Skip to content

Гарчиг руу орох

Амьдралын ханиа сонгоход Бурхны удирдлага

Амьдралын ханиа сонгоход Бурхны удирдлага

Амьдралын ханиа сонгоход Бурхны удирдлага

«Би чиний явах ёстой замд чамд зааварлан зааж өгнө. Би чамайг ширтэн, чамайг зөвлөнө» (ДУУЛАЛ 32:8).

1. Гэр бүл аз жаргалтай байхад юу хэрэгтэй вэ?

 АГААРЫН гимнастикч савлаж байгаа дүүжин савлуураас үсрэн биеэ эвхэж, агаарт чадмаг нь аргагүй хэд эргээд биеэ тэнийлгэн гараа сунгахад өөр нэг дүүжин савлуур дээр савлаж байгаа гимнастикч түүнийг гараас нь шүүрэн авна. Уран гулгалтын хос мөсөн дээр гайхалтай сайхнаар гулгаж явснаа эрэгтэй нь эмэгтэйгээ гэнэт дээш өргөн, агаарт шидэхэд эмэгтэй нь агаарт хий эргэнгээ эвтэйхэн нь аргагүй газардан бууж, хостойгоо нийлэн цааш гулгасаар одно. Агаарын гимнастикчид ч тэр, уран гулгалтынхан ч тэр аль аль нь эдгээр хөдөлгөөнийг төвөггүй гүйцэтгэж байгаа юм шиг санагддаг. Тэгвэл бэлтгэлгүйгээр юм уу найдвартай хосгүйгээр, ялангуяа зөв зохистой удирдлагагүйгээр тэдний үзүүлбэрийг аз туршин хийхийг оролдох хүн гарах болов уу? Түүнтэй адил аз жаргалтай гэр бүл тохиолдлоор бий болдог шиг санагдаж болох юм. Гэвч гэр бүл аз жаргалтай байхад сайн хос, харилцан зохицсон хүчин чармайлт, ялангуяа мэргэн ухаалаг зөвлөгөө хэрэгтэй. Зөв зохистой удирдлага бүр ч чухал.

2. а) Гэр бүлийг анх хэн, ямар зорилгоор бий болгосон бэ? б) Заримдаа ямар байдлаар гэр бүл болдог байсан бэ?

2 Гэр бүл болоогүй залуус амьдралынхаа ханийн талаар бодох нь зүйн хэрэг. Ехова Бурхан анх гэр бүлийг бий болгосон тэр цагаас хойш гэр бүл амьдралын хэвийн үзэгдэл болсон. Гэхдээ анхны хүн Адам эхнэрээ өөрөө сонгоогүй. Ехова Адамыг хайрласандаа Еваг бүтээж өгсөн (Эхлэл 2:18–24). Анхны хосод хүүхэд төрүүлж, өсгөж үржүүлээд дэлхийг дүүргэх даалгавар өгсөн. Энэхүү анхны холбооноос хойш гэр бүл болох асуудлын талаар хүү болоод охины эцэг эх гол төлөв ямар нэг хэмжээгээр хүүхдүүдийнхээ зөвшөөрлийг авсны үндсэн дээр сүй тавин тохиролцдог байсан (Эхлэл 21:21; 24:2–4, 58; 38:6; Иошуа 15:16, 17). Зарим улс оронд сүй тавин гэр бүл болгох ёс заншил хадгалагдсаар байгаа хэдий ч өнөөдөр ихэнх залуус амьдралын ханиа өөрсдөө сонгодог болжээ.

3. Амьдралын ханиа сонгохдоо яах ёстой вэ?

3 Амьдралынхаа ханийг яаж сонгох вэ? Зарим хүнд нүдэнд аятайхан харагдах гадаад төрх нөлөөлдөг. Зарим нь болохоор материаллаг ашиг сонирхлыг гол болгон, тэр талаар санаа тавьж, хангах чадвартай хүнийг хайдаг. Зөвхөн тийм бодлого баримтлах юм бол баяр хөөр бялхсан аз жаргалтай гэр бүл цогцлон байгуулж чадах уу? «Дур булаам байдал хуурамч бөгөөд гоо үзэсгэлэн ч хоосон. Харин Эзнээс [«Еховагаас», ШЕ] эмээгч эмэгтэй л магтаал авах учиртай» гэж Сургаалт үгс 31:30-д байдаг. Энэ зүйлд амьдралын ханиа сонгохдоо Еховагийн удирдлагыг анхаарах ёстой гэсэн чухал санаа байгаа юм.

Бурхны, хайрандаа хөтлөгдсөн удирдлага

4. Амьдралын ханиа сонгох асуудал дээр Бурхан яаж тусалдаг вэ?

4 Тэнгэрийн халамжит Эцэг Ехова маань биднийг бүх зүйлд удирдан чиглүүлэхийн тулд өөрийн Үг Библийг бидэнд өгсөн. Ехова: «Би бол чиний Бурхан Эзэн [«Ехова», ШЕ] мөн. Би чамд тустайг сурган, чамайг явах ёстой замаар чинь удирддаг» гэж хэлсэн (Исаиа 48:17). Амьдралын ханиа сонгох асуудал дээр Библид цаг хугацааны шалгуур давсан хамгийн зөв удирдлага байдаг нь гайхах зүйл биш ээ. Ехова гэр бүлийг бат бэх, аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Тийм учраас удирдлагыг нь ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхэд Ехова тусалдаг. Үүнийг бид хайртай Бүтээгчээсээ хүсэн хүлээж болохгүй гэж үү? (Дуулал 19:8).

5. Гэр бүл удаан аз жаргалтай байхад юу туйлын чухал бэ?

5 Ехова гэр бүлийг анх салах ёсгүй холбоо болгон байгуулсан (Марк 10:6–12; 1 Коринт 7:10, 11). Тийм учраас Бурхан «салалтыг үзэн яддаг» бөгөөд зөвхөн «садар самууны» үндэстэй тохиолдолд салахыг зөвшөөрдөг (Малахи 2:13–16; Матай 19:9). Тийм болохоор амьдралын ханиа сонгох нь хамгийн чухал алхмуудын нэг бөгөөд үүнд хөнгөн хийсвэр хандаж болохгүй. Аз жаргалтай амьдрах эсэхэд маань хүчтэй нөлөөлөх шийдвэр олон байдаггүй ээ. Зөв сонголт амьдралыг баяжуулж, баяр баясгалантай болгодог байхад буруу сонголт эцэс төгсгөлгүй зовлон гуниг авчирдаг (Сургаалт үгс 21:19; 26:21). Бурхны санаа зорилгоор бол гэр бүлийн жаргал нь хос хоёр харилцан тохирч, хамтран ажиллахад суурилах ёстой байсан болохоор эцсээ хүртэл аз жаргалтай байхын тулд амьдралын ханиа ухаалгаар сонгож, ханьдаа үнэнч байх нь туйлын чухал болой (Матай 19:6).

6. Залуучууд амьдралын ханиа сонгохдоо онцгой анхаарах хэрэгтэйн учир юу вэ? Тэд яавал илүү ухаалаг шийдвэр гаргаж болох вэ?

6 Ялангуяа залуус амьдралын ханиа сонгохдоо царай зүс харах юм уу хазааргүй хүсэл тачаалдаа хөтлөгдөх нь буруу. Зөвхөн тийм хүчин зүйл дээр суурилсан гэр бүлийн харьцаа амархан бусниж, тэр ч байтугай үзэн ядахад хүргэдэг (2 Самуел 13:15). Нөгөө талаас хань болох хүнээ болон өөрийгөө сайн таньж мэдсэнээр бид бие биеэ улам илүү хайрладаг болно. Түүнээс гадна зүрх сэтгэлийн маань анхны тэмүүлэл бидний эрхэмлэвэл зохих зүйл биш байж болохыг бодолцох хэрэгтэй (Иеремиа 17:9). Чухам ийм учраас Библид бичсэн Бурхны заавар бидэнд тийм чухал билээ. Энэ заавар илүү ухаалаг зөв шийдвэр гаргахад бидэнд тусалдаг. Дуулалч: «Би чиний явах ёстой замд чамд зааварлан зааж өгнө. Би чамайг ширтэн, чамайг зөвлөнө» хэмээн Еховагийн үгийг дамжуулсан буй (Дуулал 32:8; Еврей 4:12). Гэр бүл нь хайрлан дурлаж, ханьсан нөхөрлөх төрөлхийн хэрэгцээ шаардлагыг маань хангахын зэрэгцээ араасаа олон бэрхшээл дагуулдаг бөгөөд түүнийг шийдвэрлэхэд нас бие гүйцэж төлөвшсөн хүний хэрсүү ухаан шаардагддаг.

7. Зарим хүн амьдралын ханиа сонгохдоо яагаад Библид үндэслэсэн зөвлөгөөг авдаггүй вэ? Энэ нь юунд хүргэдэг вэ?

7 Амьдралын ханиа сонгох асуудлаар гэр бүл Санаачлагчийн зөвлөгөөг дагах нь ухаалаг хэрэг болно. Эцэг эх, хурлын ахлагч нарын өгсөн Библид үндэслэсэн зөвлөгөө зарим залууст таалагдахгүй байж болно. Эцэг эх, ахлагч нар өөрсдийг нь бүрэн дүүрэн ойлгохгүй байгаа юм шиг санагдан, сэтгэлийн хэт хөөрөлдөө хөтлөгдөн, зүрхний дуудлагаа дагаж болох юм. Гэвч амьдралын бэрхшээлтэй тулгараад ирэхлээрээ өөрсдийнх нь сайн сайхны төлөө өгсөн ухаалаг зөвлөгөөг хүлээн аваагүйдээ харамсах хэрэг гарч ч болох юм (Сургаалт үгс 23:19; 28:26). Бие биедээ хайргүй болох, үр хүүхдээ өсгөхөд бэрхшээл тохиолдох, эсвэл хэн нэг нь нөгөөгийнхөө шүтлэг бишрэлийг хуваалцахгүй байж болох юм. Нэгэн цагт жаргалын үндэс болж байсан зүйл уй гашуугийн эх булаг болон хувирвал юутай гаслантай вэ!

Бурханд үнэнч байх нь хамгийн чухал

8. Бурханд үнэнч байх нь гэр бүлийг хэрхэн бат бэх бөгөөд аз жаргалтай болгодог вэ?

8 Харилцан бие биедээ сэтгэл алдран тэмүүлэх нь гэр бүлийг бат бэх болгодог нь зүйн хэрэг. Гэвч гэр бүл бат бэх, аз жаргалтай байхад нөхөр эхнэр хоёрын нийтлэг хүсэл зорилго бүхнээс чухал. Хоёулаа Ехова Бурханд үнэнч байх нь гэр бүлийг юунаас ч илүү эв нэгдэлтэй болгодог (Номлогчийн үгс 4:12). Христиан гэр бүлийн амьдрал Еховаг шүтэх жинхэнэ шүтлэгийг тойроод эргэлдэж байгаа бол энэ нь гэр бүлийн хосыг сүнслэг талаар болон сэтгэл зүрх, ёс суртахууны хувьд нэгэн цул болгож өгдөг. Бурхны Үгээ хамтдаа судалж, хамтдаа залбирах бөгөөд энэ нь тэдний зүрх сэтгэлийг нэгтгэж өгнө. Цуглаан болон дэлгэрүүлэх ажилд хамтдаа явна. Энэ бүхний үр дүнд тэднийг нэгтгэн нягтруулдаг сүнслэг холбоо бүрэлдэн тогтдог. Тэд Еховагийн ивээлийг хүртдэг нь бүхнээс чухал юм.

9. Исаакад эхнэр хайхдаа Абрахам хэрхсэн бэ? Энэ нь ямар үр дүнд хүрсэн бэ?

9 Итгэмжит эцэг Абрахам Бурханд үнэнч байсан учраас хүү Исаакдаа эхнэр хайх үйл ажиллагаагаа Бурхны хүсэл тааллын дагуу явуулсан. Абрахам гэрийнх нь бүх хэргийг хариуцдаг үнэнч, настай зарцдаа: «Би чамайг тэнгэрийн Бурхан ба газрын Бурхан болох Эзний [«Еховагийн», ШЕ] нэрээр чамайг тангараглая. Энэ нь чамайг миний амьдран сууж байгаа канаанчуудын охидоос хүүд минь эхнэр сонголгүй, харин миний нутагт, төрөл төрөгсдөд минь очиж, хүү Исаакт минь эхнэр авч өгөхийн тулд юм... Эзэн [«Ехова», ШЕ] Өөрийнхөө тэнгэр элчийг чиний өмнө илгээнэ. Тэгээд чи тэндээс миний хүүд эхнэр сонгох болно» гэж хэлсэн. Ребека Исаакийн хайрыг булаасан үзэсгэлэнтэй бүсгүй байсан (Эхлэл 24:3, 4, 7, 14–21).

10. Нөхөр эхнэрүүдэд Библийн ямар үүрэг ноогдддог вэ?

10 Гэр бүл болохтой холбоотой Библийн шаардлагад нийцсэн чанар хөгжүүлэхэд нь ганц бие христиануудад Бурханд үнэнч байдал тусална. Нөхөр болоод эхнэрийн зарим үүргийн талаар Паул: «Эхнэрүүд ээ, Эзэнд захирагддаг шиг нөхрүүддээ захирагд. [...] Нөхрүүд ээ, Христ чуулганыг [«хурлыг», ШЕ] хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла. [...] Нөхрүүд ч эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой. [...] Та нарын нэг бүр чинь өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла. Эхнэр нь нөхрөөсөө эмээж бай» хэмээн дурдсан буй (Ефес 5:22–33). Эндээс бид Бурхны онгод оруулан Паулаар хэлүүлсэн үг бие биеэ хайрлаж хүндэтгэхийн чухлыг онцлон тэмдэглэснийг ойлгож болно. Энэ зөвлөгөөг сахин мөрдөхөд Еховагаас эмээх явдал чухал. Ая таатай ч бай, хүнд хэцүү ч бай ямар ч цаг үед бие биедээ чин зүрхнээсээ үнэнч байх хэрэгтэй. Гэр бүл болох хүсэлтэй христианууд өөртөө тийм үүргийг хүлээх ёстой.

Гэр бүл болох цаг

11. а) Хэзээ гэрлэж болох талаар Библи юу зөвлөдөг вэ? 1 Коринт 7:36 [ШЕ]-гийн зөвлөгөөг мөрдөх нь зөв болохыг ямар жишээ харуулж байна вэ?

11 Гэр бүл болоход бэлэн эсэхээ мэдэх нь маш чухал. Хэдэн насандаа гэрлэхээ хүн бүр өөрийнхөөрөө шийдэх эрхтэй учраас Библид төдөн насандаа гэрлэх ёстой гэсэн тодорхой заалт байдаггүй. Гэвч сексийн хүчтэй хүсэл тачаалдаа хэт автаж болох «залуу халуун» үеэ өнгөртөл хүлээх нь дээр гэдгийг Библийн зүйлүүд харуулдаг (1 Коринт 7:36, ШЕ). «Найз нөхөд маань хорь ч хүрээгүй атлаа болзоонд явж, гэрлэцгээхийг харахад Библийн энэ зөвлөгөөг дагаж мөрдөх нь миний хувьд хэцүү юм шиг санагдаж байсан. Гэвч энэ зөвлөгөөг бидэнд зөвхөн сайн сайхныг хүсдэг Ехова л өгдөг шүү дээ гэдгийг ойлгосон. Би гэр бүл болохыг яаралгүй, Еховатай тогтоосон харьцаандаа анхаарлаа төвлөрүүлснээр балчир залуу насандаа олж авах боломжгүй амьдралын зарим туршлага хуримтлуусан билээ. Хэдэн жил өнгөрөхөд би гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг болон тохиолдож болох бэрхшээлийг даван гарахад илүү сайн бэлтгэлтэй болсон байлаа» хэмээн Мишель ярьсан юм.

12. Залуу насандаа яаран гэрлэх нь яагаад буруу вэ?

12 Хэтэрхий залуудаа яаран гэрлэсэн хүмүүс насаа ахиад ирэхээр хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхол нь өөрчлөгддөгийг мэдрэх нь цөөнгүй байдаг. Эхэн үедээ хэрэгтэй байсан зүйл яваандаа хэрэггүй болдгийг тэд ойлгодог. Нэгэн залуу христиан эмэгтэй 16 настайдаа нөхөрт гарахыг хүсжээ. Эмээ ээж хоёр нь ийм насандаа нөхөрт гарсан байжээ. Тэр үед эмэгтэйн хайрладаг байсан залуу гэрлэхээс татгалзахад эмэгтэй өөртэй нь гэрлэхийг зөвшөөрсөн өөр залуу олсон байна. Гэвч хожим тэр эмэгтэй яаран, эрт гэрлэсэндээ ихэд харамссан ажээ.

13. Эрт гэрлэсэн хүмүүст гол төлөв юу дутагддаг вэ?

13 Гэрлэх тухай бодохдоо түүнтэй холбоотой бүхнийг ухаарч ойлгох нь чухал. Эрт гэрлэхэд залуу хосын шийдвэрлэж чадахын аргагүй олон бэрхшээл үүсч гарч ирдэг. Тэдэнд гэр бүлийн амьдрал болон хүүхэд хүмүүжүүлэхэд тохиолдох бэрхшээлийг даван туулахад шаардлагатай туршлага, хашир зан дутаж болох юм. Хүн бат бэх гэр бүл болоход шаардлагатай бүх үүрэг хариуцлагаа үүрч чадахуйц бие бялдар, оюун санаа болон сүнслэг талын бүрэн бэлтгэлтэй болсон үедээ гэрлэх нь зүйтэй.

14. Гэр бүлд үүссэн бэрхшээлийг даван туулахад юу хэрэгтэй вэ?

14 Паул гэр бүл болж байгаа хүмүүс «махан биедээ зовлонтой болно» гэж бичсэн (1 Коринт 7:28). Хүн болгон өвөрмөц ааш араншинтай, асуудалд өөр өөрөөр ханддаг учраас гэр бүлд бэрхшээл үүсдэг. Төгс бус байдлаасаа болоод нөхөр, эхнэрүүд өөр өөрт нь оногдсон Библийн үүргээ биелүүлэхэд амаргүй байдаг (1 Коринт 11:3; Колоссай 3:18; Тит 2:4, 5; 1 Петр 3:1, 2, 7). Бурхны удирдлагыг хайж, амьдралдаа хэрэгжүүлэх хийгээд үүссэн бэрхшээлийг ухаалгаар даван туулахад гэр бүлийн хос сүнслэг талаараа төлөвшиж бэхэжсэн байх шаардлагатай.

15. Үр хүүхдээ гэр бүл болоход бэлтгэхэд эцэг эх ямар үүрэгтэй вэ? Жишээ хэлнэ үү.

15 Эцэг эхчүүд Бурхны удирдлагыг дагаж мөрдөхийн чухлыг ухамсарлаж ойлгоход нь туслан, үр хүүхдээ гэрлэхэд бэлтгэж болно. Эцэг эхчүүд Библи болон Библид үндэслэсэн хэвлэлүүдийг чадварлаг ашиглан, өөрөө болон хань болох хүн нь гэр бүл болоход бэлэн болсон эсэхийг тодорхойлоход нь хүүхдүүддээ тусалдаг *. Арван найман настай Блоссом охин хурлынхаа нэгэн залууд сэтгэлтэй болжээ. Тэр залуу нь бүрэн цагийн үйлчлэгч бөгөөд тэр хоёр гэрлэхийг хүсжээ. Гэтэл эцэг эх нь охиноо гэрлэхэд арай эрт байна гэж үзээд нэг жил хүлээзнэхийг санал болгосон байна. Хожим Блоссом: «Энэ ухаалаг зөвлөгөөг хүлээж авсандаа би ямар их баярласан гээч. Нэг жилийн хугацаанд би илүү төлөвшсөн бөгөөд залууд маань амьдралын сайн хань байхад шаардлагатай чанарууд байхгүйг ажиглаж мэдсэн билээ. Эцэстээ тэр залуу байгууллагыг орхисон бөгөөд би амьдралд минь толбо суулгаж болох аюулаас зайлсхийж чадсан билээ. Дандаа сайн зөвлөгөө өгч тусалж байдаг ухаалаг эцэг эхтэй байх юутай завшаантай вэ!» хэмээн бичсэн билээ.

«Зөвхөн Эзний дотор»

16. а) «Зөвхөн Эзний дотор» гэрлэх тухай шаардлага христиан хүнд ямар утгаар сорилт болж болох вэ? б) Гэрч биш хүнтэй гэрлэх гэсэн сорилт тулгарвал христиан залуус юун тухай эргэцүүлж бодох нь зөв бэ?

16 Ехова «зөвхөн Эзний дотор» гэрлэх тухай маш тодорхой заалтыг христиануудад өгсөн (1 Коринт 7:39). Христиан эцэг эх болон хүүхдийн хувьд энэ нь сорилт болж болох юм. Яаж? Залуусаас хэн нэг нь гэрлэхийг хүсжээ. Гэтэл хуралд сэтгэлд нь нийцэх хүн байхгүй байж гэж бодоод үзье. Тийм тохиолдол цөөнгүй байдаг. Зарим газар эрэгтэй нь эмэгтэйгээсээ цөөхөн байх юм уу, эсвэл ерөөсөө төрсөн нутгаасаа сэтгэлд нийцсэн ханиа олж чадахгүй явдал байдаг. Гэтэл өөрийгөө Бурханд зориулж, хурлын гишүүн болоогүй залуу, Гэрч эмэгтэйд сэтгэлтэй болж болох (эсвэл эсрэгээр) бөгөөд энэ нь Еховагийн тогтоосон хэм хэмжээний эсрэг зүйл болох ажээ. Тийм тохиолдолд Абрахамын жишээг эргэцүүлж бодох нь тустай. Чухам Еховатай тогтоосон сайн харьцаагаа хадгалах үүднээс Абрахам хүү Исаакаа Еховаг жинхэнэ ёсоор шүтдэг бүсгүйтэй гэрлүүлсэн. Исаак ч хүү Иаковыгаа бас тийн гэрлүүлсэн. Ингэхдээ тэдний хэн хэн нь хүчин чармайлт гаргах шаардлагатай болж байсан хэдий ч үүний дүнд тэд Бурхны ивээл хишгийг хүртэж байсан билээ (Эхлэл 28:1–4).

17. Гэрч биш хүнтэй гэрлэхэд ямар учраас бэрхшээлтэй учирдаг вэ? «Зөвхөн Эзэн дотор» гэрлэх ямар гол шалтгаан байдаг вэ?

17 Итгэгч биш хүн эцэстээ Гэрч болсон тохиолдол байдаг. Гэхдээ Гэрч биш хүнтэй суувал ихэвчлэн бэрхшээлтэй тулгардаг. «Буулга» нь ижил биш хүмүүсийн итгэл, хэм хэмжээ, зорилго нь өөр өөр байдаг (2 Коринт 6:14). Ийм байдал гэр бүлийн харьцаанд болон аз жаргалтай амьдрахад муугаар нөлөөлж болно. Жишээ нь: Нэгэн Гэрч эмэгтэй итгэл бэхжүүлсэн цуглааныхаа дараа гэртээ очоод нөхөртэйгөө сүнслэг сэдвээр санаа бодлоо солилцох боломжгүйдээ тун ч их харуусаж байсан билээ. «Зөвхөн Эзэн дотор» гэрлэх гэдгийн хамгийн чухал нь Еховад үнэнч байх явдал гэдэг нь ойлгомжтой. Бурхны Үгэнд дуулгавартай байсан цагт зүрх маань биднийг яллахгүй. Яагаад гэвэл ингэснээрээ бид «Түүний мэлмийд тааламжтай зүйлсийг үйлддэг билээ» (1 Иохан 3:21, 22).

18. Гэр бүл болох тухай бодохдоо ямар чухал зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй вэ? Яагаад?

18 Гэр бүл болох тухай бодохдоо юуны түрүүнд хань болох хүнийхээ сайн тал болоод сүнслэг байдалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Христиан хүний зан чанар, мөн тэрчлэн Бурханд аль хир хайртай хийгээд үнэнч байдал нь царайны сайхнаас хэмжээлшгүй чухал билээ. Сүнслэг талаараа бат бэх хань байх үүргээ ухамсарладаг бөгөөд биелүүлдэг хүмүүсийг Бурхан сайшаадаг. Хос хоёрын хэн хэн нь Бүтээгчид чин үнэнч байж, бүх зүйл дээр түүний удирдлагыг дуртайяа мөрддөг бол нөхөр эхнэр хоёрын эв нэгдэл хүчтэй байдаг. Энэ нь Еховаг алдаршуулдаг ба гэр бүл бүр эхнээсээ бат бэх холбоог тогтоон хадгалахад тусалдаг сүнслэг бөх суурин дээр суурилах болно.

[Зүүлт]

^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1999 оны хоёрдугаар сарын 15-ны дугаар, 4—8-р хуудсыг үзнэ үү.

Та яаж хариулах вэ?

• Амьдралын ханиа зөв сонгоход Бурхны удирдлага хэрэгтэйн учир юу вэ?

• Бурханд чин үнэнч байдал гэр бүлийн холбоог хэрхэн бэхжүүлдэг вэ?

• Эцэг эхчүүд хүүхдээ гэр бүл болоход хэрхэн бэлдэж болох вэ?

• «Зөвхөн Эзэн дотор» гэр бүл болох нь яагаад чухал бэ?

[Догол мөрийн асуулт]