Skip to content

Гарчиг руу орох

«Самуун» хүүхдэд хэрхэн туслах вэ?

«Самуун» хүүхдэд хэрхэн туслах вэ?

«Самуун» хүүхдэд хэрхэн туслах вэ?

«[Тэр] алдагдсан боловч олдлоо. Иймээс бид баярлан цэнгэх ёстой» (ЛУК 15:32).

1, 2. а) Өсвөр насны зарим хүүхэд үнэнд хэрхэн ханддаг вэ? б) Тийм тохиолдолд эцэг эх болон хүүхэд ямар байдалд орж болох вэ?

 «БИ хурлаа орхилоо!» Үр хүүхдээ христиан болгон хүмүүжүүлэх гэж чармайж яваа эцэг эх хүүхдээсээ тийм үг сонсох юутай аймшигтай вэ! Өсвөр насныхнаас зарим хүүхэд явах тухайгаа хэлэхгүй байж байгаад «урсаад явчих» тохиолдол ч байдаг (Еврей 2:1). Тийм хүүхдүүдийн дотор эцгийнхээ гэрийг орхин алс холын оронд очиж, өв хөрөнгөө үрэн таран хийсэн тухай Есүсийн сургаалт зүйрлэлийн самуун хүүтэй адил төстэй хүүхэд олон байдаг (Лук 15:11–16).

2 Еховагийн Гэрчүүдийн ихэнх нь тийм бэрхшээлтэй тулгардаггүй ч нэгэнт тийм бэрхшээл амссан хүнийг ямар ч сайхан үг бүрэн дүүрэн тайтгаруулж чаддаггүй. Дураараа аашлах дуртай хүүхэд өөрөө өөртөө гай уддагийг мартаж болохгүй. Тийм хүүхэд дотроо гэмшин, сэтгэл нь зовоод яваад байдаг байж болох юм. Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлд гардаг самуун хүү эцэстээ «ухааран» эцгээ баярлуулдаг. Самуурсан хүүхдийг «ухаарахад» эцэг эх нь болон хурал хэрхэн тусалж болох вэ? (Лук 15:17).

Зарим хүүхэд хурлаа орхидгийн учир

3. Ямар ямар шалтгаанаас болоод өсвөр насны хүүхэд христиан хурлыг орхиж болох вэ?

3 Олон зуун мянган хүүхэд христиан хуралд баяр баясгалантайгаар үйлчилдэг. Гэтэл зарим нь яагаад хурлаа орхидог вэ? Тэдэнд ертөнцийн санал болгодог зүйлээс заримыг нь үзэж амсалгүй өнгөрчих гэж байгаа юм шиг санагдаж болох юм (2 Тимот 4:10). Эсвэл биднийг хамгаалдаг Еховагийн байгууллагад сахиж мөрддөг хэм хэмжээ хэтэрхий хатуу юм шиг санагдаж болно. Уг мөс чанар нь муу байх, эсвэл эсрэг хүйсийн хүүхдэдээ хүчтэй татагдан дурлах, эсвэл үе тэнгийнхэндээ таалагдахыг илүүд үзэх зэрэг нь өсвөр насны хүүхдэд Еховагийн сүргээс явах шалтгаан болж болно. Эцэг эх нь юм уу өөр зарим христиан хоёр нүүр гаргаж байгаа юм шиг санагдсанаас болоод хүүхэд Бурханд үйлчлэхээ болих нь байдаг.

4. Өсвөр насныхны самуурах үндсэн шалтгаан нь гол төлөв юу байдаг вэ?

4 Хүүхдийн бодол санааны болон үйл хэргийн самуурал нь гол төлөв түүнийг сүнслэг талаараа сул байгааг илэрхийлэхийн зэрэгцээ зүрхнийх нь байдлыг тусган харуулдаг (Сургаалт үгс 15:13; Матай 12:34). Хүүхэд ямар ч шалтгаанаар самуурлаа гэсэн бэрхшээлийн үндэс нь гол төлөв «үнэний нарийн зөв мэдлэггүйтэй» холбоотой байдаг (2 Тимот 3:7, ШЕ). Еховаг хөнгөн хийсвэр байдлаар шүтэж оромдоглохын оронд хүүхэд түүнтэй ойр дотно харилцаа хөгжүүлэх нь чухал. Ингэхэд нь тэдэнд юу туслах вэ?

Бурханд ойртогтун

5. Еховатай ойр дотно харьцаа хөгжүүлэхийн тулд хүүхэд яах хэрэгтэй вэ?

5 «Бурханд ойртогтун. Тэгвэл тэр та нарт ойртоно» гэж Есүсийн шавь Иаков бичжээ (Иаков 4:8). Бурханд ойртуулахын тулд хүүхдийг Бурхны Үгэнд дуртай болоход нь туслах хэрэгтэй (Дуулал 34:8). Хүүхдэд эхлээд «сүү» буюу Библийн үндсэн сургаалыг зөв ойлгуулах хэрэгтэй. Аажимдаа Бурхны Үг түүнд баяр баясгалангийн эх булаг болж, хүүхэд «бор хоол» буюу гүн гүнзгий сүнслэг мэдлэгийг ойлгон дурлаж, улмаар сүнслэг төлөвшсөн байдал уруу тэмүүлж эхэлдэг (Еврей 5:11–14; Дуулал 1:2). Өсвөр насны нэгэн хүү ертөнцийн үйл хэрэгт бүрэн автсан байсан ч аажимдаа сүнслэг үнэт зүйлсийг ойлгон үнэлж эхэлсэн тухайгаа ярьжээ. Тийн өөрчлөгдөхөд нь түүнд юу тусалсан бэ? Тэрээр Библийг бүгдийг нь унших нь тустай гэсэн зөвлөгөөг хүлээн авч, хуваарь гарган тогтмол уншдаг болсон аж. Тийм ээ, Еховатай ойр дотно холбоотой байя гэвэл Бурхны Үгийг тогтмол унших хэрэгтэй.

6, 7. Эцэг эхчүүд үр хүүхдээ Бурхны Үгэнд дуртай болоход нь хэрхэн тусалж чадах вэ?

6 Эцэг эхчүүд үр хүүхдээ Бурхны Үгэнд дуртай болгон хүмүүжүүлэх нь амин чухал асуудал мөн! Нэг айл гэр бүлийн судлал тогтмол явуулдаг байсан ч гэсэн өсвөр насны охин нь муу хүмүүстэй нөхөрлөсөөр л байсан аж. Тэр охин гэр бүлийн судлалынхаа талаар дурсан: «Аавыг асуулт асуухад нь би номноосоо нүдээ салгалгүйгээр тонгойсон чигтээ асуултын хариуг уншчихдаг байлаа» хэмээн ярьсан юм. Мэргэн ухаалаг эцэг эхчүүд бол гэр бүлээрээ Библи судлахдаа зүгээр нэг унших биш, харин заах урлагийг чадварлаг ашигладаг (2 Тимот 4:2, ШЕ). Судалж байгаа зүйл өөрт нь ямар хамаатай болохыг ойлгож гэмээнэ гэр бүлийн судлал хүүхдэд сонирхолтой байх болно. Хэлэлцэж байгаа асуудлаар хүүхдийнхээ санал бодлыг асууж, сонсож болно шүү дээ! Үзэж судалсан зүйлсээ амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар боддог болоход нь хүүхдүүдээ урамшуулаарай *.

7 Түүнээс гадна гэр бүлийн хичээлийг хөгжөөнтэй явуулахыг хичээх хэрэгтэй. Тохиромжтой үед хүүхдүүдээрээ Библийн үйл явдал, түүхээр жүжиг тоглуулж болно. Хэлэлцэж байгаа үйл явдал болсон газар орон хийгээд тэндхийн байгаль цаг уурын нөхцөл нь ямар болохыг санаандаа төсөөлөн бодоход нь хүүхдүүддээ туслаарай. Ингэхдээ газрын зураг болон схем ашиглавал их тустай. Бага зэргийн уран сэтгэмжээр хачирлавал гэр бүлийн судлал хөгжөөнтэй бөгөөд сонирхолтой болдог. Тэрчлэн эцэг эхчүүд өөрсдөө Еховатай дотно харьцаатай байдгаа хүүхдүүддээ харуулах ёстой. Эцэг эхчүүд өөрсдөө Бурханд хэдийчинээ ойр байна хүүхдүүдээ түүнд ойртоход нь төдийчинээ тус болж чадна (Дэд хууль 6:5–7).

8. Бурханд ойртоход залбирал хэрхэн тусалдаг вэ?

8 Түүнчлэн Бурханд ойртоход залбирал их тустай. Өсвөр насны нэг охин христиан амьдралын хэв маяг болон итгэл үнэмшлийг нь хуваалцдаггүй найзуудтайгаа нөхөрлөх гэсэн хоёр замын алийг нь сонгохоо шийдэж чадахгүй байжээ (Иаков 4:4). Тэгээд яасан бэ? «Амьдралдаа би анх удаа Еховад үнэнээсээ залбирч, сэтгэлээ нээн уудалсан» хэмээн охин илэн далангүй ярьсан юм. Дараа нь тэр охин хурлынхнаасаа сэтгэлийн үгээ хуваалцдаг найз охинтой болсон бөгөөд үүнийг залбирлынхаа хариу гэж ойлгосон аж. Ехова өөрийг нь удирдан чиглүүлдгийг мэдэрсэн тэр охин түүнтэй дотно харьцдаг болсон байна. Эцэг эхчүүд залбирлаа баяжуулж, сайжруулснаараа хүүхдүүддээ тусалж болно. Эцэг эхийгээ гэр бүлээрээ хамтдаа залбиран, сэтгэл зүрхээ уудлан илчлэхийг сонсоод, эцэг эх нь Еховатай ойр дотно харьцаатай байдгийг хүүхдүүд нь ойлгодог.

Тэвчээртэй ч, хатуу байгтун

9, 10. Ехова самуурсан израильчуудтай харьцахдаа тэвчээртэй байхын ямар жишээ үзүүлсэн бэ?

9 Хүүхэд үнэний замаас холдож эхлэхдээ тусгаар байхыг хичээн, өөртэй нь сүнслэг сэдвээр ярих гэсэн эцэг эхийнхээ алив хүчин чармайлтыг эсэргүүцдэг болж болох юм. Тийм таагүй нөхцөлд эцэг эх яах нь зүйтэй вэ? Ехова эртний Израильтай хэрхэн харьцдаг байсныг авч үзье. Тэрбээр «зөрүүд» израильчуудыг 900 гаруй жилийн турш тэвчээртэйгээр аргадан бөөцийлсөн бөгөөд эцэст нь тэднийг сонгосон самуун зам дээр нь орхисон юм (Египетээс гарсан нь 34:9; Шастирын дэд 36:17–21; Ром 10:21). Израильчууд «Бурхныг дахин дахин сорьсон» ч гэсэн Ехова тэдэнд «өршөөнгүй» байсан. «Тэр Өөрийн уурыг олонтаа барьж, Өөрийн бүхий л хилэнгээ хөдөлгөөгүй» (Дуулал 78:38–42).Бурхан тэдэнтэй харьцахдаа алдаа ер гаргаагүй. Халамжтай эцэг эхчүүд Еховаг дуурайдаг бөгөөд хүүхэд нь туслах гэсэн хүчин зүтгэлийг нь шууд хүлээж авахгүй бол тэвчээртэй ханддаг.

10 Тэвчих гэдэг нь зүгээр л нэг тэвчээд, хүлээгээд байна гэсэн үг биш ээ. Энэ нь муудсан харьцаагаа сайжруулах найдвараа алдахгүй байна гэсэн үг юм. Ехова тэвчээртэй байхын жишээ үзүүлсэн. Тэрбээр элч нараа израильчууд уруу «дахин дахин» илгээн, санаачлага гаргаж байлаа. Тэд «Бурхны элч нарыг элэглэн доромжилж, Түүний үгийг жигшиж» байсан хэдий ч Ехова «Өөрийн ард түмнийг... энэрсэн билээ» (Шастирын дэд 36:15, 16). Тэрбээр: «Хүн бүр өөрийн бузар муу замаас... эргэ» хэмээн израильчуудад уриалж байлаа (Иеремиа 25:4, 5). Гэхдээ Ехова шударга зарчмуудаасаа хэзээ ч ухарч байгаагүй билээ. Израильчууд Бурхан уруу, түүний зам уруу «эргэх» шаардлагатай байв.

11. Эцэг эхчүүд үнэний замаас хөндийрч буй хүүхэдтэй харьцахдаа яаж тэвчээртэй ч, хатуу байж болох вэ?

11 Эцэг эхчүүд үнэний замаас хөндийрч буй хүүхдэд тэвчээртэй хандаж, найдвараа алдахгүй байх талаар Еховаг дуурайж болно. Эцэг эхчүүд найдвараа алдалгүйгээр хүүхэдтэйгээ илэн далангүй харьцах буюу харьцаагаа дахин сэргээх асуудал дээр санаачлага гаргаж болно. Эцэг эхчүүд Библийн зарчмуудыг хатуу барин, хүүхдээ үнэний зам уруу эргэж ирэхийг «дахин дахин» уриалах хэрэгтэй.

Насанд хүрээгүй хүүхэд хурлаас хасагдахад

12. Асрамждаа байгаа насанд хүрээгүй хүүхдээ хурлаас хасагдвал эцэг эх нь ямар хариуцлага хүлээх вэ?

12 Эцэг эхтэйгээ хамт амьдардаг насанд хүрээгүй хүүхэд ноцтой нүгэл үйлдэн, гэмшихгүй байснаасаа болоод хурлаас хасагдвал яах вэ? Нэгэнт хүүхэд эцэг эхийнхээ асрамжид байгаа болохоор хүүхдээ Бурхны Үгийн дагуу сургаж, сахилгажуулах үүргийг урьдын адил эцэг эх нь хүлээнэ. Яаж? (Сургаалт үгс 6:20–22; 29:17).

13. Эцэг эхчүүд самуурсан хүүхдийнхээ зүрх сэтгэлд яавал хүрч чадах вэ?

13 Хүүхдээ сургаж, сахилгажуулах хамгийн сайн арга, боломж бол өөртэй нь хамт Библи судлах юм. Эцэг эхчүүд хүүхдээ зөрүүдлээд байвал түүнд санаа зовж, нэг их анхаараад байх хэрэггүй. Харин зүрх нь ямар болохыг мэдэхийг хичээх хэрэгтэй. Сүнслэг өвчин нь аль хир газар авч вэ? (Сургаалт үгс 20:5). Зүрхэнд нь хүрэх арга зам байна уу? Үүний тулд Библийн ямар ямар зүйл ашиглаж болох вэ? гэдгийг анхаарах хэрэгтэй. Элч Паул: «Бурхны үг амьд бөгөөд идэвхтэй [«нөлөөлөх хүчтэй», ШЕ], хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм» гэж хэлсэн (Еврей 4:12). Тийм ээ, эцэг эхчүүд үр хүүхдээ дахин нүгэл үйлдэхээс сэргийлж, зүгээр нэг ярьж хэлэхээс илүү ихийг хийж чадна. Тэд хүчин чармайлт гарган, эдгэрэх үйл явцын эхлэл хийгээд хөгжилд тус дэмжлэг үзүүлж чадна.

14. Самуурсан хүүхэд Еховатай харьцаагаа дахин сэргээхийн тулд анхны ямар алхам хийх хэрэгтэй вэ? Энэ талаар эцэг эх нь түүнд хэрхэн тусалж болох вэ?

14 Самуурсан хүүхэд Еховатай харьцаагаа дахин сэргээх хэрэгтэй. Ингэхийн тулд хийх ёстой анхны алхам бол «гэмшээд... эргэх» юм (Үйлс 3:19; Исаиа 55:6, 7). Тийм хүүхдэд гэмшихэд нь туслахын тулд эцэг эх хүүхдээ дургүй байлаа ч «хорон муутай тулгарахдаа тэвчээртэй байж, номхон дөлгөөнөөр засах» хэрэгтэй (2 Тимот 2:24–26, ШЕ). Өөрөөр хэлбэл хүүхдээ Библийн утгаар «зэмлэнэ» гэсэн үг. «Зэмлэх» гэж орчуулсан эртний грек үгийг бас «үнэмшилтэй нотолгоо өгөх» гэж орчуулж болдог (Илчлэлт 3:19; Иохан 16:8, ШЕ). Тэгэхлээр хүүхдийг зэмлэнэ гэдэг нь нүглийн зам дээр зогсож байгааг нь үнэмшилтэйгээр нотолно гэсэн үг юм. Энэ бол амаргүй гэдэг нь мэдээж. Үнэмшүүлэхийн тулд боломжтой үед эцэг эхчүүд Библийн үүднээс авч үзэхэд тохиромжтой бүх арга хэрэгсэл ашиглан, хүүхдийнхээ зүрх сэтгэлд хүрч болно. «Мууг үзэн ядаж, сайныг хайрлах» нь хичнээн чухал болохыг ойлгоход нь хүүхдэдээ туслахыг хичээх хэрэгтэй (Амос 5:15). Хүү тань «ухаан орж диаволын торноос чөлөөлөгдөж» болох юм.

15. Самуурсан хүүхэд Еховатай харьцаагаа дахин сэргээхэд залбирал ямар үүрэгтэй вэ?

15 Еховатай харьцаагаа дахин сэргээхэд залбирал зайлшгүй хэрэгтэй. Урьд нь христиан хуралтай харьцаж байсан хирнээ эдүгээ гэмшихгүй, нүгэл үйлдсээр байгаа хүний төлөө «залбирах» хүн нэг ч байхгүй нь ойлгомжтой (1 Иохан 5:16, 17; Иеремиа 7:16–20; Еврей 10:26, 27). Гэхдээ эцэг эхчүүд тийм нөхцөлд зөв шийдвэр гаргахад туслах мэргэн ухаан гуйн залбирч болно (Иаков 1:5). Хурлаас хасагдсан хүүхэд гэмшиж байгаа нь илт байвч «Бурхны өмнө зоригтой» ярьж чадахгүй бол Бурхан хүүхдийнх нь алдааг уучлах үндэстэй тохиолдолд эцэг эх нь Бурхныг өөрийнхөө хүслийг биелүүлээч гэж гуйн залбирч болно (1 Иохан 3:21). Тийм залбирал Еховаг энэрэнгүй Бурхан юм байна гэж ойлгоход нь хүүхдэд тусалж болох юм * (Египетээс гарсан нь 34:6, 7; Иаков 5:16).

16. Хурлаас хасагдсан хүүхдийн гэр бүлийн гишүүдэд хэрхэн тусалж болох вэ?

16 Хэрэв баптисм хүртсэн хүүхэд хурлаас хасагдвал хурлын гишүүд түүнтэй харьцахаа болино гэсэн үг (1 Коринт 5:11; 2 Иохан 10, 11). Энэ нь эцэстээ хүүхдийг «ухаарч», Бурхны хамгаалах хашаа уруу эргэж ирэхэд нь тус болж болох юм (Лук 15:17). Хүүхэд хуралдаа эргэж ирсэн эсэхээс үл хамааран хурлын гишүүд тэр хүүхдийн гэр бүлийнхнийг урамшуулан дэмжиж болно. Тэдэнтэй «энэрэнгүй» бөгөөд «эелдэг» харьцах бүх боломжийг хайж болно (1 Петр 3:8, 9).

Бусад хүн хэрхэн тусалж болох нь

17. Сүнслэг талаараа суларсан хүүхдэд туслах гэсэн хурлын гишүүд юуг санах хэрэгтэй вэ?

17 Хурлаас хасагдаагүй мөртөө итгэл нь суларсан хүүхдийг яах вэ? «Хэрэв нэг эрхтэн нь зовбол түүний хамт бүх эрхтэн зовно» хэмээн элч Паул бичсэн (1 Коринт 12:26). Хурлын гишүүд тийм хүүхдийн хойноос бүгд санаа тавих ёстой. Сүнслэг талаараа өвдсөн хүүхэд бусдадаа муу нөлөө үзүүлж болох учраас болгоомжтой байх хэрэгтэй нь зүйн хэрэг (Галат 5:7–9). Нэгэн хурлын насанд хүрсэн гишүүд сүнслэг талаараа суларсан хүүхдүүдэд туслах гэсэн сайн санааны үүднээс тэднийг дуу хөгжим сонсон, хамтдаа цуглаж байхыг санал болгожээ. Хүүхдүүд саналыг баяртайгаар хүлээн авсан бөгөөд уг арга хэмжээ ч тэдэнд ихэд таалагджээ. Гэвч тэд эцэстээ хурлаа орхин явах хүртлээ бие биедээ нөлөөлжээ (1 Коринт 15:33; Иуда 22, 23). Сүнслэг талаараа өвдсөн хүүхдийг эдгэрүүлэхэд сүнслэг удирдлага байхгүй арга хэмжээнүүд бус, харин сүнслэг зүйлсэд дурлахад нь тусалдаг тийм харьцаа хэрэгтэй *.

18. Есүсийн сургаалт зүйрлэлийн самуун хүүгийн эцгийн сэтгэлгээг бид хэрхэн дуурайж болох вэ?

18 Хурлаа орхисон хүүхэд Хаанчлалын танхимдаа эргээд ирэх юм уу чуулганд очихдоо ямар сэтгэгдэлтэй байдгийг бодоод үз дээ. Тийм хүүхдийг бид Есүсийн сургаалт зүйрлэлийн эцэг самуун хүүгээ угтсан шиг баяр хөөртэй угтаж болохгүй гэж үү? (Лук 15:18–20, 25–32). Христиан хурлаа орхин явснаа хожим мужийн чуулганд оролцсон өсвөр насны нэгэн хүү: «Над шиг хүнийг хэн ч тоохгүй байх гэж би бодсон. Гэтэл ах эгч нар над уруу хүрч ирээд мэндэлсэн. Үүнд миний сэтгэл маш их хөдөлсөн» гэж ярьсан юм. Тэрээр Библиэ дахин судалж эхэлсэн бөгөөд хожим нь баптисм хүртсэн билээ.

Битгий бууж өгөөрэй

19, 20. Самуурсан хүүхдийн тухайд эерэг сэтгэл хадгалсаар байхын учир юу вэ?

19 «Самуун» хүүхдийг «ухаарахад» нь туслахын тулд тэвчээр хэрэгтэй. Энэ нь эцэг эх болон бусад хүний хувьд амаргүй байж болох юм. Гэхдээ битгий бууж өгөөрэй! «Эзэн [«Ехова», ШЕ] удаашралыг тооцдог зарим хүний боддог шиг Өөрийнхөө амлалтад хойрго биш билээ. Харин ч Тэр хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй, бүгдийг гэмшилд ирээсэй хэмээн хүсэн та нарт тэвчээртэй ханддаг» (2 Петр 3:9). Ехова бүх хүн гэмшиж, мөнх амьдраасай гэж хүсдгийг Библи бидэнд батлан хэлдэг. Тэрбээр хүмүүст өөртэйгөө эвлэрэх боломж олгон, тэдний зүг анхны алхам хийсэн (2 Коринт 5:18, 19). Еховагийн тэвчээрийн ачаар олон сая хүн «ухаарч» чадсан (Исаиа 2:2, 3).

20 Тэгэхлээр самуурсан хүүхдээ «ухаарахад» нь туслахын тулд эцэг эхчүүд Библийн боломжтой бүхий л аргыг ашиглаж болохгүй гэж үү? Хүүхдээ Ехова уруу эргэж ирэхэд нь туслахдаа та Бурхныг дуурайн, тэвчээртэй байгаарай. Библийн зарчмуудыг хатуу баримтлахын зэрэгцээ Еховагаас тусламж гуйн залбирч, түүнд байдаг хайр, шударга чанар болон мэргэн ухааныг тусгахыг хичээгээрэй. Буруу ишилсэн сүх шиг самуурсан олон хүүхэд буцаж ирэхийг уриалсан Еховагийн хайрын урилгыг хүлээн авсан билээ. Самуун замаар явсан таны хүүхэд ч гэсэн Бурхны хамгаалах сүрэгт эргэн нийлж болох юм (Лук 15:6, 7).

[Зүүлт]

^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1999 оны долдугаар сарын 1-ний дугаарын 13–17-р хуудсанд хүүхдийг хэрхэн сургах талаар илүү ддэлгэрэнгүй зөвлөгөө бий.

^ Хурлаас хасагдсан насанд хүрээгүй хүүхдийн төлөө цуглаан дээр залбирдаггүй. Яагаад гэвэл бусад хүн хурлаас хасагдсан хүний нөхцөл байдлыг мэдэхгүй байж болох юм («Харуулын цамхаг» сэтгүүлийн 1979 оны аравдугаар сарын 15-ны дугаарын 31-р хуудсыг үзнэ үү).

^ Энэ талаар дэлгэрэнгүй зөвлөгөөг «Сэрцгээ!» сэтгүүлийн 1972 оны зургадугаар сарын 22-ны дугаарын 13–16-р хуудас, 1996 оны есдүгээр сарын 22-ны дугаарын 21–23-р хуудаснаас үзнэ үү.

Та санаж байна уу?

• Өсвөр насны хүүхдүүдийн хурлаа орхин явдаг үндсэн шалтгаан нь гол төлөв юу байж болох вэ?

• Хүүхдүүдийг Еховатай хувийн харьцаагаа хөгжүүлэхэд нь хэрхэн тусалж болох вэ?

• Эцэг эхчүүд самуурсан хүүхдэдээ туслахдаа тэвчээртэй мөртөө хатуу байхын учир юу вэ?

• Самуурсан хүүхдийг эргэж ирэхэд нь хурлын гишүүд хэрхэн тусалж болох вэ?

[Догол мөрийн асуулт]