Ехова бол хүлцэн тэвчдэг Бурхан
Ехова бол хүлцэн тэвчдэг Бурхан
«ЭЗЭН Бурхан өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба энэрэл хайраар... бялхам билээ» (ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 34:6).
1, 2. а) Дээр үед Еховагийн хүлцэл тэвчээрийн үр шимийг хэн хүртсэн бэ? б) «Хүлцэн тэвчих» гэж юу гэсэн үг вэ?
НОАГИЙН үеийнхэн, Мосетэй хамт цөлөөр хэсүүчилж явсан израильчууд болон Есүсийг дэлхий дээр үйлчилж байх үеийн иудейчүүд бүгд л өөр өөр нөхцөлд амьдарч байсан. Гэхдээ тэдний хэн хэн нь Еховагийн хүлцэн тэвчдэг гайхамшигтай чанарын үр шимийг хүртэж байв. Зарим хүний хувьд энэ нь амийн үнэ цэнтэй байв. Ехова хүлцэн тэвчдэг нь бидний хувьд ч мөн адил амь гэсэн үг юм.
2 Хүлцэн тэвчих гэж юу гэсэн үг вэ? Ехова үүнийг хэзээ, яах гэж илэрхийлдэг вэ? «Хүлцэн тэвчих» гэдгийг «муудсан харьцаагаа сайжруулах найдвараа алдалгүйгээр шударга бус явдал буюу доромжлолыг тэвчин тэсвэрлэх гэсэн үг юм» гэж тодорхойлжээ. Тэгэхлээр энэ чанар ямар нэгэн зорилго агуулдаг байна. Хүлцэн тэвчдэг хүн бол таагүй байдал үүсгэсэн хүнийхээ сайн сайхны талаар боддог. Гэхдээ хүлцэн тэвчих гэдэг нь буруу юмыг хамгаалж хаацайлна гэсэн үг биш юм. Зорилгодоо хүрэх юм уу байдлыг цаашид тэвчих нь утгагүй болсон нөхцөлд хүлцэл тэвчээр барагддаг.
3. Ехова ямар зорилгоор хүлцэн тэвчдэг вэ? Үүний хязгаар нь юу байх вэ?
3 Хүлцэн тэвчдэг хүмүүс байдаг хэдий ч энэ чанарын хосгүй жишээг Ехова үзүүлдэг. Бүтээгч ба хүмүүсийн хоорондох харьцааг эвдсэн нүгэлт хэргээс хойш Ехова олон жил тэвчин тэсвэрлэдэгээ харуулж, нүглээ гэмшсэн хүмүүст өөртэй нь харьцаагаа сайжруулах боломж олгосон арга хэмжээг авсан (2 Петр 3:9; 1 Иохан 4:10). Гэхдээ хүлцэл тэвчээр нь зорилгодоо хүрсэн тэр үед Бурхан, санаатайгаар бузар мууг үйлдэгчдийн эсрэг хөдөлж, эд юмсын өнөөгийн ёс бус тогтолцоог устгана (2 Петр 3:7).
Бурхны гол чанаруудтай зохицдог
4. а) «Хүлцэн тэвчих» гэдэг ойлголтыг Еврей Сударт хэрхэн илэрхийлдэг вэ? (Тэрчлэн зүүлтийг үзнэ үү.) б) Зөнч Нахум Еховаг хэрхэн дүрсэлсэн бэ? Энэ дүрслэл Еховагийн хүлцэл тэвчээрийн талаар юу хэлдэг вэ?
4 «Хүлцэн тэвчих» гэдэг ойлголтыг Еврей Сударт үгчилсэн утгаараа «хамрын нүхний урт» гэдэг эртний еврейн хоёр үгээр илэрхийлсэн байдаг ба «Шинэ Ертөнцийн орчуулга»-д «уурлахдаа удаан» хэмээн орчуулжээ *. Бурхны хүлцэл тэвчээрийн талаар зөнч Нахум: «ЭЗЭН бол уурлахдаа удаан, хүч чадлаар агуу. ЭЗЭН буруутныг шийтгэлгүй орхихгүй» хэмээн хэлжээ (Нахум 1:3). Эндээс харахад Еховагийн хүлцэн тэвчдэг нь сул доройн шинж биш бөгөөд түүнд хязгаар байдаг ажээ. Төгс хүчит Бурхан агуу их хүчтэйн зэрэгцээ уурлахдаа удаан байдаг нь түүний хүлцэл тэвчээр бол зориуд биеэ барьдгийн үр дүн юм. Тэрбээр шийтгэх эрхтэй хэдий ч буруутанд өөрчлөгдөх боломж олгох үүднээс санаатайгаар, үүнийг яаран хийдэггүй (Езекиел 18:31, 32). Тэгэхлээр Ехова хүлцэн тэвчдэг нь түүний хайрын илэрхийлэл бөгөөд эрх мэдлээ хэрэглэхдээ мэргэн ухаантайгаа харуулдаг ажээ.
5. Еховагийн хүлцэл тэвчээр шударга чанартай нь хэрхэн зохицдог вэ?
5 Түүнээс гадна Еховагийн хүлцэл тэвчээр нь түүний шударга чанар хийгээд зөвт байдалтай нь зохицдог. Ехова өөрийгөө Мосед «өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан [буюу хүлцэн тэвчдэг] ба энэрэл хайр, үнэнээр бялхам» Бурхан болохоо илчилсэн (Египетээс гарсан нь 34:6). Олон жилийн дараа Мосе Еховаг магтан: «Түүний бүх зам мөр нь шударга. Итгэмжит Бурханд худал хуурмаг үгүй. Тэр бол зөвт бөгөөд шударга» хэмээн дуулсан (Дэд хууль 32:4). Тийм ээ, Еховагийн өрөвч сэтгэл, хүлцэл тэвчээр, шударга чанар болон зөвт байдал нь бие биетэйгээ зохицдог.
Ехова Усан галав хүртэл хүлцэн тэвчсэн нь
6. Ехова, Адам Ева хоёрын үр удамд хүлцэн тэвчихийн гайхамшигтай жишээг хэрхэн үзүүлсэн бэ?
6 Адам Ева хоёрын Еденд үүсгэсэн самуун явдал нь тэднийг халамжит Бүтээгч Еховагаас нь үүрд салгасан (Эхлэл 3:8–13, 23, 24). Еховагаас ийнхүү хөндийрснөөрөө тэд үр удамдаа нүгэл, төгс бус байдал болон үхэл өвлүүлсэн (Ром 5:17–19). Анхны хүмүүн хос санаатайгаар нүгэлтэн болсон ч гэсэн Ехова тэднийг хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн. Хожим тэрбээр хайрын сэтгэлээс Адам Ева хоёрын үр удмыг өөртэйгөө эвлэрэх боломжоор хангасан (Иохан 3:16, 36). Элч Паул: «Биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм. Тиймд эдүгээ Түүний цусаар зөвтгөгдсөн бид тэр тусмаа Түүгээр дамжуулан уур хилэнгээс ч аврагдах болно. Учир нь хэрэв бид дайснууд байхдаа Хүүгийнх нь үхлээр Бурхантай эвлэрүүлэгдсэн юм бол тэр тусмаа бид Түүний амиар аврагдах болно» хэмээн тайлбарлажээ (Ром 5:8–10).
7. Ехова Усан галав хүртэл хэрхэн хүлцэн тэвчсэн бэ? Усан галав хүртэл амьдарч байсан үеийнхнийг устгасан нь яагаад зөв байсан бэ?
7 Ноагийн өдрүүдэд Ехова хүлцэн тэвчсэн. Усан галав болохоос өмнөх зуу гаруй жилийн турш «Бурхныг харахад дэлхий нь завхралд автсан байжээ. Учир нь дэлхий дээрх мах цустай бүхний үйл явдал эвдрэн завхарчээ» (Эхлэл 6:12). Тэглээ ч гэсэн Ехова хүн төрөлхтнийг тодорхой хугацаагаар хүлцэн тэвчсэн. Тэрбээр: «Миний Сүнс хүнтэй үүрд хамт оршихгүй болно. Учир нь хүн бол махан бие юм. Харин тэдний өдрүүд нь нэг зуун хорин жил болно» хэмээн хэлжээ (Эхлэл 6:3). Энэ 120 жилийн хугацаанд үнэнч Ноад гэр бүлтэй болж, Бурхны тушаасны дагуу хөвөгч авдар барьж, тухайн үеийнхэндээ болох гэж байгаа Усан галавын талаар урьдчилан сануулах боломж байсан. Элч Петр: «Ноагийн өдрүүдэд хөвөгч авдрыг баригдаж байх үед Бурхны тэвчээр [хүлцэн тэвчих гэдэгтэй холбоотой чанар] нь хүлээсээр байхад... Тэрхүү хөвөгч авдарт цөөн хүн буюу найман хүн байж, уснаас эсэн мэнд гарчээ» хэмээн бичсэн (1 Петр 3:20). Үнэндээ, Ноагийн дэлгэрүүлж байсан зүйлийг түүний гэрийнхнээс өөр хэн ч «анхаараагүй» юм (Матай 24:38, 39, ШЕ). Гэвч Ехова Ноагаар хөвөгч авдар бариулан, түүнийг хэдэн арван жилийн турш «зөвт байдлыг тунхаглагч» болгон үйлчлүүлэхдээ Ноагийн үеийнхэнд хүчирхийллийн замаа гэмшиж, Өөрт нь үйлчлэхээр эргэх хангалттай боломж олгосон (2 Петр 2:5; Еврей 11:7). Эдгээр арга хэмжээ авсны дараа тэр ёс бус үеийнхнийг устгасан нь туйлын зөв байсан юм.
Израилийг үлгэр жишээ хүлцэн тэвчсэн нь
8. Ехова Израилийн ард түмнийг хэрхэн хүлцэн тэвчсэн бэ?
8 Ехова Израилийг 120-иос хамаагүй олон жил хүлцэн тэвчсэн. 1 500 гаруй жилийн турш Бурхны сонгогдсон ард түмэн байх хугацаандаа израильчууд ихэнхэд нь Бурхны хүлцэл тэвчээрийг хязгаарт нь хүртэл сорьдог байсан. Египетээс ер бусын хүчээр чөлөөлснөөс нь хойш хэдхэн долоо хоногийн дараа тэд хиймэл шүтээн шүтдэг болсон. Ингэснээрээ тэд Аврагчаа огт хүндэтгэхгүй байгаагаа харуулсан (Египетээс гарсан нь 32:4; Дуулал 106:21). Дараагийн хэдэн арван жилийн турш израильчууд цөлд Еховагийн гайхамшгаар өгсөн хоолыг голж, Мосе Аарон хоёрт гомдоллон, Еховагийн эсрэг ярьцгаасан ба харь үндэстнүүдтэй садарлаж, тэр ч байтугай Баалыг шүтэх үйл ажиллагаанд нэгдэн оролцжээ (Тооллого 11:4–6; 14:2–4; 21:5; 25:1–3; 1 Коринт 10:6–11). Ехова ард түмнээ устгах эрхтэй байсан ч тэгээгүй, харин хүлцэн тэвчсэн (Тооллого 14:11–21).
9. Шүүгчид болон хаант засаглалын үед Ехова хүлцэн тэвчдэг Бурхан болохоо хэрхэн батлан харуулсан бэ?
9 Шүүгчдийн үед израильчууд нэг биш удаа хуурамч шүтээн шүтэх зам уруу халтиран орж байсан. Тэр болгонд нь Ехова тэднийг дайснуудаас нь хамгаалалгүй орхидог байв. Харин тэднийг гэмшиж, тусламж гуйн дуудахад нь Ехова хүлцэн тэвчиж, тэднийг аварсан «шүүгчдийг босгосон» (Шүүгчид 2:17, 18). Хаант засаглалтай байсан олон жилийн хугацаанд цөөн хэдхэн хаан л Еховад чин үнэнч байсан. Гэхдээ үнэнч хаадын үед ч гэсэн ард түмэн жинхэнэ шүтлэгийг хуурамч шүтлэгтэй байнга хольж хутгадаг байв. Ехова израильчуудад үнэнч бус байдлыг нь анхааруулахаар зөнчдийг босгоход тэд гол төлөв үл бүтэх тахилчид болон хуурамч зөнчдийн үгийг сонсохоо илүүд үздэг байв (Иеремиа 5:31; 25:4–7). Израильчууд Еховагийн үнэнч зөнчдийг мөрдөн хавчиж, тэр байтугай заримыг нь алсан (Шастирын дэд 24:20, 21; Үйлс 7:51, 52). Тэглээ ч гэсэн Ехова хүлцэн тэвчсээр л байсан (Шастирын дэд 36:15).
Ехова хүлцэн тэвчихээ болиогүй
10. Еховагийн хүлцэл тэвчээр хэзээ хязгаартаа хүрсэн бэ?
10 Гэвч Еховагийн хүлцэн тэвчих нь хязгаартайг түүх харуулдаг. Тэрбээр МЭӨ 740 онд Израилийн арван овогт хаант улсыг ялан дийлж, хүн ардыг нь олзлон авч явахыг ассиричуудад зөвшөөрсөн (Хаадын дэд 17:5, 6). Харин дараагийн зууны төгсгөлөөр Иудагийн хоёр овогт хаант улсыг довтолж, Иерусалимыг сүмтэй нь эвдэн устгахыг вавилончуудад зөвшөөрсөн (Шастирын дэд 36:16–19).
11. Ехова шийтгэл ноогдуулахдаа хүртэл хэрхэн хүлцэн тэвчдэг байсан бэ?
11 Гэхдээ Ехова Израиль болон Иудаг шийтгэхдээ хүртэл хүлцэл тэвчээрээ мартаагүй. Ехова зөнч Иеремиагаараа дамжуулан сонгосон ард түмнээ дахин сэргээхээ зөгнөн хэлсэн. Тэрбээр: «Вавилоны төлөө далан жил дуусахад та нарыг энэ газар уруу буцааж авчрахын тулд Би та нар уруу ирж, Өөрийн сайн үгийг та нарт биелүүлнэ. Би та нарт олдоно... Би та нарын сайн сайхныг сэргээж, та нарыг бүх үндэстнүүд болон Миний та нарыг зайлуулсан бүх газруудаас цуглуулах болно» хэмээн хэлсэн (Иеремиа 29:10, 14).
12. Мессиагийн хүрч ирэхийг тооцох ахул иудейчүүдийн үлдэгдэл эх орондоо Бурхны удирдлагаар ирсэн гэж хэлж болохын учир юу вэ?
12 Үнэндээ олзлогдон явсан израильчуудын үлдэгдэл Иудад буцаж ирээд Иерусалимын сэргээн босгосон сүмд Еховаг шүтэх шүтлэгийг сэргээсэн. Еховагийн санаа зорилгын дагуу бол үлдэгдэл сэргээн шинэчилж, цэцэглүүлэн хөгжүүлэх учиртай «ЭЗЭНээс ирсэн шүүдэр мэт» болох ёстой байв. Түүний зэрэгцээ тэд «ойн араатнуудын дундах арслан» мэт зоригтой бөгөөд хүчтэй байх ёстой байв (Мика 5:7, 8). Сүүлчийн хэллэг нь Маккабын үед биелсэн байж болох юм. Тэр үед иудейчүүд Маккабын гэрийнхний удирдлагаар дайснуудаа Амласан газраас элдэн хөөж, бузарласан сүмыг дахин ариусгажээ. Үүний ачаар өөр үнэнч үлдэгдэл Бурхны Хүүг Мессиа болон ирэхэд нь угтан хүлээн авахын тулд улс орон болон сүм хадгалагдан үлдсэн юм (Даниел 9:25; Лук 1:13–17, 67–79; 3:15, 21, 22).
13. Иудейчүүд Хүүг нь алснаас хойш ч гэсэн Ехова хэрхэн хүлцэн тэвчсэн бэ?
13 Тэр байтугай иудейчүүд Хүүг нь алснаас хойш ч гэсэн Ехова тэдэнд Абрахамын сүнслэг үрийн хэсэг нь болохоор дуудагдах хосгүй боломж олгон, гурван жил хагасын турш хүлцэн тэвчсэн (Даниел 9:27) *. МЭ 36 он хүртэл болон түүнээс хойш зарим иудей хүн энэхүү дуудлагыг хүлээн авсан ба тийнхүү хожим Паулын бичсэнээр «нигүүлсэнгүй сонголтын дагуу үлдэгсэд» бий болсон (Ром 11:5).
14. а) МЭ 36 онд Абрахамын сүнслэг үрийн хэсэг болох хосгүй боломж хэнд олдсон бэ? б) Ехова сүнслэг Израилийн гишүүдийг сонгосонд сэтгэл хөдөлснөө Паул хэрхэн илэрхийлсэн бэ?
14 МЭ 36 онд Абрахамын сүнслэг үрийн хэсэг болох хосгүй боломж иудей биш болон прозелит * байгаагүй хүмүүст анх олдсон. Тэрчлэн дуудлагыг хүлээн авсан бүх хүнийг Ехова нигүүлсэж, хүлцэн тэвчсэн (Галат 3:26–29; Ефес 2:4–7). Паул Еховагийн мэргэн ухаан болон өрөвч сэтгэлээрээ хүлцэн тэвчсэнийх нь ачаар сүнслэг Израилийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ цугласан тэр зорилгыг нь гүнээ хүндэтгэн талархаж: «Аяа, Бурхны мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий вэ! Түүний шүүлтүүд нь ямар ухаарагдашгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлэшгүй вэ!» хэмээн уулга алджээ (Ром 11:25, 26, 33; Галат 6:15, 16).
Ехова нэрийнхээ төлөө хүлцэн тэвчдэг
15. Бурхан хүлцэн тэвчдэгийн гол шалтгаан юу вэ? Ямар асуудлыг шийдэхэд цаг хугацаа шаардлагатай болсон бэ?
15 Ехова юуны учир хүлцэн тэвчдэг вэ? Юуны түрүүнд ариун нэрээ өргөмжилж, хэмжээгүй эрх мэдлийнхээ зөвийг батлах учиртай юм (1 Самуел 12:20–22). Ехова эрх мэдлээ хэрхэн хэрэглэж байгаа талаар Сатаны үүсгэсэн маргаантай асуудлыг бүх бүтээлийн өмнө эцэслэн шийдвэрлэхэд цаг хугацаа шаардлагатай байлаа (Иов 1:9–11; 42:2, 5, 6). Тийм учраас ард түмэн нь Египетийн дарлалд байхад Ехова фараонд: «Би Өөрийн хүчийг чамд үзүүлж, Өөрийн нэрийг бүх дэлхий даяар тунхаглахын тулд, үүний төлөө чамайг босгосон юм» хэмээн хэлсэн (Египетээс гарсан нь 9:16).
16. а) Хүлцэн тэвчсэнийнхээ ачаар Ехова «Өөрийнхөө нэрийн төлөөх хүмүүсийг» хэрхэн цуглуулж чадсан бэ? б) Ехова нэрээ хэрхэн ариусгаж, эрх мэдлээ хэрхэн зөвтгөх вэ?
16 Бурхны ариун нэрийг алдаршуулахад түүний хүлцэн тэвчдэг нь ямар үүрэгтэйг тайлбарлахдаа элч Паул Еховагийн фараонд хэлсэн үгийг иш татсан. Дараа нь Паул: «Хэрэв Бурхан Өөрийн уур хилэнгээ үзүүлэхийг, мөн хүч чадлаа мэдүүлэхийг хүсэж байвч, сүйрэлд зориулагдсан уур хилэнгийн савнуудыг их тэвчээртэйгээр тэссэн бол юу гэх вэ? Ингэснээр Тэрээр алдрын төлөө урьдаас Өөрийн бэлдсэн өршөөлийн савнуудад, зөвхөн иудейчүүдээс ч төдийгүй, мөн Харь үндэстнүүдийн дундаас бас Өөрийн дуудсан бидэнд хүртэл Өөрийнхөө алдрын баялгийг мэдүүлэх юм. Тэр Хосеа номд: „Минийх байгаагүй ард түмнийг Би «Миний ард түмэн»... гэж дуудна“ гэсэн юм» хэмээн бичсэн (Ром 9:17, 22–25). Ехова хүлцэн тэвчсэнийхээ ачаар үндэстнүүдээс «Өөрийнхөө нэрийн төлөөх хүмүүсийг» цуглуулж чадсан (Үйлс 15:14). Тэргүүн Есүс Христдээ захирагддаг энэ «ариун хүмүүс» Хаанчлалын өв залгамжлагчид юм. Ехова энэ Хаанчлалын тусламжтайгаар агуу нэрээ ариусгаж, хэмжээгүй эрх мэдлээ зөвтгөнө (Даниел 2:44; 7:13, 14, 27; Илчлэлт 4:9–11; 5:9, 10).
Ехова хүлцэн тэвчдэг нь авралд хүргэдэг
17, 18. а) Бид яавал Еховаг хүлцэн тэвчдэгийнх нь төлөө өөрөө ч мэдэлгүйгээр буруушаан шүүмжилсэн болох вэ? б) Биднийг Еховагийн хүлцэн тэвчдэгт хэрхэн хандахыг уриалдаг вэ?
17 Анхны хүмүүн хос гамшигт нүгэлд унасан тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл Ехова хүлцэн тэвчдэг Бурхан болохоо харуулсаар байгаа билээ. Усан галав хүртэл тэр хүлцэн тэвчсэн нь Ноагийн үеийнхэнд сануулах хийгээд аврагдахад шаардлагатай хэрэгсэл барихад хангалттай хугацаа олгосон. Гэвч тэвчээр нь хязгаартаа хүрч, Усан галав юүлсэн. Өнөөдөр ч гэсэн Ехова мөн адил агуу ихээр хүлцэн тэвчиж байгаа бөгөөд энэ нь зарим хүний бодож байснаас ч удаан хугацаагаар үргэлжилж байгаа билээ. Гэхдээ энэ бол бууж өгөх шалтгаан биш ээ. Хэрэв бууж өгвөл энэ нь хүлцэн тэвчдэгийнх нь төлөө Бурхныг зэмлэн буруушааж байна гэсэн үг болох юм. Паул: «Та Бурхны энэрэл өөрийг чинь гэмшүүлдэг гэдгийг мэдэлгүй, Түүний энэрэл, хүлцэл ба тэвчээрийн баяныг басамжлах уу?» хэмээн асуужээ (Ром 2:4).
18 Биднийг аврагдах хүртэл Бурхан хэдий хир хүлцэн тэвчих хэрэгтэйг хэн ч бүрэн дүүрэн мэдэхгүй. «Өөрсдийн авралыг айдас ба чичрэлээр [«үргэлжлүүлэн», ШЕ] биелүүлэгтүн» гэж Паул бидэнд уриалсан (Филиппой 2:12). Элч Петр итгэл нэгтнүүддээ: «Эзэн [«Ехова», ШЕ] удаашралыг тооцдог зарим хүний боддог шиг Өөрийнхөө амлалтад хойрго биш билээ. Харин ч Тэр хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй, бүгдийг гэмшилд ирээсэй хэмээн хүсэн та нарт тэвчээртэй ханддаг» хэмээн бичсэн (2 Петр 3:9).
19. Еховагийн хүлцэл тэвчээрт яаж хандвал бидэнд ач тустай байх вэ?
19 Тэгэхлээр Бурхан асуудлыг хэрхэн шийдэж байгаад тэвчээртэй хандацгаая. Тэвчээр алдахын оронд Петрийн цааш нь бичсэн сургамжийг мөрдөж, «бидний Эзний тэвчээрийг аврал хэмээн тооцоцгооё». Хэн аврагдах вэ? Бид болон «Хаанчлалын энэхүү сайн мэдээг» сонсох шаардлагатай өөр олон хүн аврагдах болно (2 Петр 3:15; Матай 24:14). Энэ нь Еховагийн өгөөмөр баян хүлцэл тэвчээрийг өндрөөр үнэлж, бусдыг хүлцэн тэвчдэг болоход маань тус нөлөөтэй.
[Зүүлт]
^ Эртний еврей хэлэнд уурлах гэсэн санааг «хамар» буюу «хамрын нүх» («аф») гэдэг үгээр зүйрлэн хэрэглэх нь олонтаа байжээ. Учир нь уурласан хүн хамраа сарталзуулан амьсгалдаг.
^ Энэ зөгнөлийн илүү дэлгэрэнгүй тайлбарыг «Даниелын зөгнөлийг анхаарагтун!» номын 190—194 хуудаснаас үзэж болно. Уг номыг Еховагийн Гэрчүүд эрхлэн гаргасан юм (англи).
^ Иудейн шашинд орсон өөр үндэстний хүмүүс.
Та тайлбарлаж чадах уу?
• Библид байдаг «хүлцэн тэвчих» гэдэг үг ямар утга илэрхийлдэг вэ?
• Усан галав хүртэл болон израильчууд Вавилонд олзлогдсоны дараа, мөн МЭ нэгдүгээр зуунд Ехова хэрхэн хүлцэн тэвчсэн бэ?
• Ехова ямар чухал шалтгааны улмаас хүлцэн тэвчдэг вэ?
• Еховагийн хүлцэл тэвчээрт бид хэрхэн хандах ёстой вэ?
[Догол мөрийн асуулт]