Skip to content

Гарчиг руу орох

Зүрхээ хамгаалагтун

Зүрхээ хамгаалагтун

Зүрхээ хамгаалагтун

«Юуны түрүүнд зүрхээ хамгаал. Учир нь түүнээс амийн эх булгууд ундран гардаг юм» (СУРГААЛТ ҮГС 4:23).

1, 2. Яагаад бид зүрхээ хамгаалах хэрэгтэй вэ?

 КАРИБЫН тэнгисийн арал дээр амьдардаг нэгэн настай хүн хар салхины дараа хоргодсон газраасаа гарч иржээ. Тэрээр эргэн тойрноо хараад, байшингийнх нь өмнө хэдэн арван жил сүндэрлэн байсан нүсэр том мод тэр салхинаар унасан байхыг анзаарчээ. «Хажуу хавийн бага залуу модод зүгээр үлдсэн байхад яахлаараа ийм юм болдог билээ?» хэмээн тэрээр гайхаж байлаа. Гэвч унасан модны үндэс ёзоорыг хараад үүний учрыг олж болох байв. Тэр модыг гаднаас нь харахад хөдөлшгүй мэт байсан боловч дотроо өмхөрч ялзарсан болохыг хар салхи илчилсэн хэрэг байлаа.

2 Христиан зам дээр бат зогссон гэж санагдаж байсан Бурхны жинхэнэ шүтэгч итгэлийн сорилтыг давж чадалгүй унахад хэчнээн эмгэнэлтэй байдаг билээ. Библид: «Хүний зүрхний хандлага нь бүр багаас нь бузар муу байдаг» хэмээн бичсэн нь үнэн ажээ (Эхлэл 8:21). Энэ нь байнга сонор сэрэмжтэй байхгүй бол хамгийн сайн зүрх хүртэл мууд уруу татагддаг гэсэн үг юм. Нэгэнт төгс бус хүний зүрх аливаа мууд уруу татагдахын эсрэг дархлаагүй болохоор бид «Юуны түрүүнд зүрхээ хамгаал» гэж зөвлөснийг нухацтай авч үзэх хэрэгтэй (Сургаалт үгс 4:23). Иймээс бид бэлэгдлийн зүрхээ хэрхэн хамгаалж болох вэ?

Байнгын хяналт зайлшгүй хэрэгтэй

3, 4. а) Зүрхний үйл ажиллагаатай холбоотой ямар ямар асуулт гарч болох вэ? б) Бэлэгдлийн зүрхээ шалгахад маань юу тус болох вэ?

3 Хэрэв та эмчид биеэ үзүүлэхээр очвол эмч таны зүрхний үйл ажиллагааг шалгах байх. Таны биеийн ерөнхий байдал, тэр дундаа зүрхний үйл ажиллагаа таныг хангалттай шим тэжээл авч байгаа эсэхийг харуулдаг уу? Цусны даралт ямар вэ? Зүрхний цохилт хэвийн үү? Та биеийн тамираар хангалттай хичээллэдэг үү? Зүрх тань хэт ачаалалд ордог уу?

4 Хэрэв зүрх гэдэг эрхтнээ байнга хянаж байх учиртай юм бол бэлэгдлийн зүрхний тухайд юу хэлж болох вэ? Ехова үүнийг «тандан мэддэг» буюу шалгадаг (Шастирын дээд 29:17). Бид ч бас шалгах ёстой. Харин яаж шалгах вэ? Дараах асуултуудыг өөрөөсөө асууж болно. Байнга бие даан судалж, цуглаандаа тогтмол очих замаар зүрхээ сүнслэг хоолоор хангалттай тэжээдэг үү? (Дуулал 1:1, 2; Еврей 10:24, 25). Еховагийн мэдээ «ясаар минь хаагдан хүрээлэгдсэн шатаж буй гал мэт» зүрхэнд минь ойрхон байж, Хаанчлалын тухай дэлгэрүүлж, шавь бэлтгэх ажилд оролцох хүслийг минь бадраадаг уу? (Иеремиа 20:9; Матай 28:19, 20; Ром 1:15, 16). Боломж гарвал бүрэн цагийн үйлчлэлд ямар нэг хэлбэрээр оролцож, идэвхийлэн дэлгэрүүлэх хүсэлтэй бил үү, би? (Лук 13:24). Би бэлэгдлийн зүрхээ ямар нөлөөнд оруулдаг вэ? Цэвэр шүтлэг мөргөлд зүрхээрээ нэгдсэн хүмүүстэй нөхөрлөхийг эрхэмлэдэг бил үү, би? (Сургаалт үгс 13:20; 1 Коринт 15:33). Ямар нэг дутагдал байх аваас хурдан олж мэдээд, засаж залруулах арга хэмжээг даруй авцгаая.

5. Итгэлийн сорилт ямар ач холбогдолтой вэ?

5 Бидэнд итгэлийн сорилт байнга тулгардаг. Энэ нь бидэнд зүрхнийхээ байдлыг мэдэж авах боломж олгодог билээ. Амласан газарт орохоор тулж ирчихээд байсан израильчуудад хандан Мосе: «ЭЗЭН Бурхан чинь чамайг энэ дөчин жилийн турш цөлд удирдсан... Энэ нь чиний зүрхэнд юу байсныг, Түүний тушаалыг дагах эсэхийг чинь мэдэхийн тулд, чамайг номхтгож, шалгаж сорихын тулд байсан юм» гэж хэлсэн (Дэд хууль 8:2). Бид огт бодож байгаагүй нөхцөл байдалд орж, сорилттой тулгахаараа өөртөө төрсөн мэдрэмж, хүсэл, үүнд хэрхэн хандсандаа ч гайхах үе байнга гардаггүй гэж үү? Еховагийн зөвшөөрсөн сорилт нь алдаа дутагдлаа ухаарч, засарч сайжрах боломж олгодог (Иаков 1:2–4). Сорилтод хэрхэн хандахаа ямагт сайтар эргэцүүлэн бодож, шаргуу залбирч байя!

Бидний үг яриа юу илчилдэг вэ?

6. Бидний ярих дуртай сэдэв зүрхний маань тухай юу илчилж болох вэ?

6 Зүрхэндээ чухам юу хадгалж байгаагаа хэрхэн тодорхойлж болох вэ? Есүс: «Сайн хүн зүрхнийхээ үнэт баялгаас сайныг гаргадаг. Хорон муу нэгэн хорон муу баялгаасаа мууг гаргадаг аж. Учир нь зүрх нь юугаар дүүрснийг ам нь ярьдаг» гэж хэлсэн (Лук 6:45). Бидний гол төлөв ярьдаг зүйл зүрхэнд маань юу байгааг илрүүлдэг. Бид үргэлж материаллаг эд баялаг, ертөнцийн ололт амжилтынхаа тухай ярьдаг уу? Эсвэл сүнслэг асуудал, теократ зорилгын тухай сэдэв бидний ярианд давамгайлж байдаг уу? Бусдын алдаа эндэгдлийг дөвийлгөн ярихын оронд түүнийг хайрын сэтгэлээс «далдалдаг» уу? (Сургаалт үгс 10:11, 12) Бид хүмүүсийн талаар, тэдний хувийн амьдралын тухай их ярьдаг атлаа сүнслэг болон ёс суртахууны зарчим, асуудлыг бага ярьдаг уу? Энэ нь бид бусдын хувийн асуудлыг хэт их сонирхож байгаагийн дохио юм биш биз? (1 Петр 4:15).

7. Иосефын арван ахад тохиолдсон явдлаас бид зүрхээ хамгаалах талаар ямар сургамж авч болох вэ?

7 Нэгэн өнөр өтгөн гэр бүлд юу тохиолдсоныг авч үзье. Иаковын арван том хүү нь дүү Иосефтэйгээ «эв найртай ярилцаж чаддаггүй байжээ». Яагаад гэвэл эцэг нь Иосефт бусдаас илүү хайртай байсанд тэд атаархжээ. Хожим нь Иосеф Еховагийн тааллыг олсон утга бүхий зүүд зүүдлэхэд ах нар нь «түүнийг улам үзэн ядах болжээ» (Эхлэл 37:4, 5, 11). Тэд дүүгээ боол болгон зарсан нь үнэхээр адал балмад явдал байлаа. Тэгээд энэ жигшүүрт хэргээ хаацайлахын тулд эцгээ хуурч, Иосефыг зэрлэг араатан хөнөөсөн гэж итгүүлдэг. Энэ тохиолдолд Иосефын арван ах зүрхээ хамгаалж чадаагүй юм. Хэрэв бид бусдыг шүүмжлэхээ урьтал болгодог бол энэ нь зүрх маань атаархдаг гэдгийн нотолгоо бус уу? Бид амнаасаа гарах үгээ хянан, сонор байж, аливаа буруу хандлагыг үндсээр нь даруй арилгах хэрэгтэй.

8. Хэрэв бид худал хэлчихвэл зүрхээ шалгахад юу туслах вэ?

8 «Бурхны хувьд худал айлдах боломжгүй» ч төгс бус хүмүүс бидэнд худал хэлэх хандлага байдаг билээ (Еврей 6:18). «Бүх хүн худалч» хэмээн дуулалч нэгэнтээ гашуудан хэлсэн байдаг (Дуулал 116:11). Элч Петр хүртэл худал хэлэн, Есүсийг гурван удаа үгүйсгэсэн (Матай 26:69–75). Ехова «худалч хэлийг» үзэн яддаг учраас бид худал хэлэхээс зайлсхийх ёстой нь тодорхой (Сургаалт үгс 6:16–19). Хэрэв бид хэзээ нэгэнтээ худал хэлчихсэн бол үүнийхээ шалтгааныг шинжилж үзэх нь зүйтэй. Хүнээс айсандаа худал хэлэв үү? Шийтгүүлэхээс айсан нь худал хэлэх шалтгаан болов уу? Эсвэл нэр төрөө бодож, амин хувиа хичээснээс ингэсэн хэрэг үү? Шалтгаан нь ямар ч байлаа гэсэн, бид тэр асуудлыг эргэцүүлэн бодож, дутагдлаа даруухнаар хүлээн зөвшөөрөөд, сул талаа давахад туслахыг Еховагаас хүсэн, өршөөл энэрэл гуйвал хэчнээн зөв бэ! Хурлын ахлагч нар энэ талаар сайн тусламж үзүүлж чадна (Иаков 5:14).

9. Бидний залбирал зүрхний маань тухай юу илчилдэг вэ?

9 Залуу хаан Соломоныг мэргэн ухаан болон мэдлэг гуйн залбирахад Ехова: «Чи эд баялаг, хөрөнгө зоорь, алдар хүнд хүсэлгүй... сэтгэлдээ [«зүрхэндээ», ШЕ] ийн санаж байгаа учраас мэдлэг, билиг ухаан нь чамд өгөгдөнө. ...Эд баялаг, хөрөнгө зоорь, алдар хүндийг Би чамд өгнө» хэмээн хариулсан (Шастирын дэд 1:11, 12). Ехова Соломоны гуйсан зүйлээс түүний зүрхэнд юу байсныг олж мэдсэн. Бидний залбирал зүрхний маань тухай юу илчилдэг вэ? Бид мэдлэг, мэргэн ухаан, ухаарах чадвартай болохыг хүсэн тэмүүлдэг гэдгийг залбирал маань харуулдаг уу? (Сургаалт үгс 2:1–6; Матай 5:3). Хаанчлалтай холбоотой асуудал бидний зүрхэнд ойрхон байдаг уу? (Матай 6:9, 10). Хэрэв бид залбирахдаа хааш яйш, хөнгөн хуумгай ханддаг болсон бол энэ нь Еховагийн үйлсийг эргэцүүлэн бодох цаг зав гаргах хэрэгтэй болсныг илчилж байна (Дуулал 103:2, ШЕ). Христиан хүн бүр залбирал нь юу илчилж байгааг анхаарах учиртай.

Бидний үйл хэрэг юу илчилдэг вэ?

10, 11. а) Садар самуун явдал, завхайрал хаанаас эхэлдэг вэ? б) «Зүрхэндээ... завхайрахгүй» байхад юу тус болох вэ?

10 Үйл хэрэг үг ярианаас илүүтэйгээр бодит байдлыг харуулдаг. Өөрөөр хэлбэл бидний дотор чухам ямар болохыг үйл хэрэг тод томруун харуулдаг. Жишээлбэл: Ёс суртахууны асуудал дээр зүрхээ хамгаална гэдэг нь садар самуун явдал, завхайрлаас зайлсхийгээд л боллоо гэсэн үг биш ээ. «Ууланд айлдсан номлол»-доо Есүс: «Эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм» гэж хэлсэн (Матай 5:28). Бид «зүрхэндээ... завхайрахаас» хэрхэн зайлсхийж болох вэ?

11 Эрт дээр үед амьдарч байсан итгэлтэй хүн Иов гэр бүлтэй христиан хүмүүст үлгэр жишээ үзүүлжээ. Иов залуу эмэгтэйчүүдтэй энгийн сайхан харьцаж, хэрэгтэй цагт нь тэдэнд чин сэтгэлээсээ тусалдаг байсан нь гарцаагүй. Гэхдээ энэ гэмгүй хүн бүсгүйчүүдтэй янаг амрагийн холбоо тогтоох ямар ч санаагүй байсан. Учир юунд гэвэл, тэрээр эмэгтэйчүүдийг тачаадан харахгүй байхаар хатуу шийджээ. Тэрээр: «Би нүдтэйгээ гэрээ хийсэн билээ. Тэгвэл би онгон охиныг хэрхэн бодож зүрхлэх байсан бэ?» гэж хэлсэн (Иов 31:1). Бид ч гэсэн нүдтэйгээ ийм гэрээ байгуулж, зүрхээ хамгаалцгаая.

12. Зүрхээ хамгаалахдаа Лук 16:10-ыг хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

12 «Хэн маш бага юманд итгэмжтэй байна, тэр нь их юманд ч мөн итгэмжтэй байдаг. Хэн бага юманд шударга бус байна, тэр нь их юманд ч мөн шударга бус байдаг» гэж Бурхны Хүү хэлжээ (Лук 16:10). Тийм ээ, бид энгийн мэт санагддаг өдөр тутмын асуудалд ч, тэр бүү хэл, гэртээ байхдаа ч биеэ хэрхэн авч явдгаа шалгах хэрэгтэй (Дуулал 101:2). Гэртээ суугаад зурагт үзэхдээ, Интернэтэд холбогдоод байхдаа ч «Ариун хүмүүст үл нийцэх садар самуун, аливаа бузар булай, шунал нь та нарын дунд бүү дурсагдаг. Бузар булай болон мунхаг яриа, эсвэл тоглоом тохуу нь зохимжгүй» гэж Библид сануулсан байдгийг баттай дагадаг уу? (Ефес 5:3, 4). Зурагт болон видео тоглоомд гардаг хүчирхийлэлд хэрхэн хандах вэ? «ЭЗЭН зөв шударга хийгээд хорон муу хүнийг шалгадаг бөгөөд хүчирхийлэлд дурлагчийг Түүний сэтгэл үзэн яддаг билээ» гэж дуулалч хэлжээ (Дуулал 11:5).

13. Зүрхнээс гарч байгаа зүйлийг эргэцүүлэн бодохдоо ямар сануулгыг авч үзэх хэрэгтэй вэ?

13 «Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм» гэж Иеремиа сануулжээ (Иеремиа 17:9). Бид алдаагаа уучилж, буруугаа хаацайлан, зан чанарынхаа ноцтой дутагдлыг зөвтгөж, хийсэн юмаа дөвийлгөн сагсуурдаг бол зүрхний хуурамч байдал илэрч байж болох юм. «Өвчтэй зүрх» хоёр нүүртэй болдог буюу зусардагч уруул нь нэгийг хэлдэг атал үйл хэрэг нь огт ондоо байдаг (Дуулал 12:2; Сургаалт үгс 23:7). Зүрхнээсээ гарч байгаа бүхнийг шалгахдаа үнэнч байх нь маш чухал!

Бидний нүд «цэвэр» үү?

14, 15. а) «Цэвэр» нүд гэж юу вэ? б) Нүдээ «цэвэр» байлгах нь зүрхээ хамгаалахад хэрхэн туслах вэ?

14 Есүс: «Нүд бол биеийн дэнлүү мөн. Хэрэв нүд чинь цэвэр бол бүтэн бие чинь гэрлээр дүүрэн байх болно» гэж хэлсэн (Матай 6:22). «Цэвэр» нүдтэй байна гэдэг бол өмнөө нэг зорилго тавьж, түүнээсээ анхаарлаа сарниулахгүй байх гэсэн үг юм. Үнэхээр ч бидний нүд «эхлээд... хаанчлал болон [Бурхны] зөвт байдлыг хайх» учиртай (Матай 6:33). Хэрэв бидний нүд «цэвэр» биш аваас бэлэгдлийн зүрхэнд маань юу тохиолдож болох вэ?

15 Амьдралаа залгуулах асуудлыг авч үзье. Гэр бүлийнхээ хэрэгцээг хангах нь христиан хүний үүрэг мөн (1 Тимот 5:8). Гэтэл бид хоол хүнс, хувцас хунар, орон байр гээд бусад бүх юман дээр хамгийн сүүлийн үеийн, хамгийн сайн, тэгээд хамгийн их эрэлттэйг эдэлж хэрэглэх хүсэлтэй бол яах вэ? Энэ нь бидний зүрх болоод оюун ухааныг боолчилж, Бурхныг шүтэх шүтлэгийг хоёрдуулахгүй гэж үү? (Дуулал 119:113; Ром 16:18). Бид махбодийнхоо хэрэгцээг хангах гэж тэгтлээ улайраад амьдралаа зөвхөн гэр бүл, ажил төрөл, материаллаг зүйлээр хязгаарлах ёстой гэж үү? «Та нарын зүрх сэтгэл хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор дарамтлагдахгүйн тулд болгоомжтой байгтун. Тэрхүү өдөр та нар дээр хавх мэт гэнэт ирнэ. Энэ нь газрын бүх гадаргаар нутаглагсдын дээр ирэх болно» гэж зөвлөсөн байдгийг санаарай (Лук 21:34, 35).

16. Есүс нүдтэй холбогдуулан ямар зөвлөгөө өгсөн бэ? Яагаад?

16 Нүд бол оюун ухаан болоод зүрхтэй маань нарийн холбоотой суваг юм. Бидний нүдээрээ харж байгаа зүйл үзэл бодол, сэтгэл санаа, үйл хэрэгт маань хүчтэй нөлөөлдөг. Шунал хөдлөхөд нүд их нөлөөтэй болохыг тайлбарлан, Есүс: «Хэрэв баруун нүд чинь чамайг бүдрүүлбэл, ухаж аваад хая. Учир нь чиний бүтэн бие тамд [«гехеннад», ШЕ] хаягдсанаас биеийн чинь нэг эрхтэн байхгүй байх нь чамд дээр» гэж дүрслэн хэлжээ (Матай 5:29). Хүн буруу зүйлийг харахаасаа цээрлэх учиртай. Тухайлбал, хазааргүй дур тачаал, зохисгүй хүсэл эрмэлзэл төрүүлэх, өөгшүүлэх зорилго бүхий алив зүйлийг үзэж харахыг өөртөө зөвшөөрөх ёсгүй.

17. Колоссай 3:5-ын зөвлөгөөг хэрэгжүүлэх нь зүрхээ хамгаалахад яаж туслах вэ?

17 Нүд бол хүнийг гадаад орчинтой холбодог цорын ганц суваг биш ээ. Хүртэх, сонсох зэрэг мэдрэхүйн бусад эрхтэн ч тодорхой үүрэгтэй байдаг. Тиймээс бид биеийн бусад эрхтнээ ч анхаарах хэрэгтэй. Элч Паул: «Тиймд та нар садар самуун, бузар байдал, тачаал, муу хүсэл, шунахайрал болох шүтээн шүтэх явдал зэрэг газар дээрх эрхтнүүдийг үхүүл» хэмээн сануулсан (Колоссай 3:5)

18. Буруу бодлоос сэргийлэн ямар арга хэмжээ авч болох вэ?

18 Оюун ухааны маань хаа нэгтээ буруу хүсэл нуугдаж байж болох юм. Тэр буруу хүслийг бодоод байвал улам гаарч, зүрхэнд маань нөлөөлөх болно. «Тэгээд хүсэл тачаал нь жирэмслээд нүглийг төрүүлдэг» (Иаков 1:14, 15). Үүнээс болоод гар хангалга хийхэд хүрдэг гэж олон хүн хүлээн зөвшөөрчээ. Оюун ухаанаа сүнслэг бодлоор дүүргэж байх нь юутай чухал бэ! (Филиппой 4:8). Хэрэв толгойд маань буруу бодол төрвөл үүнийгээ үлдэн хөөхийг хичээх ёстой.

«Бүх зүрхээрээ Еховад үйлчлэгтүн»

19, 20. Бид хэрхэн бүх зүрхээрээ Еховад амжилттай үйлчилж болох вэ?

19 Давид хаан нас дээр гарсан хойноо хүүдээ хандан: «Миний хүү Соломон оо, өөрийн эцгийн Бурхныг таньж мэдэн, бүх зүрх болон оюун ухаанаараа Түүнд үйлчлэгтүн. Учир нь ЭЗЭН бүх зүрхийг шалгаж, бодол санааны хандлага бүрийг мэддэг юм» гэж хэлсэн (Шастирын дээд 28:9). Соломон өөрөө ч «дуулгавартай зүрх» гуйн залбирсан (Хаадын дээд 3:9, ШЕ). Гэсэн ч тэрээр амьдралынхаа туршид тийм зүрхтэй байж чадах эсэх дээр бэрхшээлтэй тулгарсан.

20 Хэрэв бид энэ талаар амжилттай байхыг хүсвэл Еховад таалагддаг зүрхтэй болоод зогсохгүй үүнийгээ мөн хамгаалах учиртай. Харин үүнийг биелүүлэхийн тулд бид Бурхны Үгийн сануулгыг «өр зүрхэндээ хадгалж явах» ёстой (Сургаалт үгс 4:20–22). Бид зүрхэндээ юу байгааг шалгах, үг яриа болон үйл хэрэг маань юу илчилдгийг залбирч байгаад эргэцүүлэн бодох хэвшилтэй болох ёстой. Хэрэв бид олж мэдсэн сул талаа засаж залруулахдаа Еховагийн тусламжийг чин сэтгэлээсээ хайхгүй юм бол ингэж эргэцүүлэн бодлоо ч ямар үр дүн байх вэ дээ? Бидэнд юу нөлөөлж байгааг байнга хянах нь ямар чухал бэ! Ингэвэл «бүх оюун ухаанаас дээгүүрх Бурхны амар тайван нь Христ Есүс дотор зүрх [болон] бодлыг [маань] хамгаална» гэдэгт итгэлтэй байж болно (Филиппой 4:6, 7). Тийм ээ, бүгдээрээ юуны түрүүнд зүрхээ хамгаалж, бүх зүрхээрээ Еховад үйлчилцгээе.

Та санаж байна уу?

• Зүрхээ хамгаалах нь яагаад чухал бэ?

• Үг яриагаа шалгах нь зүрхээ хамгаалахад хэрхэн туслах вэ?

• Бид нүдээ яагаад «цэвэр» байлгах ёстой вэ?

[Догол мөрийн асуулт]