Skip to content

Гарчиг руу орох

Ахиц дэвшлээ илэрхий болгогтун

Ахиц дэвшлээ илэрхий болгогтун

Ахиц дэвшлээ илэрхий болгогтун

«Ахиц дэвшил чинь бүгдэд илэрхий болохын тулд эдгээрт санаа тавь.Тэдгээрийн дотор бай» (1 ТИМОТ 4:15).

1. Жимсийг идэж болохоор боловсорч гүйцсэнийг хэрхэн тодорхойлж болох вэ?

 ТА алим, лийр, гадил гэх мэтчилэн дуртай жимсээ санаандаа төсөөлөн боддоо. Тэр жимсийг идэж болохоор боловсорч гүйцсэнийг нь та хэлж чадах үү? Чадах нь эргэлзээгүй. Жимсний анхилам сайхан үнэр, хурц тод өнгө, таатай сайхан дүр зураг гээд энэ бүхэн арааны шүлс асгаруулам амтат идээ таныг хүлээж байгааг хэлж өгнө. Та тэр жимснээс амсангуутаа таатай нь аргагүй тамшаах биз ээ. Шүүс, амт нь үнэхээрийн хэлэхийн аргагүй сайхан!

2. Хүний боловсорсон нь юугаар илэрдэг вэ? Боловсорсон хүмүүстэй харьцахад ямар байдаг вэ?

2 Дээр дурдсан шиг энгийн бөгөөд таатай зүйл амьдралын бусад хүрээнд бас байдаг. Жишээ нь: Жимсний боловсорсон эсэхийг заадаг шинж байдаг шиг хүн сүнслэг талаараа боловсорсон эсэхийг заадаг шинж бас байдаг. Хэрэв хүн хэрсүү, гярхай, мэргэн ухаан болон өөр бусад чанар илэрхийлж байх аваас энэ нь тэр хүн сүнслэг талаараа боловсорсны шинж юм (Иов 32:7–9). Дээрх чанаруудыг бодол санаа, үйл хэргээрээ илэрхийлдэг хүмүүстэй харьцаж, ажиллахад таатай байх нь мэдээж (Сургаалт үгс 13:20).

3. Есүс тэр үеийнхээ хүмүүсийн боловсорсон эсэхийг хэрхэн тодорхойлсон бэ?

3 Нөгөө талаас хүн насанд хүрсэн хэдий ч үг яриа, үйл хэрэг нь түүнийг сэтгэл санаа болон сүнслэг талаараа боловсорч гүйцээгүйг харуулах явдал байдаг. Жишээ нь: Есүс Христ тэр үеийнхээ зөрүүд хүмүүсийн талаар: «Иохан идэх ч үгүй, уух ч үгүй ирэхэд тэд „Түүнд чөтгөр шүглэсэн байна“ гэдэг. Хүний Хүүг ирээд идэж уухад тэд „Харцгаа. Ховдог, архичин!“ гэдэг» хэмээн хэлсэн. Тэр хүмүүс хэдийгээр насанд хүрсэн байсан ч гэсэн Есүийн хэлснээр насанд хүрээгүй «хүүхдүүд» шиг биеэ авч явдаг байжээ. Тиймд Есүс: «Гэсэн хэдий ч мэргэн ухаан нь үйлсээрээ зөвтгөгддөг» гэж нэмж хэлсэн (Матай 11:16–19).

4. Ахиц дэвшил болоод боловсорсон байдлаа яаж илэрхий болгох вэ?

4 Есүсийн хэлсэн үгнээс харахад хүн, боловсорсон эсэхийг ялгах онцлог шинж болсон мэргэн ухаантай болж уу, үгүй юү гэдгийг түүний үйлс болон түүнээс гарах үр дүнгээр тодорхойлж болох нь байна. Энэ тухайд Тимотод өгсөн Паулын зөвлөгөө чухал ач холбогдолтой бөлгөө. Паул Тимотын мөрдөн дагавал зохих зүйлсийг тоочсоныхоо дараа: «Ахиц дэвшил чинь бүгдэд илэрхий болохын тулд эдгээрт санаа тавь. Тэдгээрийн дотор бай» хэмээн хэлсэн (1 Тимот 4:15). Тийм ээ, христиан хүний боловсорсон байдлын төлөө гаргаж байгаа ахиц дэвшил нь «илэрхий» байдаг буюу тодорхой харагддаг. Христиан хүний боловсорсон байдал бол гэрэл шиг бөгөөд дотроо хадгалах буюу нуух боломжгүй чанар юм (Матай 5:14–16). Тийм учраас одоо ахиц дэвшил болоод боловсорсон байдлаа илэрхий болгоход тустай хоёр үндсэн аргыг авч үзье. Үүнд: 1) Мэдлэгээ нэмэгдүүлж, ойлгох чадвар болон мэргэн ухаанаа хөгжүүлэх; 2) Сүнсний үр жимс илэрхийлэх.

Итгэл ба мэдлэгийн нэгдэл

5. Боловсорсон байдлыг хэрхэн тодорхойлж болох вэ?

5 Боловсорсон байдлыг ихэнх толь бичигт хөгжил нь гүйцсэн, гүйцэд болсон, зохих шаардлагыг бүрэн хангасан байдал гэж тодорхойлдог. Бидний мэдсэнээр жимсийг ургах хугацаагаа гүйцээн, гадаад төрх, өнгө, үнэр амт нь зохих шаардлага хангасан тохиолдолд боловсорч гүйцсэн гэж үздэг байна. Тэгэхлээр боловсорсон байдал бол онц сайн, бүрэн гүйцсэн, төгс байдал гэдэгтэй утга нэг юм (Исаиа 18:5; Матай 5:45–48; Иаков 1:4).

6, 7. а) Өөрийг нь шүтдэг хүмүүс сүнслэг талаараа боловсорсон байгаасай гэж Ехова Бурхан маш их хүсдэг нь юунаас харагддаг вэ? б) Сүнслэг талаараа боловсорсон байдал юутай нягт холбоотой вэ?

6 Өөрийг нь шүтдэг хүмүүс сүнслэг талаараа боловсорсон байгаасай гэж Ехова Бурхан маш их хүсдэг. Энэ зорилгоор христиан хуралд гайхамшигтай бэлэг өгсөн. Элч Паул Ефес хотын христиануудад: «Тэр заримыг нь элч, заримыг нь эш үзүүлэгч, заримыг нь сайн мэдээ тунхаглагч, заримыг нь хоньчин ба багш болгожээ. Эдгээр нь ариун хүмүүсийг үйлчлэлийн ажилд бэлтгэж, Христийн биеийг байгуулахын тулд юм. Бид бүгд итгэл хийгээд Бурхны Хүүг мэдэх мэдлэгийн нэгдэл хүртэл, төлөвшсөн хүн болтол, Христийн дүүрэн байдлын чанарын хэмжээнд хүртэл ингэх ажээ. Үүний үр дүнд бид цаашид хүүхэд байхаа больж, давалгаанд энд тэнд шидэгдэн, аливаа номлолын салхи, хүмүүсийн ов мэх болон зальхай хуйвалдааны башир аргад туугдахгүй» хэмээн бичсэн (Ефес 4:11–14).

7 Паул эдгээр зүйлдээ хурлын гишүүд чухамдаа бүгд «итгэл хийгээд... мэдлэгийн нэгдэл», «төлөвшсөн хүн болтол» мөн «Христийн дүүрэн байдлын чанарын хэмжээнд» хүрэх ёстойн учраас Бурхан тийм бэлгүүдийг хуралд өгөөмрөөр өгсөн гэдгийг тайлбарласан. Бид тийм л байж гэмээнэ хуурамч үзэл сургаалд хүүхэд шиг «туугдахгүй» байх болно. Эндээс христиан хүний боловсорсон байдлын өсөлт болон «итгэл хийгээд Бурхны Хүүг мэдэх мэдлэгийн нэгдэл» хоёр хоорондоо ямар нягт холбоотой болох нь харагдаж байна. Паулын өгсөн зөвлөгөөнд онцгойлон анхаарах ёстой хэдэн зүйл байдаг.

8. «Итгэл хийгээд... мэдлэгийн нэгдлээ» хадгалахад юу хэрэгтэй вэ?

8 Нэгдүгээрт: «Нэгдлийг» хадгалахын тулд боловсорсон христиан хүн итгэл үнэмшил болоод мэдлэгийн хувьд итгэл нэгтнүүдтэйгээ бүрэн нэгдмэл байх ёстой. Тийм хүн Библи ойлгох асуудал дээр хувийн санал бодлоо хамгаалах юм уу үзэл бодлоо бусдад тулгахыг оролддоггүй. Харин ч Ехова Бурхны, Хүү Есүс Христ болон «итгэмжит ухаалаг боолоороо» дамжуулан нээн илчилж байгаа үнэнийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөг. Бид Еховагийн Гэрчүүдийн ном хэвлэл, цуглаан, чуулганаар буюу «цагт нь» өгдөг сүнслэг хоол ундыг тогтмол хүртдэг бол итгэл нэгтнүүдтэйгээ «итгэл хийгээд... мэдлэгийн нэгдэлтэй» байна гэдэгтээ бүрэн дүүрэн итгэлтэй байж болно (Матай 24:45).

9. Паул Ефесийн христиануудад илгээсэн захидалдаа «итгэл» гэдэг үгийг ямар утгаар хэрэглэснийг тайлбарлана уу.

9 Хоёрдугаарт: «Итгэл» гэдэг энэ үг христиан хүн нэг бүрийн итгэл үнэмшилд бус, харин бид бүхний итгэлийн цогцод, тэр итгэлийн «өргөн, урт, өндөр хийгээд гүнд» хамаатай бөлгөө (Ефес 3:18; 4:5; Колоссай 1:23; 2:7). Үнэндээ бүх зүйлд итгэдэггүй, «итгэлийн» зөвхөн аль нэг хэсгийг хүлээн авдаг хүн итгэл нэгтнүүдтэйгээ хэрхэн нэгдэлтэй байж чадах билээ? Энэ нь бид зөвхөн Библийн үндсэн сургаал буюу үнэнийг өнгөцхөн, дутуу хагас мэдсэнээрээ сэтгэл ханаж болохгүй гэсэн үг. Бид Еховагийн Үгийг гүнзгий судлахын тулд байгууллагаараа дамжуулан өгч байгаа бүхнийг нь бүрэн дүүрэн ашиглахыг хичээх хэрэгтэй. Бид Бурхны хүсэл таалал болон санаа зорилгыг аль болох нарийн зөв, бүрэн дүүрэн ойлгохыг хичээх ёстой. Үүний тулд Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэлийг уншиж, судлах цаг зав гаргах; Бурхнаас тусалж, удирдахыг гуйн залбирах; цуглаанд тогтмол оролцох; тэрчлэн Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэх ажилд идэвхтэй оролцох хэрэгтэй (Сургаалт үгс 2:1–5).

10. Ефес 4:13-т байгаа «бид бүгд... хүртэл» гэдэг үг ямар утгатай вэ?

10 Гуравдугаарт: Паул энэ гурамсан зорилгыг «бид бүгд... хүртэл» гэсэн үгээр тодорхойлсон. Библийн нэгэн гарын авалгад «бид бүгд» гэдэг нь «хүн болгон тус тусдаа гэсэн үг биш, харин бүгдээрээ хамтдаа» гэсэн үг юм хэмээн бичжээ. Өөрөөр хэлбэл христиан хүний боловсорсон байдалд хүрэхийн тулд хүн бүр итгэл нэгтнүүдийнхээ хамт чадах бүхнээ хийх ёстой гэсэн үг. Нэгэн номд: «Бие махбод бүхэлдээ өсөж хөгжихгүй бол ганц эрхтэн дангаараа бүрэн гүйцэд өсөж хөгжиж чадахгүйтэй адил дан ганцаараа сүнслэг талаараа боловсорсон байдалд хүрч чадах хүн нэг ч байхгүй» хэмээн бичсэн буй («The Interpreter’s Bible»). Паул «бүх ариун хүмүүсийн хамт» итгэлийг цогцоор нь ойлгохыг хичээх хэрэгтэй гэж Ефесийн христиануудад сануулсан (Ефес 3:18а).

11. а) Сүнслэг талаараа өснө гэдэг юу гэсэн үг вэ? б) Сүнслэг талаараа өсөхийн тулд яах хэрэгтэй вэ?

11 Сүнслэг талаараа өснө гэдэг зөвхөн оюун ухаанаа мэдлэгээр дүүргэн, их эрдэм номтой болно гэсэн үг биш болох нь Паулын үгээс харагдаж байна. Боловсорсон христиан бол эрдэм мэдлэгээрээ бусдад гайхуулдаг хүн биш. Библид: «Шударга зөв хүмүүсийн жим болбоос үүрийн гэгээ мэт агаад, тэр нь өдрийг авчрах хүртэл улам тод гэрэлтсээр байх болно» гэж байдаг (Сургаалт үгс 4:18). Тийм ээ, «жим» л улам тод гэрэлтэхээс бус хүн гэрэлтдэггүй. Хэрэв бид Еховагийн, ард түмэндээ нээн илчилдэг Бурхны Үгийг ойлгох ойлголтоор гэрэлтэх замыг дагах аваас сүнслэг талаараа өснө. Энэ тохиолдолд дагах гэдэг нь урагшаа явах гэсэн үг бөгөөд бид бүгд урагшаа явж чадах билээ (Дуулал 97:11; 119:105).

«Сүнсний үр жимсийг» илэрхийлэгтүн

12. Сүнслэг талаараа өсөхийг чармайхдаа сүнсний үр жимс илэрхийлэх нь яагаад чухал бэ?

12 Бид «итгэл хийгээд... мэдлэгийн нэгдэл» уруу тэмүүлэх нь чухал хэдий ч Бурхны сүнсний үр жимсийг амьдралынхаа бүхий л хүрээнд илэрхийлэх нь бас багагүй чухал. Яагаад гэвэл боловсорсон байдал бол дотроо хадгалах буюу нуугаад байх боломжгүй чанар гэдгийг бид дээр мэдэж авсан билээ. Энэ нь бусдад ашигтай бөгөөд бусдыг урамшуулдаг илт мэдэгдэм онцлог шинжүүдээр илэрдэг. Сүнслэг талаараа өсөхийн тулд хийж байгаа бидний эрэл хайгуул бол зүгээр нэг соёлтой буюу боловсролтой хүн болж харагдах гэсэн оролдлого биш билээ. Харин ч Бурхны сүнсний удирдлагыг мөрдөн сүнслэг талаараа өсвөл бодол санаа, үйл хэрэг маань гайхамшигтайгаар өөрчлөгдөх болно. Элч Паул: «Сүнсээр яв. Тэгвэл та нар махан биеийн хүслээ гүйцэлдүүлэхгүй» хэмээн хэлсэн (Галат 5:16).

13. Ямар өөрчлөлт сүнслэг өсөлтийг тод гэрчилдэг вэ?

13 Цааш нь Паул «махан биеийн» олон тооны болон «илэрхий» «үйлсийг» тоочсон. Хүн Бурхны шаардлагын эрхэм чухлыг ойлгож мэдэхээсээ өмнө ертөнцөд жирийнд тооцогддог амьдралын хэв маягаар амьдардаг. Паулын дурдсан «завхайрал, бузар байдал, тачаангуй байдал, шүтээн шүтэх, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, өрсөлдөөн, хагарал, тэрс үзэл санаа, атаархал, архидалт, утга учиргүй наргиж цэнгэх гэх зэргийн» аль нэг нь түүний амьдралд байсан байж болох юм (Галат 5:19–21). Гэвч сүнслэг талаараа өсөхийн хирээр хүн «махан биеийн» муу үйл хийхээ больж, харин «сүнсний үр жимс» илэрхийлж эхэлдэг. Гаднаас ил тод харагддаг энэхүү өөрчлөлт бол хүн сүнслэг талаараа боловсорсон байдал уруу ахиж дэвшиж байгааг тод гэрчилдэг (Галат 5:22).

14. «Махан биеийн үйлс», «сүнсний үр жимс» гэдэг хоёр хэллэгийн утгыг тайлбарлана уу.

14 Бид «махан биеийн үйлс» «сүнсний үр жимс» гэсэн хоёр хэллэгт анхаарлаа хандуулах ёстой. «Үйлс» бол хүний үйл ажиллагааны үр дүн юм. Өөрөөр хэлбэл, Паулын тоочсон «махан биеийн үйлс» гэдэг нь эсвэл хүний ухамсартайгаар сонгосны, эсвэл тийнхүү сонгоход уг хүний нүгэлт махан бие нөлөөлсний үр дүн юм (Ром 1:24, 28; 7:21–25). Тэгвэл «сүнсний үр жимс» буюу энэхүү үр жимсний бүрэлдэхүүнд багтдаг чанарууд нь бие хүн болж төлөвших явцдаа юм уу, эсвэл өөрийгөө боловсруулах явцдаа гаргадаг хүчин чармайлтын үр дүнд хүнд бий болдог бус, харин түүнд Бурхны сүнс үйлчилсний үр дүнд бий болдог юм. Модыг зөв зохистой арчилбал үр жимс өгч эхэлдэг шиг амьдралд нь ариун сүнс чөлөөтэй нөлөөлбөл хүн уг сүнсний үр жимсийг илэрхийлж эхэлдэг (Дуулал 1:1–3).

15. «Сүнсний үр жимсийг» бүрдүүлдэг бүх чанарыг анхаарах нь яагаад чухал бэ?

15 Дээр дурдсан бүх сайн чанарыг тодорхойлохдоо Паул «үр жимс» гэдэг үгийг ашигласныг анхаарах нь зүйтэй. Сүнс биднийг аль таалагдсаныгаа сонгож аваг хэмээн олон төрлийн үр жимс бий болгодоггүй. Паулын тоочсон хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдал зэрэг бүх чанар бүгд адилхан чухал бөгөөд хамтдаа христиан «шинэ хүнийг» бий болгодог (Ефес 4:24; Колоссай 3:10). Бидний хувийн зан чанар, онцлогоос болоод амьдралд маань эдгээр чанараас зарим нь илүү тод илэрч болох хэдий ч Паулын тоочсон бүх чанарыг анхаарах нь чухал. Тэгж л байж гэмээнэ бид Христийг илүү ойр дуурайж чадна (1 Петр 2:12, 21).

16. Бид ямар зорилгоор боловсорсон христиан болох гэж тэмүүлдэг вэ? Энэ зорилгод хэрхэн хүрч болох вэ?

16 Паулын үгэнд, боловсорсон христиан болох гэж тэмүүлэх бидний зорилго бол зөвхөн өргөн мэдлэг ба их эрдэмтэй болж, өөртөө сайн чанарууд хөгжүүлэхийн тулд биш юм гэсэн чухал сургамж байдаг. Бурхны сүнсийг өөрсдийнхөө амьдралд саадгүй нөлөөлдөг болгох явдал бол чухам бидний зорилго юм. Бид бодол санаа, үйл ажиллагаагаа Бурхны сүнсний удирдлагад аль хир захируулна, тэр хэмжээгээр сүнслэг талаараа боловсорно. Энэ зорилгод хэрхэн хүрч болох вэ? Бид зүрх сэтгэл, оюун ухаандаа нөлөөлөх боломжийг Бурхны сүнсэнд олгох ёстой. Үүний тулд Еховагийн Гэрчүүдийн цуглаанд тогтмол явж, идэвхтэй оролцох хэрэгтэй. Түүнээс гадна Бурхны Үгийг тогтмол судалж, уншсан зүйлээ эргэцүүлэн бодохын зэрэгцээ бусадтай харьцах юм уу сонголт хийж, шийдвэр гаргахдаа тэнд байдаг зарчмуудыг удирдлага болгох хэрэгтэй. Тэгвэл ахиц дэвшил маань илэрхий болох нь эргэлзээгүй.

Бурхныг магтан алдаршуулахын тулд ахиц дэвшил гаргагтун

17. Бидний ахиц дэвшил тэнгэрийн Эцгийг маань магтан алдаршуулахад ямар хамаатай вэ?

17 Хэрэв бидний ахиц дэвшил илэрхий байвал энэ нь биднийг бус, харин бидэнд сүнслэг талаараа боловсрох боломж олгодог тэнгэрийн Эцэг Еховаг маань магтан алдаршуулдаг. Есүс алуулахынхаа урд шөнө шавь нартаа: «Та нарын их жимс ургуулснаар Эцэг минь алдаршуулагдана. Ийнхүү та нар Миний шавь нар байх болно» гэж хэлсэн (Иохан 15:8). Есүсийн шавь нар сүнсний үр жимс илэрхийлж байснаараа ч, мөн дэлгэрүүлэх ажилд Хаанчлалын үр жимс ургуулснаараа ч Еховаг магтан алдаршуулж байсан аж (Үйлс 11:4, 18; 13:48).

18. а) Өнөөдөр ургац хураах баяр хөөртэй ямар ажил явагдаж байна вэ? б) Энэхүү ургац хураах ажил ямар зорилт тавьдаг вэ?

18 Өнөөдөр Ехова дэлхий даяар сүнслэг ургац хураах ажилд оролцож байгаа ард түмнээ ивээж байна. Нилээд хэдэн жилийн турш жил бүр 300 000 орчим хүн өөрийгөө Еховад зориулан, усаар баптисм хүртдэг болоод байна. Энэ явдал биднийг болон Ехова Бурхны зүрхийг баярлуулдаг нь эргэлзээгүй (Сургаалт үгс 27:11). Гэвч Ехова Бурхныг тасралтгүй баярлуулж, магтан алдаршуулахын тулд шинэ Гэрч болгон «Түүн [Христ] дотор алхахдаа... бат үндэслэгдэн байгуулагдаж, итгэл дотроо баталгаажих» хэрэгтэй (Колоссай 2:6, 7). Энэ талаар Бурхны ард түмний өмнө хос зорилт байдаг. Нэг талаас хэрэв та саяхан баптисм хүртсэн бол ахиц дэвшлээ «бүгдэд илэрхий» болгохын тулд бүх хүчээ дайчлах уу? Нөгөө талаас та үнэнийг мэдэж, мөрддөг болсоор нилээд хэдэн жил болж байгаа бол шинэ хүмүүсийн сүнслэг сайн сайхны төлөө санаа тавихаар үүрэг хариуцлага хүлээх үү? Аль нь ч байлаа гэсэн боловсорсон байдлын төлөө тэмүүлэх нь чухал гэдгийг харуулж байна (Филиппой 3:16; Еврей 6:1).

19. Хэрэв та «ахиц дэвшлээ бүхэнд илэрхий болговол» таны өмнө ямар боломж нээгдэхийн зэрэгцээ та ямар ивээл хишиг хүртэх вэ?

19 «Ахиц дэвшлээ бүхэнд илэрхий болгохыг» хичээн чармайдаг хүн бүр гайхамшигтай ивээл хишиг хүртнэ. Паул Тимотыг сүнслэг талаараа өсөхийг уриалсныхаа дараа юу хэлснийг эргэн санацгаая. Тэрбээр: «Өөртөө ба сургаалдаа анхаарлаа нарийн хандуул. Эдгээр зүйлд туйлбартай бай. Учир нь үүнийг хийхдээ чи өөрийгөө болон чамайг сонсогчийн хэн хэнийг нь аварна» хэмээн хэлсэн (1 Тимот 4:16). «Ахиц дэвшлээ бүхэнд илэрхий болгохыг» хичээн чармайснаараа та бас Бурхны нэрийг магтан алдаршуулж, ивээл хишгийг нь хүртэн баярлах болно!

Та санаж байна уу?

• Сүнслэг талаараа боловсорсоны илрэл юу вэ?

• Боловсорсон хүн болохын тулд юу мэдэж, ойлгох хэрэгтэй вэ?

• «Сүнсний үр жимсний» илрэл нь сүнслэг ахиц дэвшлийг хэрхэн харуулдаг вэ?

• Хэрэв бид боловсорсон байдал уруу тэмүүлж байгаа бол ямар зорилт тавих ёстой вэ?

[Догол мөрийн асуулт]