Skip to content

Гарчиг руу орох

Еховад таалагддаг зүрхтэй бологтун

Еховад таалагддаг зүрхтэй бологтун

Еховад таалагддаг зүрхтэй бологтун

«Бурхан, миний дотор цэвэр зүрхийг бүтээж, миний дотор зөв сүнсийг шинэчлээч» (ДУУЛАЛ 51:10).

1, 2. Бид зүрхээ анхаарах хэрэгтэйн учир юу вэ?

 ТЭРЭЭР өндөр нуруутай бөгөөд гаднах байдлаараа нүд булаам хүн байлаа. Зөнч Самуел түүнийг хараад гайхан шагширч, Бурхан Саулын дараагаар Иессийн энэ ууган хүүг л хаанаар сонгох байх гэж боджээ. Гэвч Ехова Самуелд: «Түүний гаднах байдлыг болон нурууны өндрийг бүү харагтун. Би түүнийг үл тоов... Хүн гаднах төрхийг хардаг бол ЭЗЭН зүрхийг хардаг» хэмээн айлджээ. Ехова «Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүн» болох Иессийн отгон хүү Давидыг сонгосон юм (1 Самуел 13:14; 16:7).

2 Хожим, Бурхан хүний зүрхийг уншиж чаддагаа тайлбарлаж: «Би зүрхийг эрэлхийлж, оюун бодлыг шалгадаг нь хүн бүрд замуудынх нь дагуу, үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм» хэмээн хэлсэн (Иеремиа 17:10). Тийм ээ, Ехова «хүмүүний зүрхийг шалгадаг» (Сургаалт үгс 17:3). Гэвч Еховагийн шалгадаг зүрх гэдэг нь юу вэ? Бид яавал түүнд таалагддаг зүрхтэй болж болох вэ?

«Зүрхний нуугдмал хүн»

3, 4. «Зүрх» гэдэг үгийг Библид гол төлөв ямар утгаар хэрэглэдэг вэ? Жишээ дурдана уу.

3 «Зүрх» буюу «зүрх сэтгэл» гэдэг үг Ариун Сударт мянга орчим удаа гардаг. Гэхдээ ихэнх тохиолдолд бэлэгдлийн утгаар хэрэглэгддэг. Жишээлбэл: «Надад зориулан хандив авчир хэмээн Израилийн хөвгүүдэд хэл. Зүрхэндээ хөтлөгддөг хүн бүрээс Надад өгснийг ав» гэж Ехова зөнч Мосед хэлсэн. Тэгээд «зүрх нь хөдөлсөн хүн бүр» хандив өргөжээ (Египетээс гарсан нь 25:2; 35:21). Бэлэгдлийн зүрх нь нэг талаас хөдөлгөгч хүч буюу үйл ажиллагаанд түлхдэг дотоод хүч гэдэг нь ойлгомжтой. Түүнээс гадна бэлэгдлийн зүрх маань бидний сэтгэл хөдлөл, мэдрэмж, хүсэл болон хайрыг тусгадаг. Зүрх нь уур хилэнгээр дүүрэх юм уу айдас хүйдэст автах, эсвэл уйтгар гунигт дарагдах, эсвэл баяр хөөрөөр дүүрч болдог (Дуулал 27:3; 39:3; Иохан 16:22; Ром 9:2). Бас бардам ихэрхэг юм уу номхон даруу байх, эсвэл хайрлан энэрэх юм уу үзэн ядаж чаддаг (Сургаалт үгс 16:5; Матай 11:29; 1 Петр 1:22).

4 Тийнхүү «зүрх» нь гол төлөв хөдөлгөгч хүч болон сэтгэл хөдлөлтэй холбоотой байхад «оюун ухаан» нь сэтгэхүйтэй холбоотой байдаг байна. Энэ хоёр үг Библийн нэг хам сэдэвт аль аль нь байвал чухам тийн ойлгох хэрэгтэй юм (Матай 22:37; Филиппой 4:7). Гэхдээ зүрх болон оюун ухаан нь бие биеэ харилцан үгүйсгэдэг ойлголт биш. Жишээ нь: «Ехова бол жинхэнэ Бурхан гэдгийг та нар зүрхэндээ шингээх ёстой [эсвэл «оюун ухаандаа санах ёстой», зүүлт]» хэмээн Мосе израильчуудад уриалсан (Дэд хууль 4:39, ШЕ). Есүс өөрийнх нь эсрэг хар санаатай нууц төлөвлөгөө боловсруулж байсан хуулийн багш нарт хандан: «Та нар зүрх сэтгэлдээ юунд бузар мууг бодно вэ?» гэж хэлсэн (Матай 9:4). Түүнээс гадна «ухаарал» «мэдлэг» «бодол» зэрэг нь зүрхтэй холбоотой байж болно (Хаадын дээд 3:12; Сургаалт үгс 15:14; Марк 2:6). Тэгэхлээр бэлэгдлийн зүрх гэдэг ойлголтод бидний сэтгэхүй буюу бодол санаа, ойлгох чадвар ордог байна.

5. Бэлэгдлийн зүрх гэдэг нь юу гэсэн үг вэ?

5 Нэгэн лавлах бичигт бэлэгдлийн зүрх бол «хамгийн чухал хэсэг буюу дотоод ертөнц нь учраас хүний бүхий л үйл хэрэг, хүсэл эрмэлзэл, хайр сэтгэл, сэтгэл хөдлөл, дур хүсэл, санаа зорилго, бодол санаа, ойлголт төсөөлөл, мэргэн ухаан, мэдлэг чадвар, итгэл үнэмшил болон бодол, ой ухаан, ухамсраар нь илэрдэг дотор хүн нь мөн бөлгөө» хэмээн тэмдэглэжээ. Бидний дотор хүн буюу «зүрхний нуугдмал хүн» ямар болохыг бэлэгдлийн зүрх харуулдаг (1 Петр 3:4). Ехова чухам үүнийг л харж, шалгаж байдаг. Тийм учраас Давид: «Бурхан, миний дотор цэвэр зүрхийг бүтээж, миний дотор зөв сүнсийг шинэчлээч» хэмээн залбирчээ (Дуулал 51:10). Бид яавал «цэвэр зүрхтэй» болж болох вэ?

Бурхны Үгийг «зүрхэндээ шингээгтүн»

6. Израильчуудыг Моабын талд хуарагнан байх үед Мосе юу гэж уриалсан бэ?

6 Мосе Израилийн хөвгүүдийг Амласан газарт орохын өмнө Моабын талд байхад нь: «Миний өнөөдөр та нарт хатуу тунхагласан үг бүхнийг зүрхэндээ шингээж, хөвгүүддээ тушаан, энэ хуулийн үг бүрийг сахин мөрдүүл» гэж хэлсэн (Дэд хууль 32:46). Израильчууд эдгээр үгийг «онцгой анхаарах» ёстой байлаа («Ноксын орчуулга»). Бурхны тушаалуудыг үр хүүхдэдээ итгүүлэхийн тулд израильчууд түүнийг өөрсдөө сайн мэдэх хэрэгтэй байв (Дэд хууль 6:6–8).

7. Бурхны Үгийг «зүрхэндээ шингээх» гэдэгт юу орох вэ?

7 «Цэвэр зүрхтэй» болохын тулд юуны түрүүнд Бурхны хүсэл таалал болон санаа зорилгын талаар нарийн зөв мэдлэгтэй болох хэрэгтэй. Энэ мэдлэгийн цорын ганц эх булаг бол Бурхны онгод оруулан бичүүлсэн Үг юм (2 Тимот 3:16, 17, ШГ). Гэхдээ хэрэв бид зөвхөн оюун ухаанаа гол болгох аваас Бурханд таалагддаг зүрхтэй болж чадахгүй. Сурч мэдсэн зүйлээ «зүрхэндээ шингээх» буюу «зүрхээрээ авбал» олж авсан мэдлэг маань бидний дотор хүнд нөлөөлж байгаа хэрэг (Дэд хууль 32:46, «An American Translation»). Мэдлэгээ яаж «зүрхэндээ шингээж» авах вэ? Дуулалч Давид: «Би эртний өдрүүдийг санадаг. Би Таны үйлс бүхнийг тунгаадаг. Би Таны гарын үйлсийг нягтлан боддог» хэмээн хэлжээ (Дуулал 143:5).

8. Судлах явцдаа бид ямар ямар асуултыг бодож үзэх хэрэгтэй вэ?

8 Бид ч гэсэн Еховагийн үйлсийн талаар талархалтайгаар эргэцүүлэн бодох буюу «тунгаах» хэрэгтэй. Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэлийг уншихдаа дараах асуулт тавин, бодож үзэх нь зүйтэй. Үүнд: Уншсан зүйлээсээ би Еховагийн талаар юу мэдэв? Энд Еховагийн ямар ямар чанар илэрч байна вэ? Еховагийн дуртай болон дургүй зүйлийн талаар би юу мэдэж авав? Еховагийн дуртай замаар замнасан хүн үзэн яддаг замаар нь замнасан хүнтэй харьцуулбал юунд хүрдэг вэ? Уншсан зүйл мэдэж байсан зүйлтэй минь ямар холбоотой вэ?

9. Бие даан судалж, эргэцүүлэн бодох нь аль хир чухал бэ?

9 32 настай Лиза * гэдэг эмэгтэй тодорхой зорилготой судалж, эргэцүүлэн бодохын ач холбогдлыг үнэлдэг болоход нь юу тусалсныг ийнхүү ярьсан юм. «Би 1994 онд баптисм хүртсэн бөгөөд хоёр жил шахам идэвхтэй үйлчлэгч байлаа. Цуглаандаа тогтмол явж, сар бүр 30—40 цаг дэлгэрүүлэн, итгэл нэгтнүүдтэйгээ байнгын харьцаатай байв. Дараа нь идэвх минь суларч эхэлсэн. Бурхны хуулийг зөрчих хүртлээ дордов. Гэвч би ухаарч, амьдралаа шинээр эхлэхээр шийдсэн. Ехова гэмшсэнийг минь хүлээн авч, өөрт нь эргэж очихыг зөвшөөрсөнд би маш их баярладаг! „Би яагаад ингэтлээ уруудав?“ гэж олон удаа бодсон. Тэр болгондоо би Библийг тодорхой зорилготой судалж, эргэцүүлэн боддоггүй байжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн. Библийн үнэн миний зүрхэнд хүрээгүй байсан ажээ. Одооноос эхлээд бие даан судалж, эргэцүүлэн бодох явдал амьдралын минь чухал хэсэг байх болно». Еховагийн тухай, Хүүгийнх нь болон Үгийнх нь тухай мэдлэгээ нэмэгдүүлэхдээ утга учиртайгаар эргэцүүлэн бодоход цаг зав гаргах нь маш чухал!

10. Бие даан Библи судалж, түүнийгээ эргэцүүлэн бодох цаг зав гаргах нь яагаад тийм чухал бэ?

10 Зав чөлөөгүй болсон өнөө үед Библи судалж, түүнийгээ эргэцүүлэн бодох цаг гаргах амаргүй болжээ. Гэвч христианууд өнөөдөр гайхамшигтай Амласан газар буюу Бурхны зөвт шинэ ертөнцийн босгонд тулж ирчихээд байна (2 Петр 3:13). Тун удахгүй «агуу их Вавилон»-ыг устгах хийгээд Бурхны ард түмэн уруу «Магогийн газрын... Гог» довтлох зэрэг хачин жигтэй үйл явдлууд болно (Илчлэлт 17:1, 2, 5, 15–17; Езекиел 38:1–4, 14–16; Езекиел 39:2). Бидэнтэй тулгарах тэр үйл явдлууд Еховад хир хайртайг маань сорих сорилт байж болох юм. Эдүгээ «зохистой цагийг зольж аван», Бурхны Үгийг «зүрхэндээ шингээх» нь хичнээн чухал байна вэ! (Ефес 5:15, 16, ШЕ).

Бурхны Үгийг судлахад «зүрхээ бэлтгэгтүн»

11. Бидний зүрхийг хөрстэй зүйрлэдгийн учир юу вэ?

11 Бэлэгдлийн зүрхийг үнэний үр суулгадаг хөрстэй зүйрлэж болно (Матай 13:18–23). Сайн ургац авахын тулд хөрсийг эхлээд боловсруулах хэрэгтэй болдог. Түүнтэй адилхан Бурхны Үгэнд илүү дуулгавартай болгохын тулд бид зүрхээ бэлтгэх хэрэгтэй. Тахилч Езра «Еховагийн үгийг судалж, түүнийг биелүүлэхийн тулд... зүрхээ бэлтгэсэн юм» (Езра 7:10, ШЕ). Бид зүрхээ хэрхэн бэлтгэж болох вэ?

12. Библи судлахад зүрхээ хэрхэн бэлтгэж болох вэ?

12 Чин сэтгэлээсээ залбирах нь Бурхны Үгийг судлахад зүрхээ бэлтгэх их сайн арга юм. Еховагийн Гэрчүүд цуглаанаа залбирлаар эхлээд залбирлаар дуусгадаг. Бид ч мөн адил Библиэ бие даан судлах болгондоо чин сэтгэлийн залбирлаар эхэлж, хичээлийнхээ бүхий л явцад чин сэтгэлээсээ сүсэглэн судлавал зохино!

13. Еховад таалагддаг зүрхтэй болохын тулд бид яах ёстой вэ?

13 Урьд нь хүлээн авсан үзэл бодлоосоо татгалзахын тулд бэлэгдлийн зүрхээ бэлтгэх ёстой. Есүсийн үед шашны удирдагчид тэгэхийг хүсээгүй юм (Матай 13:15). Тэгвэл Есүсийн эх Мариа сонсож мэдсэн үнэндээ тулгуурлан гаргасан дүгнэлтээ «зүрхэндээ» нандигнан хадгалсан билээ (Лук 2:19, 51). Мариа Есүсийн үнэнч шавь болсон. Туатэйр хотын Лудиа гэгч эмэгтэй Паулын үгийг сонсож байтал «ярьж буй зүйлсийг анхааруулахын тулд Эзэн [«Ехова», ШЕ] тэр эмэгтэйн зүрхийг нээжээ». Тэр ч бас итгэгч болсон (Үйлс 16:14, 15). Хувийн үзэл бодол буюу өөрийнхөө зөв гэсэн сургаалыг мугуйдлан хамгаалахаас зайлсхийж байя. Харин үүний оронд «Хүн бүр худалч байсан ч Бурхан нь үнэн байг» гэдэг үгийг зөвшөөрцгөөе (Ром 3:4).

14. Цуглаан дээр анхааралтай сонсоход зүрхээ хэрхэн бэлтгэж болох вэ?

14 Цуглаан дээр ярьсан зүйлийг анхааралтай сонсоход зүрхээ бэлтгэх нь их чухал. Цуглааны үед анхаарал сарниулах зүйл гарч болно. Хэрэв бид өдөр болж өнгөрсөн үйл явдлыг бодох юм уу маргаашийн ажил явдалдаа санаа зовон суух аваас цуглаан дээр ярьсан зүйл бидэнд ямар ч нөлөө, ач холбогдолгүй болно. Цуглаанаас ашиг тус олж авъя гэж хүсэж байгаа бол анхааралтай сонсож, ойлгохыг хичээх хэрэгтэй. Цуглаан дээр авч үзэж, тайлбарлаж байгаа Судрын зүйл болгоныг ойлгохыг хичээх нь бидэнд маш их ач тустай бөлгөө! (Нехемиа 8:5–8, 12).

15. Номонд дуулгавартай болоход маань даруу зан хэрхэн тусалдаг вэ?

15 Хөрсийг шаардлагатай бордоогоор бордон үржил шимийг нь сайжруулж болдог шиг өөртөө даруу зан, сүнслэг дур хүсэл, итгэл болоод Бурхнаас эмээж, түүнийг хайрлах хайр зэргийг хөгжүүлэн бэлэгдлийн зүрхнийхээ үржил шимийг сайжруулж болно. Даруу зан зүрхийг зөөлрүүлж, хүнийг номонд илүү дуулгавартай болгодог. Ехова иудейн хаан Иосиад: «Чиний зүрх зөөлөн байж... Миний хэлснийг... сонсоод ЭЗЭНий өмнө чи өөрийгөө даруу болгон... Миний өмнө уйлсан учраас чамайг Би үнэхээр сонслоо» хэмээн хэлсэн (Хаадын дэд 22:19). Иосиагийн зүрх даруу бөгөөд дуулгавартай байлаа. Даруу зан Есүсийн «эрдэм номгүй, боловсролгүй» шавь нарт «мэргэн [бөгөөд] ухаант» хүмүүсийн ойлгож чадаагүй сүнслэг үнэнийг ойлгож, амьдралдаа хэрэглэх боломж олгосон (Үйлс 4:13; Лук 10:21). Еховад таалагддаг зүрхтэй болохыг хичээн, «Бурхныхаа өмнө өөрсдийгөө даруу болгоцгооё» (Езра 8:21).

16. Сүнслэг хоол идэх дур хүслээ хөгжүүлэхийн тулд ямар учраас хүчин зүтгэл гаргах хэрэгтэй вэ?

16 Есүс: «Сүнслэг хэрэгцээгээ мэдэрдэг хүмүүс аз жаргалтай» гэж хэлсэн (Матай 5:3, ШЕ). Хэдийгээр бидэнд сүнслэг байдлаа хөгжүүлэх чадвар заяасан ч энэхүү ёс бус ертөнцийн дарамт хийгээд залхуурах зэргээс болоод дээрх хэрэгцээгээ мэдрэх чадвар маань мохож болох юм (Матай 4:4). Бид сүнслэг хоол идэх зөв дур хүслээ хөгжүүлэх ёстой. Тэр байтугай анх Библи уншиж, бие даан судалж эхэлж байгаа үед төдийлөн таалагдахгүй байлаа ч тэвчээр гаргавал «мэдлэг сэтгэлд [маань] тааламжтай» болж, бид дараагийн судлалаа тэсэж ядан хүлээдэг болно (Сургаалт үгс 2:10, 11).

17. а) Бид яагаад Еховад бүрэн итгэж болох вэ? б) Еховад хэрхэн итгэж сурах вэ?

17 Соломон хаан: «Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ» хэмээн уриалжээ (Сургаалт үгс 3:5). Еховад итгэдэг зүрх түүний гуйсан хийгээд Үгээрээ дамжуулан тушаасан бүхэн зөв гэдгийг мэддэг (Исаиа 48:17). Бид Еховад үг дуугүй бүрэн итгэж болно. Тэрбээр санаа зорилгоо бүгдийг биелүүлэх чадалтай (Исаиа 40:26, 29). Учир нь түүний нэр нь хүртэл «Тэр болгодог» гэсэн утгатай бөгөөд энэ нь Ехова бүх амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэх итгэл төрүүлдэг юм! Ехова бол «Өөрийн бүх замд зөв шударга, Өөрийн бүх үйлсэд энэрэнгүй [«найдвартай», ШЕ]» (Дуулал 145:17). Бүх зүйлд Еховад итгэж сурахын тулд Библиэс үзэж сурсан зүйлээ амьдралдаа хэрэглэж, түүний өгч байгаа ашиг тусын талаар эргэцүүлэн бодох зэргээр «ЭЗЭН сайн гэдгийг амсаж үзэх» хэрэгтэй нь ойлгомжтой (Дуулал 34:8).

18. Бурхнаас эмээх нь Еховагийн удирдлагад дуулгавартай байхад маань хэрхэн тусалдаг вэ?

18 Соломон бидний зүрхийг Бурхны удирдлагад дуулгавартай болгодог өөр нэгэн чанарыг заан: «ЭЗЭНээс эмээж, хорон муугаас эргэ» гэж хэлсэн (Сургаалт үгс 3:7). Ехова эртний израильчуудын тухай: «Тэдний зүрх сэтгэл ийм байж, Надаас эмээн, Миний тушаал бүгдийг үргэлж сахиасай! Тэгээд тэд болон тэдний хөвгүүд үүрд сайн сайхан байх болтугай» гэж хэлсэн (Дэд хууль 5:29). Тийм ээ, Бурхнаас эмээдэг хүмүүс л түүнд дуулгавартай байдаг. Ехова «Өөрт нь бүрэн зориулсан зүрх сэтгэлтэй хүмүүст хүчтэй дэмжлэг» үзүүлэхийн зэрэгцээ дуулгаваргүй хүмүүсийг шийтгэж чадна (Шастирын дэд 16:9). Бүхий л үйл хэрэг, бодол санаа болон сэтгэл хөдлөлөөрөө Бурханд таалагдахгүй юм хийчихвий гэдгээс эмээж, сүжиглэж явцгаая.

«Еховаг бүх зүрхээрээ хайрлагтун»

19. Зүрхээ Еховагийн удирдлагад уриалган болгоход хайр ямар үүрэгтэй вэ?

19 Хайр нь бусад бүх чанараас илүүгээр хүний зүрхийг Еховагийн удирдлагад уриалган болгодог. Бурхныг хайрлах хайраар дүүрсэн зүрх хүнийг Бурханд юу таалагддаг хийгээд юу таалагддаггүйг мэдэх хүсэл эрмэлзэлтэй болгодог (1 Иохан 5:3). Есүс: «Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзнээ [«Еховагаа», ШЕ] хайрла» гэж хэлсэн (Матай 22:37). Бурхны нинжин сэтгэлийн талаар эргэцүүлэн боддог хэвшилтэй болж, Бурхантай цаг үргэлж дотно анд нөхрийн ёсоор ярилцаж, Бурхны тухай хүмүүст дандаа ярин, Бурхныг хайрлах хайраа гүнзгийрүүлцгээе.

20. Яаж Бурханд таалагддаг зүрхтэй болж болох вэ?

20 Эцэст нь дүгнэхэд Бурханд таалагддаг зүрхтэй болохын тулд дотор хүн буюу «зүрхний нуугдмал хүндээ» нөлөөлөх боломжийг Бурхны Үгэнд олгох хэрэгтэй. Ариун Судрыг бие даан утга учиртай судлан, түүнийгээ талархалтайгаар эргэцүүлэн бодох шаардлагатай. Зүрхээ урьд нь хүлээн авсан үзэл бодлоос чөлөөлж, номонд дуулгавартай болгодог чанаруудаар дүүргэн бэлтгэх нь хамгийн сайн арга мөн!. Бид Еховагийн тусламжтайгаар өөрт нь таалагддаг зүрхтэй болж болно. Гэвч бид зүрхээ хамгаалахын тулд юу хийж болох вэ?

[Зүүлт]

^ Нэрийг нь өөрчилсөн.

Та яаж хариулах вэ?

• Еховагийн шалгадаг бэлэгдлийн зүрх гэж юу вэ?

• Бурхны Үгийг «зүрхэндээ шингээх» ямар арга байдаг вэ?

• Бурхны Үгийг судлахад зүрхээ хэрхэн бэлтгэх хэрэгтэй вэ?

• Энэ өгүүллийг судалснаар танд ямар санаа төрж байна вэ?

[Догол мөрийн асуулт]