтэй нь эргэлзээгүй (Иаков 1:17; Исаиа 51:13; Үйлс 17:28). Яагаад гэвэл бид сэтгэн бодох чадвар болон оюуны чадавхи, хүч тамир зэрэг бүх чанар, чадвараа Еховагаас авсан билээ. Тийм учраас Ехова бол бид бүхнийг Бүтээгчийн хувьд хайр хүндэтгэл хийгээд магтаал ерөөлийг маань хүртвэл зохих Нэгэн бөлгөө.
12. Еховагийн агуу үйлс болон «Дуулал» 40:5-д бичигдсэн үгс танд ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?
12 Еховагийн агуу үйлс өөрийг нь хайрлаж, магтах түмэн шалтгаан болдог! Давид: «Миний Бурхан Эзэн [«Ехова», ШЕ], Таны үйлдсэн гайхамшгууд болоод биднийг бодсон Таны бодол санаанууд олон юм. Тантай эн зэрэгцэхүйц хэн ч байхгүй. Би тэдгээр гайхамшгуудыг зарлан хэлье гэсэн ч тэд тоолшгүй олон юм» хэмээн дуулжээ (Дуулал 40:5). Давид Еховагийн бүх гайхамшигт үйлийг тоочиж чадаагүй бөгөөд бид ч мөн адил чадахгүй. Тэглээ ч гэсэн Бурхны агуу үйлсийн аль нэгэнд нь анхаарлаа хандуулах үедээ түүнийг үргэлж магтаж байя.
Бурхны «мөнхийн зорилготой» холбоотой үйлс
13. Бидний найдвар Бурхны агуу үйлстэй хэрхэн нягт холбоотой байдаг вэ?
13 Ирээдүйдээ найдах бидний найдвар Бурхны «мөнхийн зорилготой» холбоо бүхий тэрхүү агуу бөгөөд магтууштай үйлстэй нягт холбоотой. Еденд үүссэн самууны дараахан Ехова найдвар төрүүлсэн анхны зөгнөл хэлсэн. Бурхан могойд шийтгэл оноон: «Би чамайг тэр эмэгтэйтэй өс хонзонтой, бас чиний үр хүүхдийг [«үрийг», ШЕ] тэр эмэгтэйн үр хүүхэдтэй [«үртэй», ШЕ] өс хонзонтой болгох болно. Тэр эмэгтэйн үр хүүхэд [«үр», ШЕ] чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болно» хэмээн хэлсэн (Эхлэл 3:15). Ехова ёс бус ертөнцийг устгасан Усан галавын үеэр Ноа болон түүний гэр бүлийнхнийг хамгаалан үлдээж, агуу үйл үйлдсэний дараа ч Бурхны амласан «эмэгтэйн үр»-д найдах найдвар Еховад үнэнч хүмүүсийн зүрх сэтгэлд байсаар байв (2 Петр 2:5). Абрахам Давид зэрэг үнэнч хүмүүст зөгнөлөөр өгөгдсөн амлалт нь тэр «үр»-ээр дамжуулан Еховагийн гүйцэтгэх зүйлийн талаар илүү ихийг мэдэж авах боломж олгосон (Эхлэл 22:15–18; 2 Самуел 7:12).
14. Хүн төрөлхтний төлөө Еховагийн үйлдсэн хамгийн агуу үйлсийн нэг нь юу вэ?
14 Хүн төрөлхтний тусын тулд Еховагийн үйлдсэн агуу үйлсийн нэг нь «цорын ганц Хүүгээ» буюу амласан «үр» Есүс Христийг золих тахил болгон өгсөн явдал юм (Иохан 3:16; Үйлс 2:29–36). Золиос нь хүмүүс Бурхантай эвлэрэх үндэс болсон (Матай 20:28; Ром 5:11). Ехова өөртэй нь эвлэрсэн анхны хүмүүсийг МЭ 33 оны Пенткостын өдрөөр христиан хуралд нэгтгэсэн. Тэд ариун сүнсний тусламжтайгаар сайн мэдээг газар сайгүй дэлгэрүүлж, Есүс үхээд дахин амилсан нь дуулгавартай бүх хүнд Бурхны тэнгэрийн Хаанчлалын удирдлагын дор мөнхийн ивээл хүртэх боломж нээгдсэнийг тайлбарлаж байлаа.
15. Бидний цаг үед Ехова ямар гайхамшигт үйлс бүтээж байна вэ?
15 Бидний цаг үед Ехова сүүлчийн тослогдсон христиануудыг цуглуулан, гайхамшигт үйлс бүтээж байна. Христтэй хамт тэнгэрээс захирах 144 000 хүнээс үлдэгсдийг «тамгалж» дуусахын тулд одоо сүйрлийн «салхийг» тогтоон барьж байгаа билээ (Илчлэлт 7:1–4; 20:6). Бурхан тослогдсон христиануудыг хуурамч шашны дэлхийн эзэнт гүрэн болох «агуу их Вавилоны» сүнслэг боолчлолоос чөлөөлсөн (Илчлэлт 17:1–5). 1919 онд чөлөөлөгдөж, түүнээс хойш Бурхны хамгаалалтад байгаа нь тослогдогсдод ямар боломж олгосон бэ? Маш хурдан ойртон ирж байгаа «агуу их гай гамшгийн» үед Сатаны ёс бус тогтолцоонд Ехова төгсгөл тавихаас өмнөх сүүлчийн гэрчлэлд оролцон «гэрэлтэх» боломж олгосон (Матай 24:21; Даниел 12:3; Илчлэлт 7:14).
16. Хаанчлалын тухай мэдээг дэлхий даяар тунхаглах орчин үеийн ажлын үр дүн ямар байна вэ?
16 Еховагийн тослогдсон Гэрчүүд Хаанчлалын тухай мэдээг дэлхий даяар тунхаглан зарлах ажилд идэвх зүтгэл гарган манлайлсан. Үүний ачаар өнөөдөр Еховаг шүтэх «өөр хонинуудын» тоо улам өсөж байна (Иохан 10:16, МБОХ, 1996). Еховаг магтан алдаршуулах үйлсэд дэлхийн номхон даруу хүмүүс бидэнтэй нэгдэн нийлэх боломж байсаар байгаад бид их баяртай байдаг. «Ирээрэй» гэх урилгыг хүлээн авсан хүмүүсийг «агуу их гай гамшгийн» үеэр хамгаалах бөгөөд тэд цаашид Еховаг үүрд мөнх магтах болно (Илчлэлт 22:17).
Жинхэнэ шүтлэгт мянга мянган хүн нэгдэн нийлж байна
17. а) Ехова дэлгэрүүлэх ажилтай маань холбоотой ямар агуу үйлс бүтээж байна вэ? б) Зехариа 8:23 хэрхэн биелж байна вэ?
17 Эдүгээ Ехова дэлгэрүүлэх ажилтай маань холбоотой гайхамшигтай бөгөөд магтууштай үйлс бүтээж байна (Марк 13:10). Сүүлийн жилүүдэд Ехова дэлгэрүүлэх ажлын «үлэмж том, үр нөлөөтэй хаалга» нээсэн (1 Коринт 16:9). Энэ нь юу вэ гэвэл урьд өмнө нь үнэний дайснуудын саад болдог байсан өргөн уудам нутаг дэвсгэрт сайн мэдээ дэлгэрүүлэх боломжийг олгосон. Энэ үеийг хүртэл сүнслэг харанхуйд байсан олон хүн Еховаг шүтэх уриалгыг хүлээн авч байна. Тэдний хувьд: «Түмэн цэргийн Эзэн [«Ехова», ШЕ] ингэж айлдаж байна. „Тэдгээр өдрүүдэд бүх үндэстнүүдээс арван хүн нэг иудей хүний хувцаснаас зууран“ „Биднийг өөртэйгөө хамт явуулаач. Бурхан чамтай хамт байгааг бид сонслоо“ гэх болно» хэмээсэн зөгнөлийн үг биелж байгаа хэрэг юм (Зехариа 8:23). Бурхантай хамт байгаа «иудей хүн» бол сүнслэг иудей буюу дэлхийд одоо байгаа тослогдсон христиануудын үлдэгдэл юм. Аравын тоо бол дэлхий дэх аливаа юмны төгс төгөлдрийн бэлэгдэл болохоор «арван хүн» бол «Бурхны Израильтай» нэгдэн «нэг хонин сүргийг» бүрдүүлдэг «үй олон хүмүүс» юм (Илчлэлт 7:9, 10; Галат 6:16). Ехова Бурхныг шүтэх ариун үйлчлэлд хамтдаа хүчин зүтгэж байгаа төчнөөн олон хүнийг харахад юутай таатай!
18, 19. Дэлгэрүүлэх ажлыг Ехова ивээдэг нь юунаас харагддаг вэ?
18 Хуурамч шашин давамгайлсан бөгөөд сайн мэдээг нэг ч хүн хүлээн авахгүй юм шиг санагддаг улс оронд хэдэн арван мянгаас хэдэн зуун мянган хүн жинхэнэ шүтлэгийг сонгож байгааг харахад баярлахгүй байхын аргагүй. Энэ оны «Еховагийн Гэрчүүдийн жил тутмын номыг» нээгээд дэлгэрүүлэгчдийн тоо нь 100 000-аас 1 000 000 шахамд хүрсэн улс орнуудад анхаарлаа хандуулаарай. Энэ нь Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэх ажлыг Ехова ивээдгийн хөдлөшгүй баталгаа юм (Сургаалт үгс 10:22).
19 Бид Еховагийн ард түмний хувьд амьдралыг маань утга учиртай болгож, өөрт нь үйлчлэх нэр хүндтэй даалгавар өгөн, ирээдүйгээ өөдрөг сайнаар харах боломж олгосон тэнгэрийн Эцгээ талархан магтдаг билээ. Бид Бурхны бүх амлалт биелэхийг тэсэж ядан хүлээхийн зэрэгцээ «мөнх аминд хүргэх... Бурхны хайр дотор өөрсдийгөө сахих» шийдвэр төгс байдаг (Иуда 20, 21). Бурхныг магтан алдаршуулагч «үй олон хүний» тоо эдүгээ 6 000 000 орчим болсон нь юутай баярлан бахдмаар хэрэг вэ! Еховагийн ивээлийн ачаар тослогдсон үлдэгдэл өөрийн хамтран зүтгэгчид буюу «өөр хонинууд»-тай хамт 235 оронд 91 000 орчим хурал зохион байгуулжээ! «Итгэмжит ухаалаг боол» шаргуу хөдөлмөрийнхөө дүнд биднийг чанар сайтай сүнслэг хоол ундаар бүрэн дүүрэн хангадаг билээ (Матай 24:45). Дэвшин урагшилж байгаа теократ байгууллага Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэх ажлыг Еховагийн Гэрчүүдийн 110 салбараар дамжуулан халамжлан удирддаг юм. Ехова ард түмнийхээ зүрх сэтгэлийг «үнэт зүйлсээрээ [өөрийг нь] дээдэлдэг» болгодогт бид Еховад талархдаг (Сургаалт үгс 3:9, 10, ШЕ). Үүний ачаар дэлхий даяар дэлгэрүүлэх үйл ажиллагаа маань үргэлжилж, шаардлагатай үед хэвлэх үйлдвэр, Бетел, Хаанчлалын танхим, Чуулганы танхимууд барьж байна.
20. Еховагийн агуу бөгөөд магтууштай үйлсийг эргэцүүлэн бодох нь бидэнд ямар нөлөөтэй вэ?
20 Тэнгэрийн Эцгийн маань агуу бөгөөд магтууштай үйлсийг бүгдийг тоочиж баршгүй. Гэвч чин үнэнч зүрх сэтгэлтэй хүн Еховаг магтдаг олон түмнээс ангид байж чадах уу? Үгүй гэдэг нь ойлгомжтой! Тэгэхлээр Бурхныг хайрладаг бүх хүн: «Эзнийг [«Ягийг», ШЕ] магтагтун! Тэнгэрүүдээс Эзнийг [«Ягийг», ШЕ] магтагтун! Түүний бүх тэнгэр элч нар аа, Түүнийг магтагтун! [...] Залуус болон онгон бүсгүйчүүд, хөгшчүүл ба хүүхдүүд тагтагтун. Тэднээр Эзний [«Еховагийн», ШЕ] нэрийг магтуул. Учир нь Түүний нэр л ганцаараа эрхэм дээд билээ. Түүний сүр жавхлан газар ба тэнгэрийн дээгүүр байдаг» хэмээн баяр хөөртэйгөөр хашхирцгаая (Дуулал 148:1, 2; 12, 13). Тийм ээ, агуу үйлсийнх нь төлөө Еховаг одоо ч, ирээдүйд ч тасралтгүй магтацгаая!
Та яаж хариулах вэ?
• Еховагийн магтууштай ямар ямар үйл байдаг вэ?
• Та ямар учраас Еховаг магтдаг вэ?
• Бидний найдвар Бурхны агуу үйлстэй ямар холбоотой вэ?
• Ехова Хаанчлалын тухай дэлгэрүүлэх ажилтай холбоотой магтууштай ямар үйлсийг хийсэн бэ?
[Догол мөрийн асуулт]