Христийн амар тайван таны зүрхэнд хэрхэн ноёрхож болох вэ?
Христийн амар тайван таны зүрхэнд хэрхэн ноёрхож болох вэ?
«Христийн амар тайван нь та нарын зүрхэнд ноёрхох болтугай. Үүний тулд л та нар нэгэн бие дотор дуудагдсан юм» (КОЛОССАЙ 3:15)
1, 2. «Христийн амар тайван» христиан хүний зүрхэнд ноёрхох гэдэг нь юу гэсэн үг вэ?
«НОЁРХОХ» гэдэг үг олон хүнд аягүй сэтгэл төрүүлдэг. Учир нь энэ үгийг сонсохоор хүчээр тулгах, захиран тушаах гэсэн бодол санаанд буудаг. Паул Колоссайн христиануудад «Христийн амар тайван нь та нарын зүрхэнд ноёрхох болтугай» гэж уриалсан нь зарим хүнд ухаалаг бус мэт санагдаж магад (Колоссай 3:15). Бид эрх чөлөөт хүмүүс биш гэж үү? Хэн нэгэн эсвэл ямар нэг юм бидний зүрхэнд ноёрхох ёстой гэж үү?
2 Паул Колоссайн христиануудыг эрх чөлөөгөө үгүйсгэ гэж хэлсэн юм бишээ. Колоссай 3:15-д «ноёрхох» гэж орчуулсан грек үг нь тухайн үеийн спортын уралдаан тэмцээнд шагнал гардуулдаг байсан шүүгчийг заадаг үг ажээ. Тэмцээнд оролцож буй тамирчид тэмцээний дүрмийн дагуу эрх чөлөө эдэлдэг ч эцэст нь хэн дүрмээ сайн биелүүлж, хожсон болохыг шүүгч л шийддэг байсан. Үүний адилаар бидэнд ч гэсэн амьдралдаа шийдвэр гаргах эрх чөлөө байдаг. Харин ийнхүү шийдэхэд «Христийн амар тайван» бидний зүрхэнд шүүгч буюу Эдгар Гүүдспийдийн орчуулгаар «удирдах зарчим» байх ёстой.
3. «Христийн амар тайван» гэж юу вэ?
3 «Христийн амар тайван» гэж юу вэ? Энэ бол сэтгэлийн тайван амгалан байдал юм. Бид Есүсийн дагалдагч болж, Ехова Бурхан болон түүний Хүү биднийг хайрлан халамжилж, сайшаан дэмждэг гэдгийг мэдээд ийн сэтгэлээрээ амар тайван болсон билээ. Есүс дагалдагчдаа орхин одохынхоо өмнө: «Би та нарт амар тайвнаа өгнө. [...] Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай» гэж хэлсэн (Иохан 14:27, ШЕ). Христийн биеийн тослогдсон эрхтнүүд бараг 2 000 жил энэхүү амар тайвныг эдэлж байгаа бөгөөд эдүгээ тэдний хамтрагч «өөр хонинууд» тэр амар тайвныг мөн хуваалцаж байна (Иохан 10:16, МБОХ, 1996). Энэ амар тайван бидний зүрхэнд ноёрхох мэт нөлөөтэй байх учиртай. Бид ноцтой бэрхшээлтэй тулгарахад энэ амар тайван бидэнд тус дэм болно. Өөрөөр хэлбэл бид айдаст автаж, болсон явдалд хэт зовохгүй болох юм. Бид шударга бус явдалтай тулгаран, сэтгэл зовж шаналахдаа, эсвэл хэнд ч хэрэггүй мэт санагдах үед энэ амар тайван хэрхэн туслахыг үзье.
Шударга бус явдалтай тулгарахад
4. а) Есүс шударга бус явдлыг хэрхэн амссан бэ? б) Христианууд шударга бус явдлын золиос болсон ч үүнд хэрхэн ханддаг вэ?
4 «Хүн хүнээ захирснаар хор хөнөөлд хүргэдэг» гэдгийг Соломон хаан анзаарчээ (Номлогчийн үгс 8:9, ШЕ). Энэ үгийн үнэнийг Есүс ч бас мэддэг байсан. Тэрээр тэнгэрт байхдаа хүн хүнээ хэрхэн шударга бусаар ноёлж байгааг харсан. Дэлхий уруу ирээд тэрээр хамгийн шударга бус явдлыг биеэрээ үзсэн. Тэрээр огт нүгэлгүй байсан атал түүнийг Бурхныг доромжилсон хэмээн буруутгаж, гэмт хэрэгтэн мэт алсан (Матай 26:63–66; Марк 15:27). Өнөөдөр ч гэсэн шударга бус явдал газар авсан бөгөөд жинхэнэ христиануудыг «бүх үндэстэн үзэн ядаж», зүй бусаар зовоодог (Матай 24:9). Тэд нацист дэглэмийн бөөнөөр хорих лагерь болон хуучин ЗХУ-ын ГУЛАГ-ийн (хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх анги) аймшигтай харгис явдал, олон нийтийн зүгээс үзүүлсэн хавчлага, худал гүтгэлэг зэргийг «Христийн амар тайвны» ачаар сөрөн, бат зогссон юм. Тэд Есүсийг дуурайдаг. Харин Есүсийн тухай «Тэр зүхэгдэж байхдаа, хариуд нь зүхээгүй. Тэр зовон тарчилж байхдаа заналхийлээгүй, харин шударгаар шүүдэг Нэгэнд Өөрийгөө даатгасаар байлаа» гэж бичсэн байдаг билээ (1 Петр 2:23).
5. Бид хуралд гарсан шударга бус мэт явдлыг сонслоо гэхэд эхлээд юу авч үзэх хэрэгтэй вэ?
5 Шударга бус явдал багахан хэмжээгээр ч ноёлох нь бий. Заримдаа хурлын дотор хэн нэгэнд шударга бус хандсан юм шиг бидэнд санагдаж болох юм. Ингэвэл бид: «Хэн өдөөгдөв, би шатсан байгаагүйсэн билүү?» гэж хэлсэн Паул шиг бодож магадгүй (2 Коринт 11:29). Тэгвэл бид яах вэ? «Энэ үнэхээр шударга бус явдал мөн үү?» гэж өөрсдөөсөө асууж болно. Бид аливаа асуудлын бүх учрыг тэр болгон мэддэггүй. Бүгдийг мэддэг юм шиг загнасан хэн нэгний ярихыг сонссоныхоо дараа бид ийнхүү сүржин хандаж байж болзошгүй юм. «Гэнэн хүн юм бүгдэд итгэдэг» гэж Библид бичсэн нь бас их учиртай (Сургаалт үгс 14:15). Иймээс анхааралтай байх ёстой.
6. Хурал дотор бидэнтэй шударга бусаар харьцсан бол хэрхэн хандах хэрэгтэй вэ?
6 Бид өөрсдөө илт шударга бус явдлын золиос болжээ гээд төсөөлөөд үзье. Энэ тохиолдолд «Христийн амар тайвныг» зүрхэндээ тээдэг хүн хэрхэн хандах ёстой вэ? Бидэнтэй шударга бус харьцсан тэр хүнтэй ярих хэрэгтэй гэж санагдаж болох юм. Тэгээд дараа нь энэ тухай хүн болгонд ярихын хэрэгтэй юү? Ингэхийн оронд тэр асуудлын талаар Еховад залбирч, шударга ёсыг тогтооно гэж найдвал дээргүй юу? (Дуулал 9:10; Сургаалт үгс 3:5). Ингэвэл бид асуудлыг зүрхэндээ тунгаан бясалгаж, тайвширч болох юм (Дуулал 4:4). «Нэг нэгнийгээ хүлцэж, бие биенийгээ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн [«Ехова», ШЕ] уучилсны адил та нар бас уучил» хэмээн Паулын зөвлөсөн нь ихэнх тохиолдолд тус болно (Колоссай 3:13).
7. Бид итгэл нэгтнүүдтэйгээ харьцахдаа үргэлж юуг санаж байх хэрэгтэй вэ?
7 Бид юу ч хийлээ гэсэн нэгэнт болоод өнгөрсөн явдлыг хянах боломжгүй, харин сэтгэлээ барьж болно гэдгийг ямагт санах хэрэгтэй. Болоод өнгөрсөн шударга бус явдалд дүн нуруугүй хандваас энэ нь амар тайванд маань тэр явдлаас ч илүү хор хөнөөл учруулж болзошгүй (Сургаалт үгс 18:14). Үүнээс болоод бүдэрч, шударга ёс тогтлоо гэж үзэх хүртлээ хурлынхнаасаа тусдаа байж болох юм. Еховагийн хуулийг хайрладаг хүнд «бүдрүүлэх зүйл ч» байдаггүй гэж дуулалч бичсэн байдаг (Дуулал 119:165). Хүн болгон хэзээ нэгэн цагт шударга бус явдлыг амсдаг гашуун үнэн бий. Гэлээ ч энэ мэт таагүй явдал Еховад үйлчлэхийг тань хэзээ ч бүү зогсоог. Харин ч «Христийн амар тайван» зүрхэнд тань «ноёрхож» байг.
Сэтгэл зовж шаналахад
8. Санаа сэтгэл шаналгах ямар ямар шалтгаан байдаг вэ? Хэт их санаа зовох ямар уршигтай вэ?
8 «Эцсийн өдрүүдэд» сэтгэл зовж шаналахгүй амьдрах аргагүй болжээ (2 Тимот 3:1). «Амийнхаа төлөө юу идэх билээ гэж бүү санаа зов. Биеийнхээ төлөө юу өмсөх билээ гэж бүү санаа зов» гэж Есүс хэлсэн нь үнэн (Лук 12:22). Гэвч хүн дандаа материаллаг эд баялгаас болж санаа зовдог юм бишээ. Жишээлбэл: Лот Содом хотын «садар самуун явдлаар дарамтлагдсан» (2 Петр 2:7). Мөн Паул бүх хурлын төлөө «зовних дарамтанд байсан» (2 Коринт 11:28). Есүс үхэхийнхээ өмнөхөн их зовж «хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв» (Лук 22:44). Хэн нэг хүний зовж шаналж байгааг сул итгэдгийнх нь баталгаа гэвэл хилс хэрэг болох нь гарцаагүй. Ямар ч гэсэн хэрэв бид урт хугацаагаар хэт их санаа зовбол амар тайван маань үгүй болно. Заримдаа хүн алив асуудалд хэт их зовж, Еховад үйлчлэх үүрэг хариуцлагаа биелүүлж чадахгүй болоход хүрдэг. Библид: «Зүрхэн дэх шаналал хүнийг дарамталдаг» гэж бичсэн байдаг (Сургаалт үгс 12:25). Хэрэв бид санаа зовон шаналж байгаа бол яах хэрэгтэй вэ?
9. Сэтгэлээр шаналахаа болих зарим ямар арга байдаг вэ? Сэтгэл шаналгах ямар шалтгааныг бид арилгаж чадахгүй вэ?
9 Зарим тохиолдолд бид арга хэмжээ авах боломжтой. Жишээлбэл: Эрүүл мэндээсээ болоод санаа зовж байгаа бол (хэдийгээр энэ нь хувийн асуудал мөн ч гэлээ) үүнийг нухацтай авч үзэх нь зөв * (Матай 9:12). Хэрэв бидний өмнө хэт өндөр үүрэг хариуцлага оногдсон бол үүнийгээ бусадтай хуваалцах боломжтой (Египетээс гарсан нь 18:13–23). Гэхдээ мэдээж эцэг эх байх зэрэг үүрэг хариуцлагаа бусадтай хуваалцах боломжгүй нь маргаангүй. Тэгвэл христиан хүний итгэгч биш хань нь эсэргүүцвэл яах вэ? Эсвэл эдийн засгийн маш хүнд нөхцөлд, эсвэл дайн самуунтай улс оронд амьдарч байгаа бол яах вэ? Бид эд юмсын энэ тогтолцоооны үед санаа сэтгэлийг маань түгшээх юм бүхнийг үгүй хийж чадахгүй нь лав. Гэлээ ч бид зүрхэндээ «Христийн амар тайвныг» хадгалах боломжтой. Харин яаж хадгалах вэ?
10. Христиан хүн амар тайвнаа ямар хоёр аргаар хадгалж болох вэ?
10 Бурхны Үг бол биднийг тайвшруулах нэг арга мөн. Давид хаан: «Миний дотор санаа зовсон бодлууд олшироход Таны тайтгарлууд миний сэтгэлийг баясгадаг» гэж бичсэн (Дуулал 94:19). Еховагийн «тайтгарлууд» Библид байдаг. Бурхны онгодоор бичүүлсэн энэхүү номыг байнга судалснаар зүрхэндээ «Христийн амар тайвныг» хадгалж болно. «Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг өмгөөлнө. Зөв шударгыг ганхахыг Тэр хэзээ ч зөвшөөрөхгүй» гэж Библид бичсэн байдаг (Дуулал 55:22). Паул үүнтэй адил санааг илэрхийлэн: «Юунд ч бүү санаа зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурхны амар тайван нь Христ Есүс дотор та нарын зүрх бодлыг тань хамгаална» хэмээн бичжээ (Филиппой 4:6, 7). Тиймээ, чин сэтгэлээсээ байнга залбирвал бид зүрхэндээ амар тайвныг хадгалж чадна.
11. а) Залбирах асуудлаар Есүс яаж сайн жишээ болсон бэ? б) Бид залбиралд хэрхэн хандах ёстой вэ?
11 Есүс энэ талаар бидэнд туйлын сайн жишээ үзүүлсэн билээ. Тэрээр тэнгэрийн Эцэгтээ олон цагаар залбиран ярьсан тохиолдол хэд хэд байдаг (Матай 14:23; Лук 6:12). Хамгийн аймшигтай сорилтыг даван гарахад нь Есүст залбирал тусалсан. Тэрээр алуулахынхаа өмнөх шөнө маш их зовж шаналж байсан. Тэгээд яасан бэ? Есүс «маш шаргуу залбирч байлаа» (Лук 22:44). Тиймээ, Есүс Бурхны Хүү, төгс хүн байсан ч ямагт залбирдаг байлаа. Тэгэхлээр түүний дагалдагч, төгс бус хүмүүс бид залбирах хэвшилтэй болох нь бүр ч чухал! Есүс шавь нартаа «сэтгэл алдрахгүйгээр байнга залбирахыг» сургасан (Лук 18:1). Залбирах гэдэг нь биднийг өөрсдөөс маань илүү мэддэг Нэгэнтэй санаа бодлоо хуваалцан харьцаж байгаа хэрэг юм. Энэ харьцаа нь бодитой бөгөөд амин чухал байх ёстой (Дуулал 103:14). Хэрэв бид зүрхэндээ «Христийн амар тайвныг» хадгалъя гэвэл «тасралтгүй залбирах» хэрэгтэй (1 Тесалоник 5:17).
Хязгаарлагдмал байдлаа давахад
12. Ямар ямар шалтгааны улмаас зарим хүн өөрийгөө Бурханд үйлчлэхэд тохирохгүй гэж үздэг вэ?
12 Ехова өөрт нь үйлчилдэг хүн бүрийг эрхэмлэн үздэг (Хаггай 2:7). Гэвч олон хүн тэр бүр ингэж боддоггүй. Зарим хүн нас дээр гарснаас, гэр бүлийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага ихсэхээр, эсвэл эрүүл мэнд нь базаахгүй болохоор урам хугардаг. Нөгөө зарим нь сайн сайхан гэр бүлд төрж өсөөгүй болохоор өөрийгөө Бурханд үйлчлэх хувьгүй гэж боддог. Өөр бусад нь өмнө нь гаргасан алдаа эндэгдэлдээ шаналж, Ехова тэднийг өршөөх эсэхэд эргэлздэг (Дуулал 51:3). Хэрэв энэ мэт санаа төрдөг бол яах вэ?
13. Өөрийгөө чамладаг хүнийг Библийн ямар зүйл тайтгаруулдаг вэ?
13 Бурхан биднийг хайрладаг гэдгийг «Христийн амар тайван» батлан илэрхийлэх болно. Бид өөрсдийнхөө хийснийг хэзээ ч бусдынхтай харьцуулах хэрэггүй гэж Есүсийн хэлснийг эргэцүүлэн бодож, амар тайвныг зүрхэндээ сэргээн хадгалж болно (Матай 25:14, 15; Марк 12:41–44). Есүс Бурханд үнэнч байхыг онцлон тэмдэглэсэн. Тэрээр: «Эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно» гэж хэлсэн (Матай 24:13). Есүсийг хүмүүс «үзэн ядсан» ч Эцэг нь өөрийг нь хайрладаг гэдэгт тэрээр эргэлздэггүй байв (Исаиа 53:3; Иохан 10:17). Бурхан дагалдагчдыг нь ч бас хайрладаг гэж Есүс хэлсэн (Иохан 14:21). Энэ санааг улам бататган: «Хоёр бор шувууг задгай зоосоор худалддаг биш үү? Эцгийн тань зөвшөөрөлгүйгээр тэдний нэг нь ч газарт унахгүй. Та нарын толгой дээрх ширхэг үсийг чинь хүртэл бүгдийг нь тоолсон байна. Иймээс бүү ай. Та нар олон бор шувуунаас ч илүү үнэтэй» хэмээн хэлсэн (Матай 10:29–31). Ехова биднийг хайрладаг гэдгийг баталсан юутай сэтгэлд дулаан үг вэ!
14. Ехова хүн бүрийг эрхэмлэн үздэг гэдгийг юу баталдаг вэ?
14 Есүс: «Намайг илгээсэн Эцэг хэн нэгийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй» гэж хэлсэн (Иохан 6:44). Нэгэнт Ехова биднийг Есүсийн дагалдагч болгохоор татсан учраас тэр биднийг аврахыг хүсдэг нь гарцаагүй. Есүс шавь нартаа хандан: «Эдгээр багачуудаас хэн нэг нь эрсдэх нь тэнгэрт байгаа Эцгийн тань хүсэл биш юм» гэж хэлсэн (Матай 18:14). Иймээс хэрэв та чин сэтгэлээсээ үйлчилж л байгаа бол хийсэн бүхэндээ сэтгэл хангалуун байж болно (Галат 6:4). Хэрэв та өмнө нь гаргасан алдаанаасаа болоод шаналж байгаа бол Ехова чин сэтгэлээсээ гэмшсэн хүнийг «өгөөмрөөр уучилдаг» гэдэгт итгээрэй (Исаиа 43:25; 55:7). Эсвэл та өөр ямар нэг шалтгаанаар урам хугаран шаналж байвал «ЭЗЭН эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг бөгөөд сүнсээрээ гэмшигчдийг авардаг» гэдгийг бүү мартаарай (Дуулал 34:18).
15. а) Сатан бидний амар тайвныг үгүй хийх гэж хэрхэн оролддог вэ? б) Бид Еховад ямар итгэлтэй байж болох вэ?
15 Сатан таны амар тайвныг үгүй хийх гэж бүхнээс илүү дурладаг. Бидний нүгэлтэй болж, зовлон зүдгүүр эдэлж байгаагийн гол хариуцлагыг Сатан хүлээнэ (Ром 7:21–24). Нэгэнт би төгс бус болохоор Бурхан миний үйлчлэлийг хүлээн авахгүй гэж бодуулахыг Сатан хүсдэг нь эргэлзээгүй. Сэтгэлээр унаж, Сатанд хэзээ ч бүү бууж өг! Тэрээр тийм хорон санаатай гэдгийг санаж, улмаар энэ мэдлэгийнхээ үндсэн дээр эцсээ хүртэл тэвчих шийдвэр төгс байгаарай (2 Коринт 2:11; Ефес 6:11–13). «Бурхан бидний зүрхнээс агуу бөгөөд бүх юмсыг мэддэг» гэдгийг санаарай (1 Иохан 3:20). Ехова бидний зөвхөн бүтэлгүйтэж байгааг бус, мөн бидний санаа бодол, зорилго төлөвлөгөөг харж байдаг. «Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнийг хаяхгүй, Өөрийн өвийг ч орхихгүй» гэж дуулалчийн бичсэн үгийг уншаад тайвширч болно (Дуулал 94:14).
Христийн амар тайвнаар нэгдэцгээе
16. Ямар утгаар бид ганцаараа биш вэ?
16 Бид «нэгэн бие дотор дуудагдсан» болохоор «Христийн амар тайван» бидний зүрхэнд ноёрхож байг гэж Паул бичсэн. Паул нэгдүгээр зууны тослогдсон христиануудыг Христийн биеийн хэсэг байхаар дуудагдсан гэж бичснээр өнөөдрийн тослогдсон үлдэгдэл ч гэсэн Христийн биеийн хэсэг болдог. Тэдний хамтрагч болох «өөр хонинууд» тэдэнтэй нэгдэн Есүс Христ гэдэг «нэг хоньчинтой нэг хонин сүрэг» болдог (Иохан 10:16, МБОХ, 1996). Тэд хамтдаа дэлхий дахины нэг «сүрэг» болдог бөгөөд энэ сүргийн олон сая хүн «Христийн амар тайван» зүрхэнд нь ноёрхож байгаасай гэж хүсдэг. Ганцаараа биш гэдгээ мэдэхээр бидэнд тэвчээртэй байх хүсэл төрдөг. Петр: «Дэлхийд буй ах дүү нар чинь адилхан зовлонг эдэлж байгааг мэдэн түүнийг [Сатаныг] бат итгэлээрээ эсэргүүц» гэж бичсэн (1 Петр 5:9).
17. «Христийн амар тайван» бидний зүрхэнд ноёрхож байх ямар шалтгаан байдаг вэ?
17 Иймээс бид бүгдээрээ Бурхны ариун сүнсний чухал жимс болох амар тайвныг хөгжүүлцгээе (Галат 5:22, 23). Еховагийн өмнө амар тайван дотор болон толбогүй бөгөөд гэм зэмгүй хүн «зөвт байдал оршдог» диваажин дэлхийд мөнх амьдрах шагнал хүртэх юм (2 Петр 3:13, 14). «Христийн амар тайван» бидний зүрхэнд ноёрхож байх үнэхээр олон шалтгаан байдаг!
[Зүүлт]
^ Заримдаа эмнэлгийн тусламж зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн асуудал, тухайлбал, гүнзгий хямрал гэх мэтээс болж сэтгэл зовж мөн сэтгэлийн зовиур улам даамжирдаг.
Та санаж байна уу?
• «Христийн амар тайван» гэж юу вэ?
• Бид шударга бус явдалтай тулгарахад «Христийн амар тайван» бидний зүрхэнд хэрхэн ноёрхож болох вэ?
• Сэтгэлээр зовоход «Христийн амар тайван» яаж тус болдог вэ?
• Бид өөрсдийгөө хэрэггүй мэт үзэхэд «Христийн амар тайван» хэрхэн тайвшруулдаг вэ?
[Догол мөрийн асуулт]