Skip to content

Гарчиг руу орох

Ургацаа идэвх зүтгэлтэй хураагтун!

Ургацаа идэвх зүтгэлтэй хураагтун!

Ургацаа идэвх зүтгэлтэй хураагтун!

«Нулимс дуслуулан үр суулгагчид баяртай, дуу хөөртэйгөөр ургац хураах болно» (ДУУЛАЛ 126:5).

1. Өнөөдөр «ургацын Эзнээс ургацандаа ажилчдыг явуулахыг залбиран гуйх» хэрэгтэйн учир юу вэ?

 ЕСҮС Галил нутгаар гурав дахь удаагаа дэлгэрүүлэх аялал хийснийхээ дараа шавь нартаа: «Ургац үнэндээ арвин боловч ажилчид нь цөөн байна» гэж хэлсэн (Матай 9:37). Иудейд ч нөхцөл байдал мөн адил байлаа (Лук 10:2). Тэр цагаас хойш 2 000 орчим жил өнгөрчээ. Тэгвэл өнөөдөр байдал ямар байна вэ? Өнгөрсөн үйлчлэлийн жилд Еховагийн 6 сая гаруй Гэрч зургаан тэрбум хүн амтай ертөнцөөс бэлэгдлийн ургац хураах ажилд идэвх зүтгэлтэй оролцлоо. Хүмүүсийн ихэнх нь «хоньчингүй хонь мэт тарж, туйлдсан» ажээ. Тэгвэл «ургацын Эзнээс ургацандаа ажилчдыг явуулахыг залбиран гуйх» тухай Есүсийн уриа олон зуун жилийн дараа өнөөдөр ч гэсэн хүчинтэй хэвээрээ байна (Матай 9:36, 38).

2. Ертөнцийнхний анхаарлыг бидэн уруу юу татдаг вэ?

2 Ургацын Эзэн Ехова Бурхан олон ажилчин явуулах гуйлтыг хүлээн авсан юм. Бурхны удирдаж байгаа ургац хураах ажилд оролцох нь юутай аз завшаантай хэрэг вэ! Нийт хүн амтай харьцуулахад бид цөөхөн хэдий ч Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэх болон шавь бэлдэх ажилд идэвх зүтгэлтэй оролцож байгаа байдал маань ертөнцийнхний анхаарлыг татдаг билээ. Олон улс оронд бидний тухай мэдээллийн хэрэгслээр байнга ярьдаг. Телевизийн кинон дээр хаалганы хонх дуугарахад Еховагийн Гэрчүүд ирж байгаагаар тайлбарлан харуулдаг байж магадгүй. Тийм ээ, XXI зуунд бэлэгдлийн ургац хураах ажилд оролцож байгаа бидний үйл ажиллагаа бүхэнд илэрхий байдаг юм.

3. а) Нэгдүгээр зуунд Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэх ажлыг ертөнц ажиглан харж байсныг бид хаанаас мэддэг вэ? б) Тэнгэр элчүүд дэлгэрүүлэх ажилд маань тусалдаг гэж хэлж болохын учир юу вэ?

3 Нэгдүгээр зуунд ертөнц мөн адил Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэх ажилд анхаарлаа хандуулан, сайн мэдээ тунхаглагчдыг мөрдөн хавчиж байсан билээ. Тийм ч учраас элч Паул: «Бурхан элч болох биднийг үхэх ял оногдсон хүмүүс мэт бүхний сүүлчийнх болгосон гэж би боддог. Яагаад гэвэл бид ертөнцөд, тэнгэр элч нарт ч, хүмүүст ч үзмэр болжээ» хэмээн бичсэн аж (1 Коринт 4:9). Түүнтэй адилаар мөрдлөг хавчлагыг үл тоон Хаанчлалын тухай дэлгэрүүлэх ажлаа тууштай үргэлжлүүлж байгаа маань ертөнцийн анхаарлыг татдаг юм. Илчлэлт 14:6-д: «Тэнгэрийн дундуур өөр нэгэн тэнгэр элч нисэж явахыг би [элч Иохан] харав. Газар дээр суугчид ба аливаа үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах мөнхийн сайн мэдээ түүнд байна» гэж байдаг. Тийм ээ, ургац хураах буюу дэлгэрүүлэх ажилд маань тэнгэр элчүүд тусалдаг юм! (Еврей 1:13, 14).

«Та нарыг үзэн ядна»

4, 5. а) Есүс шавь нартаа юун тухай анхааруулсан бэ? б) Бурхны орчин үеийн үйлчлэгчдийг ямар учраас «үзэн яддаг» вэ?

4 Есүс элч нараа ургац хураалгахаар илгээхдээ «могой шиг хурц ухаантай, тагтаа шиг гэмгүй бай» гэж зөвлөснийг тэд анхаарсан. Есүс: «Хүмүүсээс болгоомжил. Учир нь тэд та нарыг шүүхэд тушааж, синагогууд дотроо та нарыг ташуурдах болно. Та нар тэдэнд болоод харь үндэстнүүдэд гэрчлэл болж, Миний төлөө захирагчид болон хаадын өмнө хүргэгдэх болно. [...] Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядна. Харин эцсээ хүртэл тэссэн нь аврагдах болно» хэмээн нэмж хэлсэн (Матай 10:16–22).

5 Өнөөдөр «бүх ертөнц нь муу нэгэн [буюу Бурхан болоод Түүний ард түмний гол дайсан болох Сатаны] дотор байдаг» болохоор биднийг «үзэн яддаг» (1 Иохан 5:19). Сүнслэг талаараа бидний хөгжин дэвжиж байгааг дайснууд маань харж байгаа хэдий ч энэ бол Еховагийн ивээл гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Ургац хураах ажилд оролцохдоо бидний нүүр аз жаргалаар гэрэлтэж байдгийг эсэргүүцэгчид маань хардаг. Тэд биднийг эв нэгдэлтэй байдагт гайхдаг! Тэд өөр улс оронд очихдоо тэр орны Еховагийн Гэрчүүд өөрийнх нь орны Гэрчүүдийн хийдэг ажлыг мөн адил хийдгийг хараад үүнийг дуртай дургүй хүлээн зөвшөөрдөг байж магадгүй. Гэвч Еховагийн товлосон цагт бүх хүн, тэр дундаа бидний дайснууд хүртэл ард маань зогсож байдаг Еховаг, мөн түүний ачаар бидний дунд тийм эв нэгдэл ноёрхож байдгийг мэдэх болно гэдгийг бид мэддэг (Езекиел 38:10–12, 23).

6. Ургац хураах ажилд оролцогчийн хувьд бид юунд итгэлтэй байж болох вэ? Ямар ямар асуулт гарч ирдэг вэ?

6 Ургацын Эзэн өөрийн Хүү Есүс Христэд «тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг» өгсөн (Матай 28:18). Тийм учраас Ехова тэнгэр элчүүд болон дэлхийд амьдардаг тослогдсон «итгэмжит ухаалаг боолоор» ургац хураах ажил удирдуулахын тулд Есүсийг ашигладаг (Матай 24:45–47; Илчлэлт 14:6, 7). Харин бид ургац хураах ажилд идэвх зүтгэлтэй оролцохдоо дайсны эсэргүүцлийг хэрхэн даван туулах вэ? Ингэхдээ баяр баясгалангаа хэрхэн хадгалах вэ?

7. Эсэргүүцэл буюу мөрдлөг хавчлагатай тулгарвал бид хэрхэн хандахыг хичээх хэрэгтэй вэ?

7 Эсэргүүцэл буюу тэр байтугай бүр ил тод мөрдлөг хавчлагатай тулгарлаа гэхэд Паул үүнд хэрхэн хандаж байсан шиг Бурхнаас тусламж эрж байя. Паул: «Биднийг зүхэхэд нь ерөөж, хавчихад нь тэвчиж, гүтгэхэд нь тайтгаруулахыг бид хичээдэг» хэмээн бичжээ (1 Коринт 4:12, 13). Тийм хандлагыг дэлгэрүүлэх ажилтайгаа ухаалаг хослуулахад дайснуудын маань харьцаа заримдаа өөрчлөгддөг.

8. Матай 10:28-д буй Есүсийн үг таныг тайвшруулдаг уу?

8 Ургац хураах ажилд оролцох эрч хүчийг маань үхлийн аюул ч мохоож чадахгүй. Бид Хаанчлалын тухай сайн мэдээг аймшиггүйгээр, боломжийн хэрээр ил тод тунхагладаг. «Биеийг хөнөөх хүмүүсээс бүү ай. Учир нь тэд амийг хөнөөж үл чадна. Харин бие болоод амийг хоёуланг нь гехеннад устгаж чадах нэгнээс айгтун» гэж хэлсэн Есүсийн үг бидэнд хүч өгдөг (Матай 10:28, ШЕ). Тэнгэрийн Эцэг маань амь Өгөгч гэдгийг бид мэддэг. Тэрбээр өөрт нь үнэнч байж, ургац хураах ажилд чин сэтгэлээсээ, идэвх зүтгэлтэй оролцдог хүмүүсийг шагнадаг.

Амь аврах мэдээ

9. Зарим хүн Езекиелийн үгэнд яаж хандаж байсан бэ? Өнөөдөр үүнтэй адил юу болж байна вэ?

9 Зөнч Езекиел Еховагийн үгийг «тэрслүү ард түмэн» буюу Израиль болон Иудейн хаант улсад зоригтойгоор хэлэхэд тэдний зарим нь тааламжтайгаар сонссон билээ (Езекиел 2:3). «Харагтун, тэдний хувьд чи бол хөгжмийн зэмсгүүд дээр сайн тоглодог, сайхан хоолоотой хүний дуулсан тачаангуй дуу мэт юм» гэж Ехова хэлсэн (Езекиел 33:32). Тэр хүмүүст Езекиелийн үг таалагдсан хэдий ч тэд түүнийг биелүүлээгүй. Тэгвэл өнөөдөр байдал ямар байна вэ? Тослогдсон үлдэгдэл болон түүний анд нөхөд Еховагийн мэдээг зоригтойгоор дэлгэрүүлэхэд зарим хүн Хаанчлалын хүртээх ивээл хишгийн тухай дуртай сонсдог хэдий ч зохих ёсоор хүлээн авч, шавь болон, ургац хураах ажилд нэгдэн оролцдоггүй.

10, 11. XX зууны эхний хагаст амь аврах мэдээг хэрхэн дэлгэрүүлж байсан бэ? Тэр нь ямар үр дүнд хүрч байсан бэ?

10 Гэвч ургац хураагчдын үйл ажиллагаанд олон хүн нааштай хандаж, Бурхны мэдээг тунхаглах ажилд оролцдог болсон. Жишээ нь: 1922—1928 онд болсон чуулганууд дээр Сатаны эд юмсын ёс бус тогтолцоог шүүх мэдээг ил тод зарласан бөгөөд уг зэмлэлийн мэдээг олон радио станцаар цацжээ. Дараа нь Бурхны ард түмэн уг мэдээ бүхий сая сая хуудсыг тараасан юм.

11 1930-аад оны сүүлээр «мэдээллийн аян» гэдэг өөр арга хэрэглэн гэрчилдэг болсон. Еховагийн ард түмэн эхлээд нийтийн лекцэнд хүрэлцэн ирэхийг уриалсан лоозон барьж явдаг байлаа. Дараа нь түүн дээрээ «Шашин бол урхи бөгөөд заль мэх мөн», «Бурхан болон Хаан Христэд үйлчлэгтүн» зэрэг уриа бичдэг болсон. Тэднийг гудамжаар явж өнгөрөхөд хүмүүс ихэд анхааран хардаг байлаа. «Үүний ачаар Еховагийн Гэрчүүд олон нийтийн анхаарлыг өөртөө ихээхэн татаж чадсаны зэрэгцээ эр зориг олж авсан юм» хэмээн Лондоны хүн ихтэй гудамжуудаар тийм аянд оролцож явсан нэгэн ах хэлсэн билээ.

12. Дэлгэрүүлэх ажилдаа Бурхны шүүх мэдээнээс гадна бид өөр юунд анхаарал хандуулдаг вэ? Эдүгээ сайн мэдээг нэгдмэл санаагаар дэлгэрүүлж байгаа хэн байна вэ?

12 Бурхны шүүх мэдээг тунхаглахдаа бид мөн адил Хаанчлалын тухай мэдээний эерэг зүйлд хүмүүсийн анхаарлыг хандуулдаг. Дэлхий дахинд зоригтойгоор гэрчилж байгаа маань зохистой хүмүүсийг эрж олоход бидэнд тусалдаг (Матай 10:11). Тослогдсон ангийн сүүлчийн гишүүдийн ихэнх нь 1920—1930-аад онд ургац хураах үеэр цуурайтсан дуудлагыг хүлээн авсан. Дараа нь 1935 оны чуулган дээр ирээдүйд диваажин дэлхийд амьдран жаргах «өөр хонин сүргийн» «үй олон хүний» тухай гайхамшигтай мэдээ тунхагласан (Иохан 10:16; Илчлэлт 7:9). Тэд Бурхны шүүх мэдээг хүлээн авсан бөгөөд тослогдогсдын хамт амь аврах сайн мэдээ дэлгэрүүлж эхэлсэн.

13, 14. а) Дуулал 126:5, 6-д байдаг үг хэрхэн тайвшруулдаг вэ? б) Хэрэв бид үр суулгаад түүнийгээ услаад байвал юу болох вэ?

13 Бурхны ургац хураагчдыг, ялангуяа мөрдлөг хавчлагат байгаа хүмүүсийг «Нулимс дуслуулан үр суулгагчид баяртай, дуу хөөртэйгөөр ургац хураах болно. Үртэй уутаа үүрэн, уйлан цааш нааш явдаг хүн багцалсан тариагаа авч ирэн, баясгалантай дуутайгаар заавал дахин ирнэ» хэмээсэн Дуулал 126:5, 6-ийн үг их тайвшруулдаг юм. Үр суулгах хийгээд ургац хураах тухай үгэндээ дуулалч дээр үед Вавилоны олзноос буцаж ирсэн иудейчүүдийн үлдэгдлийн төлөө Ехова хэрхэн санаа тавьж, ивээснийг илэрхийлжээ. Иудейчүүд чөлөөлөгдсөндөө баярласан хэдий ч олзонд байсан 70 жилийнх нь турш гар хүрээггүй атаршсан талбайд үр суулгахдаа тэд уйлсан биз ээ. Гэсэн хэдий ч үр суулгаж, барилга барьж эхэлсэн тэр хүмүүсийн хөдөлмөр үр жимсээ өгч, зүрх сэтгэлийг нь баясгасан.

14 Зовлон бэрхшээлтэй тулгарах юм уу, эсвэл бид болон бидний итгэл нэгтнүүд зөв шударга үйл хэргийнхээ төлөө зовлон зүдүүр эдлэх аваас нулимс асгаруулж болох юм (1 Петр 3:14). Ургац хураах ажлын эхэнд бидэнд бэрхшээл тохиолдож болно. Тухайлбал, дэлгэрүүлэх ажилдаа гаргасан бүх хүчин чармайлт маань ямар ч үр дүнгүй байгаа мэт санагдаж болох юм. Гэсэн хэдий ч үр суулгаж, услах ажлаа үргэлжлүүлээд байвал түүнийг Бурхан заавал ургуулах ба энэ нь бидний хүсэн хүлээснээс ямагт илүү байх болно (1 Коринт 3:6). Үүний бодитой болох нь бидний тараадаг Библи болон Библийн үндэстэй ном хэвлэлийн үр өгөөжөөс тодорхой харагддаг.

15. Еховагийн Гэрчүүдийн ном хэвлэл ургац хураах ажилд ямар ашиг тустайн жишээ хэлнэ үү.

15 Жишээ болгон Жим гэдэг нэгэн эрд юу тохиолдсоныг авч үзье. Ээжийгээ нас барсны дараа Жим юман дотроос нь «Амьдрал хэрхэн үүссэн бэ? Удамшил хувьслын замаар уу, эсвэл бүтээгдсэн үү?» * гэдэг ном олоод их сонирхон уншсан аж. Тэр явдлаас хойш Жим гудамжинд нэгэн Гэрч эмэгтэйтэй тааралдан, уулзаж ярилцсан ба түүнтэй дахин уулзахаар тохирсон байна. Энэ нь Библийн хичээл эхлэхэд хүргэсэн ажээ. Жим сүнслэг талаараа түргэн өсөж, Еховад өөрийгөө зориулан, баптисм хүртжээ. Тэрээр мэдсэн бүхнээ гэрийнхэндээ ярьж өгдөг байв. Үүний үр дүнд эгч ах хоёр нь Еховагийн Гэрч болжээ. Хожим нь Жим Лондоны Бетелд бүрэн цагаар үйлчилдэг болсон билээ.

Мөрдлөг хавчлагат байхдаа ч баяр баясгалантай

16. а) Ургац хураах ажил амжилттай явж байгаагийн учир юу вэ? б) Есүс сайн мэдээ хүмүүст хэрхэн нөлөөлөх талаар хэлэхдээ юун тухай урьдчилан сануулсан бэ? Хүмүүс дээр бид юу хүсэж очдог вэ?

16 Ургац хураах ажил тийм амжилттай явж байгаагийн учир юу вэ? Үүний учир нь тослогдсон христианууд болон тэдний хамтран зүтгэгчид «харанхуйд та нарт юу хэлснийг минь гэрэлд ярь, чихэнд чинь шивнэснийг минь сонссоноо дээвэр дээр тунхагла» гэсэн Есүсийн зааврыг сахин биелүүлдэгт байгаа юм (Матай 10:27). Гэвч Есүс: «Ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож, тэднийг үхэлд хүргэнэ» хэмээн урьдчилан сануулсан болохоор бэрхшээлтэй тулгарна гэдгээ бид мэддэг. Цааш нь Есүс: «Намайг газар дээр энх тайвныг авчрахаар ирсэн гэж бүү бод. Би энх тайвныг бус харин илд авчрахаар ирсэн юм» гэж хэлсэн (Матай 10:21, 34). Есүс гэр бүлийг зориуд салган бутаргах гэсэн санаа агуулаагүй билээ. Гэхдээ сайн мэдээ заримдаа тийм байдалд хүргэдэг. Бурхны орчин үеийн үйлчлэгчдийн хувьд ч тийм юм тохиолддог нь үнэн. Бид айлд очихдоо тэднийг бүгдээрээ сайн мэдээ хүлээж аваасай гэж хүсдгээс бус, тэр айлыг салган бутаргах санаа агуулж очдоггүй юм. Тийм учраас бид «мөнхийн амийн талаар зөв хандлагатай» хүмүүсийг сайн мэдээндээ дур сонирхолтой болгохын тулд гэр бүлийн бүх гишүүнтэй элэгсэг дотно, сайхан сэтгэлээр харьцахыг чармайдаг (Үйлс 13:48, ШЕ).

17. Бурхны хэмжээгүй эрх мэдлийг дэмждэг хүмүүс хэрхэн ялгардаг вэ? Тэр талаар ямар жишээ байдаг вэ?

17 Хаанчлалын тухай сайн мэдээ Бурхны хэмжээгүй эрх мэдлийг дэмждэг хүмүүсийг ялгаруулдаг. Жишээ нь: Германы фашист дэглэмийн үед итгэл нэгтнүүд маань «Цезарийн юмыг Цезарьт нь, Бурхны юмыг Бурханд өгч», бусдаас хэрхэн ялгарсныг бид мэддэг (Лук 20:25). Христ шашны ертөнцийн лам хуврагууд ба христ шашинтнуудаас Еховагийн Гэрчүүд юугаараа ялгарсан бэ гэвэл тэд Библийн зарчмуудыг зөрчилгүй, гуйвалтгүй үнэнч үлдсэн явдал юм (Исаиа 2:4; Матай 4:10; Иохан 17:16). «Нацист гүрэн ба шинэ шашнууд» номын зохиолч, профессор Кристина Кин: «[Нацистын] засгийн газар Гэрчүүдийн эсрэг тэмцээд ямар ч амжилт олоогүй. Тэднээс олон мянгыг алж устгасан хэдий ч фашизм оршин тогтнохоо больсон 1945 оны тавдугаар сар гэхэд тэд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байсан бөгөөд Еховагийн Гэрчүүдийн хөдөлгөөн урьдын адил байсаар байсан билээ» хэмээн тэмдэглэжээ («The Nazi State and the New Religions»).

18. Еховагийн Гэрчүүд мөрдлөг хавчлага тулгарсан ч хэрхэн ханддаг вэ?

18 Еховагийн ард түмэн мөрдлөг хавчлагатай тулгарахдаа хэрхэн ханддаг нь үнэхээр сонин. Бидний итгэл иргэний засаг захиргааныханд гайхал төрүүлдэг хэдий ч муу санаа гаргаж, дайсагнасан үйл ажиллагаа явуулдаггүйд маань тэд бүр ч гайхдаг. Жишээ нь: Холокостыг (үндэстнийг аймаглан устгах фашист дэглэм) эсэн мэнд давж гарсан Еховагийн Гэрчүүд туулж өнгөрүүлсэн үйл явдлаа эргэн дурсахдаа дандаа л баярлан бахдаж, сэтгэл хангалуун байдаг. Ехова өөрсдөд нь «хирээс хэтэрсэн хүч» өгснийг тэд мэддэг юм (2 Коринт 4:7, ШЕ). Бидний дунд байдаг тослогдогсод «нэрс[ээ]... тэнгэрт бичигдсэн» гэдэгт итгэдэг (Лук 10:20). Тэдний тэвчээр «урам хугалдаггүй» итгэл найдвар өгдөг. Тийм итгэл дэлхийд мөнх амьдрах найдвартай ургац хураагч үнэнч хүмүүст ч мөн адил байдаг (Ром 5:4, 5).

Ургацаа идэвх зүтгэлтэй хураагтун

19. Дэлгэрүүлэх ажилд үр дүнтэй ямар ямар арга ашиглаж байна вэ?

19 Ехова биднээр бэлэгдлийн ургацыг хэдий болтол хураалгахыг хэн ч мэдэхгүй. Гэвч уг ажлыг гүйцэтгэхдээ бид тариаланчид ургац хураах ажилдаа тусгай арга хэрэглэдгийг санах ёстой. Үүний адилаар хэрэв бид дэлгэрүүлэх ажилдаа найдвартай, шалгарсан арга хэрэглэвэл амжилтад хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байж болно. Паул итгэл нэгтнүүддээ: «Та нарыг гуйя. Намайг дуурайгсад бай» гэж хэлсэн (1 Коринт 4:16). Паул Милет хотод Ефесийн хурлын ахлагч нартай уулзахдаа тэдэнд «нийтэд [нь] болон айлаас айлд сургахаас» ер хойш суугаагүй гэдгээ сануулсан (Үйлс 20:20, 21). Элч Паулын анд нөхөр Тимот түүний хэрхэн зааж сургадгийг мэддэг байсан учраас заадаг аргынх нь талаар коринтчуудад хэлж өгсөн (1 Коринт 4:17). Паулын ашиглаж байсан заах аргыг Бурхан хэрхэн ивээж байсны адилаар айлаар яван, давтан уулзалт хийж, Библийн хичээл явуулан, хүмүүстэй уулзсан газар болгондоо тэдэнтэй ярилцан сайн мэдээг «нийтэд» хүргэх гэсэн бидний хичээл зүтгэлийг бас ивээнэ (Үйлс 17:17).

20. Арвин их сүнслэг ургац хураах ажил тулгараад байгааг Есүс хэрхэн илэрхийлсэн бэ? Энэ үг сүүлийн жилүүдэд хэрхэн биелж байна вэ?

20 МЭ 30 онд Есүс Сухар хотын ойролцоо нэгэн самари эмэгтэйтэй уулзаж ярилцсаныхаа дараа сүнслэг ургац хураах ажлын талаар ярьж эхэлсэн. Тэрбээр шавь нартаа: «Хараагаа дээшлүүлж, талбайг харагтун. Учир нь талбай цайрч, хураалтад бэлэн болжээ. Хураагч хөлсөө хүртэж, мөнх амийн үрийг цуглуулж байна. Тийнхүү тариачин тариа хураагчийн хамт баярлах болно» хэмээн хэлсэн (Иохан 4:34–36). Есүс самари эмэгтэйтэй ярьсан ярианыхаа үр дүнг урьдчилан харсан байж болох юм. Учир нь тэр эмэгтэйн гэрчилснээр олон хүн Есүст итгэсэн билээ (Иохан 4:39). Сүүлийн жилүүдэд янз бүрийн улс орны төр засаг Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагаанд тавьсан хязгаарлалтаа цуцлах буюу уг шашны байгууллагыг хуульчлан бүртгэж, тариалангийн шинэ шинэ талбай буй болгож байна. Үүний үр дүнд өнөөдөр арвин их сүнслэг ургац хурааж байна. Бид дэлхий дахины сүнслэг ургац хураах ажилд баяр хөөртэйгөөр оролцон, элбэг баян ивээл хишиг хүртэж байна.

21. Ургацаа баяр баясгалантай, идэвх зүтгэлтэй хураах ямар шалтгаан байна вэ?

21 Ургац боловсорч гүйцэн, хураахад бэлэн болмогц ажилчид хураах ажилдаа шууд орох ёстой. Хойшлуулж болохгүй. Одоо «төгсгөлийн цаг үе» учраас бид идэвх зүтгэлтэй, яарах сэтгэлээр ажиллах хэрэгтэй (Даниел 12:4, ШЕ). Бидэнд бэрхшээл зовлон тохиолдож байгаа хэдий ч өнөөдөр Еховаг шүтэгчдийн ургац урьд хожид байгаагүй арвин их байна. Тийм учраас өнөөдөр бол баярын өдөр юм (Исаиа 9:3). Тэгэхлээр баяр баясгалантай ажилчдын хувьд бүгдээрээ ургацаа идэвх зүтгэлтэй хураацгаая!

[Зүүлт]

^ Еховагийн Гэрчүүдийн байгууллагын хэвлэж тараадаг ном. Монгол хэлээр байхгүй.

Та хэрхэн хариулах вэ?

• Ажилчдыг олон болгож өгөхийг гуйсан гуйлтад ургацын Эзэн хэрхэн хариулсан бэ?

• Хэдийгээр биднийг «үзэн яддаг» ч гэсэн бид хэрхэн ханддаг вэ?

• Мөрдлөг хавчлагыг үл тоон баяр баясгалантай байдгийн маань учир юу вэ?

• Ургац хураахдаа бид идэвх зүтгэлтэй, яарах сэтгэлээр ажиллах хэрэгтэйн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]