Сайхан сэтгэл үргэлж гаргагтун
Сайхан сэтгэл үргэлж гаргагтун
«Алив сайн [«сайхан сэтгэл», ШЕ], зөвт байдал ба үнэн дотор гэрлийн үр жимс байна» (ЕФЕС 5:9).
1. Өнөөдөр Дуулал 31:19-д бичсэн үгтэй санал нэгддэгээ олон сая хүн хэрхэн харуулж байна вэ?
ХҮНИЙ хийж чадах хамгийн сайн үйл бол Еховаг алдаршуулах явдал билээ. Өнөөдөр олон сая хүн сайхан сэтгэлийнх нь төлөө Бурхныг магтан, энэ сайн үйлийг хийж байна. Еховагийн чин үнэнч Гэрчийн хувьд бид: «Танаас эмээгчдэд Таны хуримтлуулсан... сайн сайхан [«сайхан сэтгэл», ШЕ] тань... хэчнээн агуу вэ!» хэмээн дуулсан дуулалчтай бүх зүрхээрээ санаа нийлдэг юм (Дуулал 31:19).
2, 3. Хэрэв бид шавь бэлдэх ажилд оролцохдоо хэлж ярьдаг зүйлээ сайн үйлсээрээ харуулахгүй бол юу болох вэ?
2 Еховагаас сүсэглэн эмээх нь бидэнд сайхан сэтгэлийнх нь төлөө түүнийг магтах хүсэл төрүүлдэг. Тэрчлэн энэ айдас биднийг «[Еховад] талархал өргөн, түүнийг магтаж, хаанчлалынх нь сүр жавхлангийн тухай ярихад» хүргэдэг (Дуулал 145:10–13). Тийм учраас бид Хаанчлалын тухай дэлгэрүүлж, шавь бэлдэх ажилд чармайн оролцдог юм (Матай 24:14; 28:19, 20). Дэлгэрүүлэх үедээ ярьсан зүйлээ сайн үйлсээр харуулах ёстой нь ойлгомжтой. Эс тэгвэл Еховагийн ариун нэрийг гутамшиг болгоно.
3 Олон хүн Бурхныг шүтдэг гэдэг ч үйл хэрэг нь онгодоор бичүүлсэн Үгэнд нь байдаг хэм хэмжээтэй таардаггүй. Элч Паул ам ажил хоёр нь зөрдөг хүмүүсийн талаар: «Бусдад заагч та өөртөө заадаггүй юм уу? „Хулгай бүү хий“ гэж номлодог та өөрөө хулгай хийдэг юм уу? „Бүү завхайр“ гэж ярьдаг та өөрөө завхайрдаггүй юм уу? [...] „Бурхны нэр та нараас болж Харь үндэстнүүдийн дунд доромжлогддог“ гэж бичигдсэн байдаг» хэмээн бичжээ (Ром 2:21, 22, 24).
4. Бидний сайн үйлс ямар үр дүнд хүргэдэг вэ?
4 Бид Еховагийн нэрийг гутаахгүй, харин сайн үйлсээрээ алдаршуулахыг хичээдэг. Энэ маань Еховагийн Гэрч биш хүмүүст эерэгээр нөлөөлдөг ба биднийг эсэргүүцэгчдийн амыг тагладаг (1 Петр 2:15). Бидний сайн үйлсийн илүү чухал нь хүмүүсийг Еховагийн байгууллага уруу татаж, тэдэнд Еховаг алдаршуулан, мөнхийн амьтай болох боломж олгодог явдал юм (Үйлс 13:48).
5. Одоо бид ямар ямар асуулт авч үзэх хэрэгтэй вэ?
5 Хэдийгээр бид төгс бус ч гэсэн Еховаг гутааж, үнэнийг хайж байгаа хүмүүсийг бүдрүүлдэг үйлсээс хэрхэн зайлсхийж болох вэ? Хэрхэн сайхан сэтгэл гаргаж болох вэ?
Гэрлийн үр жимс
6. «Харанхуйн үр жимсгүй ажлуудад» юу юу ордог вэ? Христиануудын дунд ямар «үр жимс» ил тод байх ёстой вэ?
6 Өөрсдийгөө Бурханд зориулсан христианууд бидэнд «харанхуйн үр жимсгүй ажлуудаас» зайлсхийхэд тусалдаг зүйл байдаг. «Харанхуйн үр жимсгүй ажлуудад» худал хэлэх, хулгай хийх, харааж зүхэх, завхай үг ярих, эрээ цээргүй аашлах, марзганах, архидан согтуурах зэрэг Бурхныг гутаадаг үйл хэргүүд ордог (Ефес 4:25, 28, 31; 5:3, 4, 11, 12, 18). Бид иймэрхүү хэрэгт холбогдолгүй, «гэрлийн хүүхдүүд шиг явдаг». «Алив сайн [«сайхан сэтгэл», ШЕ], зөвт байдал ба үнэн дотор гэрлийн үр жимс байдаг» гэж элч Паул хэлсэн (Ефес 5:8, 9). Гэрэлд явбал үргэлж сайхан сэтгэл гаргаж чадна. Гэвч энэ нь ямар гэрэл бэ?
7. Сайхан сэтгэлийн үр жимсийг үргэлж илэрхийлж байхын тулд яах ёстой вэ?
7 Хэрэв бид сүнслэг гэрэлд явах аваас төгс бус гэлтгүй сайхан сэтгэл гаргаж чадна. Дуулалч: «Таны үг бол миний хөл дэх дэнлүү, миний зам дахь гэрэл юм» хэмээн дуулсан билээ (Дуулал 119:105). Хэрэв бид «алив сайхан сэтгэлээр» «гэрлийн үр жимсийг» үргэлж илэрхийлье гэвэл Бурхны Үгэнд байдаг бөгөөд Еховагийн Гэрчүүдийн ном хэвлэлээр нямбайлан судалж, цуглаануудаар тогтмол хэлэлцдэг сүнслэг гэрлийг байнга ашиглах учиртай (Лук 12:42; Ром 15:4; Еврей 10:24, 25). Түүнээс гадна «ертөнцийн гэрэл» хийгээд «[Еховагийн] алдрын туяа» болсон Есүс Христийн жишээ ба сургаалыг онцгой анхаарах хэрэгтэй (Иохан 8:12; Еврей 1:1–3).
Сүнсний үр жимсний хэсэг
8. Сайхан сэтгэл гаргаж чаддагийн маань учир юу вэ?
8 Сайхан сэтгэл гаргахад сүнслэг гэрэл тусалдаг нь эргэлзээгүй. Түүнээс гадна Бурхны ариун сүнс буюу үйлдэх хүч удирддаг болохоор бид энэ сайхан чанарыг илэрхийлж чаддаг. Сайхан сэтгэл бол «сүнсний үр жимсний» нэг нь юм (Галат 5:22, 23). Еховагийн ариун сүнсэнд захирагдах аваас ариун сүнс бидэнд сайхан сэтгэлийн гайхамшигтай үр жимсийг бий болгоно.
9. Лук 11:9–13-т бичсэн Есүсийн үгийн дагуу үйл хэргээ хэрхэн явуулж болох вэ?
9 Сүнсний үр жимсний нэг болох сайхан сэтгэл гаргаж, Еховад таалагдах гэсэн чин хүсэл маань биднийг Есүсийн: «Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. Учир нь гуйдаг хүн бүр авна, эрж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ. Эцгүүд та нарын нэгнээс чинь хүү нь загас гуйвал оронд нь могой өгөхгүй нь лавтай. Тийм биш гэж үү? Эсвэл хүү нь өндөг гуйвал, эцэг нь хилэнцэт хорхой өгөхгүй биз дээ? Эсвэл та нар [төгс бус учраас их бага ямар нэг хэмжээгээр] бузар атлаа хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй» гэж хэлсэн үгтэй зохицсон үйл ажиллагаа явуулахад хүргэдэг (Лук 11:9–13). Сүнсний үр жимсний нэг болох сайхан сэтгэл үргэлж гаргаж байхын тулд Еховагаас сүнсийг нь гуйн залбирч, Есүсийн зөвлөгөөг сахицгаая.
«Сайныг үйлд»
10. Египетээс гарсан нь 34:6, 7-д Еховагийн сайхан сэтгэлийн ямар ямар талыг дурдсан байдаг вэ?
10 Бурхны Үгийн сүнслэг гэрэл болон Бурхны ариун сүнсний тусламжтайгаар бид «сайныг үйлдэж» болно (Ром 13:3). Библийг тогтмол судалснаар Еховагийн сайхан сэтгэлийг хэрхэн дуурайх талаар улам ихийг мэдэж авна. Өмнөх өгүүллээр Египетээс гарсан нь 34:6, 7-д бичигдсэн Бурхны сайхан сэтгэлийн олон талыг авч үзсэн. Ехова Мосед хандан: «ЭЗЭН, ЭЗЭН Бурхан өрөвч [«өршөөнгүй», ШЕ], нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба хайр энэрэл, үнэнээр бялхам билээ. Тэр хайр энэрлийг мянган үеийн турш хадгалж, гэмт хэрэг, гэм буруу, нүглийг уучилдаг. Гэсэн ч Тэр гэмтнийг шийтгэлгүй орхихгүй» гэж хэлсэн байдаг. Еховагийн сайхан сэтгэлийн эдгээр талыг дэлгэрэнгүй авч үзэх нь «сайныг үйлдэхэд» тустай.
11. Еховагийн өршөөнгүй, нигүүлсэнгүйг мэдэх нь бидэнд яаж нөлөөлөх ёстой вэ?
11 Бурхны эдгээр үг бидэнд Еховагийн өршөөнгүй, нигүүлсэнгүй сэтгэлийг дуурайх хэрэгтэйг сануулдаг. «Өршөөнгүй хүмүүс аз жаргалтай. Учир нь тэд өршөөгдөнө» гэж Есүс хэлсэн (Матай 5:7, ШЕ; Лук 6:36). Еховагийн нигүүлсэнгүйг мэдсэнээрээ бид өөрсдөө бусдад, түүний дотор, дэлгэрүүлж байгаа хүмүүстээ нигүүлсэнгүй бөгөөд эелдэг наалинхай ханддаг болдог. Ингэх нь Паулын: «Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсалж амт оруулсан мэт байг. Ингэснээр та нар хүн болгонд яаж хариулах ёстойгоо мэдэх юм» гэж зөвлөсөнтэй тохирдог (Колоссай 4:6).
12. а) Бурхан уурлахдаа удаан юм бол бид бусдад хэрхэн хандах ёстой вэ? б) Еховагийн хайр энэрлийн нөлөөгөөр бид юу хийдэг вэ?
12 Бурхан уурлахдаа удаан бөгөөд бид «сайныг үйлдэхийг» хүсдэг болохоор энэ нь биднийг итгэл нэгтнүүдийнхээ бага зэргийн дутагдалд тэвчээртэй хандан, сайн чанаруудад нь анхаардаг болгодог (Матай 7:5; Иаков 1:19). Еховагийн хайр энэрэл нь биднийг хамгийн хүнд хэцүү нөхцөлд ч гэсэн үнэнч хайраа илэрхийлэхэд хүргэдэг. Энэ бол туйлаас хүсэх зүйл гэдэг нь ойлгомжтой (Сургаалт үгс 19:22).
13. «Үнэнээр бялхам» Еховаг дуурайхын тулд бид яах ёстой вэ?
13 Тэнгэрийн Эцэг маань «үнэнээр бялхам» учраас бид өөрсдийгөө «үнэний үг дотор Бурхны үйлчлэгчид хэмээн батлахыг» хичээдэг (2 Коринт 6:3–7). Еховагийн жигшлийг төрүүлдэг долоон зүйлийн дотор «худалч хэл» ба «худал чалчдаг хуурамч гэрчлэгч» байдаг (Сургаалт үгс 6:16–19). Тийм учраас Еховад таалагдах хүсэл маань биднийг «худал хуурмагийг хойш тавьж... үнэнийг ярихад» хүргэсэн билээ (Ефес 4:25). Үнэнч шударгын хувьд бид ямагт сайхан сэтгэлээсээ ханддаг байх ёстой.
14. Уучлах ёстойн учир юу вэ?
14 Тэрчлэн Бурхны уучлахад бэлэн гэж Мосед тунхагласан болохоор бид бусдын алдааг уучлах ёстой (Матай 6:14, 15). Ехова, үл гэмшдэг нүгэлтнүүдийг шийтгэдэг нь мэдээж. Тийм учраас бид хурлын сүнслэг цэвэр байдлын талаарх асуудал дээр Еховагийн тогтоосон сайн муугийн хэмжүүрийг баримтлах ёстой (Левит 5:1; 1 Коринт 5:11, 12; 1 Тимот 5:22).
«Хянаж бай»
15, 16. Ефес 5:15–19-д бичигдсэн Паулын зөвлөгөө үргэлж сайхан сэтгэл гаргахад маань хэрхэн тусалдаг вэ?
15 Эргэн тойронд маань ёс бус байдал өчнөөн байгаа хэдий ч үргэлж сайхан сэтгэл гаргадаг байхын тулд бид Бурхны сүнсээр «дүүрч», явдал үйлээ хянадаг байх хэрэгтэй. Паул Ефес хотын христиануудад: «Та нар мэргэн бус хүмүүс шиг биш, харин мэргэн хүмүүсийн адилаар хэрхэн алхаж буйгаа хянаж бай. Цагийг авар. Яагаад гэвэл өдрүүд нь бузар булай аж. Тийм учраас бүү мунхаг бай. Харин Эзний [«Еховагийн», ШЕ] хүсэл юу болохыг ухаар. Дарсанд бүү согтуур. Ингэвэл дураараа дургих байдалд автагдана. Харин Сүнсээр дүүрэн байж, дуулал, магтуу ба сүнслэг дуунуудаар нэг нэгэнтэйгээ ярилцаж, Эзэнд [«Еховад», ШЕ] хандаж зүрхэндээ дуулж, ая дуу зохиогтун» хэмээн уриалсан (Ефес 5:15–19). Энэхүү зөвлөгөө өнөөгийн хүнд хэцүү «эцсийн өдрүүдэд» бидэнд ч гэсэн чухал ач холбогдолтой нь эргэлзээгүй (2 Тимот 3:1).
16 Хэрэв бид үргэлж сайхан сэтгэл гаргаж байя гэвэл «дээрээс ирэгч мэргэн ухааны» удирдлагын дагуу явж байгаа эсэхээ сайтар хянах ёстой (Иаков 3:17). Бид ноцтой нүгэл үйлдэхээс зайлсхийн, ариун сүнсээр дүүрч, түүгээр удирдуулах хэрэгтэй (Галат 5:19–25). Цуглаан болон чуулганаас хүлээн авсан сүнслэг зааврыг сахин мөрдсөнөөр бид цаг үргэлж сайныг үйлдэнэ. Манай ихэнх цуглаан дээр сайхан сэтгэл гэх зэрэг христиан чанарын тухай дуулдаг «сүнслэг дуунуудыг» үнэн голоосоо дуулах нь ач тустай гэдгийг Ефес хотын христиануудад хандан хэлсэн Паулын үг бидэнд ч бас сануулдаг.
17. Хүнд өвчний улмаас цуглаандаа тогтмол очиж чаддаггүй христианууд юунд эргэлзэхгүй байж болох вэ?
17 Хүнд өвчний улмаас цуглаандаа тогтмол очиж чаддаггүй итгэл нэгтнүүдийнхээ тухайд юу хэлж болох вэ? Тэд сүнслэг ах эгч нарынхаа дунд байж, Еховаг байнга шүтэж чадахгүйдээ гутарч магадгүй. Гэсэн ч Ехова тэдний нөхцөл байдлыг ойлгож, цаашид ч тэдэнд гэрэл болон ариун сүнсээ өгч, сайныг үргэлж үйлдэхэд нь тусална гэдэгт эргэлзэхгүй байж болно (Исаиа 57:15).
18. Үргэлж сайхан сэтгэл гаргахад юу туслах вэ?
18 Үргэлж сайхан сэтгэл гаргахын тулд ямар хүмүүстэй харьцаж байгаагаа анхаарч, «сайныг үзэн ядагчдаас» зай барих хэрэгтэй (2 Тимот 3:2–5; 1 Коринт 15:33). Энэ зөвлөгөөг мөрдөх нь Еховагийн удирдлагад тэрсэлсэн үйл ажиллагаа явуулж, «Бурхны Ариун Сүнсийг гомдоохгүй» байхад тусалдаг (Ефес 4:30). Түүнээс гадна сайхан сэтгэлд дуртайгаа амьдралаараа харуулдаг бөгөөд Еховагийн ариун сүнсээр удирдуулдаг хүмүүстэй ойр дотно холбоотой байвал сайныг үйлдэхэд маань дөхөмтэй байх болно (Амос 5:15; Ром 8:14; Галат 5:18).
Сайхан сэтгэл сайн үр жимс авчирдаг
19-21. Сайхан сэтгэл хэрхэн нөлөөлсөн жишээ хэлнэ үү.
19 Сүнслэг гэрэлд явж, Бурхны сүнсний удирдлагыг даган, юу хийж байгаадаа хянамгай байх нь бузар муугаас зайлсхийж, «сайныг үйлдэхэд» тустай. Ингэснээр сайн үр дүнд хүрнэ. ӨАБНУ-ын Еховагийн Гэрчүүдийн нэг болох Зонгезиле гэдэг нэг залуугийн жишээг авч үзье. Тэрээр нэгэн өглөө сургууль уруугаа очих замдаа банкин дахь багахан хэмжээтэй хадгаламждаа хэчнээн мөнгө байгааг шалгажээ. Тооцооны автомат машины алдаанаас болоод дансанд нь 42 000 ранд (6 000 ам. доллар) илүү бичигдсэн байв. Банкны харуул болон бусад хүн илүү орсон мөнгийг данснаасаа аваад өөр банкинд хийхийг зөвлөсөн аж. Харин түүнийг гэртээ суулгадаг Гэрч хос л ганц ч улаан зоос аваагүйд нь магтсан байна.
20 Маргааш нь банк онгоймогц Зонгезиле алдааны талаар хэлжээ. Түүний дансны дугаар нь нэгэн баян худалдаачны дансны дугаартай ойролцоо байсан бөгөөд мөнөөх худалдаачин санаандгүй түүний дансанд хийчихсэн нь тодорхой болжээ. Зонгезилег тэр мөнгөнөөс ганц улаан зоос аваагүйд нь гайхсан худалдаачин эр түүнээс «Та аль шашных вэ?» гэж асуухад нь Зонгезиле Еховагийн Гэрч гэдгээ хэлсэн байна. Банкны удирдлага түүнд халуун талархал илэрхийлээд: «Хүн болгон Еховагийн Гэрчүүд шиг үнэнч шударга байгаасай гэж бид хүсэж байна» хэмээн хэлжээ. Тийм ээ, үнэн хийгээд сайхан сэтгэлийн үйл бусдыг Еховаг алдаршуулахад хүргэдэг (Еврей 13:18, ШЕ).
21 Сайхан сэтгэлээр хийж байгаа зүйл сайн үр дүнд хүрэхэд заавал агуу их байх албагүй. Жишээ нь: Самоагийн арлуудын нэгэнд бүрэн цагийн дэлгэрүүлэгчээр үйлчилдэг нэгэн залуу Гэрч, эмчид үзүүлэх шаардлагатай болжээ. Эмчид үзүүлэх хүн олон байсан бөгөөд ард нь дугаарлан зогсож байсан настай эмэгтэйн бие тавгүй байгааг Гэрч анзаарсан байна. Тэгээд эмэгтэйд яаралтай тусламж хэрэгтэй гэж үзээд түүнийг өөрийнхөө урдуур оруулсан аж. Хожим Гэрч тэр эмэгтэйтэй зах дээр тааралджээ. Эмэгтэй, Гэрчийг мөн эмнэлэг дээр өөрт нь хийсэн сайн үйлийг санаад: «Тэгэхэд би Еховагийн Гэрчүүд бусдыг үнэхээр хайрладгийг мэдсэн» гэж хэлжээ. Хэдийгээр эмэгтэй урьд нь Хаанчлалын тухай мэдээ сонсохыг хүсдэггүй байсан боловч Гэрчийн үзүүлсэн сайхан сэтгэл түүнд эергээр нөлөөлсөн байна. Эмэгтэй гэрээр Библи судлахыг зөвшөөрч, Бурхны Үгээс сурч эхэлжээ.
22. «Сайныг үйлдэхэд» ямар арга онцгой чухал бэ?
22 Сайхан сэтгэлийн үнэ цэнийг үзүүлдэг жишээ та ч гэсэн олныг хэлж чадна байх. «Сайныг үйлдэхэд» Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд тогтмол оролцох нь онцгой чухал (Матай 24:14). Энэхүү нэр төртэй ажлыг цаашид ч чармайн хийцгээе. Ингэснээрээ бид хүмүүст, ялангуяа, сайн мэдээг маань хүлээж авдаг хүмүүст сайныг үйлддэг билээ. Гэхдээ хамгийн чухал нь бид дэлгэрүүлэх ажил ба сайн үйлсээрээ алив сайн бүхний эх булаг болсон Еховаг алдаршуулдаг (Матай 19:16, 17).
«Сайныг үйлдэхээ» үргэлжлүүлэгтүн
23. Дэлгэрүүлэх ажлыг сайн үйл гэж хэлж болохын учир юу вэ?
23 Бидний дэлгэрүүлэх ажил бол сайн үйл мөн гэдэг нь ямар ч эргэлзээгүй. Бид энэ ажлыг хийснээр өөрсдийгөө болон Библийн мэдээ сонсон, мөнхийн амь уруу хөтлөх зам дээр зогсох хүмүүсийг аврах болно (Матай 7:13, 14; 1 Тимот 4:16). Шийдвэр гаргах шаардлага гарах үед сайныг үйлдэх гэсэн хүсэл маань «Энэ шийдвэр Хаанчлалын тухай дэлгэрүүлэх ажилд оролцоход минь хэрхэн нөлөөлөх вэ? Хийж байгаа зүйл минь үнэхээр ашигтай юу? Энэ нь бусдад „мөнхийн сайн мэдээ“ хүргэж, Ехова Бурхантай дотно харьцаа тогтооход нь туслах даалгаврыг минь хөнгөвчлөх үү?» гэх зэрэг асуултыг өөрөөсөө асуухад хүргэж болох юм (Илчлэлт 14:6). Хаанчлалын төлөө илүү ихийг хийх шийдвэр гаргаснаараа бид асар их жаргал эдлэх болно (Матай 6:33; Үйлс 20:35).
24, 25. Хурал дотроо сайныг үйлдэх ямар ямар арга байдаг вэ? Хэрэв бид үргэлж сайхан сэтгэл гаргавал юунд итгэлтэй байж болох вэ?
24 Сайхан сэтгэлийн сайн үр жимсийг зохих ёсоор нь үнэлж байя. Христиан хурлыг дэмжин, түүний сайн сайхны төлөө чадах бүхнээ хийснээрээ энэ чанарыг илэрхийлж болно. Цуглаануудад тогтмол ирж, идэвхтэй оролцсоноороо бид сайныг үйлддэг. Цуглаанд ирснээрээ итгэл нэгтнүүдээ урамшуулан зоригжуулдаг ба утга төгөлдөр хариулт өгснөөрөө тэднийгээ сүнслэг талаар нь бэхжүүлдэг. Бид Хаанчлалын танхимын хэрэгцээнд өөрсдийн эд зүйлээ ашиглан танхимыг зүй зохистой байх талаас нь санаа тавин тусалснаараа бас сайн үйл хийдэг (Хаадын дэд 22:3–7; 2 Коринт 9:6, 7). Үнэндээ «боломж завшаантай байх үедээ бүх хүмүүст, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэцгээе» (Галат 6:10).
25 Сайхан сэтгэл гаргах шаардлагатай нөхцөл байдлыг тэр бүр урьдчилан мэдэх боломжгүй. Шинэ шинэ бэрхшээлтэй тулгарахдаа бүгдээрээ Судраас замаа гэрэлтүүлэх гэрэл хайн, Еховагийн ариун сүнсийг гуйн залбирч, «сайн... төгс төгөлдөр хүслийг» нь биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийцгээе (Ром 2:9, 10; 12:2). Хэрэв бид үргэлж сайхан сэтгэл гаргавал Ехова биднийг арвин ихээр ивээнэ гэдэгт эргэлзэхгүй байж болно.
Та хэрхэн хариулах вэ?
• Бидний хийж чадах хамгийн сайн үйл юу вэ?
• Сайхан сэтгэлийг «гэрлийн үр жимс» гэж яагаад нэрлэдэг вэ?
• Сайхан сэтгэлийг «сүнсний үр жимсний» нэг гэж нэрлэдгийн учир юу вэ?
• Бидний сайн үйлс ямар үр дүнд хүргэдэг вэ?
[Догол мөрийн асуулт]