Skip to content

Гарчиг руу орох

«Хэрэв Бурхан бидний талд юм бол хэн биднийг эсэргүүцэх вэ?»

«Хэрэв Бурхан бидний талд юм бол хэн биднийг эсэргүүцэх вэ?»

«Хэрэв Бурхан бидний талд юм бол хэн биднийг эсэргүүцэх вэ?»

«Тэгвэл бид эдгээр зүйлийн тухайд юу хэлэх вэ? Хэрэв Бурхан бидний талд юм бол хэн биднийг эсэргүүцэх вэ?» (РОМ 8:31).

1. Египетээс израильчуудтай хамт хэн гарсан бэ? Тэднийг ийм алхам хийхэд хүргэсэн шалтгаан юу вэ?

 ИЗРАИЛЬЧУУД Египетэд амьдарсан 215 жилийнхээ ихэнхэд нь боол байсан бөгөөд эцэстээ эрх чөлөөтэй амьдрахаар тэндээс гарахад нь «холилдсон үй олон хүмүүс... тэдэнтэй хамт» гарчээ (Египетээс гарсан нь 12:38). Израиль биш тэр хүмүүс Египетийг сүйрүүлж, хуурамч бурхдыг нь элэг доог болгосон аймшигт гамшгуудыг биеэрээ амсаж эдэлсэн билээ. Түүний зэрэгцээ тэд чухамдаа дөрөвдэх гамшгаас эхлэн Ехова ард түмнээ хамгаалах чадалтай гэдгийг ажиглаж мэдсэн (Египетээс гарсан нь 8:23, 24). Тэд Еховагийн санаа зорилгын талаар бага мэддэг байсан боловч Египетийн бурхад египетчүүдийг хамгаалж чадахгүй байхад Ехова израильчуудын төлөө хатуу зогсдог гэдэгт итгэлтэй байжээ.

2. Рахаб ямар учраас Израилийн тагнуулуудад тусалсан бэ? Рахаб Бурханд найдсан нь дэмий зүйл байгаагүй гэж хэлж болохын учир юу вэ?

2 Дөчин жилийн дараа израильчуудыг Амласан нутагт оруулахын өмнөхөн Мосег залгамжлагч Иошуа тэр нутийг тагнуулахаар хоёр хүн илгээсэн. Тэд тэнд очоод Иерихо хотод суудаг Рахаб гэгч эмэгтэйтэй уулзсан. Египетээс гарснаас нь хойш израильчуудыг хамгаалахын тулд дөчин жилийн турш Еховагийн үйлдсэн хүчирхэг үйлсийн тухай дуулж мэдсэн учраас зөвхөн ард түмнийг нь дэмжиж байж гэмээнэ Бурхны ивээлийг хүртэх боломжтой юм байна гэдгийг тэр эмэгтэй ойлгожээ. Ухаалаг зөв шийдвэр гаргасныхаа ачаар хожим израильчууд хотыг эзлэхэд Рахаб гэр орныхныхоо хамт үхлээс аврагдсан. Тэд гайхамшгаар аврагдсан бөгөөд энэ нь Бурхан тэдэнтэй байгааг маргаангүй батлан харуулсан. Тийнхүү израильчуудын Бурханд Рахабын найдсан нь дэмий зүйл байгаагүй ээ (Иошуа 2:1, 9–13; 6:15–17, 25).

3. а) Сэргээн босгосон Иерихо хотын ойролцоо Есүс ямар гайхамшиг үйлдсэн бэ? Үүнийг иудейн лам хуврагууд яаж хүлээж авсан бэ? б) Зарим иудей хүн, мөн хожим иудей бус хүмүүс юу ойлгосон бэ?

3 Арван таван зууны дараа Есүс Христ сэргээн босгосон Иерихо хотын ойролцоо нэгэн сохор гуйлгачинг эдгээсэн (Марк 10:46–52; Лук 18:35–43). Тэр хүн Есүсийг Бурхан дэмждэгийг хүлээн зөвшөөрдгөө харуулан, Есүсээс «өршөөл» эрсэн. Гэтэл Иудейн шашны удирдагчид болон тэднийг дагалдагчид үйлдэж байсан гайхамшгууд нь Есүс Бурхны ажлыг хийж байгаагийн нотлогоо болохыг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байсан. Харин түүний оронд Есүсээс өө сэв хайж байлаа (Марк 2:15, 16; 3:1–6; Лук 7:31–35). Тэр ч байтугай өөрсдийнх нь турхиралтаар алагдсан Есүс дахин амилсан тухай бодит баримттай нүүр тулан учирахдаа хүртэл тэд Есүсийг Бурхан дахин амилуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байсан билээ. Түүнээс гадна тэд «Эзэн Есүсийг тунхаглахад» нь саад болохын тулд Есүсийн дагалдагчдыг мөрдөн хавчиж байв. Гэвч зарим иудей хүн, мөн дараа нь иудей бус хүмүүс эдгээр үйл явдалд анхаарлаа хандуулж, утга учрыг нь зөвөөр ойлгосон. Тэдний хувьд дүр исгэдэг иудейн удирдагчдаас Бурхан татгалзаж, Есүс Христийн номхон даруу дагалдагчдыг дэмждэг болсон нь тодорхой болсон (Үйлс 11:19–21).

Өнөөдөр Бурхан хэнийг дэмждэг вэ?

4, 5. а) Зарим хүн шашныг ямар байдлаар сонгодог вэ? б) Шашны жинхэнэ эсэхийг тодорхойлоход хамгийн гол асуудал юу вэ?

4 Саяхан нэгэн пастор ямар шашныг жинхэнэ шашин гэх вэ гэдэг асуудлаар телевизэд өгсөн ярилцлагадаа: «Хэрэв хүн сургаалыг нь сахин мөрдсөнөөр ёс суртахууны болоод зан аашны хувьд сайжирч байвал тэр шашин жинхэнэ шашин байна» гэж хэлжээ. Жинхэнэ шашин хүмүүсийг ёс суртахуун болоод зан аашны хувьд сайн болгодог нь маргаангүй. Гэхдээ хэрэв шашин хүнийг сайн болгож л байвал энэ нь Бурхан түүнийг дэмжиж байна гэсэн үг үү? Энэ нь жинхэнэ шашныг тодорхойлох цорын ганц шалгуур гэж үү?

5 Шүтэж бишрэх болон бусад сонгох эрх чөлөөг хүн бүр хүндэтгэн үздэг. Гэхдээ сонгох эрх чөлөөтэй байна гэдэг нь хүн зөв сонголт хийхийн баталгаа биш ээ. Жишээ нь: Зарим хүн шашин сонгохдоо шүтэж биширдэг хүний тоо, бэл бэнчин, зан үйлийн ёслол болон эцэг эхийнхээ уламжлалыг үндэс болгодог. Энэ бүхэн бол шашны жинхэнэ эсэхийг тодорхойлоход ямар ч ач холбогдолгүй билээ. Хамгийн гол нь ямар шашин Бурхны хүсэл тааллыг биелүүлэхийг шүтэгчдээсээ шаардаж, тэдэнд «Бурхан бидний талд» гэж итгэлтэй хэлэх боломж олгон, Бурхан дэмжиж байгаагийн үнэмшилтэй нотолгоо өгч байна вэ? гэдэг асуудал юм.

6. Шашны жинхэнэ эсэхийг тодорхойлоход Есүсийн ямар үг тусалдаг вэ?

6 Есүс: «Хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжлогтун. Тэд хонины арьс нөмрөн та нар уруу ирэх боловч дотроо хомхой чононууд юм. Та нар тэднийг үр жимсээр нь танина» гэж хэлэн, жинхэнэ шүтлэгийг хуурамч шүтлэгээс ялгах дүрмийг тогтоосон (Матай 7:15, 16; Малахи 3:18). Жинхэнэ шашны зарим «үр жимс» буюу ялгарах шинж тэмдгийг авч үзэн, Бурхан өнөөдөр хэнийг дэмждэгийг чин үнэнээр нь тодорхойлъё.

Бурхны дэмжлэг авч байгаа хүмүүсийн ялгарах шинж тэмдгүүд

7. Зөвхөн Библид үндэслэсэн зүйл заана гэдэг нь юу гэсэн үг вэ?

7 Тэд сургаалаа Библид үндэслэдэг. Есүс: «Миний сургаал бол Минийх биш, харин Намайг Илгээгчийнх. Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсэж байвал тэр нь энэ сургаал Бурхнаас ирсэн үү, эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ» гэж хэлсэн. Мөн: «Бурхны хүн нь Бурхны үгсийг сонсдог» гэж хэлсэн (Иохан 7:16, 17; 8:47). Тэгэхлээр Бурхны дэмжлэг авахын тулд Бурхны, Үгээрээ илчилсэн зүйлийг л заах ёстой бөгөөд хүний мэргэн ухаан буюу уламжлалд үндэслэсэн сургаалаас татгалзах ёстой гэдэг нь ойлгомжтой байна (Исаиа 29:13; Матай 15:3–9; Колоссай 2:8).

8. Шүтлэгтээ Бурхны нэрийг хэрэглэх нь яагаад чухал бэ?

8 Тэд Бурхны «Ехова» гэдэг нэрийг хэрэглэдэг ба тунхагладаг. Исаиа: «Тэр өдөр та нар ингэж хэлэх болно. „Эзэнд [«Еховад», ШЕ] талархлыг өргө, Түүний нэрийг дууд. Түүний үйлсийг хүмүүсийн дунд мэдэгд. Түүний нэр өргөмжлөгдсөнийг тэдэнд сануул. Гайхамшигт зүйлсийг хийсэн Эзнийг [«Еховаг», ШЕ] магтан дуул. Энэ бүхнийг газар дэлхий даяар мэдүүлэгтүн“» хэмээн зөгнөж хэлсэн (Исаиа 12:4, 5). Есүс дагалдагч нартаа: «Тэнгэрт байгаа бидний Эцэг минь, Таны нэр ариунаар дуурсгагдаг» гэж залбирахыг заасан (Матай 6:9). Тийм учраас христианууд еврей мөн ч бай, биш ч бай Бурхны «нэрийн төлөөх хүмүүс» шиг үйлчлэх ёстой байлаа (Үйлс 15:14). «Нэрийнх нь төлөөх хүмүүс» болсноороо бахархдаг хүмүүсийг Бурхан баяртайгаар дэмждэг нь илэрхий.

9. а) Жинхэнэ шашны гишүүд яагаад баяр баясгалантай байдаг вэ? б) Жинхэнэ болон хуурамч шашин баримтлагчдын ялгааг Исаиа хэрхэн илэрхийлсэн бэ?

9 Тэд Бурхны баяр баясгаланг тольдон тусгадаг. «Сайн мэдээг» зохиогч Ехова бол «жаргалтай Бурхан» билээ (1 Тимот 1:11, ШЕ). Тийм болохоор үйлчлэгчид нь аз жаргалгүй байж, юмыг дандаа муу муухайгаар хардаг байж болох уу? Сүнслэг хоол ундыг тогтмол элбэг дэлбэг хүртдэг учраас жинхэнэ христианууд ертөнцийн хүнд хэцүү нөхцөл байдал болон хувийн бэрхшээл зовлонгоо үл тоон баяр баясгалангаа хадгалдаг. Исаиа хуурамч шашин шүтэгчдээс тэдний ялгаатайг илэрхийлэн: «Эзэн Бурхан үүнийг айлдаж байна. „Үзэгтүн, Миний зарц нар идэх боловч, та нар өлсөнө. Үзэгтүн, Миний зарц нар уух боловч, та нар цангана. Үзэгтүн, Миний зарц нар баясах боловч, та нар ичнэ. Үзэгтүн, Миний зарц нар хөөртэй зүрхээр, баяр хөөртэйгөөр хашхирах боловч, та нар хүнд зүрхтэй орилж, цөхөрсөн сүнстэй уйлах болно“» хэмээн хэлжээ (Исаиа 65:13, 14).

10. Жинхэнэ шашныг баримтлагч хүмүүс алдаан дээрээ суралцахаас хэрхэн зайлсхийдэг вэ?

10 Тэд үйл ажиллагаагаа явуулж, шийдвэр гаргахдаа Библийн зарчимд тулгуурладаг. «Бүх зүрхээрээ Эзэнд [«Еховад», ШЕ] итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно» хэмээн «Сургаалт үгс» номын бичээч бидэнд зөвлөжээ (Сургаалт үгс 3:5, 6). Бурхан удирдлага хайн өөрт нь ханддаг хүмүүсийг дэмжихээс бус, өөрийнх нь мэргэн ухааныг үл хэрэгсдэг хүмүүсийн бие биетэйгээ зөрчилддөг онолд найддаг хүмүүсийг дэмждэггүй. Амьдралаа Бурхны Үгэнд зохицуулан өөрчлөхөд аль хир бэлэн байгаагаас тэр хүний, алдаан дээрээ суралцах аюулаас зайлсхийх боломж нэмэгдэнэ (Дуулал 119:33; 1 Коринт 1:19–21).

11. а) Жинхэнэ шашны гишүүд яагаад лам хуврагууд болон энгийнхэн гэж хуваагддаггүй вэ? б) Бурхны ард түмнийг удирдах үүрэг хүлээсэн хүмүүс «сүрэгт» ямар үлгэр жишээ үзүүлдэг вэ?

11 Тэд хурлаа нэгдүгээр зууны христиануудынх шиг зохион байгуулсан. Есүс христиануудын мөрдөх зарчим болгон: «Та нар „Багш аа“ гэж битгий дуудуул. Та нарын Багш Ганц бөгөөд та нар бүгд ахан дүүс билээ. Газар дээр хэн нэгнийг эцгээ болгож битгий дууд. Учир нь та нарын Эцэг Ганц бөгөөд Тэр тэнгэрт буй. Та нар „удирдагчид“ гэж битгий дуудуул. Та нарын Удирдагч Ганц бөгөөд Тэр нь Христ юм. Харин та нарын дундах хамгийн агуу нь зарц болог» гэж хэлсэн (Матай 23:8–11). Жинхэнэ христиануудын хуралд цол гуншингаа чангаар дуудуулж, өөрсдийгөө энгийн хүмүүсээс дээгүүр өргөмжилдөг ихэмсэг бардам лам нар байдаггүй (Иов 32:21, 22). Бурхны сүргийг хариулахаар томилогдсон хүмүүс «албадлагаар бус, харин сайн дураараа, Бурхны хүслийн дагуу харгалзан, хомхой ашгийн төлөө бус, харин хичээл зүтгэлээр, өөрсдөд чинь даалгасан хүмүүсийг ноёлох бус, харин хонин сүрэгтээ үлгэр дуурайл болон» хариулдаг (1 Петр 5:2, 3). Жинхэнэ христиан хоньчид бол бусдын «итгэлийг захирдаггүй». Харин тэд Бурханд үйлчлэх ажилд итгэл нэгтнүүдтэйгээ «хамтран ажиллагчид» болохын хувьд бусдадаа сайн үлгэр жишээ болохыг хичээдэг (2 Коринт 1:24).

12. Бурхан өөрөөс нь дэмжлэг авахыг хүсдэг хүмүүст хүний засаг захиргааны тухайд төвийг сахьсан ямар байр суурь баримтлахыг тушаасан бэ?

12 Тэд хүний засаг төрд захирагддаг хэдий ч төвийг сахидаг. «Дээд эрх мэдлүүдэд» захирагддаггүй хүнийг Бурхан дэмждэггүй. Учир нь «оршин байгаа нь Бурхнаар тогтоогдсон юм. Тиймд эрх мэдлийг эсэргүүцэгч нь Бурхны тогтоолыг эсэргүүцсэн хэрэг» (Ром 13:1, 2). Гэвч сонирхлууд өөр хоорондоо зөрчилдөж болохыг Есүс ойлгож байсан учраас: «Цезарийн юмыг Цезарьт өг. Бурхны юмыг Бурханд өг» гэж хэлсэн (Марк 12:17). Бурхны дэмжлэг авахыг хүсэж байгаа хүмүүс «эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайх» ёстойн зэрэгцээ Бурхны өмнө хүлээсэн өндөр үүрэг хариуцлагатай нь тохирдог төр засгийн хуулинд захирагдах ёстой (Матай 6:33; Үйлс 5:29). Есүс дагалдагч нартаа төвийг сахихын чухлыг онцлон тэмдэглэж: «Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш» хэмээн хэлсэн. Хожим: «Миний хаанчлал бол энэ ертөнцийнх биш» хэмээн нэмж хэлжээ (Иохан 17:16; 18:36).

13. Бурхны ард түмнийг танихад хайр ямар үүрэгтэй вэ?

13 Тэд нүүр тал хардаггүй бөгөөд «бүх хүмүүст... сайныг үйлддэг» (Галат 6:10). Христиан хайр бол нүүр тал хардаггүй ба арьсны өнгө, эдийн засаг, боловсрол, үндэс угсаа, хэл яриа зэргийг харгалзахгүйгээр бүх хүнийг хүлээн авдаг. Хэрэв хүмүүс бүх хүнд, ялангуяа «итгэлийн гэр бүлийн гишүүддээ» сайныг үйлдэж байгаа бол энэ нь тэднийг Бурхан дэмжиж байгаагийн шинж тэмдэг юм. Есүс: «Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно» гэж хэлсэн (Иохан 13:35; Үйлс 10:34, 35).

14. Бурханд сайшаагддаг хүмүүс бүх нийтийн таашаалыг хүлээдэг үү? Тайлбарлана уу.

14 Тэд Бурхны хүсэл тааллыг биелүүлэхдээ аливаа мөрдлөг хавчлагыг тэвчихэд бэлэн байдаг. Есүс дагалдагч нартаа урьдчилан сануулж: «Хэрэв тэд Намайг хавчсан бол та нарыг бас хавчих болно. Хэрэв тэд Миний үгийг сахьсан бол та нарынхыг бас сахих болно» гэж хэлсэн (Иохан 15:20; Матай 5:11, 12; 2 Тимот 3:12). Бурхнаас дэмжлэг авдаг хүмүүсийг ард нийтээрээ хэзээ ч таашаадаггүй бөгөөд үүнийг итгэлээрээ ертөнцийг ялласан Ноагийн жишээ харуулдаг (Еврей 11:7). Өнөөдөр, Бурхнаас дэмжлэг авахыг хүсэж байгаа хүмүүс мөрдлөг хавчлагаас зайлахын тулд Бурхны үгийг бүрхэгдүүлэх юм уу Библийн зарчмаас хазайн зохицох талаар хумсын чинээхэн зүйл ч гаргадаггүй. Тэднийг Бурханд үнэнч үйлчилж л байгаа цагт хүмүүс «гайхширч, муу хэлэх» болно (1 Петр 2:12; 3:16; 4:4).

Баримтуудыг цэгнэж үзэх цаг

15, 16. а) Бурхан шашны ямар бүлгийг дэмжиж байгааг танихад ямар ямар асуулт туслах вэ? б) Олон сая хүн ямар дүгнэлтэд хүрсэн бэ? Яагаад?

15 Сургаалууд нь ихэнх хүний итгэл үнэмшлтэй таардаггүй ч гэсэн Бурхны Үгийг чанд баримталдгаараа шашны ямар бүлэг нэрд гарсан бэ? Шашны ямар бүлэг Бурхны оноосон нэрийг эрхэмлэдэг төдийгүй нэрэндээ хэрэглэдэг вэ? Бурхны Хаанчлал бол хүн төрөлхтний бүх бэрхшээлийг шийдвэрлэх цорын ганц найдвар гэсэн өөдрөг үзлийг хэн баримталдаг вэ? Хоцрогдсон хүн гэж хэлүүлэхээс айхгүйгээр, үйл ажиллагаандаа Библийн хэм хэмжээг мөрдөн сахидаг хэн байна вэ? Цалинждаг пастор лам шашны ямар бүлэгт байдаггүй ба ямар шашны бүх гишүүн нь дэлгэрүүлэх ажилд оролцдог вэ? Хэдийгээр улс төрийн үйл хэрэгт оролцдоггүй ч гэсэн хэнийг хууль сахидаг иргэд гэж магтдаг вэ? Бурхны тухай, Бурхны санаа зорилгын тухай мэдэхэд нь бусдад туслахын тулд хайрандаа хөтлөгдөн цаг зав, мөнгө төгрөгөө хэн харамгүй зарцуулдаг вэ? Магтан сайшаамаар ийм олон сайн тал байдаг ч гэсэн хүмүүс хэнийг жигшин зэвүүцэж, дооглон тохуурхаж, мөрдөн хавчдаг вэ? гэх зэрэг асуултыг та өөртөө тавьж үзээрэй.

16 Дэлхий даяар олон сая хүн баримтуудыг цэгнэж үзээд зөвхөн Еховагийн Гэрчүүд л жинхэнэ шашныг баримталдаг юм байна гэдэгт итгэсэн. Тэд Еховагийн Гэрчүүд юу зааж, биеэ хэрхэн авч явдаг хийгээд шашин нь ямар ашиг тустайг үндэслэн ийм дүгнэлтэд хүрсэн байна (Исаиа 48:17). Зехариа 8:23-т зөгнөн хэлсэнчлэн сая сая хүн: «Биднийг өөртэйгөө хамт явуулаач. Бурхан чамтай хамт байгааг бид сонслоо» хэмээн хэлдэг юм.

17. Еховагийн Гэрчүүд жинхэнэ шашинтай гэж хэлдэг нь сагсуурч байгаа хэрэг биш гэж хэлж болохын учир юу вэ?

17 Зөвхөн өөрсдийг нь Бурхан дэмждэг гэж Еховагийн Гэрчүүдийн батлан хэлдэг нь дэндүү сагсуурч байгаа хэрэг биш үү? Тэгвэл израильчууд Египетэд байхдаа египетчүүдийг өөр итгэл үнэмшилтэй байсаар атал Бурхан биднийг дэмждэг хэмээн баталж байсан нь сагсуурч байсан хэрэг үү? Мөн нэгдүгээр зууны христианууд Бурхан иудейн шашныг баримтлагчдыг бус, өөрсдийг нь дэмждэг хэмээн батлан илэрхийлж байсан нь сагсуурч байсан хэрэг үү? Баримтууд дээрх мэдэгдлүүдийн маргаангүй үнэн болохыг нотолдог. Есүсийн зөгнөн хэлснээр төгсгөлийн цаг үед жинхэнэ дагалдагчдынх нь биелүүлбэл зохих тэр ажлыг Еховагийн Гэрчүүд дэлхийн 235 оронд гүйцэтгэж байна. Тэр бол: «Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ» гэсэн даалгавар юм (Матай 24:14).

18, 19. а) Эсэргүүцэл байсаар атал Еховагийн Гэрчүүд дэлгэрүүлэх ажлаа зогсоодоггүйн шалтгаан юу вэ? б) Бурхан Еховагийн Гэрчүүдийг дэмждэгийг Дуулал 41:11 хэрхэн баталдаг вэ?

18 Еховагийн Гэрчүүд энэ даалгаврыг үргэлжлүүлэн биелүүлэх бөгөөд хавчлага мөрдөлт буюу эсэргүүцэлд автан үйл ажиллагаагаа хэзээ ч зогсоохгүй. Еховагийн үйл хэрэг биелэх ёстой бөгөөд биелэх ч болно. Ехова: «Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй. Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүр яллагдана. Энэ бол Эзний [«Еховагийн», ШЕ] зарцуудын өв бөгөөд Надаас ирэх тэдний зөвтгөл юм» гэж амласан болохоор өнгөрч байгаа зуунд Бурхны үйл хэргийг гүйцэлдүүлж байсан Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг саатуулах гэсэн оролдлогууд эцсийн эцэст бүгд сүйрсэн (Исаиа 54:17).

19 Эдүгээ Еховагийн Гэрчүүд дэлхий даяар үзүүлж байгаа эсэргүүцлийг үл хайхран үйл ажиллагаагаа урьд хожид байгаагүй хүчтэй, идэвхтэй явуулж байгаа нь Ехова тэдний ажилд сэтгэл хангалуун байдгийн баталгаа юм. Давид хаан: «Миний дайсан намайг ялсан дуугаар хашхирдаггүй учир Та намайг таалдгийг би үүгээр мэднэ» гэж хэлсэн (Дуулал 41:11; 56:9, 11). Бурхны дайснууд Еховагийн ард түмний дээгүүр хэзээ ч ялалтын уухай хашхирахгүй. Учир нь тэдний Удирдагч Есүс Христ төгс ялалтын төлөө урагшлан тэмүүлж байна!

Та хариулж чадах уу?

• Дээр үед Бурхан хэнийг дэмждэг байсан бэ?

• Жинхэнэ шашны ялгарах зарим ямар шинж тэмдэг байдаг вэ?

• Бурхан Еховагийн Гэрчүүдийг дэмждэг гэдэгт та хувьдаа яагаад итгэдэг вэ?

[Догол мөрийн асуулт]