Skip to content

Гарчиг руу орох

«Амар тайвныг хай, түүнийг мөшгө»

«Амар тайвныг хай, түүнийг мөшгө»

«Амар тайвныг хай, түүнийг мөшгө»

«Хэрэв боломжтой бол, та нараас шалтгаалж байгаа бол бүх хүнтэй эвтэй байгтун» (РОМ 12:18).

1, 2. Хүний тогтоодог амар тайван үүрдийнх байдаггүйн учир вэ?

 ЯС мод муутай, тулгуур багана нь өмхөрч ялзарсан, дээвэр нь хотойж, нурах шахсан байшин байна гээд төсөөлөөд үзье. Та тэр байшинд нүүж очоод, түүгээр гэрээ хийн амьдрах байсан уу? Юу л бол. Энэ байшинг будаж шохойдлоо ч гэсэн өмхөрч муудсан яс мод нь сайжирч шинэ болохгүй нь лавтай. Уг байшин эрт орой хэзээ боловч нурж унана.

2 Энэ ертөнцөөс үүдэлтэй аливаа амар тайван нь дээрх байшинтай адил юм. «Авралгүй хүний» бодож төлөвлөн, амлаж хэлэх нь үндэс муутай байдаг (Дуулал 146:3). Хүн төрөлхтний түүхэнд үндэстэн, угсаатан, овог аймгийн хооронд зөрчил мөргөлдөөн олон гарч байсан. Гэхдээ түүхэнд амар тайван ахархан ч гэсэн ноёлсон үе байдаг билээ. Харин чухам ямар амар тайван бэ? Хоёр үндэстэн хоорондоо дайтаж байгаад аль нэг нь ялагдсан юм уу, эсвэл хоёул дайтах нь учир утгагүй гэдгийг ойлгохоороо л энхийн гэрээ байгуулдаг. Үүнийг ямар амар тайван гэх вэ дээ? Үзэн ядсан, хардаж сэжиглэсэн, атаархаж жөтөөрхсөн сэтгэл нь хэвээрээ л үлддэг. Ийм амар тайван бол дайсагналыг зөвхөн «будаж шохойдож» буй болохоос үүрдийнх биш ээ (Езекиел 13:10).

3. Бурхны ард түмний амар тайван хүний тогтоодог амар тайвнаас ямар ялгаатай вэ?

3 Энэ ертөнц дайн самуунаар дүүрэн ч гэлээ жинхэнэ амар тайван бас байдаг. Хаана тэр вэ? Есүс Христийн мөрөөр яван, үгийг нь сахиж, амьдралынх нь хэв маягийг дуурайхыг хичээдэг жинхэнэ христиан хүмүүсийн дунд байдаг (1 Коринт 11:1; 1 Петр 2:21). Хар, шар, цагаан арьстай, нийгмийн янз бүрийн давхаргын олон үндэстний жинхэнэ христиануудын дунд байдаг тэр амар тайван бол жинхэнэ амар тайван юм. Учир нь энэхүү амар тайван нь христиануудын Бурхантай тогтоосон энхийн харьцаанаас үүсдэг. Бурхантай тогтоосон уг харьцаа нь тэдний Есүс Христийн золих тахилд итгэх итгэлийн ачаар боломжтой болсон юм. Тэдний амар тайван бол хүн өөрийн хүчээр олж авдаг зүйл биш, харин Бурхны өгсөн бэлэг юм (Ром 15:33; Ефес 6:23, 24). Өөрөөр хэлбэл тэд «Энхийн Жонон» Есүс Христэд захирагдан, «хайрын ба амар тайвны Бурхан» Еховаг шүтдэгийн үрээр амар тайвныг эдэлдэг (Исаиа 9:6; 2 Коринт 13:11).

4. Христиан хүн хэрхэн амар тайвныг «мөшгөдөг» вэ?

4 Төгс бус хүмүүст амар тайван зүгээр нэг ирчихдэг юм биш ээ. Тиймээс ч Петр: «Амар тайвныг хай, түүнийг мөшгө» гэж хэлсэн. Үүнийг христиан хүн бүр биелүүлэх учиртай (1 Петр 3:11). Яаж? Эртний нэгэн зөгнөл үүнд хариу өгдөг. Ехова Исаиагаар дамжуулан «Чиний бүх хөвгүүд ЭЗЭНээр сургагдаж, чиний хөвгүүдийн эв найр нь аугаа их болно» хэмээн хэлсэн (Исаиа 54:13; Филиппой 4:9). Тийм ээ, Еховагийн сургаалыг анхаардаг хүмүүс амар тайвныг эдэлдэг. Түүнээс гадна, амар тайван бол «хайр, баяр баясгалан... тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, өөрийгөө захирах байдлын» хамт Бурхны ариун сүнсний үр жимс юм (Галат 5:22, 23). Тиймээс хайрладаггүй, баяр баясгалангүй, тэвчээргүй, энэрэлгүй, сайхан сэтгэлгүй, итгэлгүй, өөрийгөө захирдаггүй хүн амар тайвныг үл эдэлнэ.

«Бүх хүнтэй эвтэй байгтун»

5, 6. а) «Эвсэг байх», «эвийг эрхэмлэдэг байх» ямар ялгаатай вэ? б) Христианууд хэнтэй эвтэй байдаг вэ?

5 Амар тайван байх гэдэг нь «тогтуун, нам гүм байх» гэсэнтэй дүйнэ гэж тодорхойлжээ. Ингэж тодорхойлбол амар тайван гэдэг нь маргаан, мөргөлдөөнгүй бүх байдлыг хэлж болох нь байна. Тэрчлэн нас барсан хүнийг амар тайван нойрсог гэж ярьдаг. Гэхдээ хүн амар тайвныг жинхэнэ ёсоор эдлэхийн тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Есүс «Ууланд айлдсан номлол»-доо: «Эвийг эрхэмлэдэг хүмүүс аз жаргалтай яа! Учир нь тэд „Бурхны хөвгүүд“ гэж нэрлэгдэх болно» гэж хэлсэн (Матай 5:9, ШЕ). Есүс энэ үгийг ирээдүйд Бурхны сүнсэн хөвгүүд болж, тэнгэрт үхэхгүй мөнх амьдрах завшаан тохиох хүмүүст хандан хэлжээ (Иохан 1:12; Ром 8:14–17). Эцсийн эцэст бусад үнэнч бүх хүн тэнгэрт амьдрах найдваргүй ч гэсэн «Бурхны хүүхдүүдийн алдрын эрх чөлөөг» эдлэх болно (Ром 8:21). Зөвхөн эвийг эрхэмлэдэг хүмүүс л Бурхны хүүхэд болох найдвартай. Эвсэг байх, эвийг эрхэмлэдэг байх гэдэг ялгаатай. Эвийг эрхэмлэдэг гэдэг хэллэгийг Библийн үүднээс ойлговол энэ нь хүн эв эеэ сахин дээдэлж, тэр ч байтугай байгаа газар бүртээ эв эеийг тогтоож байдаг гэсэн үг.

6 Үүнийг санахын сацуу элч Паулын Ром дахь христиануудад юу зөвлөснийг авч үзье. «Хэрэв боломжтой бол, та нараас шалтгаалж байгаа бол бүх хүнтэй эвтэй байгтун» (Ром 12:18). Аливаад эвээр хандах нь тустай. Гэхдээ Паул ромчуудыг эвтэй л байвал болох нь тэр гэсэн юм биш ээ. Харин тэдэнд эвийг эрхэмлэгч байхыг уриалсан. Хэнтэй эвтэй байх вэ? «Бүх хүнтэй» буюу гэр бүлийнхэнтэйгээ, итгэл нэгтнүүдтэйгээ, тэр байтугай итгэл үнэмшлийг маань хуваалцдаггүй хүнтэй хүртэл эвтэй байна гэсэн үг. Паул ромчуудыг «боломжтой бол», өөрсдөөс нь «шалтгаалж байгаа бол» бусадтай эвтэй байхыг уриалжээ. Гэвч эвийг эрхэмлэж байна гээд итгэл үнэмшлээсээ няц гэж элч Паул хэлээгүй. Ромчууд бусадтай онцын шаардлагагүй зөрчилдөхийн оронд эвийг эрхэмлэх ёстой байлаа. Христианууд хурлынхандаа ч, өөр бусдад ч тэгж л хандах учиртай байв (Галат 6:10). Үүнтэй уялдуулан Паул: «Үргэлж нэг нэгэндээ болон бүх хүний төлөө сайн зүйл уруу тэмүүлдэг байгтун» гэж бичсэн (1 Тесалоник 5:15).

7, 8. Христианууд итгэл үнэмшлийг нь хуваалцдаггүй хүмүүстэй эвтэй байдгийн учир юу вэ? Яаж эвтэй байдаг вэ?

7 Бид итгэл үнэмшлийг маань хуваалцдаггүй, тэр байтугай биднийг эсэргүүцдэг хүнтэй яаж эвтэй байж болох вэ? Юуны түрүүнд бид өөрийгөө бусдаас дээгүүр тавьж болохгүй. Жишээлбэл: Бардам ихэмсэг өнгө аясаар бусадтай харьцдаг хүнийг эвийг эрхэмлэдэг гэхэд хэцүү. Ехова тодорхой байгууллага, хүнийг шүүнэ гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ бид хэнийг ч байлаа гэсэн яллуулчихсан мэт ярих эрхгүй. Бид бусдыг, эсэргүүцэгчидээ ч шүүх эрхгүй ээ. Паул эрх мэдэлтэй хүмүүстэй хэрхэн харьцах талаар Крет дэх христиануудад зөвлөхийг Титээс хүсжээ. Тэгээд тэдэнд: «Хэнийг ч муулахгүй, хэрүүлч биш, дөлгөөн байж, бүх хүмүүст бүх талаар даруухан байдлыг харуул» гэж сануулахыг Титэд бичжээ (Тит 3:1, 2).

8 Бидний итгэл үнэмшлийг хуваалцдаггүй хүмүүстэй эвтэй байх нь тэдний анхаарлыг үнэнд хандуулах таатай боломж болдог. Мэдээж бид «сайн зуршлуудыг эвдэх» нөхөрлөлөөс зайлсхийдэг (1 Коринт 15:33). Гэсэн ч бид эелдэг байж, бүх хүнийг үнэлэн хүндэтгэж, тэдэнд хүн ёсоор хандах учиртай. Петр: «Харь үндэстнүүдийн дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг хорон мууг үйлдэгчид хэмээн гүтгэвч, эцэст нь та нарын сайн үйлсийг хараад Түүнийг ирэх өдөр Бурхныг алдаршуулах болно» гэж бичсэн (1 Петр 2:12).

Дэлгэрүүлэхдээ эвтэй байгтун

9, 10. Гэрч бус хүнтэй эвтэй байхын ямар жишээг элч Паул үзүүлсэн бэ?

9 Нэгдүгээр зууны христианууд эр зоригоороо алдартай байжээ. Тэд дэлгэрүүлж байсан мэдээнийхээ хүчийг хэзээ ч сулруулж байгаагүй бөгөөд эсэргүүцэлтэй тулгарахдаа ч хүнийг биш Бурхныг удирдагчаа хэмээн үзэж, түүнд бүрэн дүүрэн захирагддаг байлаа (Үйлс 4:29; 5:29). Гэхдээ тэд эр зоригийг бүдүүлэг авиртай хольж хутгаагүй юм. Жишээ болгон Паулын итгэл үнэмшлээ хамгаалан Херод II Агрийп хаантай хэрхэн ярилцсаныг авч үзье. Херод Агрийп хаан охин дүү Берникетэйгээ бэлгийн харьцаанд ордог байжээ. Гэлээ ч Паул Агрийпд ёс суртахууны тухай сургаал айлдалгүй харин ч түүнийг иудейчүүдийн ёс заншлыг сайн мэддэг хийгээд зөнчдөд итгэдгийг нь хэлж магтаад, тэднийг нэгтгэж байсан зүйлийг онцлон тэмдэглэжээ (Үйлс 26:2, 3, 27).

10 Паул өөрийг нь эрх чөлөөтэй болгож чадах байсан хүнийг зусардаж байсан хэрэг үү? Үгүй ээ, Херод Агрийп хаанд хандан хэлсэн Паулын үгэнд худал зүйл огт байгаагүй. Тэрээр хожим нь чухам тэгж зөвлөсөн байдаг. (Ефес 4:15). Харин Паул эвтэй байсан бөгөөд яаж «бүх хүнд бүх... юм болохыг» мэддэг байжээ (1 Коринт 9:22). Тэрээр Есүсийн тухай дэлгэрүүлэх эрхээ хамгаалахыг зорьж байв. Паул өөрийнхөө болон Агрийп хааны санал нэгдэх тэр л зүйлээс яриагаа эхэлсэн нь сайн багшийн арга мөн юм. Ингэж Паул садар явдалтай хаанд Есүсийн дагалдагчдын шашны талаар аятай сэтгэгдэл төрүүлжээ (Үйлс 26:28–31).

11. Бид дэлгэрүүлж байхдаа хэрхэн эвтэй байж болох вэ?

11 Тэгвэл бид дэлгэрүүлэх ажилдаа хэрхэн эвтэй байж болох вэ? Паулын адилаар бид ч мөн маргаанаас зайлсхийх ёстой. Заримдаа бидэнд «Бурхны үгийг ярихдаа айлгүй», итгэл үнэмшлээ хамгаалахдаа зоригтой байх үе гардаг нь үнэн (Филиппой 1:14). Тэглээ ч бидний үндсэн зорилго бол сайн мэдээ дэлгэрүүлэх явдал билээ (Матай 24:14). Хэрэв хүн Бурхны санаа зорилгын тухай үнэнийг мэдвэл хуурамч шашнаас ангижирч, муу үйл хэргээс өөрийгөө цэвэрлэнэ. Иймээс, бид боломжийн хэрээр өөрсдийгөө болон сонсогчдыг маань нэгтгэх зүйлээр яриагаа эхэлж, тэдний сэтгэлд хүрэх санааг онцолбол сайн. Бид хүнтэй эвтэй харьцаагүйгээс болоод мэдээг маань хүлээн авах байсан хүнийг хөндийрүүлбэл тун харамсалтай хэрэг болно (2 Коринт 6:3).

Ханьтайгаа эвтэй байгтун

12. Бид гэр бүлдээ ямар байдлаар эвийг эрхэмлэж болох вэ?

12 Хүн гэр бүлтэй болохоор «махан биедээ зовлонтой болно» гэж Паул хэлсэн (1 Коринт 7:28). Хүнд элдэв янзын бэрхшээл тохиолддог. Тухайлбал, заримдаа гэр бүлийн хос бие биетэйгээ зөрчилддөг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? Эвээр. Эвийг эрхэмлэдэг хүн аливаа зөрчлийг даамжирахаас нь өмнө зогсоохыг хичээдэг. Яаж? Юуны түрүүнд үг хэлээ захирдаг. Хүн нөгөөдөө ёжилж, доромжилсон үг хэлбэл хэл гэдэг жижигхэн эрхтэн үнэхээр «үхлийн хороор дүүрсэн, амралтгүй бузар эд» болдог (Иаков 3:8). Эвийг эрхэмлэдэг хүн үг хэлээ доромжилж гутаах гэж биш, урамшуулан сэргээх гэж ашигладаг (Сургаалт үгс 12:18).

13, 14. Бид буруу үг хэлж, сэтгэлээ барьж чадахгүй үед яаж эвийг эрхэмлэж болох вэ?

13 Бид төгс бусынхаа гайгаар хэлсэн үгийнхээ хойноос харамсах үе гардаг. Хэрэв тийм тохиолдол гарвал алдаагаа даруй засаж, эвийг эрхэмлэхийг хичээгтүн (Сургаалт үгс 19:11; Колоссай 3:13). «Үгээр мэтгэлцэх» болон «хоосон хэрүүлээс болж ширүүн маргахаас» зайлсхийгээрэй (1 Тимот 6:4, 5, ШЕ). Хэрэг явдлын учрыг олж, ханийнхаа сэтгэлийг ойлгохыг хичээх хэрэгтэй. Хань тань хатуу үг хэлсэн бол мөн тийм үгээр хариу битгий бариарай. «Эелдэг хариулт уур хилэнг зайлуулна» гэдгийг санах хэрэгтэй (Сургаалт үгс 15:1).

14 Сургаалт үгс 17:14-д: «Даамжрахаас нь өмнө хэрүүлийг зогсоогтун» гэж зөвлөснийг санаж явах хэрэгтэй. Байдлыг хурцатгах хэрэггүй. Дараа нь тайвширсан хойноо маргааныг ая зүйгээр шийдэж болно. Зарим тохиолдолд ахлагч нараасаа тусламж хүсэх нь зүйтэй. Энэ төлөвшсөн ах нар маань туршлагатай бөгөөд биднийг ойлгох чадвартай болохоор гэр бүлд гарсан бэрхшээлийг шийдэхэд тусалж чадна (Исаиа 32:1, 2).

Хурлынхантайгаа эвтэй байгтун

15. Иаковын бичсэнээр зарим христиан ямар муу чанар хөгжүүлсэн бэ? Ямар учраас тэр чанар «газрынх, амьтных бөгөөд чөтгөрийнх» вэ?

15 Нэгдүгээр зуунд зарим христиан эвийг үл эрхэмлэн, атаач, хувиа хичээдэг байсан нь тун тусгүй. Иаков: «Энэ мэргэн ухаан бол дээрээс бууж ирдэг нь биш, харин газрынх, төрөлхийнх [«амьтных», ШЕ] бөгөөд чөтгөрийнх юм. Учир нь хаана атаархал ба хувиа хичээсэн зорилго оршиж байна, тэнд замбараагүй байдал болоод аливаа бузар юм нь байдаг» гэж хэлсэн (Иаков 3:14–16). «Хувиа хичээсэн» гэж хөрвүүлсэн грек үгийг хувийн хүсэл сонирхлоо хайсан, албан тушаалын хойноос хөөцөлдсөн гэсэн утгатай гэж зарим судлаач үздэг. Иймээс ч Иаков үүнийг «газрынх, амьтных бөгөөд чөтгөрийнх» гэж тодорхойлсон нь тун оножээ. Хүний түүхийг авч үзвэл дэлхийн удирдагчид зэрлэг амьтан мэт бие биетэйгээ тэмцэлдэж, хувиа хичээсэн үйл ажиллагаа явуулж ирсэн. Тэгэхээр хувиа хичээнэ гэдэг нь үнэхээр «газрынх, амьтных» юм. Энэ нь бас «чөтгөрийнх» гэжээ. Энэхүү хөнөөлтэй чанарыг Ехова Бурхны эсрэг тэрслэн, Сатан ба чөтгөрүүдийн удирдагч болсон, эрх мэдлийн хойноос үхэж байсан тэр тэнгэр элч өөрөө анх илэрхийлсэн билээ.

16. Нэгдүгээр зууны зарим христиан Сатаных шиг чанар хэрхэн илэрхийлсэн бэ?

16 Иаков христиануудад хувиа хичээхийн эсрэг байхыг уриалсан нь энэ чанар эв эеийн эсрэг нөлөөтэйгөөс юм. Тэрээр: «Та нарын дундах дайн хаанаас, та нарын дундах тэмцэл хаанаас үүдэлтэй вэ? Эдгээр нь та нарын эрхтнүүдэд зөрчилдөж буй махан биеийн таашаалыг тачаадан хүсэхээс эх үндэстэй биш үү?» гэж бичсэн (Иаков 4:1, ШЕ). Энд бичсэн «махан биеийн таашаалыг тачаадан хүсэх» гэдэг нь эд баялаг, алдар цуу, эрх мэдэл хийгээд нөлөө бүхий болох гэж шунахайран тачаадан хүсэхийг илэрхийлдэг байна. Есүсийн жинхэнэ дагалдагчдадаа хэлж байснаар зарим хүн «өчүүхэн» байхын оронд Сатаны адил хурлын дотор бүхний өмнө байх гэж илт улайрдаг (Лук 9:48). Энэ чанар хурлын доторх эв эеийг үгүй хийдэг.

17. Өнөөгийн христианууд хурлынхантайгаа хэрхэн эвтэй байдаг вэ?

17 Өнөөдөр бид эд баялагт улайрах, бусдад атаархах, амин хувиа хичээх зэрэг хандлагыг бас эсэргүүцэх ёстой. Хэрэв бид жинхэнэ эвийг эрхэмлэгч мөн юм бол хурлын бусад гишүүн тодорхой салбарт биднээс илүү чадварлаг байлаа ч үүнд эмзэглэн, бусдад тэдний жинхэнэ санаа сэдлийн талаар эргэлзээ төрүүлж, нэр хүндийг нь унагах ёсгүй ээ. Хэрэв хэн нэг нь ямар нэг онцгой авъяастай бол өөрийгөө бусдаас дөвийлгөх гэж авъяасаа гаргадаггүй. Мөн хурал хөгжин дэвжиж байгаа нь зөвхөн бидний гоц чадвар, эрдэм ухааны ач юм гэж үздэггүй. Харин тэгж үзвэл хагарал гарахаас бус эв эе зузаарахгүй ээ. Эвийг эрхэмлэдэг хүн авъяасаараа гайхуулах биш, харин ч итгэл нэгтнүүддээ үйлчилж, Еховаг алдаршуулахад авъяасаа даруухнаар ашигладаг. Эцсийн эцэст жинхэнэ христиануудын бусдаас ялгарах шинж бол хайр болохоос, авъяас биш гэдгийг тэд ойлгодог (Иохан 13:35; 1 Коринт 13:1–3).

«Эв эеийг харгалзагчийг чинь болгоно»

18. Ахлагч нар өөр хоорондоо хэрхэн эвийг эрхэмлэдэг вэ?

18 Хурлын ахлагч нар эвийг эрхэмлэхэд тэргүүн эгнээнд явдаг. Ехова ард түмнийхээ тухай ийн зөгнөсөн. «Би эв эеийг харгалзагчийг чинь болгож, үнэн зөвийг даалгавар өгөгч чинь болгоно» (Исаиа 60:17, ШЕ). Энэ зөгнөлийн үгийн дагуу христиан хоньчин хүмүүс өөр хоорондоо болоод сүрэг дотроо эвийг эрхэмлэхийн тулд их чармайдаг. Ахлагч нар «дээрээс ирэгч» амар тайван хийгээд хэрсүү «мэргэн ухааныг» илэрхийлж, бие биетэйгээ эвтэй байдаг (Иаков 3:17). Ахлагч нар нийгмийн янз бүрийн давхаргаас гаралтай, хуримтлуулсан туршлага нь адилгүй байдаг болохоор заримдаа нэг асуудалд өөр өөрөөр ханддаг. Үүнээс болоод тэднийг эвийг эрхэмлэдэггүй гэж үзэж болох уу? Хэрэв тэд тийм үед ч гэсэн биеэ зөв авч явдаг бол тэгж үзэх хэрэггүй. Эвийг эрхэмлэгчид үзэл бодлоо даруухан илэрхийлээд, бусдынхаа үгийг хүндэтгэн сонсдог. Эвийг эрхэмлэгч хүн өөрийн бодлыг тулгахын оронд өөр ахлагчийн саналыг сайтар эргэцүүлэн боддог. Хэрэв Библийн нэг ч зарчимтай зөрчилдөхгүй бол янз бүрийн үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг. Бусдын санал өөрийнхөөс нь өөр байсан ч эвийг эрхэмлэгч хүн олонхийн саналыг дэмжиж буулт хийдэг. Ингэж тэрээр өөрийн хэрсүү болохыг харуулдаг (1 Тимот 3:2, 3). Эвийг эрхэмлэх нь өөрийнхөөрөө зүтгэхээс чухал гэдгийг туршлагатай харгалзагч нар мэддэг.

19. Ахлагч нар хурлынхантайгаа хэрхэн эвтэй байдаг вэ?

19 Ахлагч нар сүргийнхээ гишүүдийг дэмжиж, үйл хэргийг нь үндэсгүйгээр үл шүүмжлэн, эвийг эрхэмлэдэг. Зарим хүнийг засаж залруулах хэрэг хааяа гардаг нь үнэн (Галат 6:1). Гэхдээ христиан харгалзагч нар дэг журам сахиулахаас илүүгээр бусдыгаа байнга магтан сайшаадаг. Хайр халамжаар дүүрэн ахлагч нар маань бусдын сайныг олж харахыг чармайдаг. Харгалзагч нар итгэл нэгтнүүдийнхээ нөр их хөдөлмөрийг үнэлэн хүндэтгэж, чадах бүхнээ хийдэг гэдэгт итгэлтэй байдаг (2 Коринт 2:3, 4).

20. Эвийг эрхэмлэдэг хүн бүр хуралдаа хувь нэмрээ хэрхэн оруулдаг вэ?

20 Иймд бид ханьтайгаа ч, хурал дотроо ч, итгэл үнэмшлийг маань хуваалцдаггүй хүнтэй ч харьцахдаа эвийг эрхэмлэх учиртай. Хэрэв бид эвийг хичээнгүйлэн эрхэмлэх аваас хурлынхаа сайн сайханд хувь нэмрээ оруулна. Үүний зэрэгцээ бид олон талаар бэхжиж, хамгаалагдана. Энэ тухай дараагийн өгүүллээс үзье.

Та санаж байна уу?

• Эвийг эрхэмлэнэ гэдэг юу гэсэн үг вэ?

• Гэрч биш хүмүүстэй харьцахдаа бид хэрхэн эвтэй байж болох вэ?

• Ханьтайгаа эвийг эрхэмлэх зарим арга юу вэ?

• Ахлагч нар хурлынхаа эв эед хэрхэн хувь нэмэр оруулдаг вэ?

[Догол мөрийн асуулт]