Skip to content

Гарчиг руу орох

Гэр бүлээ сүнслэг талаар бэхжүүлэгтүн

Гэр бүлээ сүнслэг талаар бэхжүүлэгтүн

Гэр бүлээ сүнслэг талаар бэхжүүлэгтүн

«Тэднийг Эзний [«Еховагийн», ШЕ] дэг журам болон сургамж дотор хүмүүжүүл» (ЕФЕС 6:4).

1. Гэр бүлийн талаар Бурхан ямар санаа зорилготой байсан бэ? Гэтэл юу болсон бэ?

 «ӨСӨН нэмэгдэж, газар дэлхийг дүүргэгтүн» (Эхлэл 1:28). Ехова Бурхан, Адам Ева хоёрт ийм үг хэлж, гэр бүлийн эхлэлийг тавьсан (Ефес 3:14, 15). Анхны хүмүүн хос ирээдүйд дэлхийг өөрсдийнх нь үр сад буюу диваажин дэлхийдээ аз жаргалтайгаар амьдаран сууж, ганцхан Агуу Бүтээгчээ шүтдэг төгс хүмүүс дүүргэнэ хэмээн төсөөлж болох байв. Гэтэл Адам Ева хоёр нүгэл үйлдсэнээс болж дэлхий зөв бөгөөд Бурхнаас эмээгч хүмүүсээр дүүрээгүй юм (Ром 5:12). Харин ч гэр бүл төдөлгүй завхарч, үзэн ядалт, хүчирхийлэл болон «төрөлх хайр дутагдах явдал» (ШЕ) газар авсан. Эдгээр нь ялангуяа «эцсийн өдрүүдэд» бүр ч гаарсан (2 Тимот 3:1–5; Эхлэл 4:8, 23; 6:5, 11, 12).

2. Адамын үр удам ямар чадвартай байсан бэ? Гэр бүлийг сүнслэг талаар бэхжүүлэхэд юу шаардлагатай байсан бэ?

2 Адам Ева хоёр «Бурхны дүр төрхөөр» бүтээгдсэн. Адам Ева хоёр нүгэлтэй болсон ч гэсэн Ехова тэднийг хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн (Эхлэл 1:27; 5:1–4). Адамын үр хүүхэд эцгийнхээ адил ёс суртахууны төрөлх мэдрэмжтэй байсан бөгөөд сайн мууг ялгахад суралцаж болох байв. Бүтээгчийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлан, шүтэхэд тэднийг сургаж болох байв (Марк 12:30; Иохан 4:24; Иаков 1:27). Түүнээс гадна тэднийг «шударгыг үйлдэн, энэрлийг хайрлаж, өөрийн Бурхантай хамт даруухнаар алхахад» сургаж болох байв (Мика 6:8). Гэхдээ тэд нүгэлтэй байсан болохоор гэр бүлийг сүнслэг талаар бэхжүүлэхэд нилээд их анхаарах шаардлагатай байлаа.

«Цагийг зольж авагтун»

3. Эцэг эхчүүд үр хүүхдээ христиан болгон хүмүүжүүлэхийн тулд цагийг яаж «зольж авч» болох вэ?

3 Өнөөгийн төвөгтэй, хэцүү цагт үр хүүхдээ «Эзнийг [«Еховаг», ШЕ] хайрладаг» бөгөөд «бузар мууг үзэн яддаг» болгохын тулд багагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй (Дуулал 97:10). Энэхүү амаргүй зорилгод хүрэхийн тулд ухаалаг эцэг эхчүүд «цагийг зольж авдаг» (Ефес 5:15–17, ШЕ). Хэрэв та эцэг эх бол цагийг яаж «зольж» авч болох вэ? Нэгдүгээрт: «Илүү чухал юмыг» голлон анхаарч, тэргүүн зэрэгт тавих зүйлээ тогтоож авах хэрэгтэй. Үүнд хүүхдээ сурган хүмүүжүүлэх асуудал орно (Филиппой 1:10, 11, ШЕ). Хоёрдугаарт: Амьдрал тань хялбар энгийн байх хэрэгтэй. Ямар нэгэн онцын шаардлагагүй ажил явдлаас татгалзаж болох юм. Эсвэл арчилж янзлахад их цаг зарцуулдаг нэг их хэрэгтэй биш юмнаасаа салж болно. Христиан эцэг эхчүүд та нар үр хүүхдээ Бурхныг эрхэмлэдэг болгон хүмүүжүүлэхэд зориулсан хүчин чармайлтдаа хэзээ ч харамсахгүй (Сургаалт үгс 29:15, 17).

4. Гэр бүлийн эв нэгдлийг хэрхэн хадгалж болох вэ?

4 Хүүхдүүдтэйгээ хамт өнгөрөөдөг цаг, ялангуяа сүнслэг асуудалд зориулсан цаг маш их ач холбогдолтой бөгөөд гэр бүлийг эв нэгдэлтэй байлгах нэг сайн арга хэрэгсэл болдог. Гэхдээ үүнийг зөнд нь орхиж болохгүй. Хамтдаа өнгөрөөх цагаа зориуд төлөвлөх хэрэгтэй. Энэ нь бүгдээрээ гэртээ байж, өөр өөрийнхөө ажлыг хийснээр болчихдог хэрэг биш. Өдөр бүр тусгайлан анхаарал халамж тавьснаар хүүхэд сайн өсөж хөгждөг. Хайр халамжаа өгөөмрөөр илэрхийлэх хэрэгтэй. Хосууд хүүхэдтэй болохоор шийдэхээсээ бүр өмнө эцэг эх байх гэдэг хичнээн хариуцлагатай болохыг сайтар тунгаан бодох хэрэгтэй (Лук 14:28). Тэгвэл тэд хүүхэд хүмүүжүүлэх ажлыг яршигтай үүрэг гэж үзэхгүй. Харин ч үүнийг ивээл хэмээн эрхэмлэн үзэх болно (Эхлэл 33:5; Дуулал 127:3).

Үг ба үлгэр дуурайлаараа сургагтун

5. а) Үр хүүхдээ Еховад хайртай болгохын тулд юунаас эхлэх ёстой вэ? б) Дэд хууль 6:5–7-д эцэг эхчүүдэд өгсөн ямар зөвлөгөө байдаг вэ?

5 Үр хүүхдээ Еховад хайртай болгохын тулд эцэг эхчүүд өөрсдөө Бурхныг хайрладаг байх хэрэгтэй. Түүнийг хайрлах хайр хүмүүсийг Бурхны зааврыг үнэнчээр сахин биелүүлэхэд хүргэдэг. Үүнд үр хүүхдээ «Эзний [«Еховагийн», ШЕ] дэг журам болон сургамж дотор» хүмүүжүүлэх асуудал хамаардаг (Ефес 6:4). Бурхан эцэг эхчүүдэд үр хүүхдэдээ үлгэр жишээ үзүүлэн, тэдэнтэй харьцаж, тэднийг сургаж байхыг зөвлөдөг. Дэд хууль 6:5–7-д: «Чи өөрийн Бурхан Эзнийг [«Еховаг», ШЕ] бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла. Өнөөдөр миний чамд тушааж байгаа энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж, хөвгүүддээ хичээнгүйлэн зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай» гэж байдаг. Та Бурхны тушаалыг олон дахин сануулж, давтаж байж хүүхдүүддээ ойлгуулж чадна. Тийнхүү үр хүүхэд тань та нарын Еховад хайртай болохыг мэдэж, өөрсдөө Бурхантай ойр дотно болох хүсэлд автах болно (Сургаалт үгс 20:7).

6. Хүүхдүүд бусдыг дуураймтгай байдгийг эцэг эх хэрхэн ашиглаж болох вэ?

6 Хүүхдүүд сурч мэдэхийн хүслэн болж байдаг. Тэд анхааралтай сонсож, бүхнийг анзааран, та нарын жишээг даган дуурайх дуртай. Хүүхдүүд эцэг эхээ зөвхөн материаллаг ашиг сонирхлын талаар бодохгүй байгааг харвал, энэ нь Есүсийн зөвлөгөөг дагахад тэдэнд тусална. Ингэснээрээ та нар үр хүүхдээ материаллаг эд юмсын талаар санаа зовохгүй, харин «эхлээд Түүний [Бурхны] хаанчлалыг... хайхад» сургах болно (Матай 6:25–33). Та хүүхдүүдтэйгээ Библийн үнэн, Бурхны хурал болон ахлагч нарын талаар сонирхолтой бөгөөд сургамжтай зүйл ярилцвал тэд Еховаг хүндэтгэж, түүний сүнслэг бэлгийг эрхэмлэдэг болно. Хүүхэд авцалдаагүй юмыг маш хурдан ажиж мэддэг болохоор амаараа хэлж сургасан зүйлээ ажил хэрэг болгодгоо харуулах хэрэгтэй. Энэ бол сүнслэг асуудалд хэрхэн гүн хүндэтгэлтэй ханддагийн тань илэрхийлэл болно. Сайн жишээг нь дуурайн үр хүүхэд нь Еховаг бүх зүрхээрээ хайрладаг болж байгааг харах юутай тааламжтай! (Сургаалт үгс 23:24, 25).

7, 8. Хүүхдийг багаас нь сургах хичнээн чухал болохыг ямар жишээ харуулдаг вэ? Эцэг эхчүүд хүүхдийнхээ амжилтын төлөө хэнд өртэй вэ?

7 Хүүхдийг багаас нь сургах хичнээн чухал болохыг Венесуэлд болсон нэг жишээ харуулдаг (2 Тимот 3:15). Энэ бол залуу хос Фэликс Майерлин нарын жишээ юм. Тэр хоёр эхлэгчээр үйлчилдэг ажээ. Тэд хүү Фелитогоо Еховагийн жинхэнэ шүтэгч болгон хүмүүжүүлэх гэж хамаг хүчээрээ чармайжээ. Майерлин хүүдээ Еховагийн Гэрчүүдийн эрхлэн гаргасан «Библийн тухай миний ном»-ыг уншиж өгдөг болсон байна. Фелито бүр бага байхаасаа уг номын зурган дээрээс Мосе болон Библийн бусад баатруудыг таньдаг болжээ.

8 Фелито бүр багаасаа дэлгэрүүлж эхэлсэн аж. Тэгээд дэлгэрүүлэгч болно гэсэн хүсэл мөрөөдлөө биелүүлж, хожим баптисм хүртжээ. Хэсэг хугацааны дараа байнгын эхлэгч болсон байна. Фелитогийн эцэг эх хоёр: «Хүүгээ сүнслэгээр өсөхийг хараад бид энэ бол Ехова болон түүний сургамж зааврын ач гэдгийг ойлгосон» хэмээн хэлсэн юм.

Хүүхдүүдийг сүнслэг талаараа өсөхөд нь туслагтун

9. «Итгэмжит ухаалаг боолоор» дамжуулан авдаг сүнслэг сургамжид бид талархах ёстойн учир юу вэ?

9 Олон арван сэтгүүл, олон зуун ном болон Интернетийн олон мянган сайтаар хүүхэд хүмүүжүүлэх асуудлаар зөвлөгөө өгдөг. Нэг сэтгүүлийн хүүхдэд зориулсан дугаарт бичсэнээр «мэдээлэл зөрчилтэй» байх нь олонтаа байдаг. «Урьд нь зөв гэж бодож байсан мэдээлэл огт буруу болж эргэх нь бүр харамсалтай» («Newsweek»). Гэр бүлийг сургаж, сүнслэгээр хөгжүүлэх талаар санаа тавьдаг Еховагийн хайр халамжид талархаж баршгүй! «Итгэмжит ухаалаг боолоор» дамжуулан өгдөг бүхнийг бид бүрэн дүүрэн ашигладаг бил үү? (Матай 24:45–47).

10. Гэр бүлийн Библи судлал үр дүнтэй байвал эцэг эх болоод үр хүүхдэд ямар ашигтай вэ?

10 Библийг гэр бүлээрээ, чөлөөт байдлаар, тогтмол судлах нь нэгэн чухал хэрэгцээ юм. Үүнийг сургамжтай, баяр баясгалантай, урам зориг нэмсэн байдлаар явуулахын тулд сайн бэлтгэх хэрэгтэй. Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ зүрх сэтгэлийг нээж чадвал тэдний юу бодож, санаж явдгийг мэдэх боломжтой болно. Гэр бүлийн гишүүд Библи судлалаа тэсэж ядан хүлээж байгаа эсэхээр нь гэр бүлийн судлалын үр дүнг тодорхойлж болно.

11. а) Ямар ямар зорилт тавихад нь эцэг эхчүүд хүүхдүүддээ тусалж болох вэ? б) Нэгэн япон охин тодорхой зорилт тавьснаар ямар үр дүнд хүрсэн бэ?

11 Тэрчлэн Библийн шаардлагад нийцсэн зорилт тавих нь гэр бүлийг сүнслэг талаар бэхжүүлдэг бөгөөд тийм зорилт тавин ажиллахад нь эцэг эхчүүд хүүхдүүддээ туслах хэрэгтэй. Тухайлбал: Библиэ өдөр бүр тогтмол унших, дэлгэрүүлэх ажилд тогтмол орлцох, өөрийгөө Бурханд зориулж, баптисм хүртэхэд бэлтгэх зэрэг зорилт тавьж болох юм. Мөн эхлэгч болон бүрэн цагаар үйлчлэх, эсвэл Бетелд юм уу миссионерээр сайн дураараа ажиллах зэрэг зорилт байж болно. Аюми гэдэг япон охин бага ангид сурч байхдаа үнэний тухай ангийнхаа бүх хүүхдэд ярих зорилт тавьжээ. Багш болон ангийнхаа сурагчдын сонирхлыг татахын тулд Аюми охин номын санд Библийн зарим хэвлэл тавих зөвшөөрөл гуйсан байна. Үүний үр дүн юу болсон бэ гэвэл Аюми охин бага сургуульд зургаан жил суралцах хугацаандаа 13 Библи судлалтай болсон байна. Библи судалж байсан нэг охин, мөн тэр охины гэр бүлийн зарим гишүүн Гэрч болжээ.

12. Цуглаанаас илүү ашиг олоход хүүхдэд юу тусалдаг вэ?

12 Гэр бүл сүнслэг талаараа эрүүл чийрэг байхад хэрэгтэй бас нэг зүйл бол цуглаанд тогтмол очих явдал юм. Элч Паул итгэл нэгтнүүддээ «зарим хүний зуршил шиг хамтран цуглахаа умартахгүй» байхыг уриалсан. Цуглаанд тогтмол оролцох нь залуу, хөгшин хүмүүсийн аль алинд их ач тустай байдаг учраас бүгдээрээ цуглаанаа тасалж зуршихгүй байцгаая! (Еврей 10:24, 25; Дэд хууль 31:12). Хүүхдүүдээ анхааралтай сонсуулж сургах хэрэгтэй. Цуглаанд идэвхтэй оролцож, хариулах нь их тустай байдаг учир цуглаандаа бэлдэх нь маш чухал. Жижиг хүүхдийн тухайд эхлээд цөөн хэдэн үг хэлэх юм уу догол мөрийн нэг хоёр өгүүлбэр уншиж болох боловч хэрэв та асуултын хариуг хүүхдээрээ өөрөөр нь олуулж, өөрийнх нь үгээр хариулуулж сургавал том амжилтад хүрнэ. Эцэг эхчүүд та нар тогтмол утга төгөлдөр тайлбар хэлж үлгэр жишээ үзүүлдэг үү? Түүнээс гадна гэр бүлийн гишүүн болгон өөр өөрийн Библи, дууны ном болон хэлэлцүүлэг явуулж байгаа хэвлэлтэй байх нь сайн.

13, 14. а) Эцэг эхчүүд хүүхдүүдээ хамт дэлгэрүүлэх ажилд оролцох хэрэгтэйн учир юу вэ? б) Дэлгэрүүлэх ажил хүүхдүүдэд хэрхэн ашиг тус, баяр баясгалан өгдөг вэ?

13 Ухаалаг эцэг эх бол дэлгэрүүлэх ажлыг хүүхдийнхээ амьдралын гол зүйл болоход туслан, хамаг хүч анхаарлыг нь Еховад үйлчлэхэд чиглүүлдэг (Еврей 13:15). Эцэг эхчүүд хүүхдүүдээ «ичих явдалгүй... үнэний үгийг зөв заадаг» үйлчлэгч болгох сайн арга зам бол тэднийг дэлгэрүүлэх ажилд хамт авч явах явдал юм (2 Тимот 2:15). Та хүүхдүүдтэйгээ дэлгэрүүлдэг үү? Хэрэв та хүүхэдтэй бол дэлгэрүүлэх ажилд бэлтгэхэд нь тэдэнд тусалдаг уу? Ингэвэл тэдний хувьд дэлгэрүүлэх ажил баяр баясгалантай, утга учиртай, үр өгөөжтэй байх болно.

14 Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт дэлгэрүүлэх үйлчлэлд оролцох нь яагаад ашигтай вэ? Яагаад гэвэл хүүхдүүд эцэг эхийнхээ сайн жишээг харж, дуурайх боломжтой болдог. Эцэг эх нь ч гэсэн хүүхдүүдийнхээ санаа сэтгэл, биеэ авч явах чадвар болон хүч чадлыг нь мэдэх боломжтой болдог. Хүүхдүүдээ дэлгэрүүлэх ажлын янз бүрийн хэлбэрт авч явж байгаарай. Хэрэв боломжтой бол хүүхэд болгон дэлгэрүүлэх ажилд зориулсан өөрийн гэсэн цүнхтэй байх хэрэгтэй бөгөөд түүнийгээ цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй авч явдаг болгож сургаарай. Дэс дараалсан сургалт болон урамшууллын ачаар хүүхдүүд дэлгэрүүлэх ажлыг Бурханд болон бусдад хайраа илэрхийлэх боломж хэмээн үнэлдэг болно (Матай 22:37–39; 28:19, 20).

Сүнслэг байдлаа хадгалагтун

15. Гэр бүлийн сүнслэг байдлыг хадгалах чухал даалгаврыг биелүүлэхэд ямар хэвшил тусалдаг вэ?

15 Гэр бүлийнхээ сүнслэг байдлыг хадгалгах нь туйлын чухал (Дуулал 119:93). Үүний тулд боломж л гарвал гэр орныхонтойгоо сүнслэг асуудлаар ярилцах хэрэгтэй. Та тэдэнтэй өдөр бүр Библийн сэдвээс шүүн ярилцдаг уу? «Замд явж байхдаа» дэлгэрүүлэх ажлын тохиолдлоос юм уу «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлийн сүүлийн дугаараас ярилцаж хэвшдэг үү? Та «хэвтэж байхдаа ч», «өндийн босохдоо ч» өгөөмөр их бэлэг ивээлийнх нь төлөө Еховад талархдаг уу? (Дэд хууль 6:6–9). Та хийж байгаа бүх зүйлээрээ Бурхныг хайрладгаа харуулах аваас энэ нь үнэнийг хүлээн авахад үр хүүхдэд тань тустай байх болно.

16. Хүүхдийг бие даан судладаг болоход урамшуулах нь аль хир ашигтай вэ?

16 Тулгарсан бэрхшээлийг давахын тулд хүүхдэд удирдлага хэрэгтэй болох цаг гардаг. Яах ёстойг нь цаг үргэлж хэлж, зааварлаж байхын оронд асуудлыг бие даан судалж, тэр талаар Бурхны үзэл бодол ямар байдгийг мэдэхэд тэднийг урамшуулж болохгүй нь юу билээ? «Итгэмжит ухаалаг боолоор» дамжуулан олгодог хэвлэл, гарын авлагуудыг өргөн ашиглахад хүүхдүүдээ сургаснаар та тэднийг Еховатай ойр дотно холбоо хөгжүүлэхэд нь тусална (1 Самуел 2:21б). Хүүхдүүд Библи судлаад олж мэдсэн зүйлээ гэр орныхонтойгоо хуваалцдаг бол энэ нь гэр бүлийг сүнслэг талаар эрүүл байлгахад их тустай.

Еховад бүрэн найдагтун

17. Үр хүүхдээ христиан болгон хүмүүжүүлж байгаа ганц бие эцэг эх зориг мохох хэрэггүйн учир юу вэ?

17 Ганц бие эцэг эхийн талаар юу хэлж болох вэ? Хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд нь тэдэнд илүү бэрхшээл тулгардаг. Гэхдээ хэрэв та хүүхдүүдээ ганцаараа өсгөж байгаа бол зориг бүү мохоорой! Бурханд найдан, зөвлөгөөг нь дуулгавартайгаар сахин биелүүлж, үр хүүхдээ сүнслэг талаар бат бэх, сайн хүн болгон өсгөж хүмүүжүүлсэн олон олон ганц бие эцэг эхийн туршлагыг авч үзэх аваас амжилт олох боломж байгаа нь харагддаг (Сургаалт үгс 22:6). Үр хүүхдээ ганцаараа өсгөн хүмүүжүүлж байгаа христиан хүний тухайд Еховад бүрэн найдах хэрэгтэй нь ойлгомжтой. Ехова өөрт нь тусална гэдэгт тэд бүрэн итгэх ёстой (Дуулал 121:1–3).

18. Эцэг эх хүүхдийнхээ оюун санааны болон бие бялдрын ямар хэрэгцээнд анхаарлаа хандуулах ёстой вэ? Тэгэхдээ чухам юуг түлхүү анхаарах хэрэгтэй вэ?

18 «Инээх цаг... бүжиглэх цаг» байдгийг ухаалаг эцэг эх ойлгодог (Номлогчийн үгс 3:1, 4). Хүүхдийн оюун санаа, бие бялдрын хөгжилд амралт чөлөө цаг болон зүй зохистой зугаа цэнгэл чухал шаардлагатай. Сайн нөлөө бүхий хөгжим сонсож, Бурхнаа магтсан дуу дуулах нь хүүхэд амьдралыг эрүүл саруулаар хардаг болоход тустай бөгөөд энэ нь Еховатай тогтоосон харьцаагаа бэхжүүлэхэд багагүй үүрэг гүйцэтгэдэг (Колоссай 3:16). Залуу нас бол Бурхнаас эмээдэг хүн болохын бэлтгэл үе бөгөөд тийм хүн диваажин дэлхийд мөнх аз жаргалтай амьдрах боломжтой болно (Галат 6:8).

19. Эцэг эхчүүд үр хүүхдээ хүмүүжүүлэхэд чиглүүлсэн хүчин чармайлтыг нь Ехова ивээнэ гэдэгт эргэлзэхгүй байхын учир юу вэ?

19 Ехова бүх христиан гэр бүлийг сүнслэг талаараа бат бэх байгаасай гэж хүсдэг. Хэрэв бид Бурхныг жинхэнээр хайрлаж, Үгэнд нь захирагдахыг чин сэтгэлээсээ хичээдэг бол Ехова бидний хүчин чармайлтыг ивээж, удирдлагыг нь мөрдөхөд шаардлагатай хүчийг бидэнд өгнө (Исаиа 48:17; Филиппой 4:13). Хүүхдээ сургаж хүмүүжүүлэх боломж танд үргэлж олдохгүй бөгөөд дахин давтагдахгүй гэдгийг санах хэрэгтэй. Бурхны Үгийн зөвлөгөөг аль болохоор яг таг дагахыг хичээгээрэй. Тэгвэл Ехова гэр бүлээ сүнслэг талаар бэхжүүлэх гэсэн хүчин чармайлтыг тань ивээнэ!

Бид юу мэддэг болсон бэ?

• Хүүхэд хүмүүжүүлэхэд «цагийг зольж авах» нь яагаад чухал бэ?

• Эцэг эхийн сайн жишээ яагаад хэрэгтэй вэ?

• Хүүхдийг сүнслэг талаараа өсөхөд нь тустай зарим ямар арга байдаг вэ?

• Гэр бүлийн сүнслэг байдлыг яаж хадгалах вэ?

[Догол мөрийн асуулт]