Skip to content

Гарчиг руу орох

Мартамхай сонсогчид бүү бологтун

Мартамхай сонсогчид бүү бологтун

Мартамхай сонсогчид бүү бологтун

«Өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бологтун» (ИАКОВ 1:22).

1. Ямар ямар гайхамшиг үзэх хувь эртний израильчуудад тохиосон бэ?

 ЭРТНИЙ Египетэд Еховагийн үйлдсэн гайхамшгуудыг тодорхойлоход «мартагдашгүй» гэдэг үг тун тохирсон үг болой. Үзүүлсэн гамшиг болгон нь аймшигтай байсан нь маргаангүй. Арван гамшгийн дараа Израилийн ард түмэн ер бусаар чөлөөлөгдөн, таслан хуваагдсан Улаан тэнгисийг гаталсан (Дэд хууль 34:10–12). Хэрэв та энэ бүх үйл явдлын гэрч байсан бол эдгээрийг үйлдсэн Нэгнийг хэзээ ч мартахгүй байсан гэдэгт бид эргэлзэхгүй байна. Гэхдээ дуулалч: «Египетэд агуу зүйлсийг хийсэн өөрсдийн Аврагч Бурхныг тэд [израильчууд] мартсан. Тэрээр Хам нутагт гайхамшгуудыг, Улаан тэнгисийн дэргэд сүрдмээр зүйлсийг үйлдсэн юм» хэмээн дуулжээ (Дуулал 106:21, 22).

2. Израильчууд Бурхны хүчит үйлсэд талархах сэтгэлээ ахархан хугацаанд мартсан нь юунаас харагддаг вэ?

2 Израильчууд Улаан тэнгисийг гаталсныхаа дараа «Еховагаас эмээн, Еховад... итгэв» (Египетээс гарсан нь 14:31, ШЕ). Эрчүүд Мосегийн хамт Еховад ялалтын дуу дуулсан ба Мириам болон бусад бүсгүйчүүд хэнгэрэг дэлдэн бүжиглэжээ (Египетээс гарсан нь 15:1, 20). Тийм ээ, Еховагийн хүчит үйлс ард түмнийх нь сэтгэлийг нь хөдөлгөсөн. Гэвч израильчууд эдгээр үйлсийг бүтээгч Нэгэнд талархах сэтгэлээ ахархан хугацаанд умартжээ. Тун удалгүй тэдний дундаас олон хүн ухаанаа уучихсан лугаа адил загнах болсон. Тэд Еховагийн эсрэг шивэр авир хийн гомдоллож эхлэв. Зарим нь хиймэл шүтээн шүтэж, садар самуунд орооцолдсон аж (Тооллого 14:27; 25:1–9).

Биднийг юу мартамхай болгодог вэ?

3. Төгс бус байдлаасаа болоод бид юу мартаж болох вэ?

3 Израильчууд талархахаа больсон нь үнэндээ гайхмаар зүйл хэдий ч түүнтэй төстэй зүйл бидэнд тохиолдож болно. Бид Бурхны үйлдсэн гайхамшгуудын гэрч байгаагүй нь үнэн. Гэхдээ Бурхантай танилцаж, харьцаатай болсон цагаас хойш бидний амьдралд мартагдашгүй үйл явдлууд тохиолдсон нь эргэлзээгүй. Библийн үнэнийг яаж хүлээж авснаа зарим нь санаж байгаа байх. Нөгөө зарим нь Еховад өөрийгөө зориулан залбирсанаа юм уу баптисм хүртэж, жинхэнэ христиан болсон зэрэг өөр баярт мөчөө дурдаж болох юм. Бидний дундаас олон хүн амьдралдаа өөр олон зүйл дээр Еховагийн тусламжийг авсан (Дуулал 118:15). Хамгийн чухал нь Бурхны Хүү Есүс Христ бидэнд аврагдах найдвар бий болгон амиа золиосолсон явдал юм (Иохан 3:16). Гэвч бид, муу хүсэл төрөх юм уу, эсвэл амьдралын бэрхшээлтэй тулгарахдаа төгс бус байдлаасаа болоод бидний төлөө Еховагийн хийсэн сайн сайхан зүйлсийн талаар амархан мартаж болно.

4, 5. а) Мартамхай сонсогч болохын аюулын талаар Иаков хэрхэн сануулсан бэ? б) Толинд харсан хүний жишээгээр үзүүлсэн зарчмыг бид хэрхэн мөрдөж болох вэ?

4 Есүсийн төрсөн дүү Иаков итгэл нэгтнүүддээ бичсэн захидалдаа мартамхай сонсогчид болохын аюулыг сануулж: «Өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бологтун. Учир нь үгийг сонсоод үйлддэггүй аливаа хүн бол төрөлх нүүр царайгаа толинд харж байгаа хүнтэй адил юм. Тэр хүн өөрийгөө хараад эргэхдээ өөрөө ямар байснаа тэр даруйд мартдаг» хэмээн бичжээ (Иаков 1:22–24). Иаков үүгээрээ юу хэлэхийг хүссэн бэ?

5 Өглөөгүүр бид зүс царайгаа янзлахын тулд гол төлөв толинд хардаг. Тэгээд удалгүй янз бүрийн ажил төрөл, хэрэг явдалд анхаарлаа хандуулаад ирэхлээрээ толинд юу харснаа бодохоо больчихдог. Сүнслэг асуудал дээр түүнтэй адил төстэй зүйл тохиолдож болно. Бурхны Үгэнд «өөрийгөө харахдаа» бид Еховагийн хүсэн хүлээж байгаа зүйлтэй өөрсдийнхөө байгаа байдлыг харьцуулдаг. Эндээс бид юуны түрүүнд дутагдлаа олж хардаг бөгөөд зан чанараа засаж өөрчлөх хэрэгтэйгээ ухаардаг. Гэвч өдөр тутмынхаа ажилтай зууралдаж, бэрхшээлтэй тулгарах явцдаа бид сүнслэг асуудлынхаа талаар бодохоо амархан больж болно (Матай 5:3; Лук 21:34). Энэ нь бидний төлөө хайрын сэтгэлээсээ Бурхны хийж өгсөн бүгдийг мартсантай адил болж байна гэсэн үг юм. Хэрэв тэгэх аваас бид нүгэл үйлдэх хандлагад автах болно.

6. Еховагийн үгийг мартахгүй байхад Библийн ямар зүйлүүд бидэнд туслах вэ?

6 Коринт хотын христиануудад илгээсэн эхний захиандаа элч Паул цөлөөр хэрэн явж байсан мартамхай израильчуудын тухай бичсэн. Паулын бичсэн үг нэгдүгээр зууны христиануудад тус болсны адил Еховагийн үгийг мартахгүй байхад бидэнд ч мөн тусална. Ингээд 1 Коринт 10:1–12-г авч үзье.

Ертөнцийн хүсэл тачаалаас татгалзагтун

7. Израильчууд Еховагийн хайрын ямар маргашгүй нотолгоог хүлээн авсан бэ?

7 Израильчуудын талаар Паулын бичсэн зүйл христиануудын хувьд анхааруулга болдог. Паул: «Та нар дараах зүйлийг мэдэхгүй байхыг би хүсэхгүй байна. Ах дүү нар аа, бидний эцгүүд бүгд үүлэн баганан доор байж, бүгд тэнгисийг гатлан гарч, бүгд үүл болон тэнгист Мосе уруу баптисм хүртсэн» гэж бичсэн буй (1 Коринт 10:1–4). Мосегийн үед Израилийн ард түмэн Бурхны агуу сүр хүчийг үзсэн. Түүний нэг нь тэднийг өдрийн цагт хөтлөн дагуулж, Улаан тэнгисийг гатлахад нь тусалсан ер бусын үүлэн багана байлаа (Египетээс гарсан нь 13:21; 14:21, 22). Тийм ээ, израильчууд Еховагийн хайрын маргашгүй нотолгоог хүлээн авсан юм.

8. Сүнслэг асуудлыг мартсан нь израильчуудыг юунд хүргэсэн бэ?

8 «Тэдний олонх нь Бурхны таалалд нийцсэнгүй. Иймээс ч тэднийг цөлд унагасан юм» хэмээн Паул цааш бичжээ (1 Коринт 10:5). Юутай харамсалтай вэ! Египетээс гарч ирсэн израильчуудын ихэнх нь Амласан нутагт очих эрхгүй болсон. Итгэлгүйгээсээ болоод тэд Бурхны уурыг хүргэсэн ба цөлд ясаа тавьжээ (Еврей 3:16–19). Үүнээс бид ямар сургамж авах вэ? Паул: «Тэд тачаадан хүссэн шиг бузар юмсын араас бид тачаадан хүсэхгүй байхын тулд энэ нь бидэнд жишээ болсон юм» хэмээн бичжээ (1 Коринт 10:6).

9. Ехова ард түмэндээ яаж санаа тавьсан бэ? Үүнд израильчууд хэрхэн хандсан бэ?

9 Цөлд байхдаа сүнслэг байдлаа хадгалж бэхжүүлэхэд нь шаардлагатай зүйл израильчуудад хангалттай байсан. Тэд Еховатай гэрээ байгуулж, түүнд өөрсдийгөө зориулсан ард түмэн болсон. Түүнээс гадна тэдэнд тахилчид, шүтлэг мөргөлийн төв болох асар болон Еховад тахил өргөх журам зэргийг өгсөн. Тэд эдгээр сүнслэг бэлгүүдэд баярлан талархахын оронд Бурхны өгсөн зүйлд дурамжхан байгаагаа илэрхийлж эхэлсэн (Тооллого 11:4–6).

10. Бид ямар учраас Бурхны тухай байнга санах хэрэгтэй вэ?

10 Еховагийн орчин үеийн ард түмэн Бурхны сайшаалыг хүлээснээрээ цөлд хэрэн тэнэж байсан израильчуудаас ялгаатай юм. Гэхдээ хүн болгон Бурхны тухай байнга санаж байх нь маш чухал. Энэ нь сүнслэг харааг маань бүдгэрүүлж болзошгүй хувиа хичээсэн хандлагатайгаа тэмцэхэд бидэнд тусална. Бид «бурханлаг бус байдлыг болон ертөнцийн шуналыг үгүйсгэх, мөн эдүгээ үед ухаалаг, зөвт байдлаар болон бурханлаг амьдрах» шийдвэр төгс байх ёстой (Тит 2:12). Багаасаа христиан хуралтай холбоотой болсон хүмүүс ямар нэгэн таатай зүйлийг өнгөрөөчихөж байгаа юм шиг бодож огт болохгүй. Хэрэв тиймэрхүү бодол толгойд орж ирэх аваас Еховагийн тухай болон түүний бидэнд бэлдсэн гайхамшигтай ивээлийн талаар санах нь чухал (Еврей 12:2, 3).

Бүх зүйлд Еховад дуулгавартай байх

11, 12. Хүн, хөрөг шүтэхгүйгээр яаж хуурамч шүтээн шүтэгч болж болох вэ?

11 Паул бас өөр нэгэн аюулын талаар: «Тэдний зарим шиг шүтээн шүтэгчид бүү бол. Энэ тухай „Хүмүүс идэж, уухаар суув. Тоглохоор бослоо“ гэж бичигдсэн байна» хэмээн анхааруулсан (1 Коринт 10:7). Энд Паул алтан тугал хийлгүүлэхээр израильчууд Аароныг ятгасан тухай хэлжээ (Египетээс гарсан нь 32:1–4). Биднээс хэн нэг нь хиймэл шүтээн шүтэх болтлоо уруудах нь юу л бол. Гэхдээ хувиа хичээх хүсэлдээ хэт автан, Еховаг бүх зүрх сэтгэлээрээ шүтэх шүтлэгээс хөндийрснөөр хуурамч шүтээн шүтэгч болох аюул бидэнд бий (Колоссай 3:5).

12 Паул өөр нэгэн газар эхний ээлжинд сүнслэг асуудалд бус, материаллаг зүйлд санаа тавьдаг байсан хүмүүсийн тухай бичсэн. «Христийн тарчлаах шонгийн дайсан мэт явдаг» хүмүүсийн тухай тэрбээр: «Тэдний төгсгөл бол сүйрэл. Тэдний бурхан бол ходоод» гэж бичсэн (Филиппой 3:18, ШЕ, 19). Тэдний шүтээн нь сийлмэл хөрөг бус, харин эд хөрөнгөд тэмүүлэх явдал байсан юм. Хүсэл болгон буруу биш гэдэг нь ойлгомжтой. Ехова биднийг янз бүрийн хэрэгцээтэйн дээр янз бүрийн зүйлсээр баясан цэнгэх чадвартайгаар бүтээсэн. Гэхдээ зугаа цэнгэлийн хойноос хөөцөлдөхийг Бурхантай тогтоосон харьцаанаас илүүд үздэг хүмүүсийг «шүтээн шүтэгчид» гэж хэлэхэд хилсдэхгүй (2 Тимот 3:1–5).

13. Алтан тугалын тухай түүхээс бид ямар сургамж авч болох вэ?

13 Израильчууд Египетээс гарсныхаа дараахан шүтэхээр алтан тугал хийсэн. Энэ явдал хиймэл шүтээн шүтэхээс сэрэмжлүүлэхийн зэрэгцээ өөр нэгэн чухал сургамж болдог. Израильчууд Еховагийн тов тодорхой зааврыг хэрэгсээгүй (Египетээс гарсан нь 20:4–6). Гэхдээ Еховаг өөрийн Бурхан гэж үзэхээсээ татгалзах гэсэн санаа тэдэнд байгаагүй. Тэд цутгамал тугалд тахил өргөсөн ба үүнийгээ «Эзэнд [«Еховад», ШЕ] зориулсан баяр наадам» гэж нэрлэсэн. Тэд дуулгаваргүй явдлыг нь Бурхан анзаарахгүй байх гэж бодон өөрсдийгөө мэхэлсэн. Энэ нь Еховагийн хувьд маш том доромжлол байсан бөгөөд уур хилэнг нь бадраасан (Египетээс гарсан нь 32:5, 7–10; Дуулал 106:19, 20).

14, 15. а) Израильчууд мартамхай сонсогч болсныг зөвтгөх шалтгаан байгаагүйн учир юу вэ? б) Хэрэв бид мартамхай сонсогч болохгүй хэмээн шийдэмгий байх аваас Еховагийн тушаалуудад хэрхэн хандах вэ?

14 Еховагийн Гэрчийн толгойд хуурамч шашныхантай нэгдэн нийлэх тухай бодол орж ирэх нь юу л бол. Гэхдээ зарим хүн хуралд байгаа хэрнээ ямар нэг байдлаар Еховагийн тушаалыг эсэргүүцэж болох юм. Израильчууд мартамхай сонсогч болсныг нь зөвтгөх шалтгаан байгаагүй. Тэд Арван зарлигийг сонссон бөгөөд Бурхан Мосегоор дамжуулан: «Та нар Надаас өөр бурхдыг бүү хий. Мөнгөн бурхад, эсвэл алтан бурхдыг өөрсдөдөө зориулж бүү хий» хэмээн тушаахад тэнд байсан (Египетээс гарсан нь 20:18, 19, 22, 23). Тэглээ ч гэсэн израильчууд алтан тугалд мөргөжээ.

15 Хэрэв бид мартамхай сонсогчид болох аваас мөн адил зөвтгөх шалтгаан байхгүй. Библид амьдралын олон хүрээг хамарсан Бурхны заавар зөвлөгөө байдаг. Жишээ нь: Еховагийн Үг зээл авчихаад буцааж төлдөггүй хүмүүсийг хатуу шүүмжилдэг (Дуулал 37:21). Хүүхдүүд эцэг эхдээ захирагдахыг, харин эцгүүд үр хүүхдээ «Эзний [«Еховагийн», ШЕ]... сургамж дотор» хүмүүжүүлэхийг Библи тушаадаг (Ефес 6:1–4). Гэр бүл болоогүй христиануудыг «зөвхөн Эзэн дотор» гэрлэхийг, харин гэр бүлтэй үйлчлэгчдэд: «Гэр бүл олны дунд нэр хүндтэй байг. Ор дэр нь ч бузартаагүй байг. Учир нь садарлагчид болон завхайрагчдыг Бурхан шүүнэ» гэж зөвлөдөг (1 Коринт 7:39; Еврей 13:4, ШЕ). Хэрэв бид мартамхай сонсогч болохгүй хэмээн шийдэмгий байх аваас Бурхны эдгээр болон бусад зааварт маш буурь суурьтай хандаж, тэдгээрийг хэрэгжүүлдэг болно.

16. Алтан тугал шүтсэний үр дагавар юу байсан бэ?

16 Өөрийг нь хүслийнхээ дагуу шүтэх гэсэн израильчуудын оролдлогыг Ехова хүлээж аваагүй. Алтан тугал шүтэж, самуун дэгдээхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн байж болох 3 000 хүнийг устгасан. Буруутай бусад этгээдэд Ехова гамшиг учруулсан (Египетээс гарсан нь 32:28, 35). Энэ нь Бурхны Үгийг уншдаг хирнээ юуг нь дагаж, юуг нь дагахгүйгээ өөрсдөө шийддэг хүмүүст юутай сургамжтай вэ!

«Садар самуун явдлаас зугтан явагтун»

17. 1 Коринт 10:8-д ямар үйл явдлын тухай дурдсан бэ?

17 Махан биеийн хүсэлдээ хөтлөгдөн сүнслэг асуудлаа мартвал юунд хүргэж болдгийг Паул анхааруулсан. Тэрээр: «Тэдний адил бид садар самууныг үйлдэхгүй байцгаая. Учир нь тэдний зарим нь садарлаж, ганцхан өдөр хорин гурван мянган хүн үхсэн юм» хэмээн бичжээ (1 Коринт 10:8). Паул энд израильчуудын цөлд аялсан 40 жилийн төгсгөлөөр Моабын тал нутагт болсон үйл явдлын тухай өгүүлжээ. Энэ үйл явдал болохын өмнөхөн Ехова Иордан голоос зүүн тийших нутгийг эзэлж авахад нь тэдэнд тусалсан боловч олон хүн мартамхай, үл талархагч болсон байна. Амласан нутгийн заагт очоод тэд садар самуун явдал болон Пеорын Баалыг шүтэх цэвэр бус шүтлэгт уруу татагдсан. 24 000 орчим хүнийг устгасны дотор 1 000 нь уруу татагчид байсан юм (Тооллого 25:9).

18. Ямар ямар үйл явдал садар самуунд хүргэж болох вэ?

18 Еховагийн ард түмэн өнөөдөр ёс суртахууны өндөр хэм хэмжээ сахидгаараа алдартай. Гэвч зарим христиан садар самууны асуудлаар хорхой хүргэм зүйлтэй учрахдаа Бурхныг болон түүний зарчмуудын талаар бодохоо больсон тохиолдол байдаг. Тэд мартамхай сонсогчид болсон ажээ. Хорхой хүргэм зүйл нь эхлээд садар самуун үйлдэх асуудалтай шууд холбоогүй, харин порно зураг, кино үзэх, зохисгүй тоглоом хошигнол юм уу сээтэн явдлыг өөгшүүлэх, эсвэл ёс суртахууны хувьд дутагдалтай хүмүүстэй ойр дотно холбоо тогтоох зэрэг байдаг. Энэ бүхэн тэднийг нүгэл үйлдэхэд хүргэжээ (1 Коринт 15:33; Иаков 4:4).

19. «Садар самуун явдлаас зугтан явахад» Библийн ямар зөвлөгөө бидэнд тустай вэ?

19 Хэрэв садар самуунд уруу татах гэсэн хорхой хүргэм зүйлтэй учирвал Еховагийн тухай бодохоо больж болохгүй. Харин ч түүний Үгэнд сануулсныг сахин мөрдөх хэрэгтэй (Дуулал 119:1, 2). Ихэнх христиан хүн ёс суртахууны хувьд цэвэр байдлаа хадгалах гэж хамаг хүчээрээ хичээдэг. Гэхдээ Бурхны хэм хэмжээг мөрдөн амьдрахын тулд байнгын хүчин чармайлт хэрэгтэй байдаг (1 Коринт 9:27). Паул Ром хотын христиануудад хандан: «Та нарын дуулгавартай байдал тань бүгдэд дуулдсан юм. Тиймээс би та нарын талаар баярладаг. Гэхдээ та нарыг сайнд мэргэн, харин бузар мууд гэмгүй байгаасай гэж би хүсэж байна» хэмээн бичсэн (Ром 16:19). Гэм нүглээсээ болж 24 000 израиль хүн цаазлуулсан билээ. Харин өнөөгийн садар самуун явдалтнууд болон бусад ёс бус хүнийг Ехова удахгүй шүүнэ (Ефес 5:3–6). Тийм учраас бид мартамхай сонсогч болохгүй, харин цаашид ч гэсэн «садар самуун явдлаас зугтан явах» хэрэгтэй (1 Коринт 6:18).

Еховагийн өгсөн бэлгүүдийг үргэлж үнэлж байгтун

20. Израильчууд Еховаг яаж сорьсон бэ? Энэ нь юунд хүргэсэн бэ?

20 Христиануудын дийлэнх олонх нь садар самуун явдалд огт автдаггүй. Хэдий тийм ч гэсэн бид дургүйцдэг зуршилтай болохоос болгоомжлох ёстой. Яагаад гэвэл ийм зуршилд Бурхан дургүй. Паул бидэнд: «Тэдний [израильчуудын] адил бид Христийг [«Еховаг», ШЕ] сорихгүй байцгаая. Учир нь тэдний зарим нь сорьж, могойнуудад хөнөөгдсөн юм. Тэдний адил бид дургүйцэхгүй байцгаая. Учир тэдний зарим нь дургүйцээд, устгагчаар хөнөөгдсөн юм» хэмээн сануулсан (1 Коринт 10:9, 10). Израильчууд гайхамшгаар өгсөн маннаг нь голж, Мосе Аарон хоёрт байтугай Бурханд өөрт нь дургүйцэн гомдоллосон (Тооллого 16:41; 21:5). Тэдний дургүйцэл нь Еховаг садарлан самуурснаасаа бага гомдоосон уу? Дургүйцсэн олон хүн могойд хатгуулж үхсэнийг Библи хэлдэг (Тооллого 21:6). Үүнээс өмнө дургүйцсэн 14 700 гаруй хүн устгагдсан байсан (Тооллого 16:49). Еховагийн өгсөн бэлгүүдийг үл хүндэтгэн, тэвчээрийг нь бүү сорьцгооё.

21. а) Паул Бурхны онгодоор хөтлүүлэн ямар сургамж бичсэн бэ? б) Иаков 1:25-д бичсэнээр биднийг жинхэнэ аз жаргалтай байхад юу тустай вэ?

21 Паул христиануудад хандсан анхааруулгаа: «Энэ бүхэн жишээ болон тэдэнд тохиолдсон бөгөөд үүнийг энэ үеийн эцэст амьдарч буй бидэнд сануулга болгон бичжээ. Тиймээс өөрийгөө зогсож байна гэж боддог хүн уначихгүйн тулд болгоомжтой байг» гэсэн уриалгаар дуусгасан (1 Коринт 10:11, 12). Бид израильчуудын адилаар Еховагаас олон олон ивээл хишиг хүртсэн. Гэхдээ израильчууд шиг бидний төлөө Бурхны хийж өгсөн сайн сайхан юмсыг мартах буюу үл тоомсорлож хэзээ ч болохгүй. Амьдралын зовнилд автах үедээ Бурхны Үгийн гайхамшигтай амлалтын талаар бодож байя. Еховатай тогтоосон эрхэм харьцаагаа байнга санаж, бидэнд даалгасан Хаанчлалын тухай дэлгэрүүлэх ажлаа үргэлжлүүлэн биелүүлцгээе (Матай 24:14; 28:19, 20). Библи: «Мартамхай сонсогч бус, хэрэгжүүлэгч болж, эрх чөлөөний хууль болох төгс хуулийг няхуур үздэг бөгөөд түүгээр байдаг хүн нь үйлс дотроо ерөөгдөх [«аз жаргалтай байх», ШЕ] болно» хэмээн амладаг учраас энэ нь бидэнд жинхэнэ аз жаргал авчрах нь лав (Иаков 1:25).

Та хэрхэн хариулах вэ?

• Бид юунаас болоод мартамхай сонсогчид болж болох вэ?

• Бүх зүйлд Бурханд дуулгавартай байх нь яагаад чухал бэ?

• Бид хэрхэн «садар самуун явдлаас зугтан явах» вэ?

• Еховагийн өгсөн бэлгүүдэд бид яаж хандах ёстой вэ?

[Догол мөрийн асуулт]