Skip to content

Гарчиг руу орох

«Надаас суралц»

«Надаас суралц»

«Надаас суралц»

«Буулгыг минь өөр дээрээ авч, надаас суралц. Учир нь би дөлгөөн ааштай бөгөөд зүрхэндээ даруухан. Та нар сэргэх болно» (МАТАЙ 11:29, ШЕ).

1. Есүсээс суралцах нь яагаад таатай бөгөөд амьдралыг баяжуулдаг вэ?

 ЕСҮС ХРИСТ ямагт Еховад таалагдах байдлаар боддог, заадаг, үйлддэг байсан. Түүний дэлхий дээр амьдарсан нь богинохон ч гэлээ тэрээр үр дүнтэй, бас сэтгэлийн ханамж өгдөг ажлаа хийн, жаргалтай байсан билээ. Тэрээр шавь нар цуглуулж, тэдэнд Бурхныг шүтэх, хүмүүсийг хайрлах хийгээд ертөнцийг ялахыг заасан (Иохан 16:33). Тэрээр тэдний зүрхийг итгэл найдвараар дүүргэн, «амь ба үхэшгүй байдлыг сайн мэдээгээр дамжуулан гэрэлд авчирсан» (2 Тимот 1:10). Хэрэв та өөрийгөө Есүсийн шавь гэж үздэг бол шавь байх гэдэг таны бодлоор чухам юу гэсэн үг вэ? Шавийн тухай Есүсийн юу хэлснийг авч үзвэл бид амьдралаа хэрхэн баяжуулахыг мэдэж авна. Үүнд түүний үзэл бодлыг хүлээн зөвшөөрч, зарим нэг үндсэн зарчмыг биелүүлэх ч бас орно (Матай 10:24, 25; Лук 14:26, 27; Иохан 8:31, 32; 13:35; 15:8).

2, 3. а) Есүсийн шавь байх гэдэг юу гэсэн үг вэ? б) «Би хэний шавь бэ?» гэж өөрөөсөө асуух нь яагаад чухал вэ?

2 Христиан Грек Сударт «шавь» хэмээн орчуулсан үг нь оюун санаагаа ямар нэг зүйлд чиглүүлэгч, суралцагч хүн гэсэн үндсэн утгатай ажээ. Үүнтэй гарал нэгтэй үг энэхүү өгүүллийн үндэс болсон зүйлд байдаг. Матай 11:29-д: «Буулгыг минь өөр дээрээ авч, надаас суралц. Учир нь би дөлгөөн ааштай бөгөөд зүрхэндээ даруухан. Та нар сэргэх болно» (ШЕ) гэж буй. Тийм ээ, шавь гэдэг бол суралцагч хүн юм. Евангелид «шавь» гэдэг үгээр гол төлөв Есүсийн дотны дагалдагчдыг, өөрөөр хэлбэл, түүнийг дэлгэрүүлэхэд нь хамт аялж, түүгээр заалгасан хүмүүсийг хэлсэн байдаг. Зарим хүн Есүсийн сургаалыг зөвхөн хүлээн зөвшөөрдөг байсан ч үүнийгээ нуудаг байжээ (Лук 6:17; Иохан 19:38). Евангелийг бичигчид бас «[Баптисм хүртээгч] Иоханы шавь нар болон фарисайчуудын шавь нар» гэж бичсэн нь байдаг (Марк 2:18). Нэгэнт Есүс дагалдагчдадаа «фарисайчуудын... сургаалаас болгоомжил» гэж хэлсэн болохоор бид өөрсдөөсөө «Би хэний шавь бэ?» гэж асуух хэрэгтэй (Матай 16:12).

3 Хэрэв бид Есүсийн шавь мөн бөгөөд түүнээс суралцсан юм бол бусад хүн бидэнтэй хамт байхдаа сүнслэгээр сэргэдгээ мэдрэх ёстой. Бид урьдынхаасаа илүү дөлгөөн ааштай бөгөөд зүрхэндээ даруухан болсныг тэд олж харах учиртай. Хэрэв бид ажил дээрээ удирдан зохион байгуулах алба хашдаг, эсвэл эцэг эх, эсвэл христиан хуралд хоньчны үүрэг хүлээдэг бол анхаарал халамжид маань байдаг хүмүүс бидний хандлагыг Есүсийнхтэй адилхан гэж мэдэрдэг үү?

Есүс хүмүүст хэрхэн ханддаг байсан нь

4, 5. а) Зовж зүдэрсэн хүмүүст Есүсийн хэрхэн хандаж байсныг мэдэх яагаад хэцүү биш вэ? б) Есүсийг нэгэн фарисайн гэрт зоог барих үед юу болсон бэ?

4 Есүс хүмүүст, тэр дундаа ноцтой бэрхшээл тулгарсан хүмүүст хэрхэн ханддаг байсныг мэдэх хэрэгтэй. Үүнийг мэдэх тийм хэцүү биш ээ. Учир нь Есүс олон хүнтэй, ялангуяа зовж зүдэрсэн нэгэнтэй уулзаж учирч байсан тухай Библид олонтаа бичсэн байдаг. Гэтэл яг л адилхан зовлонтой хүмүүст тэр цагийн шашны удирдагчид, үүний дотроос фарисайчууд хэрхэн хандаж байсныг бас авч үзье. Ингэж харьцуулах нь биднийг зөв ойлголттой болоход тусална.

5 МЭ 31 онд Есүсийг Галилд дэлгэрүүлэх аяллаа хийж байхад «фарисайчуудын нэг нь Түүнээс өөртэй нь хамт зоог барихыг хүсжээ». Есүс тэр урилгыг хүлээн авсан. «Есүс мөнөөх фарисай хүний гэрт орж тухлан суув. Үзэгтүн, тэр хотод нэгэн нүгэлт эмэгтэй байжээ. Тэр эмэгтэй Есүсийг фарисай хүний гэрт тухлан буйг дуулаад, гөлтгөнөн савтай үнэт тос авчирж, Түүний хөлд, ард талд нь зогсоод, уйлж нулимсаараа хөлийг нь норгож үсээрээ арчаад, хөлийг нь үнэсэж, үнэт тосоороо тослов» (Лук 7:36–38).

6. «Нэгэн нүгэлт эмэгтэй» фарисайн гэрт хэрхэн очсон байж болох вэ?

6 Та өмнө өгүүлсэнийг төсөөлж байна уу? Нэгэн бүтээлд: «Тухайн үеийн нийгэмд гачигдалтай хүмүүсийг тийм зоогт очиж идэш уушных нь үлдэгдлээс авахыг зөвшөөрдөг байсныг тэр эмэгтэй (37-р зүйл) завшаан болгон ашиглажээ» гэж дурджээ. Хүн айлд урилгагүй ч орж болдог байсныг үүгээр тайлбарлаж болох юм. Хоолны өвдөл цөвдөл горьдож очсон өөр олон хүн байсан байж магадгүй. Гэхдээ тэр эмэгтэй огт өөр байдалтай байв. Зоог хэзээ өндөрлөхийг холоос хараад зогсоод байсангүй. Тэрээр «нүгэлт эмэгтэй» гэдгээрээ олонд муу нэртэй байсан болохоор Есүс хүртэл түүнийг «олон нүгэлтэй» гэж мэдэж байжээ (Лук 7:47).

7, 8. а) Лук 7:36–38-д бичсэн шиг байдалд орвол та яах байсан бэ? б) Симон хэрхэн хандсан бэ?

7 Та өөрийгөө хэдэн зууны өмнө аваачаад Есүсийн оронд тавиад үз дээ. Яаж хандах байсан бэ? Эмэгтэй өөр уруу тань ойртох үед эвгүй байх байсан уу? Ямар мэдрэмж төрөх байсан бол оо? (Лук 7:45). Та айж сандрах уу?

8 Хэрэв та тэнд цугласан зочдын нэг байсан бол Симон гэгч фарисайтай бага ч гэсэн адилхан бодох байсан уу? «Есүсийг урьсан фарисай хүн үүнийг хараад, „Хэрэв энэ хүн эш үзүүлэгч мөн байсан бол Түүнд гар хүрч буй энэ эмэгтэй хэн болохыг, түүний нүгэлт хүн болохыг нь мэдэх учиртайсан“ хэмээн дотроо бодсон» (Лук 7:39). Гэтэл Есүс туйлын өрөвч энэрэнгүй хүн байлаа. Тэрээр эмэгтэйн зовлон гунигийг ойлгож байв. Эмэгтэй хэрхэн яаж яваад нүгэлт амьдралд орсныг бид хэлж мэдэхгүй. Хэрэв тэр үнэхээр янхан байсан юм бол иудейн шашинд чин сүжиглэдэг гэх тэр хотын эрэгтэйчүүд түүнд туслахыг оролдоогүй нь илт байна.

9. Есүс нүгэлт эмэгтэйд хэрхэн хандсан бэ? Ямар үр дүн гарсан байж болох вэ?

9 Харин Есүс түүнд тус болохыг хүссэн. Есүс: «Нүгэл чинь уучлагдсан» гээд цааш нь: «Итгэл чинь чамайг аварлаа. Амар тайван яв даа» гэж хэлсэн (Лук 7:48–50). Энэ үгээр уг явдлын тухай бичсэн хэсэг өндөрлөжээ. Есүс тэр эмэгтэйн төлөө нэг их юм хийсэнгүй гэж хэн нэг нь хэлж болох юм. Юутай ч, Есүс түүнийг сайшаагаад явуулсан. Тэр эмэгтэй ахиад л өнөөх харуусмаар амьдралдаа эргэн орсон гэж та бодож байна уу? Яасныг нь бид баттай хэлж чадахгүй ч Лук цааш нь юу бичсэнийг анхаарч үзье. Тэрээр Есүсийг «нэг хот, суурингаас нөгөөд хүрч, Бурхны хаанчлалыг тунхаглаж, дэлгэрүүлж байв» гэж бичжээ. Түүнчлэн «зарим эмэгтэй» Есүс болон шавь нартай нь хамт байж, «өмч хөрөнгөөрөө тус нэмэр болж байсан» хэмээн тэмдэглэжээ. Нүгэлдээ гэмшиж, Бурханд талархсан тэр эмэгтэй тэдний дунд байж, цэвэр мөс чанартай болж, амьдралын утга учрыг ухааран ойлгоод Еховаг улам ихээр хайрлан, түүнд таалагдах хэлбэрээр амьдрах болсныг үгүйсгэх аргагүй (Лук 8:1–3).

Есүс болон фарисайчуудын хоорондох ялгаа

10. Есүс болон тэр эмэгтэйн Симоны гэрт байсан түүхийг авч үзэх нь ямар ач тустай вэ?

10 Энэ явдлаас бид юунд суралцаж болох вэ? Энэ бол үнэхээр сэтгэл хөдөлгөм түүх биш гэж үү? Та өөрийгөө Симоны гэрт байгаагаар төсөөл дөө. Танд ямар байх вэ? Есүс шиг хандах байсан болов уу, эсвэл гэрийн эзэн фарисайнхтай адил гэмээр санаа төрөх байсан уу? Есүс Бурхны Хүү байсан учраас бид бүхнийг яг түүн шиг сэтгэж мэдэрч, хийж бүтээж үл чадна. Гэхдээ бид Симон фарисай шиг байхыг бас хүсэхгүй. Фарисайтай адилхан байгаадаа баярлан бахдах хүн төдий л олонгүй болов уу.

11. Бид яагаад фарисайчуудтай адилхан байхыг хүсдэггүй вэ?

11 Библийн болон Библийн бус баримт сөхвөл фарисайчууд өөрсдийгөө улс үндэстний зол жаргал, олон түмний сайн сайхныг сахин хамгаалагч гэж дээгүүр үздэг байсан нь харагддаг. Бурхны Хууль маш энгийн бөгөөд ойлгоход хялбар байсан нь тэдэнд таалагдаагүй юм. Хууль бүрэн тодорхой биш санагдвал тэд Хуулийн цоорхой гэж үзсэн бүхэндээ маш нарийн тоочин бичсэн нэмэлт оруулж, мөс чанарынхаа дагуу шийдэх боломжийг үгүй хийхийг улайрч байлаа. Тэр шашны удирдагчид бүх асуудлыг тэр байтугай, аар саархан асуудлыг ч дүрэм журамд нийцүүлэхийг оролдож байв *.

12. Фарисайчууд өөрсдийгөө хэрхэн үздэг байсан бэ?

12 Нэгдүгээр зууны иудейн түүхч Иосеф Флавийгийн бүтээлээс харвал фарисайчууд өөрсдийгөө сайхан сэтгэлтэй, номхон дөлгөөн, шударга, ард олныг сургах ажилд бүрэн тохирсон хүмүүс гэж үздэг байсан нь илэрхий байна. Зарим фарисай үнэхээр тэр хэмжээнд ойрхон байсан нь эргэлзээгүй. Таны санаанд Никодем бууж байж ч магад (Иохан 3:1, 2; 7:50, 51). Тэдний зарим нь аажмаар Есүсийн дагалдагч болсон билээ (Үйлс 15:5). Элч Паул фарисайчуудыг оролцуулаад зарим иудей хүний талаар: «Тэд Бурхны төлөө хичээл зүтгэлтэй боловч, энэ нь мэдлэгийн дагуу биш» гэж бичсэн (Ром 10:2). Гэсэн ч Евангелид тэдний тухай жирийн ардын нүдээр харж бичихдээ тэднийг бардам, ихэмсэг, өөртөө эрдсэн, алдаа хайдаг, бусдыг шүүж, дорд үздэг гэж тэмдэглэжээ.

Есүсийн үзэл бодол

13. Есүс фарисайчуудын тухай юу хэлсэн бэ?

13 Хуулийн багш нар болон фарисайчуудыг Есүс хоёр нүүртэн хэмээн эрс буруушаадаг байсан. «Тэд хүнд ачаанууд баглаж хүмүүсийн мөрөн дээр тавьдаг атлаа өөрсдөө тэр ачаанд хуруугаа ч хүргэхийг хүсдэггүй» байсан. Тийм ээ, хүмүүсийн үүрсэн ачаа үнэхээр хүнд, буулга нь холгодог байсан. Цааш нь Есүс хуулийн багш нар болон фарисайчуудыг «мунхаг» хэмээсэн. Мунхаг хүн нийгэмд аюултай байдаг. Есүс тэднийг «сохор газарчид» гэж нэрлээд «Хуулийн чухал нөхцлүүд болох шударга ёс, өршөөл, итгэлтэй байдлыг орхигдуулдаг» гэсэн. Есүст өөрийгөө фарисай шиг гэж бодуулахыг хэн хүсэх билээ? (Матай 23:1–4, 16, 17, 23).

14, 15. а) Есүс Матай Левид хэрхэн хандсаныг авч үзвэл фарисайчуудын юу тодорхой болдог вэ? б) Энэ явдлаас бид ямар чухал сургамж авч болох вэ?

14 Евангелийг уншсан хэн боловч ихэнх фарисай аливаад шүүмжлэлтэй ханддаг байсныг ойлгоно. Есүс татвар хураагч Матай Левийг шавиа болохыг урьсны дараа Леви түүнд зориулж том зоог барьсан. Библид: «Фарисайчууд, мөн тэдний хуулийн багш нар: „Та нар чинь яагаад татвар хураагчид болон нүгэлтнүүдийн хамт идэж, ууж байдаг билээ?“ гэж Түүний шавь нарт дургүйцэн хэлэхэд Есүс тэдэнд: „...Би зөвт хүнийг бус, харин нүгэлтнүүдийг гэмшилд дуудахаар ирсэн юм“ гэв» хэмээн бичсэн байдаг (Лук 5:27–32).

15 Тэр үед Есүсийн: «Явж „Би тахилыг бус, энэрлийг хүсдэг“ гэсэн нь ямар учиртайг мэд» хэмээхэд Леви өөр нэг зүйлийг ойлгосон (Матай 9:13). Хэдийгээр фарисайчууд еврей зөнчдийн бичээсүүдэд итгэдэг гэдэг байсан авч Хосеа 6:6-д бичсэн үгийг хүлээн зөвшөөрдөггүй байсан юм. Тэдний хувьд дүрэм журмыг чанд баримтлахыг шаардсан аман уламжлалдаа үнэнч байх нь энэрэнгүй байхаас чухал байжээ. Бид өөрөөсөө: «Би аливаа асуудлыг шийдэхдээ хувийн үзэл бодлоо юм уу нийтийн жишгийг чанд баримтладаг хүний тоонд ордог уу? Эсвэл хүмүүс намайг ямагт энэрэнгүй ханддаг сайхан сэтгэлтэй хүн гэж боддог уу?» гэж асуух хэрэгтэй.

16. Фарисайчууд ямар байсан бэ? Тэдэн шиг байхаас хэрхэн зайлсхийж болох вэ?

16 Юм л бол өө сэв эрж хайх нь фарисайчуудын зан байлаа. Тэд үнэхээр бодитой байсан ч, эсвэл өөрсдөд нь тэгж санагдах төдий байсан ч бүх юмыг өөлдөг байв. Хүмүүст алдаа дутагдлыг нь хэлж сануулахдаа үргэлж бэлэн байдаг байв. Фарисайчууд гаа, гоньд, зираа зэрэг өвсний аравны нэгийг өгдөгтөө бардамнадаг байсан. Тэд сүсэг бишрэлтэй болохоо хувцас хунаараараа харуулж, ард олныг захирахыг хүсдэг байв. Хэрэв бидний үйл хэрэг Есүсийн үлгэр жишээтэй нийцээсэй гэж хүсвэл бусдаас өө сэв эрж, түүнийг нь дөвийлгөх хандлагаас зайлсхийх ёстой нь тодорхой.

Есүс асуудалд хэрхэн ханддаг байсан бэ?

17-19. а) Ноцтой уршиг тарьж болох байсан асуудлыг Есүс хэрхэн шийдсэнийг тайлбарлана уу. б) Юуны учраас тэр тохиолдол төвөгтэй, таагүй байсан бэ? в) Эмэгтэйг Есүст хүрэх үед та тэнд байсан бол яах байсан бэ?

17 Есүсийн асуудалд ханддаг арга нь фарисайчуудынхаас огт өөр байлаа. Их ноцтой уршиг тарьж болох байсан нэг тохиолдолд Есүс хэрхэн хандсаныг авч үзье. Энэ бол 12 жилийн турш цус алдах өвчнөөр шаналсан нэг эмэгтэйтэй холбоотой хэрэг юм. Энэ тухай та Лук 8:42–48-ыг уншаарай.

18 «Марк» номд тэр эмэгтэйн тухай «айж чичирсээр ирж» гэж бичсэн буй (Марк 5:33). Яагаад? Тэр эмэгтэй Бурхны Хуулийг зөрчснөө мэдэж байсан учраас айсан нь эргэлзээгүй. Левит 15:25–28-ын дагуу эмэгтэй хүн зүй бусаар цус алдаж байгаа бол тэр хугацаандаа болон цус тогтсоноос хойш долоо хоногийн хугацаанд бузар хэмээн тооцогддог байлаа. Түүний хүрсэн бүх хүнийг, бүх юмыг бузар гэж үздэг байв. Есүст хүрэхийн тулд тэр эмэгтэй хурсан олны дундуур явах хэрэгтэй байлаа. Энэ явдлын тухай 2 000 жилийн дараа одоо уншиж байгаа бидэнд ч түүнийг өрөвдөх сэтгэл төрдөг.

19 Хэрэв та яг тэнд байсан бол тэр эмэгтэйд хэрхэн хандах байсан бэ? Юу гэж хэлэх байсан бол? Есүс өнөөх эмэгтэйг өрөвдөн хайрлаж, сайхан сэтгэлээр хандан, ухаалаг байж, түүний учруулж болох байсан яршиг төвгийн талаар дурдаа ч үгүй өнгөрснийг анхаараарай (Марк 5:34).

20. Хэрэв Левит 15:25–28-ын шаардлага одоо ч гэсэн хэвээр байсан бол бидэнд ямар бэрхшээл учрах байсан бэ?

20 Энэ явдлаас бид ямар нэг юм сургамж авч болох уу? Та өөрийгөө христиан хурлын ахлагч, мөн Левит 15:25–28 одоо ч христиан хүнд тавигддаг шаардлага бөгөөд нэг эгч тэр хуулийг зөрччихөөд сандарч, яахаа мэдэхгүй байна гээд төсөөлөөд үз дээ. Та яах байсан бэ? Түүнийг хатуу зэмлэн, олны өмнө гутаах байсан уу? «Үгүй яалаа гэж. Би хэзээ ч ингэхгүй! Харин ч Есүсийн жишээг дуурайн, түүнийг өрөвдөн хайрлаж, сайхан сэтгэлээр хандан, ухаалаг байж санаа тавихыг хичээнэ» гэж байна уу, та? Тэгвэл их сайн байна! Гэхдээ энэ бүхнийг хийх, өөрөөр хэлбэл Есүсийн жишээг дуурайх амаргүй.

21. Есүс хүмүүст Хуулийн тухай юу заасан бэ?

21 Есүс өөрсдийг нь сэргээж, урамшуулж, эрч хүч өгдгийг хүмүүс мэдэрсэн. Бурхны Хуульд тодорхой заасан зүйлийг тэр чигээр нь биелүүлэх ёстой байв. Харин Хуульд ерөнхийлөн тусгасан асуудалд мөс чанарынхаа дагуу хандаж, улмаар Бурхныг хайрладгаа гаргасан шийдвэрээрээ харуулах учиртай байлаа. Хууль үнэхээр уян хатан байсан (Марк 2:27, 28). Бурхан ард түмнээ хайрлаж, ямагт сайн сайхных нь төлөө санаа тавьж, бүдэрч эндэхэд нь энэрхэд бэлэн байлаа. Есүс ч мөн тийм байсан (Иохан 14:9).

Есүсийн сургаалын үр дүн

22. Есүсээс суралцсан шавь нар ямар сэтгэлгээтэй болсон бэ?

22 Есүсийг сонсож, шавь нь болсон хүмүүс: «Миний буулга эвтэйхэн бөгөөд миний ачаа хөнгөн» гэж хэлсэн үгийнх нь үнэнийг ухаарсан (Матай 11:30, ШЕ). Есүс тэднийг хэзээ ч дарамталж, зовлонд унагаж, тэдэнд эцэс төгсгөлгүй номлол айлдаж байгаагүй. Хүмүүс илүү эрх чөлөөтэй, аз жаргалтай болж, Бурхантай болон бие биетэйгээ тогтоосон харьцаагаа бэхжүүлж байлаа (Матай 7:1–5; Лук 9:49, 50). Сүнслэг удирдагч байх гэдэг нь бусдыг сэргээдэг, зүрх болоод ухаанаар дөлгөөн байхыг хэлдгийг тэд Есүсээс л мэдсэн (1 Коринт 16:17, 18; Филиппой 2:3).

23. Есүстэй хамт байснаар шавь нар нь ямар чухал зүйлд суралцсан ба ямар дүгнэлт хийсэн бэ?

23 Түүнээс гадна, Христтэй нэгдэж, түүний сэтгэлгээ шиг сэтгэлгээтэй болох нь хичнээн чухал болохыг олон хүн гүнзгий мэдэрсэн юм. Тэрээр шавь нартаа хандан: «Эцэг Намайг яаж хайрласан шиг Би бас та нарыг хайрласан. Миний хайр дотор байгтун. Би Эцгийнхээ тушаалыг сахьж, Түүний хайр дотор байдгийн адил, та нар Миний тушаалыг сахивал Миний хайр дотор байх болно» гэж хэлсэн (Иохан 15:9, 10). Хэрэв тэд Бурхны үйлчлэгч байж амжилттай үйлчлэхийг хүсвэл Бурхны гайхамшигт сайн мэдээний тухай олон түмэнд дэлгэрүүлж заахдаа ч, гэр бүлийнхэн болон анд нөхөдтэйгээ харьцахдаа ч Есүсээс сурснаа чармайн хэрэгжүүлэх учиртай байлаа. Ах дүүс нэмэгдэн хурал бүрэлдэхийн хэрээр христианууд Есүсийн замаар замнах нь зөв гэдгийг эргэн санах үе, шаардлага гарч байлаа. Түүний зааж сургасан нь үнэн байсан бөгөөд тэдний үзэж харсан, Есүсийн туулсан амьдралын хэв маяг нь хүсэж тэмүүлэх тэр зүйл яах аргагүй мөн байлаа (Иохан 14:6; Ефес 4:20, 21).

24. Есүсийн жишээнээс бид юуг анхаарах хэрэгтэй вэ?

24 Энэхүү өгүүлэлд хэлэлцсэн зүйлийг эргэцүүлэн бодоод та ямар байдлаар засарч сайжрах хэрэгтэйгээ анзаарав уу? Есүс ямагт Еховад таалагдах байдлаар боддог, заадаг, үйлддэг байсан гэдэгтэй та санал нийлэх үү? Тэгвэл одоо бүү назгаарайгтун! Есүс: «Хэрэв та нар эдгээрийг мэдэж, үйлдвэл ерөөлтэй [«аз жаргалтай», ШЕ]» гэж урам хайрласан үгээ бидэнд хэлсэн билээ (Иохан 13:17).

[Зүүлт]

^ «[Есүс болон фарисайчуудын хоорондох] үндсэн ялгаа нь тэдний Бурхныг ойлгох эсрэг тэсрэг ойлголтоос илэрхий болдог. Фарисайчуудын хувьд Бурхан бол юуны түрүүнд шаардлага тавьдаг нэгэн бол, харин Есүсийн хувьд энэрэнгүй өршөөнгүй юм. Мэдээж фарисай Бурхныг сайн, хайрладаг гэдгийг үгүйсгээгүй боловч түүний ойлгодгоор Тора [Хууль] өгч, Хуулиар шаардсан зүйлийг биелүүлэх боломж олгосноороо Бурхан дээрх чанаруудаа илэрхийлжээ. [...] Аман уламжлалыг хуулийг тайлбарласан дүрэм журмынх нь хамтаар сахивал фарисайн хувьд Тораг биелүүлсэн хэрэг болох байв. [...] Харин Есүс Бурхныг болон «хөршөө» хайрлах (Мат. 22:34–40) тушаалыг хуулийн тайлбарын хэмжээнд хүртэл онцлон чухалчилж, аман уламжлалыг ягштал баримтлахаас татгалзсан нь Хуулийг үзэмжээрээ тайлбарладаг байсан фарисайчуудтай зөрчилдөхөд хүргэсэн» («The New International Dictionary of New Testament Theology»).

Та хэрхэн хариулах вэ?

• Есүсийн шавь байх гэдэг таны хувьд юу гэсэн үг вэ?

• Есүс хүмүүст хэрхэн ханддаг байсан бэ?

• Есүсийн заах арга маягаас юу сурч болох вэ?

• Фарисайчууд болон Есүсийн хооронд ямар ямар ялгаа байсан бэ?

[Догол мөрийн асуулт]