Skip to content

Гарчиг руу орох

Та Бурхны хайрладаг хүний тоонд ордог уу?

Та Бурхны хайрладаг хүний тоонд ордог уу?

Та Бурхны хайрладаг хүний тоонд ордог уу?

«Миний тушаалуудыг сахидаг хүн Намайг хайрлагч мөн. Намайг хайрладаг хүн Миний Эцэгт хайрлагдана» (ИОХАН 14:21).

1, 2. а) Ехова хүн төрөлхтөнд хайртайгаа хэрхэн харуулсан бэ? б) МЭ 33 оны Нисан сарын 14-ний үдэш Есүс юу анх зохион байгуулсан бэ?

 ЕХОВА бүтээсэн хүндээ хайртай. Тэрээр хүн төрөлхтнийг «ийнхүү хайрлаж ганц Хүүгээ өгсөн нь Түүнд итгэх хүн бүр үл мөхөн, мөнх амьтай болохын тулд болой» (Иохан 3:16, МАБ). Жинхэнэ христианууд бид Христийн үхлийг Дурсах үдэш ойртохын хэрээр Ехова «биднийг хайрлаж, бидний нүглийн төлөө Хүүгээ эвлэрүүлэл болгон илгээсэн» гэдгийг улам бүр ухамсарлах ёстой (1 Иохан 4:10).

2 МЭ 33 оны Нисан сарын 14-ний үдэш Есүс 12 элчийнхээ хамтаар израильчуудыг Египетээс чөлөөлсний сануулга болсон Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэхээр Иерусалимын нэгэн байшингийн дээд давхрын өрөөнд цугласан байлаа (Матай 26:17–20). Энэхүү иудейн баярыг тэмдэглэснийхээ дараа Есүс Искариотын Иудасыг явуулаад нэгэн өвөрмөц зоогийг анх зохион байгуулав. Хожим нь үүнийг христианууд «Христийн үхлийг Дурсах оройн зоог» хэмээн нэрлэх болжээ *. Есүс исгээгүй талх ба улаан дарсыг бие хийгээд цусныхаа бэлэгдэл болгон, үлдсэн 11 элчдээ тэрхүү зоогноос хүртээв. Уг зоогийг хэрхэн яаж барьсныг Матай, Марк, Лукийн бичсэн Евангелид дэлгэрэнгүй тэмдэглэжээ. Мөн үүнийг «Эзний Зоог» гэж нэрлэсэн элч Паул ч тодорхой бичиж үлдээжээ (1 Коринт 11:20; Матай 26:26–28; Марк 14:22–25; Лук 22:19, 20).

3. Есүс дээд давхрын өрөөнд шавь нартайгаа хамт байсан сүүлчийн мөчийн тухай Иоханы бичсэн нь бусдынхаас ямар ялгаатай вэ?

3 Элч Иохан талх, дарс дамжуулан хүртэх тухай дурдаагүй нь сонирхолтой. Энэ нь түүнийг Евангелиэ бичих үед (ойролцоогоор МЭ 98 он) эртний христианууд уг оройн зоогийн дэг жаягийг сайн мэддэг байсантай холбоотой байж магадгүй (1 Коринт 11:23–26). Гэсэн ч ганцхан элч Иохан л Бурхны онгодоор хөтлүүлэн байж, Есүс Дурсах оройн зоогийг зохион байгуулахынхаа өмнөхөн болон дараахан нь чухам юу хэлж, хийж байсан талаарх чухал мэдээллийг үлдээжээ. Энэхүү сонирхолтой мэдээлэл нь Иоханы бичсэн Евангелийн бүтэн таван бүлгийг эзэлдэг. Тэнд Бурхан ямар хүнийг хайрладаг тухай тодорхой бичсэн байдаг. Ингээд «Иохан» номын 13–17-р бүлгийг дэлгэрэнгүй авч үзье.

Есүсийн үлгэр жишээ хайраас суралцъя

4. а) Есүс шавь нартайгаа байж, Дурсах оройн зоогийг зохион байгуулах үед ямар сэдэв гол байсныг Иохан хэрхэн онцлон тэмдэглэсэн бэ? б) Ехова Есүсийг хайрладгийн нэг гол шалтгаан юу вэ?

4 Есүс дагалдагчдаа орхин одохынхоо өмнө өгсөн зөвлөгөөг бичсэн энэ бүлгүүдэд хайрыг онцлон тэмдэглэжээ. «Хайр» гэдэг үгийн олон янзын хэлбэрийг 31 удаа дурджээ. Есүсийн, Эцэг Еховагаа болон шавь нараа гэсэн их хайрыг эдгээр бүлэгт Библийн бусад ямар ч хэсгээс илүү хурцаар дүрсэлжээ. Есүсийн амьдралыг бичсэн Евангелийн бүх хэсэгт Еховаг хайрладаг нь илэрхий байдаг ч зөвхөн Иохан л «Би Эцгээ хайрладаг» гэж хэлсэн үгийг нь тодорхой бичжээ (Иохан 14:31). Түүнчлэн, Ехова өөрийг нь хайрладгийг мөн яагаад хайрладгийн учрыг Есүс хэлсэн. Тэрээр: «Эцэг Намайг яаж хайрласан шиг Би бас та нарыг хайрласан. Миний хайр дотор байгтун. Би Эцгийнхээ тушаалыг сахиж, Түүний хайр дотор байдгийн адил, та нар Миний тушаалыг сахивал Миний хайр дотор байх болно» гэж өгүүлжээ (Иохан 15:9, 10). Тийм ээ, Ехова бүрэн дуулгавартай байдагт нь Хүүгээ хайрладаг. Есүс Христийн бүх дагалдагчдад энэ бол үнэхээр сайхан жишээ билээ!

5. Есүс шавь нартаа хайртайгаа хэрхэн харуулсан бэ?

5 Есүс элч нартайгаа сүүлчийн удаа уулзсан тухай Иохан бичиж эхлэхдээ л дагалдагчдаа үнэхээр хайрладгийг нь онцолжээ. Иохан: «Дээгүүр Өнгөрөх Баяраас өмнө Есүс энэ ертөнцөөс салж Эцэг уруугаа очих цаг нь болсныг мэдээд, дэлхийд байгаа Өөрийн хүмүүсийг хайрлан, тэднийг эцэст нь хүртэл хайрлав» гэж бичжээ (Иохан 13:1). Санаанаас гарахын аргагүй тэр үдэш Есүс тэдний хөлийг угааж, бусдыг яаж хайрлаж үйлчилж болдгийн мартагдашгүй жишээ үзүүлэв. Уг нь тэдний хэн нь ч Есүсийн болоод ах дүү нарынхаа төлөө үүнийг дуртайяа хийж болох байсан ч цааргалсан аж. Гэтэл Есүс тэр энгийн үүргийг гүйцэтгээд: «Би Эзэн, Багш байтлаа та нарын хөлийг угаасан бол та нар мөн нэг нэгнийхээ хөлийг угаах ёстой. Учир нь Миний та нарт юу хийснийг та нар бас хийх хэрэгтэй гэж Би ийм жишээ үзүүлсэн юм» гэжээ (Иохан 13:14, 15). Жинхэнэ христианууд ах дүү нартаа дуртайяа үйлчилж, үүндээ баярлах учиртай (Матай 20:26, 27; Иохан 13:17).

Шинэ тушаалыг сахих нь

6, 7. а) Иохан Дурсах оройн зоогтой холбоотой ямар дэлгэрэнгүй мэдээлэл бичсэн бэ? б) Есүс шавь нартаа ямар шинэ тушаал өгсөн бэ? Тэр тушаал юугаараа шинэ байсан бэ?

6 Нисан сарын 14-ний үдэш болсон үйл явдлын тухай тэмдэглэл дотроос зөвхөн Иоханы бичсэнд л Искариотын Иудасыг явсан тухай онцолсон байдаг (Иохан 13:21–30). Евангелиэс үзвэл тэр урвагчийг явсны дараа л Есүс Дурсах оройн зоогийг зохион байгуулсан нь илэрхий байдаг. Дараа нь тэрээр үнэнч элч нартаа зөвлөгөө заавар өгч, дэлгэрэнгүй ярилцжээ. Бид Дурсах үдэшийг тэмдэглэхээр бэлдэхдээ Есүсийн тэр үед юу хэлснийг нухацтай авч үзэх ёстой. Бид Бурхны хайрладаг хүний тоонд орохыг лавтай хүсдэг учир ингэж авч үзэх нь их чухал юм.

7 Есүс Дурсах оройн зоогийг зохион байгуулсныхаа дараа шавь нартаа өгсөн хамгийн эхний заавар нь нэгэн шинэ зүйл байлаа. Тэрээр: «Би та нарт бие биеэ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун гэсэн шинэ тушаал өгч байна. Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно» гэж хэлсэн (Иохан 13:34, 35). Энэ тушаал юугаараа шинэ байсан бэ? Есүс тэр үдэш түүнээс арай хойно: «Би та нарыг яаж хайрласан шиг та нар бие биеэ хайрлагтун. Энэ бол Миний тушаал. Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй» хэмээхдээ дээрх асуултыг тодруулжээ (Иохан 15:12, 13). Мосегийн Хуулиар израильчууд «хөршөө өөрийн адил хайрлах» тушаалтай байв (Левит 19:18). Харин Есүсийн тушаал түүнээс илүүг шаардсан. Христианууд Христ өөрсдийг нь хайрласны адилаар бие биеэ хайрлаж, итгэл нэгтнүүдийнхээ төлөө амиа ч золиослоход бэлэн байх учиртай байв.

8. а) Өөрийгөө золиослох хайр гэдэгт юу ордог вэ? б) Өнөөдөр Еховагийн Гэрчүүд өөрийгөө золиослох хайрыг хэрхэн илэрхийлдэг вэ?

8 Дурсах үдэш бол жинхэнэ христиануудыг ялгах шинж болсон Христийнх шиг хайрыг хувь хүн болоод хурлын үүднээс үнэхээр илэрхийлж байгаа эсэхээ шалгах тохиромжтой цаг мөн. Өөрийгөө золиослох хайр нь христиан хүн итгэл нэгтнүүдээсээ урваснаас тэдний төлөө амиа золиослох нь дээр гэсэн санааг илэрхийлдэг. Тийм ч учраас заримдаа христианууд нэг нэгийнхээ төлөө амиа золиосолж байсан. Гэхдээ ихэнх тохиолдолд энэ нь сүнслэг ах дүү нартаа болон бусдад үйлчилж, туслахын тулд өөрийн ашиг сонирхлыг золиослоход бэлэн байхыг шаарддаг. Элч Паул бидэнд энэ талаар сайхан жишээ болдог (2 Коринт 12:15; Филиппой 2:17). Еховагийн Гэрчүүд ах дүү нартаа болон бусдад туслан, хүмүүст Библийн үнэнийг хүргэх гэж өөрийгөө золиослох сэтгэлгээ илэрхийлдгээрээ дэлхий дахинд алдартай *(Галат 6:10).

Эрхэмлэвэл зохих харьцаа

9. Бурхан болон Хүүтэй нь тогтоосон эрхэм харьцаагаа хадгалахын тулд бид юуг баяртайгаар хийдэг вэ?

9 Ехова болон түүний Хүү Есүс Христээр хайрлуулахаас илүү эрхэм зүйл бидний хувьд үгүй билээ. Гэвч энэхүү хайрыг амсаж эдлэхийн төлөө бидэнд ч бас хийх юм бий. Шавь нартайгаа өнгөрөөсөн эцсийн үдэш Есүс: «Миний тушаалуудыг сахидаг хүн Намайг хайрлагч мөн. Намайг хайрладаг хүн Миний Эцэгт хайрлагдана. Би тэр хүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ» гэж хэлсэн (Иохан 14:21). Бид Бурхан болон Хүүтэй нь тогтоосон харьцаагаа эрхэмлэдэг болохоор тэдний бүх тушаалыг баяртайгаар сахидаг. Үүнд өөрийгөө золиослох хайр илэрхийлэх шинэ тушаал ч ордог. Түүнчлэн, Есүс амилсныхаа дараа, сайн мэдээг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийг «дагалдагч болгохын» тулд «гэрчлэн, ард олонд дэлгэрүүл» гэж тушаасныг ч мөн биелүүлэх учиртай (Матай 28:19, 20; Үйлс 10:42).

10. Тослогдсон христианууд болон «өөр хонинууд» хэнтэй эрхэм нандин харьцаатай вэ?

10 Тэр үдэш нилээн орой болсон хойно үнэнч элч (Таддай) Иудасыг нэгэн асуулт тавихад Есүс: «Хэрэв хэн нэг нь Намайг хайрлавал, тэр хүн Миний үгийг сахина. Миний Эцэг түүнийг хайрлана. Бид тэр хүн уруу очиж, түүнтэй хамт Өөрсдийн орон байраа байгуулна» хэмээн хариулсан (Иохан 14:22, 23). Христтэй хамт тэнгэрээс захирахаар дуудагдсан тослогдсон христианууд дэлхий дээр байхдаа ч Еховатай болон Хүүтэй нь онцгой дотно харьцаатай байдаг (Иохан 15:15; 16:27; 17:22; Еврей 3:1; 1 Иохан 3:2, 24). Тэдний хамтран зүтгэгч, дэлхий дээр мөнх амьдрах найдвар бүхий «өөр хонинууд» ч бас дуулгавартай байж, үүгээрээ «хоньчин» Есүс Христтэйгээ, Ехова Бурхантайгаа эрхэм нандин харьцаатайгаа харуулдаг (Иохан 10:16, МБОХ, 1996; Дуулал 15:1–5; 25:14).

«Та нар ертөнцийнх биш»

11. Есүс шавь нартаа юу сануулсан бэ?

11 Есүс үхэхийнхээ өмнө үнэнч шавь нартайгаа сүүлчийн удаа уулзахдаа нэг зүйлийг сануулсан билээ. Бурхны хайрладаг хүнийг ертөнц үзэн ядах ажээ. Тэрээр: «Хэрэв ертөнц та нарыг үзэн ядвал, та нараас өмнө Намайг үзэн ядсаныг нь мэдэгтүн. Хэрэв та нар ертөнцийнх байсан бол, ертөнц өөрийнхнийгөө хайрлахсан. Харин та нар ертөнцийнх биш, гагцхүү Би та нарыг ертөнцөөс сонгосон юм. Тиймээс ертөнц та нарыг үзэн яддаг. „Боол эзнээсээ илүү агуу биш“ гэж Би та нарт хэлснийг санагтун. Хэрэв тэд Намайг хавчсан бол, та нарыг бас хавчих болно. Хэрэв тэд Миний үгийг сахисан бол, та нарынхыг бас сахих болно» хэмээсэн (Иохан 15:18–20).

12. а) Ертөнц шавь нарыг нь үзэн ядах талаар Есүс яагаад сануулсан бэ? б) Дурсах үдэш ойртох тусам юун тухай эргэцүүлэн бодох нь зөв бэ?

12 Есүс ийнхүү сануулсан болохоор 11 элч нь, мөн тэднээс хойших үеийн бүх жинхэнэ христиан ертөнцийн үзэн ядахаас болж шантран, бууж өгөх учиргүй байлаа. Тэрээр: «Та нарыг бүдрэхээс хамгаалахын тулд эдгээр зүйлийг Би та нарт хэллээ. Тэд та нарыг синагогаас хөөнө. Харин та нарыг алах хүн бүр өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж бодох цаг ирж байна. Тэд Эцгийг болон Намайг мэдээгүй учраас тийм юм хийх болно» гэж нэмж хэлсэн (Иохан 16:1–3). Библийн үг хэллэгийг тайлбарласан нэгэн номд «бүдрэх» хэмээн хөрвүүлсэн үйл үгийн хэлбэр нь «хэн нэгэнд итгэж найдаж, дуулгавартай байхыг нь болиулах, өөр болгох» гэсэн утга заадаг хэмээн тэмдэглэжээ. Дурсах үдэш ойртох тусам бид бүгдээрээ өнгөрсөн хийгээд одоо цагийн үнэнч христиануудын амьдралын замналыг эргэцүүлэн бодож, алив сорилтод гуйвшгүй байсан үлгэр жишээг дуурайх ёстой. Элдэв эсэргүүцэл, хавчлагаас болж Еховаг болон Есүсийг бүү орхигтун. Харин ч тэдэнд итгэж найдан, дуулгавартай байхаар шийдэгтүн.

13. Есүс Эцэгтээ хандан залбирахдаа дагалдагчдынхаа төлөө юу гуйсан бэ?

13 Иерусалимын нэгэн байшингийн дээд давхрын өрөөнөөс явахынхаа өмнө Есүс Эцэгтээ хандан: «Би Таны үгийг тэдэнд өгсөн. Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш тул ертөнц тэднийг үзэн ядсан юм. Би Танаас тэднийг ертөнцөөс аваач гэж гуйхгүй, харин тэднийг муугаас хамгаалаач гэж гуйж байна. Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш» гэж залбирсан (Иохан 17:14–16). Ехова хайрладаг хүмүүсээ хамгаалж, ертөнцөөс тусгаар байхад нь хүч өгдөг гэдэгт бид итгэлтэй байж болно (Исаиа 40:29–31).

Эцэг Хүү хоёрын хайр дотор байх

14, 15. а) Есүс өөрийгөө юутай зүйрлэсэн бэ? «Муудаж буй усан үзмийн мод» гэж хэн бэ? б) «Усан үзмийн жинхэнэ модны» «мөчрүүд» гэж хэн бэ?

14 Нисан сарын 14-ний үдэш Есүс үнэнч шавь нартайгаа дотно яриа дэлгэн суухдаа өөрийгөө «усан үзмийн жинхэнэ мод»-той зүйрлэн «муудаж буй усан үзмийн мод» болох үнэнч бус израильчуудаас ялгаатайгаа харуулжээ. Тэрээр: «Би бол усан үзмийн жинхэнэ мод, Эцэг минь усан үзэм тариалагч билээ» гэж хэлсэн (Иохан 15:1). Ехова тэрслүү ард түмнийхээ тухай: «Би чамд шилмэл усан үзэм... тарьсан юм. Тийн атал юунд чи Миний өмнө өөрийгөө харийн усан үзмийн муудсан нахиа болгов?» хэмээн хэлснийг хэдэн зууны өмнө зөнч Иеремиа бичжээ (Иеремиа 2:21). Түүнчлэн зөнч Хосеа: «Израиль бол муудаж буй усан үзмийн мод. Үр жимсийг тэр өөртөө зориулан ургуулдаг. [...] Тэдний зүрх хоёр нүүртэй болжээ» гэж бичсэн (Хосеа 10:1, 2, ШЕ).

15 Израиль цэвэр шүтлэгийн үр жимс ургуулахын оронд тэрсэлж, өөрийнхөө төлөө үр жимс ургуулсан. Есүс үнэнч шавь нартайгаа эцсийн удаа уулзахаасаа гурван өдрийн өмнө иудейн шашны хоёр нүүрт удирдагчдад: «Би та нарт хэлье. Бурхны хаанчлалыг та нараас авч, түүний үр жимсийг нь ургуулах үндэстэнд өгөх болно» гэж хэлсэн (Матай 21:43). Тэр үндэстэн нь «Бурхны Израиль» буюу 144 000 тослогдсон христиан юм. Тэднийг Христ Есүс буюу «усан үзмийн жинхэнэ мод»-ны «мөчрүүд» хэмээн зүйрлэж болно (Галат 6:16; Иохан 15:5; Илчлэлт 14:1, 3).

16. Есүс үнэнч 11 элчээ юу хийхийг уриалсан бэ? Төгсгөлийн цаг үед амьдарч байгаа үнэнч үлдэгдлийн тухай юу хэлж болох вэ?

16 Дээд давхрын өрөөнд өөртэй нь хамт байсан үнэнч 11 элчдээ Есүс: «Миний дотор байгч жимс ургуулдаггүй мөчир бүрийг Тэр авч хаяна. Жимс ургуулдаг мөчир бүрийг их жимстэй болгохын тулд Тэр тайрч арчилдаг. Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй юм бол мөчир өөрөөсөө жимс ургуулж чадахгүйн адил хэрэв та нар Миний дотор байхгүй бол тийм байх болно» хэмээн хэлжээ (Иохан 15:2, 4). Тослогдсон христиануудын үнэнч үлдэгдэл Тэргүүн Христ Есүсийнхээ «дотор байдаг» буюу түүнтэй нэгдмэл байдгийг Еховагийн ард түмний орчин үеийн түүх харуулдаг (Ефес 5:23). Ехова тэднийг «тайрч» «цэвэршүүлсэн» (Малахи 3:2, 3). 1919 оноос хойш тэд Хаанчлалын үр жимсийг арвин элбэг ургуулсан. Энэ үр жимс нь эхлээд тослогдсон христианууд дараа нь 1935 оноос тэдний хамтран зүтгэгчид буюу эрчтэй өсөж буй «үй олон хүн» болсон юм (Илчлэлт 7:9; Исаиа 60:4, 8–11).

17, 18. а) Тослогдсон христианууд болоод «өөр хонинуудыг» Бурхны хайр дотор байхад Есүсийн хэлсэн ямар үг тус болдог вэ? б) Дурсах оройн зоогт очих нь бидэнд ямар ач тустай вэ?

17 Есүс: «Та нарын их жимс ургуулснаар Эцэг минь алдаршуулагдана. Ийнхүү та нар Миний шавь нар байх болно. Эцэг Намайг яаж хайрласан шиг Би бас та нарыг хайрласан. Миний хайр дотор байгтун. Би Эцгийнхээ тушаалыг сахиж, Түүний хайр дотор байдгийн адил, та нар Миний тушаалыг сахивал Миний хайр дотор байх болно» хэмээсэн нь тослогдсон христианууд болоод тэдний хамтран зүтгэгчдэд бүгдэд нь хамаатай (Иохан 15:8–10).

18 Бид бүгдээрээ Бурхны хайр дотор байхыг хүсдэг билээ. Энэ нь биднийг үр жимс ургуулдаг христиан байхыг урамшуулдаг. Өөрөөр хэлбэл бид «Хаанчлалын сайн мэдээг» дэлгэрүүлэх боломж завшаан бүрийг ашигладаг (Матай 24:14). Мөн амьдралдаа «сүнсний үр жимсийг» илэрхийлэх гэж их хичээдэг (Галат 5:22, 23). Бид Христийн үхлийг Дурсах оройн зоогт очиж энэ бүхнийг хийх хүчээ сэлбэнэ. Учир нь биднийг хайрласан Бурхны болоод Христийн агуу хайрыг эргэн санах билээ (2 Коринт 5:14, 15).

19. Дараагийн өгүүллээр бидэнд тустай юуны тухай авч үзэх вэ?

19 Есүс Дурсах оройн зоогийг зохион байгуулсныхаа дараа нэг амлалт өгсөн. Энэхүү амлалт нь Есүсийн үнэнч дагалдагчдад Эцэг нь «Туслагч... буюу Ариун Сүнс» илгээх тухай байлаа. (Иохан 14:26). Ариун сүнс тослогдогсдод болон «өөр хонинуудад» Еховагийн хайр дотор байхад нь хэрхэн тусалдгийг дараагийг өгүүллээс мэдэцгээе.

[Зүүлт]

^ Библийн хуанлийн дагуу 2002 онд Нисан сарын 14 гуравдугаар сарын 28-ны Пүрэв гаригт нар жаргасны дараа эхэлнэ. Энэ орой дэлхийн өнцөг булан бүрд Еховагийн Гэрчүүд Эзэн Есүс Христийн үхлийг дурсахаар цуглана.

^ Еховагийн Гэрчүүдийн эрхлэн гаргасан «Еховагийн Гэрчүүд бол Бурхны Хаанчлалыг тунхаглагчид мөн» номын 19, 32-р бүлгийг үзнэ үү (англи).

Давтах асуулт

• Бусдыг хайрлаж үйлчилж болдгийн ямар жишээг Есүс шавь нартаа үзүүлсэн бэ?

• Дурсах үдэш ойртох тусам бид өөрсдийгөө хэрхэн шалгах хэрэгтэй вэ?

• Ертөнц хавчиж үзэн ядах тухай Есүсийн сануулснаар бид яагаад бүдрэх ёсгүй вэ?

• «Усан үзмийн жинхэнэ мод» гэж хэн бэ? «Мөчрүүд» гэж хэн бэ? Тэд ямар үүрэгтэй вэ?

[Догол мөрийн асуулт]