Skip to content

Гарчиг руу орох

Төгс ялахын тулд урагшлан давшиж байна!

Төгс ялахын тулд урагшлан давшиж байна!

Төгс ялахын тулд урагшлан давшиж байна!

«Харагтун, би нэгэн цагаан морь харлаа. Түүнийг унасан нэгэн нь нумтай байсан бөгөөд түүнд титэм өгөгдөв. Тэр ялахын тулд ялсаар гарч ирэв» (ИЛЧЛЭЛТ 6:2).

1. Иохан ирээдүйн ямар үйл явдлыг үзэгдлээр үзсэн бэ?

 БУРХАН элч Иоханд онгод оруулан 1 800 жилийн тэртээд болох үйл явдлыг харуулж, Христийн хаан суух үеийг дүрслэн бичүүлсэн. Үзэгдлээр үзүүлсэн үйл явдлууд үнэхээр болно гэдэгт Иохан итгэх хэрэгтэй байв. Хаан суух тухай тэр зөгнөл 1914 онд биелсэний маргаангүй нотолгоо өнөөдөр бидэнд бий. Есүс Христ «ялахын тулд ялсаар гарч ирж байгааг» бид итгэлийн нүдээр харж байна.

2. Хаанчлал захирч эхлэхэд Сатан яасан бэ? Энэ нь юуны нотолгоо вэ?

2 Хаанчлал захирч эхлэнгүүт Сатан тэнгэрээс хөөгдсөн бөгөөд үүнээс болж уурсан хилэгнэж, догшин хэрцгий авирлаж байгаа хэдий ч амжилт олох тавилангүй билээ (Илчлэлт 12:7–12). Түүний уур хилэн дэлхийн нөхцөл байдлыг урьд хожид байгаагүйгээр муудуулсан. Хүний нийгэм задран бутарч байна. Энэ бүхэн бол Еховагийн Гэрчүүдийн хувьд Хаан нь «ялахын тулд» урагшлан давшиж байгаагийн маргаангүй нотолгоо юм.

Шинэ ертөнцийн нийгэм үүсэж байна

3, 4. а) Бурхны Хаанчлал захирч эхэлснээс хойш христиан хуралд зохион байгуулалтын ямар ямар өөрчлөлт хийгдсэн бэ? Ийм өөрчлөлт ямар учраас шаардлагатай байсан бэ? б) Исаиагийн зөгнөн хэлснээр эдгээр өөрчлөлт ямар ач холбогдолтой болсон бэ?

3 Бурхны Хаанчлал захирч эхэлснээр сэргээн босгосон христиан хурлыг Хаанчлалын асуудлаар өндөр үүрэг хариуцлага хүлээсэн, нэгдүгээр зууны христиануудын хурлын загвартай илүү адилхан болгох цаг ирсэн. Жишээ нь: «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1938 оны зургадугаар сарын хоёр дугаараар христиануудын байгууллага үйл ажиллагаагаа яаж явуулах тухай асуудал шүүн хэлэлцсэн. Хожим 1971 оны арван хоёрдугаар сарын 15-ны дугаарт нийтэлсэн «Удирдах Зөвлөл хуулийн этгээд мөн үү?» гэдэг нэртэй өгүүлэл Удирдах Зөвлөл гэж юу болохыг илүү тодорхой болгосон. 1972 онд орон нутгийн хурлуудад тусламж болгон, удирдуулахаар ахлагч нарын зөвлөлийг томилсон.

4 Зөв удирдлага сэргэсэн нь христиан хурлыг их бэхжүүлсэн. Үүнд Удирдах Зөвлөлөөс ахлагч нарыг үүргээ биелүүлэх хийгээд хууль эрхийн асуудал хэрхэн шийдвэрлэхэд сургах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд их тустай зүйл болсон. Бурхны дэлхий дэх байгууллагын аажим өөрчлөлт болон түүний сайн үр жимсний талаар Исаиа 60:17-д: «Би чамд зэсийн оронд алт, төмрийн оронд мөнгө, модны оронд зэс, чулууны оронд төмөр авчирч, чиний төр баригчдыг амар амгалан болгон, чиний харгалзагчдыг үнэн зөв болгоно» хэмээн зөгнөсөн байдаг. Эдгээр сайн талын өөрчлөлт нь Бурхан ивээж байгааг тусгахын зэрэгцээ Хаанчлалыг нь идэвх чармайлттай дэмжиж байгаа хүмүүсийг Бурхан сайшаадгийг гэрчилж байлаа.

5. а) Ард түмнээ ивээж байгаа Еховагийн үйл хэргийг Сатан хэрхэн хүлээн авсан бэ? б) Филиппой 1:17-д (ШЕ) бичсэнээр Еховагийн ард түмэн Сатаны уур хилэнг хэрхэн эсэргүүцсэн бэ?

5 Хаанчлал захирч эхэлсэн цагаас ард түмэндээ Бурхны үзүүлсэн хайр халамж, удирдлагыг Сатан анзааралгүй өнгөрөөгүй. Жишээ нь: 1931 онд христиануудын энэ жижиг бүлэг өөрсдийгөө зүгээр нэг «Библи Судлаачид» биш гэдгийг бүх нийтэд зарлан тунхагласан. Исаиа 43:10-т бичсэнээр тэд «Еховагийн Гэрчүүд» байсан юм! Үүнтэй холбоотой эсэхийг бүү мэд, ямар ч л гэсэн Диавол тэр үеэс урьд хожид байгаагүй хүчтэй мөрдлөг хавчлагыг дэлхий даяар явуулж эхэлсэн. Тэр ч бүү хэл шашин шүтлэгийн эрх чөлөөг хүндэтгэдэг АНУ Канад Герман зэрэг оронд Еховагийн Гэрчүүдийг шүүхэд нэг биш удаа татаж байсан бөгөөд тэд шүтэх эрх чөлөөгөө хамгаалан тэмцэхэд хүрч байлаа. 1988 он гэхэд АНУ-ын Дээд шүүх Еховагийн Гэрчүүдтэй холбоотой 71 хэргийг авч үзсэнээс гуравны хоёрыг нь Гэрчүүдийн талд ашигтайгаар шийдвэрлэсэн байлаа. Өнөөдөр дэлхий даяар хууль зүйн тэмцэл үргэлжилсээр байгаа ба уг тэмцлийн зорилго нь нэгдүгээр зууных шиг «сайн мэдээг хууль зүйн баталгаагаар хамгаалах» явдал юм (Филиппой 1:7, ШЕ).

6. Урагшлан давшиж байгаа Еховагийн ард түмнийг хориг, хязгаарууд зогсоож чадсан уу? Жишээгээр тайлбарлана уу.

6 Дэлхийн хоёрдугаар дайны угтал болсон 1930-аад оны үед Герман, Испани, Япон болон бусад орны дарангуйлагч засгийн газрууд Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг хориглох буюу хязгаарлажээ. Гэтэл 2000 он гэхэд зөвхөн эдгээр гурван орон Хаанчлалын тухай сайн мэдээ идэвхтэй дэлгэрүүлдэг 500 000 орчим дэлгэрүүлэгчтэй болсон байв. Энэ бол 1936 онд дэлхий нийтийн хэмжээнд байсан дэлгэрүүлэгчийн тооноос бараг арав дахин их гэсэн үг юм! Ялгуусан Удирдагч Есүс Христийнхээ хамт урагшлан давшиж байгаа Еховагийн ард түмнийг ямар ч хориг хязгаар зогсоож чадахгүй нь тодорхой харагдаж байна.

7. 1958 онд ямар содон үйл явдал болсон бэ? Тэр цагаас хойш ямар ямар өөрчлөлт гарсан бэ?

7 Ялангуяа 1958 онд Нью-Йорк хотноо болсон Еховагийн Гэрчүүдийн түүхэн дэх хамгийн том олон улсын чуулган энэхүү урагшлах хөдөлгөөнийг тодорхой харуулсан бөгөөд «Бурхны хүсэл таалал» гэсэн нэр дор болсон уг чуулганд орлцогсдын дээд тоо 253 922-д хүрсэн байна. 1970 он гэхэд Зүүн Германыг оролцуулалгүйгээр дээр дурдсан гурван оронд Гэрчүүдийн үйл ажиллагааг дахин зөвшөөрсөн байв. Гэвч Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагаа өргөн уудам нутагтай ЗХУ болон Варшавын Гэрээний орнуудад хориотой хэвээрээ байлаа. Коммунист дэглэмтэй байсан эдгээр улс оронд идэвхтэй дэлгэрүүлэгчдийн тоо эдүгээ хагас саяас давжээ.

8. Ехова ард түмнээ ивээсний үр дүн нь юу байсан бэ? Энэ талаар «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1958 оны дугаарт юу гэж бичсэн бэ?

8 Еховагийн Гэрчүүд «эхлээд [Бурхны] хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайж» байсан учраас ивээл хүртэн, өсөж олон болсон (Матай 6:33). «Хамгийн өчүүхэн нэгэн нь мянга болж, хамгийн бага нэг нь хүчирхэг үндэстэн болно. Эзэн [«Ехова», ШЕ] Би үүнийг тухайн цагт нь яаравчлах болно» хэмээн хэлсэн Исаиагийн зөгнөл аль хэдийн бодитойгоор биелжээ (Исаиа 60:22). Гэхдээ өсөх үйл явц дуусчихсан хэрэг биш ээ. Зөвхөн сүүлийн арваад жилд Хаанчлалыг дэмжигчдийн тоо 1 750 000 гаруйгаар өссөн байна. Тэд «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1950 оны дугаарт: «Бурхан одоо шинэ ертөнцийн нийгэм бэлтгэж байна. [...] Энэ цөм Хармагедоноос эсэн мэнд үлдэнэ... Энэ хүмүүс бол дэг журмыг мэддэг бөгөөд теократ журмаар зохион байгуулагдсан „шинэ газрын“ анхны төлөөлөгч болон үйл ажиллагаагаа явуулах болно» хэмээн бичсэн тэр бүлэг хүмүүстэй сайн дураараа нэгдэн нийлсэн юм. Өгүүллийн төгсгөлд: «Шинэ ертөнцийн нийгэм болохын хувьд бүгдээрээ хамтдаа зогсолтгүй урагшилцгаая!» хэмээн уриалжээ.

9. Еховагийн Гэрчүүдийн олон жилийн турш хуримтлуулсан туршлага ямар ач холбогдолтой вэ?

9 Энэ хооронд байнга өсөж байгаа шинэ ертөнцийн нийгэм нь өнөөдрийн хувьд үнэлж баршгүй, мөн Хармагедоны дараах сэргээн босгох ажлын үед ч гэсэн хэрэг болж магадгүй тийм мэдлэг туршлага хуримтлуулжээ. Жишээ нь: Гэрчүүд том том чуулган зохион байгуулж, байгалийн гамшгийн үед нэрвэгдэгсдэд түргэн тусламж үзүүлж, богино хугацаанд байшин барилга барьж сурчээ. Еховагийн Гэрчүүдийн ийм үйл ажиллагааг шагшин гайхаж, хүндэтгэн үздэг хүн олон бий.

Буруу ойлголтыг засах нь

10, 11. Еховагийн Гэрчүүдийн талаарх буруу ойлголт хэрхэн залруулагдсаныг жишээгээр хэлнэ үү.

10 Гэсэн хэдий ч Еховагийн Гэрчүүдийг орчин үеийн нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхсангүй гэж зэмлэдэг хүмүүс байдаг. Энэ нь гол төлөв цус юүлэх, төвийг сахих, тамхи татах, ёс суртахууны асуудал зэрэгт Еховагийн Гэрчүүд Библийн зарчим баримталдгаас болдог ажээ. Гэвч Еховагийн Гэрчүүдийн үзэл бодол зөв болохыг хүлээн зөвшөөрөх явдал олон түмний дунд улам их болж байна. Жишээ нь: Польшийн нэг эмч Еховагийн Гэрчүүдийн удирдах төв уруу утасдаад ажилладаг эмнэлгийнх нь эмч нар цус юүлэх асуудлаар нилээд хэдэн цаг маргалдсан тухай ярьжээ. Уг маргааны шалтгаан нь тэр өдөр Польшийн «Женник заходни» («Dzennik Zachodni») гэдэг нэртэй сонинд нийтэлсэн өгүүлэл байжээ. Мөнөөх эмч: «Эмчилгээнд цусыг хэтрүүлэн хэрэглэж байгаад би хувьдаа харамсдаг бөгөөд үүнийг өөрчлөх хэрэгтэй гэж үздэг юм. Тийм учраас уг асуудлыг хөндөж тавьсанд би их баяртай байна. Энэ талаар илүү их зүйлмэдмээр байна» гэж хэлжээ.

11 Өнгөрсөн онд Швейцарьт болсон нэгэн бага хурал дээр Европ Израиль Канад АНУ зэрэг улс орнуудаас ирсэн нэр хүндтэй эмч мэргэжилтнүүд өвчтөнийг цусгүй эмчлэхэд нь эмч нарт туслах асуудлаар ярилцсан билээ. Уг уулзалт дээр цус сэлбэх эмчилгээ хийлгээгүй өвчтөнүүдийг бодвол цус сэлбүүлсэн өвчтөний нас баралт их байдгийг тэмдэглэсэн. Энэ нь олон түмний нийтлэг ойлголтоос тэс өөр зүйл байсан билээ. Еховагийн Гэрч өвчтөнүүд цус сэлбүүлсэн өвчтөнүүдийг бодвол ерөнхийдөө эмнэлгээс эрт гардаг. Үүний үр дүнд эмчилгээний зардал гол төлөв бага байдаг.

12. Еховагийн Гэрчүүдийн улс төрийн асуудлаарх төвийг сахьсан байр суурийг нэр хүнд бүхий хүмүүс яаж сайшаан дурдаж байсан жишээнээс хэлнэ үү.

12 Түүнээс гадна Еховагийн Гэрчүүд Дэлхийн хоёрдугаар дайны өмнө болон дайны үеэр нацистын ширүүн довтолгоонд өртөхдөө төвийг сахих байр суурь баримталж байсныг нь олон хүн сайшаан ярьдаг юм. Еховагийн Гэрчүүдийн туурвисан «Еховагийн Гэрчүүд нацизмын дайралтыг сөрөн хатуу зогссон нь» гэдэг нэртэй видео киног 1996 оны арван нэгдүгээр сарын 6-нд Германы бөөнөөр хорих лагерь байсан Равенсбрюкт анх удаа үзүүлсэн нь зүй зохистой хэрэг болсон бөгөөд түүнийг олон хүн сайшаан хүлээж авсан билээ. Харгис хэрцгий явдлаараа нэртэй Берген-Бельзений бөөнөөр хорих лагерьт 1998 оны дөрөвдүгээр сарын 18-нд болсон уг киноны нээлтэн дээр Доод Саксоны улс төрийн боловсролын төвийн захирал, доктор Вольфганг Шель: «Еховагийн Гэрчүүд „христ шашнуудыг“ бодвол фашизмаас эрс шийдэмгийгээр татгалзсан гэдгийг хүлээн зөвшөөрөх нь ичгүүртэй ч түүхэн баримт юм. [...] Еховагийн Гэрчүүдийн сургаал болон шүтлэг бишрэлийн талаар юу ч гэж бодсон нацист дэглэмийн жилүүдэд байр сууриа хатуу баримталж байсныг нь хүндэтгэхээс өөр аргагүй» гэж хэлсэн юм.

13, 14. а) Санаандгүй нэгэн хүн эртний христиануудад ашигтай ямар ухаалаг сануулга хэлсэн бэ? б) Өнөөдөр Бурхны ард түмэнд ашигтай ямар ямар санал хэлсэн бэ?

13 Удирдах албан тушаалын хүмүүс болон шүүх маргаантай асуудлыг Еховагийн Гэрчүүдийн талд ашигтайгаар шийдвэрлэхэд тэдний талаарх урьдын буруу ойлголт саарч, олон түмэн Гэрчүүдэд арай өөрөөр ханддаг болж болох юм. Үүний дүнд Гэрчүүд урьд нь өөрсдийг нь сонсох дургүй байсан хүмүүстэй ярилцах боломжтой болох нь цөөнгүй байдаг. Учир иймд тийм шийдвэрийг Еховагийн Гэрчүүд талархан хүлээн авч, өндөр үнэлдэг юм. Энэ нь нэгдүгээр зуунд Иерусалимд болсон үйл явдлыг санагдуулдаг. Иудейн дээд шүүх буюу «Зөвлөл» христиануудыг дэлгэрүүлэх ажил идэвх зүтгэлтэй явуулж байгаагийнх нь төлөө алахыг завдахад «олонд хүндтэй, Хуулийн багш» Гамалиел: «Израиль эрчүүд ээ, эдгээр хүмүүст аливааг үйлдэхдээ болгоомжтой хандацгаа. [...] энэ хүмүүсээс хол байцгаая. Тэднийг зүгээр л явуулчих. Яагаад гэвэл хэрэв энэхүү зорилго, үйлс нь хүнээс эхтэй бол нурж унах болно. Хэрэв Бурхнаас байгаа бол та нар тэднийг дийлж чадахгүй төдийгүй харин ч та нар Бурхны эсрэг тэмцэгчид болох бус уу» хэмээн хэлсэн (Үйлс 5:33–39).

14 Гамалиелын адилаар, саяхан нэр хүнд бүхий хүмүүс Еховагийн Гэрчүүдийн шашин шүтлэгийн эрх чөлөөний асуудалд тустай үг хэлсэн. Жишээ нь: Шашин шүтлэг болоод итгэл үнэмшлийн эрх чөлөөг хамгаалах олон улсын академийн ерөнхийлөгч асан нэгэн хүн: «Сүсэгтнүүдийн итгэл үнэмшил нь нийгэмд тохирохгүй буюу ёс заншилд харш гэдэг ганцхан шалтгаанаар шүтэн бишрэх эрхийг нь хясан боогдуулж болохгүй» хэмээн хэлсэн. Мөн Лейпцигийн их сургуулийн шашин судлаач, нэгэн профессор «шашны аюултай бүлэг» гэгчийг судлах зорилготой байгуулагдсан Германы засгийн газрын комисст хамаатай: «Ямар учраас зөвхөн шашны цөөнхийг хамарч шалгах ёстой юм бэ? Хоёр том христ шашныг [„Ромын католик“ болон „Лютеран“] шалгалтад хамруулах ёсгүйн учир юу вэ?» гэсэн тун зөв зүйтэй асуулт хөндөн тавьсан билээ. Энэ асуултад Германы төрийн зүтгэлтэн байсан хүний: «Засгийн газрын комиссын авч хэрэгжүүлж байгаа улс төрийн бодлогын цаана христ шашныхны дотор байдаг цөөнхийг эсэргүүцэгчдийн явуулга байгаа нь эргэлзээгүй» хэмээн бичсэн үг хариу болох бөлгөө.

Бид хэнээс тусламж хүлээх вэ?

15, 16. а) Гамалиелын үзүүлсэн нөлөө хязгаарлагдмал байсны учир юу вэ? б) Есүст туслах гэсэн нөлөө бүхий өөр гурван хүний оролдлого яагаад хүчин мөхөсдсөн бэ?

15 Гамалиелын хэлсэн үг Бурхны дэмждэг үйл хэрэг бүтэлгүйтдэггүйг дахин баталсан. Зөвлөлд хандаж хэлсэн эдгээр үг эртний христиануудад ашигтайгаар эргэсэн нь эргэлзээгүй. Гэхдээ тэд дагалдагчдыг нь хавчих болно гэж хэлсэн Есүсийн үгийг санаж байлаа. Гамалиелын хэлсэн үг христиануудыг алах гэсэн шашны удирдагчдын оролдлогыг болиулсан хэдий ч мөрдөн хавчих ажиллагааг нь зогсоогоогүй ээ. «Үйлс» номд: «Тэд зөвлөгөөг нь авчээ. Тэд элч нарыг дуудан оруулж ирээд, ташуурдаад Есүийн нэрээр дахин ярихгүй байхыг тушааж, тэднийг суллав» гэж байдаг (Үйлс 5:40).

16 Понти Пилат Есүсийг шүүж байхдаа түүнийг буруугүй гэж үзээд суллахыг оролдож байв. Гэвч энэ нь бүтээгүй (Иохан 18:38, 39; 19:4, 6, 12–16). Түүнээс гадна Есүст талтай байсан Зөвлөлийн гишүүн Никодем Ариматын Иосеф хоёр шүүхийг Есүсийн эсрэг үйл ажиллагаанаас нь татгалзуулах гэж хир чадлаараа оролдсон ч хүчин мөхөсдөж байсан (Лук 23:50–52; Иохан 7:45–52; 19:38–40). Еховагийн ард түмнийг хамгаалахаар босдог хүмүүсийн тусламж юутай ч гэсэн хязгаартай байдаг. Ертөнц Христийг үзэн ядаж байсан шигээ жинхэнэ дагалдагчдыг нь үзэн ядсаар байх болно. Зөвхөн Ехова л тэднийг бүрэн төгс чөлөөлнө (Үйлс 2:24).

17. Еховагийн Гэрчүүд юунд эргэлздэггүй вэ? Тэд сайн мэдээ дэлгэрүүлэх эрч хүчээ сулруулдаггүйн учир юу вэ?

17 Мөрдлөг хавчлага үргэлжилсээр байх болно гэдэгт Еховагийн Гэрчүүд эргэлздэггүй. Сатаны тогтолцоо бүрэн гүйцэд устсан тэр цагт эсэргүүцэл зогсох болно. Хэдийгээр мөрдлөг хавчлага таагүй ч үүнээс болоод Гэрчүүд Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх даалгавраа биелүүлэхээс няцахгүй. Учир нь тэднийг Бурхан өөрөө дэмждэг билээ. Тэд эрэлхэг зоригтой Удирдагч, Есүс Христээ дуурайдаг юм (Үйлс 5:17–21, 27–32).

18. Еховагийн ард түмэн өөр ямар бэрхшээлтэй тулгарах вэ? Гэвч төгсгөл нь ямар байх вэ?

18 Жинхэнэ шашин бүр эхнээсээ маш хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Удахгүй тэнгэрээс хөөгдсөнөөсөө хойш шалдаа буугаад байгаа «Гог» гэгч Сатан түүн уруу өргөн хүрээгээр дайрна. Гэсэн ч жинхэнэ шашин устах учиргүй билээ (Езекиел 38:14–16). «Бүх дэлхийн хаад» Сатаны удирдлагаар «Хурганы эсрэг дайн хийх бөгөөд Хурга тэднийг ялах болно. Учир нь Тэр бол эздийн Эзэн, хаадын Хаан билээ» (Илчлэлт 16:14; 17:14). Тийм ээ, манай Хаан төгс ялахын тулд урагшлан давшиж, дайн тулаанаа удахгүй дуусгана. Тун удахгүй Еховаг шүтэгчид «Бурхан бидний талд» гэж хэлэхэд эсэргүүцэх хүн гарахгүй гэдгийг мэдэн, Хаантайгаа хамт урагшлан давших нь юутай аз завшаан бэ! (Ром 8:31; Филиппой 1:27, 28).

Та тайлбарлаж чадах уу?

• Хаанчлал захирч эхэлснээс хойш Ехова христиан хурлыг хэрхэн бэхжүүлсэн бэ?

• Христийн төгс ялалтыг саатуулахын тулд Сатан хэрхэн оролддог вэ? Үр дүн нь ямар байгаа вэ?

• Гэрч биш хүмүүсийн аядуу элэгсэг харьцаанд бид хэрхэн дүн нуруутай хандах ёстой вэ?

• Сатан удахгүй ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ? Төгсгөл нь ямар байх вэ?

[Догол мөрийн асуулт]