Skip to content

Гарчиг руу орох

Үл үзэгдэх Нэгнийг харж байгаа мэт тууштай байцгаая!

Үл үзэгдэх Нэгнийг харж байгаа мэт тууштай байцгаая!

Үл үзэгдэх Нэгнийг харж байгаа мэт тууштай байцгаая!

«[Мосе] үл үзэгдэх Нэгнийг харж байгаа мэт тууштай байсан ажээ» (ЕВРЕЙ 11:27, ШЕ).

1. Есүс «Ууланд айлдсан номлол»-доо Бурхны талаар анхаарал татам ямар үг хэлсэн бэ?

 ЕХОВА бол үл үзэгдэх Бурхан билээ. Мосе Еховагаас цог жавхлангаа үзүүлээч гэж гуйхад нь тэрбээр: «Чи Миний царайг харж чадахгүй. Учир нь Намайг хараад, амьд байж чадах хүн байхгүй» хэмээн хариулжээ (Египетээс гарсан нь 33:20). Мөн элч Иохан: «Бурхныг хэн ч хэзээ ч хараагүй» гэж бичсэн (Иохан 1:18). Тэр ч байтугай Есүс Христ хүн байхдаа Бурхныг хараагүй. Гэвч «Ууланд айлдсан номлол»-доо Есүс: «Зүрхэн дотроо цэвэр ариун байгч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд Бурхныг харах болно» гэж хэлсэн байдаг (Матай 5:8). Үүгээрээ Есүс юу хэлэхийг хүссэн бэ?

2. Бид Бурхныг бодитойгоор харж чадахгүйн учир юу вэ?

2 Библид бичсэнээр Ехова бол үл үзэгдэгч Сүнс билээ (Иохан 4:24; Колоссай 1:15; 1 Тимот 1:17). Тэгэхлээр Есүс Еховаг хүмүүс бодитойгоор харна хэмээн хэлэх гээгүй хэрэг юм. Үнэндээ бол тослогдсон христианууд сүнсэн бүтээл болон дахин амилсныхаа дараа тэнгэрт Ехова Бурхныг харна. Гэхдээ «зүрхэн дотроо цэвэр ариун байгч», дэлхий дээрээ мөнх амьдрах найдвартай хүмүүс бас Бурхныг «харна». Яаж?

3. Хүмүүс Бурхны зарим чанарыг хэрхэн ойлгож болох вэ?

3 Бид бүтээсэн зүйлсийг нь анхааралтай ажиглан харснаар Еховагийн тухай ямар нэгэн юм мэдэж авдаг. Агуу хүч нь зүрх сэтгэлийг маань хөндөж, улмаар бид түүнийг Бүтээгч Бурхан гэж хүлээн зөвшөөрдөг (Еврей 11:3; Илчлэлт 4:11). Үүнтэй холбогдуулан элч Паул: «Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдон, илэрхий харагдаж байгаа» хэмээн бичжээ (Ром 1:20). Тэгэхлээр Бурхныг харж болох тухай Есүсийн үг бол бид Еховагийн зарим чанарыг ойлгох чадвартай гэсэн санаа юм. Тийм «хараа» үнэн зөв мэдлэг дээр үндэслэдэг бөгөөд сүнслэг зүйлсийг «зүрхний мэлмийгээр» харах боломж олгодог (Ефес 1:18). Мөн Есүсийн үг ба үйлс нь Бурхны тухай их зүйлийг илчилдэг. Тийм ч учраас Есүс: «Намайг харсан хүн Эцгийг харсан» хэмээн хэлжээ (Иохан 14:9). Есүс Еховагийн зан чанарыг төгс тусган харуулсан. Тийм болохоор Есүсийн амьдрал хийгээд сургаалыг мэдвэл бид Бурхны зарим чанарыг «харах» буюу ойлгох боломжтой болно.

Сүнслэг байдал бүхнээс амин чухал

4. Өнөөдөр олон хүн сүнслэг бус байдлыг хэрхэн илэрхийлдэг вэ?

4 Өнөөдөр зөв итгэлтэй бөгөөд жинхэнэ сүнслэг байдалтай хүнийг олоход амаргүй ээ. «Бүх хүн итгэлийнх биш аж» хэмээн Паул хэлсэн (2 Тесалоник 3:2). Олон хүн ихэнхдээ хувийн ашиг сонирхолдоо хөтлөгддөг бөгөөд Бурханд итгэдэггүй. «Мууг үйлдэгч нь Бурхныг хараагүй юм» хэмээн Иоханы бичсэнчлэн тийм хүмүүсийн нүгэлт үйл хэрэг болон сүнслэг бус байдал «ойлгох нүдээр» харахад нь саад болдог (3 Иохан 11). Тийм хүмүүс Бурхныг бодитойгоор хардаггүйгээсээ болоод Бурхан өөрсдийнх нь юу хийж байгааг хардаггүй юм шиг биеэ авч явдаг (Езекиел 9:9). Тийм хүмүүс сүнслэг байдлыг үзэн яддаг учраас «Бурхны тухай мэдлэгтэй» болох чадваргүй байдаг (Сургаалт үгс 2:5, ШЕ). Паул: «Төрөлх хүн Бурхны Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Учир нь тийм хүнд эдгээр нь мунхаг явдал бөгөөд эдгээрийг ойлгож чадахгүй. Яагаад гэвэл эдгээр нь сүнслэгээр үзэгддэг» хэмээн бичсэн нь туйлын зөв бөлгөө (1 Коринт 2:14).

5. Сүнслэг зүйлд анхаарлаа төвлөрүүлдэг хүмүүс юу ухамсарлан ойлгодог вэ?

5 Хэрэв бид сүнслэг байдалд анхаарлаа төвлөрүүлдэг бол Ехова алдаа дутагдал хайдаг Бурхан биш хэдий ч муу санаа юм уу муу хүслээр үйл ажиллагаа явуулбал тэр мэддэг гэдгийг ухамсарлан ойлгодог болно. Үнэндээ «хүмүүний амьдралын зам Эзний [«Еховагийн», ШЕ] мэлмийн өмнө ил байдаг юм. Хүмүүний замыг Тэр ширтэн харж байдаг» (Сургаалт үгс 5:21). Хэрэв бид нүгэл үйлдчихвэл гэмшиж, Еховагаас уучлал гуйх хүсэлд автдаг. Учир нь бид түүнд хайртай бөгөөд түүнийг зовоохыг хүсдэггүй билээ (Дуулал 78:41; 130:3).

Биднийг юу тууштай болгодог вэ?

6. Тууштай байна гэж юу гэсэн үг вэ?

6 Хэдийгээр бид Еховаг хардаггүй ч тэр биднийг хардаг гэдгийг цаг ямагт санаж явах хэрэгтэй. Хэрэв бид түүний оршин байдгийг санаж, өөрийг нь дуудсан болгонд тэр ойрхон байдаг гэдэгт итгэлтэй байх аваас энэ нь биднийг тууштай байхад буюу Еховад итгэх итгэл маань гуйвж дайвахгүй байхад тусална (Дуулал 145:18). Бид: «Итгэлээр, Мосе хааны уур хилэнгээс айлгүй Египетийг орхисон. Учир нь тэр үл үзэгдэх Нэгнийг харж байгаа мэт тууштай байсан ажээ» хэмээн Паулын бичсэн Мосе шиг байж болно (Еврей 11:27, ШЕ).

7, 8. Фараоны өмнө гарах зоригийг Мосед юу өгсөн бэ?

7 Израильчуудыг Египетийн боолчлолоос чөлөөлөн гаргах Бурхны даалгаврыг биелүүлэхдээ Мосе шашны болон цэргийн нөлөө бүхий зүтгэлтнүүд цугласан хааны ордонд харгис Фараоны өмнө олон удаа үзэгдсэн. Тэрхүү ордны ханан дээр хуурамч бурхдын дүрс сийлж, зурсан бололтой байгаа юм. Гэтэл Ехова үл үзэгддэг хэдий ч Мосегийн хувьд бодитой байснаараа Египетийн амьгүй бурхдыг төлөөлсөн бүх хуурамч шүтээнээс ялгарч байлаа. Мосе Фароанаас айгаагүй нь гайхах зүйл биш ээ!

8 Фараоны өмнө нэг биш удаа үзэгдэх эр зоригийг Мосед юу өгсөн бэ? Библид: «Мосе гэгч хүн дэлхийн гадаргуу дээрх ямар ч хүнээс илүүгээр маш даруу байлаа» гэж бичсэн буй (Тооллого 12:3). Бат бэх сүнслэг байдал болон Бурхан өөртэй нь хамт байдаг гэсэн итгэл нь Египетийн харгис хааны өмнө «үл үзэгдэх Нэгнийг» төлөөлөн үйлчлэхэд нь Мосед хүч өгч байсан нь илэрхий. Үл үзэгдэх Бурхныг «хардаг» хүмүүс түүнд итгэдгээ өнөөдөр хэрхэн харуулдаг вэ?

9. Тууштай байдлаа хадгалах нэг арга юу вэ?

9 Үл үзэгдэх Нэгнийг харж байгаа мэт түүнд итгэж, итгэлдээ тууштай байх нэг арга бол мөрдлөг хавчлагыг үл хэрэгсэн зоригтойгоор дэлгэрүүлэх явдал юм. Есүс шавь нартаа: «Миний нэрнээс болж бүгд та нарыг үзэн ядах болно» хэмээн урьдчилан анхааруулсан (Лук 21:17). Мөн: «„Боол эзнээсээ илүү агуу биш“ гэж Би та нарт хэлснийг санагтун. Хэрэв тэд Намайг хавчсан бол, та нарыг бас хавчих болно» гэж хэлсэн (Иохан 15:20). Есүсийн хэлснээр түүнийг үхсэнээс хойш тун удалгүй дагалдагч нар нь мөрдлөг хавчлагад өртсөн бөгөөд тэднийг заналхийлж, баривчилж, зодож жанчих болсон (Үйлс 4:1–3, 18–21; 5:17, 18, 40). Элч нар болон Есүсийн бусад шавь мөрдлөг хавчлагын давалгааг үл тоон сайн мэдээ дэлгэрүүлэх ажлаа зоригтойгоор үргэлжлүүлсээр байлаа (Үйлс 4:29–31).

10. Ехова хамгаалдаг гэдэгт итгэлтэй байх нь дэлгэрүүлэх ажилд маань хэрхэн тусалдаг вэ?

10 Есүсийн эртний дагалдагчид Мосегийн адилаар үзэгдэх олон дайснаасаа айдаггүй байсан. Есүсийн шавь нар Бурханд итгэдэг байсныхаа ачаар өөрсдөдөө тохиолдсон хэцүү бэрх мөрдлөг хавчлагыг даван гарч чадсан. Тийм ээ, тэд үл үзэгдэх Нэгнийг харж байгаа мэт тууштай хэвээрээ үлдсэн юм. Өнөөдөр Ехова биднийг хамгаалдаг гэдгийг үргэлж санах аваас бид Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэх ажлаа зоригтой бөгөөд аймшиггүйгээр биелүүлж чадна. «Хүнээс айх нь урхинд орж байгаа хэрэг. Харин Еховад итгэдэг хүнийг тэр хамгаална» гэж Бурхны Үг хэлдэг (Сургаалт үгс 29:25, ШЕ). Тийм учраас бид ямар ч мөрдлөг хавчлагын үед гуйвж дайвдаггүй бөгөөд дэлгэрүүлэх ажлаасаа ичдэггүй. Итгэл маань биднийг хөршийнхөндөө, хамт ажилладаг хүмүүстээ, ангийнхаа хүүхдүүдэд болон бусад хүмүүст зоригтой дэлгэрүүлэхэд түлхэн урамшуулдаг (Ром 1:14–16).

Үл үзэгдэх Нэгэн ард түмнээ удирддаг

11. Петр Иуда хоёрын хэлснээр христиан хурлын зарим гишүүн сүнслэг бус байдлаа хэрхэн илэрхийлсэн бэ?

11 Ехова дэлхий дэх байгууллагаа удирддагийг харахад итгэл бидэнд тусалдаг. Үүнийг ойлгосноор бид хуралд хариуцлагатай үүрэг хүлээсэн эрчүүдэд шүүмжлэлтэй хандахаас зайлсхийдэг. Элч Петр, Есүсийн төрсөн дүү Иуда хоёрын аль аль нь христиануудын дунд удирдах үүрэг хүлээсэн эрчүүдийг доромжилдог, сүнслэг бус хүмүүсээс болгоомжлохыг сануулсан (2 Петр 2:9–12; Иуда 8). Хэрэв тэр шүүмжлэгчид Еховаг бодит байдлаар харсан бол дэргэд нь тэгж ярих байсан болов уу? Юу л бол! Гэвч Бурхан үл үзэгддэг учраас эдгээр сүнслэг бус хүмүүс түүнд тайлагнах ёстойгоо ухаараагүй.

12. Хуралд удирдах үүрэг хүлээсэн эрчүүдэд бид хэрхэн хандах ёстой вэ?

12 Христиан хурал төгс бус хүмүүсээс бүрддэг нь үнэн. Ахлагч нар заримдаа хэн нэгний зүрх сэтгэлийг хөндөхүйц алдаа гаргадаг. Тэглээ ч гэсэн Ехова тэр эрчүүдийг сүргийнхээ хоньчноор ашигладаг (1 Петр 5:1, 2). Ехова ард түмнээ ахлагч нараар дамжуулан удирддагийг сүнслэг хүмүүс ойлгодог. Тийм учраас бид христиан хүмүүс болохын хувьд шүүмжлэх болон дургүйцэх сэтгэлгээ илэрхийлэхгүй байхыг хичээдэг бөгөөд Бурхны теократ байгууламжийг хүндэтгэдэг юм. Тэргүүлдэг хүмүүстээ захирагдсанаараа бид үл үзэгдэх Нэгнийг харж байгаагаа харуулдаг (Еврей 13:17).

Бурхныг Багшаа гэж үзэх нь

13, 14. Еховаг Багшаа гэж үзэх нь таны хувьд юу гэсэн үг вэ?

13 Сүнслэг хараа шаардлагатай өөр нэгэн хэсэг байдаг. Исаиа: «Та нар нүдээрээ Багшийгаа үзнэ» хэмээн бичжээ (Исаиа 30:20). Ехова дэлхий дэх байгууллагаараа дамжуулан биднийг сургадаг гэдгийг ойлгохын тулд итгэл хэрэгтэй (Матай 24:45–47). Бурхныг Багшаа гэж үзэх нь Библийг анхааралтай судалж, цуглаанд тогтмол оролцохоос илүү гүнзгий ойлголт юм. Энэ нь Бурхны сүнслэг бэлгүүдээс ашиг тусыг дээд зэргээр хүртэнэ гэсэн үг юм. Тухайлбал: Сүнслэг байдлаа урсгаад алдчихгүйн тулд бид Есүсээр дамжуулан гүйцэтгэж байгаа Еховагийн удирдлагад онцгой анхааралтай хандах хэрэгтэй (Еврей 2:1).

14 Сүнслэг хоол унднаас их ашиг олж авахын тулд заримдаа онцгой чармайх хэрэгтэй болдог. Жишээ нь: Бид ойлгоход хэцүү Библийн зарим хэсгийг хам хум гүйлгэн уншдаг хандлагатай байж болох юм. Мөн «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлийг уншихдаа миний сонирхдог сэдэв биш гээд зарим өгүүллийг хүртэл алгасаад явчихдаг хүн ч байдаг. Эсвэл зарим хүн цуглаан дээр өөр бодолд автчихсан суудаг. Хэдий тийм ч хэрэв бид уншиж судалж байгаа зүйлээ буюу яригдаж байгаа сэдвийг ул суурьтай эргэцүүлэн бодох аваас анхаарлаа төвлөрүүлэх боломжтой. Бид Еховагийн явуулдаг сүнслэг сургалтад гүн талархал илэрхийлснээрээ түүнийг Багшаа хэмээн хүлээн зөвшөөрдгөө харуулдаг.

Бид тайлангаа өгөх ёстой

15. Ехова өөрийг нь харахгүй байгаа гэж бодоод зарим хүн яадаг вэ?

15 Энэхүү «төгсгөлийн цаг үед» ёс бус байдал урьд хожид байгаагүйгээр газар авч байгаа учраас үл үзэгдэх Нэгэнд итгэх явдал онцгой чухал болоод байна (Даниел 12:4, ШЕ). Шударга бус хийгээд садар самуун явдал өнөөдөр өргөн тархжээ. Биднийг өөр хүн хараагүй байхад ч гэсэн Ехова үйл хэргийг маань ажиглаж байдаг гэдгийг санаж явах нь ухаалаг хэрэг болох нь эргэлзээгүй. Зарим Гэрч үүнийг мартдаг. Тийм хүмүүс хүн хараагүй байна гэж бодоод Библийн зарчимтай зөрчилддөг зүйл үйлддэг. Жишээ нь: Зарим хүн Интернет, телевиз болон орчин үеийн техникийн бусад хэрэгслээр дамжуулдаг хөнөөх аюултай хөтөлбөр болон порно нэвтрүүлэг зэрэг хорхой хүргэм зүйлийг тэсэж чадалгүй үзчихдэг. Энэ бүхнийг ганцаараа байхдаа үйлдэх боломжтой учраас тийн үйлдэж байгаа хүн Ехова өөрийг нь харахгүй байгаа гэж боддог хэрэг юм.

16. Еховагийн өндөр хэм хэмжээг мөрдөхөд бидэнд юу туслах вэ?

16 «Бидний хүн бүр өөрийнхөө тайланг Бурханд өгөх болно» гэж хэлсэн элч Паулын үгийг санаж явах нь зүйтэй (Ром 14:12). Нүгэл үйлдэх болгондоо Еховагийн эсрэг үйлдэж байгаа юм шүү гэдгээ ойлгох хэрэгтэй. Үүнийг мэдэх нь түүний өндөр хэм хэмжээг мөрдөж, зүй бус юм үйлдэхээс зайлсхийхэд бидэнд тусална. Библи: «Түүний хараанаас нуугддаг нэг ч бүтээл байхгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тайлагнадаг» хэмээн бидэнд сануулдаг (Еврей 4:13). Үнэндээ, бид Бурханд тайлагнадаг боловч Еховагийн хүсэл тааллыг биелүүлж, түүний зөв хэм хэмжээнд захирагдсанаар юуны түрүүнд түүнийг ихэд хайрладаг болдог. Зугаа цэнгэлийн асуудлаа сонгох болон эсрэг хүйсийн хүнтэй харьцахдаа болгоомжтой байцгаая.

17. Ехова ямар зорилгоор биднийг ажиглаж байдаг вэ?

17 Ехова биднийг анхааралтай ажиглан харж байдаг хэдий ч энэ нь биднийг алдаа гаргавал шийтгэх гэж хүлээж байгаа хэрэг биш юм. Харин ч дуулгавартай хүүхдүүдээ шагнадаг эцгийн адил бидний тусын тулд ажиглаж байдаг бөлгөө. Бидний итгэл тэнгэрийн Эцгийг маань баярлуулдаг бөгөөд «өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдог» гэдгийг мэдэх нь юутай таатай вэ! (Еврей 11:6). Еховад бүрэн дүүрэн итгэж, «бүх зүрхээрээ... Түүнд үйлчилцгээе» (Шастирын дээд 28:9).

18. Ехова биднийг ажиглан харж, өөрт нь үнэнч байдгийг маань мэддэг гэдэгтэй холбоотой ямар баталгааг бид Библиэс мэдэж авдаг вэ?

18 «Сургаалт үгс» номын 15:3-т: «Эзний [«Еховагийн», ШЕ] мэлмий хаа ч байдаг ба хорон муу хийгээд сайныг хардаг» гэж байдаг. Тийм ээ, Ехова хорон муу хүмүүсийг мөн ажиглан харж байдаг бөгөөд хийсэн үйлийнх нь дагуу ханддаг. Хэрэв бид «сайн» хүмүүсийн тоонд багтдаг бол өөрт нь үнэнч байдгийг маань гэрчилдэг үйлсийг Ехова мэддэг гэдэгт эргэлзэхгүй байж болно. Бидний «хөдөлмөр Эзэн дотор хоосон зүйл биш гэдгийг» болон үл үзэгдэх Нэгэн «Өөрийнх нь нэрийн төлөөх [бидний] үйл хэрэг» хийгээд «хайрыг [маань] мартахгүй» гэдгийг мэдэх нь итгэлийг маань ямар их бэхжүүлдэг гэж санана! (1 Коринт 15:58; Еврей 6:10).

Ехова биднийг шалгаг

19. Еховад итгэх бат итгэл ямар ач холбогдолтой вэ?

19 Бид Еховад үнэнч үйлчилдэг учраас түүнд их үнэтэй (Матай 10:29–31). Ехова харагддаггүй хэдий ч бидний хувьд бодитой бөгөөд бид түүнтэй тогтоосон эрхэм харьцаагаа үнэлэн хайрладаг. Тэнгэрийн Эцэгтээ тийн хандах нь бидэнд их тустай. Бат итгэл биднийг Еховагийн өмнө «цэвэр зүрхтэй» байж, «сайн мөс чанараа» хадгалахад тусална. Түүнээс гадна «хоёр нүүр гаргадаггүй» (ШЕ) итгэл хоёрдмол амьдралаар амьдрахыг зөвшөөрдөггүй (1 Тимот 1:5, 18, 19). Бурханд итгэх хатуу итгэл маань орчин тойрныхоо хүмүүст сайн жишээ болохын зэрэгцээ тэдэнд эерэг нөлөө үзүүлдэг (1 Тимот 4:12). Мөн түүнчлэн тийм итгэл Еховагийн зүрхийг баярлуулдаг үйл хэргийг арвижуулдаг (Сургаалт үгс 27:11).

20, 21. а) Ехова биднийг анхааралтай ажиглан харж байдаг нь яагаад бидэнд тустай вэ? б) Дуулал 139:23, 24-ийн зарчмыг хэрхэн хэрэглэж болох вэ?

20 Хэрэв бид үнэхээр мэргэн ухаантай бол Ехова биднийг ажиглан харж байдагт баярлах учиртай. Ехова биднийг ажиглах төдийгүй бодол санаа болон үйл хэргийг маань нарийн нямбай шалгаасай гэж бид хүсдэг. Биднийг «шалгаж», алив муу хандлага бүрийг маань илчилж өгөхийг Еховагаас гуйж залбирах нь зүйтэй. Бэрхшээлээ даван туулж, зайлшгүй өөрчлөлт хийхэд маань Ехова туслах нь эргэлзээгүй. Дуулалч Давид: «Өө, Бурхан, намайг судлан, миний зүрхийг мэдээч. Намайг шалгаж, миний бодлуудыг мэдээч. Миний дотор ямар нэгэн хөнөөлт үйл буй эсэхийг харж, мөнхийн зам уруу намайг залаач» хэмээн залбирчээ (Дуулал 139:23, 24).

21 Давид өөрийг нь «судалж», «хөнөөлт үйл» байгаа эсэхийг шалгаж өгөхийг Еховагаас гуйсан. Бид дуулалчийн адилаар Еховагаар зүрхээ шалгуулж, өөрсдөдөө муу явдал байгаа эсэхийг шалгуулахыг хүсэж болохгүй юу? Тэгвэл биднийг «шалгаач» гэж Еховагаас итгэлтэйгээр гуйцгаая. Хэрэв гаргасан алдаа маань сэтгэл санааг маань зовоогоод байх юм уу, эсвэл сэтгэл дотор маань ямар нэгэн муу санаа байгаад байвал яах вэ? Тийм бол хайртай Бурхан Еховадаа байнга, шаргуу залбирч, ариун сүнснийх нь удирдлага болон Үгийнх нь зөвлөгөөг дуулгавартайгаар дагах хэрэгтэй. Ехова биднийг дэмжиж, мөнхийн амь уруу хөтлөх замаар замнахад маань тусална гэдэгт эргэлзэхгүй байж болно (Дуулал 40:11–13).

22. Үл үзэгдэх Нэгний тухайд бид юунд анхаарлаа төвлөрүүлэх ёстой вэ?

22 Тийм ээ, бид Еховагийн шаардлагыг биелүүлэх аваас тэр биднийг мөнх амиар ивээх болно. «Үеүдийн [«Мөнхийн», ШГ] Хаан, үхэшгүй, үл үзэгдэх цорын ганц Бурханд хүндлэл ба алдар нь үеийн үед байх болтугай. Амен» хэмээн бичсэн элч Паулын адилаар бид Еховагийн хүч ба эрх мэдлийг хүлээн зөвшөөрөх ёстой нь эргэлзээгүй (1 Тимот 1:17). Еховаг тийнхүү чин сэтгэлээсээ байнга бишрэн шүтэж байя. Юу ч тохиолдлоо гэсэн үл үзэгдэх Нэгнийг харж байгаа мэт үргэлжид тууштай байцгаая.

Та хэрхэн хариулах вэ?

• Бурхныг хэрхэн харж болох вэ?

• Хэрэв Ехова бидний хувьд бодитой юм бол мөрдлөг хавчлагын үед бид яах ёстой вэ?

• Еховаг Багшаа гэж үзэх нь юу гэсэн үг вэ?

• Ехова биднийг шалгаасай гэж хүсэх ёстойн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]