Skip to content

Гарчиг руу орох

Та «зөв бурууг ялгаж» чаддаг уу?

Та «зөв бурууг ялгаж» чаддаг уу?

Та «зөв бурууг ялгаж» чаддаг уу?

«Эзэнд юу таалагддагийг үргэлж магадал» (ЕФЕС 5:10, ШЕ).

1. Өнөөдрийн амьдрал юугаараа хүнд хэцүү байна вэ? Яагаад?

 «ЭЗЭН, хүний зам өөрт нь байдаггүйг би мэднэ. Өөрийн алхмаа чиглүүлэхээр алхдаг хүнд ч байдаггүйг би мэднэ» (Иеремиа 10:23). Иеремиагийн мэдэрсэн тэр чухал үнэн өнөөдрийн бидэнд бүр ч илүү утга учиртай болоод байна. Яагаад гэвэл бид Библид урьдчилан зөгнөсөн тэр «хэцүү цагт» амьдарч байгаа билээ (2 Тимот 3:1). Бид өдөр бүр шийдвэрлэхэд амаргүй нөхцөл байдалтай тулгардаг. Гаргаж байгаа шийдвэр маань их, бага гэлтгүй бидний биеийн эрүүл мэнд, сэтгэл санаа болон сүнслэг байдалд хүчтэй нөлөөлдөг.

2. Сонголт эгэл жирийн юм шиг санагдах үе байдаг уу? Тийм үед Бурханд өөрийгөө зориулсан христианууд бид хэрхэн хандах ёстой вэ?

2 Өдөр болгон хийдэг сонголт маань эгэл жирийн, байдаг л юм шиг санагдаж болох юм. Жишээ нь: Бид ямар хувцас өмсөж, юу идэх, хэнтэй уулзаж, юу хийхээ өдөр бүр л сонгодог. Тэгэхдээ үүнийгээ бодож тунгаалгүйгээр бараг өөрийн мэдэлгүй хийдэг. Гэвч энэ бүхэн үнэхээрийн тийм эгэл жирийн зүйл гэж үү? Бурханд өөрийгөө зориулсан христиан хүмүүс бид өмсөж зүүх, идэж уух, ярих хөөрөх болон биеэ авч явах асуудалдаа маш хянамгай байх ёстой. Учир нь энэ бүхэн Хамгийн дээд Ехова Бурханд үйлчилдгийг маань тусган харуулдаг. «Та нар идэж уухдаа, эсвэл юу ч хийсэн Бурхны алдрын төлөө бүхнийг хий» гэж хэлсэн элч Паулын үгийг бид үргэлж санаж явах ёстой (1 Коринт 10:31; Колоссай 4:6; 1 Тимот 2:9, 10).

3. Илүү чухал утга учиртай ямар ямар сонголт байдаг вэ?

3 Заримдаа илүү чухал утга учиртай сонголт байдаг. Жишээ нь: Гэрлэх эсэх тухай шийдвэр хүний бүхий л амьдралд онцгой нөлөөтэй бөлгөө. Тэрчлэн насан туршийн хань болох хүнээ зөв сонгох нь маш чухал асуудал * (Сургаалт үгс 18:22, ШЕ). Түүнээс гадна анд нөхөртэй болж, хүнтэй танилцах, мөн эрдэм боловсрол, ажил хөдөлмөр, наадам зугаа зэргээ зөв сонгох нь сүнслэг байдалд маань, цаашлаад мөнхийн сайн сайханд маань чухал, тэр ч байтугай шийдвэрлэх нөлөөтэй (Ром 13:13, 14; Ефес 5:3, 4).

4. а) Бидэнд ямар чадвар илүү хэрэгтэй вэ? б) Ямар асуулт авч үзэх хэрэгтэй вэ?

4 Энэ бүгдэд зөв шийдвэр гаргахын тулд бид зөв бурууг ялгаж чаддаг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зөв юм шиг санагдсан зүйлийг жинхэнэ зөв юмнаас ялгаж чаддаг байх ёстой. «Хүнд зөв мэт санагдавч төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг» хэмээн Библи анхааруулдаг (Сургаалт үгс 14:12). Тийм учраас: «Зөв бурууг яаж ялгаж сурах вэ? Шийдвэр гаргахдаа хаанаас удирдлага хайх вэ? Дээр үед хүмүүс энэ асуудал дээр яадаг байсан бэ? Одоо яаж байна вэ? Тэр нь юунд хүргэж байсан ба одоо юунд хүргэж байна вэ?» гэсэн асуулт гарч ирнэ.

Ертөнцийн «гүн ухаан болон хоосон мэхлэл»

5. Нэгдүгээр зууны христианууд ямар ертөнцөд амьдардаг байсан бэ?

5 Нэгдүгээр зуунд христианууд Грек-Ромын үнэт зүйл болон үзэл санаа ноёрхсон ертөнцөд амьдарч байлаа. Нэг талаас ромчуудын амьдралын хэв маяг нь олон хүний атаархал төрүүлсэн тохь тухтай, тансаг байдалтай байв. Нөгөө талаас оюун санааны хүрээ нь Платон Аристотель нарын төдийгүй епикурчүүд болон стоикуудын шинэ урсгалын төлөөлөгчдийн гүн ухаанаар буцалж байлаа. Паулыг миссионерийн хоёрдахь аялалаараа Афин хотод ирэхэд «хоосон чалчигч» түүнээс өөрсдийгөө илүү гэж үзсэн епикур, стоикийн гүн ухаантнууд Паултай маргалдаж эхэлсэн (Үйлс 17:18).

6. а) Нэгдүгээр зуунд зарим христианы сэтгэл юунд татагдсан бэ? б) Паул юу анхааруулсан бэ?

6 Нэгдүгээр зууны зарим христиан орчин тойрныхоо хүмүүсийн тансаг байдал хийгээд амьдралын хэв маягт сэтгэл алдсаныг ойлгоход түвэггүй (2 Тимот 4:10). Тэрхүү ертөнцөд харъяалагддаг хүмүүс уг тогтолцооны хамаг сайн сайхныг болон давуу эрхийг эдэлдэг бөгөөд тэдний гаргадаг шийдвэр нь зөв байдаг юм шиг санагдсан аж. Бас Бурханд өөрийгөө зориулсан христиан хүмүүст байхгүй ямар нэгэн үнэтэй зүйлийг ертөнц өгөх чадвартай юм шиг санагдсан аж. Гэвч элч Паул: «Хэн нэг нь та нарыг Христийн дагуу биш, харин ертөнцийн үндсэн зарчмууд, хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхлэлээр олзлох вий хэмээн сэрэмжлэгтүн» хэмээн анхааруулсан (Колоссай 2:8). Паул ямар учраас тэгж хэлсэн бэ?

7. Ертөнцийн мэргэн ухаан гэгч үнэн хэрэгтээ аль хир үнэ цэнтэй вэ?

7 Ертөнцөд сэтгэл нь татагдсан хүмүүсийн бодол санаа ямар аюултай болохыг ойлгосон учраас Паул үүнийг бичжээ. Ялангуяа «гүн ухаан болон хоосон мэхлэлээр» гэсэн үг хэллэг ашигласан нь их сониролтой. «Гүн ухаан» гэдэг үг нь «мэргэн ухаанд дурлаж, тэмүүлэх» гэсэн утгатай ажээ. Энэ нь мөн чанартаа ашигтай байж болох юм. Библи, тэр дундаа «Сургаалт үгс» ном зөв мэдлэг ба мэргэн ухаан эрж хайхыг уриалдаг (Сургаалт үгс 1:1–7; 3:13–18). Гэхдээ Паул «гүн ухааныг» «хоосон мэхлэл» гэдэг үгтэй зэрэгцүүлэн тавьжээ. Өөрөөр хэлбэл, Паул ертөнцийн мэргэн ухааныг хоосон зүйл бөгөөд мэхлэл гэж үзсэн ажээ. Тэр нь үлээсэн шаар шиг гаднаас нь харахад биетэй юм шиг мөртөө дотроо хоосон байдаг ажээ. Ертөнцийн «гүн ухаан болон хоосон мэхлэл» мэтийн ямар нэгэн хий хоосон юманд тулгуурлан зөв бурууг ялгах гэвэл тэнэг бөгөөд аюултай хэрэг болно гэдэг нь тодорхой.

«Мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчид»

8. а) Хүмүүс зөвлөгөө авах гэж хэнд ханддаг вэ? б) Тэгээд ямар зөвлөгөө авдаг вэ?

8 Өнөөдөр ч гэсэн байдал бараг хэвээрээ л байна. Амьдралын бараг бүх хүрээг сонирхон судалдаг хүмүүс байдаг. Гэр бүл болон гэрлэх асуудлаар зөвлөгөө өгдөг хүмүүс, тоймчид, өөрсдийгөө сэтгэл зүйч гэж нэрлэсэн хүмүүс, эмч, зурхайч, мэргэ төлөгч зэрэг мөнгө авч зөвлөгөө өгдөг мэргэжилтэн олон бий. Гэвч тэд ямар зөвлөгөө өгдөг вэ? Гол төлөв ёс суртахууны, Библийн хэм хэмжээг хажуу тийш нь тавьж, «шинэ ёс суртахуун» гэгчид байр гаргаж өгөх замаар зөвлөдөг. Жишээ нь: «Ижил хүйсийн хүмүүс гэр бүл болохыг» бүртгэхээс засгийн газар татгалзсан тухай Канадын нэгэн сонины тэргүүн өгүүлэлд: «Ижил хүйсийн хүмүүс гэдгээр шалтаглан бие биедээ хайр сэтгэлээ зориулсан хосуудын хамгийн ариун нандин хүслийг биелүүлэхээс татгалзсан нь 2000 оны учир утгагүй зүйл боллоо» хэмээн бичжээ («The Globe and Mail»). Өнөөдөр хүмүүс улам бүр хүлцэнгүй болж, асуудалд шүүмжлэлтэй хандахаа больж байна. Бүх юмыг харьцангуй гэж үздэг бөгөөд туйлын зөв буюу буруу гэсэн ойлголт үгүй болжээ (Дуулал 10:3, 4).

9. Нийгэмд нэр хүнд бүхий хүмүүс байнга юу хийдэг вэ?

9 Нөгөө зарим нь шийдвэр гаргахдаа нийгэмд дорвитой байр суурь эзэлж, эдийн засгийн талаар бэхжсэн баян, нэр цуутай хүмүүсийг дуурайдаг. Тийм хүмүүсийг өнөөгийн нийгэм хүндэтгэдэг хэдий ч тэд шударга ёс, итгэл зэрэг сайн үйлийг гол төлөв зөвхөн амаараа илэрхийлдэг. Эрх мэдэл, ашиг хонжооны хойноос хөөцөлдөхдөө сэтгэл нь огт өвдөхгүйгээр, янз бүрийн арга заль хэрэглэн, ёс суртахууны зарчмуудыг уландаа гишгэчдэг хүн олон. Зарим хүн алдар нэрийн хойноос хөөцөлдөхдөө тогтсон хэм хэмжээ, эрхэм зүйлийг хөнгөн хуумаг байдлаар үл тоомсорлон, биеэ хачин этгээд авч явахыг эрхэмлэдэг. Үүний үр дүнд нийгэм бүхэлдээ зөвхөн өөрийн ашиг хонжооны хойноос хөөцөлдөн, дур зоргоороо авирладаг болж, «болохгүй юм гэж байхгүй» гэсэн уриа ноёлж эхэлдэг. Хүмүүс зөв буруугийн асуудлаар учраа олохгүй, будилж байгаад гайхах хэрэг байна уу? (Лук 6:39).

10. Зөв буруугийн талаарх Исаиагийн үгийн үнэнийг хэрхэн баталдаг вэ?

10 Буруу удирдлагын үндсэн дээр гаргасан тэнэг шийдвэрийн хөнөөлт үр дагавартай бид хаа сайгүй тааралддаг. Тэдгээрээс заримыг дурьдвал: Гэр бүл салж сарних, мансууруулах бодис болон архинд донтох, өсвөр насны залуучууд гэмт хэрэг үйлдэх, садар самуун явдал, бэлгийн замаар халдварладаг өвчин зэрэг болно. Үнэндээ хэрэв хүмүүс зөв буруугийн асуудал дээр аливаа хэм хэмжээ болон бие биеэ ойлгоход нь туслах бүхнийг мартах аваас өөр сайн сайхныг хүсэн хүлээх арга байх уу? (Ром 1:28–32). Энэ бол «Мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчид, харанхуйг гэрэл, гэрлийг харанхуйгаар солигчид, гашууныг амттай, амттайг гашуунаар орлуулагчид гаслантай яа! Өөрийнхөө нүдэнд мэргэн болж, өөрсдийнхөө бодолд ухаалаг байгчид гаслантай яа!» гэж хэлсэн зөнч Исаиагийн үгтэй тохирдог юм (Исаиа 5:20, 21).

11. Зөв бурууг тодорхойлохдоо өөртөө найдах нь яагаад буруу вэ?

11 Бурхан «өөрийнхөө нүдэнд мэргэн болсон» эртний иудейчүүдийг хариуцлагад татдаг байсан болохоор зөв бурууг тодорхойлохдоо бид өөртөө найдахгүй байх нь бүр ч чухал юм. «Сэтгэл зүрхээ л дага», «Зөв гэж үзсэнээ л хий» гэх мэтийн зөвлөгөөг дагадаг хүн өнөөдөр олон бий. Ингэх нь зөв үү? Библийн дагуу бол буруу. Библид: «Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм. Үүнийг хэн ойлгож чадах билээ?» гэж байдаг (Иеремиа 17:9). Та шийдвэр гаргахдаа «хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй» хүний зөвлөгөөг дагах уу? Үгүй байлгүй дээ. Үнэндээ та тэр хүний хэлэхийг сонссон ч өөрөөр хандах нь мэдээж. Библи: «Өөрийн зүрхэндээ итгэдэг хүн мунхаг. Харин мэргэн хүн аюулаас зайлдаг» хэмээн сануулдгийн учир энэ буюу (Сургаалт үгс 3:5–7; 28:26).

Бурханд юу таалагддагийг мэдье

12. Бид ямар учраас «Бурхны хүслийг» мэдэх хэрэгтэй вэ?

12 Зөв бурууг тодорхойлохдоо ертөнцийн мэргэн ухаан болон өөртөө найдахгүй юм бол өөр яах вэ? Элч Паулын тов тодорхой бөгөөд хоёр санаагүй зөвлөгөөг дагах хэрэгтэй. Паул: «Энэ үеийн явдалд бүү нийцэгтүн. Харин Бурхны хүсэл юу болохыг, тухайлбал сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батлахын тул оюун ухаанаа шинэчлэн өөрчлөгдөгтүн» гэж хэлсэн (Ром 12:2). Ямар учраас Бурхны хүслийг мэдэх хэрэгтэй вэ? Үүний чухам шалтгааныг Ехова Библиэр дамжуулан: «Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг, Миний зам та нарын замаас, Миний бодол та нарын бодлоос өндөр билээ» гэж хэлсэн (Исаиа 55:9). Тийм учраас хүмүүсийн хэлдгээр эрүүл бодол буюу өөрийн мэдрэмжид найдахын оронд «Эзэнд юу таалагддагийг үргэлж магадлах» хэрэгтэй (Ефес 5:10, ШЕ).

13. Бурханд таалагддаг зүйлийг мэдэхийн чухлыг Есүс Иохан 17:3-т бичигдсэн үгээрээ хэрхэн онцлон тэмдэглэсэн бэ?

13 Есүс Христ үүний чухлыг онцлон тэмдэглэж: «Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг [«таньж», ШЕ] мэдэх нь мөнхийн амь мөн» гэж хэлсэн (Иохан 17:3). Энд «таньж мэдэх» гэж орчуулсан үг ердийн «мэдэх» гэдэг үгнээс илүү гүн утгатай юм. Нэгэн тайлбар тольд бичсэнээр энэхүү үг хэллэг нь «танин мэдэж байгаа хүн ба тэр хүний мэдсэн зүйл хоёрын хоорондын харьцааг, өөрөөр хэлбэл мэдсэн зүйл түүнийг таньж мэдсэн хүний нүдэнд хир зэрэг үнэтэй буюу чухал болохыг заан илэрхийлдэг» ажээ («Vine’s Expository Dictionary»). Хэн нэг хүнтэй харьцаатай байна гэдэг тэр хүн хаанахын хэн болохыг зүгээр нэг мэдэхээс илүү утга учиртай. Үгүй ядаж тэр хүнийхээ хүсэл таалал хийгээд үнэлж эрхэмлэдэг юм нь юу болохыг, мөн ямар зарчим баримталж амьдардаг ба эдгээр зарчмыг эрхэмлдэгийнх нь учир юу болохыг мэддэг байх хэрэгтэй (1 Иохан 2:3; 4:8).

Ойлгох чадвараа сургая

14. Паул сүнслэг талаараа балчир хийгээд төлөвшсөн хүмүүсийн хоорондын гол ялгааг юу гэж хэлсэн бэ?

14 Зөв бурууг яаж ялгаж чаддаг болох вэ? Энэ асуултын хариуг нэгдүгээр зууны еврей христиануудад бичсэн Паулын үгнээс олж болно. Тэрбээр: «Сүүгээр амьдрагч хүн бүр балчир учраас зөвт байдлын үгийг тэр бүр таньдаггүй. Харин бор хоол нь төлөвшсөн хүмүүст зориулагддаг». «Тэд хэрэглэснээр зөв бурууг ялган ойлгох чадвараа сургадаг» (ШЕ) хэмээн бичжээ. Паул энд урьдах зүйлд «Бурхны үгсийн эхний үндэснүүд» хэмээн тодорхойлсон «сүүг», «зөв бурууг ялган ойлгох чадвараа сургасан» «төлөвшсөн хүмүүст» зориулсан «бор хоолтой» сөргүүлэн тавьсан байна (Еврей 5:12–14).

15. Бурхны тухай нарийн зөв мэдлэгтэй болохын тулд уйгагүй хөдөлмөрлөх ёстойн учир юу вэ?

15 Тэгэхлээр Бурхны Үг буюу Библид байгаа Еховагийн хэм хэмжээг нарийн зөв ойлгож мэдэхийн тулд юуны өмнө бид уйгагүй хөдөлмөрлөх ёстой гэсэн үг. Библид хийж болох ба болохгүй зүйлийн жагсаалт байхгүй. Библи бол тийм ном биш. Харин Паул: «Судар бүр Бурхны амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай. Энэ нь Бурхны хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм» хэмээн тайлбарласан (2 Тимот 3:16, 17). Энэхүү заах, зэмлэх, залруурах зүйлээс ашиг гаргахын тулд бид эргэцүүлэн бодох ёстой. Үүнд бид хүчин зүтгэл гаргах хэрэгтэй. Үүний үр дүн асар их үнэтэй бөгөөд бид «аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдэнэ» (Сургаалт үгс 2:3–6).

16. «Ялган ойлгох чадвараа сургах» гэдэг нь юу гэсэн үг вэ?

16 Түүнээс гадна Паулын хэлснээр төлөвшсөн хүмүүс «зөв бурууг ялган ойлгох чадвараа сургадаг». Энэ бол бидний авч үзэж байгаа гол зүйл юм. «Ялган ойлгох чадвараа сургах» гэдэг хэллэг нь шууд утгараараа «мэдрэхүйн эрхтнүүд гимнастикч шиг дасгалжих» гэсэн үг ажээ («Kingdom Interlinear Translation»). Туршлагатай гимнастикч цагираг, дамнуурга мэтийн аль нэг хэрэгсэл дээр дасгалаа хийхдээ дэлхийн татах хүч юм уу байгалийн бусад хуулинд захирагдахгүй байгаа юм шиг хурдан шалмаг хийдэг. Гэхдээ гимнастикч биеэ бүх цаг мөчид бүрэн хянаж байдаг ба дасгалаа амжилттай гүйцэтгэхийн тулд юу хийх хэрэгтэйгээ бараг зөнгөөрөө мэдэрч байдаг. Энэ бүхэн бол уйгагүй хөдөлмөр, байнгын дасгал сургуулийн үр дүн юм.

17. Бид ямар утгаар гимнастикчтай адил байх ёстой вэ?

17 Цаг ямагт зөв шийдвэр гаргаж, мэргэн сонголт хийе гэвэл бид сүнслэг талаараа гимнастикч шиг дасгалжсан байх ёстой. Бид мэдрэмж болоод биеэ цаг ямагт бүрэн дүүрэн хянаж чаддаг байх ёстой (Матай 5:29, 30; Колоссай 3:5–10). Жишээ нь: Та нүдээ садар самуун явдлыг хардаггүй, чихээ зохимжгүй дуу хөгжим, үг яриа сонсдоггүй болгон сургадаг уу? Үнэндээ тийм зохисгүй юмс бидний эргэн тойронд, хаа сайгүй байдаг. Харин эдгээрийг зүрх сэтгэл, оюун ухаандаа хүлээн авч, хоногшуулах эсэхээ бид сонгох учиртай. Бид дуулалчийн: «Би нүднийхээ өмнө ямар ч хорон юмыг байлгахгүй. Би урвагчдын ажлыг үзэн яддаг. Тэр нь надад наалдахгүй. [...] Худал яригч хүн миний өмнө байр сууриа хадгалахгүй» хэмээн дуулсныг дуурайж болно (Дуулал 101:3, 7).

Хэрэглэснээр ялган ойлгох чадвараа сургагтун

18. Ялган ойлгох чадвараа хэрхэн сургахыг тайлбарлахдаа Паулын ашигласан «хэрэглэснээр» гэдэг үг ямар утгатай вэ?

18 «Хэрэглэснээр» зөв бурууг ялган ойлгох чадвараа сургадгийг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргах болгондоо бид уг асуудалд Библийн ямар зарчим хамаатай болох хийгээд түүнийг хэрхэн хэрэглэхийг ялган таньж сурах хэрэгтэй гэсэн үг. «Итгэмжит ухаалаг боолын» бэлтгэн гаргадаг Библид үндэслэсэн ном хэвлэлээс өөртөө хэрэгтэй мэдээллээ олж авч чаддаг хэвшилтэй болох хэрэгтэй (Матай 24:45). Төлөвшсөн ах эгч нараасаа тусламж авч болох нь мэдээж. Гэхдээ эцсийн эцэст Бурхны Үгийг судлахад гаргасан бидний хүчин чармайлт, тэрчлэн Еховагийн удирдлага хийгээд сүнсийг гуйн залбирсан залбирал маань элбэг баян үр жимс өгнө (Ефес 3:14–19).

19. Ялган ойлгох чадвараа байнга сургах аваас бид ямар ивээл хишиг хүртэх вэ?

19 Бид ялган ойлгох чадвараа зогсолтгүй сургахдаа «цаашид хүүхэд байхаа больж, давалгаанд энд тэнд шидэгдэн, аливаа номлолын салхи, хүмүүсийн ов мэх болон зальхай хуйвалдааны башир арганд туугддаггүй» хүн болохыг хичээх ёстой (Ефес 4:14). Бурханд юу таалагддагийг мэдэж авсан мэдлэг болон ойлгох ойлголт дээрээ тулгуурлан бид том жижиг ямар ч асуудал дээр өөрсдөдөө ашигтай, итгэл нэгтнүүдээ бэхжүүлдэг, мөн хамгийн гол нь тэнгэрийн Эцгийнхээ зүрхийг баярлуулдаг мэргэн шийдвэр гаргаж болно (Сургаалт үгс 27:11). Энэ хэцүү цагт юутай сайхан ивээл, хамгаалал вэ!

[Зүүлт]

^ Доктор Томас Холмс, Ричард Ра нар судалгаагаараа хүний амьдралын хамгийн зовууртай 40 үйл явдлыг жагсаасны эхний гуравт хань ижил нь нас барах, гэр бүл салах хийгээд тусдаа амьдрах тухай асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудал оржээ. Гэрлэх асуудал долдугаар байранд орсон байна.

Та тайлбарлаж чадах уу?

• Мэргэн шийдвэр гаргахын тулд яах хэрэгтэй вэ?

• Зөв бурууг тодорхойлохдоо алдартай хүмүүсийг дуурайх юм уу өөрийн мэдрэмжид тулгуурлах нь яагаад буруу вэ?

• Шийдвэр гаргахдаа бид Бурханд юу таалагддагийг нарийн зөв мэдэх ёстойн учир юу вэ? Бурханд юу таалагддагийг хэрхэн мэдэж болох вэ?

• «Ялган ойлгох чадвараа сургах» гэж юу гэсэн үг вэ?

[Догол мөрийн асуулт]