Skip to content

Гарчиг руу орох

Сайн мэдээний ивээл хишиг

Сайн мэдээний ивээл хишиг

Сайн мэдээний ивээл хишиг

«Номхон хүмүүст сайн мэдээ хэл гэж Ехова намайг тосолсон юм. Тэр намайг шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээн... гашуудагсдыг тайвшруулахын тулд илгээсэн билээ» (ИСАИА 61:1, 2, ШЕ).

1, 2. а) Есүс өөрийнхөө талаар юуг, яаж илчилсэн бэ? б) Есүсийн тунхагласан сайн мэдээ ямар ивээл хишиг авчирсан бэ?

 ЕСҮС дэлхий дэх үйл ажиллагаагаа дөнгөж эхэлснийхээ дараа амралтын нэгэн өдөр Назар хотын синагогт очжээ. Библид бичсэнээр «Түүнд эш үзүүлэгч [зөнч] Исаиагийн номыг өргөн барив. Есүс номыг нээн, доор бичигдсэн хэсгийг олоод: „Эзний [«Еховагийн», ШЕ] Сүнс Над дээр байна. Учир нь сайн мэдээг... дэлгэрүүл гэж Тэр Намайг тосолсон юм“» гээд, зөгнөлөөс цааш нь үргэлжлүүлэн уншив. Тэгээд: «Энэхүү Судар өнөөдөр сонсголд тань биеллээ» гэж хэлээд суужээ (Лук 4:16–21).

2 Тийнхүү Есүс зөгнөлд хэлэгдсэн, сайн мэдээ тунхаглагч бөгөөд тайвшруулагч мөн гэдгээ харуулсан юм (Матай 4:23). Есүсийн хэлсэн тэр мэдээ үнэхээрийн сайн мэдээ байлаа! Есүс тэнд байсан хүмүүст хандан: «Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно» гэж айлджээ (Иохан 8:12). Тэрчлэн, «Хэрэв та нар Миний үгэн дотор байвал үнэхээр Миний дагалдагчид байна. Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө» хэмээн хэлжээ (Иохан 8:31, 32). Тийм ээ, Есүст «мөнх амийн үгс» байсан юм (Иохан 6:68, 69). Гэрэл, амь, эрх чөлөө — энэ бүхэн бол эрхэмлэн үнэлэх ёстой ивээл хишиг мөн!

3. Есүсийн шавь нар ямар сайн мэдээ дэлгэрүүлсэн бэ?

3 Есүсийн эхэлсэн, сайн мэдээ тунхаглах ажлыг МЭ 33 оны Пентекостын өдрийн дараа шавь нар нь үргэлжлүүлсэн. Тэд «хаанчлалын сайн мэдээг» израильчууд болон бусад үндэстэнд дэлгэрүүлсэн (Матай 24:14; Үйлс 15:7; Ром 1:16). Мэдээг хүлээн авсан хүмүүс Ехова Бурхныг мэддэг болсон. Тэд шашны боолчлолоос чөлөөлөгдөж, тэнгэрээс Эзэн Есүс Христтэй хамт мөнхөд захирах сүнслэг шинэ үндэстэн буюу «Бурхны Израилийн» гишүүн болсон (Галат 5:1; 6:16; Ефес 3:5–7; Колоссай 1:4, 5; Илчлэлт 22:5). Үнэхээрийн гайхамшигтай ивээл хишиг биш гэж үү!

Сайн мэдээ тунхаглах ажил өнөөдөр

4. Сайн мэдээ дэлгэрүүлэх даалгавар өнөөдөр хэрхэн биелж байна вэ?

4 Өнөөдөр тослогдсон христианууд «өөр хонинуудын» «үй олон хүний» дэмжлэг туслалцаатайгаар анх Есүст өгөгдсөн зөгнөлийн даалгаврыг үргэлжлүүлэн биелүүлж байна (Иохан 10:16, МБОХ, 1996 он; Илчлэлт 7:9). Үүний үр дүнд сайн мэдээг урьд өмнө үзэгдээгүй тийм өргөн хэмжээгээр дэлгэрүүлж байна. Еховагийн Гэрчүүд дэлхийн 235 улс орон, нутаг дэвсгэрийн «номхон хүмүүст сайн мэдээ хэлж... шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээн, олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, хоригдлуудын нүдийг бүлтийлгэн, мөн ЭЗЭНий тааламжит жил, бидний Бурхны өшөө авах өдрийг тунхаглан, гашуудагсдыг тайвшруулж» байна (Исаиа 61:1, ШЕ, 2). Тэгэхлээр христиануудын гүйцэтгэдэг сайн мэдээ тунхаглах ажил нь хүмүүст ивээл хишиг авчрах хэргийг үргэлжлүүлж, «аливаа зовлонд орогсдыг» үнэхээр тайвшруулж байгаа билээ (2 Коринт 1:3, 4).

5. Сайн мэдээ дэлгэрүүлэх талаар Еховагийн Гэрчүүд христ шашны ертөнцийн сүмүүдийн сүсэгтнүүдээс юугаараа ялгаатай вэ?

5 Христ шашны ертөнцийн сүмүүд янз бүрийн аргаар сайн мэдээ тунхагладаг нь үнэн. Прозелитизмийн үйл ажиллагаа явуулах зорилгоор олон сүм миссионерүүдээ өөр улс оронд илгээдэг. Жишээ нь: Үнэн алдартны шашны нэгэн хэвлэлд Мадагаскар, Танзани, Зимбабве болон Африкийн өмнөд хэсгийн орнуудад байгаа үнэн алдартны шашны миссионерүүдийн үйл ажиллагааны талаар мэдээлдэг («The Orthodox Christian Mission Center Magazine»). Гэхдээ үнэн алдартны болон христ шашны ертөнцийн бусад сүмийн сүсэгтнүүдийн дийлэнх олонх нь тийм үйл ажиллагаанд оролцдоггүй. Гэтэл Бурханд өөрийгөө зориулсан Еховагийн Гэрчүүд бүгд сайн мэдээ тунхаглах ажилд оролцдог. Сайн мэдээ тунхагласнаараа тэд жинхэнэ итгэлтэй болохоо харуулж байна гэж ойлгодог. Паул: «Хүн зүрхэндээ итгэн зөвт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрөн [«олон түмэнд амаараа тунхаглан», ШЕ] авралд хүрнэ» гэж хэлсэн. Итгэл нь үйл хэргээр нь харагддаггүй бол үнэндээ үхмэл ажээ (Ром 10:10; Иаков 2:17).

Мөнхийн ивээл хишиг авчирдаг сайн мэдээ

6. Өнөөдөр ямар сайн мэдээ дэлгэрүүлдэг вэ?

6 Еховагийн Гэрчүүд зүйрлэх аргагүй сайн мэдээ дэлгэрүүлдэг. Тэд Библиэ нээгээд, хүн төрөлхтнийг Бурханд ойртож, нүглээ наманчлан, мөнх амьдрах найдвартай болгохын тулд Есүс амиа золиосолсныг уриалган хүмүүст үзүүлдэг (Иохан 3:16; 2 Коринт 5:18, 19). Тэд тослогдсон Хаан Есүс Христ тэргүүтэй Бурхны Хаанчлал тэнгэрт байгуулагдсан бөгөөд энэхүү Хаанчлал нь удахгүй дэлхийгээс бузар мууг устган зайлуулж, Диваажинг сэргээнэ гэж тунхагладаг (Илчлэлт 11:15; 21:3, 4). Тэд Исаиагийн зөгнөлийг биелүүлэх явцдаа бусдад, одоо бол сайн мэдээг хүлээн авах боломж байсаар байгаа «ЭЗЭНий тааламжит жил» байна шүү гэж мэдэгддэг. Тэрчлэн үл гэмшигч ёс бус хүмүүсийг устгах, «бидний Бурхны өшөө авах өдөр» удахгүй болох гэж байгааг сануулдаг (Дуулал 37:9–11).

7. Ямар тохиолдол Еховагийн Гэрчүүдийн эв нэгдлийг харуулдаг вэ? Яагаад тийм эв нэгдэлтэй байдаг вэ?

7 Энэ бол эмгэнэлт явдал, гай гамшгаар дүүрсэн ертөнцөд мөнхийн ашиг тустай цорын ганц сайн мэдээ юм. Түүнийг хүлээн авч байгаа хүмүүс үндэс угсаа, овог аймаг, хөрөнгө зоорийн ялгааг хоорондоо хана болгон босгохыг зөвшөөрдөггүй христиануудын дэлхий дахины нэгдмэл ах дүүгийн барилдлагад нэгддэг. Тэд «эв нэгдлийн төгс холбоос болсон хайрыг өмссөн» бөлгөө (Колоссай 3:14; Иохан 15:12). Үүнийг өнгөрсөн жил Африкийн нэгэн оронд болсон үйл явдал тод харуулж байна. Нэгэн өглөө нийслэл хотынхон буун дуунаар сэржээ. Төрийн эргэлт хийх гэсэн оролдлого байжээ. Хэрэг явдал угсаатан хоорондын мөргөлдөөний шинжтэй болоход нэгэн Гэрч айлыг гэртээ өөр үндэс угсааны Гэрчүүдийг нуусан хэргээр буруутгажээ. Гэтэл тэр айлынхан: «Манайд зөвхөн Еховагийн Гэрчүүд л суудаг» гэж хариулсан байна. Тэдний хувьд үндэс угсааны ялгаа бус, харин хүмүүст шаардлагатай үед нь тайвшрал өгдөг христиан хайр л чухал байсан юм. Тэр айлын Гэрч биш нэгэн хамаатан: «Бүх л шашны сүсэгтнүүд итгэл нэгтнүүдээсээ урвасан байв. Зөвхөн Еховагийн Гэрчүүд л тэгээгүй» хэмээн хэлжээ. Иргэний дайн дүрэлзэн асаж байгаа улс орнуудад болдог дээрхтэй төстэй тохиолдлуудаас Еховагийн Гэрчүүд үнэхээр «ахан дүүсийн холбоонд байдаг хүн нэг бүрийг хайрладаг» нь харагддаг (1 Петр 2:17, ШЕ).

Сайн мэдээ хүмүүсийг өөрчилдөг

8, 9. а) Сайн мэдээ хүлээж авсан хүмүүс яаж өөрчлөгддөг вэ? б) Сайн мэдээний хүчийг ямар ямар тохиолдол харуулж байна вэ?

8 Сайн мэдээ бол Паулын нэрлэсэн «одоогийн болон ирэх амьдралд» хамаатай (1 Тимот 4:8, ШЕ). Уг мэдээ нь гайхамшигтай сайхан ирээдүйд бат итгэх итгэл өгөөд зогсохгүй бас «одоогийн амьдралаа» сайжруулах бололцоо олгодог. Еховагийн Гэрч болгон амьдралаа Бурхны хүсэл таалалд нийцүүлэхийн тулд Бурхны Үг болох Библийг удирдлага болгодог (Дуулал 119:101). Еховагийн Гэрчүүд зөвт хийгээд чин үнэнч байдал зэрэг чанарыг хөгжүүлдэг бөгөөд үүний ачаар тэд өөрчлөгддөг (Ефес 4:24).

9 Франкогийн жишээг авч үзье. Тэрээр уураа барьж чаддаггүй нэгэн байв. Нэг л юм болохоо байвал хагартлаа уурлан гартаа тааралдсан болгоныг аваад хага чулууддаг байлаа. Эхнэр нь Еховагийн Гэрчүүдтэй Библи судалж эхэлсэн бөгөөд Гэрчүүдийн үлгэр жишээ яваандаа Франкод зан байдлаа өөрчлөх шаардлагатай юм байна гэдгээ ойлгоход тусалжээ. Тэрээр тэдэнтэй Библи судалдаг болж, эцэстээ сүнсний үр жимсний бүрэлдэхүүнд ордог амар тайван, өөрийгөө захирах байдал зэрэг чанарыг илэрхийлдэг болсон аж (Галат 5:22, 23). Франко 2001 оны үйлчлэлийн жил Бельги улсад баптисм хүртсэн 492 хүний нэг нь болсон байна. Бас Алехандрод юу тохиолдсоныг авч үзье. Тэр залуу мансууруулах бодист донтох болж, хог хаядаг цэгт амьдрах хүртлээ дордсон ба мансууруулах бодис худалдаж авахын тулд зарж борлуулж болохоор зүйлсийг тэндээс эрж цуглуулдаг болжээ. Алехандрог 22 настай байхад Еховагийн Гэрчүүд түүнд Библи судлахыг санал болгоход тэр зөвшөөрсөн байна. Тэрээр өдөр бүр Библи уншин, Гэрчүүдийн цуглаанд очдог болжээ. Амьдрал нь богино хугацаанд хэвэндээ орж, зургаан сар ч бололгүй сайн мэдээ тунхаглах ажилд оролцдог болсон бөгөөд өнгөрсөн жил Панамд сайн мэдээ тунхагласан 10 115 хүний нэг нь болсон байна.

Сайн мэдээ бол номхон хүмүүст ивээл хишиг юм

10. Сайн мэдээг ямар хүн хүлээж авдаг вэ? Тэдний үзэл бодол яаж өөрчлөгддөг вэ?

10 Сайн мэдээг номхон хүмүүст дэлгэрүүлэх болно гэж Исаиа зөгнөсөн. Тэр номхон хүмүүс нь хэн бэ? «Үйлс» номд «мөнх амийн талаар зөв хандлагатай хүмүүс» хэмээн бичигдсэн тэр хүмүүс юм (Үйлс 13:48, ШЕ). Тэд бол үнэний мэдээнд зүрхээ нээсэн, нийгмийн бүх давхаргын даруу хүмүүс юм. Бурхны хүсэл тааллыг биелүүлэх нь энэ ертөнцийн санал болгодог ямар ч юмтай зүйрлэхийн аргагүй их ивээл хишиг авчирдгийг тэд мэддэг (1 Иохан 2:15–17). Гэвч, Еховагийн Гэрчүүд сайн мэдээ тунхаглахдаа хүмүүсийн зүрхэнд яаж хүрдэг вэ?

11. Элч Паулын хэлснээр сайн мэдээг хэрхэн дэлгэрүүлэх ёстой вэ?

11 Одоо, коринтчуудад: «Ах дүү нар аа, би та нарт хүрсэн цагтаа сайхан үгс буюу цэцэн ухаанаар Бурхны нууцыг эс дэлгэрүүлсэн бөлгөө. Юу гэвэл, би та нарын дунд Есүс Христ ба Түүний загалмайд цовдлогдсоноос өөр юуг ч мэдэхгүй байхаар шийдэв» хэмээн бичсэн элч Паулын жишээг авч үзье (1 Коринт 2:1, 2). Паул сонсогчдодоо боловсролоороо гайхуулахыг хүсээгүй. Тэрээр дээрээс ирснээс өөр юу ч заагаагүй бөгөөд тэр нь өнөөдрийн Библид байдаг тэр л зүйл юм. Тэрчлэн Паул өөртэй нь хамт сайн мэдээ тунхаглаж явсан Тимотыг хэрхэн урамшуулсныг нь авч үзье. Тэрээр: «Үгийг тунхагла» гэж бичсэн (2 Тимот 4:2). Тимот «үг» буюу Бурхнаас өгсөн мэдээг дэлгэрүүлэх ёстой байлаа. Паул бас: «Чи өөрийгөө ичих явдалгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээгтүн» хэмээн бичжээ (2 Тимот 2:15).

12. Өнөөдөр Еховагийн Гэрчүүд Паулын үг болоод жишээг хэрхэн анхаардаг вэ?

12 Еховагийн Гэрчүүд Паулын жишээг, мөн түүний, Тимотод хандан хэлсэн үгийг анхаардаг. Тэд Бурхны Үгийн хүчийг ойлгож мэддэг бөгөөд бусдад хандан итгэл найдвар хийгээд тайвшралын тохиромжтой үг хэлэхдээ Библийг сайн ашигладаг (Дуулал 119:52; 2 Тимот 3:16, 17; Еврей 4:12). Түүнчлэн Еховагийн Гэрчүүд сонирхсон хүмүүст чөлөөт цагаараа Библийн талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэхэд нь туслах зорилгоор Библид үндэслэсэн ном, хэвлэл өгдөг. Тэгэхдээ Ариун Сударт чухам юу гэж бичсэн байдгийг үзүүлэхийг ямагт хичээдэг. Бурхны онгод оруулсан Үг даруу хүмүүсийн зүрхэнд хүрэх болно гэдгийг тэд мэддэг. Түүнээс гадна Бурхны Үгийг ашигласнаар өөрсдийнх нь итгэл улам бэхэждэг.

«Гашуудагсдыг тайвшруулах»

13. 2001 онд ямар үйл явдлын улмаас «гашуудагсдыг тайвшруулах» шаардлага гарсан бэ?

13 2001 онд гай зовлон багагүй тохиолдсон бөгөөд олон хүнд тайвшрал хэрэгтэй болсон. Өнгөрсөн оны есдүгээр сард АНУ террорист халдлагад өртсөн нь үүний нэгэн тод жишээ юм. Уг халдлагын үеэр террористууд Нью-Йорк хотод байдаг Дэлхийн Худалдааны Төв болон Вашингтоноос холгүй оршдог Пентагон уруу довтолсон. Энэ үйл явдал улс орныг бүхэлд нь цочирдуулсан билээ! Тиймэрхүү үйл явдлын үеэр Еховагийн Гэрчүүд «гашуудагсдыг тайвшруулах» даалгавраа биелүүлэхийг хичээдэг. Уг даалгавраа хэрхэн биелүүлдгийг харуулсан хэдэн жишээ авч үзье.

14, 15. Еховагийн Гэрчүүд хоёр өөр тохиолдолд гашуудагсдыг тайвшруулахын тулд Библийн зүйлээс хэрхэн үр дүнтэй ашигласан бэ?

14 Бүрэн цагаар үйлчилдэг нэгэн Гэрч замаар явж байсан эмэгтэй дээр хүрч очоод саяхан болсон террорист халдлагын талаар юу бодож байгааг нь сонирхоход тэр эмэгтэй шууд л уйлж эхэлсэн байна. Тэгээд тун их гашуудан харамсаж байгаагаа болон ямар нэгэн байдлаар туслахсан гэж хүсэж байгаагаа ярьжээ. Гэрч эмэгтэй хариуд нь Бурхан бүх хүнд маш их анхаарал халамж тавьдаг тухай хэлээд Исаиа 61:1, 2-ыг уншиж өгчээ. Бурхны онгод оруулан бичүүлсэн эдгээр үг мөнөөх эмэгтэйн сэтгэлд их ойр бууж, тэрээр хүн болгон л гашуудаж байгаа тухай хэлжээ. Эмэгтэй танилцуулга авч, Гэрчийг гэртээ урьсан байна.

15 Хоёр Гэрч дэлгэрүүлж яваад пиндээ юм хийж байсан нэгэн эрэгтэйтэй уулзжээ. Тэд түүнд саяхан Дэлхийн Худалдааны Төвд болсон эмгэнэлт явдлын дараа хүмүүст шаардагдах болсон тайвшруулах үгийг Библиэс үзүүлэхийг санал болгосон байна. Мөнөөх эр зөвшөөрч, хоёр Гэрч 2 Коринт 1:3–7-гоос: «Тайвшрал... Христээр дамжуулан арвин байдаг» гэдэг үгийг уншиж өгчээ. Тэр эр, Гэрчүүдийг хүмүүст тайвшруулах үг хэлж яваад талархан: «Та нарын сайн үйлсийг Бурхан ивээх болтугай» гэж хэлжээ.

16, 17. Эмгэнэлт явдлаас болоод гашуудаж байгаа буюу сэтгэл санаа нь зовж байгаа хүмүүст Библийн тусламжтайгаар тусалж болдгийг ямар хоёр жишээ харуулж байна вэ?

16 Нэгэн Гэрч сонирхсон хүмүүстэй давтан уулзаж яваад урьд нь үнэнийг сонирхож байсан эмэгтэйн хүүтэй тааралдсан байна. Тэгээд түүнд саяхан болж өнгөрсөн эмгэнэлт явдлын дараа хүмүүс хэрхэн хүнд байдалд орсон талаар санаа зовж яваа тухайгаа хэлжээ. Гэрч зориуд цаг гаргаад хүмүүсийг эргэж яваад мөнөөх эр ихэд гайхсан аж. Тэр эрэгтэй террорист халдлагын үеэр Дэлхийн Худалдааны Төвөөс холгүйхэн газар ажиллаж байсан бөгөөд болсон бүхнийг харсан тухайгаа ярьжээ. Бурхан яагаад зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрдгийн учрыг асуухад Гэрч Библиэс хэд хэдэн зүйл, түүний дотор Дуулал 37:39-ийг уншиж өгсөн байна. Тэнд: «Зөв шударга хүний аврал ЭЗЭНээс ирдэг. Тэрээр бэрх цагт тэдний хүч чадал юм» гэж байдаг. Мөнөөх эр, Гэрчээс өөрт нь болон гэрийнхэнд нь муу юм тохиолдсон эсэхийг элгэмсгээр асуугаад дахин ирэхийг урьсан бөгөөд ирж уулзсанд нь чин сэтгэлээсээ талархсан байна.

17 Хоёр Гэрч хөршийнхөөрөө эргэлт хийж яваад уулзсан эмэгтэй бол террорист халдлагын дараа Еховагийн Гэрчүүдийн тайвшруулсан олон мянган «гашуудагсдын» нэг байсан юм. Тэр эмэгтэй болж өнгөрсөн үйл явдлаас болоод маш их хямарсан байсан бөгөөд Дуулал 72:12–14-өөс: «Тэрээр гачигдагчийг тусламж гуйн хашхирахад нь, мөн дарлагдагчийг болон туслагчгүй нэгнийг ч бас аварна. Тэрээр ядуус ба гачигдагсдыг өршөөх бөгөөд гачигдагсдын амийг аврах болно. Тэр тэдний амийг дарамт ба хүчирхийллээс аврах бөгөөд тэдний цус түүний нүдэнд үнэтэй байх болно» гэж уншиж өгөхөд их анхааралтай сонсжээ. Эдгээр нь цагаа олсон үг байлаа! Эмэгтэй Гэрчүүдээс энэ зүйлээ дахин уншиж өгөхийг гуйгаад, яриагаа үргэлжлүүлэхийн тулд гэртээ орохыг урьжээ. Яриа дуусахад Библийн хичээл эхлэхээр болсон байлаа.

18. Нэгэн Гэрчээс хамт олноо төлөөлж залбирахыг гуйхад нь тэдэнд хэрхэн тусалсан бэ?

18 Нэг Гэрч баячуудын дүүрэгт байдаг зоогийн газар ажилладаг ажээ. Тэр дүүргийн хүмүүс урьд нь Хаанчлалын тухай сайн мэдээг төдийлөн сонирхдоггүй байж. Террорист халдлагын дараа тэндхийн оршин суугчид цочирдсон байгаа нь илт байлаа. Эмгэнэлт явдал болсон долоо хоногийн Баасан гаригийн орой зоогийн газрын менежер эмэгтэй бүх ажилчдыг лаа барин гарч, амь эрсэдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн, нэг минут чимээгүй зогсохыг уриалжээ. Гэрч хамт ажиллагсдаа хүндэтгэн, тэдэнтэй хамт гарч, явган хүний зам дээр чимээгүй зогсжээ. Менежер түүнийг „Еховагийн Гэрчүүд“ гэдэг шашны байгууллагын гишүүн гэдгийг мэдэж байсан учраас хүндэтгэл үзүүлсний дараа залбирахыг гуйсан байна. Гэрч зөвшөөрч, залбирахдаа болсон явдлын дараа олон хүн гашуудаж байгаа хийгээд гашуудагсад цөхрөх хэрэггүй талаар хэлжээ. Тэрээр тийм аймшигт явдал гарахгүй байх цаг ирэх тухай, тайвшруулдаг Бурханд ойртоход нь Библийн нарийн зөв мэдлэг бүх хүнд туслах тухай хэлжээ. «Амен» гэж хэлсний дараа менежер болон зоогийн газраас гарч ирсэн өөр 60 гаруй хүн түүн дээр хүрч ирээд тэвэрч, талархал илэрхийлсэн ба менежер эмэгтэй түүнд урьд өмнө нь ийм залбирал сонсоогүй тухайгаа хэлжээ.

Нийгэмд үзүүлэх сайн нөлөө

19. Зарим хүн Еховагийн Гэрчүүдийг сайн хүмүүс гэж хүлээн зөвшөөрдгийг ямар тохиолдол харуулдаг вэ?

19 Ялангуяа энэ өдрүүдэд Еховагийн Гэрчүүдийн очиж уулзсан хүмүүс тэдний үйл ажиллагаа их ашиг тустайг мэдэрсэн байна. Тэдгээрээс заримыг дээр дурдсан билээ. Тийм ээ, энх тайван, шударга ёс, цэвэр ариун ёс суртахуун түгээн дэлгэрүүлж байгаа хүмүүс сайн нөлөө үзүүлэхгүй байна гэж үү? Төв Азийн нэг оронд Гэрчүүд аюулаас хамгаалах байгууллагын чөлөөнд гарсан нэгэн офицертой уулзжээ. Тэрээр янз бүрийн шашны байгууллагуудыг судлах даалгавар авч байснаа ярьсан байна. Еховагийн Гэрчүүдийн байгууллагыг судлах явцдаа тэдний шударга байдал сайн үйлсийг хараад өндөр сэтгэгдэл төрсөн аж. Гэрчүүдийн хатуу итгэл хийгээд сургаалаа Библид үндэслэн заадаг нь түүний гайхшийг төрүүлжээ. Тэр эр Библи судлахыг зөвшөөрсөн байна.

20. а) Өнгөрсөн онд Еховагийн Гэрчүүдийн гүйцэтгэсэн ажил юу харуулж байна вэ? б) Бидний өмнө маш их ажил байгааг юу харуулж байна вэ? Сайн мэдээ тунхаглах хосгүй ажлаа бид хэрхэн үздэг вэ?

20 Энэ мэтээр олон жишээ дурдаж болох ч энэхүү өгүүлэлд түүвэрлэн бичсэн тохиолдлоос 2001 оны үйлчлэлийн жил Еховагийн Гэрчүүд их ажил хийсэн нь харагдаж байна *. Тэд олон сая хүнтэй уулзан ярилцаж, гашуудсан олон хүнийг тайвшруулсан бөгөөд сайн мэдээ тунхаглах ажил нь үр өгөөж сайтай байлаа. 263 431 хүн өөрийгөө Бурханд зориулснаа бэлэгдэн баптисм хүртжээ. Дэлхий даяар сайн мэдээ тунхаглагчдын тоо 1,7 хувиар өссөн байна. Есүс Христийн үхлийг Дурсах оройн зоогт 15 374 986 хүн оролцсоныг тооцон үзэх аваас өмнө маань их ажил байгаа ажээ (1 Коринт 11:23–26). Бид сайн мэдээ хүлээн авах номхон хүмүүсийг цаашид ч хайсаар байх болно. «ЭЗЭНий тааламжит жил» үргэлжилж байгаа цагт бид «шаналсан зүрхтэй хүмүүсийг» тайвшруулсаар байх болно. Бидний ажил юутай сайхан бэ! «Би ЭЗЭНий дотор ихэд бахдан, сэтгэл минь миний Бурханд баярлана» хэмээн хэлсэн Исаиагийн үгийг бид бүгдээрээ эргэлзэлгүй давтан хэлдэг (Исаиа 61:10). «Эзэн БУРХАН бүх үндэстнүүдийн өмнө үнэн зөв ба магтаалыг бий болгоно» гэсэн зөгнөлийн үгээ биелүүлэхдээ Бурхан биднийг ашигласаар байх болтугай (Исаиа 61:11).

[Зүүлт]

^ 2001 оны үйлчлэлийн жилийн Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааны тайлангаас хавсралт хуудсанд тусгасан буй.

Та санаж байна уу?

• Есүсийн дэлгэрүүлсэн сайн мэдээ номхон хүмүүст ямар ивээл хишиг авчирсан бэ?

• Нэгдүгээр зуунд Есүсийн шавь нарын тунхагласан сайн мэдээг хүлээн авсан хүмүүс ямар ивээл хишиг хүртсэн бэ?

• Өнөөдөр сайн мэдээг уриалган хүлээн авч байгаа хүмүүс ямар ивээл хишиг хүртэж байна вэ?

• Сайн мэдээ тунхаглах хосгүй боломжоо бид хэрхэн үздэг вэ?

[Догол мөрийн асуулт]