Та үнэхээр Христэд захирагддаг уу?
Та үнэхээр Христэд захирагддаг уу?
«Та нар „удирдагчид“ гэж битгий дуудуул. Та нарын Удирдагч Ганц бөгөөд Тэр нь Христ юм» (МАТАЙ 23:10).
1. Жинхэнэ христиануудын цорын ганц Удирдагч нь хэн бэ?
НИСАН сарын 11-ний Мягмар гариг байлаа. Гурван өдрийн дараа Есүс Христ цаазлагдах байв. Тэр өдөр Есүс сүмд сүүлчийн удаа ирж, цугласан олон болон шавь нартаа чухал сургаал айлдсан. Тэрбээр: «Та нар „Багш аа“ гэж битгий дуудуул. Та нарын Багш Ганц бөгөөд та нар бүгд ахан дүүс билээ. Газар дээр хэн нэгнийг эцгээ болгож битгий дууд. Учир нь та нарын Эцэг Ганц бөгөөд Тэр тэнгэрт буй. Та нар „удирдагчид“ гэж битгий дуудуул. Та нарын Удирдагч Ганц бөгөөд Тэр нь Христ юм» гэж хэлсэн (Матай 23:8–10). Ганцхан Есүс Христ л жинхэнэ христиануудын Удирдагч гэдэг нь тодорхой.
2, 3. Еховад захирагдан, түүний томилсон Удирдагчийг хүлээн зөвшөөрөх нь бидний амьдралд ямар нөлөөтэй вэ?
2 Есүст захирагдвал амьдралд маш их тустай! Ехова Бурхан зөнч Исаиагаар дамжуулан, Удирдагч ирэхийг зөгнөж: «Цангасан хүн бүр ус уруу ирэгтүн. Мөнгөгүй хүн бүр ирж, худалдан авч, идэгтүн. Ирж, мөнгөгүйгээр, үнэгүйгээр дарс, сүү худалдан авагтун. [...] Намайг анхааралтай сонсож, сайныг ид, элбэг хангалуунд өөрийгөө жаргаа. [...] Үзэгтүн, Би түүнийг хүмүүсийн гэрч, хүмүүсийн удирдагч, жанжин болгоно» хэмээн хэлжээ (Исаиа 55:1–4).
3 Исаиа, Ехова болон түүний томилсон Удирдагч, Жанжинд захирагдах нь өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлдгийг үзүүлэхдээ хүн бүрийн мэддэг ус сүү дарс зэрэг шингэнийг зүйрлэл болгон ашиглажээ. Энэ нь халуун өдөр аяга хүйтэн ус уухад цангаа гарч, сайхан болдог шиг үнэн хийгээд зөвт байдлын төлөөх цангаагаа тайлж, сэргэхэд тустай. Нялх хүүхэд сүүгээр хооллож, өсөж өндийдөг шиг «үгийн цэвэр сүү» бидэнд хүч өгч, сүнслэг өсөлтийг маань эрчимжүүлэн, Бурхантай харьцах харьцааг бэхжүүлдэг (1 Петр 2:1–3). Мөн баяр ёслолын үеэр дарс зүрхийг баярлуулдаг гэдгийг үгүйсгэх хүн гарах уу даа? Үүнтэй адил жинхэнэ Бурханд үйлчилж, түүний томилсон Удирдагчийн мөрөөр явбал «сэтгэл дүүрэн баярладаг» (Дэд хууль 16:15). Бид залуу хөгшин, эрэгтэй эмэгтэй гэлтгүй бүгдээрээ Христэд захирагдаж байгаагаа амьдрал дээрээ харуулах нь амин чухал зүйл мөн. Тэгвэл бид Мессиаг өөрийнхөө Удирдагч мөн гэдгийг өдөр тутмын амьдрал дээрээ хэрхэн харуулж болох вэ?
Хүүхэд залуус аа, «мэргэн ухаанаар өсөгтүн»
4. а) 12 настай Есүсийг Дээгүүр өнгөрөх баяраар Иерусалимд байхад юу болсон бэ? б) Есүс дөнгөж 12 настай байхдаа юу мэддэг байсан бэ?
4 Христийн хүүхэд үеийн мэдээлэл ховор хэдий ч дараах үйл явдлаас тэр тухай бага сага юм мэдэж болно. Есүс биеэ ямар нөхцөлд яаж авч явсан тухай мэдээлэл хүүхэд залууст гайхамшигтай жишээ болдог. Есүсийг 12 настай байхад эцэг эх нь жил бүр болдог Дээгүүр өнгөрөх баярт оролцуулахаар Иерусалим уруу авч явжээ. Есүсийг Судрын сэдвээр шимтэн ярилцаж байхад нь эцэг эх нь анзааралгүй орхиод гэрийн зүг явсан аж. Гурван өдрийн дараа сэтгэл нь зовсон Иосеф Мариа хоёр «Түүнийг сүмд багш нарын дунд суугаад тэднийг сонсож, мөн тэднээс асууж байхад нь олжээ». Түүнээс гадна «Түүний ухаан болон хариултууд нь Түүнийг сонссон бүхний гайхлыг төрүүлж байв». Есүс дөнгөж 12 настай байхдаа сүнслэг гүн гүнзгий асуултууд тавьж байсан төдийгүй ухаалаг хариулж байсныг төсөөлөгтүн! Эцэг эхийнх нь хүмүүжил үүнд нөлөөлсөн нь эргэлзээгүй (Лук 2:41–50).
5. Хүүхэд залуус гэр бүлийн судлалд яаж ханддагаа хэрхэн шалгаж болох вэ?
5 Хүүхэд залуус аа, эцэг эх чинь Бурхны үнэнч үйлчлэгчид бол танайх гэр бүлээрээ Библи тогтмол судалдаг нь мэдээж. Та нар түүнд хэрхэн ханддаг вэ? «Гэр бүлийн Библи судлалыг би бүх зүрхээрээ дэмждэг үү? Гэр бүлээрээ Библи судлах хуваариа би ягштал баримталдаг уу? (Филиппой 3:16, ШЕ). Хичээлд аль хэр идэвхтэй оролцдог билээ? Судалж байгаа материалтай холбогдуулан асуулт тавьж, түүнийг амьдралд хэрэгжүүлэх асуудлаар санал бодлоо илэрхийлдэг үү? Би сүнслэгээр өсөн, „төлөвшсөн хүмүүст зориулсан бор хоол“ идэх дур хүслээ хөгжүүлдэг үү? (Еврей 5:13, 14)» гэх зэрэг асуулт өөртөө тавиад эргэцүүлэн бодож болохгүй нь юу билээ.
6, 7. Библийг өдөр бүр унших нь хүүхэд залууст аль хир чухал бэ?
6 Тэрчлэн Библийг өдөр бүр унших хөтөлбөр чухал үүрэгтэй. Дуулалч: «Хорон муу хүний зөвлөгөөг дагадаггүй... хүн ерөөлтэй еэ! Харин тэрээр ЭЗЭНий хуульд баярлаж, Түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг» хэмээн дуулсан (Дуулал 1:1, 2). Мосег залгамжлагч Иошуа «хуулийн номыг өдөр шөнөгүй бясалгаж» байлаа. Энэ нь мэргэн ухаантай байж, Бурхны өгсөн даалгаврыг амжилттай биелүүлэхэд түүнд тусалсан (Иошуа 1:8). Бидний Удирдагч Есүс Христ: «„Хүн зөвхөн талхаар бус, харин Бурхны амнаас гарах үг бүрээр амьдарна“ гэж бичигдсэн байдаг» хэмээн хэлсэн (Матай 4:4). Бид өдөр бүр хоол идэх хэрэгтэй байдаг. Тэгвэл сүнслэг хоол тогтмол «идэх» нь хэчнээн чухал бэ!
7 Сүнслэг хэрэгцээгээ мэдэрсэн Николь 13 настай байхдаа Библиэ өдөр бүр уншиж эхэлжээ *. Өнөөдөр тэр охин 16 нас хүрсэн бөгөөд Библиэ дуустал нь уншчихаад хоёр дахиа эхлэн дунд нь хүргээд явж байгаа аж. Түүний арга тун энгийн. «Би өдөрт ядаж нэг бүлэг уншихаар шийдсэн» гэж тэр охин хэлсэн юм. Библиэ тийн өдөр бүр унших нь түүнд хэрхэн тус болдог вэ? Тэрээр: «Өнөөдөр муу нөлөө өчнөөн их байна. Би сургууль дээрээ өдөр бүр итгэлийн сорилттой тулгардаг. Бурхны Үгийг өдөр бүр унших нь энэ ертөнцийн зүгээс учруулж байгаа дарамт шахалтыг эсэргүүцэхэд минь эрч хүч өгдөг Библийн тушаал, зарчмуудыг шууд сануулдаг. Тийнхүү би Ехова болон Есүст ойр байгаагаа мэдэрдэг» гэж хариулсан байна.
8. Есүс синагогт очих ямар заншилтай байсан бэ? Хүүхэд залуус үүнийг хэрхэн дуурайж болох вэ?
8 Есүс синагогт орж, Судраас уншихыг сонсдогийн зэрэгцээ өөрөө бас уншиж заншжээ (Лук 4:16; Үйлс 15:21). Хүүхэд залуус Есүсийн жишээг дуурайн христиан цуглаанд тогтмол очиж, Библи уншиж, судалбал хэчнээн сайн бэ! 14 настай Ричард: «Миний хувьд цуглаан болгон их үнэтэй. Тэнд юу нь сайн, юу нь муу, юу нь ёс суртахуунтай, юу нь ёс суртахуунгүй, Христэд юу таалагдаж, юу таалагддаггүй зэргийг үргэлж сануулдаг. Заавал алдаж байж суралцах шаардлагагүй болдог» хэмээн талархалтайгаар өгүүлсэн билээ. Тийм ээ, «ЭЗЭНий гэрчлэл [«сануулга», ШЕ] нь баттай, гэнэнийг ухаантай болгодог» (Дуулал 19:7). Николь ч мөн адил долоо хоногийн таван цуглаанд бүгдэд нь очиж байхаар хатуу шийдсэнээс гадна цуглаандаа бэлтгэхэд 2—3 цаг зарцуулдаг болсон (Ефес 5:15, 16).
9. Хүүхэд залуус хэрхэн «мэргэн ухаанаар өсөж» болох вэ?
9 Залуу нас бол «цорын ганц үнэн Бурхан болон Түүний илгээсэн Есүс Христийг» таньж мэдэхэд хамгийн тохиромжтой үе (Иохан 17:3). Та шог зохиол унших, видео тоглоом тоглох, телевизийн нэвтрүүлэг үзэх, Интернетээс мэдээлэл хайх зэрэгт их цаг үрдэг залуусыг мэддэг байж магадгүй. Бидэнд Удирдагчийн маань төгс жишээ байсаар атал тэднийг дуурайхын хэрэг юу билээ? Есүс хүүхэд байхдаа Еховагийн тухай мэдэх их дуртай байсан. Энэ нь түүнд ямар тус болсон бэ? Сүнслэг зүйлд дуртай байснаар «Есүсийн... мэргэн ухаан нь өссөөр байв» (Лук 2:52). Та нар ч мөн тийм байж болно.
«Нэг нэгэндээ захирагд»
10. Гэр бүлийн амьдралыг юу тайван амгалан, аз жаргалтай болгодог вэ?
10 Гэр орон бол хүн тайван амгалан, тохь тухтай амьдрах аюулгүй хоргодох газар байж болно. Харин байнгын хэрүүл уруул гэрийг тулалдааны талбар болгож мэднэ (Сургаалт үгс 21:19; 26:21). Христэд захирагдвал бид гэр орондоо тайван амгалан, аз жаргалтай амьдарна. Мөн чанартаа Есүсийн жишээ гэр бүлийн доторх харьцаа ямар байх ёстойг харуулдаг. Библид: «Христээс эмээн нэг нэгэндээ захирагд. Эхнэрүүд ээ, Эзэнд захирагддаг шиг нөхрүүддээ захирагд. Учир нь Христ чуулганы [«хурлын», ШЕ] толгой байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ толгой юм. Христ Өөрөө тэр биеийн Аврагч мөн. [...] Нөхрүүд ээ, Христ чуулганыг [«хурлыг», ШЕ] хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла» гэж байдаг (Ефес 5:21–25). Мөн элч Паул Колоссайн хурлынханд: «Хүүхдүүд ээ, бүх талаар эцэг эхдээ дуулгавартай байгтун. Ингэх нь Эзэнд таалагдана» хэмээн бичсэн (Колоссай 3:18–20).
11. Нөхөр хүн Христэд захирагддагаа хэрхэн харуулдаг вэ?
11 Энэхүү зөвлөгөө нь нөхөр гэр бүлийн дотор тэргүүний үүрэг гүйцэтгэдэг бөгөөд эхнэр нь түүний үнэнч туслагч байх ба үр хүүхэд нь эцэг эхдээ дуулгавартай байна гэсэн үг юм. Гэвч нөхөр тэргүүнийхээ үүргийг зөв зохистой гүйцэтгэсэн нөхцөлд гэр бүлээ жаргаана. Мэргэн ухаалаг нөхөр өөрийн Тэргүүн, Удирдагч Есүс Христийг дуурайснаар тэргүүний үүргээ хэрхэн гүйцэтгэхэд суралцах ёстой (1 Коринт 11:3). Есүс хожим «чуулганы [«хурлын», ШЕ] төлөө бүх юмсын дээрх Тэргүүн» болсон ч дэлхийд «үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд ирсэн» (Ефес 1:22; Матай 20:28). Түүнтэй адил, христиан нөхөр тэргүүний үүргээ хувиа хичээсэн, шунахай зорилгоор бус, харин эхнэр хүүхдийнхээ, өөрөөр хэлбэл, бүх гэр бүлийнхээ ашиг сонирхлын үүднээс гүйцэлдүүлдэг (1 Коринт 13:4, 5). Мөн Тэргүүн, Христ Есүсийнхээ чанаруудыг дуурайхыг хичээдэг бөгөөд Есүсийн адил «зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу» байдаг (Матай 11:28–30). Тийм нөхөр ямар нэгэн алдаа гаргавал эхнэртээ «Уучлаарай» гэх юм уу «Миний буруу» гэж хэлж чаддаг. Нөхөр нь сайн жишээ үзүүлдэг бол эхнэрт нь түүнээс суралцаж, түүнтэй мөр зэрэгцэн ажиллаж, «туслагч» нь байн «ханийн» үүргээ биелүүлэхэд амар байх болно (Эхлэл 2:20; Малахи 2:14).
12. Тэргүүллийн зарчим баримтлахад нь эхнэрт юу тусалдаг вэ?
12 Нөгөө талаас эхнэр нь нөхөртөө захирагдах ёстой. Хэрэв эхнэр хүн энэ ертөнцийн нөлөөнд автвал тэргүүллийн зарчмыг үзэх үзэл нь өөрчлөгдөж болох бөгөөд эрэгтэй хүнд захирагдах тухай санаа түүний хувьд хүлцэхийн аргагүй болно. Эхнэр нь нөхөртөө захирагдах ёстой гэсэн Библийн энэ тушаал бол нөхөрт дур зоргоороо авирлахыг зөвшөөрч байгаа хэрэг биш юм (Ефес 5:24). Тэрчлэн нөхөр буюу эцэг хүн гэр бүлийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээдэг бөгөөд Библийн зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлбэл гэр бүлийн дотор тайван амгалан байдал, эмх журам тогтооход тустай гэж Библи хэлдэг (Филиппой 2:5).
13. Эцэг эхдээ захирагдахын жишээг Есүс хэрхэн үзүүлсэн бэ?
13 Хүүхдүүд эцэг эхдээ дуулгавартай байх ёстой. Есүс энэ талаар гайхамшигтай жишээ үзүүлсэн. 12 настай Есүс Иерусалимын сүмд гурван өдөр өнжсөнийхөө дараа «[эцэг эхнийнхээ] хамт явсаар Назарт ирж, тэдний үгэнд дуулгавартай байв» (Лук 2:51). Үр хүүхэд нь эцэг эхдээ дуулгавартай байвал гэр бүлийн дотор илүү тайван амгалан, эв найртай уур амьсгал ноёлон байдаг. Гэр бүлийн бүх гишүүн Христэд захирагддаг бол тэр гэр бүл аз жаргал эдэлнэ.
14, 15. Гэр бүлийн хүрээнд бэрхшээл гарвал бидэнд юу тусалдаг вэ? Жишээ дурдана уу.
14 Тэр ч байтугай гэр бүлийн дотор бэрхшээл үүссэн үед ч гэсэн Есүсийг дуурайн, түүнд захирагдвал амжилтад хүрдэг. Жишээ нь: 35 настай Жерри, Лана гэдэг эмэгтэйтэй гэрлэснийхээ дараа урьд нь төсөөлж байгаагүй бэрхшээлтэй тулгарсан байна. Лана өсвөр насны нэг охинтой байжээ. Жерри: «Сайн тэргүүн байхын тулд гэр бүлийг аз жаргалтай байлгахад тусалдаг Библийн зарчмуудыг хэрэглэх хэрэгтэй гэдгийг би мэддэг байсан хэдий ч тэдгээрийг илүү мэргэн, хэрсүү ухаалаг хэрэглэх хэрэгтэй юм байна гэдгийг удалгүй ойлгосон» хэмээн хэлсэн. Дагавар охин нь түүнийг эх болон өөрийнх нь хоорондуур орсон саад гэж үзэн, түүнд дайсагнасан байдлаар ханддаг болсон аж. Охины үг яриа, үйл хэргээр нь дээрх байдал илэрч байгааг олж харахад түүнд хэрсүү чанар тусалжээ. Жерри энэ хүнд байдлаас яаж гарсан бэ? Тэрээр: «Бид хоёр, хэрэв шаардлага гарвал эхэн үед Лана охиныг шийтгэж байх, харин би дагавар охинтойгоо сайн харьцаатай болох асуудалд анхаарахаар ярьж тохиролцсон. Энэ арга яваандаа сайн үр дүнд хүргэсэн» гэж ярьсан юм.
15 Гэр бүлийн хүрээнд хэцүү нөхцөл байдал бий болбол гэр бүлийн гишүүдийн үг яриа, үйл хэргийн цаана байгаа зүйлийг ойлгож мэдэхэд хэрсүү чанар тусалдаг. Тэрчлэн Бурхны зарчмуудыг зөв хэрэглэхийн тулд мэргэн ухаан шаардлагатай. Жишээ нь: Цус алдах өвчнөөр шаналж байсан эмэгтэй өөрт нь хүрсэн шалтгааныг ойлгож байсан учраас Есүс тэр эмэгтэйд мэргэн ухаалаг, өрөвч сэтгэлээр хандсан (Левит 15:25–27; Марк 5:30–34). Мэргэн ухаан хийгээд хэрсүү чанар бол бидний Удирдагч Христийн онцлог чанар юм (Сургаалт үгс 8:12). Бид түүн шиг байх аваас аз жаргал эдэлнэ.
«Эхлээд Хаанчлалыг хайгтун»
16. Бидний амьдралын гол зүйл юу байх ёстой вэ? Үүнийг Есүс өөрийнхөө жишээгээр хэрхэн харуулсан бэ?
16 Өөрт нь захирагддаг хүмүүсийн амьдралын гол зүйл юу байх ёстойг Есүс тов тодорхой тайлбарласан. Тэрбээр: «Эхлээд... хаанчлал болон Түүний [Бурхны] зөвт байдлыг хайгтун» хэмээн онцлон тэмдэглэсэн (Матай 6:33). Хэрхэн ингэж болдгийг Есүс өөрийн жишээгээр харуулсан. Есүс баптисм хүртсэнийхээ дараа 40 хоног мацаг барин, эргэцүүлэн бодож, залбирсан бөгөөд эцэст нь сорилттой тулгарсан. Сатан Диавол «дэлхийн бүх хаанчлалын» эрх мэдлийг түүнд санал болгосон. Есүс Диаволын саналыг хүлээн авсан бол юу болох байсныг төсөөлөөд үзээрэй! Гэвч Есүс Эцгийнхээ хүсэл тааллыг биелүүлэхэд хамаг анхаарлаа хандуулсан. Тэрчлэн Сатаны ертөнц дэх амьдрал ахархан байх болно гэдгийг Есүс ойлгож байсан. Тэрбээр Диаволын саналаас шууд татгалзан: «„Чи өөрийн Бурхан Эзэндээ [«Еховадаа», ШЕ] мөргөж, зөвхөн Түүнд үйлчил“ гэж бичигдсэн байдаг юм» хэмээн хэлсэн. Үүний дараа удалгүй Есүс: «„Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал ойрхон байна“ гэж тунхаглаж эхлэв» (Матай 4:2, 8–10, 17). Христ дэлхий дэх амьдралынхаа эцсийн мөч хүртэл Бурхны Хаанчлалын бүрэн цагийн тунхаглагч байсан.
17. Хаанчлалыг амьдралынхаа тэргүүн зэрэгт тавьдгаа бид хэрхэн харуулж болох вэ?
17 Бид өөрийн Удирдагч Христийг дуурайх ёстой бөгөөд Сатаны ертөнцийн уриа болсон өндөр цалинтай ажил, алдар нэр, албан тушаалыг амьдралынхаа зорилго болгохгүй байх ёстой (Марк 1:17–21). Бурхны Хаанчлалыг хоёдугаар зэрэгт үзэн хойш тавьж, ертөнцийн торонд орооцолдох нь тун тэнэг хэрэг! Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэх даалгаврыг Есүс бидэнд өгсөн (Матай 24:14; 28:19, 20). Бид гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг, өөр бусад ажил төрөлтэй байдаг хэдий ч орой үдэш, амралтын цагаараа дэлгэрүүлж, хүмүүст заах цаг зав гаргахдаа баяртай байдаг. 2001 оны үйлчлэлийн жил ойролцоогоор 780 000 хүн бүрэн цагийн дэлгэрүүлэгч буюу эхлэгчээр үйлчилсэн нь биднийг маш ихээр урамшуулж байна.
18. Бурханд үйлчлэхдээ баяр баясгалан эдлэхэд юу тусалдаг вэ?
18 Есүс их хичээл зүтгэлтэйн зэрэгцээ өрөвч зөөлөн хүн байсан нь Евангелиас харагддаг. Тэрээр хүмүүсийг сүнслэг талаараа ихэд гачигдсаныг хараад өрөвдөн хайрлаж, халамжлан тусалсан (Марк 6:31–34). Хүмүүсийг хайрлах хайр болон тэдэнд туслах чин хүсэлд хөтлөгдөх аваас дэлгэрүүлэх ажил маань бидэнд баяр баясгалан авчирна. Харин тийм хүслийг хэрхэн хөгжүүлэх вэ? Жейсон гэдэг нэгэн залуу: «Би хүүхэд байхдаа дэлгэрүүлэх ажилд тийм ч дуртай байгаагүй ээ» гэж хэлсэн юм. Дэлгэрүүлэх ажилд дуртай болоход нь түүнд юу тусалсан бэ? Жейсон: «Манай гэрийнхэн дандаа хагас сайны өглөөгүүр дэлгэрүүлдэг байлаа. Энэ нь надад их тус болсон. Дэлгэрүүлэх ажилд байнга оролцож, үр дүнг нь амсахын хирээр дэлгэрүүлэх ажил улам таалагддаг болсон» хэмээн ярьсан билээ. Бид ч гэсэн тогтмол, хичээл зүтгэлтэй дэлгэрүүлэх ёстой.
19. Христэд захирагдах тухайд бидний шийдвэр ямар байх ёстой вэ?
19 Христэд захирагдах нь хүнийг үнэхээр сэргээдэг бөгөөд ашигтай. Тийн дагаснаар хүүхэд залуус мэдлэг хийгээд мэргэн ухаанаараа өсдөг. Гэр бүлийн амьдрал маань тайван амгалан, аз жаргалаар бялхаж, Бурханд үйлчлэх ажил биднийг баяр баясгалантай, сэтгэл хангалуун болгоно. Тийм учраас өдөр тутмын амьдрал маань, гаргаж байгаа шийдвэр болгон маань Христэд захирагддагийг маань үргэлж харуулж байх болтугай (Колоссай 3:23, 24). Гэхдээ Есүс бас өөр нэг арга болох христиан хурлаар дамжуулан захирдаг. Энэ арга ямар ач тустайг дараагийн өгүүллээр үзнэ.
[Зүүлт]
^ Зарим нэрийг өөрчилсөн.
Та санаж байна уу?
• Бурхны томилсон Удирдагчид захирагдах нь ямар ач холбогдолтой вэ?
• Хүүхэд залуус Христээр удирдуулахыг хүсэж байгаагаа хэрхэн харуулж болох вэ?
• Христэд захирагдах нь гэр бүлийн амьдралд яаж нөлөөлдөг вэ?
• Христэд захирагддагаа бид дэлгэрүүлэх ажлаараа хэрхэн харуулдаг вэ?
[Догол мөрийн асуулт]