Skip to content

Гарчиг руу орох

Хүүхдээ хүмүүжүүлэхдээ Еховаг дуурайгтун

Хүүхдээ хүмүүжүүлэхдээ Еховаг дуурайгтун

Хүүхдээ хүмүүжүүлэхдээ Еховаг дуурайгтун

«Эцэг нь сахилгажуулдаггүй хүү хаа байна?» (ЕВРЕЙ 12:7).

1, 2. Өнөө үед эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхэд яагаад хэцүү байна вэ?

 ХЭДЭН жилийн өмнө Японд явуулсан санал асуулгын дүнгээс харахад түүнд хамрагдсан насанд хүрэгсдийн бараг тал хувь нь эцэг эхчүүд хүүхэдтэйгээ маш бага харьцдаг бөгөөд хүүхдээ хэт зоргоор нь тавьдаг гэж үзсэн байна. Мөн улсад явуулсан өөр нэгэн санал асуулгад оролцогсдын бараг дөрөвний нэг нь хүүхэдтэй хэрхэн харьцахаа мэддэггүйгээ хүлээн зөвшөөрчээ. Энэ нь зөвхөн дорно зүгийн улс орнуудад байдаг онцлог биш ээ. «Торонто стар» сонинд: «Канадад олон хүн сайн эцэг эх байх аргаа мэддэггүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ» хэмээн бичжээ. Хүүхдийг өсгөж, хүмүүжүүлэх ажил бол амаргүй ажил гэдэгтэй дэлхийн аль ч улс үндэстний эцэг эхчүүд санал нэгддэг.

2 Хүүхэд өсгөж, хүмүүжүүлэх ажил яагаад хэцүү вэ? Гол шалтгаан нь бид «эцсийн өдрүүдэд» «хэцүү цагт» амьдарч байгаа явдал юм (2 Тимот 3:1). Түүнээс гадна «хүний зүрхний хандлага нь бүр багаас нь бузар муу байдаг» хэмээн Библи хэлдэг (Эхлэл 8:21). Ялангуяа, туршлагагүй хүмүүсийг ангуучилдаг «архирах арслан» буюу Сатаны довтолгоонд хүүхдүүд амархан өртдөг (1 Петр 5:8). Мөн хүүхдээ «Эзний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүлэхийг» хичээж байгаа христиан эцэг эхчүүд ч бэрхшээлтэй тулгарах нь цөөнгүй (Ефес 6:4). Эцэг эхчүүд үр хүүхдэдээ «сайн мууг ялгах» чадвартай, Еховагийн төлөвшсөн үйлчлэгч болоход нь хэрхэн тусалж болох вэ? (Еврей 5:14).

3. Сайн хүн болж өсөж, хүмүүжихэд нь хүүхдэд эцэг эхийн хүмүүжүүлэх арга, удирдлага яагаад чухал шаардлагатай вэ?

3 Мэргэн ухаант Соломон хаан: «Мунхаг байдал хүүхдийн зүрхэнд уяастай байдаг» хэмээн бичжээ (Сургаалт үгс 13:1; 22:15). Хүүхдийнхээ зүрхийг тэрхүү «мунхаг байдлаас» нь ангижруулахын тулд эцэг эхчүүд хайрын сэтгэлээр засаж залруулах шаардлагатай. Гэхдээ хүүхэд тийнхүү засаж залруулахыг тэр бүр дуртай хүлээж авдаггүй. Үнэндээ тэд хэний ч бай, бусдын өгсөн зөвлөгөөнд эмзэглэн дургүйцдэг. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдээ «явах ёстой замаар нь замнуулах» аргыг мэдэх хэрэгтэй (Сургаалт үгс 22:6). Хэрэв хүүхэд тийм сахилгын арга хэмжээнээс зууран барьж авбал энэ нь түүний хувьд амь гэсэн үг болно (Сургаалт үгс 4:13). Хүүхдээ сургаж, хүмүүжүүлэх нь юу гэсэн үг болохыг мэдэх нь эцэг эхчүүдэд туйлын чухал!

Сахилгажуулах гэж юу гэсэн үг вэ?

4. Библид хэрэглэдэг «сахилгажуулах» гэдэг үгийн гол утга нь юу вэ?

4 Хүүхдээ зодож нүдэж байна гэх юм уу, эсвэл хэл амаар доромжилж, сэтгэл санаагаар дарамталж байна хэмээн муу хэлүүлэхээс айн, зарим эцэг эх хүүхдээ ер шийтгэдэггүй. Тэгж айх хэрэггүй. Библид хэрэглэдэг «сахилгажуулах» гэдэг грек үг нь хүчирхийлэх буюу харгислах тухай ямар ч санаа агуулдаггүй бөлгөө. «Сахилгажуулах» гэдэг энэхүү грек үг гол нь сургах, хүмүүжүүлэх, засаж залруулах буюу заримдаа хатуу мөртлөө хайрын сэтгэлээр шийтгэнэ гэсэн утгатай юм.

5. Ехова ард түмэнтэйгээ хэрхэн харьцдаг байсныг эргэцүүлэн бодох нь яагаад ашигтай вэ?

5 Сахилгажуулах төгс жишээг Ехова Бурхан үзүүлдэг. Элч Паул Еховаг хүмүүн эцэгтэй харьцуулан: «Эцэг нь сахилгажуулдаггүй хүү хаа байна? [...] Тэд [эцэг эх] өөрсдийн үзэмжийн дагуу биднийг богино хугацаанд сахилгажуулсан юм. Харин Тэр [Бурхан] бидний сайн сайхны төлөө ажээ. Тэгснээр бид Түүний ариун байдлыг хуваалцах юм» хэмээн бичсэн (Еврей 12:7–10). Тийм ээ, Ехова ард түмнээ ариун буюу цэвэр байлгахын тулд сахилгажуулдаг. Ехова ард түмнээ хэрхэн хүмүүжүүлдэг байсныг сайтар эргэцүүлэн бодох аваас бид үр хүүхдээ сахилгажуулах талаар их зүйлийг мэдэж болно (Дэд хууль 32:4; Матай 7:11; Ефес 5:1).

Хайр бол хөдөлгөгч хүч мөн

6. Эцэг эхчүүд Еховагийн хайрыг дуурайхад яагаад хэцүү вэ?

6 «Бурхан бол хайр» гэж элч Иохан хэлсэн. Тэгэхлээр Ехова хүмүүжүүлэхдээ дандаа хайраа үндэс болгодог (1 Иохан 4:8; Сургаалт үгс 3:11, 12). Энэ нь үр хүүхдэдээ хайртай эцэг эхчүүдийн тухайд Еховаг дуурайх амархан гэсэн үг үү? Тэр болгон амар байдаггүй. Бурхны хайр нь зарчмуудад тулгуурладаг. Грек Судрыг судалдаг нэгэн мэргэжилтэн тийм хайр «төрөлхийн хандлагатай тэр болгон тохирдоггүй» гэж тэмдэглэсэн буй. Бурхан сэтгэл хөдлөлдөө автсанаас болоод бодит байдлыг өөрөөр авч үздэггүй. Тэрбээр ард түмэнд нь юу хамгийн сайн болохыг цаг ямагт анхаардаг (Исаиа 30:20; 48:17).

7, 8. а) Ехова ард түмэнтэйгээ харьцахдаа зарчмуудад тулгуурладаг хайрын ямар жишээ үзүүлсэн бэ? б) Үр хүүхдээ Библийн зарчмуудыг сахиж мөрдөхөд сургахдаа эцэг эхчүүд Еховаг хэрхэн дуурайж болох вэ?

7 Ехова израильчуудыг хэрхэн хайрладаг байсныг авч үзье. Үүсэж бий болоод удаагүй байсан Израилийн ард түмэнд Ехова аль хэр хайртай байсныг Мосе сэтгэл хөдлөм урнаар дүрслэн: «Үүрээ сандаан дэгдээхий дээрээ далавчаа дэлгэн дэвж, дэгдээхийгээ жигүүр дээрээ аван зөөх бүргэд мэт ЭЗЭН ганцаараа түүнийг [Иаковыг] удирдсан» хэмээн зүйрлэн бичжээ (Дэд хууль 32:9, 11, 12). Эм бүргэд дэгдээхийнүүдээ нисгэж сургахын тулд үүрээ орхихыг шаардан, далавчаа дэлгэн дэвж, «үүрээ сандаадаг». Эцэстээ дэгдээхий өндөр асган дээр барьсан үүрнээсээ үсрэхэд эх нь тэдний „дээгүүр далавчаа дэлгэн дэвж“ эргэлддэг. Хэрэв дэгдээхий нь газар уначихмаар санагдвал эх бүргэд шунган доошилж, түүнийг «жигүүр дээрээ авч» явдаг. Үүнтэй адилаар Ехова дөнгөж үүсэж бий болоод байсан Израилийн ард түмэнд санаа тавьж байсан. Тэрбээр тэдэнд Мосегоор дамжуулан Хууль өгсөн (Дуулал 78:5–7). Дараа нь Бурхан тэр ард түмнийг анхааралтай ажиглан харж байсан бөгөөд хэрэв тэдэнд бэрхшээл тулгарах аваас туслахад цаг ямагт бэлэн байлаа.

8 Христиан эцэг эхчүүд Еховагийн хайрыг хэрхэн дуурайж болох вэ? Юуны түрүүнд үр хүүхдээ Бурхны Үгэнд байдаг зарчмууд болоод хэм хэмжээтэй танилцуулах хэрэгтэй (Дэд хууль 6:4–9). Эцэг эхийн зорилго бол үр хүүхдээ Библийн зарчмын дагуу шийдвэр гаргадаг болоход нь сургах явдал юм. Тийнхүү, халамжит эцэг эхчүүд үр хүүхдээ сургахдаа мэдэж авсан зарчмуудаасаа хэрхэн хэрэглэж байгааг нь ажиглан харж, зүйрлэн хэлбэл тэдний «дээгүүр далавчаа дэлгэн дэвж» эргэлддэг. Хүүхдүүд өсөж том болохын хэрээр биеэ дааж эхэлдэг хэдий ч анхаарал болгоомжтой эцэг эхчүүд аюул тохиолдсон үед нь «шунган доошилж», тэднийг «жигүүр дээрээ авч» явахад хэзээ ямагт бэлэн байдаг. Ямар аюул байдаг вэ?

9. Ямар аюулын талаар эцэг эх мартах ёсгүй вэ? Жишээ хэлнэ үү.

9 Муутай нөхөрлөвөл юунд хүргэдгийг Ехова Бурхан израильчуудад анхааруулдаг байсан (Тооллого 25:1–18; Езра 10:10–14). Муу хүмүүстэй нөхөрлөх нь өнөөдөр ч гэсэн аюултай (1 Коринт 15:33). Үерхэж нөхөрлөх асуудлаар үр хүүхэдтэйгээ хэлэлцэхдээ христиан эцэг эхчүүд Еховаг дуурайх хэрэгтэй. 15 настай Лиза охин ёс суртахууны болон сүнслэг асуудлаар гэрийнхний нь үзэл бодолтой санаа нийлдэггүй нэг хүүтэй үерхдэг болжээ. «Эцэг эх маань намайг өөрчлөгдөж байгааг тэр дор нь анзаарч, санаа нь зовж эхэлсэн билээ. Тэд намайг заримдаа засаж залруулж, заримдаа аядуу зөөлнөөр урамшуулдаг байлаа» хэмээн Лиза ярьсан юм. Эцэг эх нь Лизатай нэг биш удаа ярилцан, үгийг нь тэвчээртэйгээр сонсож, тэдний үзсэнээр, үеийнхэн дотроо нэр хүнд олох гэсэн гол бэрхшээлээ даван туулахад нь охиндоо тусалсан *.

Илэн далангүй харьцагтун

10. Ехова израильчуудтай харьцахдаа ямар сайхан жишээ үзүүлсэн бэ?

10 Эцэг эхчүүд үр хүүхдээ зөв хүмүүжүүлэхийн тулд тэдэнтэй илэн далангүй харьцах хэрэгтэй. Зүрх сэтгэлдээ юу агуулж байдгийг маань Ехова бүгдийг мэддэг хэдий ч өөртэй нь харьцахыг бидэнд уриалдаг (Шастирын дээд 28:9). Ехова израильчуудад Хууль өгснийхөө дараа тэднийг сургах ажилд левичүүдийг томилж, эргэцүүлэн бодож, засаж залруулахад нь туслуулахаар зөнчдийг илгээсэн. Түүнээс гадна Ехова тэдний залбирлыг сонсоход хэзээд бэлэн байлаа (Шастирын дэд 17:7–9; Дуулал 65:2; Исаиа 1:1–3, 18–20; Иеремиа 25:4; Галат 3:22–24).

11. а) Эцэг эхчүүд үр хүүхэдтэйгээ хэрхэн сайн харьцаатай байж болох вэ? б) Эцэг эхчүүд үр хүүхэдтэйгээ ярилцахдаа тэднийг анхааралтай сонсох нь яагаад чухал бэ?

11 Эцэг эхчүүд үр хүүхэдтэйгээ харьцахдаа Еховаг хэрхэн дуурайж болох вэ? Юуны түрүүнд эцэг эхчүүд үр хүүхдэдээ зориулж цаг зав гаргах хэрэгтэй. Түүнээс гадна эцэг эхчүүд «Энэ чинь тэгээд иймхэн юм байсан юм уу? Би ч их ноцтой юм бодлоо шүү»; «Битгий тэнэглээд бай»; «Чи тэгээд өөр яах гэсэн юм бэ? Чи чинь хүүхэд биз дээ?» гэх мэтийн тохуурхсан өнгө аястай бодлогогүй үг хэлэхгүй байхыг хичээх хэрэгтэй (Сургаалт үгс 12:18). Илэн далангүй байхад нь туслахын тулд ухаалаг эцэг эхчүүд хүүхдийнхээ үгийг анхааралтай сонсдог. Эцэг эх хүүхдээ бага байхад үгийг нь сонсох зав гаргаж чадахгүй бол хүүхэд өсөж том болоод ирэхээрээ эцэг эхээ үл хайхардаг болж болох юм. Ехова ард түмнийнхээ үгийг сонсоход хэзээд бэлэн байдаг. Тэрбээр өөрт нь даруухнаар хандан залбирсан хэнийг ч болов сонсдог (Дуулал 91:15; Иеремиа 29:12; Лук 11:9–13).

12. Ямар зан чанар хөгжүүлбэл хүүхдүүд нь эцэг эхдээ саадгүй ханддаг болох вэ?

12 Бурхны ямар чанарын ачаар ард түмэн нь түүнд хандахдаа бэрхшээдэггүй байсныг авч үзье. Жишээ нь: Эртний Израилийн хаан Давид Батшеба бүсгүйтэй садарлан, хүнд нүгэл үйлдсэн. Давид төгс бус хүн болохын учир амьдралдаа өөр ноцтой нүгэл үйлдэж л байсан. Гэхдээ тэрээр Еховад хандан, өршөөл энэрэл гуйн, зэмлэл хүлээхээс хэзээ ч айж байгаагүй. Давид, Ехова Бурхны энэрэнгүй, өрөвч сэтгэлийг мэддэг байсан болохоор түүнд хандахад амар хялбар байсан нь эргэлзээгүй (Дуулал 103:8). Эцэг эх Бурхныг дуурайн өрөвч, энэрэнгүй сэтгэл гаргах аваас хүүхдүүдээ алдаж эндлээ ч тэдэнтэй илэн далангүй харьцах боломжтой (Дуулал 103:13; Малахи 3:17).

Ухаалаг байгтун

13. «Ухаалаг байх» гэж юу гэсэн үг вэ?

13 Эцэг эхчүүд хүүхдийнхээ үгийг сонсохдоо ухаалаг байж, «дээрээс ирэгч мэргэн ухааныг» тусгах ёстой (Иаков 3:17). Элч Паул: «Та нарын ухаалаг байгааг бүх хүн мэддэг байг» хэмээн бичсэн (Филиппой 4:5, ШЕ). «Ухаалаг байх» гэж юу гэсэн үг вэ? «Ухаалаг хүн» гэж орчуулсан эртний грек үгийг «хуулийг үгчлэн хатуу шаарддаггүй хүн» гэсэн утгатай хэмээн тодорхойлжээ. Эцэг эхчүүд ёс суртахууны болон сүнслэг хэм хэмжээг хатуу баримтлахдаа хэрхэн ухаалаг байж болох вэ?

14. Ехова Лоттой хэрхэн ухаалаг харьцсан бэ?

14 Ухаалаг байхын хосгүй жишээг Ехова үзүүлдэг (Дуулал 10:17). Ял сонссон Содом хотоос гарч явахыг Лот болон түүний гэрийнхэнд тушаахад Лот «тээнэгэлзсэн». Дараа нь Еховагийн тэнгэр элч Лотыг уул уруу зугт гэж хэлэхэд тэрээр: «Би уул өөд зугтаж чадахгүй. [...] Тэр хот [Зоар] уруу зугтаж очвол ойрхон, бас жижиг ч хот юм. Намайг тийшээ зугтаалгаач. Тэр жижиг хот биш үү?» хэмээн хариулжээ. Ехова үүнийг хэрхэн хүлээж авсан бэ? Тэрбээр: «За, Би чиний хүсэлтийг хүлээн авч, чиний хэлж байгаа тэр хотыг устгахгүй» гэж хэлсэн (Эхлэл 19:16–21, 30). Ехова Лотын гуйлтыг биелүүлэхэд бэлэн байлаа. Тийм ээ, Еховагийн, өөрийн Үг Библидээ тогтоосон хэм хэмжээг эцэг эхчүүд хатуу баримтлах ёстой. Гэхдээ Библийн зарчим зөрчигдөөгүй тохиолдолд хүүхдүүдийнхээ хүсэлтийг харгалзаж үзэх нь зүйтэй.

15, 16. Исаиа 28:24, 25-д бичсэн жишээнээс эцэг эхчүүд ямар сургамж авч болох вэ?

15 Ухаалаг байна гэдэг бол зөвлөгөөг дуртайяа хүлээн авдаг болоход нь хүүхдүүдийнхээ зүрхийг бэлтгэнэ гэсэн үг юм. Исаиа Еховаг тариачинтай зүйрлэн: «Тариачин үр цацахын тулд газраа бүх л өдөржингөө хагалдаг уу? Тэр үргэлж борнойдон хөрсийг нь сийрүүлдэг үү? Тэр газрын гадаргыг тэгшлэн, ногоон гоньд тарьж, гоньд цацдаггүй гэж үү? Тэр буудайг эгнээгээр, арвайг газарт нь, хөх тариаг талбай дээр нь тарьдаг биш үү?» гэж хэлсэн (Исаиа 28:24, 25).

16 Ехова «үр цацахын тулд газраа... хагалж», «борнойдон хөрсийг нь сийрүүлдэг». Өөрөөр хэлбэл Ехова ард түмнээ сахилгажуулахаасаа өмнө зүрхийг нь бэлтгэдэг. Эцэг эхчүүд үр хүүхдээ засаж залруулахдаа зүрхийг нь хэрхэн «хагалж» болох вэ? Нэгэн эцэг дөрвөн настай хүүгээ засаж залруулахдаа Еховаг дуурайсан байна. Тэрээр хөрш айлынхаа хүүхдийг зодсон хүү нь өөрийгөө хэрхэн зөвтгөхийг тэвчээртэй сонсжээ. Тэгээд эцэг нь хүүгийнхээ зүрхийг «хагалахын» тулд түүнд танхай хүүхдийн гарын шүүс амсан зовсон нэгэн бяцхан хүүгийн тухай үлгэр ярьж өгчээ. Уг үлгэр, тэр танхай хүүхдийг заавал шийтгэх ёстой гэж хэлтэл нь хүүгийн зүрх сэтгэлийг хөндсөн байна. Зүрхийг нь тийнхүү «хагалсан» нь хөршийнхөө хүүхдийг зодсоноороо өөрөө тэр танхай хүүхэд шиг болсон бөгөөд энэ нь буруу байжээ гэдгийг ойлгоход хүүд тусалжээ (2 Самуел 12:1–14).

17. Эцэг эхчүүд засаж залруулах асуудал дээр Исаиа 28:26–29-д бичсэн үгнээс ямар сургамж авах вэ?

17 Еховагийн засаж залруулах аргыг Исаиа цааш нь газар тариалангийн өөр ажил буюу тариа цайруулах ажилтай харьцуулсан. Тариа цайруулахдаа хэвэгнийх нь хатуу зөөлнөөс шалтгаалаад тариачин янз бүрийн багаж ашигладаг. Зөөлөн ногоон гоньдыг түншүүрээр, гоньдыг саваагаар цайруулдаг. Харин арай хатуу хальстай тариаг цайруулахдаа шүдтэй бул буюу цайруулагч дугуй ашигладаг. Тэгэхдээ тариачин уг хатуу тариаг бүр бутарч үйрмэг болтол нь цайруулдаггүй. Үүнтэй адилаар Ехова ард түмнээ ямар нэгэн муу зүйлээс ангижруулахдаа хэрэгцээ шаардлага болон нөхцөл байдлыг харгалзан янз бүрийн арга хэрэглэдэг. Ехова хэзээ ч дур зоргоороо буюу харгис хэрцгий авирладаггүй (Исаиа 28:26–29). Зарим хүүхэд эцэг эхийнхээ харцнаас л бүгдийг ойлгодог. Олон дахин хэлүүлж байж ойлгодог, эсвэл «таван салаа боовны» амт үзэж байж ухаардаг хүүхэд ч байдаг. Ухаалаг эцэг эх хүүхдээ засаж залруулахдаа чухам түүнд л тохирсон аргыг сонгож хэрэглэдэг.

Гэр бүлийн судлал баяр баясгалан авчирдаг байг

18. Гэр бүлийн Библи судлалыг тогтмол болгохын тулд эцэг эх яаж цаг гаргаж болох вэ?

18 Гэр бүлээрээ Библи судлал тогтмол явуулж, Библийн сэдвийг өдөр бүр хэлэлцэх нь үр хүүхдээ сургах шилдэг аргын нэг юм. Гэр бүлийн судлалыг тогтмол явуулдаг бол их сайн. Хэрэв үүнийг урьдчилсан бэлтгэлгүйгээр хааяа нэг явуулдаг бол энэ нь сайндаа л гэр бүлийн амьдралын тохиолдлын чанартай үйл явдал болно. Тийм учраас эцэг эхчүүд судлалд зориулж «цагийг зольж авах» хэрэгтэй (Ефес 5:15–17, ШЕ). Гэр бүлийн бүх гишүүнд нэг зэрэг тохиромжтой байх цаг гаргах амаргүй. Хүүхдүүд нь өсөж том болохын хэрээр өөр өөрийн цагийн хуваарьтай болдог учир гэр бүлээрээ хамтдаа цуглах асуудал төвөгтэй болсныг нэгэн гэрийн тэргүүн ажиглажээ. Гэхдээ хурлын цуглаантай өдрийн орой тэднийхэн бүгдээрээ гэртээ байдаг байв. Тийм учраас эцэг нь цуглаан болдог өдрийн оройг гэр бүлийн судлал явуулж байхаар товлосон байна. Энэ нь үр дүнд хүрч, гурван хүүхэд нь бүгдээрээ баптисм хүртэн, Еховад үйлчилдэг болжээ.

19. Эцэг эхчүүд гэр бүлийн судлал явуулахдаа Еховаг хэрхэн дуурайж болох вэ?

19 Гэхдээ гэр бүлийн судлалын цагаар зөвхөн Библи дээр үндэслэсэн материал үзэх нь хангалттай бус. Ехова, Хууль уншихдаа «ойлгуулахын тулд тайлбарладаг» тахилч нараар дамжуулан эх нутагтаа буцаж ирсэн израильчуудыг сургасан (Нехемиа 8:8). Долоон хүүхдээ бүгдийг нь Еховаг хайрладаг болгон хүмүүжүүлсэн нэгэн эцэг гэр бүлийн судлал явуулахынхаа өмнө судлах материалаа хүүхэд бүрийнхээ хэрэгцээ шаардлагад тохируулан бэлтгэх зорилгоор өрөөндөө дандаа ордог байжээ. Тэрээр гэр бүлийн судлалыг хүүхдүүддээ сонирхолтой болгохыг хичээдэг байлаа. «Бид гэр бүлийн судлалаа тэсэж ядан хүлээдэг байв. Биднийг хашаанд тоглож байх үед гэр бүлийн судлалаа явуулахаар дуудахад бид бөмбөгөө орхичихоод гэр уруугаа гүйцгээдэг байв. Гэр бүлийн судлалтай орой бол бидний хувьд тэр долоо хоногийн хамгийн дуртай орой байж билээ» хэмээн эрийн цээнд хүрсэн хөвгүүдийнх нь нэг ярьсан юм.

20. Хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх явцад гарч болзошгүй ямар бэрхшээлийг авч үзэх хэрэгтэй вэ?

20 Дуулалч: «Харагтун, үр хүүхэд бол ЭЗЭНээс ирдэг бэлэг, умайн үр жимс бол шагнал юм» гэж хэлсэн (Дуулал 127:3). Хүүхэд хүмүүжүүлэхэд цаг хугацаа, хүчин зүтгэл хэрэгтэй хэдий ч зөв зохистой хүмүүжил үр хүүхдийг маань мөнхийн аминд хүргэнэ. Юутай сайхан шагнал бэ! Тиймд үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ Еховаг хичээнгүйлэн дуурайцгаая. Хэдийгээр эцэг эхчүүд үр хүүхдээ «Эзний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүлэх» үүрэгтэй ч тэр болгон амжилтад хүрч чаддаггүй (Ефес 6:4). Эцэг эх нь хичнээн анхаарал халамж тавилаа ч хүүхэд нь самуурч, Еховад үйлчлэхээ болих тохиолдол байдаг. Тийм тохиолдолд яах вэ? Энэ тухай дараагийн өгүүллээр ярилцах болно.

[Зүүлт]

^ Энэ удаагийн болон дараагийн өгүүлэлд дурдсан тохиолдлууд танай үндэсний соёлоос өөр соёлтой улс оронд болсон байж болох юм. Эдгээр тохиолдолд хөндсөн зарчмуудыг олж харан, нөхцөл байдалдаа тохируулан хэрэглэхийг хичээгээрэй.

Та хэрхэн хариулах вэ?

Дэд хууль 32:11, 12-т дүрслэн бичсэн Еховагийн хайрыг эцэг эхчүүд хэрхэн дуурайж болох вэ?

• Ехова израильчуудтай хэрхэн харьцсан байдлаас та юу мэдэж авсан бэ?

• Ехова Лотын хүсэлтийг хүлээн авснаараа бидэнд ямар сургамж өгсөн бэ?

• Та нар үр хүүхдээ засаж залруулах асуудал дээр Исаиа 28:24–29-д бичсэн үгнээс ямар сургамж авсан бэ?

[Догол мөрийн асуулт]