Skip to content

Гарчиг руу орох

Ехова бол бидний хоргодох газар мөн

Ехова бол бидний хоргодох газар мөн

Ехова бол бидний хоргодох газар мөн

«Учир нь чи: „Ехова бол миний хоргодох газар мөн“ гэж хэлсэн... Ямар ч аюул чамд учрахгүй» (ДУУЛАЛ 91:9, 10, ШЕ).

1. Ехова бол бидний «хоргодох газар» гэж хэлж болохын учир юу вэ?

 ҮНЭНДЭЭ Ехова бол ард түмнийхээ хоргодох газар нь юм. Хэрэв бид түүнд чин үнэнч байх аваас «бүх талаараа зовсон ч няцрахгүй, сандарсан ч цөхрөхгүй, хавчигдсан ч хаягдахгүй, цохигдсон ч мөхөхгүй» байж болно. Учир нь Ехова бидэнд «хирээс хэтэрсэн хүч» (ШЕ) өгдөг (2 Коринт 4:7–9). Тийм ээ, тэнгэрийн Эцэг маань биднийг Бурханд таалагддаг байдлаар амьдрахад тусалдаг бөгөөд бид дуулалчийн: «Учир нь чи: „Ехова бол миний хоргодох газар мөн“ гэж хэлсэн. Чи Хамгийн Дээд Нэгнийг орших газраа болгосон. Ямар ч аюул чамд учрахгүй, ямар ч гамшиг чиний майханд ойртохгүй» хэмээн хэлсэн үгийг зүрх сэтгэлдээ хүлээн авдаг юм (Дуулал 91:9, 10, ШЕ).

2. 91 дүгээр дууллын тухай юу хэлж болох вэ? Энэ дуулал юу амладаг вэ?

2 91 дүгээр дууллыг Мосе бичсэн бололтой. 90 дүгээр дууллын эхэнд түүнийг Мосе бичсэн гэж байх ба харин 91 дуулалд өөр зохиогчийн тухай дурдаагүй байна. 91 дүгээр дууллыг антифон буюу харилцаа дууны хэлбэрээр дуулдаг байсан байж магадгүй. Өөрөөр хэлбэл эхлээд нэг хүн гоцолж дуулсны (Дуулал 91:1, 2) дараа хариуд нь найрал дуучид дуулдаг байжээ (Дуулал 91:3–8). Үүний дараа гоцлол дуучин (Дуулал 91:9а) хариу барихад найрал дуучид (Дуулал 91:9б–13) дуулдаг байсан бололтой. Тэгээд дараа нь гоцлол дуучин төгсгөлийн бадгийг (Дуулал 91:14–16) дуулдаг байжээ. Ямартай ч 91 дүгээр дуулал тослогдсон христиануудад, ангиар нь сүнслэг аюулгүй байдлыг амладаг ба Бурханд өөрсдийгөө зориулсан, тэдний хамтран зүтгэгчдэд мөн адил бүлгээр нь баталгаа өгдөг *. Уг дууллыг Еховагийн бүх үйлчлэгчдийн үзэл бодлын үүднээс авч үзье.

«Хамгийн Дээд Нэгний халхавчинд» аюулгүй

3. а) «Хамгийн Дээд Нэгний халхавч» гэж юу вэ? б) «Төгс Хүчит Нэгний сүүдэр дор амьдрахдаа» бид юу мэдэрдэг вэ?

3 Дуулалч: «Хамгийн Дээд Нэгний халхавчинд оршигч нэгэн Төгс Хүчит Нэгний сүүдэр дор амьдарна. Би ЭЗЭНд хандан: „Миний хоргодох газар, миний бат цайз, миний итгэдэг Бурхан минь“ гэнэ» хэмээн дуулжээ (Дуулал 91:1, 2). «Хамгийн Дээд Нэгний халхавч» гэдэг нь бидний хувьд, ялангуяа Диаволын гол бай болсон тослогдогсдын хувьд бэлэгдлийн хамгаалах газар юм (Илчлэлт 12:15–17). Хэрэв тийм хамгаалалт байгаагүй бол Бурхныд сүнслэг зочин болон зочилж байгаа биднийг бүгдийг нь Диавол устгачих байсан. «Төгс Хүчит Нэгний сүүдэр дор амьдрахдаа» бид Бурхны хамгаалалтын нөмөр буюу сүүдэрт байгаагаа мэдэрдэг (Дуулал 15:1, 2; Дуулал 121:5). Бидний Хэмжээгүй эрхт Эзэн Еховагаас өөр найдвартай хоргодох газар, илүү халдашгүй бат цайз байхгүй ээ (Сургаалт үгс 18:10).

4. Сатан буюу «анчин» юу ашигладаг вэ? Түүнээс бид хэрхэн зугтдаг вэ?

4 Дуулалч цааш нь: «Чамайг анчны урхинаас, бас үхлийн тахлаас авардаг нэгэн бол Тэр [Ехова] юм» хэмээн бичсэн (Дуулал 91:3). Эртний израильчууд шувууг урхи буюу зангаар барьдаг байв. Сатан буюу «анчны» урхин дотор түүний хорон муу байгууллага болон «заль мэх» байдаг (Ефес 6:11). Биднийг ёс бус байдалд уруу татаж, сүнслэг мөхөлд хүргэх зорилгоор зам дээр маань нууц урхинууд тавьдаг (Дуулал 142:3). Гэвч бид зөвт бус байдлаас татгалздаг учраас «анчны урхинаас мултрах шувуу шиг зугтдаг» (Дуулал 124:7, 8, ШЕ). Бузар муу «анчнаас» гэтэлгэдэгт нь бид Еховад маш ихээр талархдаг билээ! (Матай 6:13).

5, 6. Ямар «тахал» «үхэл» тарьдаг вэ? Гэвч Еховагийн ард түмэн түүнийг тэсэн давдгийн учир юу вэ?

5 Дуулалч «үхлийн тахал» гэдгийг дурдсан. Халдварт өвчин дэгдэн гардаг шиг ямар нэгэн зүйл хүн төрөлхтнийг болон Еховагийн эрх мэдлийг дэмжигчдийг «үхэлд» хүргэдэг. Энэ зүйлийн талаар түүхч Арнолд Тойнби: «Дэлхийн хоёрдугаар дайны дараа үндсэрхэх үзлээс болж тусгаар тогтносон улсын тоо хоёр дахин нэмэгдсэн... Эдүгээ хүн төрөлхтөн салан тусгаарлахыг улам бүр хичээдэг болов» хэмээн бичжээ.

6 Олон зууны турш зарим удирдагч үндэстэн хоорондын дайсагналын галыг хөөрөгддөг байсан. Тэрчлэн тэд өөрсдийгөө болон янз бүрийн дүрс, бэлэгдэл зэргийг шүтэхийг шаарддаг байв. Гэвч Ехова тийм «тахлын» өмнө өөрийн үнэнч ард түмнийг хэзээ ч хамгаалалтгүй орхиж байгаагүй (Даниел 3:1, 2, 20–27; 6:7–10, 16–22). Олон улсын ахан дүүгийн барилдлагааг эрхэмлэдэг бид Еховад чин үнэнч байж, христиан хүний төвийг сахих зарчим баримталдаг ба нүүр тал хардаггүйн хувьд «Түүнээс [Бурхнаас] эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг» гэдгийг хүлээн зөвшөөрдөг (Үйлс 10:34, 35; Египетээс гарсан нь 20:4–6; Иохан 13:34, 35; 17:16; 1 Петр 5:8, 9). Христиан бид «үхлийг» мөрдлөг хавчлагын хэлбэрээр амсдаг хэдий ч баяр баясгалантай байж, «Хамгийн Дээд Нэгний халхавчинд» сүнслэг аюулгүй байдалд байдаг юм.

7. Ехова биднийг «өдөөрөө» хэрхэн хамгаалдаг вэ?

7 Ехова бидний хоргодох газар бөгөөд: «Тэр чамайг өдөөрөө хучих бөгөөд Түүний жигүүр дор чи хоргодох болно. Түүний итгэлтэй байдал бол бамбай болон бэхлэлт юм» хэмээсэн үг биднийг тайвшруулдаг билээ (Дуулал 91:4). Дэгдээхэйнүүдээ хамгаалан дээгүүр нь элэн халин нисэх шувуу мэт Ехова биднийг хамгаалдаг (Исаиа 31:5). Тэрбээр биднийг «өдөөрөө хучдаг». Шувууны «өд» гэдэг нь өргөн утгаараа түүний далавч юм. Шувуу дэгдээхэйгээ махчин амьтнаас хамгаалж, далавчаараа халхалдаг. Дэгдээхэй лугаа адил бид Еховагийн бэлэгдлийн «өдөн» дор аюулгүй байдаг. Учир нь жинхэнэ христиануудын байгууллага бол бидний хоргодох газар юм (Рут 2:12; Дуулал 5:1, 11).

8. Еховагийн «итгэлтэй байдал» яаж том бамбай ба бэхлэлт болдог вэ?

8 Бид Еховагийн «итгэлтэй байдал» буюу үнэнч байдалд итгэдэг. Энэ нь цэргийн биеийг бүрэн халхалдаг, гол төлөв хаалга хэлбэртэй, эртний том бамбайтай адилхан юм (Дуулал 5:12). Тийм хамгаалалттайдаа итгэлтэй байх нь биднийг айдсаас чөлөөлнө (Эхлэл 15:1; Дуулал 84:11). Еховагийн «итгэлтэй байдал» бол бидний итгэл шиг Сатаны галт сум болон дайснуудын маань цохилтоос хамгаалдаг том бамбай юм (Ефес 6:16). Түүнээс гадна энэ нь «бэхлэлт» буюу Еховад үнэнч байдлаа хадгалахад маань тустай хүчирхэг хамгаалах байгууламж болдог.

Бид «айхгүй»

9. Шөнийн цагт яагаад айдас төрж болох вэ? Гэвч бид айдаггүйн учир юу вэ?

9 Дуулалч Бурхны хамгаалалтын талаар: «Чи шөнийн аймшгаас ч, өдөр исгэрэх сумнаас ч айхгүй. Мөн харанхуйд явагч тахлаас ч, үд дунд цөлжүүлэх мөхлөөс ч айхгүй» хэмээн бичсэн (Дуулал 91:5, 6). Муу үйлийг голдуу харанхуйгаар хийдэг болохоор шөнийн цагт айдас төрдөг байж болох юм. Өдгөө дэлхийг нөмрөөд байгаа сүнслэг харанхуйгаар дайснууд маань бидний сүнслэг байдлыг эвдэж, дэлгэрүүлэх ажлыг зогсоохыг хичээн, үйл ажиллагаагаа голдуу битүүлэг, муу санаагаар явуулж байна. Гэвч Ехова биднийг хамгаалдаг учраас бид «шөнийн аймшгаас ч айдаггүй» (Дуулал 64:1, 2; 121:4; Исаиа 60:2).

10. а) «Өдөр исгэрэх сум» гэдэг нь юу байж болох вэ? Түүнд бид хэрхэн ханддаг вэ? б) «Харанхуйд явагч тахал» гэж юу вэ? Бид түүнээс айдаггүйн учир юу вэ?

10 «Өдөр исгэрэх сум» гэдэг нь үгээр дайран довтлохыг илэрхийлсэн бололтой (Дуулал 64:3–5; Дуулал 94:20). Бид хүмүүст ямагт үнэн зөв мэдээлэл хүргэхийг хичээдэг учраас ариун үйлчлэлийн маань эсрэг чиглэсэн тиймэрхүү улайм цайм эсэргүүцэл ямар ч үр дүнд хүрдэггүй. Түүнээс гадна бид «харанхуйд явагч тахлаас» айдаггүй. Энэхүү бэлэгдлийн «тахал» нь Сатаны эрхэнд байдаг, ёс суртахуун болоод шашин шүтлэгийн хувьд өвчин эмгэгт баригдсан энэ ертөнцийн харанхуйгаас гардаг юм (1 Иохан 5:19). Энэ «тахал» нь Ехова болон түүний санаа зорилгыг, мөн хайрандаа хөтлөгдөн бидэнд өгсөн бэлгүүдийнх нь тухай хүмүүст үл мэдүүлэн, оюун ухаан болоод зүрхийг үхлийн аюулд оруулдаг (1 Тимот 6:4). Хэдийгээр ертөнцийг харанхуй нөмрөн байдаг ч гэсэн бид айдаст автдаггүй. Учир нь бид сүнслэг их гэрлийн дотор амьдардаг (Дуулал 43:3).

11. «Үд дунд цөлжүүлэх мөхөлд» өртсөн хүмүүст юу тохиолддог вэ?

11 «Үд дунд цөлжүүлэх мөхлөөс» бид айдаггүй. «Үд дунд» гэдгээр энэ ертөнцийн «гэгээрэл» гэсэн тэр зүйлийг хэлсэн байж болох юм. Түүний материаллаг сонирхолд татагдсан хүмүүс сүнслэг талаараа сүйрдэг (1 Тимот 6:20, 21). Ехова биднийг хамгаалдаг болохоор бид ямар ч дайснаас айлгүйгээр Хаанчлалын тухай сайн мэдээг зоригтойгоор тунхагладаг (Дуулал 64:1; Сургаалт үгс 3:25, 26).

12. Хэний дэргэд олон хүн «унаж» байна вэ? Тэд хэрхэн «унаж» байна вэ?

12 Дуулалч цааш нь: «Мянган хүн чиний дэргэд, түмэн хүн чиний баруун гар талд унавч, энэ нь чамд халдахгүй. Чи зөвхөн нүдээрээ хараад л хорон муу хүнд өгөх хариуг үзэх болно» хэмээн үргэлжлүүлэн бичсэн (Дуулал 91:7, 8). Еховаг хоргодох газраа болгоогүй учраас олон хүн сүнслэг талаараа үхэн, бидний «дэргэд... унадаг». Үнэндээ ч өнөөдрийн сүнслэг израильчуудын «баруун гар талд» «түмэн хүн» уначихаад байна (Галат 6:16). Гэвч тослогдсон христианууд болон Бурханд өөрсдийгөө зориулсан, тэдний үнэнч хамтран зүтгэгчдийн аль нь ч байлаа гэсэн бид бүгд Бурхны «халхавчинд» найдвартай хамгаалагдсан билээ. Бид бизнес, шашин болон бусад салбарт хурааж байгаа гай зовлонгуудыг «зөвхөн нүдээрээ хараад л хорон муу хүнд өгөх хариуг үзэж» байна (Галат 6:7).

«Ямар ч аюул бидэнд учрахгүй»

13. Ямар ямар «аюул» бидэнд учирдаггүй вэ? Яагаад?

13 Энэ ертөнцөд аюулгүй амьдрах нь улам хэцүү болж байгаа хэдий ч бид тэргүүн зэрэгт Бурхны хүсэл тааллыг тавьдаг учраас дуулалчийн: «Учир нь чи: „Ехова бол миний хоргодох газар мөн“ гэж хэлсэн. Чи Хамгийн Дээд Нэгнийг орших газраа болгосон. Ямар ч аюул чамд учрахгүй, ямар ч гамшиг чиний майханд ойртохгүй» хэмээн хэлсэн үгнээс эр зориг олж авдаг (Дуулал 91:9, 10, ШЕ). Тийм ээ, Ехова бол бидний хоргодох газар мөн. Түүнээс гадна бид Хамгийн Дээд Нэгнийг бас аюулгүй амьдрах «орших газраа» болгодог. Бид Еховаг орчлонт ертөнцийн Хэмжээгүй эрхт Эзэн хэмээн магтан алдаршуулж, аюулгүй байдлын маань Эх булаг хэмээн түүнд «оршихын» зэрэгцээ түүний Хаанчлалын тухай сайн мэдээг тунхагладаг юм (Матай 24:14). Тийм учраас энэхүү дуулалд өмнө нь тодорхойлон бичсэнээр «ямар ч аюул [бидэнд] учрахгүй». Бид бусад хүмүүсийн адилаар газар хөдлөлт, хар салхи, үер, өлсгөлөн, хөнөөлт дайн зэрэг аюулд нэрвэгдлээ ч гэсэн эдгээр нь бидний итгэл болон сүнслэг аюулгүй байдлыг устгаж чадахгүй ээ.

14. Еховагийн үйлчлэгчид бид яагаад үхэлд хүргэх гамшигт автдаггүй вэ?

14 Тослогдсон христианууд бол энэхүү эд юмсын тогтолцооноос тусгаар, майханд суун, түр хугацаагаар байгч хүмүүс адил юм (1 Петр 2:11). «Ямар ч гамшиг тэдний майханд ойртохгүй». Тэнгэр, газрын хаана нь ч амьдрах байлаа гэсэн бид бүгдээрээ «ертөнцийнх биш» бөгөөд садар самуун явах, хөрөнгө зоорь цуглуулах, хуурамч шашинд үйлчлэх, «араатан» болон түүний «хөрөг» болох Нэгдсэн Үндэстний Байгууллагыг шүтэх зэрэг сүнслэг үхэлд хүргэх гамшигт автдаггүй ээ (Илчлэлт 9:20, 21; 13:1–18; Иохан 17:16).

15. Тэнгэр элчүүд бидэнд хэрхэн тусалдаг вэ?

15 Бидний хамгаалалтын талаар дуулалч цааш нь: «Бүх замд чамайг хамгаалахын тулд Тэр [Ехова] Өөрийн тэнгэр элч нарт чиний талаар тушаал өгнө. Чамайг хөлөө чулуунд цохьчих вий гэсэндээ тэд чамайг гар дээрээ өргөн явна» хэмээн хэлсэн (Дуулал 91:11, 12). Биднийг хамгаалах үүргийг Ехова тэнгэр элчүүдэд өгчээ (Хаадын дэд 6:17; Дуулал 34:7–9; 104:4; Матай 26:53; Лук 1:19). Тэд биднийг «бүх замд» хамгаалдаг (Матай 18:10). Хаанчлалыг тунхагладаг учраас тэнгэр элчүүд биднийг удирдаж, хамгаалдаг ба бид сүнслэг талаараа бүдэрдэггүй (Илчлэлт 14:6, 7). Тэр ч байтугай үйл ажиллагааг маань хориглох гэх мэтийн «чулуунуудад» бид бүдэрдэггүй бөгөөд Бурхны ивээлийг алддаггүй.

16. «Залуу арслан» «наж могой» хоёрын довтолгоон ямар ялгаатай вэ? Тэдгээрт бид яаж ханддаг вэ?

16 Дуулалч цааш нь үргэлжлүүлэн: «Чи залуу арслан, наж могойг гишгэж, дэлтэй залуу арслан, том могойг хөлөөрөө дэвсэлнэ» хэмээн бичжээ (Дуулал 91:13, ШЕ). Залуу арслан халз урдаас дайрдаг шиг бидний зарим дайсан дэлгэрүүлэх ажлыг маань зогсоох зорилго бүхий хууль гаргуулах замаар ил тод эсэргүүцдэг. Түүнээс гадна наж могой нууц газраас гэнэт довтолдог шиг тийм дайралтад бид бас өртдөг. Зарим шашны төлөөлөгчид хууль тогтоогч, шүүгч болон албаны бусад хүмүүсийг гар хөлөө болгон «тайзны араас» бидэн уруу довтолдог. Гэсэн ч бид Еховагийн тусламж дэмжлэгтэйгээр «сайн мэдээг хуулийн дагуу тогтоож, хамгаалах» эрх зүйн аргыг тайван замаар эрж хайдаг (Филиппой 1:7, ШЕ; Дуулал 94:14, 20–22).

17. «Дэлтэй залуу арсланг» бид хөлөөрөө хэрхэн дэвсэлдэг вэ?

17 Дуулалч «дэлтэй залуу арслан, том могойг хөлөөрөө дэвсэлсэн» тухай бичсэн. Залуу арслан тун догшин байдаг ба том могой өсөж их урт болдог (Исаиа 31:4). Ямар ч догшин залуу арслан урдаас маань дайрлаа гэхэд бид арслан шиг хүмүүс буюу байгууллагад бус, харин Бурханд захирагдан, түүнийг «хөлөөрөө дэвсэлдэг» гэсэн үг (Үйлс 5:29). Тийм учраас заналт «арслан» бидэнд сүнслэг хор хүргэж чаддаггүй.

18. «Том могой» бидэнд хэний тухай сануулдаг вэ? Хэрэв бид довтолгоонд өртвөл яах хэрэгтэй вэ?

18 Еврей Судрыг грек хэлээр анх орчуулахдаа («Септуагинт») «том могойг» «луу» гэсэн буй. Энэ нь бидэнд «агуу том луу буюу... диавол ба Сатан гэгддэг эртний могойг» тод сануулдаг (Илчлэлт 12:7–9; Эхлэл 3:15). Тэрээр олзоо бяцалж, залгидаг аварга том хэвлээр явагч амьтантай адил юм (Иеремиа 51:34). Сатан биднийг цагиргалан ороож, энэхүү ертөнцийн дарамтаар даран шахаж, залгих гэж хичээх болгонд нь түүнээс чөлөөлөгдөн, тэр «том могойг хөлөөрөө дэвсэлж» байя (1 Петр 5:8). Тослогдсон үлдэгдэл Ром 16:20-ын биелэлтэд оролцохыг хүсэж байгаа бол тийн үйлдэх ёстой.

Ехова бол бидний авралын эх булаг мөн

19. Бид яагаад Еховаг хоргодох газраа болгодог вэ?

19 Жинхэнэ шүтэгч хүний талаар Бурхан юу хэлдгийг дуулалч: «Тэр Намайг хайрласан учраас Би түүнийг аварна. Тэр Миний нэрийг мэдсэн учраас Би түүнийг өргөмжилнө» хэмээн тэмдэглэсэн (Дуулал 91:14). «Би түүнийг өргөмжилнө» гэдэг үгийг махчилж орчуулбал «би түүнийг өндөр газар байрлуулна», өөрөөр хэлбэл хүрэхийн аргагүй газарт байлгана гэсэн үг ажээ. Еховаг шүтэгчид бид гол нь түүнд «хайртай» учраас түүнийг хоргодох газраа болгодог (Марк 12:29, 30; 1 Иохан 4:19). Ингэснээр Бурхан биднийг дайснуудаас маань авардаг. Бид хэзээ ч устгагдахгүй. Харин ч, Бурхны нэрийг мэддэг бөгөөд уг нэрийг сүсэглэн дууддаг учраас аврагдана (Ром 10:11–13). Бид «үүрд мөнх... ЭЗЭНий [«Еховагийн», ШЕ] нэр дотор алхахаар» эргэлт буцалтгүй шийдсэн (Мика 4:5; Исаиа 43:10–12).

20. 91 дүгээр дууллын төгсгөлд Ехова үнэнч үйлчлэгчдээ юу амладаг вэ?

20 91 дүгээр дууллын төгсгөлд Ехова өөрийн үнэнч үйлчлэгчийн тухайд: «Тэр Намайг дуудах бөгөөд Би түүнд хариулна. Саад бэрхшээлтэй үед Би түүнтэй хамт байна. Би түүнийг аварч, хүндлэх [«алдаршуулах», ШЕ] болно. Би түүнийг урт амьдралаар хангаж, түүнд Өөрийн авралыг үзүүлнэ» гэж хэлдэг (Дуулал 91:15, 16). Бид Бурханд хандан, хүсэл тааллынх нь дагуу залбирахад тэр биднийг сонсдог (1 Иохан 5:13–15). Сатаны дэгдээдэг дайсагналаас болж бид багагүй бэрхшээл амсаж эдэлсэн. Гэвч «саад бэрхшээлтэй үед Би түүнтэй хамт байна» гэсэн үг ирээдүйн сорилтод биднийг бэлтгэж, энэхүү ёс бус тогтолцоог устгах үед Бурхан хамгаална гэдэг итгэл төрүүлдэг.

21. Тослогдогсод хэрхэн аль хэдийн алдаршуулагдсан бэ?

21 Сатан улангасан эсэргүүцэж байгаа хэдий ч бидний дунд байгаа тослогдогсод дэлхий дээрх «урт амьдралынхаа» дараа Еховагийн тогтоосон цагт бүгд тэнгэрт алдаршуулагдана. Гэвч Бурхан тослогдогсдыг нэг биш удаа гайхалтайгаар аварсан нь тэдэнд сүнслэг алдрыг аль хэдийн авчиржээ. Өнөөгийн эцсийн өдрүүдэд дэлхий дээр Еховагийн Гэрчүүдийг удирдах нэр хүндтэй үүрэг тэдэнд оногдсон нь юутай аз завшаантай хэрэг вэ! (Исаиа 43:10–12). Ехова Армагеддон гэдэг агуу их дайны үед хэмжээгүй эрх мэдлээ зөвтгөж, ариун нэрээ ариусгахдаа өөрийн ард түмэнд агуу авралаа үзүүлнэ (Дуулал 83:18, ШЕ; Езекиел 38:23, ШЕ; Илчлэлт 16:14, 16).

22. Ехова хэнд «Өөрийн авралыг үзүүлэх» вэ?

22 Бид тослогдсон христианууд болон Бурханд өөрсдийгөө зориулсан, тэдний үнэнч хамтран зүтгэгчдийн аль нь ч байлаа гэсэн Бурхнаас аврал хайдаг. «ЭЗЭНий агуу, аймшигт өдөр» ирэхэд Бурханд чин үнэнчээр үйлчилдэг хүмүүс аврагдана (Иоел 2:30–32). Бурхны шинэ ертөнцөд эсэн мэнд орж, «үй олон хүний» бүрэлдэхүүнд багтах хийгээд эцсийн сорилтын үеэр үнэнч үлдэх хүмүүс «удаан амьдралаар хангагдах» буюу эцэс төгсгөлгүй амьдрах болно. Түүнээс гадна Ехова нас барсан хүнийг дахин амилуулна (Илчлэлт 7:9; 20:7–15). Ехова, Есүс Христээр дамжуулан бидэнд «Өөрийн авралыг үзүүлэхдээ» үнэндээ асар их баяр баясгалан эдэлнэ (Дуулал 3:8). Нэгэнт бидний өмнө тийм гайхамшигтай ирээдүй байгаа хойно Бурхны алдрын төлөө өөрсдийн өдрүүдээ тоолохдоо түүний тусламжид цаашид ч найдацгаая! Ехова бол хоргодох газар маань мөн гэдгийг бид үг яриа ба үйл хэргээрээ үргэлжлүүлэн баталцгаая!

[Зүүлт]

^ Христиан Грек Сударт 91 дүгээр дууллыг Мессиагийн тухай зөгнөл талаас авч үздэггүй. Гэхдээ Ехова Есүс Христийг хүн байхад хоргодох газар, бат цайз нь болдог байсан шигээ энэхүү «төгсгөлийн цаг үед» ч гэсэн сүнсээр тослогдсон Есүсийн дагалдагчид болон Бурханд өөрийгөө зориулсан, тэдний хамтран зүтгэгчдэд бүлгээр нь хоргодох газар, бат цайз болсоор байгаа нь эргэлзээгүй (Даниел 12:4, ШЕ).

Та яаж хариулах вэ?

• «Хамгийн Дээд Нэгний халхавч» гэж юу вэ?

• Бид ямар учраас айдаггүй вэ?

• Бидэнд «ямар ч аюул учрахгүй» гэдэг нь юу гэсэн үг вэ?

• Ехова бол бидний авралын эх булаг мөн гэж хэлж болохын учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]