Skip to content

Гарчиг руу орох

Еховад үйлчлэхдээ баяр баясгалангаа хадгалагтун

Еховад үйлчлэхдээ баяр баясгалангаа хадгалагтун

Еховад үйлчлэхдээ баяр баясгалангаа хадгалагтун

«Эзний дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун!» (ФИЛИППОЙ 4:4).

1, 2. Хамаг эд хөрөнгөө алдсан ч гэсэн нэгэн христиан эр гэр бүлийнхнийхээ хамт баяр баясгалангаа хэрхэн хадгалж үлдсэн бэ?

 СЬЕРРА-ЛЕОНЕД амьдардаг 70 настай христиан эр Жеймс бүхэл насаараа үнэнч шударгаар ажилласан нэгэн билээ. Олон жилийн шаргуу хөдөлмөрийнхөө эцэст Жеймс хуримтлуулсан мөнгөөрөө хир тааруу дөрвөн өрөө сууц худалдан авчээ. Жеймс ямар их баярласан бол оо! Тэгээд тэднийх мөнөөх байшиндаа нүүж ирсэн боловч удалгүй улс оронд нь иргэний дайн дэгдэж, гэр нь дайны хөлд өртөн үнс болтлоо шатжээ. Тэд орон гэргүй болсон ч баяр баясгалангаа алдаагүй. Яагаад?

2 Жеймс болон түүний гэр бүлийнхэн алдсан юмандаа харамсах бус, үлдсэн юмныхаа талаар бодож байсан юм. Жеймс: «Хамгийн аюултай цаг мөчид хүртэл бид цуглаанаа явуулж, Библиэ уншин, хамтдаа залбирч, байгаа бага сага зүйлээ бусадтайгаа хуваалцдаг байлаа. Бид юуны түрүүнд Еховатай тогтоосон үнэлж баршгүй харьцааныхаа талаар боддог байсан болохоор баяр баясгалангаа хадгалан үлдэж чадсан билээ» хэмээн тайлбарласан юм. Эдгээр үнэнч христианы хувьд Еховатай тогтоосон ойр дотно харьцаа хамгийн үнэтэй нь байсан бөгөөд тэд өөртөө байсан тэр сайн сайхан зүйлийн талаар бодон, баярласаар байсан билээ (2 Коринт 13:11). Тийм хүнд нөхцлийг тэвчихэд амаргүй нь мэдээж. Гэвч тэдний гэр бүлийнхэн Еховад баярласан хэвээрээ байсан юм.

3. Эртний зарим христиан баяр баясгалангаа хэрхэн хадгалан үлддэг байсан бэ?

3 Эртний христианууд Жеймс болон түүний гэр бүлийнхэнд учирсан шиг зовлон бэрхшээлтэй тулгарч байсан. Элч Паул еврей христиануудад: «Та нар... эд хөрөнгийг чинь булаан авахад ч баяр хөөртэй байсан» хэмээн бичсэн. Дараа нь Паул тэдний баяр хөөртэй байсны учрыг тайлбарлан: «Учир нь илүү сайн мөнхийн өмч хөрөнгөтэйгөө та нар мэднэ» хэмээн бичжээ (Еврей 10:34). Тийм ээ, нэгдүгээр зууны христиануудын итгэл амьд байсан юм. Тэд «булаан авах» боломжгүй эд хөрөнгө буюу Бурхны тэнгэрийн Хаанчлал дахь хэзээ ч гундахгүй «амийн титмийг» авна гэдэгтээ итгэл дүүрэн байсан билээ (Илчлэлт 2:10). Тэнгэр газрын аль нэгэнд мөнх амьдрах найдвар өнөөдөр бидэнд бэрхшээл зовлон тохиолдлоо ч баяр баясгалангаа хадгалан үлдэхэд маань тусалдаг юм.

«Найдвар дотор баярла»

4, 5. а) «Найдвар дотроо баярла» гэж Паулын зөвлөсөн нь Ромын христиануудын хувьд цаг үеэ олсон байсан гэдгийн учир юу вэ? б) Христиан хүн юунаас болоод найдварынхаа талаар бодохоо больчихож болох вэ?

4 Элч Паул мөнх амьдрах «найдвар дотор баярлахыг» Ром хотын итгэл нэгтнүүддээ уриалсан (Ром 12:12). Ромын христиануудын хувьд энэ нь үнэхээр цагаа олсон байлаа. Паулыг тийн бичсэнээс хойш арван ч жил болоогүй байтал тэднийг харгис хэрцгийгээр мөрдөн хавчиж эхэлсэн бөгөөд заримыг нь эзэн хаан Нероны тушаалаар тамлан хороожээ. «Амийн титэм» өгнө гэсэн Бурхны амлалтад итгэх итгэл тэднийг зовлон зүдүүрийг давахад тусалсан нь эргэлзээгүй. Тэгвэл бидний тухайд юу хэлж болох вэ?

5 Бид христианууд учраас хавчлага мөрдлөгтэй тулгарна (2 Тимот 3:12). Түүнээс гадна бид «цаг үе хийгээд санамсаргүй тохиолдлоос» даатгагдаагүй гэдгээ ойлгодог (Номлогчийн үгс 9:11, ШЕ). Хэн нэгний маань эцэг эх, ойр дотны хүмүүсээс эдгэшгүй өвчин тусах юм уу золгүй тохиолдлоор амиа алдаж болох юм. Тийм тохиолдолд Хаанчлалд найдах найдвараа сулруулбал сүнслэг байдалд маань аюул занал учирна. Иймээс бид өөрсдөөсөө: «Би „найдвар дотор баярладаг уу?“ Тэр тухай би байнга эргэцүүлж боддог уу? Ирээдүйн Диваажин миний хувьд аль хир бодитой вэ? Өөрийгөө тэнд байгаагаар төсөөлдөг үү? Би эд юмсын энэхүү тогтолцооны төгсгөлийг үнэнийг анх мэдэж эхэлж байсан үеийнх шигээ тэсэж ядан хүлээж байна уу?» гэж асуух хэрэгтэй. Сүүлийн асуултын талаар бодох нь маш чухал. Яагаад гэвэл бид эрүүл биетэй, өндөр цалинтай байхдаа эсвэл дайн, өлсгөлөн, байгалийн гамшиг тохиолддоггүй оронд амьдардаг бол үгүй ядахдаа тэрхэн үедээ Бурхны шинэ ертөнцөд зайлшгүй бий болох хэрэгцээ шаардлагын талаар бодохоо больчихож болох юм.

6. а) Паул Силас хоёр зовлон эдэлж байхдаа бодол санаагаа юунд төвлөрүүлж байсан бэ? б) Паул Силас хоёрын жишээ бидэнд хэрхэн урам зориг өгч болох вэ?

6 Цааш нь Паул ромчуудыг «зовлон дотор тэвчээртэй байхыг» уриалсан (Ром 12:12). Паул «зовлон» гэж юу болохыг мэддэг байсан. Нэгэн удаа Паул тэндхийн хүмүүст Еховагийн тухай мэдэхэд туслуулахаар өөрийг нь «Македонид ирэхийг» гуйж байгаа хүнийг үзэгдлээр үзсэн (Үйлс 16:9). Тэгээд Паул, Лук Силас Тимот нартай хамт Европ уруу хөдөлсөн. Эдгээр идэвх зүтгэлтэй миссионерыг юу хүлээж байсан бэ? Зовлон хүлээж байсан! Македони мужийн Филиппой хотод сайн мэдээ дэлгэрүүлснийх нь дараа Паул Силас хоёрыг зодож жанчаад, шоронд хорьсон. Филиппой хотын зарим оршин суугч Хаанчлалын тухай мэдээнд зүгээр нэг хайхрамжгүй хандаад зогсоогүй, хүчтэй эсэргүүцсэн бололтой. Үйл явдал ингэж эргэснээс болоод тэр эрэлхэг дайчин миссионерууд баяр баясгалангаа алдсан уу? Алдаагүй. Зодож жанчаад, шоронд хийснийх нь дараа «Паул Силас хоёр шөнө дундын үед Бурханд залбирч, магтаалын магтууг дуулжээ» (Үйлс 16:25, 26). Зодуулснаас болсон өвчин Паул Силас хоёрын баярлах шалтгаан болоогүй нь илэрхий. Харин хоёр миссионер тэр тухай бодоогүй юм. Тэр хоёрын хамаг бодол санаа Ехова дээр болон өөрсдийг нь хэрхэн ивээж байгаад төвлөрч байсан юм. Паул Силас хоёр «зовлон дотор тэвчээртэй байж», баяр баясгалангаа хадгалж үлдсэнээрээ Филиппой хотод болон өөр газар байгаа итгэл нэгтнүүддээ гайхамшигтай үлгэр жишээ үзүүлсэн билээ.

7. Бид талархан залбирч байх ёстойн учир юу вэ?

7 Паул: «Шаргуу залбир» гэж бичсэн (Ром 12:12, ШЕ). Зовж шаналсан үедээ та залбирдаг уу? Юун тухай залбирдаг вэ? Өөртөө тохиолдоод байгаа тодорхой бэрхшээлийн талаар хэлж, туслахыг гуйж болох юм. Гэхдээ та бас хүртэж эдэлсэн ивээлийнхээ төлөө түүнд талархлаа илэрхийлж болно. Бэрхшээл тулгарах цагт үйлчлэгчдийнхээ төлөө санаа тавьдаг Еховагийн сайхан сэтгэлийн талаар бодох нь «найдвар дотор баярлахад» бидэнд тусална. Амьдрал нь зовлонгоор дүүрэн байсан Давид: «Миний Бурхан Эзэн [«Ехова», ШЕ], Таны үйлдсэн гайхамшгууд болоод биднийг бодсон Таны бодол санаанууд олон юм. Тантай эн зэрэгцэхүйц хэн ч байхгүй. Би тэдгээр гайхамшгуудыг зарлан хэлье гэсэн ч тэд тоолшгүй олон юм» хэмээн бичжээ (Дуулал 40:5). Хэрэв бид Давид шиг Еховагаас хүртдэг ивээлийнхээ талаар дандаа эргэцүүлэн боддог бол ерөөсөө баярлахгүй байж үл чадах билээ.

Өөдрөг сэтгэлтэй байгтун

8. Хавчлага мөрдөлтөд байхдаа ч аз жаргалтай хэвээрээ байхад нь христиан хүнд юу тусалдаг вэ?

8 Янз бүрийн сорилттой тулгарахдаа өөдрөг сэтгэлтэй байхыг Есүс дагалдагч нартаа уриалж байсан. Тэрбээр: «Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, хуурамчаар та нарын эсрэг зүсэн бүрийн хорон мууг ярихад та нар ерөөлтэй еэ [«жаргалтай яа!», ШЕ]» гэж хэлсэн (Матай 5:11). Тийм нөхцөлд бид баярлах ёстойн учир юу вэ? Эсэргүүцлийг сөрөх чадвар бол Еховагийн сүнстэй байгаагийн маань гэрч юм. Элч Петр тэр үеийнхээ христиануудад: «Хэрэв та нар Христийн нэрээс болж зүхэгдвэл ерөөлтэй [«жаргалтай», ШЕ]. Учир нь алдрын ба Бурхны Сүнс та нарын дээр оршдог» хэмээн хэлсэн (1 Петр 4:13, 14). Энэ нь бүхнийг тэвчихэд Ехова сүнсээрээ бидэнд тусалдаг бөгөөд үүний ачаар бид баяр баясгалангаа хадгалан үлддэг гэсэн үг юм.

9. Итгэл үнэмшлийнхээ төлөө шоронд хоригдож байсан ах нарыг баяр баясгалантай байхад нь юу тусалж байсан бэ?

9 Хамгийн аймшигтай нөхцөлд байхдаа ч баяр хөөртэй байх үндэс бидэнд байдаг. Адольф гэдэг нэгэн христиан үүнийг өөрийн биеэр эдэлжээ. Түүний амьдардаг оронд Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг олон жилээр хориглосон байна. Адольф болон түүний хэдэн нөхрийг баривчилж, Библид үндэслэсэн итгэл үнэмшлээсээ татгалзаагүйнх нь төлөө удаан хугацаагаар шоронд хорихоор шийтгэжээ. Шоронгийн амьдрал хүнд байсан ч тэд Паул Силас хоёрын адил Бурханд талархсаар байжээ. Тэдний хэлснээр шоронд байхдаа тэд итгэлээ улам бэхжүүлж, өгөөмөр сэтгэл, өрөвч зан, ахан дүүсэг хайр зэрэг христиан хүний эрхэм чанаруудыг хөгжүүлсэн байна. Жишээ нь: Тэдний хэн нэгэнд ар гэрээс нь эргэлт ирвэл түүнийгээ «аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлгийг» Бэлэглэгч Еховагаас ирсэн хэмээн үзэж хүлээн авдаг итгэл нэгтнүүдтэйгээ хуваадаг байжээ. Сайхан сэтгэлийн тийм илрэл нь өгч авч байгаагийнхаа аль алиныг баярлуулдаг байсан ажээ. Тэдний итгэлийг мохоох гэсэн төлөвлөгөө эсрэгээр эргэн, харин ч сүслэг талаар нь бэхжүүлжээ! (Иаков 1:17; Үйлс 20:35).

10, 11. Нэгэн эгч эцэс төгсгөлгүй мөрдөн байцаалт болон урт хугацааны шоронгийн ялыг хэрхэн давж гарсан бэ?

10 Хаанчлалын үйл хэргийг мөн удаан хугацаагаар хориглосон оронд амьдардаг Эллаг христиан итгэл найдвараа бусадтай хуваалцсаных нь төлөө баривчилжээ. Түүнийг найман сарын турш тасралтгүй байцаажээ. Эцэстээ түүнд шүүх хурал арван жилийн хорих ял оноосон бөгөөд уг шоронд Еховаг шүтдэг өөр нэг ч хүн байхгүй байжээ. Тэгэхэд Элла дөнгөж 24 настай байлаа.

11 Элла залуу насаа шоронд өнгөрөөхийг хүсээгүй нь лавтай. Гэвч нэгэнт нөхцөл байдлыг өөрчилж чадахгүйгээс хойш үзэл бодлоо өөрчлөхөөр шийдсэн. Тэгээд шоронг дэлгэрүүлэх ажлынх хэсгээ гэж үздэг болжээ. «Тэнд дэлгэрүүлэх шаардлага маш их байсан учраас цаг хугацаа нисэх мэт өнгөрсөн дөө» гэж Элла дурсан ярьж билээ. Таван жилийн дараа Эллаг дахин байцааж эхэлжээ. Шоронд өнгөрөөсөн жилүүд итгэлийг нь мохоож чадаагүйг ойлгосон мөрдөн байцаагч нар: «Чи өөрчлөгдөж засраагүй учраас чамайг гаргахгүй» гэж хэлжээ. Тэгэхэд нь Элла: «Үгүй, би өөрчлөгдсөн! Миний сэтгэл санаа шоронд анх орж байх үеийнхээсээ илүү өөдрөг болж, итгэл минь хамаагүй хүчтэй болсон!» хэмээн итгэл төгс хэлжээ. Дээр нь нэмж: «Хэрэв та нар суллахыг хүсэхгүй байгаа бол би Еховагийн суллах хүртэл эндээ байх болно» хэмээн өгүүлжээ. Таван жил хагасын хорих ял Эллагийн баяр баясгаланг булааж чадаагүй! Тэр эмэгтэй ямар ч нөхцөлд сэтгэл хангалуун байж сурчээ. Та түүний жишээнээс сургамж авч болох уу? (Еврей 13:5).

12. Хүнд нөхцөлд христиан хүн сэтгэлийн тайвшрал хаанаас авдаг вэ?

12 Тийм бэрхшээлийг давж гарахад шаардлагатай ер бусын тусгай хүчийг Эллад өгчээ гэж битгий бодоорой. Элла ял оноох хүртэл хэдэн сарын турш яаж байцааж байсныг нь дурсан: «Айсан туулай шиг дагжин чичирч, шүд минь тачигнаж байсныг санаж байна» гэж ярьжээ. Тэгсэн хэдий ч Элла Еховад хатуу итгэдэг байсан бөгөөд түүнд найдаж сурчээ (Сургаалт үгс 3:5–7). Үүний ачаар түүний хувьд Бурхан урьд нь байснаасаа илүү бодитой болсон байна. «Мөрдөн байцаалтын өрөөнд орох болгондоо би улам тайван болж байгаагаа мэдэрч байлаа. [...] Нөхцөл байдал хэдийчинээ аймшигтай болно төдийчинээ тайван болж байлаа» хэмээн Элла тайлбарлан ярьсан юм. Тэр тайван байдал Еховагаас ирж байсан. Элч Паул: «Юунд ч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурхны амар тайван нь Христ Есүс дотор та нарын зүрх бодлыг тань хамгаална» гэж хэлсэн (Филиппой 4:6, 7).

13. Зовлон тохиолдоход түүнийг тэвчих хүч бидэнд бий болно гэж итгэхийн учир юу вэ?

13 Элла зовж зүдэрч байхдаа ч баяр баясгалангаа хадгалсаар байсан бөгөөд хожим нь суллагдсан билээ. Ийнхүү баяр баясгалангаа хадгалж байсан нь түүний хүчтэйнх бус, харин Еховагийн ач юм. Тийм явдал Паулд тохиолдож байсан бөгөөд Паул: «Иймд би ихэд баяртайгаар мөхөс байдлуудаараа илүү сайрхана. Ингэх нь Христийн хүч миний дотор оршихын тулд билээ. [...] Учир нь би хэзээ мөхөс байна, тэр үед хүчтэй байдаг» хэмээн бичсэн байдаг (2 Коринт 12:9, 10).

14. Христиан хүн хэцүү нөхцөл байдлыг хэрхэн өөдрөг сэтгэлээр харж болохыг болон үүний үр дүн ямар байж болохыг жишээгээр үзүүлнэ үү.

14 Өнөөдөр танд тохиолддог бэрхшээл бидний дээр авч үзсэн жишээнээс ялгаатай байж болох юм. Ямар ч байлаа гэсэн тэдгээрийг даван туулах нь тийм амар биш ээ. Жишээ нь: Танай үйлдвэрийн эзэн өөр шашин шүтдэг бусад ажилчдыг бодвол таны ажилд илүү шүүмжлэлтэй ханддаг байж болох юм. Өөр ажил олж хийе гэтэл боломж байдаггүй. Тэгвэл баяр баясгалангаа хэрхэн хадгалах вэ? Шоронд байхдаа чухал чанаруудыг хөгжүүлж сурсан Адольф болон түүний нөхдийг эргэн саная. Хэрэв та эзнийхээ тавьсан шаардлагыг, таалагдахгүй байсан ч үнэнч шударгаар биелүүлэхийг хичээвэл тэсвэр хатуужил гэх мэтийн христиан чанарыг хөгжүүлэх болно (1 Петр 2:18). Түүнээс гадна та илүү нэр хүндтэй ажилчин болж болохын зэрэгцээ ирээдүйд илүү тохиромжтой ажил олох боломж тань нэмэгдэх талтай. Одоо Еховад үйлчлэхдээ баяр баясгалангаа хадгалах өөр ямар боломж байгаа талаар ярилцъя.

Энгийн амьдрал баяр баясгалан авчирна

15-17. Хэдийгээр бэрхшээлийн үндэс бүрэн төгс арилаагүй ч гэсэн нэгэн гэр бүлийн хос ажил амьдралаа хэрхэн зохицуулсан бэ?

15 Хаана ямар ажил хийхээ сонгох шаардлага гарахгүй байлаа ч гэсэн та амьдралдаа ямар нэгэн зүйл өөрчлөх боломжтой. Дараах жишээ авч үзье.

16 Нэгэн христиан гэр бүл ахлагчийг оройн хоолонд урьжээ. Тэр орой нөхөр эхнэр хоёр сүүлийн үед амьдрал нь хэцүү байгаа талаар ярьсан байна. Хоёулаа бүхэл өдөржингөө амсхийх завгүй ажилладаг бөгөөд өөр ажил хийе гэхэд ямар ч боломжгүй ажээ. Тийм байдлаар аль хир удаан тэсэхээ тэр хоёр мэдэхгүй байлаа.

17 Тэр хоёр ахлагчаас зөвлөгөө хүсэхэд нь: «Амьдралаа хялбар болгох хэрэгтэй» гэж хэлжээ. Яаж? Ажилдаа очих болон ажлаасаа гэртээ ирэх замдаа тэр хоёр өдөр бүр гурван цаг зарцуулдаг ажээ. Тэр хоёрыг сайн мэдэх ахлагч замд зарцуулдаг цагаа богиносгохын тулд ажилдаа ойртон нүүж ирэхийг санал болгосон байна. Хэмнэсэн цагийг өөр чухал ажил юм уу амралтдаа зориулж болох байв. Хэрэв хэт их ачаалал ямар нэгэн хэмжээгээр баяр баясгалангаас тань чимхлээд байвал ажил амьдралаа зохицуулах талаар бодож болохгүй нь юу билээ?

18. Шийдвэр гаргахаасаа өмнө нягталж бодох нь яагаад чухал бэ?

18 Түүнээс гадна амьдралын бэрхшээлээ багасгахын тулд шийдвэр гаргахынхаа өмнө сайн бодох хэрэгтэй. Жишээ нь: Нэгэн христиан эр байшин барихаар шийджээ. Үүнээс өмнө байшин барьж ер үзээгүй ч гэсэн маш хэцүү зураг сонгосон байна. Эцэст нь байшингийн зураг сонгохоосоо өмнө «алхмууддаа хянамгай хандан» илүү бэрхшээлээс зайлсхийж болох байсныг тэр ойлгожээ (Сургаалт үгс 14:15). Өөр нэг христиан итгэл нэгтнийгээ зээл авахад батлан даалт гаргах болжээ. Гэрээ ёсоор зээлдэгч зээлээ төлж чадахгүйд хүрвэл батлан даалт гаргасан хүн төлөх ёстой байлаа. Эхлээд бүх юм сайн сайхан болж байсан боловч яваандаа зээлдэгч үгнээсээ буцаж эхэлсэн байна. Тиймээс зээлдүүлэгч сандран, батлан даалт гаргасан хүнийг бүх зээлээ төлөхийг шаарджээ. Тийнхүү батлан даалт гаргагч хүнд байдалд орсон байна. Бусдын өрийг өөр дээрээ үүрэхээсээ өмнө бүх зүйлийг сайтар цэгнэж үзсэн бол ийм байдлаас зайлсхийж болох байлаа (Сургаалт үгс 17:18).

19. Амьдралын бэрхшээлээ хэрхэн багасгаж болох вэ?

19 Ядрах үедээ бие даан хийдэг судлал, дэлгэрүүлэх ажил, цуглаанд явах зэргээ багасгавал ядаргаа гарч, эргээд баяр баясгалантай болох байх гэж бодох нь буруу. Энэ бүхний ачаар бид Еховагийн ариун сүнсийг авч, ариун сүнсний үр жимс болох баяр баясгаланг эдэлдэг шүү дээ (Галат 5:22). Христиан үйл ажиллагаа үргэлж хүч нэмдэг бөгөөд нэг их ядраадаггүй (Матай 11:28–30). Сүнслэг үйл ажиллагаа бус, харин ертөнцийн үйл хэрэг болон зугаа цэнгэл ядаргаанд оруулах магадлал илүү байдаг. Зохих цагт унтаж сурах нь их сайн. Бага зэргийн нэмэлт амралтын ашиг тус их ээ. Амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөлд ажилласан Нейтан Норр миссионеруудад: «Хэрэв та нар сэтгэлээр унавал юуны түрүүнд амрах хэрэгтэй. Сайн унтсаны дараа ямар ч бэрхшээлийг давж болмоор санагддаг болсон байдаг нь гайхалтай!» хэмээн хэлдэг байжээ.

20. а) Баяр баясгалангаа хадгалж болох хэдэн арга хэлнэ үү. б) Баяр баясгалантай болохын тулд юуны тухай бодож болох вэ? (энэ өгүүллийн эцэст байгаа хүснэгт үзнэ үү.)

20 Христиан хүн «жаргалтай Бурханд» үйлчлэх хосгүй боломжтой билээ (1 Тимот 1:11, ШЕ). Дээрх жишээнүүд хэцүү бэрх нөхцөлд ч гэсэн баяр баясгалангаа хадгалж болохыг харуулж байна. Хаанчлалд найдах найдвараа цаг үргэлж хадгалж, шаардлагатай бол бодол санаагаа өөрчлөн, энгийн хялбар амьдарцгаая. Тэгвэл нөхцөл байдал ямар ч болсон Паулын: «Эзний дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун!» гэж хэлсэн үг бидний хувьд биелэх болно (Филиппой 4:4).

Дараах асуултуудыг та сайтар бодоорой

• Христиан хүн Хаанчлалд найдах найдвараа байнга тод санаж явах ёстойн учир юу вэ?

• Хүнд үед баяр баясгалангаа хадгалахад маань бидэнд юу туслах вэ?

• Бид амьдралаа энгийн хялбар болгохыг чармайхын хэрэг юу вэ?

• Зарим хүн ямар байдлаар амьдралаа энгийн хялбар болгосон бэ?

[Догол мөрийн асуулт]

[10-р хуудасны хавсралт]

Баяр баясгалантай байх бусад шалтгаан

Христиан бидний хувьд баярлах олон шалтгаан байдаг. Тэдгээрийн заримаас доор жагсаав.

1. Бид Еховаг мэддэг.

2. Бид үнэнийг Бурхны Үгнээс мэдсэн.

3. Есүсийн золиост итгэснээр бид нүглээ уучлуулах боломжтой болдог.

4. Бурхны Хаанчлал захирч байна. Удахгүй шинэ ертөнц бий болно!

5. Ехова бидэнд сүнслэг диваажин өгсөн.

6. Бид тусч нөхөрсөг христиан ах дүүстэйдээ баярладаг

7. Бид дэлгэрүүлэх ажилд оролцох хосгүй болмжтой.

8. Бид идэвхтэй бөгөөд тодорхой хэмжээний хүч чадалтай.

Баяр баясгалантай байх өөр хичнээн шалтгааныг та дурдаж чадах вэ?