Skip to content

Гарчиг руу орох

Та Еховагийн ивээл хишгийг хүртэх үү?

Та Еховагийн ивээл хишгийг хүртэх үү?

Та Еховагийн ивээл хишгийг хүртэх үү?

«Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байвал эдгээр бүх ерөөл [«ивээл хишиг», ШЕ] чам дээр бууж, чамд хүрнэ» (ДЭД ХУУЛЬ 28:2).

1. Израильчуудын ивээл хишиг хүртэх, шийтгэл хүлээх нь юунаас шалтгаалж байсан бэ?

 ИЗРАИЛЬЧУУД цөлд 40 жил хэрэн тэнүүчилснийхээ эцэст Моабын тал хөндийд хуарагнан буугаад байлаа. Амласан газар өмнөхөн нь байв. Мосе тэр үед «Дэд хууль» номыг бичиж дуусгав. Энэ номд израильчууд ивээл хишиг хүртсэн болон шийтгэл хүлээсэн тухай бичсэн байдаг. Хэрэв израильчууд «ЭЗЭНд [захирагдан] дуулгавартай байвал» тэдэнд «ивээл хишиг хүрэх» байв. Ехова тэднийг «эрхэм нандин ард түмнээ» хэмээн хайрлаж, тэдний төлөө хүч чадлаа гаргахыг хүсэж байлаа. Харин тэд түүнийг сонсохгүй бол шийтгүүлэх байв (Дэд хууль 8:10–14; 26:18; 28:2, 15).

2. Дэд хууль 28:2-т байдаг «дуулгавартай байх», «хүрэх» гэдэг еврей хэлний үйл үг ямар утгатай вэ?

2 Дэд хууль 28:2-т байгаа «дуулгавартай байх» гэдэг еврей хэлний үйл үг нь үйл явдал үргэлжилж байгааг заадаг ажээ. Иймээс Еховагийн ард түмэн түүнд цаг ямагт дуулгавартай байх ёстой байлаа. Тэгсэн цагт л тэд Бурхны ивээл хишгийг хүртэх байв. «Хүрэх» гэж хөрвүүлсэн еврей хэлний үйл үг нь ан гөрөөтэй холбоотой «барьж авах», «хүрч очих» гэдэг үгтэй утга дүйдэг байна.

3. Бид хэрхэн Иошуа шиг байж болох вэ? Ямар учраас энэ нь амин чухал вэ?

3 Израилийн удирдагч Иошуа Еховад дуулгавартай байж ивээл хишиг хүртсэн билээ. Иошуа: «Хэнд үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрсөддөө сонго. [...] Харин би болон манай гэрийнхэн, бид ЭЗЭНд [«Еховад», ШЕ] үйлчилнэ» гэж хэлэхэд хүмүүс: «Өөр бурхдад үйлчлэхээр ЭЗЭНийг орхих нь биднээс холуур байг» гэж хэлсэн (Иошуа 24:15, 16). Иошуа ийн зөв санаатай байсан болохоор үе тэнгийнхэн дундаасаа Амласан газрыг үзэх хувьтай цөөхөн хүний нэг болсон юм. Харин эдүгээ бид илүү сайн Амласан газар болох диваажин дэлхийн босгон дээр тулж ирчихээд байна. Бурхны сайшаалыг хүлээсэн хүмүүс Диваажинд, Иошуагийн хүртсэн ивээл хишгээс хавьгүй илүү ивээл хишгийг арвин ихээр хүртнэ. Та ч гэсэн тийм ивээл хишиг хүртэх үү? Хэрэв та Еховад дуулгавартай байвал ивээл хишиг хүртнэ. Харин ийнхүү дуулгавартай байхын тулд эртний израильчуудын болон зарим нэг хүний сургамжтай жишээг авч үзье (Ром 15:4).

Ивээл хишиг үү, шийтгэл үү?

4. Соломоны залбиралд Бурхан хэрхэн хариулсан бэ? Ийм ивээл хишгийг бид яаж авч үзэх ёстой вэ?

4 Соломоны хаанчилж байсан үеийн ихэнхэд израильчууд Еховагийн ивээл хишгийг арвин ихээр хүртэж байлаа (Хаадын дээд 4:25). Соломон Бурхнаас эд баялаг гуйгаагүй боловч маш баян болж, үүгээрээ их алдаршжээ. Харин ч Соломон хаан идэр залуу, гэнэн туршлагагүй байхдаа сайн мууг ухааран ялгах чадвартай болгохыг Еховагаас гуйсан билээ. Ийн гуйсныг нь Бурхан ихэд таалж, түүнийг мэргэн ухаан, ойлгох чадвараар ивээсэн юм. Үүний ачаар Соломон сайн мууг зөв ялган, хүмүүсийг шударга шүүдэг байв. Түүнчлэн Бурхан түүнд эд баялаг, алдар суу хайрлаж, тэрээр залуу байхдаа ч сүнслэг эд баялгийн үнэ цэнийг ойлгодог байжээ (Хаадын дээд 3:9–13). Бид өнөөдөр эд баялгаараа алдартай биш ч гэлээ сүнслэг баялаг өгч, ивээж байдагт нь Еховад талархах үндэс бий!

5. Израиль болон Иудейн хүмүүс Еховад дуулгаваргүй болсноосоо болж юу амссан бэ?

5 Израильчууд Еховагийн ивээл хишгийг ойшоон үзэхээ больжээ. Учир нь тэд Еховад дуулгаваргүй болсны гайгаар урьдаас зөгнөсний дагуу шийтгэл хүлээсэн. Үүний балгаар Израилийн болон Иудейн хаант улсыг дайснууд нь эзлэн авч, цөлөв (Дэд хууль 28:36; Хаадын дэд 17:22, 23; Шастирын дэд 36:17–20). Еховад дуулгавартай байвал л ивээл хишиг хүртнэ гэдгийг Бурхны ард түмэн энэ мэт зовлон туулахдаа ойлгосон уу? МЭӨ 537 онд эх нутагтаа эргэн ирсэн иудейчүүдийн үлдэгдэл «мэргэн зүрхтэй» болсноо харуулах боломжтой болж, Бурханд дуулгавартай байхын чухлыг ухаарчээ (Дуулал 90:12).

6. а) Ехова ямар учраас Хаггаи Зехариа нарыг зөнч болгон ард түмэндээ илгээсэн бэ? б) Бурхан Хаггаигаар дамжуулан ямар санаа хэлсэн бэ?

6 Нутагтаа буцаж ирсэн иудейчүүд тахилын ширээ босгон, Иерусалимын сүмийг барьж эхлэв. Гэвч дайснууд нь тэднийг эрс эсэргүүцэхэд урам зориг нь мохож, ажлаа зогсоожээ (Езра 3:1–3, 10; 4:1–4, 23, 24). Тэрчлэн амьдрал ахуйгаа тохьтой болгох гэж хэт улайрах болов. Тиймээс Бурхан цэвэр шүтлэгийг сэргээх гэсэн ард түмнийхээ урмыг бадраах гэж зөнч Хаггаи Зехариа нарыг илгээсэн. Ехова Хаггаигаар дамжуулан: «Энэ [шүтлэгийн] өргөө эзгүйрэн хоосроод байхад гоёмсог гэртээ суух нь та нарын хувьд цаг нь мөн гэж үү? [...] Өөрсдийн зам мөрөө хянагтун! Та нар ихийг тариалсан боловч ургац нь бага байна. Та нар иддэг боловч цаддаггүй. [...] Хөлсний ажилчин нь цоорхой түрийвчид хөлсөө хийдэг» гэж хэлсэн (Хаггаи 1:4–6). Эд баялгийн хойноос хөөцөлдөн сүнслэг эрх ашгийг золиосолбол Еховагийн ивээлийг хүртэхгүй (Лук 12:15–21).

7. Ехова иудейчүүдэд ямар учраас «өөрсдийн зам мөрөө хянагтун!» гэж хэлсэн бэ?

7 Иудейчүүд өдөр тутмын аар саар явдалд автаад, эсэргүүцэлтэй тулгарсан ч Бурханд дуулгавартай л байх аваас тэрээр хур бороо оруулж, элбэг баян улирал хайрлаж ивээнэ гэдгийг умартжээ (Хаггаи 1:9–11). Тийм ч учраас: «Өөрсдийн зам мөрөө хянагтун!» хэмээн хэлсэн нь үнэхээр зөв байлаа (Хаггаи 1:7). Өөрөөр хэлбэл, Ехова: «Талбай дээрх та нарын үр ашиггүй ажил болон намайг шүтэх өргөө эзгүйрэн хоосорсон нь хоорондоо холбоотой болохыг бодогтун!» гэж хэлсэн ажээ. Эцэст нь Еховагийн зөнчдийн онгодоор хөтлүүлэн хэлсэн үг хүмүүсийн зүрхэнд хүрч, сүм сэргээн барих ажлаа ахин өрнүүлэн, МЭӨ 515 онд бүр мөсөн барьж дуусгав.

8. Малахийн үед Ехова иудейчүүдэд юу уриалсан бэ? Яагаад?

8 Хожим зөнч Малахийн үед иудейчүүд сүнслэг талаар дахин суларч, тэр ч бүү хэл Еховад тахил өргөхдөө шаардлага хангахгүй амьтан авчирдаг болов (Малахи 1:6–8). Иймээс Ехова тэднийг агуулахад бүх аравны нэгээ авчирж, өөрсдийнх нь төлөө тэнгэрийн цонх нээн, ивээл хишиг хальтал асгах эсэхийг нь үзэхийг уриалсан (Малахи 3:10). Дуулгавартай байх аваас Бурхны элбэг дэлбэгээр хангах байсан тэр бүхнийг өөрийн хүчээр олж авах гэж иудейчүүд яасан их мунхаглаа вэ? (Шастирын дэд 31:10).

9. Библид гардаг ямар гурван хүний амьдралыг бид авч үзэх вэ?

9 Библид израиль үндэстний түүхээс гадна Еховад дуулгавартай байсан эсэхээсээ болоод ивээл хишиг хүртсэн, эсвэл шийтгэл хүлээсэн хүмүүсийн тухай ч өгүүлдэг. Ингээд бүгдээрээ Боаз Набал Ханна нарын жишээг авч үзэн, бидэнд ямар сургамжтайг мэдэж авъя. Харин үүний өмнө эхлээд «Рут» ном, 1 Самуел 1:1–2:21 мөн 1 Самуел 25:2–42-ыг уншвал зүйтэй.

Боаз Бурханд дуулгавартай байсан нь

10. Боаз Набал хоёр юугаараа төстэй байсан бэ?

10 Боаз Набал хоёр нэг үеийнхэн биш ч гэлээ тэдэнд адил төстэй юм байжээ. Жишээлбэл: Тэр хоёр Иудагийн нутагт амьдардаг байв. Тэд эзэмшил нутагтай чинээлэг улс байсан. Тэгээд ч бусдын тус дэм шаардлагатай хүмүүст хайрын сайхан сэтгэлээр туслах боломж хоёуланд нь гарчээ. Гэвч эндээс л тэр хоёр бие биеэсээ өөр болох нь харагдана.

11. Боаз Еховад дуулгавартайгаа хэрхэн харуулсан бэ?

11 Боаз Израилийг шүүгч удирддаг байсан тэр үед амьдардаг байв. Тэрээр бусдыг хүндэтгэдэг байсан бөгөөд ажилчид нь ч түүнийг мөн их хүндэлдэг байв (Рут 2:4). Боаз тариа хураахдаа талбайдаа хаягдал тариагаа зовж зүдэрсэн, үгээгүй ядуучуудад заавал үлдээж, Мосегийн хуулийг сахьдаг байжээ (Левит 19:9, 10). Боаз, Рут Наоми хоёрын тухай олж сонсоод, мөн хөгшин настай хадам эхээ тэжээх гэж Рутын чармайж байгааг хараад юу хийсэн бэ? Тэрээр Рутыг харгалзан үзэж, талбайгаас хаягдсан түрүү түүхэд нь хориглохгүй байхыг зарц нартаа сануулав. Боаз үг яриагаараа ч үйл хэргээрээ ч Еховад дуулгавартай, сүнслэг асуудлыг амьдралынхаа тэргүүн зэрэгт тавьдаг хүн гэдгээ харуулсан. Иймээс ч тэрээр Бурхны тааллыг олж, ивээл хишиг хүртсэн (Левит 19:18; Рут 2:5–16).

12, 13. а) Хөрөнгө худалдан авах тухай Еховагийн хуулийг хүндэтгэн биелүүлдгээ Боаз хэрхэн харуулсан бэ? б) Боаз Бурхнаас ямар ивээл хишиг хүртсэн бэ?

12 Боаз Еховад дуулгавартай байсны хамгийн тод илрэл бол тэрээр хувиа бодолгүй, хөрөнгө худалдан авах зарчимтай холбоотой Бурхны хуулийг сахьсан явдал юм. Тэрээр Наомийн нөхөр буюу ойрын хамаатан Елимелехийнхээ өв хөрөнгийг Елимелехийн удмынханд үлдээх гэж чадах бүхнээ хийсэн. «Нөхрийн ах дүүтэй гэрлэх» зарчмаар бэлэвсэн эмэгтэй нас барсан нөхрийнхөө аль нэг ойрын хамаатантай гэрлэх ёстой бөгөөд тэднээс төрсөн хүүхэд нь хөрөнгө өвлөх эрхтэй болдог байжээ (Дэд хууль 25:5–10; Левит 25:47–49). Наоми нас дээр гарч, хүүхэд төрүүлэх чадваргүй болсон болохоор Рут оронд нь гэрлэх болжээ. Гэтэл Елимелехийн ойрын садангийн хүн түүнтэй гэрлэхээс татгалзахад Боаз түүнийг гэргийгээ болгов. Тэр хоёрын хүү Обедийг Наомийн үр удам хэмээн тооцож, Елимелехийн хөрөнгийг хуулийн дагуу өвлөх болов (Рут 2:19, 20; 4:1, 6, 9, 13–16).

13 Боаз амиа бодолгүй, Бурхны хуулийг биелүүлсэн тул элбэг дэлбэг ивээл хишиг хүртсэн. Тэдний хүү Обед, мөн Боаз ч гэсэн эхнэр Рутийнхээ хамт Есүс Христийн дээд өвөг болох завшаантай болжээ (Рут 2:12; 4:13, 21, 22; Матай 1:1, 5, 6). Боазын өгөөмөр үйл хэргээс үзвэл Бурхны шаардлагыг биелүүлэн, бусдад хайрын сайхан сэтгэлээс ханддаг хүн л ивээл хишиг хүртдэг гэдгийг бид ойлголоо.

Набал дуулгаваргүй байсан нь

14. Набал ямар хүн байсан бэ?

14 Набал Еховад дуулгаваргүй байсан болохоор Боазаас ялгаатай байв. Тэрээр «Хөршөө өөрийн адил хайрла» гэсэн Еховагийн хуулийг зөрчсөн (Левит 19:18). Набал сүнслэг зүйлийг анхаардаггүй хүн байв. Тэрээр «зөрүүд муухай зантай» байсан бөгөөд зарц нар нь хүртэл түүнийг «өөдгүй хүн» гэж үздэг байжээ. Түүний нэр нь хүртэл «мунхаг» гэсэн утгатай байсан нь яг тохирсон гэлтэй (1 Самуел 25:3, 17, 25). Еховагийн тосолсон хүн Давидад туслан, сайхан сэтгэл гаргах боломж олдоод байхад Набал юу хийсэн бэ? (1 Самуел 16:13).

15. Набал Давидад хэрхэн хандсан бэ? Абигаил нөхрөөсөө ямар ялгаатай байсан бэ?

15 Давид эрчүүдийнхээ хамт Набалын хонин сүргийн ойр буудаллаж байхдаа хөлс мөнгө нэхэлгүйгээр хонь малыг нь дээрэмчдээс хамгаалсан билээ. Тийм ч учраас Набалын нэг малчин: «Өдөр ч шөнө ч тэдгээр хүмүүс бидэнд хана цайз мэт болж байв» гэж хэлсэн нь бий. Гэтэл Давид Набал уруу элч илгээн, хоол хүнс гуйхад тэрээр «тэднийг хараан зүхэж» гар хоосон буцаажээ (1 Самуел 25:2–16). Үүнд нь Давид ихэд уурлан, Набал болон түүний эрчүүдийг алахаар зэхэж байтал Набалын эхнэр Абигаил хоол хүнс аван, тэр даруй иржээ. Абигаилын ийнхүү үйлдсэний ачаар олон хүний амь аврагдаж, Давид ч хүний цус урсгах буруу үйлээс ангид үлдсэн юм. Гэсэн ч Набалын харгис хатуу, хахир харамч зан нь үнэхээр дэндсэн байлаа. Арваад хоногийн дараа Ехова «Набалыг цохьсонд тэр үхэв» (1 Самуел 25:18–38).

16. Бид хэрхэн Боазыг дуурайн, Набалын зан авирыг хэрэгсэхгүй байж болох вэ?

16 Боаз Набал хоёрын хооронд ёстой л өдөр шөнө шиг ялгаа байна! Бид Набалынх шиг амиа бодсон, харгис хатуу байхаас зайлсхийж, харин Боазын сайхан сэтгэл, өгөөмөр занг дуурайх хэрэгтэй (Еврей 13:16). Үүний тулд «Бид боломж завшаантай байх үедээ бүх хүмүүст, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэцгээе» гэсэн элч Паулын зөвлөгөөг хэрэгжүүлэх учиртай (Галат 6:10). Өнөөдөр Есүсийн «өөр хонинууд» буюу дэлхий дээр амьдрах найдвартай христианууд сайныг үйлдэх хосгүй боломжтой. Тэд, тэнгэрт үхэхгүй мөнх амьдрах найдвартай, Еховагийн тосолсон 144 000-ын үлдэгдэлд сайныг үйлддэг (Иохан 10:16, МБОХ, 1996; 1 Коринт 15:50–53; Илчлэлт 14:1, 4). Хайрын сэтгэлээр ийн сайныг үйлдэхэд Есүс яг өөрт нь тийн хандсан гэж тооцон, улмаар тэдэнд Еховагийн ивээл хишгийг хүртээдэг (Матай 25:34–40; 1 Иохан 3:18).

Ханна бэрхшээлийг давж, ивээл хишиг хүртсэн нь

17. Ханна ямар хэцүү байдалд байсан бэ? Ханна үүндээ хэрхэн хандаж байсан бэ?

17 Мөн Бурхнаас эмээдэг Ханна гэдэг эмэгтэй Бурхны ивээлийг хүртсэн. Тэрээр левит нөхөр Елканагийн хамтаар Ефраимын уулархаг нутагт амьдардаг байв. Тэр үеийн Хуульд зөвшөөрсний дагуу Елкана хоёр эхнэртэй байжээ. Хоёр дахь эхнэрийг нь Пенинна гэдэг ажээ. Ханна хүүхэдгүй байсан бөгөөд энэ нь израиль эмэгтэйн хувьд их ичгүүртэй хэрэг байв. Харин Пенинна олон хүүхэд төрүүлжээ (1 Самуел 1:1–3; Шастирын дээд 6:16, 33, 34). Пенинна Ханнаг тайтгаруулж дэмжихийн оронд чулуун зүрх гарган түүнийг уйлуулж, хоол идэх хүсэлгүй болгодог байжээ. «Жил бүр» гэр бүлээрээ Шило дахь Еховагийн өргөө уруу явах бүрд Пенинна ингэдэг байлаа (1 Самуел 1:4–8). Энэ бол Пениннагийн зүгээс тун мөсгүй загнаж, харин Ханнад бэрх дарамт болдог байв! Энэ бүхэнд Ханна Еховаг буруутгадаггүй, мөн нөхрөө Шило уруу явахад гэртээ үлдэж хоцордоггүй байлаа. Мэдээж, эцэст нь тэрээр элбэг ивээл хишиг хүртсэн.

18. Ханна ямар жишээ үзүүүлсэн бэ?

18 Ханна өнөөгийн христиануудад, тэр дундаа бусдын амнаас таагүй үг дуулдаг хүмүүст сайхан жишээ болсон юм. Ийм тохиолдолд бусдаас хөндийрөн тасрах нь тусгүй (Сургаалт үгс 18:1, ШЕ). Ханна зөвхөн дарамтаасаа болоод л Бурхны Үгийг заадаг бөгөөд ард түмэн нь хамтдаа цуглан шүтлэг мөргөлөө үйлддэг тэр газар очих хүслээ бөхөөгөөгүй билээ. Үүний ачаар тэрээр сүнслэг талаараа бат бэх байсан. 1 Самуел 2:1—10-т байдаг залбирлаас нь түүний сүнслэг байдал хичнээн бат байсан нь илэрхий харагддаг *.

19. Сүнслэг зүйлд талархдагаа хэрхэн харуулж болох вэ?

19 Еховагийн орчин цагийн үйлчлэгч бид асарт үйлчилдэггүй маань үнэн билээ. Гэхдээ бид Ханнагийн адилаар сүнслэг зүйлийг эрхэмлэн хүндэтгэдгээ илэрхийлж болно. Тухайлбал, цуглаан, чуулганд тогтмол оролцож, сүнслэг баялгийг нандигнадаг гэдгээ харуулж болно. Иймд энэ боломжийг ашиглан, Еховаг үнэн зөвөөр шүтэхдээ бие биеэ урамшуулцгаая. Ехова бидэнд «айдас түгшүүргүйгээр... Түүний өмнө ариун болоод зөвт байдал дотор Түүнд үйлчлэх» завшаан олгосон шүү дээ! (Лук 1:74, 75; Еврей 10:24, 25).

20, 21. Ханна үнэнч байж, ямар шагнал хүртсэн бэ?

20 Ехова Ханнагийн үнэнч байгааг хараад эцэст нь түүнийг арвин ихээр шагнасан юм. Жил бүр Шило уруу явдаг заншлаараа явж байгаад нэг удаа Ханна нулимс дуслуулан байж Еховад залбиран ам өгсөн. Тэрээр: «Түмэн цэргийн ЭЗЭН минь, хэрэв Та шивэгчнийхээ зовлонг үзэж, намайг санан, шивэгчнээ үл мартан, харин Өөрийн шивэгчиндээ хөвгүүнийг өгвөл, би тэр хөвгүүнийг амьдралынх нь бүх өдрийн туршид ЭЗЭНд өгнө» гэж хэлсэн (1 Самуел 1:9–11). Бурхан түүний гуйхыг сонсоод хүүтэй болгоход Ханна хүүгээ Самуел гэж нэрлэсэн. Ханна хүүгээ хөхнөөс гарахад нь Шилод аваачин, асарт үйлчлүүлэхээр болов (1 Самуел 1:20, 24–28).

21 Ханна Бурхныг хайрладгаа харуулж, Самуелын талаар амласнаа ч биелүүлсэн. Елкана Ханна хоёр хүүгээ Еховагийн асарт үйлчилж байсанд хичнээн их баярлаж, ямар арвин ивээл хишиг хүртсэнийг бодоод үз дээ! Өнөөдөр ч гэсэн бас, хүү охиноо бүрэн цагийн эхлэгч, Бетелийн гэр бүлийн гишүүн болж, эсвэл өөр ямар нэг байдлаар Еховаг алдаршуулж байгаад баярлаж ивээл хишиг хүртдэг христиан эцэг эх олон бий.

Еховад дуулгавартай байгтун!

22, 23. а) Хэрэв бид Еховад цаг ямагт дуулгавартай байвал юунд итгэлтэй байж болох вэ? б) Дараагийн өгүүлэлд юу авч үзэх вэ?

22 Хэрэв бид Еховад ямагт дуулгавартай байх аваас юунд итгэлтэй байж болох вэ? Еховаг чин зүрхнээсээ хайрлан, түүнд өөрийгөө зориулснаа бүх зүйлээр харуулбал бид сүнслэг талаараа баян болно. Ингэж хичээхдээ бид ноцтой бэрхшээлтэй тулгардаг ч Еховагийн ивээл хишгийг заавал хүртнэ. Тэгэхдээ бүр бодож санаж байснаасаа хавьгүй ихийг хүртнэ! (Дуулал 37:4 Еврей 6:10).

23 Бурхан ард түмнээ ирээдүйд элбэг арвин ивээнэ. «Үй олон хүн» Еховад захирагдан дуулгавартай байсныхаа төлөө «үлэмж их зовлонг» эсэн мэнд даван туулж, Бурхны шинэ ертөнцөд амьдрахын баяр жаргалыг эдэлнэ (Илчлэлт 7:9–14; 2 Петр 3:13). Тэр цагт Ехова ард түмнийхээ зөв хүслийг ханатал биелүүлнэ (Дуулал 145:16). Харин бид дараагийн өгүүлэлдээ Еховад дуулгавартай хүмүүс өнөөдөр ч гэсэн хэрхэн «[дээрээс бууж ирдэг] аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг» аван, ивээл хишиг хүртдэгийг мэдэх болно (Иаков 1:17).

[Зүүлт]

^ Ханнагийн хэлсэн үг зарим талаараа онгон бүсгүй Мариагийн, Мессиагийн эх болох нь гэдгээ мэдээд хэлсэн үгтэй төстэй байдаг (Лук 1:46–55).

Та санаж байна уу?

• Израилийн түүх Бурхны ивээл хишгийн тухай бидэнд юу мэдүүлсэн бэ?

• Боаз Набал хоёр ямар ялгаатай байсан бэ?

• Бид Ханнаг хэрхэн дуурайж болох вэ?

• Бид ямар учраас Еховад цаг ямагт дуулгавартай байх хэрэгтэй вэ?

[Догол мөрийн асуулт]