«Махан биед өгөгдсөн өргөсөө» тэвчигтүн
«Махан биед өгөгдсөн өргөсөө» тэвчигтүн
«Миний нигүүлсэл чамд хангалттай» (2 КОРИНТ 12:9).
1, 2. а) Бид сорилт, бэрхшээлтэй тулгарахаараа яагаад гайхах хэрэггүй вэ? б) Сорилтод орсон ч итгэлтэй байж болохын учир юу вэ?
«ХРИСТ ЕСҮС дотор бурханлаг амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно» (2 Тимот 3:12). Яагаад гэвэл Сатан хүнийг зөвхөн ашиг хонжоо хайж л Бурханд үйлчилдэг гэж мэтгээд, үүнийгээ батлах гэж улайрдаг юм. Нэгэн удаа Есүс үнэнч элч нартаа: «[Та нарыг] улаан буудай мэт шигшихийн тул Сатан зөвшөөрөл гуйсан» гэж сануулсан билээ (Лук 22:31). Биднийг бэрхшээлээр сорихыг Бурхан Сатанд зөвшөөрдөг гэдгийг Есүс сайн мэдэж байсан. Энэ нь амьдралд тохиодог бэрхшээл бүхэн Сатан болоод чөтгөрүүдтэй шууд холбоотой гэсэн санаа мэдээж биш ээ (Номлогчийн үгс 9:11). Гэхдээ Сатан Еховагийн өмнө гэм зэмгүй байхыг маань болиулах гэж эрх мэдэлдээ байдаг юуг ч ашиглахад бэлхэн байдаг.
2 Сорилт тохиолдоход гайхах хэрэггүйн учрыг Библид бичсэн байдаг. Юу ч боллоо гэсэн энэ бол хачирхалтай, гэнэтийн юм биш ээ (1 Петр 4:12). Үнэндээ бол «дэлхийд буй ах дүү нар [маань] адилхан зовлонг эдэлдэг» (1 Петр 5:9). Өнөөдөр Сатан Бурхны үйлчлэгч болгоныг маш ихээр дарамталдаг. Биднийг арьс маханд орсон өргөс адил олон бэрхшээлийн улмаас зовж шаналж байгааг харахаараа Диаволын бах нь ханадаг. Үүний тулд тэр бидний «махан биед орсон өргөсийг» нэгээр ч болов нэмэх гэж, эсвэл улам гүн болгох гэж эд юмсын энэхүү тогтолцоог ашигладаг (2 Коринт 12:7). Гэлээ ч Сатан яаж ч дайраад бидний гэм зэмгүй байдлыг эвдэж чадахгүй. Ехова хорхой хүргэм зүйлийг тэсвэрлэн даваасай гэж бидэнд «гарах замыг өгдөг» шигээ биед орсон өргөс адил бэрхшээлтэй учрахад мөн л тусална (1 Коринт 10:13).
«Өргөсөө» хэрхэн тэвчих нь
3. Паул биедээ орсон «өргөсийг» авуулахаар гуйхад Ехова хэрхэн хариулсан бэ?
3 Элч Паул «өргөсөө» авуулах гэж Бурхнаас гуйжээ. Тэрээр: «Үүнийг надаас салгаач гэж би энэ талаар Эзнээс гурвантаа хүсэмжлэн гуйсан юм» хэмээн бичжээ. Паулыг ийм шаргуу гуйхад нь Ехова юу гэж хариулсан бэ? «Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөс байдал дотор Миний хүч бүрэн төгс болно» гэжээ (2 Коринт 12:8, 9). Энэ хариултыг дэлгэрэнгүй авч үзээд, биднийг зовоодог, өргөс мэт бэрхшээлийг тэвчихэд хэрхэн туслахыг мэдэж авцгаая.
4. Еховагийн нигүүлслээс Паул хэрхэн ач тус хүртсэн бэ?
4 Бурхан Христээр дамжуулан Паулд нигүүлслээ үзүүлчихээд байсанд нь талархах учиртайг түүнд сануулжээ. Үнэхээр ч Паул Еховагийн ивээл хишгийг арвин ихээр хүртчихээд байсан билээ. Тэрээр Есүсийн дагалдагчдыг эрс эсэргүүцдэг нэгэн байхад нь Ехова түүнд Христийн шавь болох онцгой боломж олгосон (Үйлс 7:58; 8:3; 9:1–4). Дараа нь Ехова Паулд сэтгэл хөдөлгөм олон даалгавар өгчээ. Энэ бол бидэнд сургамжтай явдал юм. Бид ч гэсэн Еховагаас их ивээл хишиг хүртдэг билээ. Иймээс ямар ч хэцүү цагт үүнийхээ төлөө талархаж явах учиртай. Бид сорилтоос болоод Еховагийн сайн сайхан нь арвин их гэдгийг хэзээ ч умартах ёсгүй (Дуулал 31:19).
5, 6. а) Хүч нь «мөхөс байдал дотор бүрэн төгс болно» гэдгийг Ехова Паулд хэрхэн харуулсан бэ? б) Сатан худалч гэдгийг Паулын жишээ хэрхэн баталсан бэ?
5 Еховагийн нигүүлсэл хангалттай байдаг нь өөр байдлаар бас харагддаг. Учирсан бүх сорилтыг давж гарахад Ехова бидэнд хүчээ ямагт элбэг арвин өгдөг (Ефес 3:20). Ехова «мөхөс байдал дотор Миний хүч бүрэн төгс болно» гэж хэлсэн үгийнхээ учрыг Паулд харуулсан. Чухам яаж? Бурхан Паулд тулгарсан сорилтоо тэвчихэд нь шаардлагатай байсан хүчийг бүрэн өгсөн. Харин Паул тэсвэрлэн давж, Еховад бүрэн итгэж байсан нь энэ сул дорой, төгс бус хүний дотор Бурхны хүч ялан дийлж байна гэдгийг бүхэнд илэрхий болгожээ. Тэгвэл, хүн зөвхөн ая тухтай, амар жимэр үедээ л Бурханд үйлчилдэг гэж мэтгэсэн Диаволд энэ асуудал хэрхэн тусах вэ? Паул гэм зэмгүй байдлаа хадгалсан нь Гүтгэгчийг нударгаласантай адил болсон!
6 Паул урьд нь Бурхны эсрэг тэмцдэг Сатаны холбоотон, христиануудыг хайр найргүйгээр хавчигч, хичээл зүтгэлтэй фарисай байсан бөгөөд нийгмийн дээд давхаргын гэр бүлд төрж өссөн болохоор хангалуун амьдралтай байсан нь эргэлзээгүй. Гэтэл одоо Паул Ехова болон Христэд «элч нараас хамгийн бага» нь болон үйлчилж, нэгдүгээр зууны христиануудын удирдах зөвлөлд даруухнаар захирагдаж байлаа (1 Коринт 15:9). Биедээ «өргөстэй» байсан ч үнэнчээр тэсвэрлэн давж байв. Амьдралд нь учирсан олон сорилт Паулын хичээл зүтгэлийг мохоож огт чадаагүй нь Сатаныг их гонсойлгосон. Тэрээр Христтэй хамт тэнгэрийн Хаанчлалд захирах найдвараа хэзээ ч мартаагүй (2 Тимот 2:12; 4:18). Хэчнээн ч өвтгөдөг байлаа гээд нэг ч «өргөс» түүний хичээл зүтгэлийг мохоогоогүй. Бидний хичээл зүтгэл ч гэсэн тийм эрчтэй байг! Ехова биднийг сорилт давахад түшиж тулснаараа Сатан бол худалч гэдгийг нотлоход туслах завшаан олгодог (Сургаалт үгс 27:11).
Еховагийн тусламж амин чухал
7, 8. а) Ехова өнөөдөр үйлчлэгчдээ юугаар хүчирхэгжүүлдэг вэ? б) Биедээ орсон «өргөсийг» тэвчихэд Библийг өдөр бүр уншиж, судлах яагаад амин чухал бэ?
7 Өнөөдөр Ехова үнэнч христиануудыг ариун сүнсээрээ, Үгээрээ, манай христиан ахан дүүсийн барилдлагаар хүчирхэгжүүлж байдаг. Элч Паулын адилаар бид ч гэсэн «ачаагаа [Еховад] даатган» залбирч болно (Дуулал 55:22). Бурхан бидэнд учирдаг сорилтыг үгүй хийхгүй ч гэлээ, тэрнээс ч хэцүү, тэсэхийн аргагүй сорилтыг тэвчих мэргэн ухаан өгдөг. Түүнчлэн Ехова биднийг тэсвэрлэн давахад туслан «хирээс хэтэрсэн хүч» өгч, сэтгэлийн хат нэмдэг (2 Коринт 4:7, ШЕ).
8 Тэр тусламжийг яаж авах вэ? Бид Бурхны Үгийг хичээнгүйлэн судлах ёстой. Тэгвэл Бурхан тайтгаруулна (Дуулал 94:19). Бурхны үйлчлэгчид түүнээс тусламж гуйн чин сэтгэлийн үгээ хэлсэн байдгийг Библиэс мэдэж болно. Тэднийг тайтгаруулан хэлсэн Еховагийн үг бол эргэцүүлэн бодоход тустай зүйл мөн. Бид Бурхны Үгийг судалбал сэтгэлийн хаттай болно. Учир нь «хирээс хэтэрсэн хүч нь биднээс биш, харин Бурхных» юм. Бид биедээ шим тэжээл авч, хүч тэнхээгээ сэлбэхийн тулд өдөр бүр хоол идэх хэрэгтэй байдаг шиг Бурхны үгээр тогтмол «хооллох» ёстой. Бид ингэж «хооллодог» уу? Хэрэв тийм бол, одоо биднийг ямар ч «өргөс» зовоосон «хирээс хэтэрсэн хүч» тэсвэрлэн давахад маань тусална.
9. Бэрхшээлийг тэвчиж байгаа хүнийг ахлагч нар хэрхэн дэмжиж болох вэ?
9 Бурхнаас эмээдэг ахлагч нар зовлонгийн «салхинаас хоргодох газар», бэрхшээлийн «шуурганаас халхлах халхавч» мэт байдаг. Ариун Сударт ийнхүү дүрслэн бичсэнд нийцэх хүсэлтэй ахлагч нар зовсон хүмүүст зөв зохистой үг хэлж чаддаг болохын тулд Еховагаас «шавийн хэл» өгөхийг чин сэтгэлээсээ даруухнаар гуйдаг. Ахлагч нарын үг бол амьдралын хатуу хүтүүд оюун санааг маань тайвшруулан сэрүүцүүлэх шиврээ бороо адил буюу. Тэд «гутарсан хүмүүсийг тайтгаруулан» ярьснаараа биедээ орсон «өргөсөөс» болоод сэтгэлээр унаж байгаа сүнслэг ах эгч нартаа жинхэнэ дэмжлэг болдог (Исаиа 32:2; 50:4; 1 Тесалоник 5:14, ШЕ).
10, 11. Бурхны үйлчлэгчид ноцтой сорилтод орсон бусдыгаа хэрхэн тайтгаруулж болох вэ?
10 Еховад үйлчилдэг хүн бүр нэгдмэл христиан гэр бүлийн гишүүн билээ. Тийм ээ, «бид нэг нэгэндээ эрхтэн» бөгөөд «бие биеэ хайрлах ёстой» (Ром 12:5; 1 Иохан 4:11). Үүнийгээ хэрхэн биелүүлдэг вэ? 1 Петр 3:8-д бичсэний дагуу бүх итгэл нэгтнүүддээ «энэрэнгүй, ахан дүүсэг, эелдэг» байвал үүнийгээ биелүүлэх болно. Маш ихээр зовоодог «өргөсийг» тэвчиж байгаа хөгшин залуу хэнийг ч болов бид бүгдээрээ онцгойлон анхаарах учиртай. Ямар байдлаар?
11 Тэдний яаж зовж байгааг мэдрэхийг хичээх хэрэгтэй. Хэрэв бид хатуу сэтгэлээр, хөндий хүйтэн, тоомжиргүй хандвал тэднийхээ зовлонг өөрөө ч мэдэлгүй нэмж болох юм. Тэдний бэрхшээлийг ойлгосноор хэлж ярих үгээ, биеэ авч яваа байдлаа цэгнэдэг болно. Тэдэнд эерэгээр хандан, урам хайрлавал тэднийг одоо шаналган зовоож байгаа «өргөс» ихээр өвтгөх нь багасна. Иймээс бүгдээрээ тэднийг жинхэнэ ёсоор тайтгаруулцгаая (Колоссай 4:11).
«Өргөсөө» амжилттай тэвчсэн зарим хүний жишээ
12-14. а) Христиан эгч хорт хавдраар өвдөөд үүнийгээ хэрхэн тэвчсэн бэ? б) Сүнслэг ах эгч нар нь түүнийг яаж дэмжиж урамшуулсан бэ?
12 «Эцсийн өдрүүдийн» төгсгөл ойртохын хэрээр хүний «зовлон» өдрөөс өдөрт нэмэгдэж байна (Матай 24:8, МАБ). Тийм болохоор дэлхий дээрх хүн бүр, тэр дундаа Еховагийн хүсэл тааллыг биелүүлэхийг эрмэлздэг үнэнч үйлчлэгчид нь сорилтод илүү өртдөг гэлтэй. Жишээ болгон бүрэн цагаар үйлчилдэг нэгэн христиан эмэгтэйг аваад үзье. Тэр эмэгтэй хорт хавдраар өвчилж, шүлсний булчирхай, тунгалгийн сувгаа авахуулах хэрэгтэй болжээ. Эмэгтэй нөхөртэйгөө хамт энэ өвчний тухай дуулаад тэр даруй Еховад их удаан, сэтгэл зүрхээ уудлан байж залбирчээ. Сэтгэл санаа нь гайхалтай тайвширсан тухай хожим нь тэр эгч дурсжээ. Тэрээр сайн муу олон зүйлийг, ялангуяа эмчилгээнийхээ сөрөг үр дагаврыг дааж гарах хэрэгтэй болсон.
13 Тэр эгч нөхцөл байдлаа давахын тулд өвчнийхөө тухай аль болох ихийг олж мэдэхийг хичээж байлаа. Эмч нартайгаа зөвлөж, «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүл болон манай Нийгэмлэгээс гаргасан бусад хэвлэлээс өөртэй нь адилхан өвчнөөр өвдсөн хүмүүс хэрхэн давж гарсныг өгүүлсэн түүх намтар уншсан байна. Түүнчлэн, нөхцөл байдалтай нь холбоотой, Ехова ард түмнээ хэцүү бэрх цагт дэмжих хүчтэйг харуулсан Библийн зүйлүүд, бусад ашигтай мэдээлэл уншжээ.
14 Цөхрөнги байдлаа хэрхэн давахыг тайлбарласан нэгэн өгүүлэлд «зожиг хүн хувийн хүслээ эрж хайдаг» гэсэн мэргэн үгийг иш татсан байлаа (Сургаалт үгс 18:1, ШЕ). Цааш нь өгүүлэлд «зожгирч болохгүй» гэж зөвлөсөн байв *. Тэр эгч: «Олон хүн миний төлөө залбирснаа хэлж, зарим нь утсаар ярьдаг байлаа. Биеийг минь ямар байгааг мэдэх гэж хоёр ахлагч байнга асууж лавладаг байсан. Ах дүү нар маань надад олон сайхан цэцэг, ил захидал бэлэглэсэн. Зарим нь бүр хоол хийж өгдөг байсан. Бас олон хүн намайг эмнэлэг уруу сайн дураараа хүргэж өгдөг байсан» хэмээн ярьжээ.
15-17. а) Нэгэн христиан эмэгтэй автын ослоос үүдэлтэй гэмтлээ хэрхэн тэвчсэн бэ? б) Хурлын хамт олон нь яаж тусалсан бэ?
15 АНУ-ын Нью−Мексико мужид амьдардаг, Еховад удаан хугацаагаар үйлчилсэн нэг эгч хоёр ч удаа автомашины осолд орсон ажээ. Түүний хүзүү мөр гэмтсэнээс болоод өмнө нь 25 жилийн турш шаналгасан артрит нь улам ч сэдэрчээ. Тэр эгч: «Толгойгоо эгц байлгах, 2 килограммаас илүү жинтэй ачаа авч явах надад их хэцүү байсан. Гэхдээ Еховад шаргуу залбирсан минь надад үнэхээр их тусалсан. Бас «Харуулын цамхаг» сэтгүүлийн судлах өгүүллүүд их тус болсон. Нэг тийм өгүүлэлд Мика 6:8-ыг тайлбарлан, «Бурхантай хамт даруухнаар алх» гэдэг нь хүн хязгаарлагдмал боломжоо ухаарч байхыг хэлнэ гэж онцлон тэмдэглэсэн байлаа. Энэ нь би хүссэнээсээ бага дэлгэрүүлдэг ч гэлээ нөхцөл байдлаасаа болоод урам хугарахгүй байхыг надад ухааруулсан. Еховад чин сэтгэлээсээ үйлчлэх нь л хамгийн чухал юм» гэж хэлжээ.
16 Тэр эгч цааш нь: «Цуглаанд ирж, дэлгэрүүлэх гэсэн чармайлтыг минь ахлагч нар дандаа магтдаг байсан. Манай хурлын залуучууд намайг тэвэрч угтдаг байлаа. Эхлэгч нар надад тун тэвчээртэй хандаж, бие минь өвдөөд хамт дэлгэрүүлж чадахгүйд хүрвэл төлөвлөгөөгөө өөрчилдөг байсан. Цаг агаар таагүй бол тэд намайг давтан уулзалт юм уу Библийн хичээл хийхдээ авч явдаг байв. Хүнд юм өргөж чадахгүйг минь мэддэг болохоороо дэлгэрүүлэгчид надтай хамт явахдаа ном хэвлэлийг минь цүнхэндээ хийгээд аваад явдагсан» гэж ярьжээ.
17 Хурлын ахлагч нар болон итгэл нэгтнүүд нь энэ хоёр эгчийг өргөс адил өвчин эмгэгээ тэвчихэд хэрхэн тусалсныг бодоод үз дээ. Тэд сүнслэг болоод бие махбодын, сэтгэл санааных нь онцлог хэрэгцээг хангах гэж өргөн хүрээтэй тусламж үзүүлдэг байжээ. Энэ жишээ танд бэрхшээл амсаж буй ах эгч нартаа туслах сэтгэл төрүүлж байна уу? Залуус та бүхэн ч гэсэн биеийнхээ «өргөстэй» тэмцэж буй хурлынхаа гишүүдэд тус болж чадна (Сургаалт үгс 20:29).
18. «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлд нийтэлдэг намтар биднийг юунд урамшуулдаг вэ?
18 «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлд амьдралын хатуу бэрхийг тэвчсэн, одоо ч тэвчиж байгаа Гэрчүүдийн туршлага, намтрыг олонтаа нийтэлдэг билээ. Тэдгээрийг байнга унших юм бол дэлхий дахинд манай олон ах эгч эдийн засгийн бэрхшээл туулж, элдэв золгүй явдлаар хайртай хүнээ алдан, дайн самууны зовлонг амсаж эдэлдэг зэргийг мэдэж болно. Зарим нь маш хүнд өвчнөөр шаналдаг. Эрүүл хүний юман чинээ бодолгүй хийдэг энгийн юмыг ч хийж чаддаггүй хүн олон байдаг. Тэд өвчнөөсөө болоод христиан үйл хэрэгт хүссэн хэмжээгээрээ оролцож чаддаггүй нь бүр ч хүнд сорилт болдог. Залуу хөгшин гэлтгүй бүх ах эгч нар нь тусалж дэмжиж байдагт тэд тун их талархдаг!
Тэсвэрлэн давбал жаргана
19. Паул өргөс мэт сорилт, сул дорой байдалд байхдаа ч баяр хөөртэй байсны учир юу вэ?
19 Бурхан өөрийг нь хүчирхэгжүүлж байгааг хараад Паул баярладаг байсан. Паул: «Би ихэд баяртайгаар мөхөс байдлуудаараа илүү сайрхана. Ингэх нь Христийн хүч миний дотор оршихын тулд билээ. Иймд Христийн төлөө мөхөс байдал, доромжлол, гачигдал, хавчлага, хүнд байдал дотроо би баяртай байна. Учир нь би хэзээ мөхөс байна, тэр үед хүчтэй байдаг» гэж хэлсэн (2 Коринт 12:9, 10). Паул биеэрээ амссан туршлагадаа үндэслээд «Би үүнийг дутагдсаны улмаас ярьж байгаа юм биш. Учир нь би ямар ч нөхцөл байдалд байсан сэтгэл хангалуун байж сурсан юм. Би тарчигхан байхыг ч мэднэ, элбэг дэлбэг байхыг ч мэднэ. Ямар ч, аливаа нөхцөл байдалд өлсгөлөн болон цатгалан байх, дутагдах, элбэг байхын аль алины нууцад би суралцсан. Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна» хэмээн итгэлтэй хэлж чадсан (Филиппой 4:11–13).
20, 21. а) Бид «үл үзэгдэх юмсыг» эргэцүүлэн бодохдоо яагаад баярладаг вэ? б) Та диваажин дэлхийд ямар ямар «үл үзэгдэх юмыг» үзэхийг хүсдэг вэ?
20 Иймээс биед маань ямар ч «өргөс» орлоо гэсэн Еховагийн хүч бидний «мөхөс байдал дотор бүрэн төгс болдгийг» бүгдэд харуулан хэмжээлшгүй их баяр баясгалан эдэлдэг. Паул: «Бид зүрх алддаггүй. ...Доторх хүн маань өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна. Учир нь нэг цаг зуурын ялихгүй зовлон нь бидэнд мөнх алдрыг үлэмж арвинаар бий болгож байна. Бид... үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь... үл үзэгдэх юмс бол мөнх билээ» гэж бичжээ (2 Коринт 4:16–18).
21 Еховагийн өнөөгийн ард түмний ихэнх нь диваажин дэлхийд амьдарч, амласан ивээл хишгийг нь хүртэнэ хэмээн найддаг. Тийм ивээл хишиг одоохондоо бидний хувьд «үл үзэгдэж» байж болох юм. Гэлээ ч тэр бүхнийг нүдээрээ үзэж, мөнхөд эдлэх цаг хаяанд тулж ирээд байна. Тэдгээр ивээл хишгийн нэг нь гэвэл өргөс мэт зовлонг дахин хэзээ ч эдлэхгүй амьдрах юм! Бурхны Хүү «Диаволын үйлсийг устгах» бөгөөд «үхлийн хүч буюу Диаволыг... устгана» (1 Иохан 3:8; Еврей 2:14).
22. Бид юунд бүрэн итгэлтэй байх ёстой вэ?
22 Учир иймээс өнөөдөр биеийг маань ямар ч «өргөс» өвтгөлөө гэсэн тэвчье. Бид ч гэсэн элч Паул шиг өргөсөө тэвчих хүчтэй болно. Учир нь Ехова «бидэнд хүч өгөгч Бурхан» юм. Бид Диваажинд амьдрахдаа Ехова Бурхныхаа хийж өгсөн бүх гайхамшигт үйлд нь өдөр бүр талархах болно (Дуулал 103:2).
[Зүүлт]
^ «Сэрцгээ!» сэтгүүлийн 2000 оны тавдугаар сарын 8-ны дугаараас «Библийн үзэл санаа: Цөхрөнги байдлаа хэрхэн давж гарах нь» өгүүллийг үзнэ үү (англи).
Та хэрхэн хариулах вэ?
• Ямар учраас Диавол жинхэнэ христиануудын гэм зэмгүй байдлыг эвдэх гэж оролддог вэ? Яаж оролддог вэ?
• Еховагийн хүч яаж «мөхөс байдал дотор бүрэн төгс болдог» вэ?
• Ахлагч нар болон хурлын бусад гишүүн зовж буй итгэл нэгтнүүддээ хэрхэн урам хайрлаж болох вэ?
[Догол мөрийн асуулт]