Skip to content

Гарчиг руу орох

Ургацаа баяр баясгалантайгаар хураагтун!

Ургацаа баяр баясгалантайгаар хураагтун!

Ургацаа баяр баясгалантайгаар хураагтун!

«Ургац үнэндээ арвин боловч ажилчид нь цөөн байна. Тиймээс ургацын Эзнээс ургацандаа ажилчдыг явуулахыг залбиран гуйцгаа» (МАТАЙ 9:37, 38).

1. Бурхны хүсэл тааллыг тууштай гүйцэлдүүлэхэд маань юу тусалдаг вэ?

 БАПТИСМ хүртэж Еховагийн үйлчлэгч болсноос хойш хэдэн ч жил өнгөрслөө гэсэн тэр өдрөө эргэн санахад өчигдөрхөн болоод өнгөрсөн мэт санагдаж болох юм. Амьдралаа Еховад зориулснаар бидний хувьд хамгийн гол зүйл маань түүнийг магтан алдаршуулах явдал болсон. Хаанчлалын тухай сайн мэдээг сонсоход нь, болж өгвөл сонирхоод хүлээн авахад нь бусдад туслах зорилгоор «зохистой цагийг зольж авахыгаа» нь бид юуны түрүүнд Еховад баяр баясгалантайгаар үйлчлэх гол ажил маань гэж үздэг (Ефес 5:15, 16, ШЕ). «Эзний үйл хэрэгт үргэлж бялхаж» явахад цаг хугацаа нисэх мэт өнгөрдгийг бид дандаа мэдэрдэг (1 Коринт 15:58). Амьдралд бэрхшээл тохиолддог хэдий ч Еховагийн хүсэл тааллыг биелүүлснээр хүртэн эдэлдэг баяр баясгалан маань бидэнд хүч өгдөг (Нехемиа 8:10).

2. Бэлэгдлийн ургац хураах ажилд оролцсоноор бидний хүртэх баяр баясгаланд юу юу тус нэмэр болдог вэ?

2 Христианууд бид бэлэгдлийн ургац хураах ажилд оролцдог. Мөнх амьдрах хүмүүсийг цуглуулах ажлыг Есүс Христ ургац хураахтай зүйрлэсэн (Иохан 4:35–38). Нэгэнт бид тийм ажилд оролцож байгаа болохоор уг ажил нэгдүгээр зууны ургац хураагч христиануудад ямар баяр баясгалан авчирч байсныг мэдэх нь сонин байх болно. Өнөөдрийн ургац хураах ажилд оролцсоноор бидний хүртэх баяр баясгаланд тус нэмэр болох гурван хүчин зүйлийг авч үзье. Үүнд: 1) Бидний хүргэдэг итгэл найдварын мэдээ, 2) Хүмүүсийг эрж хайх ажлын амжилт, 3) Ургац хураагч бидний амар амгалан уруу тэмүүлэх хандлага.

Ургац хураалгахаар илгээсэн нь

3. Есүсийн нэгдүгээр зууны дагалдагчид юунд баярлаж байсан бэ?

3 МЭ 33 оны нэгэн өдөр эртний ургац хураагчид, түүний дотор Есүсийн үнэнч 11 элч дахин амилсан Христтэй уулзахаар Галил нутгийн нэгэн ууланд очсон бөгөөд энэ уулзалт тэдний амьдралыг асар ихээр өөрчилж билээ! (Матай 28:16). Тэр үед «таван зуу гаруй ах дүү» ирсэн бололтой байдаг (1 Коринт 15:6). Тэдний оюун ухаанд Есүсийн өгсөн даалгавар хоногшин үлдсэн. Есүс: «Явж бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа» гэж хэлсэн (Матай 28:19, 20). Харгис хэрцгий мөрдлөг хавчлагатай тулгарч байсан хэдий ч ургац хураах явцад газар бүрд Христийн дагалдагчдын хурал үүсэн бий болж байгааг хараад тэд хамаг зүрх сэтгэлээсээ баярлаж байлаа. Сайн мэдээ аажимдаа «тэнгэрийн доорх бүх бүтээлд» тунхаглагдсан (Колоссай 1:23; Үйлс 1:8; 16:5).

4. Есүс шавь нараа ямар нөхцөл байдалд ургац хураалгахаар илгээж байсан бэ?

4 Түүнээс урд Есүс Галилд дэлгэрүүлэх ажлаа хийж явахдаа 12 элчээ цуглуулж, «тэнгэрийн хаанчлал ойрхон байна» гэж тунхаглахыг тушаан илгээсэн (Матай 10:1–7). Тэрбээр өөрөө «синагогуудад сургаал айлдаж, хаанчлалын сайн мэдээг тунхаглан, бүх төрлийн өвчин эмгэгийг эдгээн, [Галилын] бүх хот тосгоноор явж байлаа». Есүс хүмүүсийг өрөвдөж байв. Учир нь «тэд хоньчингүй хонин сүрэг мэт тарж, туйлдсан байлаа» (Матай 9:35, 36). Энэ байдал Есүсийн зүрх сэтгэлийг гүнзгий хөндсөн бөгөөд тэрбээр шавь нартаа: «Ургац үнэндээ арвин боловч ажилчид нь цөөн байна. Тиймээс ургацын Эзнээс [Ехова Бурхнаас] ургацанд ажилчид явуулахыг залбиран гуйцгаа» гэж хэлсэн (Матай 9:37, 38). Есүс дэлхий дэх үйлчлэлээ дуусгахаас яг хагас жилийн өмнө Иудейд мөн адил ургац хураагчид хэрэгтэй байгааг дүгнэн хэлж байсан (Лук 10:2). Хоёр тохиолдлын аль алинд Есүс дагалдагчдаа ургац хураалгахаар илгээсэн (Матай 10:5; Лук 10:3).

Бидний хүргэдэг итгэл найдварын мэдээ

5. Бид ямар мэдээ тунхагладаг вэ?

5 Еховагийн орчин үеийн үйлчлэгч бид ургац хураах ажилд оролцох уриа дуудлагыг баяртайгаар хүлээн авдаг юм. Бидний баяр баясгаланд ихээхэн нэмэр хандив болдог нэг хүчин зүйл бол сэтгэлээр унаж, урам нь хугарсан хүмүүст итгэл найдварын мэдээ хүргэдэг явдал билээ. Нэгдүгээр зууны Есүсийн шавь нар «хоньчингүй хонин сүрэг мэт тарж, туйлдсан» хүмүүст сайн мэдээ дэлгэрүүлэх боломжтой байсан шиг бидэнд ч бас тийм сайхан боломж бий. Энэ бол жинхэнэ итгэл найдвар өгдөг мэдээ юм!

6. Нэгдүгээр зуунд элч нар юу хийдэг байсан бэ?

6 Нэгдүгээр зууны дундуур элч Паул сайн мэдээг зогсоо зайгүй дэлгэрүүлж байлаа. Ургац хураах ажилд тэрбээр үр өгөөжтэй оролцсон нь эргэлзээгүй. Энэ нь ойролцоогоор МЭ 55 онд Коринт хотын христиануудад түүний бичсэн захидлаас харагддаг. Уг захидалдаа: «Ах дүү нар аа! Та нарт тунхагласан сайн мэдээгээ би та нарт мэдүүлье. Та нар түүнийг хүлээн аваад түүн дотроо зогссон» хэмээн бичжээ (1 Коринт 15:1). Элч нар болон нэгдүгээр зууны бусад христианууд ургацыг идэвх зүтгэлтэй хурааж байлаа. МЭ 70 онд Иерусалимыг устгасан чухал үйл явдлыг чухам хэдэн элч эсэн мэнд даван гарсныг Библид тодорхой бичээгүй ч энэ үйл явдлаас хойш 25 орчим жилийн дараа гэхэд элч Иохан дэлгэрүүлсээр байсныг бид мэддэг (Илчлэлт 1:9).

7, 8. Өнөөдөр Еховагийн үйлчлэгчид итгэл найдварын ямар мэдээг урьд хожид байгаагүй эрч далайцтай тунхаглаж байна вэ?

7 Дараа нь тэрслэгч «ёс бусын хүний» буюу христ шашны ертөнцийн лам хуврагуудын ноёрхлын үе эхэлсэн (2 Тесалоник 2:3). Гэвч XIX зууны төгсгөлөөр эртний христиануудын жишээгээр амьдрахыг хичээж байсан хүмүүс итгэл найдварын тухай мэдээг сэргээсэн. Өөрөөр хэлбэл тэд Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглаж эхэлсэн. Энэ сэтгүүлийн хамгийн анхны дугаараас (1879 оны долдугаар сар) эхлэн нэрд нь «Христийн залран байгааг тунхаглагч», дараа нь «Христийн Хаанчлалыг тунхаглагч», өдгөө «Еховагийн Хаанчлалыг тунхаглагч» зэрэг үг орсон.

8 1914 онд Есүс Христ тэргүүтэй Бурхны тэнгэрийн Хаанчлал тогтсон бөгөөд өнөөдөр бид итгэл найдварын мэдээг урьд хожид байгаагүй эрч далайцтай тунхаглаж байна. Учир нь Хаанчлалын удирдлагаар бий болох ивээл хишгүүдийн нэг нь одоогийн ёс бус тогтолцооны ойртон буй төгсгөл юм (Даниел 2:44). Үүнээс илүү сайн мэдээ гэж юу байх билээ? «Агуу их гай гамшиг» болохын өмнөхөн Хаанчлалыг тунхаглах ажилд оролцохоос илүү баяр баясгалантай зүйл өөр юу байх билээ? (Матай 24:21; Марк 13:10).

Эрэл хайгуулын амжилт

9. Есүс шавь нартаа ямар заавар өгсөн бэ? Хүмүүс Хаанчлалын тухай мэдээг хэрхэн хүлээж авсан бэ?

9 Ургац хураах ажилдаа баяр баясгалантай байхад маань тус дэм болдог өөр нэг хүчин зүйл бол шавь болж, ургац хураах ажилд бидэнтэй нэгдэх хүсэлтэй хүмүүсийг эрж хайх ажлын амжилт юм. МЭ 31—32 онд Есүс шавь нартаа: «Ямар ч хот тосгонд очсон тэндхийн зохистой хүнийг олж мэдээд [«эрж олоод», ШЕ], яван явтлаа тэндээ бай» хэмээн зааварлажээ (Матай 10:11). Сайн мэдээнд хандсан байдлаас нь харахад хүн болгон зохистой байгаагүй ажээ. Тэглээ ч гэсэн Есүсийн шавь нар хаана хүн байна тэр болгонд сайн мэдээг идэвхийлэн дэлгэрүүлсэн байна.

10. Зохистой хүмүүсийг эрж хайх ажлаа Паул хэрхэн гүйцэтгэж байсан бэ?

10 Зохистой хүмүүсийг эрж хайх ажил Есүсийг үхсэний болон дахин амилсны дараа ч эрч хүчээ алдалгүйгээр үргэлжилсэн. Паул синагогт иудейчүүдтэй хэлэлцэж, Афин хотын зах дээр хүмүүстэй ярилцсан. Түүнийг Афины Арейпагт дэлгэрүүлэх үед «хэдэн хүн итгэж, түүнтэй нэгдсэний дотор Арейпагийн Дионус, Дамари гэдэг эмэгтэй болон өөр хүмүүс бас тэдэнтэй хамт байлаа». Паул хаана ч очлоо гэсэн «нийтэд... болон айлаас айлд сурган» үлгэр жишээ болж байлаа (Үйлс 17:17, 34; 20:20).

11. Олон жилийн өмнө дэлгэрүүлэх ажилд ямар арга хэрэглэдэг байсан бэ?

11 XIX зууны сүүлийн хэдэн арван жил, тослогдсон христианууд зохистой хүмүүсийг эрж хайхад зориг самбаа гарган ажилласан. «Сионы харуулын цамхаг» сэтгүүлийн 1881 оны 7—8-р сарын дугаарт нийтлэгдсэн «Дэлгэрүүлэхээр тослогдогсод» нэртэй өгүүлэлд: «Сайн мэдээ дэлгэрүүлэх ажил нь... сонсох дур, чадвартай „номхон даруу“ хүмүүст зориулагдсан бөгөөд тийм хүмүүсээс Христийн биеийг бүрдүүлж, өв залгамжлагчдыг цуглуулах зорилготой юм» хэмээн бичжээ. Бурхны тариаланчид тийм хүмүүстэй гол төлөв сүмд мөргөл үйлдээд гарч явахад нь уулздаг байсан бөгөөд тэдэнд, зохистой хүмүүсийн зүрхэнд итгэлийн зул асаах чадалтай Библид үндэслэсэн танилцуулга өгдөг байлаа. Гэрчлэлийн тийм аргын үр дүнг сайтар нягтлан авч үзсэний дараа «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1903 оны тавдугаар сарын 15-ны дугаарт ургац хураагчдад хандан, «бүтэн сайны өглөөгүүр айлаар» танилцуулга тараахыг уриалжээ.

12. Бид дэлгэрүүлэх ажилдаа хэрхэн илүү үр дүн гаргадаг болсон бэ? Жишээ хэлнэ үү.

12 Сүүлийн жилүүдэд бид хүмүүстэй гэрээс нь өөр газар ярилцах замаар дэлгэрүүлэх ажлын хүрээгээ өргөжүүлсэн. Энэ арга эдийн засгийн нөхцөл болон бидний очих цагаар амарч зугаалах шалтгаанаар гол төлөв гэртээ байж таардаггүй хүн ихтэй улс оронд үр дүн сайтай болох нь харагдсан. Английн хоёр Гэрч эмэгтэй, хүмүүс далайн эрэгт амарч өнжөөд, харихдаа автобусаар явдгийг нь ажиглаж мэдээд зориг шулуудан, автобусанд орж, зорчин яваа хүмүүст «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлийг санал болгодог болжээ. Тэр хоёр Гэрч сарын хугацаанд 229 сэтгүүл тараажээ. Тэд: «Бид хоёр далайн эрэг, албан байгууллага болон бусад газраар дэлгэрүүлэхдээ айдаггүй. Учир нь Ехова үргэлж бидэнтэй хамт байдгийг бид мэддэг билээ» гэж ярьсан. Тэд сэтгүүл хүргэж өгдөг маршрут тогтоосон бөгөөд Библийн хичээл явуулдаг болж, үе үе туслах эхлэгчээр үйлчилдэг болсон байна.

13. Зарим газрын дэлгэрүүлэх ажлын хуваарийг яаж өөрчлөх шаардлагатай болсон бэ?

13 Зохистой хүмүүсийг эрж хайх ажил үргэлжилсээр байгаа бөгөөд зарим газар дэлгэрүүлэх ажлын хуваариа өөрчлөх шаардлага гарч ирж байна. Олон Гэрч бүтэн сайны өглөөгүүр айлаар дэлгэрүүлж хэвшсэн хэдий ч зарим хэсэгт өглөө эрт хүмүүс унтаж байдаг учраас энэ арга үр дүн багатай нь харагддаг. Эдүгээ олон Гэрч дэлгэрүүлэх ажлын хуваариа өөрчилж, зохистой хүмүүсийг эрж хайх ажлаа бүтэн сайны үдээс хойш буюу цуглааны дараа хийдэг болсон. Тэгээд ч уг арга их үр дүнтэй болох нь батлагдсан. Өнгөрсөн онд дэлгэрүүлэгчдийн тоо дэлхий даяар 2,3 хувь өссөн. Энэ нь ургацын Эзэнд алдар хүнд авчирч, бид бүхний зүрх сэтгэлийг баяр баясгалангаар дүүргэж байгаа билээ.

Ургац хураах ажилд оролцохдоо бид амар амгалан байдлыг хадгалдаг

14. Сайн мэдээг бид ямар сэтгэлээр дэлгэрүүлдэг вэ? Яагаад?

14 Баяр баясгалантай байдгийн маань бас нэг шалтгаан бол ургац хураах ажилд оролцохдоо бид амар амгалан байдлыг эрхэмлэдэг явдал юм. Есүс: «Айлд орохдоо мэндийг нь мэд. Хэрэв тэр айл чинь зохистой бол амар амгалангийн мэнд чинь тэдэнд хүрэг» гэж хэлсэн (Матай 10:12, 13). Эртний еврей хэлний мэндчилгээ болон түүнтэй утга нэг грек хэллэгийн аль аль нь «та бүхэн амар амгалан байх болтугай» гэсэн санааг илэрхийлдэг ажээ. Сайн мэдээ дэлгэрүүлэхдээ бид хүмүүс дээр чухам тийм сэтгэлтэй очдог. Тэд Хаанчлалын тухай сайн мэдээг дуртайяа хүлээж авна гэдэгт бид найддаг. Хэрэв тэд сайн мэдээнд маань уриалган хандах аваас нүглээ гэмшин, Бурхан уруу эргэж, хүсэл тааллыг нь гүйцэлдүүлж эхлэх бөгөөд үүнийхээ ачаар түүнтэй эвлэрэх боломжтой болно. Бурхантай тогтоосон энх тайван харьцаа биднийг мөнхийн амь уруу хөтөлдөг (Иохан 17:3; Үйлс 3:19; 13:38, 48; 2 Коринт 5:18–20).

15. Дэлгэрүүлж байгаа сайн мэдээг маань хүмүүс сонсох хүсэлгүй байвал бид амар амгалан байдлыг хэрхэн хадгалах вэ?

15 Хэрэв хүмүүс үг сонсохыг хүсэхгүй байвал амар амгалан байдлаа хэрхэн хадгалах вэ? Есүс: «Хэрэв [тэр айл] зохисгүй бол амар амгалангийн мэнд чинь та нарт буцаж ирэг» гэж хэлсэн (Матай 10:13). 70 шавиа дэлгэрүүлэх ажлаар илгээхдээ Есүс юү хэлснийг Лук 10:6-д: «Хэрэв амар тайвны хүн тэнд байвал амар тайван тань түүн дээр орших болно. Хэрэв үгүй бол тэр нь та нарт буцаж ирнэ» хэмээн тэмдэглэсэн буй. Хүмүүст сайн мэдээ хүргэж очихдоо бид элэгсэг дотно, эвсэг найртай байхыг хичээдэг. Хэрэв гэрийн эзэн хайхрамжгүй хандах, эсвэл дургүйцэх юм уу уурлан хилэгнэх аваас энэ нь амар амгалангийн мэнд маань бидэнд «буцан ирэх» шалтгаан болно. Гэвч энэ нь Еховагийн ариун сүнсний үр жимс болсон «амар тайвныг» бидэнд байхгүй болгочихож байгаа хэрэг биш юм (Галат 5:22, 23).

Ургац хураагчдын сайхан зорилго

16, 17. а) Давтан уулзалтын зорилго юу вэ? б) Библийн сэдэвтэй холбоотой асуулт тавьсан хүмүүст бид хэрхэн тусалж болох вэ?

16 Ургац хураагч бид мөнхийн амь хүртэх хүмүүсийг цуглуулах ажилд оролцож байгаадаа баярладаг. Дэлгэрүүлж байгаа мэдээг маань хүн дуртайяа хүлээн авч, илүү ихийг мэдэхийг хүсэн, «амар тайвны хүн» болох нь бидний хувьд баяр баясгалан байдаг! Тэр хүн Библийн сэдэвтэй холбоотой олон асуулт тавихад бид нэг удаагийн уулзалтаараа бүгдийг нь хариулж чадахгүй байж болох юм. Анхны уулзалтаараа хэтэрхий удаан ярилцах нь зохисгүй учир яах хэрэгтэй вэ? Бид 60 орчим жилийн өмнө санал болгосонтой адил зорилгыг өмнөө тавьж болно.

17 «Еховагийн Гэрч болгон Библийн хичээл явуулахад бэлэн байх ёстой» гэсэн үг 1937—1941 онд хэвлэгдсэн «Хичээл хэрхэн явуулах нь» нэртэй цуврал товхимлын гуравдугаарт нийтлэгдсэн байлаа. Уг товхимолд цааш нь бичихдээ: «Дэлгэрүүлэгч болгон Бурхны тааллыг олж, Хаанчлалын тухай сайн мэдээ сонирхдог хүмүүст боломжийн бүх аргаар хичээнгүйлэн туслах ёстой. Тийм хүмүүсийн олон талт асуултад хариулахын тулд тэдэн дээр дахин очиж... дараа нь аль болох түргэн... хичээллэж эхлэх хэрэгтэй» гэжээ. Тийм ээ, бидний давтан уулзалтын зорилго бол Библийн хичээл эхэлж, түүнийгээ тогтмол явуулах явдал юм *. Сонирхогч хүмүүстээ нөхөрсөг, хайр халамжтай хандах аваас хичээлээ бэлтгэл сайтай, үр дүнтэй явуулах урам зоригийг бидэнд өгнө.

18. Шинэ хүмүүсийг Есүсийн шавь болоход нь хэрхэн тусалж болох вэ?

18 «Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг» ном болон «Бурхан биднээс юу шаарддаг вэ?» товхимлын тусламжтайгаар Библийн хичээлийг үр дүнтэй явуулж, үнэнийг шинэ тутам сонирхож эхэлсэн хүмүүсийг Есүсийн шавь болоход нь тусалж болно. Хэрэв бид Агуу Багш Есүс Христийг дуурайхыг хичээх аваас хамт Библи судалж байгаа хүмүүс маань бидний амар амгалан байдал, баяр баясгалан, чин сэтгэл болон Еховагийн хэм хэмжээ, удирдлагыг хүндэтгэн сахидаг хүмүүжлээс маань суралцах болно. Тавьсан асуултуудад нь хариулан, шинэ хүмүүст туслахдаа тэднийг бусад хүмүүсийн тавьсан асуултад хариулж чаддаг болгон сургахын тулд чадах бүхнээ хийцгээе (2 Тимот 2:1, 2; 1 Петр 2:21). Өнгөрсөн үйлчлэлийн жилд дэлхий нийтийн хэмжээнд дунджаар 4 766 631 судлал байсан нь бэлэгдлийн ургац хураах ажилд оролцож байгаа биднийг баярлуулж байгаа билээ. Хэрэв бид Библийн хичээл явуулж байгаа хүмүүсийн тоонд багтан орсон бол бүр илүү баяртай байгаа!

Ургац хураах ажилд оролцохдоо баяр баясгалангаа хадгалцгаая

19. Есүсийг үйл ажиллагаагаа явуулж байх үед болон түүний дараахан баярлах бүрэн үндэс яагаад байсан бэ?

19 Есүсийг дэлхийд үйл ажиллагаагаа явуулж байх үед болон түүний дараахан ургац хураах ажилд баярлах бүрэн үндэс байлаа. Сайн мэдээг хүмүүс олон олноороо дуртайяа хүлээн авч байв. Ялангуяа МЭ 33 оны Пентекостын өдөр 3 000 орчим хүн Петрийн үгэнд итгэн, Еховагийн ариун сүнсийг авч, сүнслэг Израиль болох Бурхны ард түмний хэсэг болсон нь баярт үйл явдал байлаа. Ехова «аврагдагсдын тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлэхийн» хирээр сүнслэг Израилийн гишүүдийн тоо, мөн түүний зэрэгцээ тэдний баяр баясгалан өсөн нэмэгдэж байлаа (Үйлс 2:37–41, 46, 47; Галат 6:16; 1 Петр 2:9).

20. Ургац хураалтын эдүгээ үед бид юунд баярладаг вэ?

20 «Та [Ехова] үндэстнийг олшруулан, тэдний баяр хөөрийг нь ихэсгэнэ. Хүмүүс олзоо хуваах үед баярладаг шиг тэд Таны оршихуйд ургац хураан баярлалдана» хэмээсэн Исаиагийн зөгнөл тэр үед биелсэн (Исаиа 9:3). Тослогдсон «үндэстний» тоо ерөнхийдөө гүйцтэлээ «олширсныг» бид мэдэж байгаа хэдий ч ургац хураагч бусад хүмүүсийн тоо жил ирэх тутам өсөн нэмэгдэж байгааг хараад баярладаг (Дуулал 4:7; Зехариа 8:23; Иохан 10:16).

21. Дараагийн өгүүллээр юу авч үзэх вэ?

21 Ургац хураах ажилд оролцохдоо баяр баясгалангаа хадгалах бүрэн үндэс бидэнд бий. Бидний тунхагладаг итгэл найдварын мэдээ, зохистой хүмүүсийг эрж хайн, амар амгалан байдал уруу тэмүүлдэг зэрэг энэ бүх хүчин зүйл бол ургац хураах ажлаа баяр баясгалантайгаар хийж гүйцэтгэхэд бидэнд тусалдаг. Гэвч эдгээрийн улмаас олон хүн бидний эсрэг дайсагнасан байдлаар ханддаг. Үүнийг элч Иохан өөрийн биеэр амссан ажээ. Иохан «Бурхны тухай ярьж, Есүсийг гэрчилснээс болж» Патм арал дээр цөлөгдсөн (Илчлэлт 1:9, ШЕ). Мөрдлөг хавчлага болон эсэргүүцэлтэй тулгарахдаа бид баяр баясгалангаа хэрхэн хадгалах вэ? Дэлгэрүүлдэг сайн мэдээнд маань олон хүн таагүй ханддагийг тэвчихэд бидэнд юу туслах вэ? Эдгээр асуултад хариулахад Библи хэрхэн тусалдгийг дараагийн өгүүллээр авч үзэх болно.

[Зүүлт]

^ Эхлээд сонирхсон хүмүүсийг нэг дор цуглуулаад хичээлээ явуулдаг байсан. Удалгүй хүмүүст ганц нэгээр нь болон гэр бүлээр нь заадаг болсон («Еховагийн Гэрчүүд бол Бурхны Хаанчлалыг тунхаглагчид» номын 574-р хуудсыг үзнэ үү, монгол хэлээр байхгүй).

Та хэрхэн хариулах вэ?

• Бэлэгдлийн ургац хураах гэж юу гэсэн үг вэ?

• Бид ямар мэдээ тунхагладаг вэ?

• Шавь эрж хайх ажил маань амжилттай байдгийн учир юу вэ?

• Ургац хураах ажилд оролцохдоо бид амар амгалан байдлыг хэрхэн сахидаг вэ?

• Ургац хураах ажилд оролцохдоо бид баяр баясгалантай байдгийн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]